Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 120/ШШ2025/0004

 

                     

                                          

 

 

 

2025 оны 02 сарын 17-ны өдөр                   Дугаар 120/ШШ2025/0004                       Даланзадгад сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ч.Баярмаа даргалж, шүүгч С.Отгонцэцэг, шүүгч М.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: “*******” ХХК,

Хариуцагч: ******* аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Улсын байцаагч

Гомдлын шаардлага: “******* аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын улсын байцаагч Т.*******ийн 2024 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн өмгөөлөгч М.Мөнгөнхүү, хариуцагчийн өмгөөлөгч Г.Дашдэмбэрэл, иргэдийн төлөөлөгч Д., шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Хулан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гомдлын шаардлага:

Гомдол гаргагч “*******” ХХК-иас “******* аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын улсын байцаагч Т.*******ийн 2024 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар гомдол гаргасан.

2. Хэргийн үйл баримт, процессын талаар

2.1 “*******” ХХК нь ******* аймгийн сумын ******* нэртэй газарт орших 2671.32 гектар талбайг хамарсан *******-******* дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг.

2.2 Иргэн Д.******* нь 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Экологийн цагдаагийн албанд “...“*******” ХХК нь өнөөдрийг хүртэл Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ батлуулсан эсэх нь тодорхойгүй, байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулсан эсэх талаар мэдээлэлгүй байна. ...Зөрчлийн тухай хуульд заасны дагуу “*******” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоож, хуульд заасан хариуцлагыг хүлээлгэж өгөхийг хүсье” гэх гомдол гаргасан байна.

2.3 Зөрчлийн хэрэг бүртгэх тасгийн даргын 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Удирдах албан тушаалтны тогтоолоор “*******” ХХК нь байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэлгүйгээр үйл ажиллагаа явуулсан” гэх зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг шалгуулахаар ******* аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагчид харьяаллын дагуу шилжүүлжээ.

2.4 Ийнхүү ******* аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Т.******* нь харьяаллын дагуу шилжүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авч, 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 2422000257 дугаартай зөрчлийн хэрэг нээн, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.

2.5 Улмаар хариуцагч нь 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр “*******” ХХК-ийг Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэхгүй үйл ажиллагаа явуулсан гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.

2.6 “*******” ХХК нь 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдөр ******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан байна.

2.7 ******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 117/ШШ2024/0004 дугаар шийдвэрээр гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, уг шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 221/МА2024/0687 дугаар магадлалаар дээрх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан.

Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 001/ШХТ2024/0448 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсан.

2.8  ******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 117/ЕШ2025/0001 дугаар захирамжаар уг хэргийг Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлж, тус шүүх 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авсан.

 

3. Гомдол гаргагч “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.******* шүүхэд гаргасан гомдолдоо: “...Манай компанийг ******* аймаг, сум, ******* нэртэй MV-******* тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэлгүйгээр үйл ажиллагаа явуулсан зөрчилд гурван сая төгрөгийн торгуулийг ******* тоот шийтгэлийн хуудсаар оногдуулсан нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулж Монгол улсын Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан заалтыг буруу тайлбарласан хууль бус шийтгэл ногдуулсан гэж үзэж байна.

1. Монгол улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас ******* аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газарт 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 12/2845 дугаар албан бичгээр “ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаанд байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийлгэх чиглэл тусгагдаагүй” гэсэн тайлбарыг өгсөн.

2. Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1. тусгай зөвшөөрөл авснаас хойш 30 хоногийн дотор байгаль орчны хяналтын алба болон хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргатай зөвшилцөн байгаль хамгаалах төлөвлөгөө боловсруулах, 38.1.3. энэ хуулийн 38.1.1-д заасан төлөвлөгөөг тухайн хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргад хүргүүлж батлуулах: 38.1.4 энэ хуулийн 38.1.3-т заасны дагуу батлагдсан байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хувийг хайгуулын талбай байршиж байгаа орон нутгийн байгаль орчны хяналтын албанд хүргүүлэх гэж заасны дагуу манай компани сумын Засаг даргатай зөвшилцөн, Байгаль хамгаалах төлөвлөгөөг боловсруулан батлуулж, байгаль орчны хяналтын албанд хувийг хүргүүлэн ажиллаж ирсэн.

