| Шүүх | Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сангаагийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 120/2024/0028/З |
| Дугаар | 120/ШШ2025/0002 |
| Огноо | 2025-01-30 |
| Маргааны төрөл | Газар, |
Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 120/ШШ2025/0002
2025 оны 01 сарын 30 өдөр Дугаар 120/ШШ2025/0002 Өмнөговь аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Отгонцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “******* ******* ******* *******” ХХК,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: И.*******,
Хариуцагч: Өмнөговь аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.******* нарын хоорондын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Хулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “******* ******* ******* *******” ХХК нь “******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 14/05 дугаартай тогтоолын “*******” нэртэй 1110.49 га газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх хуралдаанд тогтоолын “******* ******* ******* *******” ХХК-ийн ашигт малтмал ашиглалтын - дугаар тусгай зөвшөөрлийн талбай бүхий 1110.49 га газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.
2. Өмнөговь аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 14/05 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн дээрх ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий 1110.49 га газрыг түүх соёлын дурсгалт газрын ангиллаар 15 жилийн хугацаатай орон нутгийн тусгай хэрэгцээнд авч, солбицол, зургийг хавсралтаар баталж шийдвэрлэсэн байна.
3. Нэхэмжлэгч өмнө нь дээрх маргаан бүхий актын холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлээ 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд ирүүлснийг тус шүүхийн шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 120/ШЗ2024/019 дүгээр захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн ба Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 221/ШТ2024/225 дугаар тогтоолоор уг захирамжийг хэвээр үлдээн шийдвэрлэснээр хуулийн хүчин төгөлдөр болжээ.[1]
4. Нэхэмжлэгчээс 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр “... илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэл гарган, тус шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 120/ШЗ2024/0179 дугаартай “Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоох тухай” захирамжийн дагуу нэхэмжлэлийн бүрдүүлбэр ханган нэхэмжлэлээ 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд ирүүлсэн.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 14/05 дугаартай тогтоолыг манай компани илт хууль бус гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт “Захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байна” гэж мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д “утга агуулгын илэрхий алдаатай”, 47.1.7-д “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” бол тухайн захиргааны актыг илт хууль бус гэж үзнэ гэж хуульчилсан.
Манай компанийн Ашигт малтмал ашиглалтын - дугаар тусгай зөвшөөрөлтэй, нийт 1110.49 га хэмжээтэй талбай нь Өмнөговь аймгийн ******* сумын нутагт байршилтай “******* уул” нэртэй. Энэ талбай доторх 94 га газар нь эхний ээлжинд ашиглахаар тогтсон “*******” гэж нэрлэсэн газар юм. Гэтэл ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дээрх тогтоолд “*******” нэртэй, 1110.49 га газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авч шийдвэрлэсэн нь нэршлийн хувьд ойлгомжгүй, хэмжээний хувьд тодорхойгүй зөрүүтэй байна. Тогтоолд бичигдсэн нэршлээс үзвэл манай талбайгаас “*******” нэртэй 94 га газрыг, 1110.49 га гэж бичигдсэн хэмжээнээс үзвэл “******* уул” нэртэй тусгай зөвшөөрлийн талбай хоёрын алийг нь орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан нь тодорхойгүй байгаа учраас утга агуулгын хувьд илэрхий алдаатай, бодит байдал дээр хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж байна.
Мөн орон нутгийн тусгай хэрэгцээнд авах эрх хэмжээ хуулиар олгогдоогүй байхад хуулийг зөрчиж, орон нутгийн тусгай хэрэгцээнд авч байгаа нь дээрх хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг зөрчсөн.
