Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2021/00655

 

 

 

 

 

2021 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2021/00655

 

 

 

Ф.К ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж, даргалж, шүүгч С.Энхтөр, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2021/00356 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ф.К ХХК-ийн хариуцагч Ш.Г ХХК-д холбогдуулан гаргасан худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 150 719 100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч талтай 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр №Г-19/02 тоот захиалгаар бетон зуурмаг нийлүүлэх гэрээ байгуулсан бөгөөд тус гэрээний 3.1.1-д заасны дагуу хариуцагч талд М250 маркийн 6000 м.куб нийт 936 000 000 төгрөгийн үнэ бүхий бетон зуурмагийг 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл хугацаанд нийлүүлсэн ба гэрээний 3.4-т заасны дагуу төлбөрийн 40 хувийг бэлэн мөнгөөр зуурмаг хүлээн авах өдрөөс 3 хоногийн өмнө, үлдэгдэл төлбөрт Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Маахуур гудамж, G блок, 1-р орц, 3 давхарт 0 тоот, 31.2 м.кв 1 өрөө орон сууц, тус байрны 5 давхарт J тоот 41.1 м.кв 2 өрөө орон сууцуудыг 1 м.кв-ыг 1 350 000 төгрөгөөр нийт 97 605 000 төгрөгөөр шилжүүлэхээр харилцан тохиролцсон боловч одоо болтол бартерийн орон сууцыг шилжүүлж өгөөгүй мөн бэлэн мөнгөний үлдэгдэл 2 874 400 төгрөгийг төлөөгүй болно.

2019 оны 9 дүгээр сарын 12, мөн оны 10 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан орон сууц захиалгын гэрээ байгуулагдсан нь үнэн, хугацаандаа хүлээлгэж өгөөгүй. 2021 оны 4 сард ашиглалтад орно гэсэн эвлэрэх санал ирүүлж байсан ч хариуцагч талаас 2021 оны 7-8 дугаар сараас нааш ашиглалтад орохгүй гэж тодорхойгүй хугацаа хэлсэн тул орон сууц авах боломжгүй. Үүнээс өөрөөр орон сууц худалдан авахаар гэрээ байгуулсан зүйл байхгүй. Бетон зуурмаг авахаас 72 цагийн өмнө захиалагч тал захиалга ирүүлдэг. Тухайн өдөр өгсөн захиалгаасаа хэтэрсэн болон хүлээлгэсэн, өөр тээвэр авсан тохиолдолд нэмэлт тээврийн хөлс авдаг. Баримтууд компанийн архивд орсон, авах боломжгүй байна.

