| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэрэндашийн Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 128/2024/0444/З |
| Дугаар | 128/ШШ2025/0107 |
| Огноо | 2025-02-03 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 128/ШШ2025/0107
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С******* ХХК /РД:*******/
Хариуцагч: Хан-Уул дүүргийн Засаг дарга нарын хоорондын Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэг, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт заасны дагуу эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, мөн хариуцагчийн үйлдэл Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7 дахь хэсэг, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2 дахь хэсэгт заасны дагуу илт хууль бус үйлдэл болохыг тус бүр тогтоолгож, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.А*******д С******* ХХК-ийн газар ашиглах гуравласан гэрээнд гарын үсэг зурахыг даалгах маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мандах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч С******* ХХК-иас ХУД-ийн Засаг дарга Ж.А*******гийн С******* ХХК нь газар ашиглах гурвалсан гэрээнд ямарч шалтгаангүйгээр гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулаагүй үйлдэл Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэг, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт заасны дагуу эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, мөн хариуцагчийн үйлдэл Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7 дахь хэсэг, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2 дахь хэсэгт заасны дагуу илт хууль бус үйлдэл болохыг тус бүр тогтоолгож, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.А*******д С******* ХХК-ийн газар ашиглах гуравласан гэрээнд гарын үсэг зурахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гарган, маргаж байна.
2. Хэргийн үйл баримт:
2.1. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/220 дугаар Газар ашиглах эрхийг дуусгавар болгох, газар ашиглах зөвшөөрөл олгох, гэрчилгээний солбицол өөрчлөх тухай тушаалаар
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 36 дугаар зүйлийн 36.1 дах хэсэг, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын ирүүлсэн хүсэлтүүдийг тус тус үндэслэн 1. Улсын тусгай хамгаалалттай газарт газар ашиглах зөвшөөрөлтэй 23 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын ирүүлсэн хүсэлтүүдийг нь үндэслэн газар ашиглах эрхийг нэгдүгээр хавсралтаар дуусгавар болгож, эдгээр иргэн, аж ахуйн нэгж байгууллагатай байгуулсан гэрээг цуцалсугай.
2. Улсын тусгай хамгаалалттай газрын зөвшөөрөгдсөн бүсэд газар ашиглах хүсэлт гаргасан хоёрдугаар хавсралтад дурдсан 123 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглах зөвшөөрөл олгосугай гэж шийдвэрлэжээ.
2.2. Дээрхи тушаалын хоёрдугаар хавсралтын 55-д С******* ХХК-нд Богдхан уулын дархан цаазат газар, Хан-Уул дүүрэг, Т гэх газар аялал жуулчлалын зориулалтаар 4.0 га газрыг 5 жилийн хугацаатайгаар ашиглуулахаар олгож, Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 2016/******* дугаар гэрчилгээг олгожээ.
2.3. Улмаар Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн №2017/048 дугаар гэрээнд Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны дарга Ц.Ш, С******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.О нар гарын үсэг зурж, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.А******* гарын үсэг зураагүй байна.
3.1. Нэхэмжлэгч С******* ХХК нь 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ: ...С******* ХХК-д БОАЖЯ-ны Сайдын 2016 оны 07-р сарын 07-ны өдрийн А/220 тушаалаар Хан-Уул дүүрэг Богдхан Уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд 4 га газрыг 5 жилийн хугацаагаар эзэмшиж, ашиглах эрх олгосон юм. Хууль болон эрх бүхий байгууллагын шаардлагын дагуу манай С******* ХХК нь газар ашиглах гурвалсан гэрээг Богдхан Уулын дархан цаазат газартай 3 удаа гэрээ байгуулсан юм. Уг гэрээнд Хан-Уул дүүргийн Засаг дарга гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулах байсан ч ХУД-ийн Засаг дарга нь хуулиар хүлээсэн уг үүргээ ямар ч шалтгаангүйгээр одоо хүртэл биелүүлээгүй болно.
