Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 2023/ДШМ/1061

 

 

 

 

 

 

    2023          11            02                                       2023/ДШМ/1061

                                                                    

  Б.Д, О.А, Ө.Б нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Ундрах,

шүүгдэгч Б.Д-гийн өмгөөлөгч Н.Одонтуяа,

шүүгдэгч О.А-ийн өмгөөлөгч Б.Энхтүвшин,

шүүгдэгч Ө.Б-гийн өмгөөлөгч Л.Амартогос,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 2023/ШЦТ/990 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурорын бичсэн 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 51 дүгээр эсэргүүцлийг үндэслэн Б.Д, О.А, Ө.Б нарт холбогдох эрүүгийн 2108 0227 81025 дугаар хэргийг 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. ............ овгийн ...............-ын Д, 20.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр .... төрсөн, .. настай, э..эгтэй, .......... боловсролтой, ........... мэргэжилтэй, ........... эрхэлдэг, ам бүл .., ..... нарын хамт .... дүүргийн .. дүгээр хороо, .. дугаар гудамжны .. тоотод оршин суух бүртгэлтэй боловч .. дүүргийн .. дугаар хорооны .. тоотод оршин суух, /РД: ............../,

2. .......... овгийн ...........-ын А, 20.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр .. төрсөн, .. настай, э..эгтэй, .. боловсролтой, мэргэжилгүй, ..... ажилтай, ам бүл .., ...-ийн хамт .. дүүргийн .. дүгээр хороо, .. дугаар гудамжны .. тоотод оршин суух, /РД: ................../,

3. .. овгийн ..-ын Б, 20.. оны .. дугаар сарын ..-ны өдөр ... төрсөн, .. настай, э..эгтэй, ... боловсролтой, мэргэжилгүй, .... эрхэлдэг, ам бүл .., ............ нарын хамт ... дүүргийн .. дүгээр хороо, ... дугаар гудамжны .. тоотод оршин суух бүртгэлтэй, боловч .. дүүргийн .. дугаар хороо, .. дугаар гудамжны .. тоотод оршин суух, /РД: ................/,

Шүүгдэгч Б.Д, О.А нар нь бүлэглэн 2021 оны 9 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Боса” худалдааны төвийн гадна талын гудамжинд нийтийн хэв журмыг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулан, иргэн Б.Н, Э.Х нартай үл ялих зүйлээр шалтаглан маргалдан зодож, эрүүл мэндэд нь тус бүр хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Б.Д нь ганцаараа 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 5 дугаар гудамжны 36 тоотод хохирогч А.Л-г “утсаа харамлалаа” гэх шалтгаанаар маргалдан, улмаар түүний хүзүүг заазуураар зүсэж, эрүүл мэндэд нь “зүүн талын нүүрний артерийг бүрэн бус тасалсан хүзүүний хатгагдаж зүсэгдсэн шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

2022 оны 8 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо, Баянхошууны 27 дугаар гудамжинд иргэн Б.З-тэй үл ялих зүйлээр шалтаглан зодож, эрүүл мэндэд нь “тархи доргилт, баруун зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун дээд, зүүн доод зовхи, хамрын нуруунд цус хуралт, зүүн хацар, баруун, зүүн доод зовхи, зүүн чигчийн хуруунд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг, хоёр буюу түүнээс олон хүний эрүүл мэндэд халдаж үйлдсэн, мөн бүлэглэж гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,

2022 оны 6 дугаар сарын 18-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мираж” зочид буудлын ард байрлах хохирогч Н.Т-ын эзэмшлийн гараашаас өөрт илүү байсан 1 хувь түлхүүрээр онгойлгон орж, компрессор 1 ширхэг, хагас автомат гагнуурын аппарат 1 ширхэг, аккумлятор цэнэглэгч, 120 ампертай 2 ширхэг аккумлятор зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, -хууль бусаар авч бусдад 2.300.000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 8 дугаар сарын 09-өөс 10-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо, Баянхошууны 27 дугаар гудамжинд хохирогч Б.З-н эзэмшлийн Айфоне-10 маркийн гар утсыг газарт шидэж, санаатай устгаж гэмтээсний улмаас 850.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

Шүүгдэгч Ө.Б нь 2021 оны 9 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Боса” худалдааны төвийн гадна талын гудамжинд иргэн Э.Х-г үл ялих зүйлээр шалтаглан зодож, эрүүл мэндэд нь “зүүн хоншоор ясны өмнөд ханын хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Д-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар,

О.А-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

Ө.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Б.Д, О.А нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, хэргийн зүйлчлэлийг “Б.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг”, О.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг” гэж тус тус хөнгөрүүлэн өөрчилж,

шүүгдэгч Б.Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг “хоёр, түүнээс олон хүний буюу 4 хүний эрүүл мэндэд халдаж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд, мөн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч О.А-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг “хоёр хүний эрүүл мэндэд халдаж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ө.Б-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

шүүгдэгч Б.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар тус тус Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын зөвшөөрөлтэйгөөр зорчин явах, оршин суугаа газраа өөрчлөх үүрэг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ял, шүүгдэгч О.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Ө.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасныг баримтлан Б.Д-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтэн биечлэн нийт 10 сарын хугацаагаар Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын зөвшөөрөлтэйгөөр зорчин явах, оршин суугаа газраа өөрчлөх үүрэг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар М.Бн цагдан хоригдсон 13 хоногийг 195 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 195.000 төгрөгөөр торгох ялыг эдэлсэнд тооцон хасаж, биечлэн 605 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 605.000 төгрөгөөр торгох ял эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Б.Д, О.А нь хэргийн улмаас цагдан хоригдоогүй, шүүгдэгч нарын хувийн эд зүйл, бичиг баримтыг хурааж, битүүмжлээгүй, хохирогч Т.Зүчид 850.000 төгрөг, хохирогч Э.Х-д 1.081.415 төгрөг, хохирогч Б.Н-т 352.232 төгрөг төлсөн, хохирогч А.Л иргэний нэхэмжлэл гаргаагүй, хохирогч М.Т иргэний нэхэмжлэлээсээ татгалзсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, бусдад төлбөргүй болсон болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Д, Ө.Б, О.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, хэрэгт хавсаргагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг компакт дискийг Б.Д, Ө.Б, О.А нарт холбогдох эрүүгийн 2108022781025 тоот хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн 1 ширхэг заазуурыг устгаж шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор бичсэн эсэргүүцэлдээ: Шүүхээс шүүгдэгч Б.Д, О.А нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “...Шүүгдэгч Б.Д нь хувийн сэдлээр, шууд санаатайгаар хүний халдашгүй эрх, эрх чөлөөнд хүч хэрэглэн халдаж хохирогч Б.Н, Э.Х, Т.Знартай зодолдсон, мөн хохирогч А.Л-гийн хүзүү хэсэгт заазуураар хатгаж зүссэний улмаас нэр бүхий хүмүүсийн бие махбодод хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь тогтоогдож байна” гэж дүгнэсэн атлаа “...хэргийн зүйлчлэлийг “Б.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг...” гэж хөнгөрүүлэн өөрчилсүгэй...” гэж хуулийн зүйл, заалтыг буруу бичсэн байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно” гэж хуульчилсан бөгөөд шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэм буруугүйд тооцох” зарчмын хүрээнд шүүгдэгч Б.Д, О.А нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн гэж үзэх үндэслэлгүй юм.