******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 14/05 дугаар тогтоолын үндэслэх хэсэгт ******* Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.17-д хууль тогтоомжийн төслийн хэлэлцүүлэгт иргэдийг татан оролцуулах саналыг нэгтгэн хууль санаачлагчид уламжлах гэсэн ямар ч хамааралгүй хуулийн заалтыг, Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.15 дахь хэсгийг баримталсан байдаг. Газрын тухай хуулийн Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т Аймаг, сум, нийслэл, дүүрэг энэ хуулийн 16.1.1, 16.1.6, 16.1.7, 16.1.11, 16.1.16, 16.1.17, 16.1.19-д заасан зориулалтаар өөрийн эрх хэмжээнд нийцүүлэн газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авч болно гэж хуульчилсан.
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь харьяа нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсгийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авахдаа тодорхой хууль, журам дүрэмд заасан урьдчилсан ажиллагаануудыг хийхийг тусгайлан заасны дагуу тухайн тогтоолыг гаргахдаа эдгээр хуулийн шаардлага, газар нутгийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах бэлтгэл ажлууд хийгдээгүй, мөн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд орж тусгаагүй байхад өөрт нь олгоогүй эрхийг эрх хэмжээгээ хэтрүүлэн газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авч шийдвэрлэсэн.
Өөрөөр хэлбэл, хариуцагчид Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.15-д заасан үндэслэлээр орон нутгийн тусгай хэрэгцээнд авах бүрэн эрх байхгүй байхад авсан нь захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэдэгт хамаарч байгаа. Тиймээс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал бүрэн эрхээ хэтрүүлж дур мэдэн тухайн тогтоолыг гаргасан учраас уг тогтоол нь илт хууль бус, Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасан шаардлагад нийцээгүй байна.
Мөн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.2.6, 4.2.8-д болон 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заасан. Гэтэл ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь тухайн тогтоолыг гаргахдаа нэхэмжлэгчийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбай бүхэлдээ орж байхад манай байгууллагад мэдэгдэж тайлбар, санал гаргах боломж олгоогүй, сонсох ажиллагаа явуулаагүй нь хуулийн дээрх заалтыг зөрчсөн.
Манай байгууллагын зүгээс илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан, үүнтэй холбогдуулаад Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т зааснаар илт хууль бус захиргааны акт гэж юуг хэлэх вэ гэсэн үндэслэлтэйгээ холбогдуулаад тайлбарласан, хууль бус захиргааны акт гэдэг талаас нь огт тайлбарлаагүй. Зөвхөн илт хууль бус захиргааны акт гэдэгтэй холбогдуулж тайлбараа гаргасан, мөн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа яригдахгүй. Хариуцагч талаас Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэг тухайн тогтоолыг гаргах үед байгаагүй гэдэг тайлбарыг гаргаж байгаа нь эрх зүйн үндэслэлгүй. Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэг тухайн тогтоолыг гаргах үед хэрэгжиж байсан. Тухайн хуульд тогтоол гаргах өдөр нэмэлт өөрчлөлт орсон байдаг ч Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.15 дахь заалтад нэмэлт өөрчлөлт ороогүй, хэвээрээ байсан.
Иймд нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдөж, цаашлаад үйл ажиллагаа явуулах боломжгүй болгож, газрыг буцаан олголттой холбоотой ажил, маш их хохирол төлбөр амсах байдалд хүргэсэн учраас Өмнөговь аймгийн ******* сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 14/05 дугаартай тогтоолын 1 дэх хэсгийн “******* ******* ******* *******” ХХК-ийн ашигт малтмал ашиглалтын - дугаар тусгай зөвшөөрлийн талбай бүхий 1110.49 га газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан хэсгийг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү...” гэв.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Захиргааны ерөнхий хуульд зааснаар захиргааны илт хууль бус акт, захиргааны хууль бус акт гэдгийг ялгамжтай байдлаар хуульчилж өгсөн, нэхэмжлэгчийн зүгээс илт хууль бус болохыг тогтоолгох хууль зүйн үндэслэл болон хууль бус гэсэн хоёр үндэслэлийг хамтад нь дурдаж тайлбарлаж байна. Магадгүй хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргахаар байсан бол тухайн захиргааны актыг мэдэгдсэнээс хойш Захиргааны ерөнхий хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хуулийн хугацаанд гомдол гаргах эрх нь байсан бөгөөд хугацаандаа гомдол гаргасан тохиолдолд тухайн актын хууль бус хууль зүйн үндэслэлийн талаар маргаж мэтгэлцэх боломж байсан.