Гэрээний 5.1-д зааснаар төлөгдөөгүй үнийн дүнгээс 1 хоногийн алданги 301 438 төгрөг бөгөөд төлбөл зохих хугацаанаас хойш 200 хоногоор тооцоход алданги нь төлөгдөөгүй үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байна. Иймд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч талаас үндсэн төлбөр 100 479 400 төгрөг, алданги 50 239 700 төгрөг нийт 150 719 100 төгрөгийг тэмдэгтийн хураамж төлсөн баримтад заагдсан дүнгийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ф.К ХХК нь манай компанитай хийсэн гэрээний дагуу 40 хувийн бэлэн мөнгийг төлж, үлдэгдэл 60 хувьд нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд баригдаж байгаа барилгаас 2 ширхэг байр өгөхөөр тохиролцсон. Нийт 936 000 000 төгрөгийн бетон зуурмаг нийлүүлэх гэрээ байгуулсан боловч 178 492 000 төгрөгийн бетон нийлүүлэгдсэн. Бэлнээр 91 434 600 төгрөгийг төлсөн, 2 874 400 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Баянзүрх дүүрэг 5 дугаар хороо Маахуур гудамж, G блок 1-р орц 5 давхар 1 өрөө 41.1м.кв талбай бүхий орон сууцыг 1 350 000 төгрөгөөс 55 485 000 төгрөг, тус байрны 3 давхрын жи тоот орон сууцыг 1 350 000 төгрөгөөс 42 120 000 төгрөг нийт 97 605 000 төгрөгийн гэрээ байгуулсан. Тухайн компанитай байгуулсан үндсэн гэрээний 3.8-д худалдан авагч тал нь тухай бүрд худалдан авч буй үнийн дүнд тохирох м.кв-тай байрыг захиалгын гэрээгээр шилжүүлнэ. Захиалгын гэрээ хийгдсэнээс хойш нийлүүлэгч тал нь тухайн байрыг бусдад зарж борлуулах бүрэн эрхтэй байна гэж заасан. Нэхэмжлэгчид орон сууцны гэрчилгээг шилжүүлж өгөөгүй, орон сууцны гүйцэтгэл 60-70 хувьтай байна. Орон сууц захиалах гэрээ цуцлагдаагүй, гэрээ хүчин төгөлдөр байгаа түүнчлэн орон сууцны гүйцэтгэл 50 хувиас дээш гарсан тул нэхэмжлэгч орон сууцнуудыг зарж борлуулаад мөнгөө авах эрх нь нээлттэй байхад 50 000 000 төгрөгийн алданги нэхэмжилж байгаа нь хууль бус, үндэслэлгүй. Орон сууц нь нэхэмжлэгч талын өмч байхад бид зарах боломжгүй. Ковид-19 цар тахлаас шалтгаалсан эдийн засгийн хямралаас өнгөрсөн жил ажил явагдаагүй. Татварын албанаас 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр албан бичиг ирж, суутгал хийж байхад захиалгын гэрээгээ цуцлаагүй хир нь бэлэн мөнгө нэхэмжилж байгаа нь хуульд нийцэхгүй гэж бодож байна. Манай компани татварын өргүй атлаа 9 сараас хойш данс битүүмжлэгдсэн нь бидний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна. Мөн 2 918 000 төгрөгийн тээвэрлэлтийн зардлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тээвэрлэлтийн зардал бетон зуурмагийн үнэд орсон, 20 км дотор үнэгүй тээвэрлэж өгөхөөр тохирсон. Бетон зуурмаг нийлүүлэх гэрээнээс хойш орон сууц захиалан бариулах тухай гэрээ байгуулагдсан бөгөөд бетон зуурмаг нийлүүлэх гэрээний салшгүй нэг хэсэг болохоор заасан. Гэрээний 5.5-д цуцалсан тохиолдолд захиалагч нь төлбөрийг эргүүлж өгөхдөө эхлээд тухайн байрыг худалдан борлуулах, худалдан авсан этгээд төлбөр хийхэд эргүүлж төлж болно гэж заасан. Гэрээг цуцлаад мөнгөө нэхэмжлэхээр орон сууц захиалгын гэрээний заалт зөрчигдөнө гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 359 дүгээр зүйлийн 359.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ш.Г ХХК-иас 122 732 224 /нэг зуун хорин хоёр сая долоон зуун гучин хоёр мянга хоёр зуун хорин дөрөв/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ф.К ХХК-д олгож, нэхэмжлэлээс 27 986 876 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 911 545 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Г ХХК-иас 771 611 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ф.К ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Нэмэлт тээврийн зардал болох 2 918 000 төгрөгийг талуудын эрх бүхий албан тушаалтнууд хүлээн зөвшөөрч тооцоо нийлсэн акт үйлдэн баталгаажуулсан нь баримтаар нотлогдож байхад хариуцагч тал хариуцахгүй гэсэн нь үндэслэлгүй.

Захиалгаар бетон зуурмаг нийлүүлэх гэрээний 5.1-д зааснаар төлөгдөөгүй үүргийн үнийн дүнгийн алдангийг 2020 оны 02 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн 200 хоногоор 0,3 хувиар тооцон нэг хоногийн 301 438 төгрөгийг нэхэмжилсэн нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байгаа тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч талаас 50 239 700 төгрөгийн алданги нэхэмжилсэн ба үүнээс 25 068 876 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь нэхэмжлэгч талын гэрээний дагуу хариуцагч талаас авбал зохих алданги шаардах эрхийг хязгаарласан гэж үзэж байгаа тул шийдвэрийн холбогдох хэсгийг хүчингүй болгож хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Ф.К ХХК-тай хийгдсэн гэрээний дагуу бартерт тооцох орон сууц нь Монгол Улсад үүссэн эдийн засгийн хямрал, дэлхий нийтийг хамарсан цар тахлын нөлөөгөөр ашиглалтанд ороогүй байгаа.

