| Шүүх | Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сономпилын Оюунгэрэл |
| Хэргийн индекс | 125/2024/0033/З |
| Дугаар | 125/ШШ2025/0008 |
| Огноо | 2025-01-30 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 125/ШШ2025/0008
|
2025 01 30 125/ШШ2025/0008
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Нэхэмжлэгч: ******* ХХК-нийн нэхэмжлэлтэй, Хариуцагч: Ховд аймгийн Газрын харилцаа, Барилга, хот байгуулалтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагч *******ид холбогдох, Нэхэмжлэлийн шаардлага: "Ховд аймгийн Газрын харилцаа, Барилга, хот байгуулалтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагч *******ийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 0057646 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч ******* болон шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь: Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар: 1.1. Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн нутагт баригдаж буй дулаан дамжуулах төвийн барилгын ажлын явцад Барилга хот байгуулалтын яамны Салбарын улсын ерөнхий байцаагчийн гаргасан удирдамжийн дагуу Ховд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын газрын удирдлагын хэлтсийн дарга *******, барилгын техникийн хяналтын улсын байцаагч ******* нар урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж гүйцэтгэн ... барилгын ажлыг зөвшөөрөлгүй, зураг төсөлгүй, газар эзэмших эрхийн гэрчилгээгүй барилга угсралтын ажил эхэлж байгаа гэх үндэслэлээр барилгын ажлыг 2024 оны 9 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн түр зогсоох тухай улсын байцаагчийн 02-032-01/122/01 дугаар албан шаардлага гаргасан байна. 1.2. Ховд аймгийн Цагдаагийн газарт иргэн *******оос ... Жаргалант сумын Магсаржав багийн нутаг нийтийн эзэмшлийн талбайд ******* ХХК нь зохих ёсны зөвшөөрөлгүйгээр барилга үйл ажиллагаа явуулж байна гэх гомдлыг гаргасныг 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Ховд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт харьяаллын дагуу шилжүүлсэн байна. Улмаар дээрх гомдолд Ховд аймгийн Газрын харилцаа, Барилга, хот байгуулалтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагч *******оос Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу ажиллагаа хийж 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 0057646 дугаар шийтгэлийн хуудсаар ...зөвшөөрөлгүйгээр барилга барьсан гэх үндэслэлээр Зөрчлийн тухайн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2.2.1 дэх хэсэсгт зааснаар 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна. 1.3. Дээрх шийтгэлийн хуудсыг эс хүлээн зөвшөөрч ******* ХХК-нийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******аас 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Хоёр. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл: 2.1 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******аас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "*******" ХХК-д 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 0057646 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шийтгэл оногдуулжээ Ховд аймгийн Засаг даргын 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 02 дугаартай "Хөдөө аж ахуйн салбарын болон хот, төв суурин газрын 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай албан даалгаварт "... албан байгууллага, айл өрхүүдийн дулааны шугам сүлжээний урсгал болон их засварын ажлыг 08 дугаар сарын 20-ны өдрөөс 09 дүгээр сарын 15-ны өдрийн дотор бүрэн хийж дуусгаж шалгаж, хүлээн авах..." гэх тушаал гарсан байна. Ховд аймгийн Онцгой комиссын 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 29 дугаартай "Шуурхай арга