Газрын тухай хуулийн 40.1.6-д зааснаар ХУД Засаг дарга нь дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар эзэмшиж буй иргэн, аж ахуйн нэгжийн гурвалсан гэрээнд гарын үсэг зурах хуулиар хүлээсэн үүргээ ямар ч шалтгаангүйгээр огт биелүүлээгүй хууль зөрчсөн юм. Шалтгаан тодорхойгүй, аливаа зөрчил гараагүй байхад тодорхойгүй шалтгаанаар гэрээг баталгаажуулаагүй үйлдэл гаргаж, бичгээр болон амаар ямар нэгч хариу тайлбар өгөөгүй болно.
Нэг удаа Авлигатай тэмцэх газар, Байгаль орчин аялал жуулчлалын яам хамтарсан шалгалтын хүрээнд аливаа хүсэлт, өргөдлийг шийдвэрлэхийг зогсоож шалгалтын ажлыг явуулсан гэх шалтаг туслах нь хэлсэн. Тус шалгалтын хүрээнд манай компани аливаа зөрчилгүй болох нь тогтоогдсон боловч гурвалсан гэрээнд гарын үсэг зураагүй, баталгаажуулаагүй.
Түүний дараа бүх нийтийн цар тахал гарсантай холбоотой улс даяар төрийн болон хувийн хэвшлийн үйл ажиллагааг зогсоож ковидын хамгаалалтын горимд шилжсэнтэй холбоотой үйл ажиллагааг зогсоосонч 2020 оноос нөхцөл байдал өөрчлөгдсөн.
Аргаа бараад нэхэмжлэгч тал нь Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албатай графикийн дагуу газрын төлбөрийг төлөхөөр зөвшилцсөний үндсэн дээр 2020 оноос газрын төлбөрийн үнэ шинэчлэгдэж 1-р улиралд 21,000,000 төгрөгийн төлбөрийг төлсөн. Газрын алба танай гурвалсан гэрээ байхгүй тул газрын төлбөрийн даалгавар үүсгэх, төлсөн төлбөрийг чинь бүртгэх боломжгүй байна. Иймд гурвалсан гэрээгээ баталгаажуул гэсэн шаардлага тавьж байсан.
Газрын тухай хуулийн 40.1.6-р заалтын хувьд Тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулах гэж буй аж ахуй нэгж байгууллага нь төсөл хөтөлбөрийг холбогдох төрийн эрх бүхий байгууллагад танилцуулж батлуулснаар төслийн ажлыг эхлүүлэх, гүйцэтгэх боломж бүрддэг. Гэтэл манай газрын гурвалсан гэрээг шалтгаангүйгээр батлахгүй, Хан-Уул дүүргийн Засаг дарга гарын үсэг, тамга тэмдэг дарж баталгаажуулаагүй үйлдэл нь өөрөө манайхыг үйл ажиллагаа явуулах боломжийг шууд хаасан. Жишээ нь манай компани Хот байгуулалт хөгжлийн газарт төслийн танилцуулга хүргүүлж Архитектур төлөвлөлтийн даалгавар хүсэхэд түүний бүрдүүлэх материалд "Тусгай хамгаалалттай газар нутагт, газар ашиглах гурвалсан гэрээ"-г заавал бүрдүүлж өгөх ёстой байдаг. Үүнээс болж өөрийн газар дээр нэг ч хөдөлгөөн хийх боломжгүй болгосон төрийн байгууллагын буруутай үйлдлийг манай компани хариуцах үндэслэлгүй гэж үзэж байна. Энэ хугацаанд манай компани нь 3 удаа Богдхан уулын дархан цаазат газар болон БОАЖЯ, ХУД Засаг даргад гэрээ бусад албан бичиг илгээсэн боловч төрийн байгууллагын албан тушаалтнуудын хүнд суртал давамгайлж манай компанийг хохироосон болно.