Шүүгдэгч Б.Д-д шийтгэх тогтоолын 1 дүгээр заалтаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилсөн гэх атлаа 2 дугаар заалтаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг “хоёр, түүнээс дээш олон хүний буюу 4 хүний эрүүл мэндэд халдаж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн нь гэж гэм буруутайд тооцсон нь ойлгомжгүй.

Түүнчлэн прокуророос шүүгдэгч Б.Д, О.А нарт “бүлэглэж” хоёр буюу түүнээс дээш хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж шүүхэд шилжүүлсэн байхад шүүх хүндрүүлэх шинж буюу “бүлэглэж” гэсэн хэсгийг хэрхэн шийдвэрлэсэн нь ойлгомжгүй орхигдуулсан, мөн тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл, бүлэглэж гэмт хэрэг үйлдээгүй гэж үзвэл тухайн шинжийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлээгүй байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 2023/ШЦТ/990 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэжээ.

Прокурор Н.Ундрах эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Нэмж хэлэх тайлбар байхгүй. Дээд шатны прокурорын эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хууль зүйн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох ёстой байсан. Гэтэл шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон. Мөн Б.Д, О.А нарын бүлэглэж үйлдсэн шинжийг шийтгэх тогтоолд тусгаагүй байсан. ...” гэв.

Шүүгдэгч Б.Д-гийн өмгөөлөгч Н.Одонтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Үндэслэх хэсэгт заасан дүгнэлтийг давж заалдах шатны шүүх зөвтгөх боломжтой. ...” гэв.

Шүүгдэгч О.А-ийн өмгөөлөгч Б.Энхтүвшин тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Үг, үсэг, тоо, тооцооллын шинжтэй буюу техникийн шинжтэй алдаа гарсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Зүйлчлэл дээр бичиглэлийн алдаа гаргасан. Үүнийг давж заалдах шатны шүүх зөвтгөх боломжтой. ...” гэв.

Шүүгдэгч Ө.Б-гийн өмгөөлөгч Л.Амартогос тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, шүүгдэгч Б.Д, О.А нар нь бүлэглэн 2021 оны 9 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Боса” худалдааны төвийн гадна талын гудамжинд нийтийн хэв журмыг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулан, иргэн Б.Н, Э.Х нартай үл ялих зүйлээр шалтаглан маргалдан зодож, эрүүл мэндэд нь тус бүр хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Ө.Б нь 2021 оны 9 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Боса” худалдааны төвийн гадна талын гудамжинд иргэн Э.Х-г үл ялих зүйлээр шалтаглан зодож, эрүүл мэндэд нь “зүүн хоншоор ясны өмнөд ханын хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 96-122/,