3. Улсын байцаагч Шийтгэлийн хуудасны олсон нь: хэсэгтээ “*******” ХХК нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэхгүй үйл ажиллагаа явуулсан нь Холбогдогчийн мэдүүлэг, “ ” ХХК-ийн албан бичгээр нотлогдож байна гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Манай компани “ ” ХХК-тай ирээдүйд болох үйл ажиллагаа болох байгаль орчны төлөв байдлын үнэлгээг хийлгэх талаар урьдчилсан гэрээ хийсэн бөгөөд бид “ ” ХХК-аас зөвлөгөө авч ажиллаж байсан ба байгаль орчны үнэлгээ хийлгэхээр бол танай компаниар хийлгэнэ гэж тохирон урьдчилсан байдлаар гэрээ хийсэн. Байгаль орчны төлөв байдлын үнэлгээг хийж эхлэх хугацааг тохироогүй гэрээ болон 2 компанийн хооронд харилцсан албан бичгийг Шийтгэлийн хуудасныхаа үндэслэл болгож байгааг хууль зүйн үндэслэлгүй.

4. Шийтгэлийн хуудсанд мөн холбогдогчийн мэдүүлгээр хайгуулын ажиллагаа хийгдсэн нь нотлогдож байна гэж үзсэн нь ашигт малтмал эрэх, хайх үйл ажиллагааг, хайгуулын ажлын үр дүнгээр илрүүлсэн орд ашиглах төслийн үйл ажиллагаа гэж тодорхойлсон нь үндэслэлгүй бөгөөд манай компани 2022, 2023 онуудад ашигт малтмал эрэх, хайх ажиллагаа хийхээр тусгай зөвшөөрөл бүхий талбайд очиход нутгийн зарим иргэдийн хууль бус, үндэслэлгүй эсэргүүцэлтэй тулгарч ашигт малтмал хайх ажиллагаагаа 2 жил дараалан зогссон, компанийн үйл ажиллагааг хууль бусаар зогсоосон нэр бүхий иргэдээс ашигт малтмал эрэх, хайх хайгуулын ажиллагааг явуулахад гаргасан зардлаа нэхэмжилсэн, нэхэмжлэлийг ******* аймгийн сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан бөгөөд шүүхээс иргэний хэрэг үүсгэн хянан шалгах ажиллагаа хийгдэж байгаа.

Иймд ******* аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Улсын байцаагч Т.*******ийн 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн ******* дугаартай Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Мөнгөнхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...******* аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Улсын байцаагч Т.******* нь "*******" ХХК-ийг 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр ******* дугаартай Шийтгэлийн хуудсаар 3 000 000 төгрөгөөр торгосон.

Байгаль орчинд нөлөөлөх байдлын тухай хууль болон бусад хууль тогтоомжуудаар ердийн ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа тохиолдолд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэхгүйгээр үйл ажиллагаа явуулж болно гэсэн хуулийн зохицуулалттай.

Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2019 оны А/618 дугаар тушаалаар батлагдсан журмын дагуу “*******” ХХК байгаль орчныг хамгаалах болон менежментийн төлөвлөгөөгөө боловсруулан ******* аймгийн сумын Засаг дарга болон байгаль орчны Улсын байцаагчаар хянуулж төлөвлөгөөнийхөө нэг хувийг нь ******* аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт хадгалуулаад хайгуулын үйл ажиллагаа явуулж байсан.

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт  “төсөл” гэдэг нь шинээр байгуулах болон ажиллаж байгаа үйлдвэр, үйлчилгээ, уул уурхай, барилга байгууламж тэдгээрийн шинэчлэлийг өргөтгөх зэрэг аливаа үйл ажиллагааг төсөл гэнэ. Энэ төслийг хэрэгжүүлж байгаа иргэн, аж ахуйн нэгж нь байгаль орчны төлөв байдлын үнэлгээ хийлгэнэ гээд заасан.