хэмжээ авах тухай" тогтоолоор "... Аймгийн Засаг даргын 2024 оны "Хөдөө аж ахуйн салбарын болон хот, төв суурин газрын 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай албан даалгаврын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Жаргалант сумын Магсаржав, Жаргалант сумын багуудад ус дулааны дахин дамжуулах төвийг 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор байгуулж хэвийн горимд шилжүүлж ажиллахыг Дулааны "*******" ХХК-нийн захирал *******д үүрэг болгосон. Ус, дулааны дахин дамжуулах төвийг байгуулахад шаардлагатай газрын маргааныг мэргэжлийн байгууллагуудтай зөвшилцөн шийдвэр гаргаж ажиллахыг аймгийн Засаг даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч /*******/, Засаг даргын Тамгын газрын /*******/, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар /*******/ нарт даалгасан..." комиссын тогтоол гарсан байна. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно, 26.2.Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэж заасан. Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ", 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Зөрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно" гэсэн журмыг зөрчжээ. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.1-д ямар зөрчилд холбогдож байгаагаа мэдэх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, хохирогч гомдолтой танилцаж тайлбар гаргах, зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулах хүсэлт гаргах, эрх бүхий албан тушаалтан, хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан, прокурорын үйл ажиллагаа, шийдвэрт гомдол гаргах, нотлох баримт гаргаж өгөх, зөрчлийн материалтай танилцах эрхээр хангаагүй. Мөн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д "ямар зөрчилд холбогдож байгаагаа мэдэх", 2.2-д "өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах", 2.4-д "гомдолтой танилцах, тайлбар гаргах, 2.5-д зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулах хүсэлт гаргах, 2.7-д "зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцох, ажиллагааны тэмдэглэлтэй танилцах, засвар оруулах, хүсэлт гаргах", 2.8- д "нотлох баримт гаргаж өгөх, нотлох баримт шалгуулах хүсэлт гаргах", 2.9-д "зөрчлийн хэрэгтэй танилцах" гэсэн хуульд заасан эрхээр хангаагүй, зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн эсэх нь тодорхойгүй, ямар ажиллагаа хийсэн нь мэдэгдэхгүй өөрөөр хэлбэл зөрчилд холбогдогчийн хуульд заасан эрхийг эдлүүлээгүй нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Нэхэмжлэгч "******* ХХК-нийн захирал *******т Ховд аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын барилгын техникийн /хяналтын улсын байцаагч/ *******ийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 0057646 дугаартай шийтгэлийн хуудас гарсныг мэдэгдээгүй өмгөөлөгч ******* би зөрчлийн хэргийн талаар судлахад шийтгэлийн хуудас гарсныг мэдсэн. Ховд аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт шийтгэлийн хуудсыг хуулбарлаж авах хүсэлтийг 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүсэлт гаргаж авсны дагуу шүүхэд хандаж байна. Иймд Ховд аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагч *******ийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 0057646 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар техникийн нөхцөл авагдсан нь тогтоогдсон. Дээрх нөхцөл байдлуудаас харахад Зөрчлийн тухай хуульд нотлох баримт цуглуулах үүрэг нь улсын байцаагчид байдаг. Тухайн барилга баригдсаны улмаас ямар байгууллагын эрх ашиг хөндөгдөж, хэн хохирсон нь тогтоогдоогүй. Одоо тухайн байгууламж нь хэвийн гормоор үйл ажиллагаа явуулж байгаа. Захиргааны актыг хуульд заасан ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар ямар нэгэн байдлаар сонсох ажиллагаа явуулах ёстой байсан боловч явуулаагүй нөхцөл байдалтай байна. Тухайн барилга байгууламж нийтийн ашиг сонирхлын төлөө баригдаж ашиглалтад орон айл өрхүүдийн дулаан хэвийн явагдаж байна. Мөн удаа дараа техникийн нөхцөл авах талаар албан бичгүүд хүргүүлж байсан нь хавтаст хэрэгт авагдсан тул шүүх бүрэлдэхүүн дээрх нотлох баримтуудыг анхаарч үзэхийг хүсэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