хохирогч Б.Н-ын “...Би 2021 оны 9 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, “Боса” төвийн урд зүүн талд байрлах гудамжнаас гараад явж байхад гудамжны үзүүрт хүмүүс орилолдоод байхаар нь очоод хартал манай найз Х хүнд цохиулж байсан. Би яваад очтол тухайн цохисон хүн нь над руу “чи хөөе гөлөг, бас хэн бэ?” гэж хэлсэн бөгөөд би “зүгээр байгаарай гөлөг минь” гээд өмсөж байсан хүрмээ тайлсан. Х дээр очоод юу болсон талаар асууж байхад над дээр махлаг саарал өнгийн хослолтой хүн хүрч ирээд “найзыгаа аваад явчих” гэж хэлсэн. Тухайн үедээ би шууд явалгүйгээр Б-ээс юу болсон талаар асуухад, “Н-г унаанд суулгах гээд машинаа андуураад маргалдсан чинь намайг цохичихлоо” гэж хэлсэн. Тэгээд би “яагаад цохисон юм бэ?” гээд тэнд байсан хүн болгоноос асуухад, хэн ч хариулаагүй. Бүгдээрээ Х бид хоёрыг тойроод зогсчихсон байсан бөгөөд тухайн үед байсан эмэгтэй болон махлаг залуу хоёр нь бид хоёрыг явчих гээд байсан. Харин бусад тэнд байсан эрэгтэйчүүд нь бид хсёрыг явуулахгүй гээд зууралдаад байсан. Зууралдаад байж байхад ...хоёр шуу болон баруун мөрөн дээрээ шивээстэй цээж нүцгэн залуу хүрч ирээд миний нүүрний зүүн шанаа хэсэг рүү гараараа цохиод авсан. Тэгээд би тухайн залуутай зодолдож эхэлсэн бөгөөд тухайн залуу намайг унагаачихсан. ...Би босоод хартал Х-г хар өнгийн олон стикер наасан хүрэмтэй хар өнгийн өмдтэй залуу нүүр хэсэг рүү нь цохиод байсан. Би салгах гээд очтол хажуугаас намайг цээж нүцгэн, баруун мөр болон шуун дээрээ шивээстэй залуу цохиж байсан бөгөөд харин Х-г тухайн хар өнгийн хүрэмтэй залуу нүүр хэсэг рүү цохиод өвдөглөж байх шиг харагдсан. ...Х-г зодож байсан хар хүрэмтэй залууг 2 канттай, цайвар өнгийн бэлтгэлийн хувцастай, касктай хүн салгаж байсан бөгөөд харин намайг зодож байсан. ...залууг эмэгтэй болон махлаг залуу хоёр салгасан. ...Тэгээд бид хоёр тухайн хэдэн залуучууд дээр очоод “Одоо больё. Ингээд эвлэрье” гэж хэлээд салах гэж ...ярилцаж байхад хар өнгийн хүрэмтэй залуу машины ойролцоогоос гүйж хүрч ирээд Х-г шууд өшиглөсөн. Тухайн үед махлаг залуу болон эмэгтэй нь салгаж байсан. ...Х бид хоёр хоорондоо юм яриад хэсэг зогсож байхад хар өнгийн хүрэмтэй залуу шууд гүйж орж ирээд Х-г цохиод авсан. Тэр үед нь махлаг залуу салгах гэж ирсэн бөгөөд тухайн залууг холдуулахаас өмнө тухайн хар өнгийн хүрэмтэй залуу миний хамар хэсэг рүү цохиод, хамар руу шууд мөргөсөн. Тэр үед миний хамрын зүүн дээвэр ясны хугарал, таславч мурийлт зэрэг гэмтэл учирсан байх. Араас нь ...шивээстэй залуу гүйж хүрч ирээд жийж баруун хөлөөреө өшиглөж байсан. Тэгээд жижиг биетэй залуу ...Х-тэй муудалцсан бөгөөд Х-г гудамж руу ...дагуулаад явсан. Араас нь ...хар хүрэмтэй нөхөр хурмээ тайлчихаад ...ирэнгүүтээ шууд миний нүүр рүү цохиод хавирч унагаагаад миний зүүн хавирган хэсэгт өшиглөөд байсан. Тухайн үед миний хавирганд цус хурсан байх. Тэгээд намайг чирч явахад нь би унасан бөгөөд машин руугаа чирэхэд нь миний баруун дал болон баруун өвдгөнд зулгарсан. ...Удалгүй 2 машинтай хүмүүс ирсэн бөгөөд тэр машинаас бууж ирсэн шар сортой, хар өнгийн үстэй залуу шууд Х-г зодож байсан. Зодохдоо баруун гараараа толгой хэсэг рүү нь олон удаа цохиж нүүр рүү нь мөргөж байсан. Х нүүрээ дараад доошоо харахад нь толгой дээрээс нь гараараа олон удаа цохиж харагдсан...” /1 хх 15-18/,

хохирогч Э.Х-гийн “...Би 2021 оны 9 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Боса” төвийн зүүн талд байрлах гудамжнаас өөрийн найз Н-г таксинд суулгаж өгөх гээд зам гарсан бөгөөд такси барих гээд Н гараа өргөтөл цагаан өнгийн, дээрээ лүүктэй Хьюндай Аксент маркийн тээврийн хэрэгсэл зогссон бөгөөд тухайн машинд суух гэтэл дотор нь олон хүн байхаар нь “суухгүй” гэж хэлчихээд байж байсан. Тухайн үед Н бид хоёр хальт маргалдаад явж байсан бөгөөд машины урд сууж байсан залуу машины цонхоор намайг хэл амаар доромжлоод байсан. Би тухайн залууд хандаж “зайл” гэж хэлэхэд тухайн эрэгтэй намайг хэл амаар доромжлоод бид хоёр хэрэлдсэн. Машинаас жолооч нь болон нөгөө залуу хоёр бууж ирсэн бөгөөд бууж ирээд намайг шууд цохих гээд байхаар нь би түлхээд машин руу нь ойртуулсан. Хойноос нь дахиад 2 залуу бууж ирээд бүдүүн нь намайг явчих гээд байсан. Гэтэл нөгөө урд байсан баруун мөрөн дээрээ болон хоёр гарын шуундаа шивээстэй залуу өмсөж байсан фудволкоо тайлаад баруун гараараа миний зүүн нүдний хэсэг рүү цохичихсон. Намайг цохиулаад явж байхад бүдүүн залуу нь “одоо явчихаа” гэж хэлээд араас дагаж явж байгаад надаас холдоход тухайн шивээстэй залуу над дээр ирээд дахиад нүүр рүү цохисон. Энэ үед манай хоёр найз Н болон Бат-Өлзий хоёр ирсэн. Н “манай найзыг хэн цохисон бэ?” гээд хүн болгон руу хашхираад байсан. ...Маргалдаж байгаад шивээстэй залуу нь намайг цохиход дахиад зодолдож эхэлсэн бөгөөд тухайн шивээстэй залуу цаашаа яваад Н-тай зодолдож эхэлсэн. Харин надтай тухайн бүдүүн болон жижигхэн биетэй хар хувцастай залуу хоёр зууралдаад яваад байсан. Зууралдаж байгаад салтал “Тоёота Ист” маркийн машин ирсэн бөгөөд машинаас бууж ирсэн хар өнгийн хүрэмтэй залуу Н-ыг шууд цохиод унагаачихсан. Тэгэнгүүтээ над руу ирээд шууд цохиж эхэлсэн бөгөөд миний нүүр рүү болон хавирга руу өвдөглөж байсан. ...Энэ үед тухайн шивээстэй залуу хүрч ирээд бас зодож байсан. Энэ үед миний нүүрэнд гэмтэл учирсан байх. Бид хоёртой тухайн бүдүүн залуу нь юм яриад дагуулаад урагшаа явсан бөгөөд тэндээ юм ярьж байхад Н, тухайн машины жолооч залуу, шивээстэй залуу гурав хоорондоо эвлэрэх гээд юм яриад байж байсан. Энэ үед хар өнгийн хүрэмтэй залуу хүрч ирээд намайг өшиглөх гэж оролдсон бөгөөд өмнүүр нь нөгөө бүдүүн залуу ороод хааж байсан. Тэгээд тэр хэд бөөндөө цаашаа бид хоёрыг хаяаад явсан бөгөөд хажуугаар нь миний машиныг Б бариад зөрөхөд хар өнгийн хүрэмтэй залуу машины зүүн тал руу чулуу шидэж байсан бөгөөд араас нь хөөгөөд явчихсан. Машины араас хөөгөөд гүйцэлгүй бид хоёр дээр буцаад ирсэн бөгөөд ирэнгүүтээ намайг цохиход бүдүүн залуу нь тэвэрсэн бөгөөд тэр чигээрээ Н-ыг цохиод нүүрэн тус газарт нь хүчтэй мөргөж байсан. Энэ үед нөгөө шивээстэй залуу манай найзыг өшиглөж байгаа харагдсан. ...Эвлэрээд байж байтал тээврийн хэрэгсэлтэй хүмүүс дахиад ирсэн бөгөөд машинаас бууж ирээд дахиад маргалдсан. Хар өнгийн хүрэмтэй залуу бид хоёрыг нөгөө хэдээс салгах гээд аваад өөр тийшээ явсан бөгөөд нөгөө найзууд нь араас ирээд дахиад цохих гээд байсан. Хар хувцастай нь энэ үед “одоо болно, хангалттай” гэж хэлэхэд ...том биетэй залуу нь намайг заамдаж авсан бөгөөд миний нүүр рүү олон удаа цохисон. Эхлээд нүүрний зүүн хэсэг рүү цохиход нүүр эвгүй болчихсон. Удалгүй цагдаагийн машин хажуугаар зөрөхөд тухайн хүмүүс зугтаагаад явчихсан. ...” /1 хх 22-25/,

