Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 183

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Урангуа,

Улсын яллагч А.Баясгалан,

Шүүгдэгч В.Н нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн В.Н холбогдох 1805000860213 дугаартай, эрүүгийн 1 хавтаст хэргийг 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч В.Н нь “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч В.Н мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх шаардлагагүй...” гэв.

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч, хохирогч болон гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

            Мөрдөн байцаалтад шүүгдэгч В.Нийн өгсөн:

“...Би 2017 оны 12 сарын 24-25-нд шилжих шөнө манай байгууллагын шинэ жилийн баярын үйл ажиллагаа болсоны дараа тэндээс гарч ажлын газрын хүмүүстэйгээ караокед орж дуулна гэж цуг яваад Баянгол дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дөрвөн нуур” караокед орохоор болж цуг гарсан. Тэрнээс хойш юу болсон талаар сайн санахгүй байна. Тэгээд өглөө цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх байранд сэрсэн. Би Алтанзулд учирсан бодит хохирлыг заавал төлнө. Зүйл ангийг хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг /хх-н 34-35/,

 

            Мөрдөн байцаалтад хохирогч Б.Аын өгсөн:

            “...Би 2017 оны 12 сарын 24-25-нд шилжих шөнө 01 цагийн орчимд 6-7 үл таних залуу гаднаас манай караокед үйлчлүүлэхээр орж ирсэн. Тэгээд 4 номерын өрөөнд орж суугаад 10 ширхэг пиво захиалсан, удаагүй байтал өрөөндөө тэдгээр хүмүүс зодолдож байсныг би мэдээгүй. Гаднаас цуг явж байсан 2 үл таних залуу орж ирчихээд 4 номерын өрөөний хаалгыг ширүүн цохиод байхаар нь очиход өрөөний хаалгыг түгжчихсэн байсан. Тэгээд гаднаас орж ирсэн 2 хүн өрөөний хаалгыг тогшсоор байгаад онгойлгохоор орж харахад хоорондоо зодолдчихсон байсан. Ширээн дээр байсан пивонууд унаж асгарахаар нь караокены эзэн Бямбасүрэнтэй бид хоёр орж ширээг түлхэж буланд шахаж тавьсан. Газарт тасарчихсан хэвтэж байсан хүн нь бөөлжихөөр нь Бямбасүрэн бөөлжис цэвэрлэхээр шүүр болон тосгууранд явж би ширээгээ цэвэрлэх гэж алчуур авчирхаар гарч яваад эргэж орж ирээд Бямбасүрэн бөөлжисийг тосгууран дээр хамж аваад гарч явсны дараа ширээгээ арчиж байх үед үл таних залуу намайг хэл амаар доромжилхоор нь та намайг хэлээд байгаа юм уу гэж асуухад та нар шиг ийм янханууд л ийм газар ажилладаг юм, чамайг би монгол улсын нэрийн өмнөөс янханаар тунхаглаж байна гэж хэлэхээр нь түүний хажууд зогсож байсан эрүүл настайвтар эрэгтэй хүнд та энэ хүмүүсээ аваад манай караокенаас гар, манай караоке та нарт үйлчлэхгүй гэж хэлэхэд тэр ах хүмүүс тасарчихсан байна одоо би аваад гарлаа гэж хэлсэн. Тэр хооронд намайг доромжилж байсан эрэгтэй гадуур хувцсаа хагас өмсөж байхдаа надруу ойртож чи угаасаа янхан гэж хэлээд мөргөчихсөн.

Миний хамар хугарч баруун тал нь цөмөрч таславч гэмтсэн, Баруун гарны савхан яс хугарсан. Миний нүүрлүү мөргөсөн, Надруу дайрч байхад нь би баруун гараараа хааж байхад эдгээр гэмтлүүдийг авсан. Одоо миний биеийн байдал сайн байгаа. Би өөрийн сайн дураар В.Нтэй эвлэрсэн учраас надад өөр нэхэмжлэх ямар нэгэн зүйл болон гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 8-12/,

 

Мөрдөн байцаалтад гэрч О.Бямбасүрэнгийн өгсөн:

  “...Би 2017 оны 12 сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Баянгол дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дөрвөн нуур” караокед өөрийн бармены хамт үйл ажиллагаагаа явуулж байхад гаднаас нилээн согтолттой 4 хүн, эрүүл 1 хүн нийт 5 хүн манай караокед үйлчлүүлэхээр орж ирсэн. Тухайн үед эрүүл хүн нь надтай ирж уулзахдаа 15-20 хүн байгаа танай караокены хамгийн том өрөө аль нь вэ гэж хэлээд тэр орж ирсэн 5 хүн өрөөнд орсон. Өрөөнд ороод 10 шил пиво захиалчихаад өрөөнд байсан 5 хүнээс 2 залуу нь үлдсэн хүмүүсээ оруулж ирнэ гээд гарч явсан. Тэгээд үлдсэн 3 залуу өрөөнд орилолдож хоорондоо маргалдаж эхлэхээр нь өрөөнд ороход ширээн дээгүүр пиво асгачихсан зодолдсон байдалтай байхаар нь би та нар юу болоод байгаа юм бэ, би та нараас согтуу хүмүүст үйлчлэхгүй гэж хэлээд барменаа дуудаж 5 шилтэй пиво хураалгачихаад бармендаа чи ширээг нь арчиж, цэвэрлэ гэж хэлэхэд миний хажууд өндөр настайвартар хүн шалан дээгүүр бөөлжиж эхэлсэн тэр үед би бөөлжисийг цэвэрлэхээр өрөөнөөс гарж тосгуур болон шүүрийг авчирсан. Тэр үед эрүүл намхан, настайвтар хүн хоорондоо зодолдож байсан 2 залууг салгаж байсан. Тухайн үед би бөөлжисийг цэвэрлэхээр угаалгын өрөөнд байж байхад манай бармен Алтанзул нүүрлүү мөргөчихлөө энэ залуу гэж орилсон. Орилохоор нь би өрөөнд явж ороход нүүрээ дарчихсан зогсож байхад тэр залуу миний хажуугаар гараад явах гэхэд нь би араас нь тэр залууг караокены коридорт барьж аваад чи яаж байгаа юм бэ гэж асуухад тэр залуу дуугарахгүй зугтах гээд байсан. Тэр үед хажуу талын өрөөнд үйлчлүүлж байсан 2 эмэгтэй ирж яасан бэ эгчээ гэж асуухаар нь болсон явдлыг хэлээд энэ эрэгтэйг барьж байгаач гэж хэлээд цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх-н 16-18/,

 

Мөрдөн байцаалтад гэрч С.Батсүхийн өгсөн:

“...Би 2017 оны 12 сарын 24-ний шөнө 02 цагийн орчимд Тэнгисийн зүүн талын Ноlidау гэдэг газар шинэ жилээ тэмдэглээд тэндээсээ гараад 40-96 УНК улсын дугаартай миний эзэмшлийн машиныг би дуудлагын жолооч дуудаж бариулаад бид нар тэндээс хөдөлж явахад миний машинд Доржоо, Нямдэлэг, Нараа, Мөнхтүвшин нар сууж байсан. Бид нар тэндээсээ Баянгол дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Дөрвөн нуур караокены гадаа очоод би машинаа түгжчихээд араас нь караокед явж ороход Нямдэлэг караокены үүдний зүүн талд газар суучихсан бөөлжиж байсан. Караокены үйлчлэгч эмэгтэй Нарангэрэл, Нямдэлэг хоёрыг загнаж байхад нь би ах нь одоо цэвэрлээд өгье чи надаа алчуур өгчих гэхэд юм дуугарахгүй Нарангэрэлийг үргэлжлүүлээд загнаад байсан. Тэр үед Нарангэрэлийн утас дугарч байсан Нарангэрэл халаасаа ухаж байхад халааснаас нь нэг зүйл газарт унахад Нарангэрэл унасан эд зүйлийг авахдаа караокены зөөгч эмэгтэйг мөргөчихсөн...” гэх мэдүүлэг /хх-н 21-25/,

 

Мөрдөн байцаалтад шинжээч Ц.Бадралын өгсөн:

“...Шивнүүр ясны хугарал нь дангаараа эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах учир гэмтлийн зэргийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Шивнүүр ясны бусад гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Уг гэмтэл нь түлхэх үед үүсэх боломжгүй цохих болон цохигдох үед үүсэх боломжтой. Тэгэхдээ тухайн хэсэг газарт хатуу мохоо зүйлээр цохисон үед үүснэ...” гэх мэдүүлэг /хх-н 32-33/,

 

     Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн шинжээчийн 594 тоот: 

     1.2. Б.Аын биед баруун сарвууны 5-р хурууны алганы шивнүүрийн ясны зөрөө багатай далд хугарал, хамрын ясны далд хугарал, таславчийн мурийлт, тархи доргилт, хамар, баруун нүдний зовхи, баруун сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

     3. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

     4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

     5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

     6. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ гэх дүгнэлт /хх-н 31/,

                  Хохирол төлсөн баримт /хх-н 67/,

Шүүгдэгч В.Нийн хувийн байдалтай холбоотой:

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 45/,

- Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 46/,

- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 44/,

- Эд хөрөнгөтэй эсэх хураангүй лавлагаа /хх-н 47/,

- Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-н 48/,

-Суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх-н 49-50/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