Үүнээс үүдэн БОАЖЯ-ны Сайд нь 2022 оны 12-р сарын 21-ны өдрийн А/597 тушаалаар манай компанийн дээрх 4 га газар эзэмшиж, ашиглах эрхийг газар ашиглаагүй шалтгаанаар дуусгавар болгож шийдвэрлэсэн. Одоо шүүхийн шатанд маргаантай яваа билээ. Тус шийдвэр гарах болсон шалтгаант нөхцөл нь ХУД Засаг дарга Ж.А******* манай газар ашиглах гурвалсан гэрээнд гарын үсэг зураагүй эс үйлдэхүй, түүний илт хууль бус үйлдлээс шалтгаалж, С******* ХХК нь өөрт олгогдсон газар ашиглах боломжийг бүрэн хаасантай холбоотой юм. Өөрөөр хэлбэл төрийн байгууллага өөрийн хуулиар эрх олгогдсон үүргээ гүйцэтгээгүйгээс шалтгаалж хувийн хэвшил эрхээ хэрэгжүүлэх, эд хөрөнгө, цаг хугацаагаар хохирч өөрийн газар ашиглах эрх болоод үүргээ хэрэгжүүлэх боломж олдоогүй явсаар газар эзэмшиж, ашиглах эрхээ цуцлуулсан. гэжээ.
3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: С******* ХХК нь анх 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А202 дугаартай тушаалаар Хан-Уул дүүргийн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны бүсэд 4 га газрыг 5 жилийн хугацаатайгаар газар ашиглах эрхтэй болсон. Гуравласан гэрээ байгуулах хүсэлтийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс хойш гаргасан. Үүний дагуу 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 2017/048 дугаартай гуравласан гэрээг хүлээж авсан гэх баримт нэгдүгээр хавтаст хэргийн 51 дүгээр талд авагдсан. Гуравласан гэрээг байгуулахтай холбоотойгоор Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас өгсөн гэрээний эх хувьд С******* ХХК нь гарын үсэг, тамгаа дарж баталгаажуулж, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга болон тэдгээрийн холбогдох албан тушаалтнууд гарын үсэг, тамга дарж баталгаажуулсан байдаг. Гуравласан гэрээний эх хувийг Хан-Уул дүүргийн тамгын газрын хуулийн хэлтсийн дарга н.Б*******д хүлээлгэж өгсөн нь гэрчийн мэдүүлгээр тогтоогддог. Хан-Уул дүүргийн тамгын газрын хуулийн хэлтсийн даргад гуравласан гэрээг хүлээлгэж өгснөөс хойш өнөөдрийг хүртэл Хан-Уул дүүргийн Засаг дарга үндэслэлгүйгээр гарын үсэг зурж баталгаажуулахгүй, хариу мэдэгдэл ирүүлээгүй.
Гуравласан гэрээнд дөрвөн талт баталгаажуулалт ордог. Нэгдүгээрт нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа үндсэн гэрээний эх хувийг гаргаж өгч, С******* ХХК нь гэрээтэй танилцаж гарын үсэг, тамга тэмдэг дарж, Хан-Уул дүүргийн Засаг даргаар батлуулах ёстой. Хан-Уул дүүргийн Засаг дарга баталсны дараа Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын даргаар батлуулснаар гуравласан гэрээ хүчин төгөлдөр үйлчлэх зохицуулалт тухайн үед мөрдөгдөж байсан. Үүний дагуу Хан-Уул дүүргийн Засаг даргаар гуравласан гэрээг батлуулах байсан боловч гарын үсэг зураагүй учраас уг маргаан үүссэн. 2016 оноос хойш С******* ХХК-аас Хан-Уул дүүргийн Засаг даргад гуравласан гэрээг батлуулах хүсэлтийг удаа дараа гаргаж байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хан-Уул дүүргийн Засаг даргад С******* ХХК-аас албан бичиг ирээгүй гэдэг.