гэрч Р.Н-ын “...Хэзээ гэдгээ сайн санахгүй байна. Гэртээ байж байтал танил Б над руу залгаад уулзах уу” гэхээр нь зөвшөөрсөн. Удалгүй танай ойролцоо ирчихлээ гэхээр нь би гэрээс гараад гэрийн ойролцоох 15 дугаар автобусны буудлын тэнд уулзаад машинд нь суухад Б хоёр найзын хамтаар байж байсан. Тэгээд бид хэд хоорондоо танилцаад Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр болох Баянхошууны эцэс дээр ирээд нэг уулан дээр гарсан. Бид хэд уулан дээр юм ярьж сууж байгаад би орой болчихсон, замаасаа бага зэрэг холдсон байхаар нь “гэртээ харилаа” гэж Б-д хэлсэн чинь Б “найз нь дөхүүлээд өгье” гээд уулнаас буугаад гудамжны үзүүр дээр ирээд би буугаад зам руу гараад такси хүлээгээд зогсож байсан чинь надтай хамт машины ард сууж байсан залуу бууж ирээд “хэсэг суухгүй юм уу” гэхээр нь би “харих хэрэгтэй” гэсэн чинь миний гараас бариад “хэсэг цуг суухгүй” гэж дахиад асуухаар нь би “зүгээрээ” гэж хэлээд гараа тавиулсан. Тэгээд би зам дагуу алхаж байгаад такси зогсохоор нь суугаад гэртээ ирсэн. Намайг машинд байхад маргалдаж муудалцсан зүйл байхгүй. ...” /1 хх 34-36/,

насанд хүрээгүй гэрч Б.М-ийн ...“Бид нар Г-аар хүргүүлэх гээд Баянхошууны эцэс дээр Г-ын машинтай явж байсан. Тэгтэл нэг эмэгтэй гар өргөсөн чинь Галбаяр зогссон ба А багтахгүй шүү дээ гэтэл тэр эмэгтэй машины хаалга татсан. А тэр эмэгтэйтэй явж байсан залуутай гэнэт хэрэлдэж байгаад машинаас буухаар нь Г, Г, Г-ийн найз эмэгтэйн хамт бид нар машинаас буусан. Тэгтэл А тэр залуугийн нүүр хэсэг рүү нэг удаа цохисон. Гэтэл тэр нүүрээ дараад цаашлахаар нь би очоод больчихоо гэж байтал А тэр залуутай хэрэлдээд байсан, яг юу хэрэлдэж байсныг би санахгүй байна. А тэр залуу хоёр маргалдаад бараг салж байтал нэг танихгүй туранхай залуу гүйж ирээд цамцаа тайлаад хэрүүл өдөөд байхаар нь би очоод “боль ингээд явчихаа” гэтэл тэр залуу уурлаад байсан. Тэгтэл байж байтал Д, А-ийн хамт тэр хоёр танихгүй залууг нийлж зодоод байсан. Тэр үед би А-ийг эхлээд болиулаад цаашаагаа очиж Д-г болиулсан. Тэгтэл А, Д нар тэр хоёр залууг дахиж зодоод байсан. Тэгээд хэсэг салж байтал цагдаагийн машин ирж байхаар нь Г, А бид гурав 76 дугаар сургуулийн урд саад руу явсан. Харин Д, Г бас 2 охины хамт үлдсэн. ...” /1 хх 57-59/,