Байгаль орчны нөлөөллийн төлөв байдлын үнэлгээ гэдэг нь хайх ажиллагаа нь тодорхой болоод хэдэн метрийн гүнээс ямар ердийн ашигт малтмал гаргах юм, ямар сөрөг нөлөөтэй юм гэдгийг тодорхойлсны дараа хийгдэх үнэлгээ юм.

Хайгуулын үйл ажиллагааны явцад Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээг хийлгэх шаардлагагүй.

 Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас ******* аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газарт ердийн ашигт малтмал хайж байгаа аж ахуйн нэгж байгууллага зөвхөн менежментийн төлөвлөгөө хийлгээд, үүнийгээ батлуулаад хайгуулын үйл ажиллагаагаа явуулж болно гэдгийг 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн албан бичгээр мэдэгдсэн байдаг.

Тиймээс “*******” ХХК Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т  зааснаар төлөв байдлын үнэлгээ хийлгэх шаардлагагүй. Яагаад гэвэл төлөв байдлын үнэлгээ хийлгэх гэж байгаа аж ахуйн нэгж нь төслөө боловсруулсан байх ёстой. Төсөл гэдгийг хуульд нарийвчлан зааж өгсөн. Тэгэхээр “*******” ХХК уул уурхай, үйлдвэр, барилга байгууламжийн үйл ажиллагаа явуулаагүй.

Тухайн газар нутгийн хөрсөнд ямар ашигт малтмал байгааг тогтоох зорилготой үйл ажиллагаа явуулж байсан. Уг ажиллагааг хийх явцад байгаль орчны ерөнхий үнэлгээ болон нарийвчилсан үнэлгээг хийх шаардлагагүй.

Зөвхөн газрын тос, цацраг идэвхт бодис хайж байгаа тохиолдолд байгаль орчны нөлөөллийн ерөнхий болон нарийвчилсан үнэлгээг хийлгэнэ гээд хуульчилж өгсөн. Тиймээс Байгаль орчин аялал жуулчлалын газрын хяналтын Улсын байцаагч Т.******* байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүй гэж торгууль ноогдуулсан нь үндэслэлгүй...” гэв.

 

5. Хариуцагч ******* аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Т.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 12/2845 тоот албан бичиг нь зөвхөн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн нөлөөллийн үнэлгээний хэсэгт хамаарах байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийлгэх чиглэл тусгагдаагүй гэсэн тайлбарыг өгсөн. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ гэдэгт байгаль орчны стратегийн үнэлгээ, байгаль орчны төлөв байдлын үнэлгээ, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, хуримтлагдах нөлөөллийн үнэлгээ гэсэн 4 үнэлгээ хамаарч байх бөгөөд 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дахь хэсэгт төсөл хэрэгжүүлэгч нь байгаль орчны төлөв байдлын үнэлгээг хийлгэж болзошгүй нөлөөллийг судалсан байна. Төлөв байдлын үнэлгээг төсөл хэрэгжүүлэгч нь эрх бүхий мэргэжлийн байгууллага болон судалгаа, шинжилгээний байгууллагын оролцоотойгоор хийлгэх бөгөөд шаардлагатай тохиолдолд байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хандан чиглэл гаргуулна гэж заасан.

Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 38.1.5, 38.1.6, 38.1.8-д заасан шаардлагыг “*******” ХХК нь биелүүлээгүйгээс нутгийн иргэд тус компанийг байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээтэй эсэхийг шалгуулах гомдол гаргасан.

