Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 2023/ДШМ/38

 

 

 

 

 

 

 

2023       11           06                                          2023/ДШМ/38

 

 

Ч.Ч, Г.О, У.Б,

Б.А нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг шүүгч Л.Алтан даргалж, шүүгч Н.Туяа, шүүгч Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Онолт/ цахимаар/, шүүх хуралдааны бичгийн дарга Ц.Баттулга, яллагдагч Ч.Чийн өмгөөлөгч О.Санчирбал /цахимаар/, яллагдагч Г.О-ын өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, яллагдагч У.Болор-Эрдэнийн өмгөөлөгч С.Ганхөлөг, яллагдагч Б.А-гийн өмгөөлөгч Б.Б, яллагдагч Ч.Ч, У.Б, Б.А нарыг оролцуулан,

  Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Болормаа даргалж явуулсан шүүх хуралдааны 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 2023/ШЗ/259 дүгээр “Хэргийг прокурор буцаах тухай” шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэн яллагдагч Г.О, Ч.Ч, У.Б, Б.А нарт холбогдох,  2102004720328 дугаартай,  11 хавтас эрүүгийн хэргийг 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Яллагдагч нарын биеийн байцаалт:

- Монгол Улсын иргэн, 1965 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 58 настай, эрэгтэй, дээд боловсролтой, физикч мэргэжилтэй, Увс аймгийн Засаг дарга ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Увс аймгийн Улаангом сумын ... дугаар баг, Галдан бошигтын ... дүгээр байрны ... тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Х овогт Ч-ы Ч, регистрийн дугаар:....;

- Монгол Улсын иргэн, 1985 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Барилгын инженер мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргаар ажиллаж байсан, одоо тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, Увс аймгийн Улаангом сумын .. дугаар баг, Галдан бошигтын ... тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, О овогт Г-ын О, регистрийн дугаар:...........;

 - Монгол Улсын иргэн, 1990 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, кадастрын инженер мэргэжилтэй, Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт кадастрын ахлах мэргэжилтэн, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Увс аймгийн Улаангом сумын ... дугаар баг, ... айлын орон сууцны ... тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, З овогт У-гийн Б, регистрийн дугаар: ............;

- Монгол Улсын иргэн, 1992 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 31 настай, эмэгтэй, дээд боловсролтой, газар зохион байгуулагч, инженер мэргэжилтэй, Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт газрын даамал ажилтай, ам бүл 2, хүүхдийн хамт амьдардаг, Увс аймгийн Улаангом сумын ... дүгээр багийн Гивааны .... тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Х овогт Б-гийн А, регистрийн дугаар: ............;

1. Холбогдсон хэргийн  товч агуулга:

Яллагдагч Ч.Ч  нь Увс аймгийн Засаг даргаар ажиллахдаа өөрийн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.О,  яллагдагч Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын кадастрын асуудал хариуцсан мэргэжилтэн У.Б нартай үйлдлээрээ нэгдэж, Увс аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 4/03 дугаартай тогтоолоор батлагдсан, Аймгийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газраас 2021 оны 5 дугаар сарын 04-ны өдрийн А/229 дугаар захирамжаар Улаангом сумын 3-р багийн нутаг Солонго төвийн баруун талд байрлалтай 200 м2 газрыг "Тэмүүлэл-Увс" ХХК-д эрүүл мэндийн байгууллагын зориулалтаар,

- Улаангом сумын 5-р багийн нутагт 4000 м2 газрыг “Улааншүрэн чандмань" ХХК-д үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар,

- 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн А/258 дугаар захирамжаар Улаангом сумын 5-р багийн нутагт 1000м2 газрыг Д-гийн Нт үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар,

- Бадамын Мягмардоржид 1500м2 газрыг барилга байгууламжийн зориулалтаар,

- Улаангом сумын 3-р багийн нутагт 48 м2 газрыг П-гийн А-д авто гражийн зориулалтаар,

- 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн А/272 дугаар захирамжаар Увс аймгийн Улаангом сумын 11-р багийн нутагт 2000 мгазрыг "Супрема бүтик лоджэс" ХХК-д зочид буудлын зориулалтаар,

- 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн А/325 дугаар захирамжаар Улаангом сумын 5-р багийн нутагт 1500м2 газрыг Б-ын Бд барилга байгууламжийн зориулалтаар,

- Улаангом сумын 12-р багийн нутагт 38015 м2 газрыг "Мөнх жим" ХХК-д үйлдвэрийн барилга, байгууламжийн зориулалтаар,

- 2021 оны 08 дугаар сарын 04-ны өдрийн А/437 дугаар захирамжаар Улаангом сумын 3-р багийн нутагт 62 мгазрыг Ядамсүрэнгийн Батнасанд худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв цогцолборын зориулалтаар,

- Улаангом сумын 5-р багийн нутагт 1000 м2  газрыг Г-ын Ц-д барилга байгууламжийн зориулалтаар,

- 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн А/466 дугаар захирамжаар Улаангом сумын 3-р багийн нутагт 300 м2 газрыг О-гийн Б-д барилга байгууламжийн зориулалтаар,

- 2021 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн А/640 дугаар захирамжаар Улаангом сумын 12-р багийн нутагт  9849 м газрыг "Мөнх жим" ХХК-д үйлдвэрийн барилга, байгууламжийн зориулалтаар тус тус эзэмшүүлэх захирамж гарган газар эзэмших эрх олгох замаар бусдад давуу байдал бий болгосон,

  - яллагдагч Г.О нь нэр бүхий иргэд, хуулийн этгээдэд дээр дурдсан газруудыг үйлдвэрийн барилга, байгууламжийн зориулалтаар тус тус эзэмшүүлэх захирамж гарган газар эзэмших эрх олгох замаар бусдад давуу байдал бий болгоход тус газрын кадастр хариуцсан ахлах мэргэжилтэн У.Бэр хууль бус захирамжуудын төслийг бэлтгүүлж, захирамжийн төслийг хянах чиг үүрэг бүхий алба хаагч нараар гарын үсэг зуруулах зэргээр дэмжлэг үзүүлж,  уг гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон,

 - яллагдагч У.Б нь нэр бүхий иргэд, хуулийн этгээдэд дээр дурдсан газруудыг үйлдвэрийн барилга, байгууламжийн зориулалтаар тус тус эзэмшүүлэх захирамжийн төсөл боловсруулан гаргаж, төслийг хянах чиг үүрэг бүхий алба хаагч нараар гарын үсэг зуруулан, уг гэмт хэрэгт Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, яллагдагч Г.Оын хамтаар дэмжлэг үзүүлж, хамжигчаар хамтран оролцсон,

        - яллагдагч У.Б нь Улаангом сумын газрын даамал Б.Атай бүлэглэн өөрийн нөхөр Э.Бын эзэмшлийн, тус аймгийн Улаангом сумын 6 дугаар багийн нутаг, авто дромын доод талд байрлах, 700 метр квадрат гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмших эрхийн гэрчилгээтэй газрыг 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр иргэн Э.Над шилжүүлэхдээ газрын хэмжээг 2800 метр квадрат болгох зорилгоор Улаангом сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/104 дугаартай тогтоолоор баталсан "Сумын 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө"-нд тусгагдаагүй 2100 метр квадрат газрыг нэмж олгуулах тухай захирамжийг төслийг боловсруулан улмаар засаг даргын 2021 оны 9 дүгээр 28-ны өдрийн А/273 дугаартай "Газар эзэмших эрх шилжүүлэх тухай" захирамж гаргах нөхцөлийг бүрдүүлж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрийн хамаарал бүхий этгээд болох Э.Бод давуу байдал бий болгосон,

- яллагдагч Б.А нь нийтийн албан тушаалтан буюу Увс аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт Улаангом сум хариуцсан газрын даамлаар ажиллахдаа тус газрын кадастр хариуцсан ахлах мэргэжилтэн У.Бтэй бүлэглэн иргэн Э.Бын эзэмшлийн тус аймгийн Улаангом сумын 6 дугаар багийн нутаг, авто дромын доод талд байрлалтай, 700 м.кв, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмших эрхийн гэрчилгээтэй газарт Улаангом сумын 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй 2100 м.кв газрыг нэмж олгох шийдвэрийг сумын засаг даргаар гаргуулж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэх гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.

2. Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Харагчууд овогт Чы Ч,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Орогтоо овогт Гомбын О,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Засгууд овогт Уртнасангийн Б,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хөх бух овогт Буяндалайгийн А нарыг тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. 

3. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 2023/ШЗ/259 дүгээр “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжаар :

- Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Шагдараас  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, яллагдагч Х овогт Ч-ы Ч, О овогт Г-ын О, З овогт У-гийн Б, Х овогт Б-гийн А нарт холбогдох эрүүгийн 2102004720328 дугаартай хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр Нийслэлийн Прокурорын газарт буцааж,

- хэрэг прокурорт очтол яллагдагч Ч.Ч, Г.О, У.Б, Б.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж,

- хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн СD бичлэг 5 ширхэг, дэлгэмэл зураг 1 ширхэг зэргийг хэргийн хамт прокурорт хүргүүлэхээр тус тус шийдвэрлэсэн байна.

4. Нийслэлийн Прокурорын газрын ерөнхий прокурор Ц.Ариунболд эсэргүүцэлдээ: “...Анхан шатны шүүх  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол...” гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлд хамаарч байх тул эс зөвшөөрч дээд шатны прокурорын эсэргүүцэл бичлээ. Үүнд:

Нэг. Прокуророос яллагдагч Ч.Ч нарт холбогдох хэрэгт материаллаг хохирол учирсан гэж дүгнээгүй байхад хэрэгт заавал “Иргэдийн төлөөлөгчдийн хурал”-ыг хохирогчоор тогтоохоор заасан ажиллагаа нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй, хэргийн бодит нөхцөл байдалтай нийцээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах ...оршино”, Эрүүгийн хуулийн 1.1 дүгээр зүйлд “...Энэ хуулийн зорилго нь нийтийн болон үндэсний ашиг сонирхол ...гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршин” гэж тус тус зааснаас үзэхэд яллагдагч Ч.Ч, Г.О, У.Б, Б.А нарт холбогдох хэрэгт хохирогчоор тогтоогдох этгээдийг зөв тодорхойлсон эсэхээс үл хамааран Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилт, Эрүүгийн хуулийн зорилтод нийцүүлэн хэргийг хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хоёр: ...Яллагдагч Ч.Чийн 2021 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн А/577, 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/814 дугаартай захирамжуудын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар хүн, хуулийн этгээдээс Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан эсэх, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон эсэх нь яллагдагч Ч.Ч, Г.О, У.Б, Б.А нарын Увс аймгийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газарт өөрийн танил, хамт ажилладаг, найз нөхдийн хамааралтай, нэг намынх гэх тодотголтой 8 иргэн, 4 аж ахуйн нэгжид нийт 59,474 метр квадрат газар хууль бусаар олгож тэдгээрт давуу байдал бий болгосон үйл баримтыг үгүйсгэх үндэслэл болохооргүй байна.

Учир нь Захиргааны хэргийн шүүхэд эрүүгийн гэмт хэрэгт дүгнэлт хийх эрх хэмжээ олгогдоогүй. Өөрөөр хэлбэл яллагдагч нарын өөрийн танил, хамт ажилладаг, найз нөхдийн хамааралтай, нэг намынх гэх тодотголтой хүн, хуулийн этгээдэд давуу байдал бий болгох зорилгоор албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж холбогдох хууль, журам зөрчиж газар олгосон асуудлыг Захиргааны хэргийн шүүхээр хянан хэлэлцсэнээр зөвтгөх үндэслэл болохгүй ба Эрүүгийн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж буй асуудлыг Захиргааны хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэсний үндсэн дээр яллагдагч нарын гэм буруугийн асуудлыг Эрүүгийн хэргийн шүүх хянан шийдвэрлэнэ гэсэн хууль зүйн ойлголт байхгүй болно.

Түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан бичгийн нотлох баримтууд нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэсэн маргаан бүхий хэрэгт тусгагдаагүй бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг гагцхүү эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд шинжлэн судалж, яллагдагч нарыг буруутгах нотлох баримт, үндэслэл болох эсэхэд шүүхээс дүгнэлт хийж шийдвэрлэдэг.

Гэтэл шүүхээс хавтас хэрэгт тусгагдсан бичгийн нотлох баримтуудыг нягт, нямбай анхаарч үзэлгүй, Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд яллагдагч нарыг холбогдсон үйлдэлтэй холбоотой хэрэг маргаан, хянан шийдвэрлэгдэж буй эсэх, шийдвэрлэгдсэн бол хуулийн төгөлдөр болсон эсэхийг тогтоох гэж хэргийн бодит байдалд нийцээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолгүй ажиллагааг хийж гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.

Гурав. ...Шүүх хавтас хэрэгт тусгагдсан гэрч Б.А,  Э.Нармандах нарын мэдүүлгийг  анхаарч үзэлгүй Улаангом сумын засаг дарга Ц.Пүрэвжавыг гэмт хэрэгт хамтран оролцсон эсэхийг шалгаж тогтоосны эцэст хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.Учир нь:

 Улаангом сумын засаг дарга Ц.Пүрэвжавыг уг хэрэгт холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулсан боловч хавтас хэрэгт тусгагдсан дээрх баримтуудаар Ц.Пүрэвжав нь Э.Б-д давуу байдал бий болгох зорилгоор хууль бус захиргааны акт гаргасан үйл баримт тогтоогдоогүй бөгөөд гагцхүү Э.Б-ын эхнэр У.Б өөрийн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Улаангом сумын газрын даамал Б.А-тай бүлэглэн өөрийн хамаарал бүхий этгээд болох Э.Б-д давуу байдал бий болгосон гэх үйл баримт тогтоогдсон байна.

Гэтэл шүүхээс нэгэнт мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон нөхцөл байдлыг хэрхэн яаж үгүйсгэж, Улаангом сумын засаг даргад холбогдуулан хэрхэн ямар төрлийн мөрдөн шалгах ажиллагааг явуулах талаар тодорхой, ойлгомжтой тусгаагүйн дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийг зөрчсөн гэж үзэхээр байна.

Дөрөв. ...Мөрдөгч нь хэрэг бүртгэлтийн 210200472 дугаартай хэрэгт 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр буюу хэрэг бүртгэлтийн хэргийн хугацаа дууссан өдөр "Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах" тухай санал гаргаж хэргийг прокурорт 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүргүүлсэн ба прокуророос хэргийг хуульд заасан хугацаанд буюу ажлын 3 хоногт хянаад 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 102 дугаартай тогтоолоор хэрэгт нэмэлт хэрэг бүртгэлтийн ажиллагаа хийж гүйцэтгүүлэхээр мөрдөх байгууллагад буцааж шийдвэрлэсэн байна.

Уг хэргийн хувьд хөдөө орон нутагт мөрдөн шалгах ажиллагаа явуулж,  Нийслэлийн прокурорын газраас хяналт тавин ажилладаг онцлогтой хэрэг учир хэргийн шилжилт хөдөлгөөнд тодорхой хэмжээний хугацаа зарцуулагддаг ба прокуророос буцаасан хэрэг баталгаат шуудангаар дамжин мөрдөгчид 2022 оны 7 дугаар сарын 6-ны өдөр хүргэгдэж мөрдөгч хэргийг хүлээн авсан тухай тэмдэглэл мөн өдөр үйлдсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.12 дугаар зүйлд Хэрэг бүртгэлтийн хугацаа сунгах журмыг хуульчилсан бөгөөд уг журамд нэмэлт хэрэг бүртгэлтэд буцаасан хэрэгт хэрэг бүртгэлтийн хугацааг хэрхэн сунгах талаар нарийвчлан зохицуулаагүй байна.