Бетон зуурмаг нийлүүлэх үндсэн гэрээний 3.8-д худалдан авагч тал худалдан авч буй үнийн дүнд тохирох байрыг захиалгын гэрээгээр шилжүүлнэ. Захиалгын гэрээ хийгдсэнээр тус байрыг бусдад зарж борлуулах бүрэн эрхтэй байна гэж заасан. Бартерийн байрыг цааш нь зарж борлуулах бүрэн эрх нь нээлттэй байсан боловч бэлэн мөнгийг нэхэмжилж шүүхэд хандсан, нэгэнт хийгдсэн гэрээгээр байр нэхэмжлэгч талын өмч байхад бид зарж борлуулж мөнгийг гаргаж өгөх боломжгүйг мэдсээр байж бэлэн мөнгийг нэхэмжилж алданги 50 000 000 төгрөг нэмж үнийн дүнг нэмэгдүүлсэн нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож үнийн дүнгээс алдангийг бүрэн хасч өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Нэхэмжлэгч Ф.К ХХК нь хариуцагч Ш.Г ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 150 719 100 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Захиалгаар бетон зуурмаг нийлүүлэх нэртэй гэрээгээр худалдагч Ф.К ХХК нь худалдан авагч Ш.Г ХХК-д М250 маркийн 6 000 м.куб хэмжээтэй 936 000 000 төгрөгийн үнэ бүхий бетон зуурмаг нийлүүлэх, худалдан авагчаас худалдан авсан бүтээгдэхүүний нийт үнийн 40 хувийг бэлэн мөнгөөр, үлдэх 60 хувийг бартерийн зүйлээр төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хх-8-13/ Гэрээний дагуу Ф.К ХХК-аас нийт 178 492 000 төгрөгийн үнэ бүхий бетон зуурмагийг нийлүүлсэн, Ш.Г ХХК нь бүтээгдэхүүний үнэд бэлэн мөнгөөр 91 434 600 төгрөг төлсөн үйл баримт нь зохигчдын тайлбар, тооцоо нийлсэн баримт зэргээр нотлогджээ. /хх-7, 52, 65-66/ Дээрх гэрээний хүчин төгөлдөр байдалд талууд маргаангүй. Анхан шатны шүүх эдгээр нотлох баримтуудыг үндэслэн тэдгээрийн хооронд үүссэн харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээ гэж тодорхойлсон нь зөв байна. Харин мөн хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсгийн заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзлээ.

Учир нь талуудын гэрээний зүйл бол бетон зуурмаг худалдах-худалдан авах бөгөөд уг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, тусгай зориулалтын насост машинаар тээвэрлэн хүргэхтэй холбоотой нэмэлт зардлыг хэрхэн тооцож, хэн хариуцах талаар гэрээнд заасан нь Иргэний хуулийн 245 дугаар үйлийн 245.1 дэх хэсгийн хөрөнгө шилжүүлэхтэй холбогдсон зардлыг хуваарилах зохицуулалтад хамаарахаар байна.

Хариуцагч Ш.Г ХХК худалдан авсан бүтээгдэхүүний үнэ төлөх үүргээ зөрчсөн буюу бэлэн мөнгөөр төлөх төлбөрөөс 2 874 400 төгрөг, бартерийн 2 орон сууцыг шилжүүлээгүй болохоо хүлээн зөвшөөрсөн агуулгатай тайлбар гаргажээ. Иймээс нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлэхийг хариуцагчаас шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч Ф.К ХХК бэлэн мөнгөөр төлөх төлбөрийн үлдэгдэл 2 874 400 төгрөг, бартерийн 2 орон сууцны үнэ 97 605 000 төгрөг, нийт 100 479 400 төгрөг, уг гүйцэтгээгүй үүргийн дүнгээс 50 хувиар алданги тооцон 50 232 700 төгрөг, нийт 150 719 100 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн байна.

Анхан шатны шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагаас хальж нэмэлт зардалтай холбоотой эрх зүйн дүгнэлт хийж нэхэмжлэлээс 2 918 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журамд нийцээгүй тул давж заалдах шатны шүүхээс уг алдааг залруулан өөрчлөн дүгнэх боломжтой гэж үзлээ.

Хариуцагчаас татгалзлын үндэслэлээ ...нэхэмжлэгч бартерийн орон сууцыг зарж борлуулах бүрэн эрхтэй, уг орон сууцтай холбоотой байгуулсан гэрээ цуцлагдаагүй, ... Ковид19 вирусээс шалтгаалж өнгөрсөн жил ажил явагдаагүй учир алдангийг зөвшөөрөхгүй гэж тайлбарлан маргажээ. /хх66/

Зохигч талууд гэрээний 3.8-д заасны дагуу Орон сууц захиалан бариулах тухай гэрээ нэртэй гэрээ байгуулж, бартерийн зүйлд Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны Маахуур гудамжинд баригдаж буй барилгын Жи /G/ блокны 1 дүгээр орцны 3 давхрын Жи /G/ тоотод байрлах 31.2 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг 41 120 000 төгрөгт, мөн байрны 5 давхрын Жэй /J/ тоотын 41.1 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг 55 485 000 төгрөгт тус тус тооцон, Ш.Г ХХК тус орон сууцнуудыг 2020 оны 2 дугаар улиралд багтаан нэхэмжлэгч Ф.К ХХК-д хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан гэрээ, зохигчдын тайлбар зэрэг баримтуудаар тогтоогджээ. /хх 8-13, 57-62, 65-66/