гэрч Б.Г-ын “...Би 2021 оны 9 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө ...Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, “Боса” төвийн хажуугаар явж байхад 1 эрэгтэй, 1 эмэгтэй хүн зам гарч байсан бөгөөд эмэгтэй нь гараа өргөхөд би зогсож хаашаа явах талаар асуухад, тухайн эмэгтэй “олон хүнтэй юм байна, суухгүй” гэж хэлсэн. Тухайн хоёр хүн маргалдаад байсан бөгөөд А “чи наад эмэгтэй хүнийг яах гээд байгаа юм бэ?” гэж хэлэхэд, тухайн залуу А-ийн өөдөөс “чамд ямар хамаатай юм бэ?” гэж хэлж байсан. ...А тухайн залууг хамран тус газар нь баруун гараараа цохисон. Тэгэхэд нь М тухайн залууг аргадаад “Боса” төвийн урд байрлах АТМ руу чиглээд “чи зүгээр явчих, муудалцаад дэмий” гэж хэлээд хамт явж байсан бөгөөд тухайн залуу “яагаад намайг цохиж байгаа юм бэ?” гэж хэлэхэд, А шууд гүйж хүрч ирээд тухайн залуугийн нүүрэн тус газар нь зүүн гараараа цохисон. Тухайн үед цохиулдаг залуугийн хоёр найз нь зам гараад ирсэн бөгөөд найз дээрээ очоод юм яриад байсан. Тэгэхэд нэг эрэгтэй нь “манай найзыг яагаад байгаа юм бэ?” гээд хүн болгон руу муухай авирлаад байсан бөгөөд ...машинаасаа бууж ирээд байж байтал тухайн шар үстэй залуу нь А-тэй зууралдаад боочихсон байсан. Тэр хоёр хоорондоо нэлээн зодолдсон бөгөөд тухайн үед тэнд байсан нэг найз нь машин руугаа гүйгээд явчихсан, гудамжнаас цагаан өнгийн “Тоёота Приус 30” маркийн  тээврийн хэрэгсэл унаад хажуугаар явж байгаа нь харагдсан. ...Зодоон салаад байж байхад “Тоёота Ист” маркийн тээврийн хэрэгсэл ирсэн бөгөөд тухайн машинаас Д хар өнгийн олон стикер наасан хүрэмтэй бууж ирсэн. Бууж ирэнгүүтээ тэнд байсан нэг залууг шууд нүүрэн дээр нь цохиод унагаасан бөгөөд унагахад нь А эргэж очоод зодолдож байсан. Д харин арай том биетэй залуутай нь зодолдож байсан бөгөөд ...тухайн залууг нүүр рүү нь олон удаа хүчтэй цохиод байсан. ...Шар үстэй залуу нөгөө зодуулж байгаа найз дээрээ ирэхэд нь шар үстэй залууг А олон удаа толгой руу нь цохиж байсан. Харин том биетэй залууг нь Д олон удаа цохиж байгаа харагдсан. Энэ үед нь би хажууд нь хараад зогсож байсан. Тухайн хоёр залууд огт халдаагүй. ...Мягмардорж нөгөө хоёр залуу дээр очоод хэсэг юм яриад ...хоорондоо учир зүгээ олоод эвлэрээд байж байхад Д гүйж ирээд том биетэй залууг нь баруун хөлөөрөө өшиглөж байх шиг байсан. Д-г М болон А нар “одоо болно” гээд салгаад аваад явсан. ...Бид хэд болиод явж байхад Цагаан өнгийн “Тоёота приус 30” тай нөгөө найз нь хажуугаар согтуу машинтайгаа яваад байхаар нь би “Зогсож бай” гэж хэлтэл тухайн залуу хаазлаад яваад өгсөн. Би араас нь нэг чулуу аваад шидчихсэн. Тэгэхдээ тэр чулуу машин болон ямар нэг хүн оноогүй. А бас чулуу аваад шидэхэд нь тэр залуу шууд хаазлаад цаашаа зугтаад яваад өгсөн. Тэр найз нь Баянхошууны эцсийн буудлыг тойроод буцаад ирсэн бөгөөд буцаж ирж явахад нь Д цонх руу нь чулуу шидэж цонхыг нь хагалаад араас нь гүйсэн. Араас нь гүйгээд гүйцээгүй бөгөөд Д буцаад гүйж ирээд ...хоёр залуугийн том биетэйг нь шууд цохисон бөгөөд араас шар үстэй залууг нь цохиход М ирээд салгах гээд Д-г тэврэхэд Д шар үстэй залууг нь хамар хэсэгт нь мөргөсөн. “Боса” төвийн урд хэсгээс А шууд гүйж ирээд тухайн шар үстэй залууг зүүн хөлөөрөө өшиглөж байх шиг байсан. ...Удалгүй байж байтал Б гэх зүс мэдэх найз маань “Тоёота Приус 40” маркийн тээврийн хэрэгсэлтэй ирсэн. Б гэх найз маань шар үстэй залуугийн нүүр хэсэг рүү нь цохиж байгаа харагдсан. Тэгээд Д бид хэд буцаад машин руугаа явсан бөгөөд манай дүү Г найз охинтойгоо үлдсэн. ...” /1 хх 42-43/,

гэрч Б.Г-ийн “...“...Би төрсөн ах Г, М, А, Б, Ц нарын хамт Зүүн салаанд байрлах ахынхаа гэрээс гараад явж байсан бөгөөд Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, “Боса” төвийн хажуугаар явж байхад 1 эрэгтэй, 1 эмэггэй хүн зам гарж байсан бөгөөд эмэгтэй нь гараа өргөхөд Галбаяр зогссон. Хаашаа явах талаар асуухад тухайн эмэгтэй “олон хүнтэй юм байна, суухгүй” гэж хэлсэн. Тухайн эрэгтэй нь А-тэй маргалдаад байсан. Машинаас А болон Г нар буусан бөгөөд би Мягмардоржтой хамт буухад тухайн залууг А шууд нүүрэн тус газар нь цохиод авсан. Энэ үед М тухайн залууг “зодолдоод хэрэггүй, зүгээр явчих” гэж хэлж байсан. ...А машинд сууж байгаад дахин буугаад шууд тэр залуу руу дайрсан бөгөөд очоод цохиж байгаа нь харагдсан. Тэр үед тухайн залуугийн хоёр найз нь ирсэн. ...Утсаар ярьж дуусчихаад эргээд очтол тухайн залуучууд болон манай найзууд хоорондоо маргалдаж байсан бөгөөд хоорондоо барилцаж аваад байсан. Би яваад очтол нэг залуу нь намайг багалзуурдсан бөгөөд би тэгэхээр нь холдсон юм. Би холдоод байж байхад А шар үстэй залуутай нь зууралдаад зодолдож эхэлсэн. Тэгээд зодолдоод байж байхад тухайн залуучуудын нэг хар өнгийн пальтотой согтуу нөхөр гудамж руу гүйгээд явчихсан. Харин том биетэй нэг залуутай нь М зууралдаад зогсож байсан. ...Тэнд зодолдож байхад А-ийн хамраас нь цус гарсан бөгөөд энэ үед Д “Тоёота Ист” маркийн машинтай ирсэн. Машинаас бууж ирэнгүүтээ шар үстэй залууг нь шууд нүүрэн тус газар нь баруун гараараа цохисон бөгөөд тухайн шар үстэй залуу газар уначихсан. Харин том биетэй залуутай нь М зууралдаад байж байхад нь Д шууд хүрч ирээд зодолдсон бөгөөд том биетэй залууг нь “Боса” төвийн гадна талын зүүн хананд нь шахаж байгаад зодож эхэлсэн. Нүүрэн тус газар нь цохиж байгаа нь харагдсан. Харин нөгөө шар үстэйг нь А зодоод байсан. Тэгээд байж байхад У гэх манай ахын найз нь ирсэн бөгөөд тэр хэдийг салгасан. ...Тухайн залуутай М ярилцаж “согтуу байна, уучлаарай” гэх зэргээр яриад байсан. Харин энэ үед Д хүрч ирээд том биетэй залуу руу нь дайрч байгаа харагдсан, гэхдээ зодоогүй. Тэр хэд салаад ...цаашаа Г ахын машинд нь суух гээд явсан юм. Явж байхад хажуугаар нэг цагаан өнгийн “Тоёота Приус 30” маркийн тээврийн хэрэгсэл зөрөхөөр нь Г “энэ машины жолооч согтуу хаазлаад яваад байна, зогсоо” гээд араас нь юм шидэж байгаа нь харагдсан бөгөөд үүний дараа бас А чулуу аваад шидэж байсан. Тэр машин Баянхошууны эцсийн буудлаар тойроод эргээд ирсэн. ...Тэрийг ирж байхад нь Д чулуу аваад шидсэн бөгөөд араас нь хөөж байсан. ...Д гүйцээгүй бөгөөд буцаж гүйж ирээд тухайн том биетэй залууг нь цохиж байх шиг байсан. Нөгөө шар үстэй залууг нь мөргөсөн. Тэгээд тэр хэд зодолдохоо больсон бөгөөд би машин руугааа яваад суучихсан. ...Хэсэг зууралдаж байгаад больчихсон бөгөөд зөндөө эвлэрээд байж байхад Дгийн найз гээд “Тоёота Приус 11” маркийн машинтай 3 хүн ирсэн бөгөөд Д тухайн хоёр залууг дагуулаад дахиад хойшоо явахад нь бид хэд бүгдээрээ дагаад явсан юм. “Боса” төвийн хойно очоод тухайн хоёр залуугийн том биетэй залууг нь Б шууд баруун гараараа нүүр рүү нь цохиж байсан бөгөөд энэ үед нь Г болон Д нар салгах гэхэд тухайн найз нь уурлаж Д болон Галбаярыг цохиход нь Г ах болон Д, М гурав шууд яваад өгсөн. Би найз охин Б-тай үлдсэн юм. “Боса” төвийн хажууд Б том биетэй залууг нь хоолойг нь боож байгаад нүүр рүү нь баруун гараараа цохиж байсан. ...Харин нөгөө том биетэй залуу нь “одоо болно, больё” гэж хэлж байсан. Б нь тавьж явуулахгүй байсан бөгөөд хажуугаар цагдаагийн машин зөрөхөд хаяаад зугтаачихсан. ...” /1 хх 44-46/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2021 оны 9 дүгээр  сарын 21-ний өдрийн 8872 дугаар “...Б.Н-т тархи доргилт, хамрын зүүн дээвэр ясны хугарал, таславчийн мурийлт, баруун, зүүн дээд, доод зовхи, зүүн нүдний алимын салст, хүзүү, зүүн хавирганы нум хэсэгт цус хуралт, баруун дал, өвдөгт зулгаралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэх дүгнэлт /1 хх 68-69/,

Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 8883 дугаар “...Э.Х-н биед зүүн хоншоор ясны өмнөд ханын хугарал, хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн нүдний зовхи, дух, хүзүүний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ...” /1 хх 61-62/ гэх дүгнэлт,

шинжээч эмч Б.Ариунзулын “Баруун дал, өвдөгний зулгаралт, хүзүү, зүүн хавирганы нум хэсгийн цус хуралт гэмтлийг тус тусад нь салгавал гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Тархи доргилт, таславчийн мурийлт, хамар ясны хугарал, зүүн дээд, доод зовхи нүдний алимны салст нь нийлээд болон тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хамар ясны хугарал, таславчийн мурийлт гэмтэл нь нэг удаагийн мохоо зүйлээр, бусад гэмтлүүд нь тус бүр 1 удаагийн мохоо зүйлийн хүчээр үсэх боломжтой. ...” /1 хх 85/,

шинжээч эмч Т.А-гийн “...Зүүн хоншоор ясны өмнөд ханын хугарал нь Гэмтлийн зэрэгтогтоох журмын 2.3.1-т зааснаар хүндэвтэр, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн, дух, хүзүүний зулгаралт нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэг хамаарахгүй. Уг учирсан гэмтлүүд нь тус бүр 1 удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. ...” /1 хх 83/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүгдэгч Б.Д нь ганцаараа 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 5 дугаар гудамжны 36 тоотод хохирогч А.Л-г “утсаа харамлалаа” гэх шалтгаанаар маргалдан, улмаар түүний хүзүүг заазуураар зүсэж, эрүүл мэндэд нь “зүүн талын нүүрний артерийг бүрэн бус тасалсан хүзүүний хатгагдаж зүсэгдсэн шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 хх 3-6/,

хохирогч А.Л-гийн “...2022 оны 3 дугаар сарын 25-ны өдөр ...Галбаяр бид хоёр эхлээд 1 лааз пиво уугаад, орой Д, Г нартай уулзчихаад Галбаярын гэрт 2,5 литрийн пиво, 0,5 литрийн архи хувааж ууцгааж байхад Д миний гар утсыг аваад найз охинтойгоо чаталж байсан. Би утсаа авч эхнэртэйгээ чатлаадахъя гэтэл ...Д “харамлаад байгаа юм уу?” гэхээр нь би харамлаж байна гээд хэрэлдтэл Д гэнэт босож гал тогооны шургуулгаас заазуур аваад над руу шидсэн чинь миний хоолойг зүсчихсэн. Тэгээд миний хоолойноос цус гараад би ухаан балартаад явсан. Нэг сэрэхэд эмнэлгийн машин дотор сэргэсэн. ...” /2 хх 16-17/,

гэрч Б.Г-ын “...Л нь Д-гаас “утсаа авъя” гэж хэлтэл Д “үхлээ юу, наад утсыг чинь аваад зугтаачихав л гэж” гээд хэрэлдэж маргалдаад Д манай гэрийн гал тогооны шургуулга руу гүйгээд хар өнгийн иштэй заазуур аваад баруун гартаа барьж байгаад Л-гийн хоолой руу урд үзүүрээр нь хатгаад гэмтээсэн. ...” /2 хх 29-30/,

гэрч Б.Г-гийн “...Д-гаас Л “унтахаасаа өмнө нь эхнэртэйгээ ярьчихаад унтъя” гэсэн ба Д “байж бай, чат биччихээд унтъя, утсыг чинь аваад зугтаах гээд байна уу” гээд маргалдаж эхэлсэн. Тэгснээ Д гал тогооны шургуулгаас хар өнгийн иштэй заазуур аваад Л-г гэрийн зүүн талын орон дээр сууж байхад нь нэг удаа заазуурын үзүүр хэсгээр хатгаж гэмтээсэн. ...” /2 хх 26-27/,

гэрч Г.Н-гийн “...2022 оны 3 дугаар сарын 25-ны орой би нөхөр Г-ын төрсөн дүү Г-ийн хамт ...байж байтал гаднаас манай нөхөр Г, Л, Д нар халамцуу орж ирээд ...“хоол унд идье” гээд би хоол хийгээд, амтлагч авах гээд дэлгүүр яваад буцаад ирсэн чинь Л-гийн хоолойны зүүн урд хэсэгт жоохон хөндлөн зүсэгдсэн байхаар нь би “юу болсон бэ?” гэж асуутал Д “юу ч болоогүй ээ, эгчээ” гэхээр нь би утсаа аваад шууд цагдаад дуудлага өгсөн чинь Д “төмрөөр зоосон гээд хэлээрэй” гэхээр нь би юун төмөр гээд хартал Д өгзөг хэсгээрээ орон дээр байсан хар өнгийн иштэй заазууран дээр дараад суучихсан, нуугаад байсан. ...” /2 хх 23-24/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 4897 дугаар “...А.Л-гийн зүүн талын нүүрний артерийг бүрэн бус тасалсан хүзүүний хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” /2 хх 33-34/ гэх дүгнэлт,

 Шүүгдэгч Б.Д нь 2022 оны 8 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо, Баянхошууны 27 дугаар гудамжинд иргэн Б.З-тэй үл ялих зүйлээр шалтаглан зодож, эрүүл мэндэд нь “тархи доргилт, баруун зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун дээд, зүүн доод зовхи, хамрын нуруунд цус хуралт, зүүн хацар, баруун, зүүн доод зовхи, зүүн чигчийн хуруунд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг, хоёр буюу түүнээс олон хүний эрүүл мэндэд халдаж үйлдсэн, мөн бүлэглэж гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,

2022 оны 8 дугаар сарын 09-өөс 10-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо, Баянхошууны 27 дугаар гудамжинд хохирогч Б.З-н эзэмшлийн Айфоне-10 маркийн гар утсыг газарт шидэж, санаатай устгаж гэмтээсний улмаас 850.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь:

Гэмт хэргийн дуудлагын лавлагааны хуудас /2 хх 176/,

хохирогч Б.З-н “...2022 оны 8 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүрэг 40 дүгээр хороо, Баянхошууны 27 дугаар гудамжинд ганцаараа явж байтал араас нэг танихгүй залуу ирээд “чи намайг юу гээд байна” гээд намайг заамдаад авахаар нь “би найзтайгаа утсаар яриад явж байна” гэж тайлбарлаад хэлсэн чинь миний нүүр рүү 1 удаа мөргөөд, хэвлий рүү гараараа 1 удаа цохисон. Тэгэхээр нь гар утсаа гаргаж ирээд 102 дугаарт дуудлага өгсөн. ...Намайг дахиж цохих гээд дайраад байхаар нь тэр залуугийн эрүү рүү нь гараа атгаж байгаад нэг удаа цохисон. Би хөл алдаад газарт унасан чинь миний үснээс зулгаагаад дээр гараад суучихсан. Тэгэхээр нь би үснээс гарыг нь тавиулах гээд баруун гарын долоовор хурууг нь мушгиж байгаад үснээсээ тавиулсан. Тэгсэн чинь тэр залуу “миний хурууг мушгилаа, угаасаа мэдрэлгүй байсан хуруу. ...Чамаар төлүүлнэ” гээд миний гар утсыг аваад цагдаа руу дахин залгаад цагаан өнгийн “Айфоне 10” маркийн гар утсыг газарт савчихсан. Гар утасны гадна кейс болон дэлгэц нь шатаад одоо засвар авахгүй, асахгүй байгаа. ...Би найзтайгаа утсаар яриад надад хэлэлгүй Солонгос Улс руу явсан байна гэж уурлаад “П... царайлаад дуугүй яваад өгөх юм” гэж хэлсэн чинь хойно явж байсан залуу өөрийг нь хэлж байна гэж бодсон байсан. Би тухайн үед тайлбарлаад байхад ойлгохгүй намайг зодсон. ...” /2 хх 181/ гэсэн мэдүүлэг,

“Мастер үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 22/038 дугаар “...Iphone фирм, ХR загварын гар утас 850.000 төгрөг. ...” хөрөнгийн үнэлгээний тайлан /2 хх 192-196/,

Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 11087 дугаар “...Т.Зүчийн биед тархи доргилт, баруун зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун дээд, зүүн доод зовхи, хамрын нуруунд цус хуралт, зүүн хацар, баруун, зүүн доод зовхи, зүүн чигчий хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” /2 хх 197-198/ гэсэн дүгнэлт,

Шүүгдэгч Б.Д нь 2022 оны 6 дугаар сарын 18-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мираж” зочид буудлын ард байрлах хохирогч Н.Т-ын эзэмшлийн гараашаас өөрт илүү байсан 1 хувь түлхүүрээр онгойлгон орж, компрессор 1 ширхэг, хагас автомат гагнуурын аппарат 1 ширхэг, аккумлятор цэнэглэгч, 120 ампертай 2 ширхэг аккумлятор зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, -хууль бусаар авч бусдад 2.300.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, дуудлагын хуудас /2 хх 101-102/,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р х.х-104- 108/,

хохирогч М.Т-ын “...2022 оны 6 дугаар сарын 19-ний шөнө 01 цагийн үед Баруун салааны эцэст кузов засварынхаа ажилчид болон ажил хийлгэдэг хүмүүстэй архи ууж байгаад Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, “Мираж” буудлын ертөнцийн зүгээр баруун талд “Аюур вед” эмнэлгийн хашаанд байх кузов засвар дээрээ ирээд унтах гээд хэвтэж байсан чинь цагдаа “та хулгайд эд зүйлээ алдсан уу” гэхээр нь эд зүйлээ шалгасан чинь эд зүйлс алдагдсан байсан. 2022 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 23 цагийн үед манай кузов засварт ажил хийж байгаа “Бөндгөр” гэх залуу нэг найзтайгаа кузов засвар хийж байгаа  цагаан өнгийн “Тоёота Приус 20” маркийн автомашины түлхүүрийг надаас авч явсан байсан. ...1 ширхэг компрессор, хагас автомат гагнуурын аппарат 1 ширхэг, аккумлятор цэнэглэгч 1 ширхэг, 120 ампертай 2 ширхэг аккумлятор алдагдсан байсан ба тухайн шөнө эд зүйлээ буцаагаад авсан боловч 2 аккумлятор нь хагарч усны шуудуу руу ороод алга болсон, харин компрессор нь гагнаас нь салж ахиж ашиглахааргүй болчихсон байгаа. ...Би тухайн үед Д-тай хамт Баруун салаанд байх Бумбатын рашаан дээр байхдаа 84-10 УНУ улсын дугаартай машины түлхүүрээ өгсөн. Д нь “эрүүл жолооч дуудаад ирье” гээд машины түлхүүр авсан. Мөн өмнөх өдөр нь уг гаржийн түлхүүрээ түгжүүлэх зорилгоор Дд өгсөн. ...Миний бие алдагдсан эд зүйлсдээ үнэлгээ хийлгүүлсэн байгаа. Үүнээс 1 ширхэг компрессор, 2 ширхэг аккумлятораа л би нэхэмжилнэ. Бусад эд зүйлсээ бүрэн бүтэн буцаагаад авсан. Нэхэмжлэх эд зүйлс маань 1.900.000 төгрөг болсон. ...” /2 хх 112, 114-115/ гэсэн мэдүүлэг,

“Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 1155 дугаар “Компрессор-1.000.000 төгрөг, Хагас автомат гагнуурын аппарат-300.000 төгрөг, Аккумлятор цэнэглэгч-100.000 төгрөг, 120 ампертай аккумлятор-2 ширхэг-900.000 төгрөг, нийт дүн 2.300.000 төгрөг. ...” хөрөнгийн үнэлгээний тайлан /2 хх 124-125/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шалгаж, үнэлэх боломжтой гэж үзлээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж тус тус заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Б.Д-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг “хоёр, түүнээс олон хүний буюу 4 хүний эрүүл мэндэд халдаж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлсан”, мөн “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч О.А-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг “хоёр, түүнээс олон хүний буюу 2 хүний эрүүл мэндэд халдаж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,

шүүгдэгч Ө.Б-г “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж тус тус дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Б.Д-г “бүлэглэн хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг 4 хүний эрүүл мэндэд халдаж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн, мөн хохирогч А.Лхагвсүрэнг “утсаа харамлалаа” гэх шалтгаанаар хүзүүн тус газар заазуураар зүсэж хөнгөн хохирол учруулсан үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, хохирогч Н.Т-ын эзэмшлийн гараашнаас “компрессор 1 ширхэг, хагас автомат гагнуурын аппарат 1 ширхэг, аккумлятор цэнэглэгч, 120 ампертай 2 ширхэг аккумлятор” зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “хохирогч Б.З-н “Айфоне 10” маркийн гар утсыг газарт шидэж санаатай устгаж гэмтээсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

О.А-ийг “хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хоёр хүний эрүүл мэндэд халдаж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн” үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

Шүүгдэгч Ө.Б-гийн “хохирогч Э.Х-г үл ялих зүйлээр шалтаглан зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасныг баримтлан Б.Д-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтэн 10 сарын хугацаагаар Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын зөвшөөрөлтэйгөөр зорчин явах, оршин суугаа газраа өөрчлөх үүрэг хүлээлгэж, шүүгдэгч О.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Ө.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэсэн нь тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдалд тохирсон байх бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох нь хэсэгт шүүгдэгч Б.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг “хоёр, түүнээс олон хүний буюу 4 хүний эрүүл мэндэд халдаж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож дүгнэсэн атлаа шийтгэх тогтоолын тогтоох нь хэсгийн 1 дэх заалтаар гэм буруутайд тооцохдоо Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар гэж хэргийн зүйлчлэлийг буруу бичиж техникийн шинжтэй бичиглэлийн алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх зөвтгөн өөрчлөх замаар прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.  

Мөн прокурорын эсэргүүцэлд “Б.Д, О.А нарын бүлэглэж” гэсэн хүндрүүлэх шинжийг хэрхэн шийдвэрлэсэн нь ойлгомжгүй орхигдуулсан гэж дурьдсан ба шийтгэх тогтоолын 15 дугаар талд дээрх нэр бүхий шүүгдэгч нар нь тус тусдаа үүссэн хувийн сэдэлтээр бусдын эрх чөлөөнд халдаж гэмт хэрэг үйлдсэн болохыг дүгнэж шийдвэрлэсэн байх тул энэ талаарх эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлгүй байна.

Дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Түүнчлэн хоёрдугаар хавтаст хэргийн 196, 210 дугаар талд авагдсан Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолууд нь Прокурорын даалгавар гэсэн бичиглэл бүхий албан бичгийн нүүрэн дээр хэвлэгдсэн болохыг дурьдаж, энэ нь прокурорын яллагдагчаар татах тогтоолын утга санааг алдагдуулаагүй байх тул дээрх алдааг цаашид анхаарч байхыг дурьдах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 2023/ШЦТ/990 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

- 1 дэх заалтын “...Б.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг...” гэснийг “...Б.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг...” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                    ДАРГАЛАГЧ,

                             ШҮҮГЧ                                           О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

                                         ШҮҮГЧ                                           М.АЛДАР  

                             ШҮҮГЧ                                            Т.ШИНЭБАЯР