Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 65

 

 

2023        11        07                                          2023/ДШМ/65

 

Б.Гантулгад холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч М.Нямбаяр даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор Э.Алтанцэцэг, нарийн бичгийн дарга Б.Нарантуяа нарыг оролцуулан,

 

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 2023/ШЗ/409 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэн Б.Гантулгад холбогдох эрүүгийн 2336000440155 дугаартай хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Монгол Улсын иргэн Цагаан туг ургийн овогт Батнасангийн Гантулга, 1993 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Ховд аймгийн Буянт суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, суурь боловсролтой, мэргэжилгүй, малчин, Ховд аймгийн Буянт сумын 04 дүгээр (Цагаан-Эрэг) багт оршин суух хаягтай, урьд Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450'000 төгрөгийн торгох ялаар, мөн тус шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 76 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, тус шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 116 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900'000 төгрөгийн торгох ялаар, тус шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 2021/ШЦТ/24 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнссэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2'700'000 төгрөгийн торгох ялаар, тус шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 2023/ШЦТ/95 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгүүлж байсан, регистрийн дугаар: пв93040136.

 

2. Шүүгдэгч Б.Гантулга нь Ховд аймгийн Буянт сумын Цагаан эрэг багийн нутаг дэвсгэрээс 2023 оны 03 дугаар сарын эхээр хохирогч Б.Алтансүхийн эзэмшлийн 6 настай бор зүсмийн эр адууг хулгайлан авч Б.Оронбасарт 1'400'000 төгрөгөөр зарж, хохирогч Б.Алтансүхэд 1'200'000 төгрөгийн хохирол учруулан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, мөн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Ховд аймгийн Мянгад сумын Цагаанбулан багийн нутаг дэвсгэрээс хохирогч У.Пүрэвдоржийн халиун зүсмийн 4 настай, зөв гуяндаа өөлд гал тамгатай 800'000 төгрөгийн хохирол учруулж мал хулгайлах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

3.Ховд аймгийн Прокурорын газраас Б.Гантулгын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

4. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгчийн захирамжаар:

4.1 Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Берикболоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Цагаан туг ургийн овогт Батнасангийн Гантулгад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2336000440155 дугаартай хэргийг Ховд аймгийн Прокурорын газарт буцааж,

4.2  Шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэг прокурорт очих хүртэл үргэлжлүүлж,

4.3 Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй болохыг дурдаж, хэрэгт 4 тооны адуу битүүмжилснийг хэвээр үлдээж,

4.4 Энэхүү захирамжийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан хохирогч, яллагдагч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

5. Прокурор эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

5.1 Б.Гантулгын хоёр удаагийн үйлдлээр бусдын хоёр тооны адууг хулгайлсан үйлдлийг нэгтгэн зүйлчлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Шүүгдэгчийн хоёр удаагийн үйлдэл нь өөр өөр цаг хугацаа, орон зайд болсон боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар энэ нь нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан үргэлжилсэн нэг гэмт хэрэг юм. Нөгөөтэйгөөр өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжид учруулсан хохирлын хэр хэмжээ хамаардаг. Өөрөөр хэлбэл үйлдэл тус бүрээс учирсан хохирлыг нэмж нэгтгэдэг тул шүүгдэгчийг хоёр тооны адуу буюу бод мал авсан гэж үзнэ.

5.2 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт Энэ зүйлд заасан "олон тооны мал" гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно" заажээ. Тодруулбал шүүгдэгч хохирогч нарын хоёр тооны адууг буюу бод малыг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан "энэ гэмт хэргийг олон тооны мал хулгайлж үйлдсэн" гэх хүндрүүлэх шинжийг хангасан байна. Шүүх хуралдаанаар хэргийн зүйлчлэлийг зөвтгөх буюу зүйлчлэлийг хүндрүүлэх боломжгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэв гэжээ.