Тодруулбал, мөрдөгч нэмэлт хэрэг бүртгэлтэд буцсан хэргийг хүлээн авсан өдрөөс эхлэн хугацааг тоолох эсхүл нэмэлт хэрэг бүртгэлтэд буцаасан прокурорын шийдвэр гарсан өдрөөс эхлэн хугацааг тоолох талаар тодорхой тусгаагүй байна. 

Ийм учир мөрдөгч хэргийг хүлээн авсан өдөр нь Лхагва гараг таарсан бөгөөд хэрэг бүртгэлтийн хэргийн хугацаа сунгах тухай саналыг прокурорт хүргүүлэх цаг хугацаанд нийтээр амрах өдөр буюу үндэсний баяр нааадмын  өдрүүд тохиосон тул прокурор хэрэг бүртгэлтийн хугацааг сунгах тухай мөрдөгчийн саналыг хүлээн авсан өдрөөс хойш буюу 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн хугацааг сунгаж шийдвэрлэсэн нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчмыг алдагдуулсан гэж үзэхээргүй байна.

Түүнчлэн дээрх хугацаанд хэрэг бүртгэлтийн 210200472 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Иймд шүүх хэрэгт авагдсан баримтуудыг нягт нямбай анхаарч үзэлгүйгээр нэгэнт хийгдсэн мөрдөн шалгах ажиллагаа болон хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй ажиллагаануудыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж дүгнэн нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийж гүйцэтгүүлэхээр хэргийг прокурорт буцаасан шийдвэр нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байх тул Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 2023/ШЗ/259 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

 5. Яллагдагч Ч.Чийн өмгөөлөгч О.Санчирбал давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Өмгөөлөгчийн зүгээс тус аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 259 дугаартай "Хэргийг прокурорт буцаах тухай" захирамжийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Өмгөөлөгч миний бие Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.13, 6.15-д зааснаар хэргийг прокурорт буцаалгах талаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэхээр  дараах хууль зүйн үндэслэл бүхий хүсэлтийг гаргасан боловч анхан шатны шүүх хүлээн аваагүй бөгөөд тодорхой дүгнэлт хийгээгүй. Үүнд:

- Захиргааны ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-д “...Захиргааны шийдвэр бүрд хяналтын дагалдах хуудас хавсаргах бөгөөд дагалдах хуудсанд захиргааны шийдвэр боловсруулахад оролцсон албан хаагч бүрийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, албан тушаал, оролцоо, гүйцэтгэлийн тухай дэлгэрэнгүй тэмдэглэсэн байна. Дагалдах хуудсанд албан хаагчийн захиргааны шийдвэр боловсруулахад оролцсон оролцоо, гүйцэтгэлийг тэмдэглэсэн байна” хэмээн заасан байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулсан баримтад захиргааны шийдвэр гарах үе шат дамжлагад аймгийн Засаг даргын Тамгын газрын эрх бүхий албан тушаалтнууд танилцаж гарын үсэг зурж, баталгаажуулан хамгийн сүүлд Засаг дарга захирамж гаргадаг байх тул дээрх үе шатанд хянасан алба хаагч нарын гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байгаа эсэхийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоох шаардлагатай бөгөөд энэ ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй юм. 

- Увс аймгийн Засаг даргын тамгын газрын архиваас 2015 оноос 2021 он/2015, 2016, 2017, 2018, 2019, 2020, 2021/хүртэлх газар зохион байгуулалтын төлөвлөгөөг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан шаардлагыг ханган хэрэгт хавсаргуулах, талаар хүсэлт гаргасныг “..2015-2020 он хүртэлх Увс аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө нь хэрэгт хамааралгүй" гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчим, нөгөө талаасаа хэргийн бодит байдлыг тогтооход чухал ач холбогдолтой болно.

-  Ч.Ч нарт холбогдох үйл баримтуудыг 2021 онд үйлдэгдсэн гэж дүгнэсэн атлаа Эрүүгийн хуулийн холбогдох заалтыг удирдлага болгоогүй байна. Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүндрүүлсэн байх тул холбогдох хуулийн заалтыг хэрхэн журамлах талаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлтэд өөрчлөлт оруулах шаардлагатай юм.

Уг асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан "яллагдагчийн гэмт хэргийн шинж нь Эрүүгийн хуульд заасан ямар зүйл, хэсэг заалтаар зүйлчлэгдэх" талаар зохицуулсан заалтад хамаарч байна. Мөн хэд хэдэн удаагийн үйлдлийг хэрхэх талаар тусгаагүй байна гэх хүсэлтэд анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй.

- 6-р хх-243-246 талд А/258 тоот захирамжаар олгогдсон Н.Агийн авто гражийн гэрэл зургийн үзүүлэлт, А/325, А/640 тоот захирамжаар олгогдсон Мөнх Жим ХХК-ийн хашаа, барилга байгууламжийн гэрэл зургийн үзүүлэлтээр, А/437 тоот захирамжаар Я.Батнасангийн бэлэн хувцасны дэлгүүрийн барилгын гэрэл зургийн үзүүлэлтийг, А/466 тоот захирамжаар олгогдсон О.Баттулгын авто гражийн гэрэл зургийн үзүүлэлтүүдийг тус тус авч хэрэгт хавсаргасан атлаа, А/229 дугаар захирамжаар Улаангом сумын 3-р багийн нутаг Солонго төвийн баруун талд “Тэмүүлэл-Увс” ХХК-нд олгосон, А/229 дугаар захирамжаар Улаангом сумын 5-р багийн нутагт "Улааншүрэн чандмань" ХХК-д олгосон газрын, А/258 дугаар захирамжаар олгогдсон Улаангом сумын 5-р багийн нутаг Д.Нт олгосон газрын, А/258 дугаар захирамжаар Б.Мягмардоржид олгосон газрын, N212 дугаар захирамжаар Увс аймгийн Улаангом сумын 11-р багийн нутаг “Супрема бүтик лоджес” ХХК-д олгосон газрын, А/325 дугаар захирамжаар Б.Бд олгосон Улаангом сумын 5-р багийн нутаг байх газрын, А/437 дугаар захирамжаар Г.Цэнд-Аюушид олгосон Улаангом сумын 5-р багт олгосон газруудын гэрэл зургийн үзүүлэлтүүдийг тус тус  хэрэгт хавсаргаагүй байна. Учир нь дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд хамаарна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.13-д заасан / нотлох баримт, цуглуулж бэхжүүлэх талаар энэ хуульд заасан журам зөрчсөн талаар гомдол/

- мөрдөгч нэр бүхий гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 13-д “мэдүүлэг авах үед хөтөлж, эсхүл тулгаж асуулт тавихыг хориглоно” гэх заалтыг зөрчсөн байна.

...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина" гэх хууль ёсны зарчмыг зөрчсөн байх тул хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай талаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн талаарх хүсэлтийг гаргасан байтал анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэх шүүхийн шийдвэрийн хууль зүйн шаардлагыг зөрчсөн тул Давж заалдах шатны шүүхээр бүхэлд нь хянуулахаар гомдол гаргав” гэжээ. 

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон Х.Онолт прокурор шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шүүгчийн 259 дугаартай захирамжаар 5 үндэслэлээр  прокурорт хэргийг буцааж шийдвэрлэсэн. Эхний үндэслэл нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг буруу тогтоосон байна гэж үзсэн.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь заавал материаллаг хохирол учирсан байхыг шаарддаггүй. Аливаа нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хийх ёсгүй үйлдлийг хийсэн, хийх ёстой үйлдлийг хийгээгүйн улмаас өөртөө болон бусдад ашигтай, давуу байдал бий болгосон тохиолдолд гэмт хэрэгт тооцогддог.

