Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 188

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга Г.Урангуа,

улсын яллагч М.Мөнхзул,

шүүгдэгч О.Х нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4  дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Х -д холбогдох эрүүгийн 1705000980055 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.Х нь 2017 оны 6 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх “Файэр” баарны гадна иргэн Б.Бтэй маргалдан зодож түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Х мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч, хохирогч болон гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч О.Хгийн өгсөн:

“...2017 оны 7-р сарын дундуур би Түвшиндалай, Анхтуяа, Золжаргал найзуудтайгаа Түвшиндалайгийн гэрт нь виски, пиво ууж байтал Будхүү над руу 02:00 цагийн орчим залгаад “Хаана байна хүрээд ир” гэсэн би жаахан ууж байна гэтэл зүгээрээ хороололд Шинээгийн гадаа хүрээд ир гэсэн. Тэгэхээр нь бид 4 гараад такси бариад хорооллын эцсийн цагдаагийн хэсгийн баруун хойно бууж Будхүү, Шинэбаяр, Ганаа нартай уулзсан. Хоорондоо юм яриад бааранд орохуу гэхээр нь тэгье гээд Файэр баар руу орцгоосон. Би 2 давхарт гараад захиалга өгөөд Шинэбаяр гээд найз маань 1 давхарт захиалга өгөөд мөнгө хүрэхгүй байсан. Тэгээд зөөгчтэй нь уулзаж байгаад би гадаа гарч найз охинтойгоо маргалдаад файэр баарны үүдэнд зогсож байтал Будхүү араас гарч ирээд боль гээд намайг түлхээд дотогшоо оръё гэхээр нь би ууртай, архи уусан байсан болохоор Будхүүг цохитол Будхүү 3-4 хоногийн дараа миний эрүү хугарчихлаа гэсэн, тухайн үедээ Будхүүг цохиод өглөөний 05, 06 цаг хүртэл Будхүүтэй цуг явж байсан. Шинээ, Ганаа, нэрийг нь мэдэхгүй Будхүүгийн найз 4-5 залуучуудтай зодолдсон, Будхүү тэгэхэд бас зодолдсон. Юунаас болж бид нар хоорондоо зодолдсон талаар би санахгүй байна, би нилээн согтсон байсан, Будхүүг бол цохисноо санаж байна, ... зодооноос хойш 2-3 хонотол Будхүү Гэмтэл дээр байна эрүү хугарсан гэсэн яагаад 2-3 хоног хэлээгүй юм бэ гэтэл эрүү гайгүй болчих болвуу гээд гэртээ хэвтсэн гэж Будхүү хэлсэн. Будхүүгийн эмчилгээний төлбөрийг ээж төлөөд яваад байсан ойролцоогоор 3.0 сая төгрөг болсон байх...” гэх мэдүүлэг /хх-н 20-21/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Бгийн өгсөн:

“...Би 2017 оны 06 сарын 07-ны орой найз Шинэбаяр, Ганаа нартай хамт шөнийн 03 цагийн орчимд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Файэр бааранд орсон. Тэгээд бааранд орохоосоо өмнө Хатанбүүвэй рүү “хаана байгаа юм, найзууд нь бааранд орох гэж байна хүрээд ир” гэхэд залгаад найз охинтойгоо хамт удалгүй ирсэн. Тэгээд бид нар бөөнөөрөө баар руу ороод нэг нэг лаазтай пиво захиалаад ууцгааж байхад Хатанбүүвэй найз охинтойгоо маргалдсан байдалтай гараад явсан. Тэгээд би араас нь гартал баарны үүдэнд гадаа найз охинтойгоо маргалдаад байсан. Би тэгээд болиочээ гэхэд Хатанбүүвэй уурлаад шууд уурлаад эргэж хараад миний эрүү рүү цохиход тэр дороо би ухаан алдаад унасан. Миний биеийн байдал одоогоор хэвийн байна. Би эмчилгээгээ маш сайн хийлгэсэн. Миний хувьд гомдол санал нэхэмжпэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 35-39/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Анхтуяагийн өгсөн:

“...2017 оны 6 сарын 07-08-нд шилжих шөнө Далай, Золжаргал гээд эхнэр нөхөр 2 найзтайгаа манай нөхөр Хатанбүүвэй бид 4 уулзаад Далайгийн 11-р хороололд байдаг гэрт нь байж байтал Хатанбүүвэйгийн найзууд Шинэбаяр, Бука, Галаа нар хорооллын эцэст файэр бааранд хүрээд ир гэсэн. Тэгэхээр нь бид 4 очоод уулзсан, Файэр бааранд байж байхдаа Хатанбүүвэй бид 2 маргалдаж муудалцсан. Муудалцсан шалтгаан нь Хатанбүүвэйгийн найз Бука над руу хандраад далчигнаад байсан. Тэгээд файэр баарны үүдэнд Хатанбүүвэй бид 2 муудалцаж байтал Бука хүрч ирээд болиулах гэсэн чинь Хатанбүүвэй Букатай муудалцаж эхэлсэн тэгээд Хатанбүүвэй Букагийн баруун хацар руу нь цохих гэж бараг алгадсан, тэгсэн Бука газар уначихсан...” гэх мэдүүлэг /хх-н 18-19/,

 

        Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 8085 тоот:

               1. Б.Бгийн биед доод эрүү ясны хугарал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

               2. ШЭГЗТЖ-н 2.3.1 зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг болно.

3. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно гэх дүгнэлт /хх-н 17/,

 

            Шүүгдэгч О.Хгийн хувийн байдалтай холбоотой:

            - гэрч Б.Алтанзаяагийн “...Би О.Хгийн төрсөн ээж нь байгаа юм. ...миний хүү даруу төлөв зантай, анги хамт олондоо нэр хүндтэй, өрөвч цайлган сэтгэлтэй, хурц огцом ууртай, буруу муу зуршил байдаггүй...” гэх мэдүүлэг,

            - гэрч Ш.Отгонбаатарын “...Би О.Хгийн төрсөн аав нь байгаа юм. Миний хүү гэмгүй, дуу цөөтэй, хамт олондоо нэр хүндтэй, сэргэлэн цовоо, шатрын спортоор хичээллэдэг, муу зуршилгүй, өөрийн биедээ их арчаатай, цэвэр хүүхэд байгаа юм...” гэх мэдүүлэг,  

            - урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 30/,

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 29/,

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 51/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

             Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

 

Шүүгдэгч О.Х нь 2017 оны 6 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх “Файэр” баарны гадна иргэн Б.Бтэй маргалдан зодож түүний эрүүл мэндэд биед доод эрүү ясны хугарал, тархи доргилт гэмтэл буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.Б, гэрч Б.Анхтуяа нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 8085 тоот дүгнэлт, шүүгдэгч О.Хгийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хохирогч Б.Б нь мөрдөн байцаалтын шатанд “...Миний хувьд гомдол санал нэхэмжпэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 35-39/ өгсөн байх тул шүүгдэгч О.Хг бусдад төлөх төлбөргүй гэж үзэхээр байна.

 

Шүүгдэгч О.Х нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Дээрх ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хор уршигийн хэмжээ, шүүгдэгч О.Хгийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд 700 /долоон зуун/ нэгжээр торгох ял оногдуулж уг ялыг биелүүлэх хугацааг 3 /гурав/ сараар тогтоож шийдвэрлэлээ.

 

            Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй зэргийг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч О.Х хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Хд 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний 700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр тус тус торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар О.Хгийн торгох ялыг биелүүлэх хугацааг 3 /гурав/ сараар тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар авагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол О.Хд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Ц.МӨНХ-ЭРДЭНЭ