Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 170

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Урангуа,

Улсын яллагч Д.Эрдэнэчимэг,

Шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Э.Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1705011170219 дугаартай, 1 хавтас  хэргийг 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,

Шүүгдэгч Э.Б нь “бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Б мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

            Мөрдөн байцаалтад шүүгдэгч Э.Б-ы өгсөн:

            “...2017 оны 10 сарын 06-нд шөнө би гэртээ халамцуу ирсэн. 04 цагт ах Баярсайханы хамт Эрдэнэт явах байсан. Гэрт байж байтал ах Баярсайхан ирээд утсаар гараад ир гэсэн. Би 10 минут хүлээж бай би одоохон гэтэл цуг явах хүнээ хүлээлгэсэн байгаа хурдал гэсэн. Тэгээд би гарч яваад орцны үүднээс явахаа болилоо гээд буцаад гэр рүүгээ орсон. Гэрт орсон хойно ах Баярсайхан залгаад байсан. Би утсаа аваагүй юм. Тэгтэл ах Баярсайхан миний хамтран амьдрагч эмэгтэй Тониржав руу утасдаад Батсайханыг явуулалгүй аваад үлдлээ наадхаа гаргаадах гэж ярьсан. Тэгээд тэр хоёр яриад дууссаных нь дараа би Тониржавтай маргалдсан. Тэгээд хэсэг байж байгаад унтаж амарсан. Өглөө босоод Тониржав намайг бос гэрээс яв, согтуу хөлчүү ирчихээд явах ажилдаа явсангүй гэж уурлахаар нь 2-3 удаа гуя өвдөг орчим руу өшиглөөд тэгээд би буцаад хэвтсэн. Өдөр босчихоод байж байтал Тониржав дахиад чи энэ гэрээсээ авч ирсэн ширдгээ аваад гэрийн түлхүүр үлдээгээд манайхаас яв гээд дахин хэрүүл хийгээд байхаар нь мөн хөл рүү нь 2-3 удаа өшиглөсөн. Тэгээд би гэрээсээ гарч явж эгчийндээ очсон...” гэх мэдүүлэг /хх-н 30-31, 42-43/,

 

            Мөрдөн байцаалтад хохирогч Д.Т-ын өгсөн:

            “...2017 оны 10 сарын 07-ны үүрээр 3-4 цагийн үед Батсайхан халамцуу орж ирсэн. Ингээд Эрдэнэт явах ажилтай байсан. 05 цагийн орчимд ах Баярсайхан нь утасдаад дүү Батсайханыгаа дуудсан. Тэгээд тэр хоёр утсаар яриад байсан. Би тухайн үед замдаа идэх хоол савлаад өгсөн. Батсайхан гарч явахынхаа өмнө би ахтайгаа муудалцах гээд байх шиг байна хэрвээ муудалцуул явахгүй буцаад ороод ирнэ гээд гарсан. Гарсных нь дараа би араас нь залгасан чинь би үүдэн дээр байна үүдээ гэсэн. Тэгээд орж ирээд бид хоёр муудалцаад байна явахаа болилоо гэсэн. Тэгээд байж байтал Баярсайхан утсаар дүү рүүгээ залгаад чамайг наад авгайтай чинь хамт ална шүү гэж ярьж байсан. Би нөгөө өрөөнд ороод утсаа үзтэл давар та нар гэсэн мессеж байсан. Тэгэхээр нь би уурандаа Баярсайхан руу залгаад чи юу яриад байгаа юм дүүг чинь явахгүй гэхэд би явуулах гэж байхад  хар үүрээр ирж амгалан тайван байдал алдагдууллаа гэж уурласан. Дараа нь Батсайхан ахтайгаа ярьж байхдаа миний нүүр рүү алгадсан, ууц нуруу хөл рүү 3-4 удаа өшиглөсөн. Тэгээд хэсэг байж байгаад унтсан. Тэгээд би 11 цаг гэж босоод Батсайханыг чи ер нь явбал яасан юм гэж хөөсөн. Тэгэхэд бас уурлаад миний ууц нуруу хөл гар руу өшиглөж цохиж авсан. Тэгээд миний бие нэг л эвгүй оргиод байсан. Эм ууя гээд би 5000 төгрөг өгөөд Батсайханыг эм аваад ир гээд явуулсан. Батсайхан тэр чигээрээ 2-3 цаг алга болчихоод согтуу орж ирсэн. Би эгчтэйгээ утсаар яриад байж байтал над руу дайраад 2-3 удаа өшиглөсөн, мөн хутга барьж дайрсан. Батсайхан бид хоёрын хооронд гэр бүлийн ямар нэгэн таарамжгүй харилцаа гарч байгаагүй, цагдаагийн байгууллагад хандаж байсан асуудал байхгүй. Энэ хэрэг болдог өдөр л ийм асуудал үүссэн. Би эмнэлэгээр үзүүлж явсан болон бусад зардал болох 200,000 төгрөгийг хүлээн авсан учраас надад одоо ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 14-15, 39-40/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн шинжээчийн 12729 тоот: 

1. Д.Тын биед тархи доргилт, баруун эгэмд зулгаралт, баруун бугалга, гуя, өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэх дүгнэлт /хх-н 23/,

 

Шүүгдэгч Э.Бы хувийн байдалтай холбоотой:

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 32/

- Бүрэн дунд боловсролын үнэмлэх /хх-н 33/

- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 35/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

 

Шүүгдэгч Э.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Д.Тын “...Батсайхан ахтайгаа ярьж байхдаа миний нүүр рүү алгадсан, ууц нуруу хөл рүү 3-4 удаа өшиглөсөн. Тэгээд хэсэг байж байгаад унтсан. Тэгээд би 11 цаг гэж босоод Батсайханыг чи ер нь явбал яасан юм гэж хөөсөн. Тэгээд бас уурлаад миний ууц нуруу хөл гар руу өшиглөж цохиж авсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн шинжээчийн 12729 тоот дүгнэлт, шүүгдэгч Э.Б мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Э.Бд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Э.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

            Хохирогч Д.Т нь “..Би эмнэлэгээр үзүүлж явсан болон бусад зардал болох 200,000 төгрөгийг хүлээн авсан учраас надад одоо ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй /хх-н 14-15, 39-40/ гэх тул шүүгдэгч Э.Б нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.   

Шүүхээс шүүгдэгч Э.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Дээрх ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хор уршигийн хэмжээ, шүүгдэгч Э.Бы хувийн байдал зэргийг харгалзан үзэж түүнд 480 /дөрвөн зуун наян/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480,000 төгрөгөөр торгох ял оногдуулж уг ялыг биелүүлэх хугацааг 02 /хоёр/ сараар тогтоож шийдвэрлэлээ.

 

                        Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй,  шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав. 

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Э.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Б-ыг 480 /дөрвөн зуун наян/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480.000 /дөрвөн зуун наян мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Э.Б-ы торгох ялыг биелүүлэх хугацааг 02 /хоёр/ сараар тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар авагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Б-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ц.МӨНХ-ЭРДЭНЭ