******* аймгийн сумын иргэдээс Экологийн цагдаагийн албанд 2024 оны 04 дүгээр сарын 18-ний өдөр гомдол гаргасан бөгөөд “*******” ХХК нь “ ” ХХК-д 2024 оны 04 дүгээр сарын 02-ний өдрийн 19/24 тоот албан бичгээр ******* аймгийн сумын ******* нэртэй 2671.32 га талбайд ашигт малтмал хайх төсөлд Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэхээр хүсэлт хүргүүлсэн бөгөөд байгаль орчны үнэлгээний мэргэжлийн байгууллага “ ” ХХК-аас Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг байгалийн нөөц ашиглах шатанд Төрийн захиргааны төв байгууллага буюу Байгаль орчин, аялал жуулчлалын яам хийхээр тусгасан. Харин байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг тус хуулийн 7.3-д зааснаар баталгаажсан техник-эдийн засгийн үндэслэлд үндэслэн 8.2-д байгаль орчны үнэлгээний мэргэжлийн байгууллагаар хийлгэхээр заасан байдаг. Иймд 20094Х хайгуулын тусгай зөвшөөрөлтэй энэхүү талбайд Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 3.1.4-д заасны дагуу Байгаль орчны төлөв байдлын үнэлгээг ажил гүйцэтгэх Р2-0-2024/01 тоот гэрээний дагуу эхэлсэн талаар мэдэгдэж харин байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг Техник эдийн засгийн үндэслэл батлагдах үед дахин хандаж үнийн санал авч хамтран ажиллахыг хүссэн байгаа нь “*******” ХХК-ийн нэхэмжлэлд дурдсан ирээдүйд болох үйл ажиллагаа биш болох нь тогтоогдож байна.

2422000257 дугаартай зөрчлийн хэрэгт холбогдогч “*******” ХХК-ийн захирал Г.*******аас 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр ******* аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын өөрийн ажлын өрөөнд холбогдогчийн мэдүүлэг авсан бөгөөд тус мэдүүлэгт Г.******* нь 2021 онд 260м.куб суваг малтаж булсан, 5 ширхэг ховилон дээж авсан, 1 ширхэг дээж лабораторид өгсөн, 30 хоног суурин боловсруулалтын ажил хийсэн. 2022 онд 39 тууш км эрлийн маршрутын ажил хийсэн. 2023 онд 100 тууш метр эрлийн маршрут хийсэн, 23 ширхэг сорьцлолт авч 19 дээжийг лабораторид өгсөн. Археологи, палеонтологийн судалгаа хийсэн гэж мэдүүлэг өгсөн бөгөөд улсын байцаагч миний бие ******* дугаартай шийтгэлийн хуудсанд хайгуулын ажиллагаа хийгдсэн гэсэн үг, өгүүлбэр бичээгүй бөгөөд “*******” ХХК нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэхгүй үйл ажиллагаа явуулсан гэж бичсэн нь 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсаар нотлогдож байна.

Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ” 2. “Хүн, хуулийн этгээд нь хууль, захиргааны хэм хэмжээний актыг биелүүлэх боломжтой байсан боловч түүнийг биелүүлэх зохих арга хэмжээг хэрэгжүүлээгүй бол зөрчил үйлдсэнд тооцно” гэж заасны дагуу зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шударга ёсыг тогтоох шийтгэлийн зорилгод нийцсэн гэж үзэж байна” гэжээ.

 

6. Хариуцагчийн өмгөөлөгч Г.Дашдэмбэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэлийн хуудасны үндэслэлийг холбогдогч “*******” ХХК-ийн захирал Г.*******ын мэдүүлэг мөн “ ” ХХК-тай байгуулсан гэрээ зэргийг үндэслэж Зөрчлийн тухай хуулийн 7.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзэж шийтгэл оногдуулсан. 

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т заасан төлөв байдлын үнэлгээ гэдэг агуулгыг Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан зохицуулалтаар төсөл хэрэгжүүлэгч буюу “*******” ХХК нь энэ хуулийн 3.1.4-д заасан үнэлгээг хийлгэж, болзошгүй нөлөөллийн үнэлгээг судалсан байна гэдэг агуулгыг зөрчсөн нь тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т заасан төлөв байдлын үнэлгээ хийлгээгүй гэдэгтэй нийцэж байгаа.

Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ, байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө хоёр өөр ойлголтууд байна. Нэг нь Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулагддаг, нэг нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулиар зохицуулагддаг. Тэгэхээр байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөгөө хийлгэсэнтэй холбогдуулаад мөн менежментийн төлөвлөгөө гэдэг ойлголттой зэрэгцүүлж үзэх боломжгүй гэдгийг мэтгэлцээний явцад тодорхой дурдсан.

 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Байгаль орчин аялал жуулчлалын яамны 618 тоот тушаалыг үндэслэж, менежментийн төлөвлөгөө гэдэг агуулгыг хэлээд байгаа юм.

