Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 213/МА2021/004

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн  давж  заалдах шатны  шүүхийн Иргэний хэргийн  шүүх  хуралдааныг  шүүгч  Г.Уламбаяр  даргалж,  ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ, шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

 

            Баянхонгор  аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 131/ШШ2020/00099 дугаар  шийдвэртэй

 

            Нэхэмжлэгч Ч.Ц

            Хариуцагч  С.О т  холбогдох 

 

            1.367.671 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй  иргэний хэрэгт нэхэмжлэгч Ч.Ц гийн  давж заалдсан гомдлыг үндэслэн хэргийг 2021 оны 2 дугаар сарын 26-ний  өдөр  хүлээн авч шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Должинсүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Б.Бурмаа, нарийн бичгийн дарга Р.Цогдэлгэр  нар оролцов. 

 

Нэхэмжлэгч Ч. Ц гаас  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

 

Найз С.О  нь 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр намайг амьд малын зах дээр мал зарж байхад найзад нь 8.000.000 төгрөг хэрэгтэй байна метрийн бараа татах гэсэн юм. 8.000.000 төгрөгийг чинь 10.000.000 төгрөг болгоод хүүтэй нь жилийн дараа өгье гэхээр нь найзыгаа бодоод миний бие хадгаламж барьцаалсан 8.000.000 төгрөгийн зээлийг нэг жилийн хугацаатайгаар 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Төрийн банкнаас авч өгсөн. Үүнээс болж 8.000.000 төгрөгийн нэг жилийн хугацааны хүүгийн төлбөр болох 1.367.671 төгрөгийг 8.000.000 төгрөгийн хамт 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр банк миний хадгаламжаас татсан.  С.О  2020 оны 7, 9, 10 дугаар сард надаас зээлсэн 8.000.000 төгрөгийг увуулж цувуулан өгч дууссан. Харин 8.000.000 төгрөгийн банкны хүү болох 1.367.671 төгрөгийг төлж барагдуулаагүй. Надаас анх мөнгө зээлэхдээ хүүгийн хамт төлнө гэж ярьж тохиролцон мөнгө зээлсэн. Иймд С.О аас 8 000 000 төгрөгний банкны хүү 1 367 671 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ч. Ц гаас шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа:

Би өөрийн ноолуур тушаасан төгрөгөөсөө зээлээ, зээлийн хүүгийн хамт нийт 9.367.671 төгрөгийг 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс хойш нөхөж хаасан. Иймд нэмж 100.000 төгрөгийг С.О аас гаргуулах нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч Сүхбатын Очирхуягаас анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа:

 

Миний хувьд 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 8 000 000 төгрөг авсан нь үнэн гэхдээ ямар нэгэн гэрээ байгуулаагүй бас өндөр хүү амлаагүй.  Ч.Ц  надаас 300. 000 төгрөгөнд бараа авсан үлдэгдэл 7.700.000 төгрөгийг бэлэн 2020 оны 09 дүгээр сарын 29-нд авсан. Одоо ямар нэгэн өр төлбөр байхгүй мөн  Ч.Ц г хадгаламж барьцаалан мөнгө өгсөн гэдгийг мэдээгүй, өөрөө ч хэлээгүй. Харин намайг мөнгөө өгсний дараа хүүний мөнгө гэж нэхэж эхэлсэн миний хувьд ямар нэгэн зээлийн гэрээ байгуулаагүй болохоор хүүг төлөхгүй гэж хэлсэн болно. Иймд надаас нэхэмжилсэн 1.367.671 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, би төлөхгүй болно гэжээ.

Нэхэмжлэгч Ч. Ц гаас анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

 

Манай нөхөр бид хоёрыг мал зарж байхад С.О  нь  8.000.000 төгрөг өгөөч би метрийн бараа татах гэсэн юм гэсэн.   Тэгээд надаас зээл авъя гэхээр нь хадгаламжаа барьцаалаад авч өгч байна шүү гэхэд хамаагүй 10.000.000 төгрөг болгоод өгье гэж байсан. Миний хувьд зээлсэн мөнгөө тухайн цагтаа хийгээгүй учраас надаас төлөлт нь суутгагдсан банкны хүүг нэхэмжилж байна. Би илүү дутуу зүйл нэхэмжилсэн юм байхгүй гэжээ.

Хариуцагч Сүхбатын Очирхуягаас анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

 

Надад энэ мөнгийг барьж байх уу гэсэн санал тавьсан тэгээд би зөвшөөрсөн. Ийм л харилцаа бид хоёрын дунд үүссэн тэр үед бараа татах гээд мөнгө байхгүй гэсэн зүйл байгаагүй. Би өөрөө дансандаа мөнгөтэй байсан. Энэ хүнээс мөнгө орж ирсэн хагасыг нь хэрэглэсэн л байх. Бараг хэрэглээгүй хилээр буцаж орж ирсэн.  Өмнө мөнгө авч байсан гэж байна энэ ч худлаа харин би түүнд зөндөө удаа мөнгө өгч байсан. Тэгж худлаа ярьж болохгүй. Хуулийн өмнө хүртэл худлаа ярьж байна гэжээ.  

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан  1 467 671 төгрөг /нэг сая дөрвөн зуун жаран долоон мянга зургаан зун далан нэгэн/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ч.Ц гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.Ц гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41372 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ч. Ц гаас давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

 

Өнөөгийн үед 8.000.000 төгрөгийг хүн гуйгаагүй байхад банкнаас зээл /хүүтэй/ аван байж, үүнийг аваач, хэрэглэ хэмээн хүнд өгөх хүн байж болох уу? Үүнд итгэдэг шүүгч байх нь малчин иргэн надад шударга шүүхэд үл итгэх сэтгэл төрж байна.  Хүү, хугацаа нь тодорхой бичигдсэн банкны баримт, зээлийн гэрээ, С.О т тэр өдрөө шилжүүлэн өгсөн дансны хуулга байсаар атал анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.   Би өөрөө дансандаа мөнгөтэй байсан. Энэ хүнээс мөнгө зээлэх шаардлага байхгүй мэтээр илт худлаа зөрүүтэй ярьж байгааг  анхаарсангүй. Мөн 2019 оны 6 сарын 19-нд өгсөн баримттай мөнгийг 2019 оны 9 сарын 19-нд шилжүүлсэн гэж 3 сарын зөрүүтэйгээр бичиж, тайлбарласан зэрэг нь шүүгч уг хэрэгт хайхрамжгүй хандаж, шударга ёсны зарчмыг санаатайгаар гуйвуулсан шийдвэр гаргасан гэж үзэж байна.

 

Бүгд 1.467.671 төгрөгийг С.О аас гаргуулахаар давж заалдах шатны шүүхэд хандаж байна. Би зөвхөн банкны зээлийн хүүг л баримттайгаар /түүний ашигласан мөнгөний/ нэхэмжилсэн болно. Энэхүү шүүхийн шийдвэр нь хуурамч, зальтай, хүний тусалсан сэтгэлийг ашиглаж, хүний мөнгийг хүүгүй, хугацаагүй ашигладаг, хэлсэн ярьснаасаа буцдаг, худалч хүмүүсийг өөгшүүлсэн шийдвэр байна гэж үзэж байна. Иймд шударга шийдвэр гаргаж, миний хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.

                            ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч. Ц гаас хариуцагч Сүхбатын Очирхуягт  холбогдуулан бүгд 1.467.671 төгрөгийг  гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Ч.Ц гийн нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

  Нэхэмжлэгч Ч. Ц  нь  2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хариуцагч Сүхбатын Очирхуягт  8.000.000  /найман сая/ төгрөгийг зээлж өгч,  авсан  болох нь  /хх-ийн 20 дугаар тал/   “…миний хувьд  2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 8.000.000 төгрөгийг авсан нь үнэн, гэхдээ ямар нэг гэрээ байгуулаагүй..”  гэсэн  хариуцагч С.О ийн тайлбараар тогтоогдож байна.  Талуудын хооронд 8.000.000 төгрөгийг  зээлсэн болон өгч, авсан тухайд  нэхэмжлэгч, хариуцагч талаас аль аль нь маргаагүй байна.  Нэхэмжлэгч Ч.Ц , хариуцагч С.О  нарын хооронд хэдийгээр бичгээр байгууллаагүй ч гэсэн Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

Нэхэмжлэгч Ч. Ц  нь  2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Төрийн банкны Баянхонгор аймаг дахь салбараас  хадгаламж барьцаалсан зээлийн гэрээг 10 сарын хугацаатай байгуулж  8.000.000 төгрөгийг зээлж авсан болох нь /хх-ийн 2-6 дугаар тал/  барьцаат зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, дансны харилцагчийн хуулга зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд  нэхэмжлэгч Ч. Ц , Төрийн банкны Баянхонгор аймаг дахь салбарийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээ байгууллагджээ.

 Нэхэмжлэгч Ч.Ц нь  нэгэнт Төрийн банктай байгуулсан зээлийн гэрээний дагуу Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлдэгчийн хувьд банкны өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 9.367.671 төгрөгийг  Төрийн банкинд эргэж төлсөн болох нь  нэхэмжлэгчийн тайлбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.

Нэхэмжлэгч Ч.Ц  нь 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Төрийн банкны Баянхонгор аймаг дахь салбараас  хадгаламж барьцаалсан зээлийн гэрээг 10 сарын хугацаатай байгуулж  8.000.000 төгрөгийг зээлж аваад  мөн өдрөө энэ зээлсэн 8.000.000 төгрөгөө хариуцагч  Сүхбатын Очирхуягт  шилжүүлж  зээлсэн болох нь  нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар болон  хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

 Нэхэмжлэгч Ч.Ц  нь анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбар, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа хариуцагч Сүхбатын Очирхуягаас  зээлийн хүү,  алданги нэхэмжилсэн гэх боловч  хэрэгт авагдсан нотлох баримтаас дүгнэж  үзвэл  Ч.Ц  нь иргэд хооронд байгуулсан зээлийн гэрээний хүү алданги нэхэмжилсэн биш  харин хугацаа хэтрүүлсний улмаас  банкинд төлсөн хүүг  өөрт учирсан хохирол гэж үзэж  нэхэмжилсэн агууллагатай байгааг  анхан шатны шүүх анхаараагүй байна.  Тухайлбал нэхэмжлэгч Ч.Ц  нь хариуцагч Сүхбатын Очирхуягт зээлсэн 8.000.000 төгрөгийн хүүг  банкинд төлж  өөрт хохирол учирсан тухайгаа  Төрийн банктай байгуулсан зээлийн гэрээ зэрэг баримтаа хавсаргаж  ирүүлсэн нь  зэргээс өөрт учирсан хохирлоо нэхэмжилсэн нь  харагдаж  байна.  Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-д зааснаар  “…Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно…” гэж заасны дагуу  нэхэмжлэгч Ч.Ц  нь  хариуцагч талаас хохирлоо шаардах эрхтэй байна.  

 

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.4-д “…хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгэгч нь түүнд ямар нэг тохиолдол нөлөөлсөн эсэхийг харгалзахгүйгээр хохирлыг хариуцана…” гэж заасны дагуу  хариуцагч Сүхбатын Очирхуяг нь Ч.Ц д учирсан хохирлыг хариуцах  үндэстэй байна.   

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч Ч. Ц гийн нэхэмжлэлээс банкны зээлд төлсөн хүү 1.367.671 төгрөгийг  хариуцагч Сүхбатын Очирхуягаас гаргуулж,  нэхэмжлэгч Ч.Ц гийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй  гэж  шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  Харин нэхэмжлэгч Ч.Ц гийн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагад 100.000 төгрөг нэхэмжилсэнийг  нотлох баримтаар хангалттай нотлогдохгүй байна гэж үзэж  хэрэгсэхгүй болгох  үндэстэй гэж дүгнэв.  Нэхэмжлэгч Ч.Ц гаас  давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 38.433 төгрөгийг төрийн сангийн данснаас шүүгчийн захирамжаар  буцаан гаргуулж  Ч.Ц д  олгох үндэстэй байна.  Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.Ц гаас  анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 41.322 төгрөгийг  төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж,  хариуцагч Сүхбатын Очирхуягаас улсын тэмдэгтийн хураамжинд  36.822 төгрөгийг гаргуулж  нэхэмжлэгч  Ч.Ц д олгох үндэстэй байна.   

Иргэний  хэрэг  шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай  хуулийн  167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг  удирдлага болгон

                                                                                                                         ТОГТООХ  нь:

 

1.  Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн   2021 оны 01 дүгээр сарын 29-ний  өдрийн 131/ШШ2021/00099  дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын

 “…Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан  1.467.671 төгрөг /нэг сая дөрвөн зуун жаран долоон мянга зургаан зун далан нэгэн/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ч.Ц гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай...”   гэснийг  

 

“…Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.4, 227 дугаар зүйлийн 227.3-д  зааснаар хариуцагч Сүхбатын Очирхуягаас 1.367.671 төгрөгийг гаргуулж  нэхэмжлэгч Ч. Ц д олгож, Ч. Ц гийн нэхэмжлэлийн шаардлагаас 100.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай...”   гэж өөрчилж,          

             

            2. Шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дугаар заалтын   “…Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.Ц гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41.372 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй...”   гэснийг  

 

“…Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.2-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.Ц гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41.322 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Сүхбатын Очирхуягаас улсын тэмдэгтийн хураамжинд  36.822 төгрөгийг гаргуулж  нэхэмжлэгч Ч. Ц д олгосугай... гэж  тус тус өөрчлөлт оруулж,   шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.     

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар нэхэмжлэгч Ч.Ц гаас давж  заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38.433 төгрөгийг төрийн сангийн данснаас шүүгчийн захирамжаар  буцаан гаргуулж нэхэмжлэгч Ч.Ц д олгосугай.  

 

4. Анхан болон давж  заалдах  шатны  шүүх  хуулийг зөрүүтэй хэрэглэсэн,  хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагааны ноцтой зөрчил гаргасан,  шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж  үзвэл зохигчид магадлалыг гардан  авсан, эсхүл хүргүүлснээс  хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол  гаргах  эрхтэй болохыг  дурдсугай.