Хоёр гэрчийн нэг болох А.М******* нь тухайн үед Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газарт Засаг даргын туслахын албан тушаал хашдаг мэт сэтгэгдэл С******* ХХК-д төрүүлсэн. Гэрчийн мэдүүлэгтээ анх ажилд орохдоо жолоочийн албан тушаалд томилогдож, 2021 оноос дотоод зохион байгуулалт хариуцсан мэргэжилтнээр ажиллаад 2024 онд ажлаас чөлөөлөгдсөн гэж дурддаг. С******* ХХК-аас гуравласан гэрээ байгуулах хүсэлтүүдийг өгч байх хугацаанд н.М******* гэдэг хүнд гуравласан гэрээ байгуулах хүсэлтүүдийг өгч байсан. Гуравласан гэрээг анх Ч.Б өөрийн биеэр өгөхдөө Хан-Уул дүүргийн тамгын газрын хуулийн хэлтсийн дарга н.Б*******д хүлээлгэн өгсөн нь гэрчийн мэдүүлгээр нотлогддог. Гуравласан гэрээ байгуулах хүсэлтийг бүртгээгүй шалтгаан нь гуравласан гэрээ байгуулах хүсэлтийг бичиг хэргийн ажилтнаар дамжуулахгүй, хуулийн хэлтэст хүлээлгэн өгөх хариу тайлбарыг хэлсэн нь гэрчийн мэдүүлгээр нотлогддог. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.4 дэх хэсэг, 67.1.5 дах хэсэгт заасан зохицуулалт нь дүүргийн Засаг даргын тамгын газрын ажлын чиг үүрэгт хамаарна. Засаг даргын тамгын газрын хууль эрх зүйн архивын хөтлөлт хэлтсийн дүрэм-ийн 3.1.5 дахь хэсэгт засаг дарга болон тамгын газрыг төлөөлж аж ахуйн нэгж, байгууллагатай байгуулах гэрээг хянах, бүртгэх, хөтлөх үүргийг хууль эрх зүйн хэлтэс нь хүлээдэг. Үүнтэй холбоотойгоор С******* ХХК нь хуулийн хэлтсийн дарга н.Б*******д гуравласан гэрээг эх хувиар хүлээлгэж өгсөн гэдэг нь гэрчийн мэдүүлэгт үндэслэгдэж нотлогдож байна. Гэрээг хүлээлгэж өгснөөс хойш гэрээг баталгаажуулаагүй, үндэслэлгүйгээр хариу тайлбар өгөөгүй гэдэг шалтгаанаар Ч.Б нь өөрөө очиж уулзахад н.Б******* гэрээг батлаагүй гэх хариуг тухайн үед өгсөн. Мөн 2017 он, 2018 он, 2019 онуудад Хан-Уул дүүргийн Засаг даргад албан тоотоор гуравласан гэрээг баталгаажуулах хүсэлтүүдийг гаргаж байсан. Мөн үүнтэй зэрэгцэж С******* ХХК-ийн газрын төлбөрийн маргаан үүссэн.
