Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 221/ШШ2023/0005

 

С.Д***гийн нэхэмжлэлтэй

     захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн анхан шатны журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Мөнхтулга,

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн,

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа,

Нэхэмжлэгч: өмгөөлөгч С.Д***,

Хариуцагч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо,

Нэхэмжлэлийн шаардлага: “Монголын өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн “Өмгөөлөгч С.Д***д холбогдох маргааны тухай” МТ/01 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах”,

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч С.Д***,

Хариуцагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М***,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн,

Хэргийн индекс: 221/2023/0049/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч С.Д*** нь Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд холбогдуулан “2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн МТ/01 дугаартай “Өмгөөлөгч С.Д***д холбогдох маргааны тухай” тогтоолыг хүчингүй болгуулах”-аар маргаж байна.

2. Монголын өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн МТ/01 дугаартай “Өмгөөлөгч С.Д***д холбогдох маргааны тухай” тогтоолоор:

1. “Өмгөөлөгч С.Д*** нь Өмгөөллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.2, 14.1.7 дахь хэсгийг тус тус зөрчсөн болохыг тогтоож,

2. Өмгөөллийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.-т зааснаар өмгөөлөгч С.Д***д “сануулах” хариуцлага хүлээлгэж” шийдвэрлэсэн.

3. Нэхэмжлэгч нь дараах үндэслэлээр Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн МТ/01 дугаар тогтоолыг эс зөвшөөрч, маргаж байна. Үүнд:

3.1. “...2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр П.Ч*** өөрөө надад хандаж миний ийм хэрэг маргааны асуудал байна, та энэ хэрэг дээр өмгөөлөгчөөр ажиллаж өгч болох уу гэсэн хүсэлт тавихад нь уг өдөр хэргийн материалын баримтуудыг П.Ч***аас авч танилцаад маргааш нь буюу 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан.

3.2. П.Ч*** болон С.Э*** нарын хооронд үүссэн харилцаа, маргааны хувьд: 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр гэж огноолсон хамтран ажиллах гэрээг хоорондоо байгуулсан бөгөөд энэхүү гэрээгээр ачааны машин болон чиргүүлийг Э.Э*** унаж ажилд явах хэлбэрээр хамтран ажиллахаар тохиролцсон.  П.Ч***, Э.Э*** нар нь 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Ч*** банктай №20568/01/СС-019 тоот Зээлийн гэрээ байгуулж, 130,000,000 төгрөгийг зээлсэн. Уг зээлийн гэрээний барьцаанд П.Ч*** өөрийн нэр дээрх Чингэлтэй дүүргийн ***дугаар хороо, *** дугаар хороолол, ***дугаар байрны 1*** тоотод байрлах, Ү-***22 дугаартай үл хөдлөх хөрөнгөө 86,000,000 төгрөгөөр үнэлж барьцаалан, ачааны машины төлбөрийг уг зээлсэн мөнгөөр төлж, ачааны машинаа зээлийн төлбөрт барьцаалан Фидуцын гэрээг Ч*** банктай байгуулсан.

3.3. Өмгөөлөгч надтай гэрээ байгуулах үед П.Ч*** нь “...зээлийн төлөлт эхэн үедээ хэвийн явагдаж байсан бөгөөд ажил олж өгөхөд Э.Э*** явахгүй байсан, гэрээгээр зээлийн төлбөрийг Э.Э*** төлөх байсан боловч би өмнөөс нь төлөлт хийж байсан” гэх ба уг маргааны асуудлаа Иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэхээр болоход Э.Э***ийн хаяг тодорхойгүй байсан тул Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШШ2021/01681 тоот шийдвэрээр цагдаагийн байгууллага эрэн сурвалжилж байгаа, мөн давхар П.Ч***ын гаргасан өргөдлөөр Өмнөговь аймгийн Цогтцэцийн сумын Цагдаагийн хэлтэст Э.Э***д холбогдуулан Эрүүгийн хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж байгаа талаар надад танилцуулсан.