Хариуцагчийн зүгээс 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1/706 дугаар албан бичгээр тухайн актыг нэхэмжлэгч талд мэдэгдсэн байдаг. Үүнээс хойш хуульд заасан хугацаанд нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэл гаргаагүй учраас дээрх актыг нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарласан шиг хүчингүй болгох боломжгүй, Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлд захиргааны акт хүчин төгөлдөр болох үндэслэлийг тодорхой хуульчилсан. Тиймээс энэ агуулгаар гомдол гаргаж, үүнтэй холбоотой шүүхийн шийдвэр болон дээд шатны байгууллагын шийдвэр гараагүй учраас хүчин төгөлдөр захиргааны акт гэж үзэж байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр 14.1 дэх хэсэгт гомдол гаргах хугацааны талаар тус тус хуульчилсан, захиргааны актыг илт хууль бус гэж үзэж, гомдол гаргах хугацаагаа хэтрүүлсэн атал хууль бус гэсэн агуулгаар нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэгч талаас илт хууль бус гэсэн агуулгаар нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ тайлбарлаж байгаа учраас үүнд тайлбар хэлье.
******* сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 14/05 дугаартай тогтоолд "Тус сумын Баясах багийн нутаг дэвсгэрт орших ******* нэртэй 1110.49 га газар нутгийг ...түүх соёлын дурсгалт газрын ангиллаар 15 жилийн хугацаатай орон нутгийн тусгай хэрэгцээнд авч, солбицлыг нэгдүгээр, зургийг хоёрдугаар хавсралтаар баталсугай” гэж орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газрынхаа байршил, хэмжээ, хугацааг тодорхой тусгасан. Тухайн бүс нутгийн иргэдийн зүгээс “******* ******* ******* *******” ХХК-ийн ашиглалтад байгаа 1110.49 га талбайг ******* гэж нэрлэдэг талаар хариуцагч иргэдийн зүгээс саналаа хүргүүлсэн байдаг.
Улсын дээд шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 0114 дугаартай тогтоолд дээрх агуулгаар хэргийг шийдвэрлэхдээ тухайн актыг энгийн хүн хараад ойлгохооргүй хэмжээнд бичсэн байх юм бол утга агуулгын илэрхий алдаатай гэж харна бусдаар хаана хэн хэрэгжүүлэх, яг ямар талбайг тусгай хамгаалалтад авсан гэх мэт бүх нөхцөл байдал нь тодорхой байгаа тохиолдолд утга агуулгын илэрхий алдаатай гэж үзэхгүй гэдэг байдлаар тайлбарласан байдаг. Тиймээс тогтоолын хавсралт дээр яг ямар талбайн ямар хэсгийг тусгай хамгаалалтад авсан гэдэг хэмжээ, координат солбицол зэрэг нь тодорхой заагдсан, уг тогтоолд ******* гэж бичсэн байгаа нь утга агуулгын илэрхий алдаатай гэдэгт хамаарахгүй учраас илт хууль бус гэж үзэх боломжгүй гэж харж байна.
