Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 213/МА2021/005

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн  давж  заалдах шатны  шүүхийн Иргэний хэргийн  шүүх  хуралдааныг  шүүгч  Г.Уламбаяр  даргалж, шүүгч Ч.Энхтөр,  Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн  шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

 

            Баянхонгор  аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 131/ШШ2021/00057 дугаар  шийдвэртэй

 

            Нэхэмжлэгч Ж.Х

             Хариуцагч Т.М т холбогдох 

 

            49.850.000 төгрөг, 605 ширхэг барилгын тулаас төмөр тус тус гаргуулах тухай  нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Мөнхбаатарын  давж  заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Мөнхбаатар,  хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхзаяа /онлайнаар/, нарийн бичгийн дарга  Р.Цогдэлгэр нар оролцов. 

 

Нэхэмжлэгч Ж.Х  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

 

Иргэн Ж.Х  би 2017 оны 08 дугаар сарын 14-нд иргэн Т.Мөнхбаатарын хүсэлтээр (өөр барилга дээр ашиглахаар төлөвлөж байсан) сапуднаас мянган ширхэгийг Т.М хөлслүүлсэн билээ. Эдгээр сапудыг инженер С.Г  хүргүүлсэн буюу хүлээлгэн өгсөн юм. Нэг ширхэг сапудыг нэг өдрийн хөлслөх үнэ 100 \нэг зуу\ -н төгрөг байдаг бөгөөд энэ үнээр тохиролцсон болно.

Эд хөрөнгө хөлслөгч Т.М нь манай барилгын сапуд буюу барилгын тулаас төмрийг одоог болтол хүлээлгэн өгөөгүй байна. Өөрөөр хэлбэл сапуд авч хэрэглээд 3 жил гаруй хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацааны хөлс төлбөрийг тооцвол 65.340.000 төгрөг болж байна.  Гэвч барилга нь өөрөө улирлын шинжтэй, Т.Мөнхбаатартай найзын хувьд барилгад ашигласан хугацааг хэсэгчлэн тооцож эд хөрөнгө ашигласны хөлс 49.850.000 төгрөг нэхэмжилж байна. Мөн үлдэгдэл 605 ширхэг Солонгос сапудаа нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч Т.М  шүүхэд гаргасан тайлбартаа:

 

Миний бие 2017 оны 08 сард 5 давхар 30-н айлын орон сууцны барилга угсралтын ажил эхлэхдээ Ж.Х аас 1000 ширхэг сапуд 2017 оны 08 сарын 14-ний өдөр түрээслэн авч хэрэглэснээс хойш 2018 оны 06-р сард барилга угсралтын ажил бүрэн дууссаны дараа тус барилга дээрээс Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ЗДТГ-ын барилга руу Зүүн шанд ХХК, Баянхонгор аймгийн Өлзийт сумын ЗДТГ-ын барилга руу Баялаг Орд ХХК, Баянхонгор аймгийн Богд сумын соёлын төвийн барилга руу RMB ХХК нар нэхэмжлэгч Ж.Х т хэлсэн гээд тус тус авч явсан.

Иймд миний өөрийн түрээсэлсэн 1000 ширхэг сапудын тооцоо 2017 оны 08 сарын 14-ний өдрөөс 2018 оны 07 сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд ашиглаагүй 10 сарын 20-ны өдрөөс 05 сарын 01-ний өдөр хүртэл улирлын чанартай хоногийг хасаж  нийт түрээсийн төлбөрөөс манайхаас авсан газ, тоосгоны үнийн дүнг хасаж тооцоог дуусгасан болно.  Үлдэгдэл нэхэмжилсэн 605 ширхэг сапудыг Баялаг Орд ХХК, RMB ХХК нэхэмжлэгч Ж.Х т өгөх тул шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Ж.Х ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Мөнхбаатар анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

 

Өнөөдрийн шүүх хуралдаан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Иргэн Ж.Х  нь нэхэмжлэлийн шаардлагадаа тодорхой бичсэн байгаа. Тухайлбал Т.Мөнхбаатарын хүсэлтээр сапудаа хөлслүүлсэн байдаг. 2017 оны 08 дугаар сард Т.М нь барилга барьж байсан тул сапудаа хэрэглүүлээч гэсэн хүсэлт тавьсны дагуу 1000 ширхэг сапудаа хөлслүүлсэн байдаг. Нийт 395 ширхэг сапудыг буцааж  авсан үлдэглэл 605 ширхэг сапудыг одоог хүртэл өгөөгүй байгаа. Иймд эд хөрөнгө хөлсөлсний төлбөрийг 2017 оны 08 дугаар сараас 2017 оны 10 дугаар сар хүртэл хугацаанд ашигласан хугацааг 75 хоног гэж тооцсон.  Хариуцагч хариу тайлбартаа 1000 ширхэг сапудыг түрээслэн авч хэрэглэсэн гэдгээ хүлээн зөвшөөрч илэрхийлсэн. Эдгээр компаниудын ашигласан нь Ж.Х тай хамааралгүй, тухайн үед хөлсөлж байсан Т.Мөнхбаатартай холбоотой. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.