2.2 Хариуцагч Ховд аймгийн Газрын харилцаа, Барилга, хот байгуулалтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагч *******оос шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ховд аймгийн Цагдаагийн газрын 2024 оны 09-р сарын 18-ны өдрийн удирдах албан тушаалтны тогтоолоор харьяаллын дагуу шилжүүлэн ирсэн 2937 дугаартай иргэн *******оос гаргасан Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн нутаг нийтийн эзэмшлийн талбайд "*******" ХХК нь зохих зөвшөөрөлгүйгээр барилга барих үйл ажиллагаа явуулж байна гэх зөрчлийн талаарх гомдол мэдээллийг шалгахад хэрэгт цугларсан гэрчийн мэдүүлэг, Ховд аймгийн Онцгой комиссын 2024 оны 09 дүгээр сарын 16-ний өдрийн 29 дүгээр тогтоол, баримтуудаар зөрчлийн шинжгүй, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 4-р зүйлийн 4.1.20 -д заасан үндэслэлээр гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах тухай 2024 оны 09-р сарын 24-ний өдрийн эрх бүхий албан тушаалтны тогтоол гаргаж Ховд аймгийн хяналтын прокуророор хуулийн хугацаанд хяналт хийлгэсэн. Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Алтанцэцэг иргэн *******оос гаргасан 2937 дугаартай гомдол мэдээллийг хүлээн авч шалгаад 2024 оны 09 дүгээр сарын 24-ны өдөр эрх бүхий албан тушаалтан хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж 2436000752 дугаартай 2024 оны 10-р сарын 07 өдрийн прокурорын 18 дугаар тогтоолоор зөрчлийн хэрэг нээгдсэн. Ховд аймгийн Цагдаагийн газрын 2024 оны 09-р сарын 18-ны өдрийн удирдах албан тушаалтны тогтоолоор харьяаллын дагуу шилжүүлэн ирсэн 2937 дугаартай иргэн *******оос гаргасан Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн нутаг нийтийн эзэмшлийн талбайд ******* ХХК нь зохих зөвшөөрөлгүйгээр барилга барих үйл ажиллагаа явуулж байна гэх 2436000752 дугаартай зөрчлийн хэрэгт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахад дараах хуулийн зөрчлүүд илэрсэн. 1. Барилга байгууламжийн техникийн нөхцөл аваагүй нь "Барилгын тухай" хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх заалт, 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь "барилга байгууламжийн техникийн нөхцөл, зураг төсөл боловсруулах, барилгын ажлын зөвшөөрлийг энэ хуулийн 22,23,26 дугаар зүйлд заасан нөхцөлийг биелүүлэх" заалтыг; 2. Барилгын ажлыг зөвшөөрөлгүй, зураг төсөлгүй эхэлсэн нь "Барилгын тухай" хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1 дэх заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.16 дэх "Барилгын ажлыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр гүйцэтгэхгүй байх" заалтыг 3. 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх "барилгын ажлыг зөвшөөрөл, магадлал хийгдэж, баталгаажсан зураг төсөл, норм, нормативын баримт бичгийн шаардлагын дагуу гүйцэтгэх, хяналт тавих"; заалт 4. Барилга байгууламжийг зураг төсөлгүй гүйцэтгэсэн нь "Барилгын тухай" хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дэх "Барилгын ажлыг зураг төсөлгүйгээр гүйцэтгэхийг хориглоно." заалт; Иймд холбогдогч "******* ХХК нь дээрх барилгын тухай хуулийн заалтуудыг тус тус зөрчсөн нь гэрч, холбогдогчийн мэдүүлгүүд, хэрэгт цугларсан нотлох баримт бичгээр нотлогдсон тул зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.38 -д заасны дагуу зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2.2.1 дэх заалт "Хуульд заасан барилгын ажлын зөвшөөрөл аваагүй" гэсэн зөрчилд торгуулийн шийтгэл оногдуулсан болно. Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан, зөрчлийн хэргийн материалтай танилцуулах ажиллагаанд холбогдогч "*******" ХХК-ний захирал *******тай 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр харилцаа холбооны хэрэгсэл ашиглан 9911524 дугаартай утсанд холбогдож зөрчлийн хэргийн материал болон 0057646 дугаартай шийтгэлийн хуудастай танилцахыг мэдэгдэхэд миний бие Ховд аймагт байхгүй байгаа тул компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******д танилцуулна уу гэсний үндсэн дээр "*******" ХХК-нийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******д хэргийн материал болон шийтгэлийн хуудсыг 2024 оны 12 сарын 03-ны өдөр танилцуулахад шийтгэлийн хуудсыг хүлээн авахаас татгалзсан болно. "*******" ХХК-ний захирал *******т 0057646 дугаартай шийтгэлийн хуудсыг оршин суугаа хаягийн дагуу 2024 оны 12-р сарын 04 өдөр Шуудангаар хүргүүлсэн боловч гэр нь эзэнгүй, өөрөө гадаадад эмчилгээнд байгаа, хариу буцаа гэж хэлсэн, ирэх болоогүй гэх үндэслэлээр 2024 оны 12-р сарын 10-ний өдөр буцаагдаж ирсэн. Онцгой байдлын тогтоол нь өөрөө барилгын үйл ажиллагаа эхлээд явагдсаны дараа тогтоол гарсан. Нөхөж тогтоол гарлаа гэж үзэж байгаа. Хэрэг удааширсан нь холбогдогчийн зүгээс хэрэгт тайлбар өгөлгүй санаатайгаар хэргийг удаашруулсан. Иймд хариуцагчийн зүгээс хэрэгт авагдсан нотлох баримт, гэрчийн мэдүүлэг хэргийн газрын үзлэг зэрэг нотлох баримтуудаар барилгын үйл ажиллагааг зөвшөөрөлгүй хийгдсэн нь нотлогдсон гэж үзэж хуулийн дагуу шийтгэл оногдуулсан. Иймд шийтгэлийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь: 1. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудыг судалж, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгчөөс бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг үнэлж дүгнээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 2. ******* ХХК нь Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 0057646 дугаартай шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч маргасан. 3. Гомдол гаргагч нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлахдаа аймгийн Онцгой комиссын шийдвэрээр ус, дулаан дахин дамжуулах төвийн барилгыг барьсныг барилга эрхлэх тусгай зөвшөөрөлгүйгээр барилга барьсан зөрчил гаргасан гэж торгох шийтгэл оногдуулсанд гомдолтой гэжээ. 4. Хариуцагч нь нэхэмжлэгчийг барилгын ажил эхлүүлж байхад Барилгын хууль тогтоомжид заасан шаардлагыг хангуулах талаар тайлбарлаж хэлж албан шаардлага хүргүүлсээр байхад биелүүлэхгүйгээр зөрчлийг арилгуулаагүй, Барилгын хууль тогтоомж зөрчсөн зөрчил гаргасан тул шийтгэл оногдуулсан гэж тайлбарлана. Тогтоогдсон үйл баримт: 5. Барилгын хяналтын улсын байцаагч нь 2024 оны 09 дүгээр сарын 09-ны өдөр салбарын улсынерөнхий байцаагчийн 2024 оны 02-00/08 тоот урьдчилан сэргийлэх хяналт шалгалт удирдамжийн дагуу Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газрын Газрын удирдлагын хэлтсийн даргын хамтаар хяналт шалгалт явуулж, ******* ХХК-д албан шаардлага хүргүүлжээ. 6. Улсын байцаагчийн 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 2-32-01/122/01 дугаар албан шаардлагад ...барилгын суурийн газар шорооны ажил хийгдсэн, хэв хашмал, бэхэлгээ хийж байсан ба барилгын ажлыг зөвшөөрөлгүй, зураг төсөлгүй барилгын ажлыг эхлүүлсэн нь Барилгын тухай хууль, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар эзэмшиж байгаа нь Газрын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн... гэж дурдаж зөрчлийг арилгах хүртэл барилгын ажлыг түр зогсоож шийдвэрлэсэн байна. 