Мөн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д заасан "бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” захиргааны акт гэж хэнд хандсан нь тодорхойгүй, хууль зүйн ямар үр дагавар үүсэж байгаа нь ойлгомжгүй, түүний улмаас тухайн захиргааны актыг хэн, хэрхэн биелүүлэх, хэрэгжүүлэх боломжгүй болсон тохиолдлыг ойлгох бөгөөд 14/05 дугаар тогтоолын хувьд 1 дэх заалтаараа “******* нэртэй газрын орон нутгийн тусгай хэрэгцээнд 15 жилийн хугацаатайгаар авч, 2 дахь заалтаараа хэн хэрэгжүүлэх талаар нь тодорхой заасан байх тул дээрх үндэслэлээр актыг хууль бус гэж үзэх боломжгүй. Өөрөөр хэлбэл, ******* сумын Баясах багийн нутаг дэвсгэрт байдаг 1110.49 га хэмжээтэй ******* нэртэй газрыг тусгай хамгаалалтад авсан, үүний солбицол, координат гэх зэргийг хавсралтдаа тодорхой заасан байгаа учраас нэхэмжлэгч талын үүнийг хэрэгжүүлэх боломжгүй гэдэг байдлаар тайлбарлаж байгааг ойлгомжгүй байна гэж харж байна. Тиймээс илт хууль бус гэсэн агуулгаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.
Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6 хоёр тусдаа хуульд заасан үндэслэл байгаа. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон Газрын тухай хуульд зааснаар сумын Засаг даргын өргөн мэдүүлснээр тухайн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал газар нутгийг тусгай хэрэгцээнд авах түүний хэмжээ заагийг ашиглах журмыг тогтоох эрх хэмжээ байгаа. Энэ нь Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсэгт заасан эрх хэмжээнүүдийнхээ хүрээнд байгаа гэж харж байна. Тэгэхээр тухайн акт хууль зүйн үндэслэлтэй байна уу гэвэл байна. Хууль үндэслэсэн байна уу гэвэл үндэслэсэн байна. Энэ нь өөрөө хуульд заасан тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхэд хамаарах асуудал байгаа учраас дээрх нэхэмжлэлд дурдсан үндэслэлүүд, нэхэмжлэлийн шаардлагын агуулга бодит байдалд нийцэхгүй, илэрхий хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэл болохгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судлаад дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
7. Маргаан бүхий акт болох Өмнөговь аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 14/05 дугаар тогтоолоор[2] ******* Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.17, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 23 дугаар зүйлийн 23.1.2, 23.3, 28 дугаар зүйлийн 28.3, Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.15, Байгаль орчны сайдын 2000 оны 07 дугаар “Газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтанд авах тухай журам”-ыг тус тус үндэслэн сумын Засаг даргын саналыг хэлэлцээд “тус сумын Баясах багийн нутаг дэвсгэрт орших “*******” нэртэй 1110.49 га, ...газар нутгийг байгалийн унаган төрх, хэв шинжийг хадгалах, усны эх үүсвэр, нэн ховор амьтан, ургамал бүхий газар, Баясах багт хийгдсэн археологийн нарийвчилсан судалгааг үндэслэн түүх соёлын дурсгалт газрын ангиллаар 15 жилийн хугацаатай орон нутгийн тусгай хэрэгцээнд авч, уг газрын солбицол, зургийг хавсралтаар баталж, холбогдох байгууллагад уламжилж, кадастрын зураг зүйн мэдээллийн санд бүртгүүлэхийг сумын Засаг даргад үүрэг болгож шийдвэрлэсэн байна.
8. Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 672 дугаар шийдвэрээр[3] Өмнөговь аймгийн ******* сумын нутаг дахь “******* Уул” нэртэй 1110.49 гектар талбай бүхий ашигт малтмал ашиглалтын МV- дугаар тусгай зөвшөөрлийг 2045 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийг дуустал хугацаагаар “******* ******* ******* *******” ХХК-д олгосон байх бөгөөд уг тусгай зөвшөөрлийн талбай нь бүхэлдээ дээрх маргаан бүхий тогтоолоор авсан “...түүх соёлын дурсгалт газрын ангиллаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан...” газартай давхцалтай[4], талууд энэ талаар маргаагүй.