5.3 Шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй байна гэсэн дүгнэлт хийж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.Б.Гантулга нь 2023 оны 01 дүгээр сарын сүүлээр Ховд аймгийн Мянгад сумын Цагаанбулан багийн нутаг дэвсгэрээс хохирогч У.Пүрэвдоржийн халиун зүсмийн 4 настай, зөв гуяндаа өөлд гал тамгатай адууг сүрэг дотроо бэлчээрлэж явахад хулгайлж, өөрийн адуутай хамт байлгаж байгаад өөрийн 3 адуутай хамт Баян-Өлгий аймагт аваачиж зарж борлуулсан, Мөн Ховд аймгийн Буянт сумын Цагаан эрэг багийн нутаг дэвсгэрээс 2023 оны 03 дугаар сарын эхээр хохирогч Б.Алтансүхийн эзэмшлийн 6 настай бор зүсмийн эр адууг хулгайлан иргэн Б.Оронбасарт 1,400,000 төгрөгөөр зарж борлуулсан гэмт хэргүүдийг өөр цаг хугацаанд, өөр газар нутагт үйлдсэн тус тусдаа бие даасан, төгссөн гэмт хэргүүд юм. Өөрөөр хэлбэл Б.Гантулгын хоёр өөр цаг хугацаа, орон зайд үйлдсэн тус тусдаа бие даасан гэмт хэргүүдийг прокурор нэгтгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "...нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулж болно" гэж заасны дагуу нэгтгэж, яллагдагчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж, яллах дүгнэлт үйлдсэн байна.

5.4 Хяналтын прокурор Б.Батцоожийн Эрүүгийн 2336001710202 дугаартай хэрэгт үйлдсэн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 145 дугаартай яллах дүгнэлтийг хүчингүй болгож, эрүүгийн 2336001710202 дугаартай хэргийг нэгтгэж, дахин яллах дүгнэлт үйлдэж байгаа нь яллагдагчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж байгаа ба ялын төрөл, хэмжээ ижил, нэг гэмт хэргийг нэгтгэснийг хүндрүүлэхээр буцаасан шүүгчийн захирамж нь яллагдагчийн эрх зүйн байдлыг доордуулсан гэж үзэхээр байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан олон тооны мал хулгайлах /найман бог, хоёр бод, түүнээс дээш/ ойлголт нь нэг удаагийн үйлдлээр найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг хулгайлахыг, эсхүл хулгайлах үйлдлээ төгсгөж чадаагүй байгаад үргэлжлүүлэн хулгайлахыг ойлгоно. Өөр цаг хугацаа, орон зайд үйлдэгдэж төгссөн, бие даасан гэмт хэргүүдийг яллагдагчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх зорилгоор нэгтгэж байгаа нь зүйлчлэл хүндрүүлэх үндэслэл болохгүй.

5.5  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар "Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно гэж заасныг ялын төрөл, хэмжээ ижил нэг гэмт хэргийг нэгтгэж, ял оногдуулахдаа баримтлах хуулийн зохицуулалт юм. Иймд Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 2023/Ш3/409 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Давж заалдах шатны шүүх яллагдагч Б.Гантулгад холбогдох эрүүгийн 2336000440155 дугаартэй хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шүүгчийн захирамжийг бүхэлд нь хянаж үзлээ.

2. Хэргийн мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон байна.

3. Ховд аймгийн Прокурорын газраас яллагдагч Б.Гантулгыг Ховд аймгийн Буянт сумын Цагаан эрэг багийн нутаг дэвсгэрээс 2023 оны 03 дугаар сарын эхээр хохирогч Б.Алтансүхийн эзэмшлийн 6 настай бор зүсмийн эр адууг хулгайлан авч Б.Оронбасарт 1 1.400.000 төгрөгөөр зарж, хохирогч Б.Алтансүхэд 1.200000 төгрөгийн хохирол учруулан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, мөн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Ховд аймгийн Мянгад сумын Цагаанбулан багийн нутаг дэвсгэрээс хохирогч У.Пүрэвдоржийн халиун зүсмийн 4 настай, зөв гуяндаа өөлд гал тамгатай адууг нууцаар, хууль бусаар авч худалдан борлуулж хохирогч У.Пүрэвдоржид 800.000 төгрөгийн хохирол учруулж мал хулгайлах гэмт хэрэг тус тус үйлдсэн нь нотлогдсон” гэж дүгнэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд  шилжүүлжээ.