Яллагдагч Ч.Ч, Г.О, У.Б, Б.А нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас иргэн, хуулийн этгээдэд материаллаг хохирол учраагүй гэж дүгнэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг давуу байдал бий болгож олгосон үйлдэлд буруутгаж байгаа. Ямар нэгэн материаллаг хохирол учраагүй байхад хохирогчийг дахин тогтоох шаардлагатай гэж шүүх үзэж, буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлд заасан хэргийг буруу тусгаарласан, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бол гэх 3 үндэслэл тогтоогдсон тохиолдолд хэргийг прокурорт буцаадаг.

Хохирогчоор тогтоовол зохих этгээд байхгүй байхад хохирогчоор тогтоох үндэслэлээр хэргийг буцаасан нь үндэслэлгүй байна.

Мөрдөн шалгах ажиллагаагаар нэгэнт шалгаж тогтоосон үйл баримтыг дахин шалгаж тогтоолгохоор хэргийг прокурорт буцаасан нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. 2020 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 18-ны хүртэлх хугацаанд гарсан тогтоол байна. Үүнээс өмнөх 1 сарын  хугацааг ямар нэгэн байдлаар сунгаагүй, зөрчил байгаа учраас яагаад хугацаа сунгах, хугацаа хэтрүүлсэнтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагатай гэж үзсэн.

Шүүхээс гарч байгаа шийдвэр нь хэргийг эцэслэн шийдвэрлэхэд чиглэсэн буюу хэрэгт ач холбогдолтой зүйлийг шийдэх ёстой. Хугацаа хэтрүүлсэн зөрчил нь хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаагаад хугацаа хэтрүүлсэн асуудлыг тогтоосноор хэргийг шийдвэрлэхэд ямар ач холбогдолтой байгааг захирамждаа тодорхой дурдаагүй. Хууль ёсны зарчимд нийцүүлэх ёстой гэсэн нь ойлгомжгүй байна. Дээрх 1 сарын хугацаа сунгуулаагүй гээд байгаа хугацаанд мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, нотлох баримт цуглуулсан нэг ч зүйл байхгүй. Тийм учраас түүнийг шалгах нь хэрэгт ач холбогдолгүй байна. Иргэн Бэгзжав нь өөрийн хүү Б.Бийн гарын үсгийг дуурайлган зурж, газрын албанд гаргасан хүсэлт гаргасан асуудал байдаг. Энэ үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй байвал заавал энэ хэрэгтэй хамтад шалгах шаардлагагүй,  гэмт хэргийн шинж байгаа эсэхийг тусад нь шалгах боломжтой. Энэ хоёр хүний үйлдлийг шалгуулахаар хэргийг буцааж байгаа нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна гэж үзэж байна. Эдгээр үндэслэлүүдээр прокурорын эсэргүүцэл бичигдсэн. Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү” гэв.

         7. Яллагдагч Ч.Чийн өмгөөлөгч О.Санчирбал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан санал, тайлбартаа: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.2 дугаар зүйлд заасан шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд эргэлзээ төрүүлэхээргүй байна гэдэг хуулийн шаардлагыг зөрчсөн гэдэг үндэслэлээр гомдол гаргасан. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.15, 6.16 дугаар зүйлд заасан 10 үндэслэл бүхий хүсэлтийг гаргасан.

Захиргааны ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т хяналтын дагалдах хуудасны тухай зохицуулсан байдаг. Засаг даргад газар эзэмшүүлэх захирамжийн төсөл ирэхээс өмнө холбогдох албаны дарга, ЗДТГ-ын хуулийн хэлтсээр дамжих гэсэн шат дамжлагаар дамжиж хянагддаг. Гэтэл прокурор нь эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт шууд санаатай үйлдэл гэж үзэж яллах дүгнэлт үйлдсэн.

Мэргэжилтэн У.Б, Б.А нарыг яллагдагчаар татсан атлаа бусад хяналтын дагалдах хуудсанд гарын үсэг зурж албажуулаад байгаа албан тушаалтнуудыг гэрчээр асуусан боловч үйлдэл, эс үйлдэхүйг нь тодруулах ажиллагаа хийгээгүй. Засаг дарга Ч.Ч нь өөрийн санаачилгаар захирамж гаргасан эсэхийг тодруулах шаардлагатай.

Яллах дүгнэлтэд 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг олгосон гэж буруутгасан. Иргэн аж ахуйн нэгжид олгосон газар нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаад олгогдсон газрууд байдаг. Бүхий л нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх тэдгээрийг үнэлэх ажиллагааг хуулиар журамласан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, мөн хуулийн 28 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөрдөгч нотлох баримтыг хуулбарлан авах, түүнийг хэрэгт хавсаргахдаа хуульд заасан журмын дагуу цуглуулах ёстой. Засаг даргын захирамжийг хуулбарлан авахдаа хөндлөнгийн 2 гэрч байлцуулах зэрэг хуулийн шаардлага хангаж бэхжүүлж аваагүй.

Газар эзэмших захирамжийн хамт үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарсан. Энэ нь яагаад ингэж гарсан нь эргэлзээтэй байна. Яагаад тухайн эзэмшүүлсэн газар дээр үл хөдлөх хөрөнгө хэзээ баригдсаныг тодруулах шаардлагатай байна. Засаг дарга нь 4 удаагийн захирамжийг гаргахдаа газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын дарга Г.О, мэргэжлийн хяналтын газрын дарга Ц.М нарт хуулийн дагуу газар хураан авахыг даалгасан.

Ц.Мыг мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр оролцуулаагүй. Шүүхийн хэлэлцүүлэгт дуудаж асуух боломжгүй нөхцөл байдал үүссэн учраас Маас гэрчээр мэдүүлэг авах хүсэлт гаргасан. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-т засаг дарга нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр заасан. Мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд тухайн сумын Засаг даргын саналыг авсан байна гэж заасан.

Гэтэл Засаг дарга нь газрын тухай хуулиар заасан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу газар эзэмшүүлэхээр заасан. Энэ нөхцөл байдлуудыг тодруулах замаар хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд 2015, 2016, 2017, 2018, 2019,2020 онуудын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд үндэслэж шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмэлт шинжилгээг хийлгэх шаардлагатай байна. Долоодугаар хавтаст хэргийн 5-18 дугаар хуудсанд Газрын харилцаа барилга хот байгуулалтын яамнаас ажлын хэсэг гарч, шинжээч дүгнэлт гаргасан. 2023 оны 2 дугаар сарын 10-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт орж, мөн оны 3 дугаар сарын 31-ний өдөр 116 дугаартай яллах дүгнэлт үйлдсэн. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлтээс өмнө эрүүгийн хууль тогтоомжид өөрчлөлт орсон. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүндрүүлсэн нөхцөл байдал байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйл, 1.8 дугаар зүйлийг журамласантай холбоотой мөн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийг журамлах ёстой гэсэн хууль хэрэглээний асуудал үүсэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.13-т зааснаар нотлох баримт цуглуулах, бэхжүүлэхтэй холбоотой гомдол гаргасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 13-т зааснаар мэдүүлэг авагч нь тулгаж асуухыг хориглоно гэж заасан. Нэгдүгээр хавтас хэргийн 88 дугаар хуудсанд авагдсан Арцанхүүгээс мэдүүлэг авахдаа та аль намын гишүүнчлэлийнхээ тухай ярина уу гэж тулгах байдалтай асуусан байна. Энэ нь эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах үндэслэл болсон.

Яллагдагч нараас гэрчээр авсан мэдүүлгээ яллах талын нотлох баримт болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Дээрх нөхцөл байдлуудыг шүүхийн хэлэлцүүлгээр нөхөн гүйцэтгэх боломжгүй. Нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлээгүй, нөгөө талаас хэргийн оролцогчдын эрхийг зөрчсөн нөхцөл байдал байна. Нотлох баримт цуглуулах, зарим нэг хүнээс гэрчийн мэдүүлэг авах зэрэг ажиллагаануудыг шүүх өөрөө хийх боломжгүй.

 Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид дурдагдсан 5 ажиллагааг дэмжиж байна.

Субьектив талын санаа зорилгын хувьд шат дараалсан буюу хуулийн хэлтсийн мэргэжилтэн, холбогдох албан тушаалтнуудын гарын үсэг хяналтын дагалдах хуудаст зурагдсан. Энэ нөхцөл байдлыг мөрдөн шалгах ажиллагаагаар тодруулаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд зааснаар прокурорын яллах дүгнэлтийн хууль зүйн шаардлагыг хангаагүй. Яллах дүгнэлтэд Ч.Ч, Б нарын мэдүүлгийг нотлох баримтаар дурдсан байдаг. Мөн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолд дээрх мэдүүлгийг иш татсан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн буюу мэдүүлгийн эх сурвалжийг ноцтой зөрчсөн.

 Прокурор эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолоо хүчингүй болгох эсхүл дээрх нотлох баримтуудыг иш татсанаа өөрчлөх эрхтэй. Яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан Ч.Ч, У.Б нарын мэдүүлгийг нотлох баримтаар шинжлэн судлуулахаар дурдсан. Эдгээр нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж цуглуулсан байна. Ийм учраас хэргийг прокурорт буцаах үндэслэлтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар шүүгчийн захирамжид миний гаргасан гомдолтой холбоотой 10 нэмэлт өөрчлөлтүүдийг оруулж өгнө үү” гэв.

 8. Яллагдагч Б.Агийн өмгөөлөгч Б.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан санал, тайлбартаа: “Улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 259 дугаартай захирамжийг хэвээр үлдээж өгнө үү.

Шүүгчийн захирамжийн 1 дэх заалтын талаар тайлбарлая. Гэмт хэргийн улмаас хохирол учраагүй байхад хохирогчоор тогтоож өгнө үү гэж яллагдагч нарын өмгөөлөгч хэлсэн гэж прокурор тайлбарлаж байна. Энэ хэрэгт анхнаасаа хохирол учраагүй гэж үзэж хохирогчоор хэн нэгнийг огт тогтоогоогүй асуудал биш. Харин хохирогчийг тогтоох ажиллагаа нь буруу явагдсан буюу хохирогчоор тогтоогдох эрхгүй этгээдийг тогтоосон тул үүнийг зөвтгөж,  аймгийн ИТХ-ыг хохирогчоор тогтоох ёстой гэж шүүх үзсэн нь үндэслэлтэй байна.

Мөн прокурор энэ хэрэгт Ц.Пүрэвжавын үйлдлийг гэмт хэргийн шинжгүй байна, яагаад гэвэл давуу байдал олж аваад байгаа этгээд нь Ц.Пүрэвжавтай төрөл садан, ах дүү хамаатан, найз нөхдийн холбоо, хамааралгүй байна. Ийм учраас Ц.Пүрэвжавын үйлдэл гэмт хэргийн шинжгүй гэж тайлбарласан. Эрх мэдэл, давуу байдал олгоод байгаа шийдвэрийг хэн гаргаад байна гэвэл Улаангом сумын Засаг дарга нь захирамжаараа олгож байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бол заавал төрөл садан, хамаарал бүхий этгээдэд  давуу байдал олгосон байхыг шаардахгүй. Ц.Пүрэвжавын төрөл садан, хамаатан биш байгаа учир уг үйлдэл нь гэмт хэрэг биш гэж прокурор тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.

 Улаангом сумын Засаг дарга нь иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлэхээр төсөл боловсруулан ирүүлж буй газар нь тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд орсон эсэхийг шалгах эрхтэй субъект. Засаг дарга нь давуу байдал олгох шийдвэрийг гаргаж байгаа учраас гэмт хэргийн шинжтэй эсэхийг зайлшгүй шалгах шаардлагатай байна. Прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь захирамж гарснаар төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг гэж үзсэн. Ц.Пүрэвжавын захирамж гарснаар энэ гэмт хэрэг төгссөн байх талтай. Тийм учраас энэ хүний үйлдлийг зайлшгүй шалгах шаардлагатай гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шүүгчийн 259 дугаартай захирамж хууль зүйн үндэслэлтэй тул  хэвээр үлдээж өгнө үү” гэв.

9. Яллагдагч Г.Оын өмгөөлөгч Д.Дамдинсүрэн давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, саналдаа: “...анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт миний гаргасан хүсэлтээс шүүх зарим хэсгийг нь хангаагүй. Зарим баримтуудыг нотлох баримтаас хасуулах хүсэлтийг шийдвэрлэхдээ шүүхээс хоёр төрлийн шийдвэр гаргасан. Нотлох баримтаас хасуулах хүсэлтийг урьдчилан хэлэлцүүлгээр шийдэх ёстой, эсхүл гэм буруугийн шүүх хуралдаанаар шийдэх ёстой гэж үзсэн. 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн яллагдагчаар татах санал хүргүүлсэн боловч 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол гаргасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ажлын 3 хоногийн дотор  яллагдагчаар татах тогтоол дотор гаргана гэсэн хуулийн заалт хэрэгжээгүй. Энэ хугацаанд хэрэгт  нэг удаа нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан боловч ямар ч ажиллагаа хийгээгүй. Мөрдөгч нь өөрийн санаачилгаар шинжээч томилж, дүгнэлт гаргуулсан. Уг  дүгнэлтэд  өнөөдрийн хэлэлцэж байгаа 11 газраас 7 газрын талаар дурдсан бол  үлдсэн 4 газрын талаар шинжээчийн дүгнэлт гаргаагүй.

Ч.Ч нарыг яллагдагчаар татахдаа аймгийн Засаг даргын эрх мэдлийн хүрээгээр бус сумын Засаг даргын эрх мэдлийн хүрээгээр буюу 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг олгосон гэж үзсэн. Аймгийн Засаг дарга нь газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг Газрын тухай хуульд зааснаар баримтлах эрхтэй. Маргаан бүхий газрууд нь 2021 оноос өмнөх газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд байгаа эсэхийг хянаад шалгаж тогтоож өгнө үү гэсэн хүсэлт гаргасан боловч хүсэлтийг  хүлээж аваагүй. Эдгээр асуудлыг нэмэлтээр хийж гүйцэтгэх ажиллагаанд тусгаж өгнө үү гэж хүсэж байна.

Прокурор хугацаа сунгах асуудалд алдаа гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд: Энэ хуулийг чанд сахиж мөрдөнө гэж заасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчиж цуглуулсан нотлох баримт цуглуулсан бол ямар ч гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цагаатгадаг олон улсын жишиг байдаг. Процесс дээр алдаа гаргачхаад зөрчил биш гэж хэлж болохгүй. Гэмт хэрэг үйлдээгүй гэж үзсэн  Ц.Пүрэвжав нарын субьектив талын шинжийг прокурор мэдэж байгаа юм шиг маш сайн ярьж байна. Ямар баримтад үндэслэж хэлж байгаа нь тодорхойгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байна. Миний шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан хүсэлтүүдэд дүгнэлт хийж өгнө үү” гэв.

10. Яллагдагч У.Болор-Эрдэнийн өмгөөлөгч С.Ганхөлөг давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, саналдаа: “Прокурорын гаргасан тайлбартай холбоотой Д.Дамдинсүрэн өмгөөлөгчтэй санал нэг байна. Үндсэн хуульд  иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, эвлэлдэн нэгдэн эрхтэй гэж заасан. Яллагдагч нар нь эдгээр эрхээ эдэлснийхээ төлөө нэгэндээ давуу байдал бий болгосон гэж гэмт хэрэгт сэжиглэгдэж байна. Улаангом сумын засаг дарга Ц.Пүрэвжав нь тухайн газар авсан хүмүүстэй нэг намын гишүүд биш гэж үзсэн учраас хамааралгүй гэж тайлбарлаж, гэмт хэргийн шинжийг хангахгүй байна гэж прокурор үзэж, Ц.Пүрэвжавыг яллагдагчаар татаж шалгах шаардлагагүй гэж байгааг зөвшөөрөхгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нотолбол зохих байдлыг заасан. Хохирогч нь 84 сая төгрөгийн хохирлыг нэхэмжилсэн. Гэтэл энэ хохирлыг хэрхэн яаж тогтоосон нь тодорхойгүй байна. Давж заалдах шатны шүүхээс эдгээр асуудлуудад анхаарч өгнө үү” гэв.