Хариуцагч дээрх үүргээ хугацаанд нь биелүүлээгүй гэдгээ зөвшөөрдөг тул нэхэмжлэгч Ф.К ХХК нь худалдах-худалдан авах гэрээний 3.7-д худалдан авагч тал нь гэрээнд заасан хугацаанд гэрээний бартерийн зүйлийг төлж барагдуулаагүй тохиолдолд 1 м.кв-ыг тухайн үеийн албан ёсны борлуулалтын үнийн дагуу төгрөгөөр тооцож нийлүүлэгч талд төлнө гэж зааснаар бартерийн 2 орон сууцны үнэ болох 97 605 000 төгрөгийг шаардаж буй нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан ... худалдан авагч худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргийн зохицуулалтад нийцнэ.

Талууд гэрээний 5.1 дэх заалтаар худалдан авагч тал гэрээний 3 дугаар зүйл заасан хугацаанд төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй эсхүл зохих ёсоор биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөх ёстой үнийн дүнгийн 0.3 хувьтай тэнцэх алдангийг нийлүүлэгчид төлөхөөр харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсгийн заасантай харшлаагүй байна. Хариуцагч гэрээнд заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй учир нэхэмжлэгч нь алданги тооцон шаардах эрхтэй.

Гэхдээ гэрээний 3.4-т нийлүүлсэн бетон зуурмаг авах өдрөөс 3 хоногийн өмнө төлбөрийг төлсний дараа бетон зуурмагийг худалдан авагч талд нийлүүлэхээр харилцан тохиролцсон байх тул нийлүүлсэн бүтээгдэхүүний нийт үнийн 40 хувьд бэлэн мөнгөөр төлбөр төлөх үүрэгт хугацаа тооцох боломжгүй. Иймээс 2 874 400 төгрөгийн үүрэгт алданги гаргуулахаар нэхэмжилж буй нь дээрх хуульд заасанд нийцэхгүй байна.

Харин хариуцагч тал бартерийн зүйл болох орон сууцнуудыг хүлээлгэж өгөхөөр тохиролцсон 2020 оны 2 дугаар улирал буюу мөн оны 6 дугаар сарын 30-ны дотор өдрөөс хэтэрсэн хугацааг тоолж нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргасан 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл 84 хоногт гүйцэтгээгүй үүрэг болох 97 605 000 төгрөгөөс 0.3 хувьд ногдох алданги тооцвол 25 182 090 төгрөг байна. Анхан шатны шүүх хэтэрсэн хугацааг зөв тоолсон боловч гүйцэтгээгүй үүргийн дүнг 97 561 400 төгрөг гэж үзсэн нь буруу болжээ.

Хариуцагч Ш.Г ХХК нь Ковид 19 цар тахлын улмаас эдийн засгийн хямралд орж орон сууцыг хугацаанд нь хүлээлгэн өгч чадаагүй гэх үндэслэлээр алданги шаардсан хэсгийг хэрэгсэхгүй болгох тухай давж заалдах гомдол гаргажээ.

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 39 дүгээр тогтоолоор коронавирусын халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хилийн зарим боомтыг түр хаах, нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээг авсан. Энэ арга хэмжээний улмаас хариуцагч Ш.Г ХХК-ийн барилгын ажил явагдаагүй гэх үйл баримтыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй тул давж заалдах шатны шүүхээс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дэх хэсэгт заасныг баримтлан 97 605 000 төгрөгийн үүрэгт тооцсон алдангийн хэмжээг багасгах боломжгүй байна. Нөгөөтэйгүүр, талууд өөрсдийн хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэн харилцан тохиролцсоны үндсэн дээр алдангийн тооцох нөхцлийг гэрээндээ тусгасан учир уг шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох хуулийн үндэслэлгүй юм.

Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг ханган, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2021/00356 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтаас 359 дүгээр зүйлийн 359.1 гэснийг хасч, 122 732 224 /нэг зуун хорин хоёр сая долоон зуун гучин хоёр мянга хоёр зуун хорин дөрөв/ гэснийг 125 661 490 /нэг зуун хорин таван сая зургаан зуун жаран нэгэн мянга дөрвөн зуун ерэн/ гэж, 27 986 876 гэснийг 25 057 610 /хорин таван сая тавин долоон мянга зургаан зуун арван/ гэж, 2 дах заалтын 771 611 гэснийг 786 257 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 771 650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 298 184 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

 

Ч.ЦЭНД