7. Гэтэл гомдол гаргагч компани нь зөрчлөө арилгах арга хэмжээ авахгүйгээр нийтийн эзэмшлийн талбайд барилгын ажлаа үргэлжлүүлж байсан талаар иргэн *******оос зөрчлийн шинжтэй гомдол мэдээллийг цагдаагийн байгууллагад гаргаж, гомдлыг харьяаллын дагуу Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар луу шилжүүлснээр барилгын хяналтын улсын байцаагч зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ. 8. Гомдол гаргагч компаниас Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газарт хүргүүлсэн 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 1/139 дугаар зөвшөөрөл хүсэх тухай албан бичигт ...Манай компани ус дулаан дахин дамжуулах төвийн барилгын газрын зөвшөөрлийг авахаар аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчид хүсэлт гаргахад эрчим хүчний шугам сүлжээний хамгаалалтын бүс дотор хийгдэж байгаа газар олгох шаардлагагүй гэсэн. Иймд барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгож өгнө үү... гэжээ. 9. Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газарт 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 350 дугаар албан бичгээр ...Танай байгууллага нь шугам сүлжээний хамгаалалтын зурвас тогтоолгох хүсэлт, кадастрын зураг, холбогдох бичиг баримтыг ирүүлээгүй, хамгаалалтын зурвасыг тогтоосон захирамж шийдвэр гараагүй байна. Иймд шинээр дулаан дамжуулах төв ЦТП барих газрыг зөвшилцөж Газрын тухай хуульд зааснаар газар эзэмших зөвшөөрөл гаргуулж хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаагаа явуулна уу. Мөн зөвшөөрөлгүйгээр ЦТП шинээр барьж байгаа үйлдлээ таслан зогсоож улсын байцаагчийн шаардлагыг биелүүлж ажиллана уу... гэсэн хариуг өгчээ. 10. 2024 оны 9 дүгээр сарын 17- ны өдөр иргэн *******оос маргаан бүхий барилгын талаар зөрчлийн гомдол, мэдээлэл Цагдаагийн байгууллагад гаргаж, харьяалалын дагуу Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газарт шилжүүлснээр эрх бүхий албан тушаалтан болох хариуцагч улсын байцаагч нь прокурорын хяналтан дор зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 0057646 дугаартай шийтгэлийн хуудсаар гомдол гаргагч компанийг 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгожээ. 11. Гомдол гаргагч компаниас 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Аймгийн Онцгой комисс, Засаг даргын үүрэг гүйцэтгэгчид хүсэлт хүргүүлснээр 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Аймгийн Онцгой комисс хуралдаж, хуралдаанаар тус компанийн нөхцөл байдлын талаар хэлэлцсэн байна. 12. Хуралдааны тэмдэглэлээс үзвэл Аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч ******* ...Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд дулаан дамжуулах төв барих ажилд газрын маргааны асуудал үүссэн. Ямар шалтгааны улмаас ажлыг зогсоосныг бид бүгд ярилцаж шуурхай шийдвэрлэх хэрэгтэй. Зогсоох шаардлага байсан бол зогсоох ёстой. Тамгын газрын дарга ******* анхаарч ажиллах, мэргэжлийн байгууллагуудтай хамтран боломжийг судлах, хуучин ЦТП /дулаан дамжуулах төв/ ашиглах боломжтой эсэхийг судлах. Хамгаалалтын зурвас тогтоогоогүйн улмаас сөрөг үр дагавар гарч байна. Энэ жил 2 ЦТП ашиглалтанд оруулна. Энд үү хуучин газраа юу гэдгийг шийдвэрлэх хэрэгтэй. Энэ асуудлаа үндэслэлтэй инженерийн тооцоолол гаргаж уг байгууллагад танилцуулж шийдвэрлэнэ ... гэж, Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газрын дарга ...