11. Яллагдагч Ч.Ч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгчийнхөө гаргасан гомдол тайлбарыг дэмжиж байна. Миний зүгээс шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргаж өгсөн нотлох баримтуудаас  заримыг нь шаардлага хангахгүй байна гэж шүүх буцаасан. Энэ баримтууд нь өмгөөлөгчийн гаргасан гомдолтой холбоотой баримтууд байдаг. Тухайн үед болон одоо ч гэсэн мөрдөгдөж байгаа Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/07 дугаартай тогтоол байдаг. Энэ тогтоолын талаархи баримт хэрэгт авагдаагүй. Энэ 11 газрын зарим нь аймгийн засаг даргын тамгын газарт өргөдөл гомдлоо гаргаж, хууль зүйн хэлтсээр судлагдаж хянагдсан. Бусад нь аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газраар дамжсан. Захирамжийн төсөл нь газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, хууль эрх зүйн хэлтсээр дамжиж хянагдаад эцэслэн гардаг. Прокурор Улаангом сумын Засаг даргыг ажилдаа хайнга хандсан гэж үзсэн атлаа намайг гэм буруутай гэж яллаж байгаа нь ойлгомжгүй байна. Газар эзэмшүүлэх захирамж гаргахдаа газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, Улаангом хотын ерөнхий төлөвлөгөө, аймгийн ИТХ-ын тогтоолыг үндэслэж гаргасан. Эдгээр эрх зүйн актууд нь хүчинтэй байгаа эсэхэд холбогдох хэлтэс хяналт тавьж ажилладаг. Өмгөөлөгч нарын хэлснээр яллагдагч нараас авсан мэдүүлгийг үндэслэж бид нарыг буруутгаад байгааг зөвшөөрөхгүй байна” гэв.

12. Яллагдагч У.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгчийнхөө гаргасан саналтай санал нэг байна. Прокурор нь энэ хэрэгт иргэн, аж ахуйн нэгжийн өмчлөлтэй холбоотой асуудал яригдахгүй байгаа гэж хэлсэн. Тухайн захирамж гарсан газар дээр миний мэдэж байгаагаар 2 иргэн, нэг аж ахуйн нэгж буюу гурваас дээш үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авсан өмчийн асуудал яригдаж байгаа. Газрын кадастрын мэдээллийн санд ороход захирамж гаргахад ямар ямар бичиг баримт хэрэг болох, захирамж нь ямар агуулгаар гарсан байх шаардлагатай, ямар ямар процесс бий болдог талаар мөрдөн байцаалтын шатанд авагдаагүй байна. Энэ талаар ажиллагаа хийж өгнө үү гэж хүсэж байна” гэв.

13. Яллагдагч Б.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “Өмгөөлөгчийнхөө гаргасан саналыг дэмжиж байна. Хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгүүлж өгнө үү” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 2023/ШЗ/ 259 дүгээр “ Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцэл, яллагдагч Ч.Чийн өмгөөлөгч О.Санчирбалын гомдлыг тус тус  үндэслэн яллагдагч Ч.Ч, Г.О, У.Б, Б.А нарт холбогдох, 2102004720328 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт  заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж дүгнэв.

2. Нийслэлийн прокурорын  газраас: яллагдагч Ч.Чийг Увс аймгийн Засаг даргаар ажиллахдаа өөрийн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.О, тус газрын кадастрын асуудал хариуцсан мэргэжилтэн У.Б нартай үйлдлээрээ нэгдэж, Увс аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 4/03 дугаартай тогтоолоор батлагдсан “Аймгийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө”-д тусгагдаагүй газраас 7 удаагийн захирамжаар нэр бүхий 4 хуулийн этгээд, 7 иргэнд  газар эзэмших эрх олгох замаар бусдад давуу байдал бий болгосон, яллагдагч Г.О, У.Б нарыг дээрхи гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хамжигчаар хамтран оролцсон,

мөн яллагдагч У.Б-ийг Улаангом сумын газрын даамал Б.А-тай бүлэглэн өөрийн нөхөр Э.Бын эзэмшлийн 700 м2 , гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмших эрхийн гэрчилгээтэй газрыг Э.Над шилжүүлэхдээ газрын хэмжээг ихэсгэж 2800 м2 болгож захирамжийн төсөл боловсруулан улмаар Улаангом сумын Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн А/273 дугаартай “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” захирамж гаргуулж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрийн хамаарал бүхий этгээд болох Э.Бод давуу байдал бий болгосон гэх гэмт хэрэгт тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ,

- яллагдагч Б.А-г Увс аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт Улаангом сум хариуцсан газрын даамлаар ажиллахдаа У.Б-тэй бүлэглэн Э.Б-ын эзэмшлийн 700 м2, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмших эрхийн гэрчилгээтэй газрыг Э.Над шилжүүлэхдээ газрын хэмжээг ихэсгэж 2800 метр квадрат болгож захирамжийн төсөл боловсруулан улмаар Улаангом сумын Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн А/273 дугаартай “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” захирамж гаргуулж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар тус тус яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. 

3. Анхан шатны шүүх Ч.Ч, Г.О, У.Б, Б.А нарт холбогдох эрүүгийн хэрэгт яллагдагч Ч.Чийн өмгөөлөгч О.Санчирбал, яллагдагч Г.Оын өмгөөлөгч Д.Дамдинсүрэн  нарын хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх үндэслэлээр  хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2-т заасан хуулийн шаардлагад нийцжээ.

            4. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлахад, шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, энэ талаар шүүгчийн захирамждаа нэг бүрчлэн тодорхой үндэслэлээр дүгнэснийг давж заалдах шатны шүүхээс хуульзүйн хувьд няцаах, үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна. Учир нь:

 Шүүх аливаа хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхдээ, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүхэлдээ хууль ёсны дагуу явагдсан эсэх, уг ажиллагааг явуулахад Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хуулийн заалтыг чанд мөрдөгдсөн эсэхийг хянан үзэж, хуульд нийцсэн ажиллагаанд үндэслэн шийдвэр гаргаж ажиллах үүрэгтэй. Тодруулбал, эрүүгийн хэрэг хянах шийдвэрлэх ажиллагааны хүрээнд хийгдэх тодорхой ажиллагаа бүр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, хэсэгт чанд нийцсэн байхаас гадна уг хуулийн 1 дүгээр бүлэгт тусгагдсан нийтлэг зарчмууд, тэдгээрийн агуулгад заавал нийцсэн байх нь уг ажиллагааг хууль ёсны гэж тооцох үндсэн шалгуурын нэг болно.

         Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно ” гэж тус тус заасан зохицуулалтын хүрээнд мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.

5. Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих ажиллагааг бүрэн хийгээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчим хангагдаагүй байх тул анхан шатны шүүх хэргийн бодит байдлыг зөв тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

          6. Анхан шатны шүүхээс “...яллагдагч нарыг бүлэглэн Газрын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж, аймаг, сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг нэр бүхий этгээдүүдэд олгож, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа хохирогчийг зөв тогтоогоогүй, мөн яллагдагч Ч.Ч, Г.О, У.Б нарыг холбогдуулан яллаж буй үйлдлүүдээс 3 үйлдэлтэй холбоотой буюу нэр бүхий иргэн, аж ахуйн нэгжид газар эзэмших эрх олгосон Засаг даргын шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг захиргааны хэргийн анхан шатны шүүхээс хянаж шийдвэрлэсэн байх тул эдгээртэй холбоотой нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмаар хэрэгт бэхжүүлэх, мөн энэ хэрэгт хамааралтай захиргааны хэргийн шүүхэд хянагдаж байгаа болон эцэслэн шийдвэрлэгдсэн өөр захиргааны хэрэг, маргаан байгаа эсэхийг тодруулах, прокурорын яллах дүгнэлтэд тусгагдсан зарим үйлдлүүдэд гэм буруутай өөр этгээд байгаа эсэхийг нарийвчлан шалгах шаардлагатай” зэрэг үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлтэй байх бөгөөд шүүгчийн захирамжид заасан ажиллагааг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй байна.

