2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 191/ШШ2025/02186

 

 

 

 

 

 

 

 

 

2025 03 18 191/ШШ2025/02186

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, ....-ийн хүсэлттэй,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Нэгдсэн үндэсний гудамж, Засгийн газрын 2 дугаар байранд байрлах, Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, Бага тойруу 15/1-т байрлах, Чингэлтэй дүүргийн Прокурорын газар

 

Нэхэмжлэлийн шаардлага: Цагаатгалын нөхөх олговорт 80,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагч С.Хүч

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пагам

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Билгүүн

Шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Л.Мэндбулган нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч С.Хүч нь цагаатгалын нөхөн төлбөрт 80,000,000 төгрөг гаргуулах тухай хүсэлт гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний өвөг эцэг Занын Ба1889 онд Өвөрхангай аймгийн, Богд суманд малчин ард Занын хүү болон мэндэлж эцэг, эхийн гар дээр 16 нас хүртлээ мал, маллаж хүмүүжсэн түүнээс хойш цэрэгт явж хилийн харуул хийж байгаад 1938 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Онц Бүрэн Эрхт Комиссын 33 дугаар зүйлээр хуулийн дээд хэмжээгээр шийтгэгдэж цаазаар авхуулсан. Түүнийг 1992 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Дээд Шүүхийн Цэргийн Коллегийн 184 дүгээр тогтоолоор Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн гэж үзэж цагаатгасан.

2018 онд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орж Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1 дэх хэсэгт цаазаар авхуулсан хэлмэгдэгчдийн эхнэр /нөхөр/ болон төрсөн болон үрчилж авсан хүүхдэд 80,000,000 төгрөгийн нөхөх олговор олгохоор хуульд тусгагдсаны дагуу миний эцэг Янжинцэрэнгийн Сэ нь өөрийн төрсөн эцэг Занын Багийн нөхөх олговрыг хөөцөлдөж Цагаатгалын Улсын комиссоос нөхөх олговор нэхэмжлэх эрхтэй этгээдээр Зууны мэдээ сонины 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн №134 /6101/ дугаарт хэлмэгдэгчдийн хүүхэд хэсгийн 29 дүгээрт нийтэд зарлагдсан.

Нийтэд зарлагдсанаас хойш миний эцэг Я.Сэ нь шүүхэд нэхэмжлэлээ гаргаж байхдаа 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр нас барсан. Мөн эцэг Я.Сэыг нас барсны дараа цагаатгалын нөхөх олговрыг миний төрсөн дүү Ё.Далайхүү хөөцөлдөж байсан боловч мөн хүнд өвчний улмаас 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр нас барсан. Миний бие С.Хүч нь 2016 онд авто тээврийн ослын улмаас Эрүүгийн гэмт хэрэгт холбогдож 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр ял эдэлж байгаад 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хугацаанаасаа өмнө ялаас чөлөөлөгдөн тэнсэн суллагдсан.

Миний төрсөн дүү С.Оюун нь нөхөх олговор хөөцөлдөх чадвар, чадамж муу учраас өвөг эцэг Занын Багийн нөхөх олговрыг хөөцөлдөж авч чадалгүй өдийг хүрлээ.

Миний бие Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт Энэ зүйлийн нөхөх олговрыг нэхэмжлэх эрхтэй этгээд энэ хууль хүчин төгөлдөр болсноос хойш нэхэмжлэлийн бүрдүүлбэрээ хангаж байх хугацаандаа, эсхүл шүүхэд нэхэмжлэлээ гаргасны дараа нас барсан бол түүний эрх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйл, Иргэний хуулийн 24, 515, 518 дугаар зүйлд заасны дагуу хууль ёсны буюу гэрээслэлээр өв залгамжлагчид шилжинэ...гэсний дагуу өв залгамжлалын гэрчилгээгээ 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн нотариатаар өвлөх эрхийн гэрчилгээ нээлгэсэн бүртгэлийн дугаар 0036 юм.

Иймд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1, 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт заасны дагуу нөхөх олговрын 80,000,000 төгрөгийг надад олгож өгнө үү гэв.

 

2. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Занын Бань Өвөрхангай аймгийн Богд сумын харьяат хэлмэгдэгч гэдэг нь манай мэдээллийн санд бүртгэлтэй байдаг.

Мэдээллийн санд бүртгэлтэй мэдээллээр хэлмэгдэгч гэдэг нь батлагдаж байна. 2005 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 598 дугаартай шүүхийн шийдвэрээр Занын Багийн хүүхдээр Янжинцэрэнгийн Сэыг тогтоосон.

Улмаар 2005 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 964 дугаартай шийдвэрээр 1,000,000 төгрөгийг хүү Я.Сэод олгосон. 2018 оны хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд Янжинцэрэнгийн Сэ нь нотлох баримтын бүрдүүлбэрийг хангаж, 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 134 дүгээр тоот Зууны мэдээ сонингийн дугаарт хэлмэгдэгч нь Янжинсэрэнгийн Сэ байна гэж зарлагдсан.

Зарласан бүх хүмүүст утсаар мэдэгддэг. Харамсалтай нь утас нь холбогдохгүй удсан. Хаягийн дагуу С.Датэй холбогдож мэдээллийг хүргүүлсэн боловч Я.Сэ нас барсан байдаг. Нас барсны лавлагаа хэрэгт авагдсан. Я.Сэ нь 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр нас барсан. С.Да нөхөн олговрыг нь хөөцөлдөж явсан боловч сүрьеэ өвчтэй, уушги нь устаж, 2020 оны ковидын жил гарсантай холбоотой 3 жил хүнд өвчтэй байж байгаад нас барсан байна. Нас барсны лавлагаагаар 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр нас барсан. Я.Сэын эх нь мөн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр нас барсан байна. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсны дагуу тус хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-т Я.Сэ нь хамаарч байна. Өмнөх шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд дахин нотлохгүй гэдэг утгаар хүүхэд мөн эсэхийг тогтоосон шийдвэр байгаа.

Өв залгамжлалын гэрчилгээ С.Хүч дээр гарсан. Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3-т заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа дуусахын өмнөх 6 сарын дотор гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас эрх бүхий этгээд шүүхэд хандах боломжгүй байсан, эсхүл шүүх үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй болсон бол энэхүү нөхцөл байдал арилах хүртэл хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа түр зогсоно. Монгол Улсын Үндсэн хуулийн 2 дугаар бүлгийн 14 дүгээр зүйлд заалт, ковид-19 цар тахал зэрэг нөхцөл байдал, мөн С.Хүч нь авто ослын улмаас шоронд хоригдож байгаад 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хугацаанаасаа өмнө суллагдсан зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай байх тул түүнд 80,000,000 төгрөгийг олгох үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэрэгт авагдсан баримтын хүрээнд С.Хүч нь 80,000,000 төгрөгийг нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангахад татгалзахгүй гэв.

 

4.Хүсэлт гаргагчаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-3/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-4/, С.Дагийн нас барсны бүртгэлийн лавлагаа /хх-5/, хүсэлт гаргачийн төрсний бүртгэлийн лавлагаа /хх-6/, Д.Лхагвын нас барсны бүртгэлийн лавлагаа /хх-7/, төрөл садангийн лавлагаа /хх-9/, 2005 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 964 дугаар шийдвэр /хх-10-11/, 2005 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 598 дугаар шийдвэр /хх-12/, Зууны мэдээ сонин /хх-13/, Өв залгамжлалаас татгалзасан өргөдөл /хх-14/, Өвлөх эрхийн гэрчилгээ /хх-15/, Үндэсний төв архивын лавлагаа /хх-19-20/, Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын лавлагаа /хх-21/, магадлал /хх-22/

 

5. Шүүгчийн захирамжийн дагуу бүрдүүлсэн нотлох баримт. Үүнд: Занын Баг улсын төрийн хилс хэрэгт баривчлан Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 33 дугаар тогтоолоор хуулийн дээд хэмжээгээр шийтгэсэн, Дээд шүүхийн цэргийн коллегийн 1992 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 184 дүгээр магадлалаар цагаатгасан эсэх, нөхөх олговор олгож байсан эсэх, Я.Сэыг хэлмэгдэгч З.Багийн төрсөн хүү болохыг тогтоож байсан эсэх талаарх баримт /хх-34-40/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Хүсэлт гаргагч С.Хүч нь цагаатгалын нөхөх олговорт 80,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр хүсэлт гаргагч С.Хүчын хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт нөхөх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийг нэхэмжлэгчийн оршин суугаа нутаг дэвсгэрийг харьяалах анхан шатны шүүхэд гаргах талаар зохицуулсан ба хүсэлт гаргагч С.Хүч нь хуульд заасан харьяалалын дагуу шүүхэд хүсэлт гаргасан байна.

 

2.Хүсэлт гаргагч нь нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, үндэслэлээ Миний өвөг эцэг Занын Бань хуулийн дээд хэмжээгээр шийтгэгдэж цаазаар авхуулсан. Түүнийг 1992 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Дээд Шүүхийн Цэргийн Коллегийн 184 дүгээр тогтоолоор Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн гэж үзэж цагаатгасан.

Хуульд нэмэлт өөрчлөлт орсноор миний эцэг Я.Сэ нь өөрийн төрсөн эцэг Занын Багийн цагаатгалын нөхөх олговрыг хөөцөлдөж Цагаатгалын Улсын комиссоос нөхөх олговор нэхэмжлэх эрхтэй этгээдээр Зууны мэдээ сонинд зарлагдсан. Үүнээс хойш миний эцэг Я.Сэ нь шүүхэд нэхэмжлэлээ гаргаж байхдаа 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр нас барсан. Миний төрсөн дүү Ё.Далайхүү нөхөх олговрыг хөөцөлдөж байсан боловч мөн хүнд өвчний улмаас нас барсан, төрсөн дүү С.Оюун нь нөхөх олговор хөөцөлдөх чадвар, чадамж муу. Миний бие 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс ял эдэлж байгаад 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хугацаанаасаа өмнө тэнсэн суллагдсан.

Миний бие Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт заасны дагуу 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр өвлөх эрхийн гэрчилгээ авсан гэж тайлбарлажээ.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссоос Занын Бань Өвөрхангай аймгийн Богд сумын харьяат хэлмэгдэгч гэдэг нь манай мэдээллийн санд бүртгэлтэй байдаг. Шүүхийн шийдвэрээр Занын Багийн хүүхдээр Янжинцэрэнгийн Сэыг тогтоосны дагуу 1,000,000 төгрөгийг хүү Я.Сэод олгосон. 2018 оны хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд Зууны мэдээ сонингийн дугаарт хэлмэгдэгч нь Янжинсэрэнгийн Сэ байна гэж зарлагдсан.

Я.Сэ нь 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр нас барсан. Түүний хүү С.Да нь 3 жил хүнд өвчнөөр өвчилж нас барсан байна. Я.Сэын эх нь мөн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр нас барсан байна. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-т заасанд Я.Сэ нь хамаарч байна.

С.Хүч Өвлөх эрхийн гэрчилгээ авсан. Хөөн хэлэлцэх хугацаа Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3-т заасны дагуу түр зогссон, хүндэтгэн үзэх шалтгаанууд байсан. С.Хүчт 80,000,000 төгрөгийг олгох үндэслэлтэй гэж үзэж байна гэх тайлбар гаргасан.

 

4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэрэгт авагдсан баримтын хүрээнд С.Хүч нь 80,000,000 төгрөгийг нэхэмжлэх эрхтэй гэж тайлбарлав.

 

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5.1 Өвөрхангай аймгийн Богд сумын харьяат Занын Бань 49 настай байхдаа улсын төрийн хилс хэрэгт баривчлагдан Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 33 дугаар хурлын тогтоолоор Шүүх цаазны бичгийн 43, 44, 47 дугаар зүйлээр хуулийн дээд хэмжээгээр шийтгэгдэж, Дээд шүүхийн цэргийн коллегийн 1992 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 184 дүгээр магадлалаар цагаатгасан болох нь хэрэгт авагдсан Тагнуулын Ерөнхий газрын Тусгай архивын лавлагаа, БНМАУ-ын Дээд шүүхийн цэргийн коллегийн магадлал, талуудын тайлбар зэрэг баримтаар тогтоогдож байна. /хх-7, 8, 5/

 

5.2 Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2005 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 598 дугаар шийдвэрээр Янжинцэрэнгийн Сэыг хэлмэгдэгч Занын Багийн төрсөн хүү мөн болохыг тогтоосон. Улмаар Я.Сэ нь цагаатгалын нөхөх олговор гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг Сонгинохайрхан дүүргийн шүүхээс хангаж, 2005 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 964 дугаар шийдвэрээр Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын төрийн сангийн хэлтсээс 1,000,000 төгрөг гаргуулж, Я.Сэод олгохоор шийдвэрлэжээ.