 

Хариуцагч Тогоогийн Мөнхбаатараас анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

 

Тулаас төмрийг 1 давхарт 15-20 хоног ашигладаг. Барилгын эхний үе шатанд л хэрэглэгддэг зүйл. Би 1000 ширхэг сапудыг Ж.Х аас очиж авахдаа Рэнцэнпэлжээгээс авч Ж.Х ын ашиглаж байсан 400 ширхэг сапудыг нэмж авсан ч би төлбөр төлөөгүй. Хэрэглэж дуусаад л өгөөд явуулсан. Найз нөхдийн харилцаагаар нэгнийгээ дэмжиж аливаа зүйлээр тусалдаг тул тэр байдлаараа л Ж.Х аас авсан. Гэрээ хэлцэл байгуулсан зүйл байхгүй. 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 25-ны хооронд 3 компани ирээд Ж.Х  аваарай гэсэн гээд сапудыг ирж авцгаасан. Иймд нэхэмжилсэн тулаасны түрээсийн мөнгийг бол зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.3, 318.4, 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5-д тус тус зааснаар Ж.Х ын нэхэмжлэлийн шаардлагаас түрээсийн төлбөр 49.850.000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Т.Мөнхбаатараас 605 ширхэг барилгын тулаас төмрийг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Х т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Х ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 477.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Мөнхбаатараас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Х т олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ж.Х ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Мөнхбаатар давж заалдах шатны шүүхэд  гаргасан  гомдолдоо:

 Иргэн Ж.Х  нь 2017 оны 08-р сарын 14-ний өдөр иргэн Т.Мөнхбаатарын хүсэлтээр 1000 ширхэг сапуд буюу барилгын тулаасыг түүнд хөлслүүлсэн байдаг. Тухай цаг хугацаанд Т.М нь Ж.Х  руу утсаар залгаж  Манай барилга угсралтын ажилд сапудаа хөлслүүлээчээ, 1000 ширхэг хэрэгтэй байгаа   гэж санал тавьсан байдаг. Харин Ж.Х  хариуд нь  Сапуд одоо удахгүй барилга угсралтанд хэрэг болох юм, гэхдээ хөлслөн авч хэрэглээд буцаагаад өг, зах зээлийн ханшаар хамгийн доод тарифаар бодож хөлсийг нь төлөөрэй  гэсэн байдаг. Энэ нөхцлийг Т.М хүлээн зөвшөөрсөн учир 1000 ширхэг сапудыг түүнд хүлээлгэн өгсөн байдаг. Үүнээс хойш сапудаа болон хөлс төлбөрөө авах талаар түүнд хэд хэдэн удаа анхааруулахад тодорхой хариу өгөөгүй явсаар шүүхэд хандахад хүрсэн байна.

Анхан шатны шүүхэд нэхэмжлэлийг 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр өгсөн ба хариуцагч Т.М нь мөн л хүндэтгэх шалтгаангүй ирээгүй учир албадан ирүүлэх захирамж гарч түүнийг албадан ирүүлсэн байдаг. Үүнээс хойш ч хариуцагч маш олон удаа ямар нэг шалтгаан тоочиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хойшлуулсаар байсан.  Анхан шатны шүүхээс зохигчдын хооронд хийгдсэн хэлцлийг иргэний хуулийн 318 дугаар зүйлд заасан түрээсийн гэрээ гэж дүгнэж, хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзсэнийг зөвшөөрөхгүй байна.

Түрээсийн гэрээ биш  харин энэ нь эд хөрөнгө хөлслөх гэрээ, хэлцлийн шинжийг бүрэн хангаж байгаа болно.  Мөн хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа 1000 ширхэг тулаас төмрийг авч хэрэглэсэн болохоо хүлээн зөвшөөрч, хэрэгт хамааралгүй боловч газ, тоосгоны үнэ гэх тооцоог өөрөө гаргаж, хөлслөсөн хугацааныхаа төлбөрийг төлөхөө зөвшөөрсөн байдаг.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэг, эрх зүйн дүгнэлт үгэндээ: Иргэний хуулийн 8-р зүйлд заасан харилцаа үүссэн эсэх, хугацаа тохироогүй зүйл дээр шаардах эрх үүсэх үү гэсэн асуулт өөртөө тавьж, иргэний хуулийг ноцтой зөрчиж байна гэж дүгнэсэн юм.

Талууд иргэний хуулийн 293-р зүйл 293.1 дэх хэсэгт зааснаар тодорхой бус хугацаагаар хөлслүүлсэн, хөлсөн авсан байдаг. Учир нь барилга угрсалт бетон цутгалтын хуваариас хамаарч тогтоосон болов уу. Мөн хуулийн 296-р зүйлд зааснаар сапудыг Т.М үргэлжлүүлэн ашигласаар байгааг Ж.Х  татгалзаагүй байдаг юм.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ний өдрийн 131\Ш32021\00082 дугаартай “хүсэлтийг шийдвэрлэх тухай” захирамж гарч оролцогч нараас тус тус гэрч асуулгасан байдаг. Тус захирамжид хариуцагч талаас Д.Ганбат гэх хүнийг гэрчээр асуулгах хүсэлтийг нь хангасан атлаа огт өөр хүнийг буюу Ганбаатар гэх хүнийг гэрчээр асуулгасан байдаг.

Иймд анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 131/ШШ2021/00057 дугаартай шийдвэр нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, захирамжид дурьдаагүй хүнийг гэрчээр асуусан нь оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл тул бүхэлд нь хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

                            ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Ж.Х  нь хариуцагч Т.М    холбогдуулж, барилгын тулаас төмөр хөлсөлж авсан үнэ 49.850.000 төгрөг, мөн 605 ширхэг барилгын тулаас төмөр тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас барилгын тулаас төмөр хөлсөлж авсан үнэ 49.850.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, 605 ширхэг барилгын тулаас төмрийг  хариуцагч Т.М  гаргуулж  нэхэмжлэгч Ж.Х  олгож шийдвэрлэжээ.

 

             Нэхэмжлэгч Ж.Х  анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл нь нэхэмжлэлийн бүрдүүлбэр дутуу байна. Тухайлбал нэхэмжлэгч тал,  хариуцагч талаас 605 ширхэг барилгын сапуд буюу барилгын тулаас төмөр нэхэмжилсэн боловч нэг ширхэг барилгын сапуд буюу барилгын тулаас төмөр нь ямар үнэтэй болох нь тодорхойгүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.5-д заасан нэхэмжлэлийн үнэ тодорхойгүй байхад нэхэмжлэлийг хүлээн авчээ. Мэргэжлийн байгууллагын үнэлгээг хавсаргаагүй байна.

 

            Тухайн барилгын сапуд буюу барилгын тулаас төмрийг хариуцагч талд шилжүүлэн өгөхдөө нөгөө талдаа түрээслэх эсхүл хөлслүүлэхээр өгсөн хугацаа,  төлөх хөлс үнэ, шаардлага зэргийг хоорондоо яаж тохиролцсон болох нь тодорхойгүй байна.

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчоос гаргасан хүсэлт шийдвэрлэх тухай 2021 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 131/ШЗ2021/00082 дугаар захирамж гарсан. Тус захирамжинд Д.Ганбат гэдэг хүнийг гэрчээр асуулгах хүсэлтийг хангасан атлаа шүүгчийн захирамжинд дурьдаагүй  огт өөр хүнийг буюу Д.Ганбаатар гэх хүнийг гэрчээр асуусан нь хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэж үзнэ.

 

            Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн  Шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг 30 хоногоор сунгасан бөгөөд  30 хоногийн хугацаа нь 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр дуусаж байхад хэрэг хянан шийдвэрлэх хугацааг хэтрүүлж, 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр шүүх хуралдааныг хийж хэргийг шийдвэрлэсэн зэргээр хэрэг хянан шийдэрлэх ажиллагааны журмыг  зөрчсөн байна.       

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Мөнхбаатараас  давж заалдах гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 407.200  төгрөгийг төвлөрсөн төсвийн данснаас шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж  Х.Мөнхбаатарт  олгох үндэстэй байна.

          Иргэний  хэрэг  шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай  хуулийн  167 дугаар зүйлийн 167.1.5,   168 дугаар зүйлийн 168.1.3-д заасныг  удирдлага болгон

                                                                                                            ТОГТООХ  нь:

 

1. Баянхонгор  аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн   2021 оны  01 дүгээр сарын 15-ний  өдрийн 131/ШШ2021/00057 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн  шүүхэд буцаасугай.

           

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д  зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Мөнхбаатараас  давж заалдах гомдол гаргахад   улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 407.200  төгрөгийг төвлөрсөн төсвийн данснаас шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж  Х.Мөнхбаатарт  олгосугай. 

 

3. Анхан болон давж заалдах  шатны  шүүх  хуулийг зөрүүтэй хэрэглэсэн,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан,  шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж  үзвэл зохигчид магадлалыг  гардан  авсан, эсхүл хүргүүлснээс  хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол  гаргах  эрхтэй  болохыг дурдсугай.