3.4. Миний бие П.Ч***ын хэрэг материалтай танилцахад иргэний хэрэг маргааны шинжтэй байсан тул энэ талаар өөрт нь тайлбарлаж, гэрээ байгуулсан. Иргэн Э.Э***өөс хамтран ажиллах гэрээний дагуу иргэний шүүхэд нэхэмжлэлээ гаргахын тулд эрүүгийн хэрэг шалгах ажиллагаа хэрхэн явагдаж байгаа талаар П.Ч***аас байнга тодруулж байсан ба мөрдөгчийн шаардсанаар тус эрүүгийн хэрэгт өмгөөлөгчөөр оролцуулах хүсэлтийг П.Ч***т бичиж өгч, түүний цахим хаягаар илгээж, цааш Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Цогтцэций сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн хариуцсан мөрдөгчтэй утсаар холбогдоход хэрэг бүртгэлийн хэргийг хаах саналтай прокурорт илгээсэн талаар хэлсэн. Үүнийг П.Ч***т тэр өдөр нь мэдэгдсэн.

3.5. Ингээд бид иргэний журмаар маргааны журмаар шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж дүгнээд эрүүгийн хэргээс холбогдох материалыг хуулбарлан авах хүсэлтийг бичиж, П.Ч***ын цахим хаягаар хүргүүлсэн. Энэ талаарх өмгөөлөгчийн хийж байсан ажлыг өдөр бүрийн хийсэн ажлаа тэмдэглэдэг миний тэмдэглэлээс харж болно. Э.Э*** нь албан ёсны бүртгэлтэй хаяг дээрээ оршин суудаггүй, амьдардаг тодорхой хаяг байхгүй, эхнэрээсээ салсан, хөдөө ажилладаг байдал нь Э.Э***ийн оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг удаашруулах, үндсэн нэхэмжлэлээ иргэний шүүхэд гаргах хугацааг хойшлуулахад шууд нөлөөлсөн.

3.6. Болсон үйл баримтыг П.Ч*** өөрөө мэдэж байсан, иргэний хэргийн шүүхээр эрэн сурвалжлах ажиллагаа явагдаж байгааг мэдсээр байж давхар цагдаад өргөдөл гаргасан нь П.Ч*** нь Э.Э***ийг айлган богино хугацаанд тээврийн хэрэгсэл болон мөнгөн хохирлоо барагдуулахаар зорьсон нь харагдаж байна.

3.7. П.Ч*** нь Э.Э***тэй ямар харилцаа үүссэн, хэргийн нөхцөл байдал ямар байгааг маш сайн мэдэж, надтай тогтмол уулзаж, хууль зүйн туслалцаа авч, миний хийж байгаа ажил, эрэн сурвалжлах ажиллагааны талаар мөрдөгч нараас тогтмол шаардаж байгаа талаар тогтмол мэдээлэл авч байсан атлаа надтай байгуулсан гэрээний дагуу төлсөн мөнгөө буцаан авах зорилгоор надтай уулзаж, утсаар ч ярихгүйгээр Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд гомдол гарган маш бүдүүлэг үйлдэл хийсэнд харамсаж байна.

3.8. Иймд өмгөөлөгч С.Д*** миний бие Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу үүргээ зохих ёсоор биелүүлж байсан байхад үндэслэлгүйгээр “Сануулах” сахилгын арга хэмжээ авагдсан тул Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн МТ/01 дугаар тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, Мэргэжлийн хариуцлагын хорооны тогтоолыг дараах шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

4.1. “Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо нь өмгөөлөгч С.Д***д холбогдуулан Өмгөөллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.7 дахь хэсгийн “өмгөөлөгчийн туслах, өмгөөллийн хуулийн этгээдийн өмгөөлөгч бус ажилтны үйлчлүүлэгчид учруулсан хохирол, гэм хорыг хариуцах гэж зааснаар “сануулах” хариуцлага хүлээлгэсэн.

4.2. Өмгөөлөгч С.Д*** нь иргэн П.Ч***тай 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулсан боловч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэж үзсэн. Учир нь өмгөөлөгч С.Д*** нь Мэргэжлийн хариуцлагын хороонд өгсөн тайлбартаа “П.Ч*** нь надтай уулзаж гэрээ байгуулахаас өмнө Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 29-ний 128/ШШ2021/01681 дугаартай шийдвэрийн дагуу Чингэлтэй дүүргийн Цагдаагийн Нэгдүгээр хэлтэс Э.Э***ийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж, Э.Э***ийг олж Өмнөговь аймагт эрүүгийн журмаар гаргасан өргөдлийг шалгах ажиллагаатай холбоотой Өмнөговь аймаг руу татаж, хүлээлгэн өгсөн байсан гэх боловч утсаар ярьсан гэхээс өөрөөр эрх бүхий албан тушаалтанд гомдол хүсэлт гаргаж, шийдвэрлүүлээгүй, ямар нэг ажиллагаа хийгээгүй.