4.Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт “Энэ зүйлд заасан “олон тооны мал” гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно” заасан байх бөгөөд шүүгдэгч нь хохирогч нарын хоёр тооны адууг буюу бод малыг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “энэ гэмт хэргийг олон тооны мал хулгайлж үйлдсэн” гэх хүндрүүлэх шинжийг хангасан байх тул Б.Гантулгад холбогдох хэргийн зүйлчлэлийг шүүх хуралдаанаар зөвтгөх буюу зүйлчлэлийг хүндрүүлэх боломжгүй гэх үндэслэлээр  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1,2-т зааснаар   хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

5.Прокурор эсэргүүцэлдээ:” Б.Гантулга нь хоёр адуу хулгайлан авч зарж борлуулсан гэмт хэргүүдийг өөр цаг хугацаанд, өөр газар нутагт үйлдэгдсэн тус тусдаа бие даасан, төгссөн гэмт хэргүүд юм.” гэх агуулга бүхий эсэргүүцлийг давж заалдах журмаар гаргажээ.

5.1 Ховд аймгийн прокурорын газрын 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 44 дугаартай прокурорын тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан яллагдагч Б.Гантулгын “2023 оны 01 дүгээр сарын сүүлээр Ховд аймгийн Мянгад сумын Цагаанбулан багийн нутаг дэвсгэрээс хохирогч У.Пүрэвдоржийн халиун зүсмийн 4 настай, зөв гуяндаа өөлд гал тамгатай адууг сүрэг дотроо бэлчээрлэж явахад хулгайлж, өөрийн адуутай хамт байлгаж байгаад өөрийн 3 адуутай хамт Баян-Өлгий аймагт худалдан борлуулсан” 2336001710202 дугаартай хэргийг, яллагдагч Б.Гантулгын “Ховд аймгийн Буянт сумын Цагаан эрэг багийн нутаг дэвсгэрээс 2023 оны 03 дугаар сарын эхээр хохирогч Б.Алтансүхийн эзэмшлийн 6 настай бор зүсмийн эр адууг хулгайлан авч иргэн Б.Оронбасарт 1.400.000 төгрөгөөр худалдан борлуулсан” 2336000440155 хэрэгт нэгтгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахаар шийдвэрлэсэн байна.

5.2 Гэтэл шүүх яллагдагч Б.Гантулгын дээр дурдсан хоёр үйлдлүүд нь өөр өөр цаг хугацаа орон зайд үйлдэгдсэн боловч нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл эс үйлдэхүйгээр хангасан “үргэлжилсэн нэг гэмт хэрэг байна” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Тухайлбал хэрэгт авагдсан баримтуудаар яллагдагч Б.Гантулгын 2 тооны адуу хулгайлсан дээр дурдсан үйлдлүүд нь өөр өөр цаг хугацаа, орон зайд үйлдэгдсэн байх бөгөөд үйлдэл тус бүртээ бие даасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

Өөрөөр хэлбэл яллагдагч Б.Гантулгын дээрх хоёр удаагийн үйлдэл тус бүр нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх бөгөөд энэ зүйл хэсэгт заасан гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн байна.

Гэтэл шүүх яллагдагчийн дээрх 2 удаагийн үйлдэл нь “үргэлжилсэн нэг гэмт хэрэг”-ийн шинжийг агуулж байна гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

6. Дээрх үндэслэлээр “анхан шатны шүүхийн яллагдагч Б.Гантулгад холбогдох хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шийдвэрлэх нь зүйтэй” гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь  заалтыг удирдлага болгож, 

ТОГТООХ нь:

 

1.Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дүгээр сарын 25-ны өдрийн 2023/ШЗ/409 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хангасугай.

 

 2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой.” гэсэн үндэслэлээр оролцогч Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

           

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           М.НЯМБАЯР  

 

                              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            С.ӨМИРБЕК

 

                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Н.ТУЯА