Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2021/00656

 

 

 

 

 

2021 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2021/00656

 

 

 

АББЭТийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж, даргалж, шүүгч С.Энхтөр, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2021/00391 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч А.Б ХХК дах бүрэн эрхт төлөөлөгчийн хариуцагч С.Д, Х.Т нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 35 498 638.59 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагч С.Дий өмгөөлөгч О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус банк нь С.Д, Х.Т нартай 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 2102029532 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 50 000 000 төгрөгийн зээлийг жилийн 22.2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн.

Зээлдэгч нар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс хэтрүүлэн зөрчил үүсгэсэн ба үүргээ биелүүлэх талаар удаа дараа банкны зүгээс шаардаж байсан боловч биелүүлээгүй.

Хариуцагч нар тус банкнаас зээл авснаас хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд үндсэн зээл 10 831 363,54 төгрөг, хүү 14 259 959,57 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 144 385,72 төгрөг, нийт 25 235 708,83 төгрөг төлж, нэхэмжлэл гаргаснаас хойш 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 4 000 000 төгрөг, мөн оны 12 дугаар сарын 10-ны өдөр 800 000 төгрөг, нийт 4 800 000 төгрөгийг төлсөн бөгөөд одоогоор зээлийн гэрээний үлдэгдэл 35 498 638.59 төгрөг байна.

Хариуцагч нар үлдэгдэл төлбөрийг сар бүрийн 25-ны өдөр 1 500 000 төгрөгөөр төлөхөөр эвлэрэх хүсэлт гаргасан ба үүнийг танилцан судалж үзээд боломжгүй гэдэг хариуг банкны удирдлагын зүгээс өгсөн.

Иймд хариуцагч С.Д, Х.Т нараас зээлийн гэрээний үүрэгт 35 498 638.59 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Эрдэнэтолгойн 50 дугаар гудамж, 334/Б тоот, 358 м.кв талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн Г-2204010399 дугаарт бүртгэлтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204027494 дугаарт бүртгэгдсэн, 248.4 м.кв талбай бүхий хувийн сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Бид А.Б ХХК-тай 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр зээл, барьцааны гэрээ байгуулан 50 000 000 төгрөгийн зээлийг жилийн 22.2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн. Цар тахалтай холбоотой 2020 оны 01 дүгээр сараас ажил зогсож орлого багассан тул зээлээ хуваарийн дагуу төлж чадаагүй. Цар тахалтай холбоотой зээлийн төлөлт багасгах, хойшлуулах хүсэлтийг банкинд гаргаж байгаагүй.

2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар зээлийн төлбөр 40 298 638,59 төгрөг байсан ба мөн оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 4 000 000 төгрөг, мөн оны 12 дугаар сарын 10-ны өдөр 800 000 төгрөг, нийт 4 800 000 төгрөгийг шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш зээлийн төлбөрт төлсөн.

Үлдэгдэл 35 498 638.59 төгрөгийг сар болгоны 25-ны дотор 1 500 000 төгрөгөөр төлөх саналтай ба энэ хуваарийн дагуу төлж чадахгүй бол барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, 50 дугаар гудамж, 334б тоот дах газар болон орон сууцаар үүргийн гүйцэтгэл хангуулахыг зөвшөөрч байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч С.Д, Х.Т нараас 35 354 253.59 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Б ХХК-д олгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас нэмэгдүүлсэн хүүнд тооцон төлүүлсэн 144 385 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч С.Д, Х.Т нар зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, 8-р хороо, Эрдэнэтолгойн 50-р гудамж, 334/Б тоотод байршилтай, нэгж талбарын 18649311511150 дугаартай, 358 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Г-2204010399 дугаарт бүртгэлтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204027494 дугаарт бүртгэгдсэн, 248.4 м.кв талбайтай орон сууцыг худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар нэхэмжлэгч А.Б ХХК дахь бүрэн эрхт төлөөлөгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд хариуцагч С.Д, Х.Т нараас 404 921 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч нар давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Шүүх нотлох баримтыг бүхий л талаас нь үнэн зөв эргэлзээгүй үнэлэхгүйгээр зээлийн гэрээ цуцлагдсан эсэх асуудалд үнэлэлт өгөөгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна.

А.Б ХХК-аас ирүүлсэн мэдэгдлүүдээс 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр ирүүлсэн мэдэгдэлд заасан хугацаанд бид зээлийн үүргээ гүйцэтгээгүй тул А.Б ХХК-ийн буюу зээлдэгчийн санаачлагаар зээлийн гэрээ цуцлагдаж, зээлдүүлэгч хүү шаардах эрхгүй болсон. Бид ингэж ойлгож цар тахалтай холбоотойгоор зээлийн төлөлт багасгах, хойшлуулах хүсэлтийг банкинд гаргаж байгаагүй бөгөөд энэ тухайгаа шүүхэд хэлж мэдүүлж байсан. Иймээс бид зээлийн үндсэн төлбөрөөс хасуулах зорилгоор 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 1 000 000 төг, 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 4 535 000 төгрөг, 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 538 000 төгрөг нийт 6 073 000 төгрөг төлсөн байтал шүүх энэхүү үйл баримтыг зөв үнэлж, зээлийн үндсэн төлбөрөөс хасч тооцоогүй. Энэхүү төлсөн төлбөрийг үндсэн төлбөрт биш хүү, нэмэгдүүлсэн хүүнд тооцож авсан нь буруу болсон тухай бидний тайлбарыг шүүх буруу үнэлж шийдвэрлэсэн.

Зээлийн гэрээ цуцлагдсан учир Ковид-19 цар тахлын улмаас Дархан-УБ чиглэл-д ачаа тээвэрлэдэг бизнес сэргээгүй тул энэ төрлийн тээвэр хийж амьжиргаа залгуулдаг байсан ачааны автомашинаа маш хямдаар худалдан борлуулж бусад банк бус санхүүгийн байгууллагаас авсан өр зээлээ дарж зээлийн зөрчилгүй болж, шүүхэд маргаан хэлэлцэгдэж байсан гэсэн ч 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 4 000 000 төг, 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 800 000 төг нийт 4 800 000 төгрөгийг А.Б ХХК-д шилжүүлж зээлээ хагаслан төлж өр зээлийн зөрчил арилж байсныг шүүх анхаарч үзээгүй.

Бид зээлийн гэрээ цуцлагдсан гэж үзэж гэрээний үлдэгдэл төлбөрийг сар бүрийн 25-ны өдрийн дотор төлж байхаар эвлэрэх хүсэлт гаргаж шүүх хурлыг хойшлуулсан хугацаанд А.Б ХХК-ийн зээл олгосон салбараас дуудаж шинээр зээлийн гэрээ байгуулж, зээлийн бүтцийг өөрчлөх санал тавьсан боловч нэгэнт цуцлагдсан зээлийн гэрээг дахин өндөр хүүтэй байгуулж эрсдэлд орох шаардлагагүй гэж үзсэн тул татгалзсан хариу өгснөөр эвлэрэх боломжгүй болсон. Бидний санал бол гэрээ цуцлагдсан хугацаанаас хойш төлсөн төлбөрийг зээлийн үндсэн төлбөрөөс хасч үлдэх төлбөрийг сар бүр 1 500 000 төгрөгөөр тооцож шийдвэр гаргаж өгөх байх гэсэн хүсэлтийг шүүх хангаж өгөөгүй юм. Нэгэн цуцлагдсан зээлийн гэрээг хүлээн зөвшөөрч байсан тул бид нар уг гэрээний хугацааны талаар огт маргаагүй болно.

А.Б ХХК болон бидний хооронд байгуулагдсан зээлийн гэрээ 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн мэдэгдлээр цуцлагдсан тул банкны нэхэмжилж шүүхийн шийдвэрт тогтоогдсон хүү болох 1 073 755.84 төгрөгийн хүүг хүчингүй болгуулж, 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр төлсөн 1 000 000 төгрөг, мөн оны 8 дугаар сарын 31-ний өдөр төлсөн 4 535 000 төгрөг, мөн оны 9 дүгээр сарын 02-ны өдөр төлсөн 538 000 төгрөг нийт 6 073 000 төгрөгийг үндсэн зээлийн дүнгээс хасуулах тухай гомдол гаргаж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж анхан шатны шүүхийн шийдвэрт тогтоогдсон 35 354 253.59 төгрөгөөс зээлийн хүүг хүчингүй болгож, мөн зээлийн гэрээ цуцлагдсан өдрөөс хойш төлсөн 6 073 000 төгрөгийг зээлийн үндсэн төлбөрөөс хасч 28 207 498 төгрөг болгон өөрчлөн шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуульд заасан шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч АББЭТ нь хариуцагч С.Д, Х.Т нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 40 298 638.59 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн гэрээний үүргийн үлдэгдэл гаргуулах шаардлагаа 35 498 638.59 төгрөг болгон багасгажээ. Хариуцагч нар цар тахалтай холбоотой орлого буурснаас зээлийг хуваарийн дагуу төлж чадаагүй, зээлийн үлдэгдэл 35 498 638.59 төгрөгийг сар болгоны 25-ны өдөр 1 500 000 төгрөг төлөх санал гаргаж, уг хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийг хангуулахыг зөвшөөрч байна гэсэн тайлбар гаргасан байна. /хх36/

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт болох зээлийн болон барьцааны гэрээ, зээлийн хүү тооцооллын хүснэгт, зээлийн дансны хуулга, А.Б ХХК-аас зээлдэгч нарт хүргүүлсэн Зээл төлөх тухай мэдэгдлүүд, зохигчдын тайлбар зэрэг баримтад үндэслэн гэрээний талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, зээлдэгч С.Д, Х.Т нар зээл төлөх үүргээ зөрчсөн гэх үйл баримтыг тогтоосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлэх журамд нийцжээ.

Хариуцагч тал зээлийн гэрээ хугацаанаас нь өмнө цуцлагдсанд маргаангүй байна. Харин зээлийн гэрээ 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн мэдэгдлээр цуцлагдсан учир 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс мөн оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн хооронд төлсөн 6 073 000 төгрөгийг үндсэн зээлийн үүргээс хасч тооцуулах, гэрээ цуцлагдсанаас хойш тооцсон 1 073 755.84 төгрөгийн хүүг хүчингүй болгон, үндсэн зээлээс хасуулж, үндсэн зээлийг 28 207 498 төгрөг болгон шийдвэрт өөрчлөлт оруулах, мөн зээлийн үүргийг сар бүр 1 500 000 төгрөгөөр төлж барагдуулах хүсэлтийг шүүх хангаагүй гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ.

Хэрэгт нэхэмжлэгч компанийн 2020 оны 02 дугаар сарын 14, 3 дугаар сарын 16, мөн оны 8 дугаар сарын 13-ны өдрөөр тус тус огноолсон Зээл төлөх тухай мэдэгдэл нотлох баримтаар авагдсан байх ба эдгээр мэдэгдлүүдийг хүлээн авсан үйл баримтад хариуцагч тал маргаагүй. /хх-21-24/ Хариуцагч С.Д, Х.Т нар нэхэмжлэгч А.Б ХХК-аас ирүүлсэн 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн албан бичгийг хүлээн аваад зээлийг хугацаанд нь төлж чадаагүй шалтгаанаа тайлбарлан, 3 дугаар сарын 25-ны өдрөөс өмнө 2 сарын зээлээ төлж дуусгах талаар хариу мэдэгдэж байжээ. /хх-22-23/ Уг мэдэгдэлд заасан зөрчлийг арилгасан гэдгээ хариуцагч нар баримтаар нотлоогүй байна.

Нэхэмжлэгч тал 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 20/284 дугаартай албан бичгээр хариуцагч нарыг зээлийн төлбөр төлөх хуваарийг 200 хоног хэтрүүлсэн болохыг дурдаад үндсэн зээлд 8 778 723 төгрөг, зээлийн хүүд 4 534 736 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 63 611 төгрөг, нийт 13 377 070 төгрөгийг мөн сарын 21-ний дотор төлж барагдуулах, уг үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, шүүхэд хандан шийдвэрлүүлэхийг мэдэгдээд, 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ. /хх1-2, 21/

Хариуцагч тал 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 1 000 000 төгрөг, 8 дугаар сарын 31-ний өдөр 4 535 000 төгрөг, мөн оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 538 000 төгрөг, нийт 6 073 000 төгрөг төлсөн болох нь зээлийн дансны хуулгаар тогтоогдсон байна. /хх18-19/

Дээрхээс дүгнэхэд нэхэмжлэгч нь хариуцагч нарт гэрээний үүргийн зөрчлөө арилгах нэмэлт хугацаа олгосон боловч үр дүн гараагүй, улмаар шүүхэд хандсанаар тэдгээрийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээ цуцлагдсан гэж үзэх тул энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

Мөн зээлийн гэрээ цуцлагдахаас өмнө хариуцагч нараас төлсөн 6 073 000 төгрөгийг зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүд суутган тооцсон нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт заасан үүрэг гүйцэтгэх дарааллыг зөрчөөгүй, нөгөөтээгүүр анхан шатны шүүхэд энэ асуудлаар зохигчид маргаагүй байна. Иймээс уг төлөлтийг үндсэн зээлээс хасч тооцуулах хариуцагч нарын гомдлыг хангах боломжгүй.

Хариуцагч тал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн үүрэгт 4 800 000 төгрөг төлснийг нэхэмжлэгч тал үндсэн зээлийн үүргээс хасч үндсэн зээлд 34 368 636 төгрөг, хүүд 1 073 755.84 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 56 246 төгрөг, нийт 35 498 638.59 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасан төлөх хугацаа нь болсон үүргээс суутган тооцох журамд, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дах хэсэгт заасантай тус тус нийцжээ. Тодруулбал, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дах хэсэгт Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасан, мөн талууд нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцлийг гэрээгээр тохиролцсон байна. Хариуцагч тал гэрээний үүргээ зөрчсөн үйл баримт хэргийн баримтаар нотлогдсон учир нэхэмжлэгч нь хууль болон гэрээнд зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийг хүртэлх хугацаанд зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг тооцон хариуцагч нараас шаардах эрхтэй. Энэ талаар гаргасан хариуцагч нарын давж заалдах гомдол хуулийн үндэслэлгүй.

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтууд, зохигчдын тайлбар зэргийг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ дээрх хуульд заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн боловч нэхэмжлэлийн шаардлагын 144 385 төгрөгт холбогдох хэсгийг ямар үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй болсон байна.

Талуудын гэрээний 1.10-т Зээлдэгч зээлийн үндсэн төлбөр болон зээлийн хүүг хэсэгчлэн буюу бүрэн төлөх үүргээ биелүүлээгүй нөхцөлд үүрэг биелэгдээгүй өдрөөс эхлэн гэрээний үүргийг биелүүлж дуустал нэмэгдүүлсэн хүүг хууль болон журамд зааснаар төлөх хариуцлага хүлээх ба нэмэгдүүлсэн хүү нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж дуусах хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй байна гэж заасан нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дах хэсэгт нийцжээ. Үүний дагуу нэхэмжлэгч нь зээлийн хуваарь зөрчигдсөн өдрөөс нэмэгдүүлсэн хүү тооцож хариуцагч нарын зээлийн төлөлтөөс 144 385 төгрөг суутгасанд зохигчид маргаагүй байхад анхан шатны шүүх уг шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь буруу болжээ. Гэхдээ нэхэмжлэгч тал уг шийдвэрт гомдол гаргаагүй тул энэ үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь талуудын диспозитив зарчимд нийцэхгүй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрэн хэлэлцэх эрхтэй. Хариуцагч нар нэхэмжлэгчтэй эвлэрэн хэлэлцэх зорилгоор зээлийн үүрэг болох 35 498 638.59 төгрөгийг сар бүрийн 25-ны өдрийн дотор 1 500 000 төгрөгөөр хэсэгчлэн төлөх санал гаргажээ./хх34/ Нэхэмжлэгч уг саналыг хүлээн авч, зохигчид эвлэрэн хэлэлцээгүй байх тул шүүх эвлэрэх хүсэлтийг харгалзаагүй гэх хариуцагч нарын гомдол үндэслэлгүй.

Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч АББЭТ нь зээлийн гэрээний үүргийг хангах зорилгоор 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, зээлдэгч Х.Т, С.Д нарын өмчлөлийн, Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Эрдэнэтолгойн 50 дугаар гудамж, 334/Б тоот, 248.4 м.кв талбай бүхий хувийн сууц, Х.Тын өмчлөлийн, дээрх хаягт байрлах газрыг барьцаалан гэрээг улсын бүртгэлд бүртгүүлжээ. /хх8-10/ Уг гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.

Анхан шатны шүүх хариуцагч нарыг зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд хариуцагч нарын өмчлөлд бүртгэлтэй барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Дээрх үндэслэлээр хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2021/00391 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч нарын давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 129 300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

 

Ч.ЦЭНД