2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Хан-Уул дүүргийн газар зохион байгуулалтын албаны саналыг үндэслэж Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас хоёр ба түүнээс дээш жил газрыг ашиглаагүй, газрын төлбөр төлөөгүй, Усны тухай хууль зөрчсөн, тусгай хамгаалалттай газар нутаг, гол, ус, сав газрын бүсчлэлийн хязгаарлалтын бүсэд хамаарагдсан гэдэг үндэслэлээр газрын эрх цуцлагдах үндэслэл бүрдсэн гэдэг байдлаар сонсох ажиллагаа хийсэн. Сонсох ажиллагааны үеэр С******* ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Э.О сонсох ажиллагааны мэдүүлэгтээ Хан-Уул дүүргийн Засаг дарга гуравласан гэрээг баталгаажуулаагүй, гэрээ баталгаажуулснаар бид нар газраа ашиглах эрх үүснэ. Газрыг ашиглах эрх үүссэнээр газрын төлбөр төлөх үүрэг хүлээнэ гэдгийг тайлбарласан. Газрын төлбөртэй холбоотой сонсох ажиллагааны дараа С******* ХХК-д нийт цугларсан газрын төлбөр болох 218 сая төгрөгийг тодорхой хуваарийн дагуу төлж барагдуулах тухай албан тоотыг Хан-Уул дүүргийн газар зохион байгуулалтын алба руу илгээсэн. Манай газартай холбоотой бүртгэлүүд суурь шатандаа баталгаажсан. Газар ашиглах гэрээ байгуулаагүйтэй холбоотойгоор хоёр ба түүнээс дээш жил газрыг ашиглаагүй, Усны тухай хууль зөрчсөн, тусгай хамгаалалттай газар нутаг, гол, ус, сав газрын бүсчлэлийн хязгаарлалтын бүсэд хамаарагдсан гэдэг үндэслэлээр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас газар ашиглах эрхийг цуцлах шийдвэр гаргасан. Уг шийдвэрийг хүчингүй болгохоор захиргааны хэргийн анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүхээр маргасан. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт С******* ХХК нь Усны тухай хууль зөрчсөн, тусгай хамгаалалттай газар нутаг, гол, ус, сав газрын бүсчлэлийн хязгаарлалтын бүсчлэлийг зөрчөөгүй гэдгийг тодорхойлсон. Гуравласан гэрээ батлагдаагүй учраас газрын төлбөр төлөх эрх үүсээгүй гэдгийг тодорхойлсон. Газар ашиглах эрх цуцалсан гол шалтгаан нь хоёр ба түүнээс дээш хугацаагаар газрыг ашиглаагүй нь үндэслэлтэй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Газар ашиглаагүй гол шалтгаан нь Хан-Уул дүүргийн Засаг даргын эс үйлдэхүйтэй холбогдож байна. Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах нь газар ашиглах эрхийн гэрчилгээтэй иргэн, аж ахуйн нэгж газрыг хөндөхдөө хүртэл урьдчилсан зөвшөөрөл авах шаардлагатай. Зөвшөөрөл авахтай холбогдуулж хүсэлтдээ гуравласан гэрээ, газар ашиглах эрхийн гэрчилгээ, газрын төлбөр төлсөн баримтуудыг заавал хавсаргадаг. Хот байгуулалт, хотын стандартын газар болон газар зохион байгуулалтын албанд өөрсдийн хэрэгжүүлэх төслийг урьдчилж танилцуулж, газрын гэрээ, газар ашиглах эрхийн гэрчилгээ, газрын төлбөр төлсөн баримт, кадастрын зургийг хавсаргаж өгдөг. Энэ процесс ажиллагаа хийгдэхэд саад учруулж байгаа нь Хан-Уул дүүргийн Засаг даргын үндэслэлгүй эс үйлдэхүй гэж үзэж байна. Тиймээс Хан-Уул дүүргийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож өгнө үү. гэв.
4.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Танд "С*******" ХХК-д 4 га газрыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны А/220 дугаар тушаал газар ашиглах эрх олгож, мөн тус сайдын 2022 оны А/597 дугаар тушаалаар газар ашиглах эрхийг цуцалсан байна.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль /1995 оны/-ийн 37 дугаар зүйлийн 37.1-д" Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна" гэж заасныг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар "Энэ хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг төрийн захиргааны төв байгууллага хамгаалалтын захиргаатай хамтран байгуулснаар тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах тухай гэрчилгээг олгож, улсын бүртгэлд бүртгэнэ" гэж өөрчлөн найруулсан.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын ажлын алба нь тамгын газар байх бөгөөд бичиг хэргийг хөтлөх, байгууллага, иргэдээс ирүүлсэн өргөдөл, санал, гомдлыг шийдвэрлэх ажлыг зохион байгуулдаг.