 

В.Нд холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, прокуророос В.Нд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасан шаардлагад нийцсэн байх тул шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч В.Н нь хохирогч Б.Аын биед баруун сарвууны 5-р хурууны алганы шивнүүрийн ясны зөрөө багатай далд хугарал, хамрын ясны далд хугарал, таславчийн мурийлт, тархи доргилт, хамар, баруун нүдний зовхи, баруун сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь мөрдөн байцаалтад хохирогч Б.Аын өгсөн:

          “...Газарт тасарчихсан хэвтэж байсан хүн нь бөөлжихөөр нь Бямбасүрэн бөөлжис цэвэрлэхээр шүүр болон тосгууранд явж би ширээгээ цэвэрлэх гэж алчуур авчирхаар гарч яваад эргэж орж ирээд Бямбасүрэн бөөлжисийг тосгууран дээр хамж аваад гарч явсны дараа ширээгээ арчиж байх үед үл таних залуу намайг хэл амаар доромжилхоор нь та намайг хэлээд байгаа юм уу гэж асуухад та нар шиг ийм янханууд л ийм газар ажилладаг юм, чамайг би монгол улсын нэрийн өмнөөс янханаар тунхаглаж байна гэж хэлэхээр нь түүний хажууд зогсож байсан эрүүл настайвтар эрэгтэй хүнд та энэ хүмүүсээ аваад манай караокенаас гар, манай караоке та нарт үйлчлэхгүй гэж хэлэхэд тэр ах хүмүүс тасарчихсан байна одоо би аваад гарлаа гэж хэлсэн. Тэр хооронд намайг доромжилж байсан эрэгтэй гадуур хувцсаа хагас өмсөж байхдаа надруу ойртож чи угаасаа янхан гэж хэлээд мөргөчихсөн.

Миний хамар хугарч баруун тал нь цөмөрч таславч гэмтсэн, Баруун гарны савхан яс хугарсан. Миний нүүрлүү мөргөсөн, Надруу дайрч байхад нь би баруун гараараа хааж байхад эдгээр гэмтлүүдийг авсан. Одоо миний биеийн байдал сайн байгаа. Би өөрийн сайн дураар В.Нтэй эвлэрсэн учраас надад өөр нэхэмжлэх ямар нэгэн зүйл болон гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 8-12/,

Мөрдөн байцаалтад гэрч О.Бямбасүрэнгийн өгсөн:

  “... Тухайн үед би бөөлжисийг цэвэрлэхээр угаалгын өрөөнд байж байхад манай бармен Алтанзул нүүрлүү мөргөчихлөө энэ залуу гэж орилсон. Орилохоор нь би өрөөнд явж ороход нүүрээ дарчихсан зогсож байхад тэр залуу миний хажуугаар гараад явах гэхэд нь би араас нь тэр залууг караокены коридорт барьж аваад чи яаж байгаа юм бэ гэж асуухад тэр залуу дуугарахгүй зугтах гээд байсан. Тэр үед хажуу талын өрөөнд үйлчлүүлж байсан 2 эмэгтэй ирж яасан бэ эгчээ гэж асуухаар нь болсон явдлыг хэлээд энэ эрэгтэйг барьж байгаач гэж хэлээд цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх-н 16-18/,

шинжээч Ц.Бадрал “...Шивнүүр ясны хугарал нь дангаараа эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах учир гэмтлийн зэргийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Шивнүүр ясны бусад гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Уг гэмтэл нь түлхэх үед үүсэх боломжгүй цохих болон цохигдох үед үүсэх боломжтой. Тэгэхдээ тухайн хэсэг газарт хатуу мохоо зүйлээр цохисон үед үүснэ...” гэх мэдүүлэг /хх-н 32-33/ мэдүүлэг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн шинжээчийн 594 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хохирогч Б.А нь “... гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй ...” /хх-н 12/ гэх мэдүүлэг, БГД-н хяналтын прокурор А.Баясгаланд гаргасан хохирогчийн хүсэлт /хх-н 69/ зэргээр В.Н нь бусдад төлбөргүй гэж үзэхээр байна.

 

Шүүгдэгч В.Н нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч В.Нд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасан прокурорын саналыг харгалзан 450,000 төгрөгийн торгуулийн ял оногдуулж, хувийн байдлыг харгалзан торгох ял биелүүлэх хугацааг 01 /нэг/ сараар тогтоож шийдвэрлэлээ.

 

            Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй зэргийг дурдах нь зүйтэй.

зЭрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч В.Н хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар В.Н-д 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар В.Н-ийн торгох ялыг биелүүлэх хугацааг 01 /нэг/ сараар тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол В.Н-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Ц.МӨНХ-ЭРДЭНЭ