 

6. Хэрэгт авагдсан дээрх шүүхийн шийдвэрүүдээр З.Баг улсын төрийн хилс хэрэгт баривчлан хуулийн дээд хэмжээгээр шийтгэж цагаатгасан, Я.Сэ нь З.Багийн төрсөн хүү мөн болохыг тогтоосон, Я.Сэод 1,000,000 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлох шаардлагагүй.

 

7. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид олгох нөхөх олговрыг нэхэмжлэх эрхтэй этгээдийн талаар зохицуулсан ба мөн зүйлийн 10.1.4-т энэ зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2, 3-т заасан хүмүүс байхгүй бол хэлмэгдэгчийн төрсөн эцэг, эх, ах, эгч, дүү, ач, зээ, 10.3 дахь хэсэгт Энэ зүйлийн нөхөх олговрыг нэхэмжлэх эрхтэй этгээд энэ хууль хүчин төгөлдөр болсноос хойш нэхэмжлэлийн бүрдүүлбэрээ хангаж байх хугацаандаа, эсхүл шүүхэд нэхэмжлэлээ гаргасны дараа нас барсан бол түүний эрх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйл, Иргэний хуулийн 24, 515, 518 дугаар зүйлд заасны дагуу хууль ёсны буюу гэрээслэлээр өв залгамжлагчид шилжинэ гэж заажээ.

 

Хүсэлт гаргагч С.Хүч нь миний эцэг, эхээс 6 хүүхэд төрсөн, 4 хүүхэд нь нас барсан, би өөрийн эцэг Ч.Сэоос улс төрийн хэлмэгдэлтийн цагаатгалын нөхөх олговор, мөнгө хөрөнгийг өвлөж авахаар өвлөх эрхийн гэрчилгээ авсан гэж тайлбарлах ба тэрээр дээрх хуульд заасан этгээдэд хамаарч байна.

 

8. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт Нэхэмжлэл гаргах эрх нь энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө цагаатгагдсан иргэдийн хувьд 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор, энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш цагаатгагдсан иргэдийн хувьд цагаатгасан шийдвэрийг хүлээн авснаас хойш 3 жилийн хугацаанд байна гэжээ.

 

Хүсэлт гаргагч нь дээрх зохицуулалтын дагуу 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах байсан боловч 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Я.Сэ нь нас барж, С.Хүч нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 34 дүгээр шийтгэх тогтоолгоор хорих ялаар шийтгүүлж, 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр шүүгчийн захирамжаар хугацаанаасаа өмнө суллагдсан, улмаар С.Хүч нь 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр өвлөх эрхийн гэрчилгээ авсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

9. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.Энэ хуулийн 23.1-д заасны дагуу орон сууц аваагүй улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид дараахь нөхөх олговрыг доор дурдсанаар олгоно, 13.2.1-т улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 80 сая төгрөг гэж зохицуулсан.

 

Хэлмэгдэгч З.Багийн гэр бүлд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн иргэдэд олгох орон сууц, гэр, орон сууц худалдан авахад зориулан мөнгөн олговор олгогдоогүй болох нь Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын төлөөлөгчийн тайлбараар тогтоогдсон боловч дээрх хуульд цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 80,000,000 төгрөгийн нөхөх олговрыг олгохоор тухайлан нэрлэн заасан байна.

Өөрөөр хэлбэл, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4-т заасан хэлмэгдэгчийн төрсөн эцэг, эх, ах, эгч, дүү, ач, зээг, эсхүл нөхөх олговрыг нэхэмжлэх эрхтэй этгээд нас барсан тохиолдолд түүний өв залгамжлагч нь 80,000,000 төгрөгийн нөхөх олговор шаардах эрхтэй этгээдэд хамаарахгүй байна.

 

10. Дээр дурдсанаар хүсэлт гаргагч С.Хүч нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-т заасан нөхөх олговор нэхэмжлэх эрхтэй этгээдэд хамаарахгүй тул хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

11. С.Хүчын хүсэлт нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-т заасан үндэслэлгүй тул Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч З.Багийн цагаатгалын нөхөх олговорт 80,000,000 төгрөг гаргуулах тухай С.Хүчын хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт зааснаар С.Хүчын хүсэлт нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