 Гэтэл байгаль орчны төлөв байдлын үнэлгээтэй холбоотой асуудлыг Засгийн газрын 2013 оны 374 тогтоолоор болон 2023 оны 58 дугаар тоо тогтоолоор илүү тодорхой журамлаж өгсөн.

Гомдол гаргагчийн зөрчлийн хэрэг үүсгэсэн асуудал нь гүйцэтгэх захирал Г.*******ын мэдүүлэг болон бусад хэргийн материалд авагдсан баримтуудаар тодорхой нотлогдож байна гэж үзэж байна.

Энэ асуудлыг давж заалдах шатны шүүх хуралдаанд юу гэж тогтоосон бэ гэхээр Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн холбогдох заалтуудыг баримталсан нь зөв байна. Мөн хамгийн гол тодорхойлсон асуудал нь байгаль орчны төлөв байдлын үнэлгээг хийлгэсний үндсэн дээр Ашигт малтмалын тухай хуульд заасан байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө гарахаар байна гэж тогтоосон.

Үүнээс үзэхэд нэхэмжлэгч байгууллагын гаргасан гомдол үндэслэлгүй болох нь тогтоогдож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

7. Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүй үйл ажиллагаа явуулсан “*******” ХХК-ийн буруу гэж үзэж байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх гомдол түүний үндэслэл, хэрэгт цугларсан нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2.  Гомдол гаргагч шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч, маргаж байгаа үндэслэлээ “...улсын байцаагч Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан заалтыг буруу тайлбарлан, хууль бус шийтгэл ногдуулсан, манай компани хуульд заасан “төсөл” хэрэгжүүлэгч биш, ердийн ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа явуулахад байгаль орчныг хамгаалах болон байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулан батлуулна, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэх шаардлагагүй...” гэж тодорхойлсон.

3. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “төсөл” гэж шинээр байгуулах болон ажиллаж байгаа үйлдвэр, үйлчилгээ, уул уурхай, барилга байгууламж, тэдгээрийг шинэчлэх, өргөтгөх зэрэг аливаа үйл ажиллагааг” ойлгохоор, 7 дугаар зүйлийн 7.2-т “Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг байгалийн нөөцийг ашиглах, газрын тос болон ашигт малтмал хайх, ашиглах, аж ахуйн зориулалтаар газар эзэмших, ашиглах эрх авах болон төсөл хэрэгжүүлэхээс өмнө хийнэ.” гэж хуульчилсан тул ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд нь энэ хуулийн үйлчлэлд хамаарах төсөл хэрэгжүүлэгч байх тул гомдол гаргагчийн “...төсөл хэрэгжүүлэгч биш...” гэх маргаан үндэслэлгүй.

4. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “байгаль орчны төлөв байдлын үнэлгээ" гэж аливаа төслийн техник, эдийн засгийн төлөвлөлтийн баримт бичиг, зураг төсөл, улсын болон нутаг, салбарын хэмжээнд хэрэгжүүлэх хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулах явцад тэдгээрийг хэрэгжүүлэх нутаг дэвсгэрийн байгаль орчны төлөв байдлыг судлан тогтоож цаашид төсөл, хөтөлбөр, төлөвлөгөө, бодлого боловсруулахад анхаарах байгалийн нөхцөл, орчны онцлогийг тодорхойлохыг”,  6 дугаар зүйлийн 6.1-д “Төсөл хэрэгжүүлэгч нь энэ хуулийн 3.1.4-д заасан үнэлгээг хийлгэж, болзошгүй нөлөөллийг судалсан байна”, 6.2-д “Төлөв байдлын үнэлгээг төсөл хэрэгжүүлэгч нь эрх бүхий мэргэжлийн байгууллага болон судалгаа, шинжилгээний байгууллагын оролцоотойгоор хийлгэх бөгөөд шаардлагатай тохиолдолд байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хандан чиглэл гаргуулна”, 7.3-д “Төсөл хэрэгжүүлэгч нь холбогдох эрх бүхий байгууллагаар баталгаажсан техник-эдийн засгийн үндэслэл, зураг төсөл, төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн байгаль орчны өнөөгийн төлөв байдлын тодорхойлолт, тухайн сум, дүүргийн Засаг даргын санал болон холбогдох бусад баримт бичгийг бүрдүүлэн энэ хуулийн хавсралтад заасан ангиллын дагуу байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эсхүл байгаль орчны албанд байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийлгэнэ.” гэж зохицуулсан.