9. Нэхэмжлэгч талаас “...тогтоолд газар нутгийн нэрийг “*******” гэж бичсэн нь манай ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 1110.49 га талбай бүхэлдээ, эсхүл уг талбайн доторх 94 га /******* нэртэй/ газруудын алийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авч байгаа нь ойлгомжгүй, тодорхойгүй, алдаатай, бодит байдалд биелүүлэх боломжгүй, өөрт нь эрх олгоогүй байхад эрх хэмжээгээ хэтрүүлэн хамааралгүй заалт барьж, Газрын тухай хууль, журамд заасан урьдчилсан ажиллагаануудыг хийлгүйгээр бидэнд мэдэгдэлгүй, тайлбар өгөх боломж олголгүй тогтоол гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.3, 47.1.6, 47.1.7-д заасныг зөрчсөн, нэхэмжлэгчийг цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болгож, газар буцаан олголттой холбоотой ажил, маш их хохирол төлбөр амсах байдалд хүргэсэн...” гэж,
10. Хариуцагч талаас “...******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.17-д “хуульд заасан бусад бүрэн эрх” гэж тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан эрх хэмжээнийхээ хүрээнд Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсэгт заасан бүрэн эрхэд хамаарах асуудлаар хуульд үндэслэн тогтоол гаргасан, энэ тогтоолд шийдвэрлэсэн асуудал нь ойлгомжтой, хавсралтад тодорхой бичигдсэн байгаа учраас нэхэмжлэгч талын дурдсан үндэслэлүүдээр илт хууль бус захиргааны акт гэж үзэх боломжгүй, актыг хууль бус гэж үзэн маргах бол шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг алдсан...” гэх агуулгаар тус тус тайлбарлан маргасан.
11. Захиргааны актыг илт хууль бус, хууль зөрчсөн буюу хууль бус гэж ялгамжтай авч үздэг бөгөөд хэн ч харсан илэрхий алдаатай, тухайн актыг гаргах хуулийн ямар ч үндэслэлгүй, эрх зүйн алдаатай, биелүүлэх боломжгүй тохиолдолд илт хууль бус болохыг тогтоох ба ийм захиргааны акт анхнаасаа хүчин төгөлдөр бус буюу гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэлгүй байдаг бол хууль зөрчсөн хэдий ч гомдол, нэхэмжлэл гарч шийдвэрлэгдэх хүртэл хүчин төгөлдөр мөрдөх боломжтой актыг хууль зөрчсөнд тооцон хүчингүй болгодог.
12. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар захиргааны актыг илт хууль бус болох эсэхийг тогтоохтой холбоотой нэхэмжлэлд шүүхэд нэхэмжлэл гаргах хуулийн хугацаа буюу энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацаа хамаарахгүй ба нэхэмжлэгчээс Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.3, 47.1.6, 47.1.7-д заасан үндэслэлүүдээр “******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 14/05 дугаартай тогтоолын “******* ******* ******* *******” ХХК-ийн ашигт малтмал ашиглалтын - дугаар тусгай зөвшөөрлийн талбай бүхий 1110.49 га газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”-оор нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон тул шүүх энэхүү нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болно.
13. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно” гээд 47.1.1-д “утга агуулгын илэрхий алдаатай”, 47.1.3-т “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан”, 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй”, 47.1.7-д “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” гэж тус тус заасан захиргааны акт хэнд чиглэсэн нь тодорхойгүй, хууль зүйн ямар үр дагавар үүсгэж байгаа нь ойлгомжгүйгээс уг актыг бодит байдалд биелүүлэх, хэрэгжүүлэх боломжгүй болсныг ойлгох бөгөөд ийм акт нь гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэл, үр дагаваргүй, илт хууль бусад тооцогдоно.
14. Дээрх хуулийн зохицуулалтын агуулга нь захиргааны байгууллага, албан тушаалтны бүрэн эрх, хүлээх хариуцлагыг тухайн харилцааг зохицуулсан хууль тогтоомжоор тодорхой зааж өгч, өөрт нь хуулиар тусгайлан эрх олгогдоогүй асуудлаар гаргасан захиргааны акт нь өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар, харин захиргааны байгууллага, албан тушаалтан нь хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд акт гаргахдаа хуульд заасан эрх хэмжээнээс хэтрүүлсэн эсхүл хуульд заасан үндэслэлгүйгээр халдсан тохиолдолд захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж үзэх нөхцөл бүрдэх бөгөөд уг акт илт хууль бус байх шинжийг агуулсан гэж үзнэ.
15. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлд “Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тусгай хамгаалалттай газар нутгийн талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд 3-т “нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай шийдвэр гаргах, түүний хилийн зааг, хамгаалалтын горимыг тогтоох”, Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “******* Улс тусгай хэрэгцээний газартай байна. Улсын тусгай хэрэгцээний газарт дараахь газар хамаарна” гээд 16.1.15-д “хамгаалалтын бүс тогтоосон түүх, соёлын дурсгалт газар”, мөн зүйлийн 16.2-т “Аймаг, сум, нийслэл, дүүрэг энэ хуулийн 16.1.1, 16.1.6, 16.1.7, 16.1.11, 16.1.16, 16.1.17, 16.1.19-д заасан зориулалтаар өөрийн эрх хэмжээнд нийцүүлэн газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авч болно”, 20 дугаар зүйлийн 20.1-д “Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал газрын харилцааны талаар дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд 20.1.3-т “тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлснийг үндэслэн газрыг аймаг, нийслэл сумын тусгай хэрэгцээнд авах, түүний хэмжээ, зааг, ашиглах журмыг тогтоох” гэж тус тус заасан.
16. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь сумын Засаг даргын өргөн мэдүүлснийг үндэслэн Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т заасан зориулалтаар газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах, түүний хэмжээ, зааг, ашиглах журмыг тогтоох эрх хэмжээтэй байх хэдий ч “түүх, соёлын дурсгалт газар”-ын ангиллаар газрыг сумын тусгай хэрэгцээнд авах эрх түүнд хуулиар олгогдоогүй байна.
17. Тодруулбал, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1-д “...хууль тогтоомж нь ******* Улсын Үндсэн хууль, Газрын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хууль, Зөвшөөрлийн тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ”, Соёлын өвийг хамгаалах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Засгийн газар соёлын өвийг хамгаалах талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд 13.1.12-т “түүх, соёлын үл хөдлөх дурсгал болон дурсгалт газарт хамгаалалтын бүс тогтоох, өөрчлөх, цуцлах”, 45 дугаар зүйлийн 45.1-д “Засгийн газар түүх, соёлын үл хөдлөх дурсгалын бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хангах, харагдах сүр барааг хадгалах зорилгоор хамгаалалтын бүс тогтооно. Хамгаалалтын бүсийн хилийн заагийг тогтоох шалгуур үзүүлэлтийг хот байгуулалтын болон соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална” гэж заасан бөгөөд хамгаалалтын бүс тогтоосон түүх, соёлын дурсгалт газрыг тусгай хэрэгцээнд авах эрхийг Засгийн газарт олгосон байх тул хариуцагч захиргааны байгууллага маргаан бүхий тогтоолоор өөрийн бүрэн эрхэд хамаарахгүй асуудлаар Өмнөговь аймгийн ******* сумын Баясах багийн нутаг дэвсгэрт орших нэхэмжлэгч “******* ******* ******* *******” ХХК-ийн ашигт малтмал ашиглалтын - дугаар тусгай зөвшөөрлийн талбай бүхий 1110.49 га газрыг бүхэлд нь хамруулан орон нутгийн тусгай хэрэгцээнд авахаар шийдвэрлэсэн хэсэг нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т заасан илт хууль бус захиргааны актын шинжийг агуулсан, уг актын улмаас нэхэмжлэгч компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн байна гэж үзнэ.
18. Иймээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн нэмэлт өөрчлөлт орохоос өмнө Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.17-д “хуульд заасан бусад бүрэн эрх” гэж заасан бүрэн эрхээ хэрэгжүүлж Газрын болон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасны дагуу хариуцагч газар нутгийнхаа тодорхой хэсгийг тусгай хэрэгцээнд авах эрхтэй тул акт илт хууль бус үндэслэлд хамаарахгүй” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй, энэ тохиолдолд хариуцагч захиргааны байгууллагад хуулиар олгосон эрх хэмжээг хэтрүүлэн өөрт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан гэж үзнэ.
19. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “тогтоолд газар нутгийн нэрийг “*******” гэж бичсэн алдаатай, бодит байдалд биелүүлэх боломжгүй, хуулийн хамааралгүй заалт баримталж акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэх агуулгаар маргасан.
20. Гэвч энэ тайлбарлаж буй үндэслэл нь захиргааны байгууллага хуулиар олгогдоогүй эрхийн хүрээнд хуулийн этгээдийн эрхэд халдсан бөгөөд хэн ч харсан ойлгомжгүй, биелүүлэх боломжгүй шийдвэр гаргасан байхыг шаардах боловч хариуцагчид Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.15-д заасан газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах, түүний хамгаалалтын бүс болон хилийн заагийг тогтоох эрх хэмжээгүй хэдий ч ******* сумын нутаг дэвсгэрийн тодорхой хэсгийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах эрхийг Газрын болон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд олгосон, нэхэмжлэгч компанийн ашиглалтын - дугаар тусгай зөвшөөрлийн талбайн нийт хэмжээ нь 1110.49 га болох нь хэрэгт авагдсан баримтууд, хэргийн оролцогч талуудын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар зэргээр тогтоогдож байх тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6, 47.1.7-д заасан үндэслэлд хамаарахгүй.
21. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий актын утга, агуулга ойлгомжтой, хэнд хандсан нь тодорхой байхын зэрэгцээ хуульд үндэслэсэн бөгөөд хууль хэрэглээний алдаа /хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн/ нь тухайн актыг илт хууль бусад тооцох алдаанд хамаарахгүй байна.
22. Түүнчлэн, уг актыг нэхэмжлэгчээс “...орон нутгийн тусгай хэрэгцээнд авахдаа Газрын тухай хуулийн 25 дугаар зүйлд болон газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай, газар зохион байгуулалт хийх тухай зэрэг журамд заасан бэлтгэл ажлууд хийгдээгүй, мөн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд орж тусгаагүй, акт гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.2.6, 4.2.8-д болон 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасны дагуу манай байгууллагад мэдэгдэж тайлбар, санал гаргах боломж олгоогүй, сонсох ажиллагаа явуулаагүй...” гэж маргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан илт хууль бус актын үндэслэлд хамаарахгүй, харин хариуцагчийн шийдвэр гаргах ажиллагааны алдаа буюу хууль бус актад хамаарах үндэслэл байх тул дээрх үндэслэлээр маргаан бүхий захиргааны актыг илт хууль бус байсан болохыг тогтоох боломжгүй юм.
23. Иймд, хариуцагч өөрийн бүрэн эрхэд хамаарахгүй асуудлаар хуулиар олгосон эрх хэмжээг хэтрүүлж, нэхэмжлэгч компанийн ашигт малтмал ашиглалтын - дугаар тусгай зөвшөөрлийн талбайг бүхэлд нь давхцуулан орон нутгийн тусгай хэрэгцээнд авахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх үндэслэлтэй байх тул Өмнөговь аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 14/05 дугаар тогтоолын “******* ******* ******* *******” ХХК-ийн ашигт малтмал ашиглалтын - дугаар тусгай зөвшөөрлийн талбай бүхий 1110.49 га газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан хэсгийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-т заасны дагуу илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1, Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.15, 16.2, Соёлын өвийг хамгаалах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “******* ******* ******* *******” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Өмнөговь аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 14/05 дугаар тогтоолын “******* ******* ******* *******” ХХК-ийн ашигт малтмал ашиглалтын - дугаар тусгай зөвшөөрлийн талбай бүхий 1110.49 га газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан хэсгийг илт хууль бус болохыг тогтоосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОТГОНЦЭЦЭГ