| Шүүх | Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Алтан |
| Хэргийн индекс | 2235002060015 |
| Дугаар | 2023/ДШМ/37 |
| Огноо | 2023-11-06 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Х.Энхтуул |
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 2023/ДШМ/37
2023 11 06 2023/ДШМ/37
Ц.П, М.Б, М.Ч,
Ц.Э, Д.Ж, Ч.Б
нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Мөнхжаргал даргалж, шүүгч Н.Туяа, шүүгч Л.Алтан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,
Увс аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Х.Энхтуул, яллагдагч Ц.Пын өмгөөлөгч Ө.Нарантуяа, яллагдагч М.Б, Ц.Э нарын өмгөөлөгч Б.Батгэрэл, яллагдагч М.Ч-ын өмгөөлөгч Т.Уянга, шүүх хуралдааны бичгийн дарга Ц.Баттулга нарыг оролцуулан,
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Болормаа даргалж явуулсан шүүх хуралдааны 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 2023/ШЗ/270 дугаар “Хэргийг прокурор буцаах тухай” шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэн Ц.П, М.Б, М.Ч, Ц.Э, Д.Ж, Ч.Б нарт холбогдох, 2235002060015 дугаартай, 6 хавтас эрүүгийн хэргийг 2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Алтангийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Яллагдагч нарын биеийн байцаалт:
- Монгол Улсын иргэн, 1982 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, газар зохион байгуулагч мэргэжилтэй, Увс аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт газрын даамал ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Увс аймгийн Улаангом сумын .........баг, Гивааны ..тоотод оршин суух хаягтай, урьд Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2000 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 115 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан, Х овогт М-ын Б (РД:...........).
- Монгол Улсын иргэн, 1972 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, Увс аймгийн Улаангом сумын .... дугаар багийн .... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ШЦТ/136 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилээр хасаж, 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, У овогт Ц. П (РД:.............).
- Монгол Улсын иргэн, 1989 оны 10 дугаар сарын 04-нд Увс аймгийн Тэс суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, газрын кадастр мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Увс аймгийн Улаангом сумын ... дугаар багийн ..... тоотод оршин суух хаягтай, урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ШЦТ/136 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилээр хасаж, 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, Б овогт Д-гийн Ж (РД:............).
- Монгол Улсын иргэн, 1963 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 60 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, 1 хүүхдийн хамт амьдардаг, Увс аймгийн Улаангом сумын ... дугаар багийн ... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б овогт Ц-ийн Э (РД: ............).
- Монгол Улсын иргэн, 1982 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Увс аймгийн Цагаанхайрхан суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, газар зохион байгуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт амьдардаг, Увс аймгийн Улаангом сумын ......... дугаар багийн ..... тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б овогт М-ын Ч (РД: ...........).
- Монгол Улсын иргэн, 1991 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, газар зохион байгуулагч мэргэжилтэй, Увс аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт кадастрын ахлах мэргэжилтэн ажилтай, ам бүл 3, эхнэр, 1 хүүхдийн хамт амьдардаг, Увс аймгийн Улаангом сумын .. дугаар багийн ... дүгээр байрны ... тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Т овогт Ч-гийн Б (РД: ..........
Холбогдсон хэргийн талаар:
1. Яллагдагч М.Б нь нийтийн албан тушаалтан буюу Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт Улаангом сум хариуцсан газрын даамлаар ажиллахдаа Улаангом сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/04 дугаартай тогтоолоор баталсан “Сумын 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө”-д тусгагдаагүй газрыг бусдад эзэмшүүлэх нь хууль бус гэдгийг мэдсээр байж,
- Улаангом сумын 1 дүгээр багийн нутагт “Увс чацаргана” ХК-ийн зүүн талд газар эзэмших хүсэлт гаргасан иргэн Б.Батцэндэд 4989 м.кв газрыг жимс, жимсгэнийн усалгаатай тариалангийн зориулалтаар, 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх тухай сумын Засаг даргын 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр А/145 дугаартай захирамжийн төсөл,
- Улаангом сумын 5 дугаар багийн нутагт газар эзэмших хүсэлт гаргасан иргэн Д.Дд 5350 м.кв, Б.Ад 6600 м.кв газрыг жимс, жимсгэнийн зориулалтаар, 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх тухай сумын Засаг даргын 2021 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн А/114 дугаартай захирамжийн төсөл,
- Улаангом сумын 2 дугаар багийн нутагт байрлалтай, 1000 м.кв жимс, жимсгэнийн хэрэгцээний зориулалтаар эзэмшиж байсан газрын хэмжээг нэмэгдүүлэх хүсэлт гаргасан иргэн Б.Б-ын эзэмших газрын хэмжээг 3868 м.кв болгон нэмэгдүүлж, 13 жилийн хугацаатай эзэмшүүлэх тухай сумын Засаг даргын 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн А/165 дугаартай захирамжийн төслийг тус тус боловсруулан албажуулж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэх гэмт хэрэгт,
2. Яллагдагч Ц.П нь нийтийн албан тушаалтан буюу Увс аймгийн Улаангом сумын Засаг даргаар ажиллаж байхдаа Улаангом сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/04 дугаартай тогтоолоор баталсан “Сумын 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө”-д тусгагдаагүй газрыг бусдад эзэмшүүлэх нь хууль бус гэдгийг мэдсээр байж,
- Улаангом сумын 1 дүгээр багийн нутагт иргэн Б.Батцэндэд 4989 м.кв газрыг жимс, жимсгэнийн усалгаатай тариалангийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх тухай сумын Засаг даргын 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн А/145 дугаар захирамж,
- Улаангом сумын 5 дугаар багийн нутагт иргэн Д.Дд 5350 м.кв, Б.Ад 6600 м.кв газрыг жимс, жимсгэнийн хэрэгцээний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх тухай сумын Засаг даргын 2021 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн А/114 дугаартай захирамж,
- Улаангом сумын 2 дугаар багийн нутагт байршилтай 1000 м.кв газрыг иргэн Б.Бод жимс, жимсгэнийн хэрэгцээний зориулалтаар, 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх тухай сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/348 дугаар захирамж,
- мөн иргэн Б.Бын Улаангом сумын 2 дугаар багийн нутагт жимс, жимсгэнийн хэрэгцээний зориулалтаар эзэмших 1000 м.кв газрын хэмжээг 3868 м.кв болгон нэмэгдүүлж, 13 жилийн хугацаатай эзэмшүүлэх тухай сумын Засаг даргын 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн А/165 дугаар захирамж,
- Улаангом сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/07 дугаартай тогтоолоор баталсан “Сумын 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө”-д тусгагдаагүй, Улаангом сумын 5 дугаар багийн нутагт байршилтай, 10.000м.кв газрыг иргэн С.Нид жимс, жимсгэний зориулалтаар, 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх тухай 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/348 дугаартай захирамжийг тус тус гарган, газрыг эзэмшүүлэхээр олгож, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэх гэмт хэрэгт,
3. Яллагдагч Д.Ж нь нийтийн албан тушаалтан буюу Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт газрын удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа Улаангом сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/04 дугаартай тогтоолоор баталсан “Сумын 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө”-д тусгагдаагүй газрыг сумын засаг дарга захирамж гарган бусдад эзэмшүүлэх нь хууль бус гэдгийг мэдсээр байж, шууд удирдлагадаа байдаг, тус газарт Улаангом сум хариуцсан газрын даамлаар ажилладаг М.Бөд “иргэн Д.Д, Б.А нарт газар эзэмшүүлэх боломжтой арга хэмжээ авах хэрэгтэй” гэж хэлж түүнийг хатгаж, иргэн Д.Дд 5350м.кв, иргэн Б.Ад 6600м.кв газрыг жимс, жимсгэний зориулалтаар, 15 жилийн хугацаагаат эзэмшүүлэх тухай сумын Засаг даргын 2021 оны 05 сарын 06-ны өдрийн А/114 дүгээр захирамжийн төслийг боловсруулан албажуулж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт,
4. Яллагдагч Ц.Э нь нийтийн албан тушаалтан буюу Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргаар ажиллаж байхдаа , Улаангом сумын 5 дугаар багийн нутагт байршилтай газар нь Улаангом сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/07 дугаартай тогтоолоор баталсан “Сумын 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө”-д тусгагдаагүй буюу ямар нэгэн байдлаар иргэнд өмчлүүлж, эзэмшүүлэхээр төлөвлөгдөөгүй, сумын засаг дарга захирамж гаргаж бусдад эзэмшүүлэх нь хууль бус гэдгийг мэдсээр байж, өөрийн шууд удирдлагад байх, тус газрын Газрын удирдлагын хэлтсийн дарга М.Ч, Улаангом сумын газрын даамал Ч.Б нарт өөрийн төрүүлсэн эх С.Нид газар эзэмшүүлэхээр олгох талаар хүсэлт тавьж, улмаар Улаангом сумын Засаг дарга С.Паар С.Нид 10.000 м.кв газрыг жимс, жимсгэнийн хэрэгцээний зориулалтаар, 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх тухай 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/348 дугаартай захирамж гаргуулан, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт,
5. Яллагдагч М.Ч нь нийтийн албан тушаалтан буюу Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт Газрын удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа Улаангом сумын 5 дугаар багийн нутагт байршилтай газар нь Улаангом сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/07 дугаартай тогтоолоор баталсан “Сумын 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө”-д тусгагдаагүй буюу ямар нэгэн байдлаар иргэнд өмчлүүлж, эзэмшүүлэхээр төлөвлөгдөөгүй, сумын засаг дарга захирамж гаргаж бусдад эзэмшүүлэх нь хууль бус гэдгийг мэдсээр байж, шууд удирдлагад буюу тус газарт Улаангом сумын газрын асуудал хариуцсан даамлаар ажилладаг Ч.Бд “газар эзэмших хүсэлт гаргасан иргэн С.Нид газар эзэмшүүлэх боломжтой арга хэмжээ авах хэрэгтэй” гэж хэлж, түүнийг хатгаж, С.Нид 10.000 м.кв газрыг жимс, жимсгэнийн хэрэгцээний зориулалтаар, 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх тухай сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/348 дугаартай захирамжийн төслийг боловсруулан албажуулж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн гэмт хэрэгт,
- мөн Улаангом сумын 2-р багийн нутагт байрлах газар нь “Сумын 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө”-д тусгагдаагүй буюу ямар нэгэн байдлаар иргэнд өмчлүүлж, эзэмшүүлэхээр төлөвлөгдөөгүй, сумын засаг дарга захирамж гаргаж бусдад эзэмшүүлэх нь хууль бус гэдгийг мэдсээр байж, шууд удирдлагад буюу тус газарт Улаангом сумын газрын асуудал хариуцсан даамлаар ажилладаг Ч.Бд “ иргэн Б.Бод 1000 м.кв газрыг жимс, жимсгэнийн зориулалтаар олгох газрын асуудал яасан бэ” гэх зэргээр удаа дараагийн үйлдлээр сануулж, түүнийг хатгаж, иргэн Б.Бод 1.000 м.кв газрыг жимс, жимсгэнийн хэрэгцээний зориулалтаар, 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх тухай сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/348 дугаартай захирамжийн төслийг боловсруулан албажуулж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн гэмт хэрэгт,
6. Яллагдагч Ч.Б нь нийтийн албан тушаалтан буюу Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт Улаангом сумын газрын асуудал хариуцсан даамлаар ажиллахдаа иргэн Б.Б, С.Н нарын эзэмшихээр хүсэлт гаргасан Улаангом сумын 5-р баг болон 2-р багт байрлах газрууд нь Улаангом сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/07 дугаартай тогтоолоор баталсан “Сумын 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө”-нд тусгагдаагүй буюу ямар нэгэн байдлаар иргэнд өмчлүүлж, эзэмшүүлэхээр төлөвлөгдөөгүй, сумын засаг дарга захирамж гаргаж бусдад эзэмшүүлэх нь хууль бус гэдгийг мэдсээр байж, иргэн С.Нид 5-р багийн нутагт 10.000 м.кв газрыг жимс жимсгэнийн хэрэгцээний зориулалтаар,
- иргэн Б.Бод Улаангом сумын 2-р багт 1000 м.кв газрыг жимс жимсгэнийн хэрэгцээний зориулалтаар тус тус 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх тухай сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/348 дугаартай захирамжийн төслийг боловсруулан албажуулж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт тус тус холбогджээ /яллах дүгнэлтэд тусгагдснаар/.
2. Увс аймгийн Прокурорын газраас: яллагдагч У овогт Ц-ий П-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
- яллагдагч М-ын Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар
- яллагдагч Б овогт Ц-ийн Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар
- яллагдагч Б овогт Д-гийн Ж-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар
- яллагдагч Б овогт М-ын Ч-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
- яллагдагч Т овогт Ч-гийн Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
3. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 2023/ШЗ/270 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжаар:
- яллагдагч М.Б, Ч.Б, Ц.П, Ц.Э, Д.Ж, М.Ч нарт холбогдох, 2235002060015 дугаартай эрүүгийн хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр Увс аймгийн Прокурорын газарт буцааж,
- хэрэг прокурорт очтол яллагдагч Ц.П, М.Б, Д.Ж, Ц.Э, М.Ч, Ч.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж,
- хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн эд зүйлгүйг дурдаж тус тус шийдвэрлэжээ.
4. Увс аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Б.Батцоож давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн эсэргүүцэлдээ: “...Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хэргийг яллагдагч нарын өмгөөлөгчдөөс гаргасан хүсэлтийн дагуу шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд 2023/ШЗ/270 дугаартай захирамжаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.
Хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 10 цаг 12 минутад хүлээн авч танилцаад хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг үндэслэлгүй, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэн дараах үндэслэлээр эсэргүүцэж байна.
4.1.Гэмт хэргийг улмаас хэний эрх ашигт хохирол учирсан, хэний ямар эрх ашиг хөндөгдсөн гэдгийг тогтоох нь хохирогчоор хэнийг тогтоох, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр ямар хүнийг оролцуулахыг шийдвэрлэдэг чухал ач холбогдолтой.
Нэр бүхий 6 яллагдагчид холбогдох эрүүгийн хэргийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг юм. Уг гэмт хэрэг нь төрийн албан хаагчаас албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад болон өөртөө давуу байдал бий болгосон шийдвэр гаргах, үйлдлийг хийснээр төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.
Уг гэмт хэрэг нь хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг зөрчсөн үйлдэл тул гэмт хэргийн хохирогчийг төр гэж үзэх боломжтой юм.
Тангараг өргөсөн төрийн алба хаагч хууль зөрчиж, төрийн албаны үйл ажиллагааг хувьдаа болон бусдад давуу байдал бий болгосон шийдвэр гаргаж төрийн эрх ашигт хохирол учирсан тул төрийн албан хаагч буюу Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын тамгын газрын мэргэжилтнийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчсөн үндэслэл болохгүй.
4.2. Энэ хэрэгт Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын мэргэжилтэн Б.Быг хамтран оролцсон гэх үндэслэл мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдоогүй. Шүүх Б.Бын гэрчээр өгсөн мэдүүлгийн агуулгыг үнэлэхгүйгээр түүнийг тус газарт 10 гаруй жил барилгын хэлтэст мэргэжилтнээр ажиллаж байгаад 2021 оноос тус газрын барилгын хэлтсийн даргаар ажиллаж байгаа гэх талаар дурдаж, албан тушаалын байдал, эрх нөлөөгөө ашиглан өөртэй давуу байдал бий болгосон байж болзошгүй гэж дүгнэн хэргийг прокурорт буцаах үндэслэл болгосон нь үндэслэлгүй байна. Түүнийг тус газарт 10 гаруй жил ажилласан тул газрын асуудлыг мэддэг байх ёстой гэж үзэж, түүнд ял халдаах нь хүний эрхийн ноцтой зөрчил болно.
4.3. Шүүхээс ..иргэн С.Нид 10,000 м.кв газрыг хууль бусаар эзэмшүүлсэн гэх шийдвэр буюу Улаангом сумын засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/348 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийг хүчингүй болгосон эсэхийг мөрдөн шалгах ажиллагаагаар гүйцэтгүүлэх шаардлагатай гэж үзсэн нь үндэслэлгүй байна.
Хэрэгт авагдсан баримтуудаар иргэн С.Н нь яллагдагч Ц.Эын төрсөн ээж болох нь тогтоогддог, түүнээс гэрчийн мэдүүлэг авсан ба түүнд газар эзэмшүүлэх эрх олгосон засаг даргын захирамжийг хүчингүй болгосон шийдвэр гараагүй. Уг газрыг иргэн С.Нийн эзэмшилд шилжүүлэхэд түүний хүү Ц.Э албан тушаалын байдлаа ашиглан нөлөөлж, давуу байдал олгосон эсэх гэм буруугийн асуудлыг шүүхээр эцэслэн тогтоосон тохиолдолд уг газар эзэмшүүлсэн шийдвэрийг захиргааны журмаар шийдвэрлэх асуудал яригдах тул шүүгчийн захирамжийн энэ хэсгийн заалт үндэслэлгүй байна.
4.4. Ц.П, Д.Ж нарт эрүүгийн хариуцлага оногдуулсан 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ШЦТ/136 дугаартай шийтгэх тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулж, энэ хэрэгт нь нэгтгэн шийдвэрлэх талаархи шүүхийн дүгнэлт нь үндэслэлгүй байна.
Хавтаст хэрэгт авагдсан ял шалгах хуудас, яллагдагч Ц.П, Д.Ж нарт эрүүгийн хариуцлага оногдуулсан 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ШЦТ/136 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар зэрэг баримтаар яллагдагч Ц.П, Д.Ж нар нь торгох ялаар шийтгүүлж, уг ялыг эдэлж байгаа нөхцөл байдал тогтоогдсон.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт: “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заасан.
Тодруулбал: Шүүгдэгчийг гэм буруутай гэж үзэн ял оногдуулах үед шүүгдэгч ялтай байсан нөхцөл байдал үүсвэл өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэх, эсхүл тусад нь эдлүүлэх талаар шүүх шийдвэрлэх боломжтой хуулийн заалт хүчин төгөлдөр үйлчилж байхад хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах үндэслэл болгож байгааг хүлээн авах боломжгүй юм.
4.5. Гэрч Б.Б нь иргэн С.Нийн эзэмшлийн газар дээр хувийн орон сууц барьсан ба иргэн С.Нийн газар эзэмших эрхийг цуцалсан тохиолдолд иргэн Б.Бын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх тул иргэний хуульд заасан журмын дагуу уг асуудлыг шийдвэрлэх боломжтой байна.
5. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс эрүүгийн 2235002060015 дугаартай, яллагдагч М.Б нарт холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцэж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 2023/ШЗ/270 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Х.Энхтуул тайлбар, дүгнэлтдээ: “Прокурорын бичсэн 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 8 дугаартай эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Анхан шатны шүүхээс 270 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт 5 үндэслэлээр буцаасан. Дээрх 5 үндэслэлийг прокурорын эсэргүүцэлд дурдаж тайлбарласан.
Давж заалдах шатны шүүх нь прокурорын эсэргүүцэлд дурдсанаас гадна хэргийг бүхэлд хянах үүрэгтэй байдаг. Энэ засаж залруулж хүн, хуулийн этгээдийн эрх ашгийг хамгаалагдахад чиглэсэн ажиллагаа юм. Ийм учраас анхан шатны шүүхээс буцаасан заалт нэг бүр дээр дүгнэлт хийж өгнө үү.
Ц.Пын хэргийг өмнө нь шүүхээр шийдвэрлэсэн нь онцгой ажиллагаа биш. Энэ нь хэн нэгний буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан, эсхүл шүүхэд өмнө нь илрээгүй байсан, гэрч шинжээч худал мэдүүлэг, дүгнэлт гаргасан, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн зэрэг асуудлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлд заасан ажиллагаанд хамаарахгүй учраас шүүхээс буцаасан энэ заалтыг үндэслэлгүй гэж үзэж байна.
Тухайн гэмт хэргийг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэж дүгнээд хохирол хор уршгийг асуудлыг шийдвэрлэхгүй орхигдуулж байна гэж яллагдагч нарын өмгөөлөгч нар тайлбарласан. Энэ хэрэгт 5 иргэнд газар олгосон асуудалд холбогдуулан 6 иргэнийг яллагдагчийг татсан асуудал байгаа. Ц.Эын ээж Нид олгогдсон 10.000 мкв газрыг заавал хүчингүй болгосны дараа хохирол хор уршиг арилна. Тийм учраас үүнийг хүчингүй болгуулах ёстой гэж үзсэн. Яллагдагч нарын өмгөөлөгчдийн дээр дурдсан ажиллагаанууд нь мөрдөн байцаалтын шатанд хийгдсэн ажиллагаа байна. Яллагдагч нарыг гэм буруутайд тооцсон тохиолдолд иргэний хуулиар энэ асуудлыг зохицуулах боломжтой гэж үзэж байна. Б.Быг яллагдагчаар татах нь Үндсэн хуульд заасан хүний эрхийг зөрчиж байна гэдэг агуулгаар эсэргүүцэл бичээгүй.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Б албан тушаалын дарамт шахалт үзүүлсэн, нөгөө талаас шан харамж өгсөн, авсан асуудал тогтоогдоогүй байгаа учраас энэ хүнийг холбогдуулан шалгах шаардлагагүй байна. Тухайн хэрэгт холбогдуулан шалгах нь прокурорын зүгээс эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж мэдүүлэг авах ажиллагааг хэлдэг.
Ийм учраас анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 2023/ШЗ/270 дугаар шүүгчийн захирамж үндэслэлгүй гарсан байна. Тиймээс прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 2023/ШЗ/270 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлж өгнө үү” гэв.
6. Яллагдагч М.Б, Ц.Э нарын өмгөөлөгч Б.Батгэрэл давж заалдах шатны шүүхэд гаргасан санал, тайлбартаа: “Давуу байдал олгож газар олгосноор хохирол хор уршгийн асуудлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт орхигдуулах тохиолдол их байна. Яагаад гэвэл тухайн газар хууль бусаар олгосон захирамж гарснаар энэ гэмт хэрэг төгсдөг, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй хэрэг юм.
Иймд хохирогчийн асуудлыг зайлшгүй тогтоох шаардлага байна гэж үзэж байна. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулиар Иргэдийн төлөөлөгчдийн хурал орон нутгийн өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлэхээр заасан. Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь Газрын тухай хуульд зааснаар аймаг нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг баталдаг бүрэн эрхтэй учраас тухайн субъектийн ямар эрх ашиг хохирсныг тогтоох шаардлагатай гэж үзэж байна.
Б.Бын эрх, ашиг сонирхол зөрчигдөж байна. Прокурор Быг яллагдагчаар татвал Үндсэн хуульд заасан эрх нь зөрчигдөн гэж үзэж байна. Б.Быг шалгаад гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдал тогтоогдвол шалгах ёстой. Огт гэм зэмгүй хүнийг яллагдагчаар татаад ир гэж шүүгчийн захирамжид заагаагүй. Газрын зориулалтын хэмжээг өөрчлөхдөө яаж өөрчилсөн, албаны дарга нь мэргэжилтнүүддээ нөлөөлсөн асуудал байгаа эсэхийг шалгах шаардлагатай гэж үзсэн. Үүнийг шалгаж тогтоох нь Үндсэн хуульд заасан эрхийг нь зөрчөөд байна гэж прокурор тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.
Давж заалдах шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд заасны дагуу гомдол, эсэргүүцлийг шийдвэрлэхдээ тухайн хэргийн ажиллагааг бүхэлд хянана гэж заасан. Шүүгчийн захирамжид Сайнжаргал гэдэг хүнээр шинжээчийн дүгнэлт гаргуулахаар дурдсан. Гэтэл энэ хүн нь дүгнэлт гаргах эрхтэй эсэх нь эргэлзээтэй байна. Давж заалдах шатны шүүхээс өмгөөлөгч миний урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан хүсэлтийг хянаж үзнэ үү.
Хөрөнгийн үнэлгээг Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан тусгай эрхтэй субъектүүд гаргахаар зохицуулсан. Газрын суурь үнэлгээг тогтоосон эсэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдал байна. Тухайн газарт Улаангом сумын хот байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, Улаангом сумын хөгжлийн төлөвлөгөөнүүдийг хэрэгт авхуулахаар гаргасан хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан. 2050 он хүртэл төлөвлөгөө нь батлагдаад хэрэгжиж байгаа. Энэ ажиллагааг хийх нь буруутах зүйл байхгүй гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх энэ асуудлыг нэмж хянаж өгнө үү” гэв.
7. Яллагдагч М.Чын өмгөөлөгч Т.Уянга давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан санал, тайлбартаа: “Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг дахин тогтоох үндэслэлгүй байна гэж улсын яллагч эсэргүүцэлдээ дурдсан. Миний хувьд хохирогчоор буруу хүнийг тогтоосон гэж үзэж байгаа. Яагаад гэвэл иргэдэд өмчлүүлснээс бусад газар нь Үндсэн хуульд заасны дагуу төрийн нийтийн өмч байна гэж заасан.
Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж , түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.11, мөн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-т Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь аймаг нийслэл, сум дүүргийн өмчийг төлөөлөн өмчлөгч нь байна гэж заасан. Иймд тухайн байгууллагаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч тогтоож мэдүүлэг авах ажиллагааг хийх шаардлагатай.
Холбогдсон зүйл анги нь хэдий хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэсэн ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5-д заасны дагуу хохирол, хор уршгийн асуудлыг шийдвэрлэх нь зохистой.
С.Н гэдэг хүнд газар эзэмшүүлсэн шийдвэр хүчинтэй байгаа эсэхийг шалгах шаардлагатай гэж шүүхээс үзсэн. Энэ хэрэгт нэр бүхий 5 иргэнд хууль бусаар газар олгосон асуудалд эрүүгийн хэрэг үүсгэж, шүүх рүү шилжүүлсэн.
Эдгээрээс 4 иргэнийх нь газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон. Харин С.Нийн газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчин төгөлдөр байгаа.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг гэсэн ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5-д заасны дагуу хохирол хор уршгийн хэр хэмжээг зайлшгүй тогтоох шаардлагатай учраас хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэж үзэж орхигдуулж болохгүй. Иргэдэд хууль бусаар газар олгосон сумын Засаг даргын захирамжийг хүчингүй болгох эрх хэмжээ шүүхэд байхгүй. Энэ албан тушаалтнууд хууль бусаар газар олгосон шийдвэр нь хууль бус байна гэж үзэж, эрүүгийн хариуцлага оногдуулахад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт буюу зөрчигдсөн эрхийг арилгах зорилт хангагдахгүй.
Хохирол хор уршгийн хэмжээ тодорхойгүй байна. Улаангом сумын ЗДТГ-аас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр томилсон С.Буяндалай гэдэг хүнээс мөрдөн байцаалтын шатанд 2 удаа мэдүүлэг авсан боловч хохирлын талаар асууж тодруулаагүй. Мөн хохирогчоор томилогдсон хүн нь шүүх хуралдаанд оролцдоггүй.
Газрыг хууль бусаар олгосон гэж үзэж байгаа бол хохирол, хор уршиг арилсан байх ёстой. Гэтэл С.Нид олгосон газрын хувьд хохирол хор уршиг арилсан нөхцөл байдал байхгүй. Үүнийг нэхэмжлэх эсэх нь тодорхойгүй байна. Гэрч Быг иргэний нэхэмжлэгчээр зайлшгүй татах ёстой гэж үзэж байна. Гэрч Б нь С.Н гэдэг хүний 10.000 мкв газраас тодорхой хэмжээний газрыг худалдаж аваад байшин барьсан, 200 гаруй чацарганын суулгац тарьсан, худаг гаргасан зэрэг тодорхой хэмжээний зардлуудыг гаргасан. Тухайн 10.000 мкв газраас ямар хэмжээний газрыг хэдэн төгрөгөөр Бд зарсан, мөн худалдаж авсан газар дээр хэдий хэмжээний зардлаар хөрөнгө бий болгосон гэдгийг тогтоогоогүй.
Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн 2023/ШЗ/270 дугаартай захирамжийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
8. Яллагдагч Ц.Пын өмгөөлөгч Ө.Нарантуяа давж заалдах шатны шүүхэд гаргасан санал, тайлбартаа: “...Нэр бүхий 6 яллагдагчид холбогдуулан мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, прокурорын байгууллагаар хянагдаж анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг зарлан холбогдох хэргийг хянан хэлэлцсэн.
Анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 2023/ШЗ/270 дугаартай шүүгчийн захирамж үндэслэлтэй гэж үзэж байна. Миний хувьд Ц.Пт хууль зүйн туслалцаа үзүүлж, түүний эрх ашгийг хамгаалж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа. Прокурорын гаргасан эсэргүүцэл нь үндэслэлгүй байна.
Яагаад гэвэл миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдал нь дордох нөхцөл байдал байгаа учраас хэргийг прокурорт буцаах нь үндэслэлтэй байна. 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 270 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь :
1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 2023/ШЗ/270 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэн яллагдагч Ц.П, М.Б, М.Ч, Ц.Э, Д.Ж, Ч.Б нарт холбогдох, 2235002060015 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүх яллагдагч Ц.П, М.Б, М.Ч, Ц.Э, Д.Ж, Ч.Б нарт холбогдох эрүүгийн хэрэгт өмгөөлөгч Б.Батгэрэл, Т.Уянга, яллагдагч Ц.П нарын хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байх ба шүүгчийн захирамжид дурдсан, нэмэлт ажиллагаа хийлгэх зарим үндэслэл нь хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолгүй, хэрэгт нотолбол зохих байдалд хамаарахгүй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэлээ.
2.1. Хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжийн Тодорхойлох нь хэсгийн 3-т заасан: С.Нид 10.000 м.кв газар эзэмшүүлэхээр олгосон Улаангом сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/348 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийг хүчингүй болгосон эсэхийг тогтоох ажиллагааг мөрдөн шалгах ажиллагаагаар гүйцэтгүүлэх шаардлагатай гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд энэ ажиллагааг хийх нь хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолгүй байна.
Тодруулбал, уг газар эзэмшүүлэх шийдвэрийг хууль зөрчиж гаргасан болон хууль бус шийдвэр гаргахад зохион байгуулсан, дэмжлэг үзүүлэн хамжих, хатгах зэргээр гэмт хэрэгт хамтран оролцсон гэж яллаж буй этгээдүүдийн гэм буруутай эсэхийг шүүхээс тогтооход тухайн шийдвэрийг хүчингүй болгосон эсэх нь нөлөөлөхгүй болно.
Түүнчлэн шүүгчийн захирамжид дурдсанаар, “ Газар эзэмшүүлэх тухай” захирамжийг хүчингүй болгосон эсэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан нотолбол зохих байдал буюу яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамааралгүй байна.
2.2. Шүүгчийн захирамжийн Тодорхойлох нь хэсгийн 4-т: яллагдагч Ц.П, Д.Ж нар урьд нь энэ төрлийн буюу Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял шийтгүүлсэн байх тул тэдгээрийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх зорилгоор Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ШЦТ/136 дугаар шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр бүлэгт заасан онцгой журмаар хянуулж, энэ хэрэгт нь нэгтгэн мөрдөн шалгах ажиллагаа явуулах эсэхийг нэмэлт ажиллагаагаар шийдвэрлүүлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан нотолбол зохих асуудалд хамаарах талаар хийсэн шүүхийн дүгнэлт нь Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцээгүй гэж дүгнэв.
Хэрэгт, яллагдагч Ц.П, Д.Ж нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар тус тус гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулсан Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ШЦТ/136 дугаартай шийтгэх тогтоол, ял шалгах хуудас зэрэг нотлох баримтууд авагдсан байна.
Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталж, 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн Эрүүгийн хууль / шинэчилсэн найруулга/-ийн 6.9 дүгээр зүйлд: Хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах үндэслэл, журмыг хуульчлахдаа зөвхөн “...ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахын өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд ялыг хэрхэн нэмж нэгтгэх асуудлыг зохицуулсан байсан бол уг зүйл, хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулахдаа “...ялтан шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол ” ялыг хэрхэн нэмж нэгтгэх зохицуулалтыг шинээр нэмсэн байна.
Тодруулбал, дагаж мөрдөж буй Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1-4 дэх хэсэгт хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах асуудлыг тусгайлан зохицуулсан байх тул яллагдагч Ц.П, Д.Ж нарыг одоо холбогдуулж буй гэмт хэрэгт нь шүүхээс гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх тохиолдолд тэдгээрийн өмнөх шийтгэх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэхийг дээрх хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэрлэхээр байна.
Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1-р зүйлийн 1 дэх хэсгийн 1-4-т : Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянах үндэслэлүүдийг заасан ба шүүгчийн захирамжид дурдсан үндэслэл нь дээрх хуульд заасан шүүхийн шийдвэрийг хянах үндэслэлүүдэд хамаарахгүй болно.
Иймд шүүгчийн захирамжид дурдсан энэхүү үндэслэлээр хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагагүй байна.
2.3. Шүүгчийн захирамжийн Тодорхойлох нь хэсгийн 5-т : Хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн Б.Баас мэдүүлэг авч, түүнийг хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоох эсэх асуудлыг нэмэлт ажиллагаагаар гүйцэтгүүлэх талаар хийсэн дүгнэлт нь үндэслэлгүй, энэ нь хэргийн бодит байдлыг тогтооход хамааралгүй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэн С.Нид 10.000 м.кв газар эзэмшүүлэх Улаангом сумын Засаг даргын шийдвэр гарсантай холбогдуулан уг газрыг хэн, ямар зориулалтаар хэрхэн эзэмшиж буй талаар тодруулах зорилгоор гэрчүүдээс мэдүүлэг авах ажиллагаа хийгдсэн байх ба гэрч Б.Бын мэдүүлэг 3-р хх-ийн 169 –р талд авагдсан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1-т : “ Гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч” гэж тодорхойлжээ.
Хэрэгт авагдсан баримтуудаар яллагдагч нарын холбогдож буй гэмт хэргийн улмаас иргэн Б.Бын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан болон бусад эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн, эд хөрөнгийн болон эдийн бус хохирол хүлээсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул түүнийг энэ хэрэгт иргэний нэхэмжлэгчээр татах ажиллагаа явуулах нь энэ хэрэгт ач холбогдолгүй буюу зайлшгүй хийгдэх ажиллагаа биш байна.
2.4. Шүүгчийн захирамжид заасан дээрх ажиллагаануудыг дээр дурдсан үндэслэлүүдээр гүйцэтгүүлэх шаардлагагүй гэж дүгнэж, прокурорын эсэргүүцлээс энэ хэсгүүдийг хүлээн авах үндэслэлтэй байна.
3. Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчмыг хангуулах зорилгоор, мөн хуулийн 1.7 дугаар зүйлд зааснаар хэргийн бодит байдлыг тогтоолгохоор “Хэргийн прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийн Тодорхойлох нь хэсгийн 1, 2 дугаар хэсэгт заасан ажиллагааг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.
3.1. Анхан шатны шүүх: “...яллагдагч нарыг Газрын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж, сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг нэр бүхий этгээдүүдэд олгож, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа гэмт хэргийн хохирогчийг зөв тогтоогоогүй,
- мөн прокурорын яллах дүгнэлтэд тусгасан зарим үйлдэлд гэм буруутай өөр этгээд байгаа эсэхийг нарийвчлан шалгах шаардлагатай гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан нь хэргийн бодит байдлыг тогтоох зарчимд нийцсэн байх бөгөөд шүүгчийн захирамжид заасан эдгээр ажиллагааг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй байна.
3.2. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар иргэнд өмчлүүлснээс бусад газар төрийн нийтийн өмч байхаар, нийтийн өмчийг хамгаалах, өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлэх субъект нь тухайн аймаг, сум, нийслэл дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал байхаар хуульчилсан байхад яллагдагч Ц.П, М.Б, Д.Ж, М.Ч, Ч.Б нарт холбогдох эрүүгийн хэрэгт хохирогчоор Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын тамгын газрыг тогтоосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1-т заасан хуулийн шаардлагад нийцээгүй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх ба энэхүү шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх хууль зүйн үндэслэл бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
3.3. Прокурорын давж заалдах шатны шүүхэд гаргасан : “ ... шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах “ гэмт хэргийн үндсэн шинжийг анхаарч үзээгүй, энэ гэмт хэргийн улмаас заавал материаллаг хохирол учирсан байхыг шаардахгүй, нийтийн албан тушаалтан хууль бус шийдвэр гаргаснаар төгсдөг, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг” гэх эсэргүүцэл, дүгнэлт нь хуульзүйн үндэслэлгүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжид материаллаг хохирол учирсан байхыг шаардсан эсэхээс үл хамааран гэмт хэргийн хохирогчийг зөв тогтоох шаардлагатай бөгөөд хохирогчийг зөв тогтоогоогүй нь мөрдөн шалгах ажиллагаа хууль ёсны болж чадаагүй гэж үзэх үндэслэл болох тул энэхүү ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх хуульзүйн боломжгүй болно.
3.4. Энэ хэрэгт буюу яллагдагч Ц.П, М.Ч, М.Ч, Ч.Б нарын яллагдаж буй, Улаангом сумын 2 дугаар багийн нутагт байршилтай 1000 м.кв газрыг иргэн Б.Бод жимс, жимсгэнийн хэрэгцээний зориулалтаар, 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх тухай сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/348 дугаар захирамж,
- мөн иргэн Б.Бод Улаангом сумын 2 дугаар багийн нутагт жимс, жимсгэнийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлсэн 1000 м.кв газрын хэмжээг 3868 м.кв болгон нэмэгдүүлж, 13 жилийн хугацаатай эзэмшүүлэх тухай сумын Засаг даргын 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн А/165 дугаар захирамжуудыг гаргуулж, газар эзэмшүүлж, давуу байдал бий болгоход хамтран оролцсон гэх үйлдлүүдэд тухайн үед Увс аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын барилгын хэлтсийн мэргэжилтнээр ажиллаж байсан Б.Б нь дээрх нэр бүхий яллагдагч нарыг өөртөө газар эзэмшүүлэх шийдвэр гаргуулахад хамтран оролцсон эсэхийг нарийвчлан шалгах шаардлагатай талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдлыг тогтоох зарчимд нийцсэн байна.
Тодруулбал, хэргийн талаар нотолбол зохих байдал буюу гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэрэгт хамтран оролцсон оролцоо зэргийг бүрэн шалгаж, хөдөлбөргүй, эргэлзээгүй байдлаар тогтоох нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцэх тул прокурорын энэ талаар бичсэн эсэргүүцлийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй.
4. Прокуророос яллагдагч нарыг гэмт хэрэгт хамтран оролцсон үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэхдээ: яллагдагч М.Бийн зарим үйлдэл, яллагдагч Д.Ж, М.Ч, Ч.Б нарын үйлдлийг ....газар эзэмшүүлэх тухай засаг даргын захирамжийн төслийг боловсруулан албажуулж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэж тусгасан байна.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Газрын тухай хуульд заасны дагуу иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргах буюу захирамжийн төслийн үндэслэлийг хянаж, албажуулах чиг үүрэг эрх бүхий этгээд нь сум, дүүрэг, аймаг, нийслэлийн Засаг дарга байна.
Дээрх яллагдагч нарын үйлдлийг “... газар эзэмшүүлэх тухай засаг даргын захирамжийн төслийг боловсруулан албажуулж...” гэж тодорхойлсон нь хэрэгт тогтоогдсон нөхцөл байдалтай нийцээгүй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1, 3.2, 3.3, 3.4, 3.5, 3.6, 3.7 дугаар зүйлд гэмт хэрэгт хамтран оролцогчдын хэлбэрийг тус тус тодорхойлсон ба прокурор яллагдагч тус бүрийн энэ гэмт хэрэгт хамтран оролцсон оролцоог зөв тодорхойлж, дээрх хуулийн холбогдох зүйл, хэсэгт нийцүүлэхийг тэмдэглэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 2023/ШЗ/ 270 дугаар “ Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 08 дугаар эсэргүүцлээс “ Шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсгийн 3, 4, 5 дахь хэсэгт заасан үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэх хэсгийг хангасугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧИД Н.ТУЯА
Л.АЛТАН
.