4.3. Өмгөөлөгч нь Өмгөөллийн тухай хуулиар олгогдсон үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хуульд заасан эрх, үүргийн хүрээнд аль ч байгууллагад төлөөлөх, эрх бүхий албан тушаалтанд хүсэлт, гомдол гаргаж шийдвэрлүүлэх бүрэн боломжтой байсан ба хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй юм.

4.4. Иймд өмгөөлөгч С.Д***гийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй орхино уу” гэжээ.

5. Шүүхээс хуульд заасан журмын дагуу иргэдийн төлөөлөгч Л.Мөнхзаяад шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаан товлосон цагт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй. Хэргийн оролцогчдоос иргэдийн төлөөлөгчийг байлцуулах шаардлагагүй, шүүх хуралдааныг үргэлжлүүлэхэд татгалзах зүйлгүй гэх тайлбарыг гаргасан тул иргэдийн төлөөлөгчийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.

                                                                    ХЯНАВАЛ:

  1. Шүүх, нэхэмжлэгч С.Д***гээс тус шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үндэслэн хянан хэлэлцээд хангах үндэслэлгүй байна гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч С.Д*** нь Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн МТ/01 дугаар тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар маргасан. Үүнд:

2.1. Би П.Ч***тай иргэний хэрэгт өмгөөлөгчөөр ажиллахаар 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан. Үүнээс өмнө П.Ч*** нь иргэний хэргийн шүүхэд хандан иргэн Э.Э***ийг эрэн сурвалжлуулахаар шийдвэрлүүлсэн. Мөн  шүүхээр эрэн сурвалжлах ажиллагаа явагдаж байхад давхардуулан эрүүгийн хэрэгт холбогдуулан гомдол гарган шалгуулсан.

2.2. Э.Э*** нь албан ёсны бүртгэлтэй хаяг байдаггүй, эрүүгийн хэрэгт давхар шалгуулахаар гомдол гаргасан зэрэг нь үндсэн нэхэмжлэлээ иргэний шүүхэд гаргах хугацаа хойшлогдоход нөлөөлсөн.

2.3. Миний гол хийх ажил бол ... Э.Э***ийг эрүүгийн журмаар шалгаад хэрэгсэхгүй болохоор нь эрэн сурвалжлаад хаягийг цагдаагийн байгууллагаас албан ёсоор тогтоосны дараа Хамтран ажиллах гэрээний дагуу Э.Э***өөс гэрээний хариуцлага, төлбөрийг нэхэмжлэх байсан зэрэг үндэслэлээр тайлбарлан маргаж байна.

3. Хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд,

Иргэн П.Ч***аас 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Монголын Өмгөөлөгчийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд хандан “... өмгөөлөгч гэх С.Д***тэй Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулаад 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 2,000,000 төгрөг нэхэхээр нь түүний Х*** банкны ***70 данс руу хийсэн. Түүнээс хойш хэрэг юу болж байгааг асуухад одоо наадам болчлоо, хичээл орчлоо гэж хойшлуулсан. “Цагдаа руу ярьж өргөдлөө өгсөн үү” гэхэд “өө ярихаа мартчихаж, утсаа авахгүй байна” гэж хууран мэхэлж, хүнийг цаг хугацаа, хөрөнгө мөнгөөр хохироосоор өдий хүрлээ. Түүний мэргэжлийн ёс зүйгүй, хариуцлагагүй үйлдэлд нь зохих арга хэмжээ авч, надаас авсан 4,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэсэн агуулга бүхий гомдлыг гаргасныг Мэргэжлийн хариуцлагын хорооны хянан шалгагч Ц.М*** хүлээн авч, 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр өмгөөлөгч С.Д***д гомдлыг танилцуулан, эрх, үүргийг тайлбарлан өгсөн.

Өмгөөлөгч С.Д***гээс 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 11/28 дугаар албан бичгээр Монголын Өмгөөлөгчийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд тайлбар, 11 хуудас баримтыг гаргаж өгсөн.