Энэ хүрээнд дүүргийн бичиг хэрэг, архивын баримтад шүүлт хийж үзэхэд нэхэмжлэгч "С*******" ХХК-иас дүүргийн Засаг даргад хандаж газар ашиглах гурвалсан гэрээ байгуулах хүсэлт ирүүлээгүй байна.
Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д " Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно" гэж заасан.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн үндсэн шаардлагын тухайд хүсэлт гаргаж түүнийг хүргүүлсэн байхыг шаарддаг хуулийн зохицуулалттай.
Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэдэг.
Нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны А/597 дугаар тушаалаар цуцалсныг эс зөвшөөрч захиргааны хэргийн шүүхээр маргаж анхан болон давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Нэгэнт газар ашиглах эрх нь дуусгавар болж, эрхийг цуцалсан захиргааны шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий нь шүүхээр тогтоогдсон байна.
Иймд "С*******" ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэхгүй бөгөөд шаардлага гаргах эрхгүй буюу нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү. гэжээ.
4.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Шүүхэд хууль хэрэглээ, нэхэмжлэл гаргах, түүнтэй холбоотой хугацаа зэргийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар зохицуулсан. Нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэл нь нэхэмжлэлтэй харилцан хамааралтай буюу нэхэмжлэгчийн эрх ашгийг хангахад чиглэсэн хууль зүйн хувьд тодорхой байдаг. Гэтэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага түүний хууль зүйн үндэслэлийн агуулгууд илт зөрж байгаа учраас хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлүүдийг нарийвчлан тодруулах шаардлагатай гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэг нь захиргааны акттай холбоотой зохицуулалт. Мөн эс үйлдэхүй, эс үйлдэхүй илт хууль бус болохыг тогтоолгохоор маргаж байна. Нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахад нь холбогдуулж тайлбар хэлье. Эс үйлдэхүйтэй холбоотой хариу тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн. Эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах шаардлагатай гэж үзэж байна.
...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт заасан эс үйлдэхүйтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбараа дэмжиж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2 дахь хэсэгт заасан шаардлагад нэмж тайлбар хэлье. Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна. С******* ХХК-ийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Танд 4 га газрыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны А/597 дугаар тушаалаар газар ашиглах эрхийг цуцалсан. 1995 оны Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна гэж заасныг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар Энэ хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг төрийн захиргааны төв байгууллага хамгаалалтын захиргаатай хамтран байгуулснаар тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах тухай гэрчилгээг олгож, улсын бүртгэлд бүртгэнэ гэж өөрчлөн найруулсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа эс үйлдэхүй буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт зааснаар тодорхойлсон учраас Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно гэж заасан. Өөрөөр хэлбэл хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч тал гуравласан гэрээ байгуулахаар албан бичгээр хандсан байхыг шаардана. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж тайлбарласан 2017 он, 2018 он, 2019 он, 2020 онуудад Хан-Уул дүүргийн Засаг дарга болон Засаг даргын тамгын газарт хандсан гэх албан бичиг, гуравласан гэрээ байгуулах хүсэлтүүд байдаггүй. Үүнийг шүүхийн үзлэгээр тогтоосон. Эс үйлдэхүй гаргасан гэх үндэслэл захиргааны байгууллагад хандсан хандаагүй гэдэг тодорхойгүй байна.
Гэрчийн мэдүүлгийн тухайд Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газарт 2016 оноос 2024 он хүртэл хууль эрх зүйн хэлтсийн даргаар ******* гэдэг хүн ажиллаж байсан бөгөөд г.Б******* гэдэг хүн ажиллаж байгаагүй. Тиймээс тухайн гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх шаардлагагүй гэж үзэж байна.