Хуулийн хүрээнд бол шугам сүлжээгээ зурагжуулж аймгийн Засаг даргаар баталгаажуулсны дараа захирамж гарч байж хамгаалалтын зурваст тооцогдож эхэлдэг. Шууд шугам татаад хамгаалалтын зурвас гэж тооцогдох асуудал байхгүй. Ховд хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг зөрчиж байгаа. Бид нар олон удаа утсаар ярьжмэдэгдсэн. Холбогдох мэргэжлийн улсын байцаагч албан шаардлага өгсөн. Өнөөдөр албан шаардлагын хугацаа дуусч байгаа. Хариу ирэхгүй бол Прокурорын байгууллага руу шилжүүлээд албадан буулгах асуудал яригдана. Ер нь ******* ХХК дураараа шийдвэр гаргаж ажилласан. Төрийн байгууллагын тавьсан шаардлагыг биелүүлдэггүй. Шугам сүлжээ шинэчилж байна гээд төрийн өмчийн объектуудад халдсан. Иргэд байнга надад гомдол гаргаж байна. Янзална гээд одоо болтол засаагүй байна. Хөгжлийн төлөвлөгөөнд төв замыг өргөсгөхөөр тусгагдсан байгаа... гэж, Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч ..Ерөнхий төлөвлөгөө зөрчиж байгаа. 5 дугаар цэцэрлэг, 12 дугаар байрны цаад талд хуучин ЦТП-ууд байгаа дээр засвар үйлчилгээ хийгээд явах боломжтой байсан... гэж тус тус хэлсэн талаар тэмдэглэгджээ. 13. Тус хуралдаанаас гаргасан Аймгийн Онцгой комиссын 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 29 дүгээр тогтоолын 1 дүгээр заалтаар ус дулаан дахин дамжуулах төвийг 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор байгуулах, 2 дахь заалтаар төв байгуулахад шаардлагатай газрын маргааныг мэргэжлийн байгууллагуудтай зөвшилцөж шийдвэрлэхийг холбогдох албан тушаалтанд даалгаж шийдвэрлэсэн байна. 14. Гэрч ******* мэдүүлэхдээ ...Би барилгын ажил эхлүүлж байхад очиж асууж мэдээд барилга зөвшөөрөлтэй эсэх талаар Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газрын даргаас асуухад газрын зөвшөөрөл байхгүй гэж хэлсэн. Би нийтийн эзэмшил газар баригдаж байгаа болохоор нийтийн эрх ашгийн төлөө Засгийн газрын 111 төв, Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан... гэж, Гэрч мэдүүлэхдээ ... Барилгын ажлыг 2024 оны 9 дүгээр сард эхлүүлж, 12 дугаар сарын 16-ны өдөр тоног төхөөрөмжийг угсарч суурилуулж дууссан. Цахилгаан хүчдэл холбоогүй байгаа учраас ашиглалтанд оруулаагүй байгаа... гэж, Гэрч мэдүүлэхдээ ... Аймгийн Онцгой комиссын хуралдсан 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс өмнө ******* ХХК барилгын ажлыг эхлүүлсэн байсан. Онцгой комиссын хуралдаанаас шуурхай арга хэмжээ авах тогтоолыг гаргаж, хэрэгжилтийг хангуулахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон... гэж, Гэрч ******* мэдүүлэхдээ ...Онцгой комиссын хуралдаан болох үед барилгын ажил хийгдэж эхлээд нэлээд удсан байсан... гэж, Гэрч мэдүүлэхдээ ..Миний зүгээс Онцгой комиссын хуралдаанд уг барилгын газрын асуудалд 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй тул 2025 оны төлөвлөгөөнд тусгаж шийдвэрлэх боломжтой талаар хэлж байсан. Онцгүй комиссын тогтоол гарснаас хойш тус компаниас надтай уулзаж ярилцсан зүйл байхгүй. 2024 оны сүүлчээр барилгын ажлын зураг дээр газрын үсэг зуруулсан... гэж тус тус мэдүүлсэн. 15. Гомдол гаргагч компани нь 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ХХК-тай дулаан дамжуулах төвийн тоног төхөөрөмж суурилуулах ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан байна. 16. компанийн үйлдсэн 4.86 гкал/цаг хүчин чадалтай шинээр барих Эсба-ын дулаан дамжуулах төв дулаан механик ажлын зурагт Эрчим хүчний яамны Эрчим хүчний Үндэсний төв ХХК магадлал хийгдсэнийг 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр баталгаажуулсан байна. 17. Шүүхээс 2025 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр маргаан бүхий объектод хийсэн үзлэгээр ...төв зам дагуу байрлалтай замаас 5 метр, явган хүний замаас 2м орчмын зайд байрлалтай. Барилгын ажил дуусан, дотоод тоног төхөөрөмжийг суурилуулсан, ашиглалтанд оруулаагүй байгаа... нөхцөл байдал тогтоогдсон.