Үүнтэй холбогдуулан Монголын Өмгөөлөгчийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны хянан шалгагчаас 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Хянан шалгагчийн 124 дүгээр тогтоолоор өмгөөлөгч С.Д***д холбогдуулан иргэн П.Ч***ын гомдлоор маргаан  үүсгэсэн болох нь,

Маргааныг хянан шалгах хүрээнд Мэргэжлийн хариуцлагын хорооны хянан шалгагчаас гомдол гаргагч иргэн П.Ч***, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн I хэлтсийн хэсгийн мөрдөгч асан н.Ш***, мөрдөгч н.Б*** нараас тайлбар, мэдүүлэг авч, 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн ЗД/03 дугаар Зөрчлийн дүгнэлтийг үйлдсэн болох нь,

Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаар өмгөөлөгч С.Д***д холбогдуулан иргэн П.Ч***аас ирүүлсэн гомдлыг хянан хэлэлцээд “...өмгөөлөгч С.Д***  нь иргэн П.Ч***тай 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулсан боловч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, Э.Э***ийг эрэн сурвалжлуулах талаар холбогдох газарт хүсэлт, гомдол өгч шийдвэрлүүлэх арга замын талаар үйлчлүүлэгчтэйгээ зөвлөлдөөгүй, үйлчилгээний явцын талаар түүнд мэдэгдээгүй, тайлбарлаагүй зэрэг маргааны материалд цугларсан баримтуудаар ёс зүйн зөрчил гаргажээ” гэх дүгнэлтийг хийн, Өмгөөллийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1-т заасныг үндэслэн сануулах сахилгын шийтгэл хүлээлгэсэн болох нь хэргийн оролцогчдын тайлбар, зөрчил шалган шийдвэрлэсэн хэргийн материал болон холбогдох бусад баримтаар тогтоогдож байна.

4.Өмгөөллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д “үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хуулийн хүрээнд тууштай хамгаалах”, 14 дүгээр зүйлийн 14.1.1-т “үйлчлүүлэгчид хууль зүйн асуудлаар зөвлөгөө өгч, өмгөөллийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг тухай бүр цаг алдалгүй өгөх, өмгөөллийн үйл ажиллагаа болон хууль тогтоомжийн агуулга, хууль зүйн үр дагаврыг бүрэн тайлбарлах”, 14.1.2-т “үйлчлүүлэгчтэй холбоотой гүйцэтгэсэн аливаа үйл ажиллагааны талаар түүнд мэдэгдэх, тайлбарлах”, 14.1.7-д “өмгөөллийн үйл ажиллагааны зорилгод хүрэх арга хэлбэрийн талаар үйлчлүүлэгчтэй зөвлөлдөх”  хэмээн хуульчилсан.

5. Үүнтэй холбогдуулан шүүх бүрэлдэхүүн, нэхэмжлэгч, өмгөөлөгч С.Д*** нь иргэн П.Ч***тай 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан “Эрх зүйн туслалцаа үзүүлэх” гэрээний хүрээнд иргэний хэргийн шүүхийн шийдвэрийн дагуу иргэн Э.Э***ийг цагдаагийн байгууллагаас олж, эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаатай нь холбогдуулан Өмнөговь аймгийн Эрүүгийн цагдаагийн газарт шилжүүлсэн болохыг мэдсэн. Нэгэнт эрэн сурвалжлагдсан этгээд олж тогтоогдсон байхад нэхэмжлэгч нь эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний хүрээнд харилцан тохиролцсон ажил болох иргэн Э.Э***д холбогдуулан Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой ажиллагааг хийгээгүй болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг Өмгөөллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5, 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.2 болон 14.1.7 дахь заалтад заасан үүргээ биелүүлээгүй зөрчил гаргасан хэмээн үзсэн Монголын Өмгөөлөгчийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн МТ/01 дугаар тогтоол үндэслэлтэй байна гэж дүгнэн, маргаан бүхий шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхих нь зүйтэй байна гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.4, 113 дугаар зүйлийн 113.6, 113.6.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмгөөллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.5, 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.2, 14.1.7, 31 дүгээр зүйлийн 31.3.1-т заасныг тус тус үндэслэн өмгөөлөгч С.Д***гээс Монголын Өмгөөлөгчийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд холбогдуулан гаргасан “Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн МТ/01 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Г.МӨНХТУЛГА

                      ШҮҮГЧ                                                 Г.БИЛГҮҮН

                      ШҮҮГЧ                                                 Д.ОЮУМАА