Эс үйлдэхүй илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргадаг. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан зохицуулалт нь захиргааны акт эсвэл захиргааны гэрээ илт хууль бус болохыг тогтоодог. Хариуцагчийн зүгээс С******* ХХК-тай холбоотой гаргасан захиргааны акт, захиргааны гэрээ байхгүй учраас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2 дахь хэсэгт заасан үндэслэл тодорхойлогдохгүй байна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан хэрнээ захиргааны акт, захиргааны гэрээтэй холбоотой хуулийн хэрэглээг хэрэглэж байгаа нь нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэл биш. Нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн Засаг даргатай илт хууль бус эс үйлдэхүйтэй холбоотой харилцаа үүсээгүй учраас нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлд дурдсан зохицуулалт хамаарахгүй байна. Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
...Даалгах нэхэмжлэлийн шаардлага эс үйлдэхүйтэй холбоотойгоор үүсдэг. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасан өргөдөл, гомдол ирүүлээгүй учраас даалгах нэхэмжлэлийн шаардлага үүсэх боломжгүй гэж үзэж байна. Тиймээс даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:
Нэг. Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.А*******гийн С******* ХХК-ийн газар ашиглах гурвалсан гэрээнд гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгчээс Хан-Уул дүүргийн Засаг дарга болон Засаг даргын тамгын газарт хүсэлт гэрээг хавсаргаж өгсөн боловч гарын үсэг зураагүй нь илт хууль бус гэж, хариуцагчаас Дүүргийн засаг даргад хандаж гаргасан хүсэлт байхгүй тул эс үйлдэхүй гаргасан гэж үзэхгүй тус тус тайлбарлан маргаж байна.
Нэхэмжлэгч С******* ХХК нь Байгаль орчин аялал жуулчлалын яамны 2016 оны А/220 дугаар тушаалаар Хан-Уул дүүргийн Танд орших 4,0 га газрыг 5 жилийн хугацаатай ашиглах эрхтэй болсноор Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хандаж Газар ашиглах гурвалсан гэрээ-г батлуулахаар хандсаны дагуу 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 2017/048 дугаар гэрээний төсөлд тус Хамгаалалтын захиргааны дарга Ц.Ш гарын үсгээ зурж тамга дарж баталгаажуулсан, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/597 дугаар тушаалаар...газар ашиглах гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй, газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй, усан сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүстэй давхцалтай гэх үндэслэлээр тус компанийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон, уг асуудлаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргаснаар тус шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 128/ШШ2023/0867 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон үйл баримтууд тогтоогдсон, эдгээр үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй.
Тус шүүхийн, дээр дурдсан 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 128/ШШ2023/0867 дугаар шийдвэрт нэхэмжлэгч компанийн газар ашиглах гэрээний хугацааны талаар дүгнэхдээ ...газар ашиглах эрхийн гэрээ байгуулагдаагүй энэ тохиолдолд...2 жилийн хугацааг...шийдвэр гаргасан өдрөөс эхлэн тооцох үндэслэлтэй, нэхэмжлэгчээс өөрөөс нь шалтгаалаагүй хүндэтгэн үзэх шалтгаанд дүүргийн Засаг даргын гэрээ батлаагүй үндэслэл орохгүй байна гэх дүгнэлт хийсэн, уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
Нэхэмжлэгчээс ...2017 оны 03 дугаар 20-ны өдрийн гэрээг батлуулахаар 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүсэлтээ өгсөн гэх боловч энэ байдал нь нотлогдон тогтоогдоогүй, хариуцагч захиргааны байгууллагуудын бичиг хэрэгт авагдаагүй, цахим системд бүртгэгдээгүй болох нь тогтоогдов.