           6.1. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн нийтийн өмч байхаар хуульчилсан байх бөгөөд нийтийн өмчийг хамгаалах, өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлэх субъект нь тухайн аймаг, сум, нийслэл дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал байхад  яллагдагч Ч.Ч, Г.О, У.Б, Б.А нарт холбогдох эрүүгийн хэрэгт хохирогчоор Увс аймгийн Засаг даргын тамгын газар болон Барилга хот байгуулалтын яамны хот байгуулалт, газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Н.Усанболор, Улаангом сумын Засаг даргын тамгын газрын хууль эрх зүй, хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн Г.Болормаа нарыг хохирогчоор тогтоосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1-т заасан хуулийн шаардлагад нийцээгүй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх ба энэхүү шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх хууль зүйн үндэслэл бүхий нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

          6.2. Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл болон тайлбартаа : “ ... шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах “ гэмт хэргийн үндсэн шинжийг анхаарч үзээгүй, энэ гэмт хэргийн улмаас заавал материаллаг хохирол учирсан байхыг шаардахгүй, учир нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг. Яллагдагч нарын үйлдлийн улмаас бусдын зөрчигдсөн эрхийг сэргээх нөхцөл байдал үүсээгүй буюу хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээд байхгүй тул заавал хохирогчийг зөв тогтоосны үндсэн дээр хэргийг хянан шийдвэрлэх боломж бүрдэнэ гэж шүүх үзсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна” гэж тайлбарлаж байх боловч энэхүү тайлбар, дүгнэлт нь хуульзүйн үндэслэлгүй байна.    

         Учир нь: Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжид материаллаг хохирол учирсан байхыг шаардсан эсэхээс үл хамааран гэмт хэргийн хохирогчийг зөв тогтоох шаардлагатай бөгөөд хохирогчийг зөв тогтоогоогүй нь мөрдөн шалгах ажиллагаа хууль ёсны болж чадаагүй гэж үзэх үндэслэл болох тул энэхүү ажиллагааг  шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх хуульзүйн боломжгүй болно.

         Нөгөөтэйгүүр, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон Барилга хот байгуулалтын яамны хот байгуулалт, газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зорицуулах газрын ахлах мэргэжилтэн Н.Усанболор энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг газрын дуудлага худалдааны анхны үнээр тооцож, дуудлага худалдааны анхны үнэ буюу 82.796.800 төгрөг нэхэмжлэх талаар мэдүүлэг / 4-р хх-ийн 14 дүгээр хуудас, 6-р хх-ийн 104-р тал/ гаргасан байхад прокурор энэ гэмт хэргийн улмаас материаллаг хохирол учраагүй тул гэмт хэргийн улмаас хохирол нэхэмжлээгүй гэх тайлбар гаргасан нь ойлгомжгүй байна.

           6.3. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт яллагдагч Ч.Чээс гаргаж ирүүлсэн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрүүдээр прокурорын яллах дүгнэлтэд тусгагдсан, яллагдагч нарыг яллаж буй зарим үйлдэлтэй холбоотой буюу нэр бүхий зарим иргэн, аж аж ахуйн нэгжид газар эзэмшүүлсэн Засаг даргын захирамжийн хууль зүйн үндэслэлийг  хянаж  шийдвэрлэсэн байх тул уг шийдвэрүүд хүчин төгөлдөр болсон эсэх талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулахгүй байх нь шүүхээс гэмт хэргийн үйл баримтад бодитой дүгнэлт хийхэд сөргөөр нөлөөлнө гэж дүгнэв.

 6.4. Прокуророос Увс аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт кадастр хариуцсан мэргэжилтэн У.Б, тус газрын Улаангом сум хариуцсан газрын даамал Б.А нарыг  бүлэглэн У.Болор-Эрдэнийн нөхөр Э.Бын эзэмшлийн 700 м2, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмших эрхийн гэрчилгээтэй газрыг иргэн Э.Над эзэмшүүлэхээр шилжүүлэхдээ газрын хэмжээг 2800 м2 болгон нэмэгдүүлж, захирамжийн төсөл боловсруулан улмаар Улаангом сумын Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн А/273 дугаартай “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” захирамж гаргуулж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон  үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй гэж дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн байна.

Энэ хэрэгт буюу яллагдагч У.Б, Б.А нарын дээрх үйлдэлд тухайн үед Улаангом сумын Засаг даргаар ажиллаж байсан, уг газрыг иргэн Э.Над  эзэмшүүлэх шийдвэр гаргасан Ц.Пүрэвжав хамтран оролцсон эсэхийг нарийвчлан шалгах шаардлагатай талаар  хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдлыг тогтоох зарчимд нийцсэн байна.

Тодруулбал, хэргийн талаар нотолбол зохих байдал буюу гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэрэгт хамтран оролцсон оролцоо зэргийг бүрэн шалгаж, хөдөлбөргүй, эргэлзээгүй байдлаар тогтоох нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцэх тул прокурорын энэ талаар бичсэн эсэргүүцлийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй.   

           7. Яллагдагч Ч.Чийн өмгөөлөгч О.Санчирбал Хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжид нэмэлт өөрчлөлт оруулахыг хүссэн агуулга бүхий давж заалдах гомдолдоо: “ миний зүгээс шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан нэмэлт ажиллагаа хийлгэх тухай зарим хүсэлтүүдийн талаар анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй орхигдуулсан, мөн шүүхийн хийсэн зарим  дүгнэлт нь үндэслэлгүй талаар дурдсан байх бөгөөд гомдлыг дараах  үндэслэлүүдээр хангах үндэслэлгүй гэж дүгнэв.

            7.1. Өмгөөлөгч О.Санчирбалын “ захиргааны шийдвэр гаргах үе шатанд оролцсон алба хаагчдын гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байгаа эсэхийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоолгох тухай” хүсэлтийг анхан шатны шүүх хэлэлцэхгүй орхисон нь үндэслэлгүй  гэх гомдлыг хангах үндэслэлгүй болно.

           Мөрдөн шалгах ажиллагааны явцад нэр бүхий иргэн, аж ахуйн нэгжид газар эзэмшүүлэх тухай шийдвэрүүдийн төсөлтэй танилцсан албан хаагчдаас гэрчийн мэдүүлэг авч, шийдвэр гаргах үйл явцад ямар оролцоо, чиг үүрэгтэй оролцсон талаар тодруулах ажиллагаа явуулсан байх тул энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагагүй байна. 

            7.2. Прокуророос яллагдагч Ч.Ч, Г.О, У.Б нарыг  Увс аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 4/03 дугаартай тогтоолоор баталсан, Аймгийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг зөрчиж,  уг төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг иргэн, аж ахуйн нэгжид хууль бусаар олгож давуу байдал бий болгосон үйлдэлд яллаж ирүүлсэн байх бөгөөд хэрэгт дээрх тогтоолоор баталсан газар зохион байгуулалтын төлөвлөгөө /2-р хавтаст хэргийн 70-р хуудас/  авагдсан байна.

          Аймгийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай Увс аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 4/03 дугаартай тогтоолын 1 дэх заалтаар: “ Аймгийн хэмжээнд 2021 онд өмчлүүлэх газрын хэмжээ, байршлыг нэгдүгээр хавсралтаар, эзэмшүүлж, ашиглуулж, хамгаалах газрын хэмжээ, байршлыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталж,

           уг тогтоолын 3 дугаар заалтаар өмнөх оны буюу аймгийн хэмжээнд 2020онд өмчлүүлэх газрын хэмжээ, байршлыг баталсан 1-р хавсралтын хэрэгжээгүй заалтуудыг, эзэмшүүлж, ашиглуулж, хамгаалах газрын хэмжээ, байршлыг баталсан 2-р хавсралтын хэрэгжээгүй заалтуудыг, мөн Аймгийн ИТХ-ын 6-р хуралдааны 2020 оны 9-р сарын 2-ны өдрийн 11/04 тогтоолоор батлагдсан “ Аймгийн газар зохион байгуулалтын 2020 оны төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах тухай төлөвлөгөөний хэрэгжээгүй заалтуудыг тус тус хүчингүйд тооцсон байгаагаас дүгнэхэд өмнөх онд иргэн, аж ахуйн нэгжид эзэмшүүлж, ашиглуулахаар  баталсан газраас  хэрэгжүүлээгүй буюу эзэмшүүлж, ашиглуулаагүй үлдсэн хэсгийг хүчингүй болгож, дараа онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын хэмжээ, байршлыг  шинээр тогтоож байсан байна.

          Иймд 2020 оноос өмнөх оны Увс аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө нь хэрэгт хамааралгүй, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолгүй талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна. 

          7.3. Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор А.Дүүрэнбилэгийн 2022 оны 04 сарын 04-ний өдрийн  439 дүгээр тогтоолоор нэгжлэг хийх тухай зөвшөөрөл олгосны  дагуу Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Г.О, кадастрын ахлах мэргэжилтэн У.Б, архив албан хэрэг хөтлөлтийн асуудал хариуцсан мэргэжилтэн А.Одгэрэл нарын өрөө болон тус байгууллагын архивын 102 тоот өрөөнд хадгалагдаж буй баримт бичгүүдэд мөрдөгч 2022 оны 4 сарын 13-ны өдөр үзлэг хийсэн байх ба   үзлэгийн тэмдэглэлд : хэргийн нууцыг хангах зорилгоор хөндлөнгийн гэрчийг оролцуулаагүй талаар тусгасан байна.  Уг үзлэг хийсэн ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлийн 9-т: “ үзлэгийг прокурорын зөвшөөрлөөр нууцаар хийж болно” гэж заасантай нийцсэн байх тул өмгөөлөгчийн “ эд зүйлд үзлэг хийхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлийн 5-т заасныг зөрчсөн тул дахин үзлэг хийлгэх тухай” гомдлыг хангах үндэслэлгүй болно.

          7.4. Иргэн Я.Батнасан, П.А нарт эзэмшүүлэхээр олгосон гэх газруудад үл хөдлөх хөрөнгө хэзээ баригдсан, улсын бүртгэлийн гэрчилгээтэй эсэх нь яллагдагч нарын хууль бусаар газар олгосон эсэх гэм буруугийн асуудалтай хамааралгүй байна.

          7.5. Увс аймгийн Засаг даргын 2021 оны А/229, А/325, А/258, А/437 дугаартай, Газар эзэмшүүлэх тухай захирамжуудад  захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Г.О, Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Ц.М нарт тус тус даалгаж шийдвэрлэсэн байх бөгөөд Ц.Мыг энэ хэрэгт гэрчээр асуулгах тухай өмгөөлөгчийн хүсэлт үндэслэлгүй буюу хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолгүй байна.

            Тодруулбал тухайн үед Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргаар ажиллаж байсан Ц.М албан үүргийн хувьд эрх бүхий этгээдээс дээрх иргэн, аж ахуйн нэгжид газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргах ажиллагаанд оролцох чиг үүрэггүй байна.

         7.6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад нэр бүхий иргэн, аж ахуйн нэгжид эзэмшүүлэхээр олгосон газар нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газраас олгогдсон эсэх, эсхүл урьд нь олгогдсон давхцалтай газар эсэх, мэдээллийн санд хэзээ, хэрхэн бүртгэгдсэн, газрын суурь үнийг тогтоох зорилгоор шинжээч томилсон байх ба 1-р хавтас хэргийн 131-140-р талд Газар зохион байгуулалт, геодози зураг зүйн газрын шинжээчдийн 2022 оны 04 сарын 06-ны өдрийн 2022/17 дугаар шинжээчийн дүгнэлт авагдсан байна.

            Уг шинжээчийн дүгнэлтэд: “ газар эзэмшүүлэх, ашиглуулах захирамжаар олгосон газар нь тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд туссан эсэх, газрын дуудлага худалдааны анхны үнийг тооцож гаргах нь шинжлэх ухаан, техник, урлаг, түүх, соёл, нягтлан бодох бүртгэл зэрэг асуудалд хамаарахгүй” талаар дурдаж, эзэмшүүлэхээр олгосон газруудыг газрын кадастрын мэдээллийн санд хэзээ бүртгэгдсэн талаархи мэдээллүүдийг тусгаж, дүгнэлт гаргуулахаар дурдсан нэр бүхий иргэн, аж ахуйн нэгжид тус тус олгосон газрын нэгж талбарын хувийн хэрэг байхгүй тул газрыг дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаар олгосон эсэхийг шалгах боломжгүй талаар тус тус дурдсан байх тул энэ асуудлаар нэмэлт, эсхүл дахин шинжилгээ хийлгэх үндэслэл тогтоогдохгүй байна.

        Уг шинжээчийн дүгнэлтийг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтаар үнэлэх эсэх нь гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцэх асуудалд хамаарахыг дурдах нь зүйтэй.   

        7.7. Өмгөөлөгч О.Санчирбалын : “ прокурор нь яллагдагч нарт холбогдох үйл баримтыг 2021 онд үйлдэгдсэн талаар дүгнэсэн атлаа Эрүүгийн хуулийн холбогдох заалтуудыг удирдлага болгоогүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт өөрчлөлт орж, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүндрүүлсэн тул хуулийн холбогдох заалтыг хэрхэн журамлах талаар яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлтэд тусгаагүй” гэх хүсэлтийг анхан шатны шүүх гэм буруугийн шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн байх боловч шүүхээс хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаасан тул яллагдагч нарын ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхийг хангах үүднээс нэмэлт ажиллагааны явцад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн холбогдох зохицуулалтыг зөв хэрэглэхийг тэмдэглэх нь зүйтэй байна.  

           7.8. Нэр бүхий  иргэн, аж ахуйн нэгжүүдэд олгосон газруудын гэрэл зургийн үзүүлэлтүүдийг хэрэгт хавсаргаагүй гэх өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй ба энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

           8. Өмгөөлөгч О.Санчирбалын “ мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Л.Арцанхүү, Д.Н нараас мэдүүлэг авахдаа хуульд заасан журмыг зөрчсөн, мөн яллагдагч Ч.Ч, У.Б нараас гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн талаар гаргасан гомдлыг хангах боломжгүй байна.

         Учир нь хэрэгт авагдсан нотлох баримтууд буюу гэрчийн мэдүүлгийг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтаар үнэлэх эсэх нь гэм буруугийн шүүх хуралдааны эрх хэмжээ болно.          

           9.  Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид дурдсан үндэслэлүүдийг прокурорын эсэргүүцэлд  заасан үндэслэлээр үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүгчийн захирамжид заасан ажиллагааг мөрдөн шалгах ажиллагаагаар гүйцэтгүүлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуүль ёсны байх, мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн бодит байдлыг тогтоох зарчимд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэж, прокурорын “ ...Хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэх агуулга бүхий эсэргүүцэл болон өмгөөлөгч О.Санчирбалын давж заалдсан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар  сарын 07-ны өдрийн 2023/ШЗ/ 259 дүгээр “ Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, дээд шатны прокурорын 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 56 дугаар эсэргүүцэл, яллагдагч Ч.Чийн өмгөөлөгч О.Санчирбалын давж заалдсан гомдлыг тус тус  хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Л.АЛТАН

ШҮҮГЧИД                                                     Н.ТУЯА

                                                                 Н.МӨНХЖАРГАЛ