4.1. Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзвэл аливаа төсөл хэрэгжүүлэгч нь тодорхой төслийг хэрэгжүүлэх явцад байгаль орчинд учруулж болзошгүй сөрөг нөлөөлөл, үр дагаврыг урьдчилан тодорхойлж, түүнийг бууруулах, арилгах арга хэмжээ тогтоох зорилгоор байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хийлгэсний үндсэн дээр  үйл ажиллагаа явуулах эрх үүсэхээр байна.

  5. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө нь байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний салшгүй бүрэлдэхүүн хэсэг байна.”, 9.6-д “Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөнд байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээр тогтоосон сөрөг нөлөөллийг багасгах, арилгах арга хэмжээ, дүйцүүлэн хамгаалал хийх, тэдгээрийг хэрэгжүүлэх хугацаа, шаардагдах хөрөнгө зардлыг тусгасан байна.” гэж зааснаар төсөл хэрэгжүүлэгч нь байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэсний үндсэн дээр байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулахаар байна.

5.1. Улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасан “...байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэхгүйгээр...үйл ажиллагаа явуулсан бол...” гэх зөрчилд тооцогдох үйлдэлд шийтгэл оногдуулсан тул энэ маргаанд байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулж, батлуулсан эсэх нь хамааралгүй.

5.2. Иймд гомдол гаргагчийн зөвхөн “байгаль орчны менежментийн төлөвлөгөө” гаргаж батлуулснаар ашигт малтмал хайх эрх үүснэ, “үнэлгээ” гаргуулахаар заагаагүй гэх тайлбар үндэслэлгүй.

5.3. Харин иргэдийн төлөөлөгчийн “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүй үйл ажиллагаа явуулсан “*******” ХХК-ийн буруу...” гэх агуулга бүхий дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно. 

6. Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэхгүйгээр, эсхүл зохих байгууллагын шийдвэр гаргуулахгүйгээр үйл ажиллагаа явуулсан бол хууль бус үйл ажиллагааг зогсоож, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заасан бөгөөд гомдол гаргасан хуулийн этгээд нь байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэхгүйгээр хийлгэлгүйгээр ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа явуулсан зөрчил үйлдсэн болох нь сумын Засаг дарга 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 01/48 дугаар албан бичгээр ирүүлсэн “...төлөв байдлын үнэлгээ хийгдээгүй бөгөөд хийгдсэн эсэх талаар нотлох баримт байхгүй ...тус төлөвлөгөөг баталгаажуулахдаа байгаль орчинд ямар нөлөөлөл үзүүлэх, түүнийг хэрхэн сэргээхээр төлөвлөснийг сумын байгаль орчны мэргэжилтэн, Засаг дарга нар хянаагүй...” гэх тайлбар, "*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.*******ын “...манай компани жоншны илрэлийг тогтоох чиглэлээр ...одоог хүртэл 9 дэх жилдээ хайгуул, судалгааны ажил хийж байна...” Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулах, хяналт тавих, тайлагнах журам”-ын ...дагуу Байгаль хамгаалах төлөвлөгөөг сумын Засаг дарга, Байгаль орчны ажилтнаар батлуулж Байгаль орчин, аялал жуулчлалын газарт хадгалуулсан. ...уг үнэлгээг хайгуулын шатанд хийх шаардлагагүй...” гэх тайлбар зэргээр тогтоогдож байх тул  маргаж буй шийтгэлийн хуудас үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1, Байгаль орчинд нөлөөлөх байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 6 дугаар зүйлийн 6.1, 7 дугаар зүйлийн 7.2, 7.3  дахь хэсэгт  заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “*******” ХХК-ийн “******* аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Улсын байцаагч Т.*******ийн 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар “*******” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                             Ч.БАЯРМАА

   ШҮҮГЧ                                С.ОТГОНЦЭЦЭГ

                                                   ШҮҮГЧ                               М.ЦЭЦЭГМАА