Тухайлбал, хэрэгт авагдсан баримтууд болон шүүхийн үзлэгээр нэхэмжлэгч компани нь 2017 он, 2018 он, 2019 он, 2020 онуудад Хан-Уул дүүргийн Засаг дарга болон Засаг даргын тамгын газарт хандаж тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрээ байгуулах талаар албан бичгээр хандсан нь тогтоогдоогүй, Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 03/1574 дугаар албан бичгээр ...дүүргийн архивын 2016-2022 оны баримтад шүүлт хийж үзэхэд С******* ХХК дүүргийн Засаг даргад хандаж газар ашиглах гурвалсан гэрээ байгуулах хүсэлт ирүүлээгүй, тус газрын 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 03/1737 дугаар албан бичгээр ...дүүргийн архивын 2016-2022 оны баримтад нягтлан шалгалт, хайлт хийж үзэхэд С******* ХХК-иас дүүргийн Засаг даргад хандаж газар ашиглах гурвалсан гэрээ байгуулах хүсэлт ирүүлээгүй гэх хариуг тус тус шүүхэд ирүүлснээс гадна нэхэмжлэгч талын хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон гэрч Ч.Б ...даргын туслахад материалаа өгсөн,..дараа нь очиход шийдвэрлээгүй байсан тул өгсөн материалаа буцааж авсан талаар мэдүүлсэн болно.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 1-д Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна гэж,
Мөн Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан /БОАЖС-ын 2022 оны А/252-р тушаалаар хүчингүй болгосон./ Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журам-ын 3.4 -д ...Байгаль орчны сайдын газар ашиглуулах тухай шийдвэрийг үндэслэн Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрчилгээ олгоно, гэрчилгээ олгогдсон өдрөөс эхлэн газар ашиглагч нь тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулах эрхтэй болох бөгөөд 3 сарын дотор...Хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн засаг даргатай гурвалсан гэрээ байгуулж, БО-ны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргаар батлуулсан байна гэж тус тус заасан.
Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно гэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох гэж тус тус заасан.
Эдгээрээс дүгнэвэл тухайн гэрээнд гарын үсэг зуруулах ажиллагааг газар ашиглах эрх олж авсан этгээд хэрэгжүүлэх, эрх бүхий этгээдэд хандаж хүсэлтээ илгээх, хүсэлтийг хугацаанд нь зохих журмаар шийдвэрлээгүй нөхцөлд гомдол, хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлэх эрх үүрэгтэй байх ба нэхэмжлэгч С******* ХХК нь тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах тухай гурвалсан гэрээнд Хан-Уул дүүргийн Засаг даргаар гарын үсэг зуруулах талаар ямар нэгэн хүсэлт, өргөдөл гаргаж хандсан нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба энэ тохиолдолд хариуцагчийг гэрээнд гарын үсэг зураагүй хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж үзэх хууль зүйн боломжгүй.
Иймд нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
Хоёр. Нэхэмжлэлийн Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.А*******д С******* ХХК-ийн газар ашиглах гуравласан гэрээнд гарын үсэг зурахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Хэрэгт авагдсан баримтуудаар хариуцагч захиргааны байгууллагыг хууль бус эс үйлдэхүй гаргасан гэх үндэслэлгүй, тус компанийн, 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүсэлтээ гаргасан гэх үйл баримт нь шүүхийн үзлэгээр тогтоогдоогүй, шүүх хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн боломжгүй.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч байгууллага Хан-Уул дүүргийн засаг даргад гэрээнд гарын үсэг зуруулах-аар хандаагүй байх тул гэрээнд гарын үсэг зурах-ыг хариуцагчид шууд даалгахгүй.
Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно гэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох гэж тус тус зааснаар хариуцагч хууль бус эс үйлдэхүй гаргасан нөхцөлд шүүх түүнд даалгаж шийдвэрлэнэ.
Иймд дээр дурдсан хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгчээс гаргасан ...Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.А*******д С******* ХХК-ийн газар ашиглах гуравласан гэрээнд гарын үсэг зурахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч С******* ХХК-иас гаргасан Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.А*******гийн С******* ХХК нь газар ашиглах гурвалсан гэрээнд ямарч шалтгаангүйгээр гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.А*******д С******* ХХК-ийн газар ашиглах гуравласан гэрээнд гарын үсэг зурахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.