Хууль зүйн дүгнэлт: 18. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.38-д зааснаар барилгын техникийн хяналтын улсын байцаагч нь Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлд заасан Барилгын тухай хууль зөрчих зөрчил шалган шийдвэрлэх эрхтэй байх ба Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2-д зааснаар тус шүүх харьяалан шийдвэрлэх маргаанд хамаарах тул шүүх хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй байна. 19. Барилгын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д зааснаар барилга байгууламжийг төвөгшлөөр ньбарилгын ажлын зөвшөөрөл шаардахгүй, бага төвөгшилтэй барилга байгууламж, дунд зэргийн төвөгшилтэй,өндөр төвөгшилтэй, онцгой төвөгшилтэй барилга байгууламж гэж ангилдаг ба маргаан бүхий барилга нь Барилга, хот байгуулалтын сайдын 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 221 дүгээр тушаалаар батлагдсан Барилга байгууламжийн төвөгшлийн ангилалд хамаарах зориулалт, хүчин чадлыг тогтоох журам-ын Дулааны сүлжээ, түүний барилга байгууламж хэсэг 3.18-т заасан дунд төвөгшилтэй барилга байгууламжид хамаарч байна. 20. Иймээс Барилгын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1-д зааснаар дунд зэргийн төвөгшилтэйангилалд хамаарах барилга байгууламжийг шинээр барихад тусгай зөвшөөрөл авахаар, 40 дүгээр зүйлийн40.1.16-д зааснаар Барилгын ажил гүйцэтгэгч нь барилгын ажлыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр гүйцэтгэхгүй байх үүрэгтэй байна. 21. Зөрчлийн хэргийн материалд авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас дүгнэвэл гомдол гаргагч компани нь дулаан дамжуулах төвийн барилгын зураг, төсвөө батлуулаагүй, барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл аваагүй болох нь нотлогдсон гэж үзлээ. 22. Иймд гомдол гаргагч нь Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2,1, 2.2-д заасан аж ахуйн нэгж, байгууллага нь хуульд заасан барилгын ажлын зөвшөөрөл аваагүй, магадлал хийлгэх барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийлгэхгүйгээр барилгын ажлыг эхлүүлсэн зөрчлийг байх тул Зөрчлийн тухай хуулийн 3.4 дүгээр зүйлийн 2-д заасан торгох шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй гэж дүгнэж, ******* ХХК-нийн Газрын харилцаа хот байгуулалтын газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 0057646 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 23. Дулаан дамжуулах төвийн газар эзэмшлийн асуудлыг шийдвэрлэсэн эсэх, барилгыг ашиглалтанд оруулах эсэх нь гомдлын шаардлагад шууд хамааралгүй, хэргийн оролцогчид энэ талаар маргаагүй тул дүгнэлт хийхээс татгалзсан болно. 24. Гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх заалт, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заанаар гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5, 107.7 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Барилгын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3, 26 дугаар зүйлийн 26.1.1 дэх заалт, Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтыг тус тус баримтлан ******* ХХК-нийн Барилгын хяналтын улсын байцаагч Даваадоржид холбогдуулан гаргасан Ховд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Барилгын хяналтын улсын байцаагч 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 0057646дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар гомдол гаргагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 /тав/хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНГЭРЭЛ
| ||||
| | |