| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмон |
| Хэргийн индекс | 101/2024/09877/И |
| Дугаар | 197/ШШ2025/01387 |
| Огноо | 2025-02-18 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 197/ШШ2025/01387
2025 02 18 197/ШШ2025/01387
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******** тоотод оршин суух, Б.Б,
Хариуцагч: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох
Үнэлгээний тайланг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч, нарийн бичгийн дарга М. Гантуяа нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
2.Нэхэмжлэгч үндэслэлийг төлбөрт газар болон суурийг цутгасан 8 тооны дүнзэн торхыг хурааж, битүүмжилсэн боловч зөвхөн газрыг үнэлсэн нь үндэслэлгүй гэснийг хариуцагч төлбөр төлөгчийн улсын бүртгэгдсэн, гэрчилгээ олгосон эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээ үндэслэлтэй гэж татгалзлын үндэслэлээ гаргажээ.
3. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 01 сарын 23-ны өдрийн 101/ШШ2023/00540 дугаар шийдвэр, Дээд шүүхийн 2023 оны 06 сарын 22-ны өдрийн 001/ХТ2023/00132 дугаар тогтоолоор хариуцагч Б.Бгаас 641,758,930 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Нд олгож шийдвэрлэсэн бөгөөд тус шүүхийн 2023 оны 07 сарын 25-ны өдрийн ******** дугаартай гүйцэтгэх хуудас бичигдснээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан.
Төлбөр төлөгч, төлбөр авагчийг иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд гэж зааснаар нэхэмжлэгч Б.Б нь төлбөр төлөгчийн хувьд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад илрүүлсэн хөрөнгийг үнэлсэн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар хуульд заасан хугацаанд гомдол гаргасан байна.
4. Шийдвэр гүйцэтгэгч нь 2024.05.09-ний өдрийн 23381171/3 тоот эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор төлбөр төлөгч Б.Бгийн эзэмшилд бүртгэгдсэн ******** байрлах 5 га газар болон тухайн газар дээр баригдсан 152 мкв талбайтай 8 ширхэг суурийг цутгасан дүнзэн торхыг
битүүмжилсэн хэдий ч 2024.11.01-ний өдрийн №******** дугаартай Шинжээч томилох тухай тогтоолоор Х ХХК-ийг үнэлгээчнээр томилж, төлбөр төлөгчийн эзэмшилд бүртгэгдсэн 49961 мкв газрыг үнэлэхийг даалгажээ.
Х ХХК нь 2024.11.13-ны өдрийн үнэлгээний тайлангаар төлбөр төлөгч Б.Бгийн эзэмшилд бүртгэгдсэн ******** хаягт байрлах нэгж талбарын ******** дугаартай 49961 мкв талбайтай газрын зах зээлийн үнэ цэнийг 540,761,160 төгрөгөөр үнэлжээ.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-т Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, барьцаалагдсан, хураагдсан хөрөнгийг гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын гүйцэтгэлд суутгах бол тухайн хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хурааснаас хойш 1 сарын дотор түүний чанар, эрэлт, элэгдлийн байдал болон хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө гэж заажээ.
Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад төлбөр төлөгчийн битүүмжилж, хураасан бүх хөрөнгийг бүхэлд нь үнэлэх ажиллагаа явуулахаар байна.
Харин хэрэгт авагдсан баримтаар ажиллагааны явцад төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, хураагдсан хөрөнгийн үнэлгээний талаар талуудын саналыг авсан хэдий ч тэдгээрийн зах зээлийн үнэлгээг тогтоох шинжээч томилохдоо битүүмжилсэн хөрөнгийг бүхэлд нь бус ганц газрын зах зээлийн үнэ цэнийг тогтоосон нь буруу болжээ. Тодруулбал төлбөр төлөгч нь газар болон түүний дээр баригдсан эд хөрөнгийн талаар бүхэлд нь үнийн санал гаргасан байх бөгөөд улмаар шийдвэр гүйцэтгэгч энэ талаар тэмдэглэл хөтөлж, тухайн эд хөрөнгийг тогтоолоор битүүмжилсэн хэдий ч шинжээч томилох тогтоолоор газрын үнэлгээ тогтоохыг даалгаж, бусад хөрөнгийг үнэлүүлээгүй нь үндэслэлгүй байна.
Мөн газрыг үнэлсэн үнэлгээний тайланд төлбөр төлөгчийн хөрөнгийн үнэлгээний зүйлийн төрөл, түүний шинж байдлын тодорхойлолтод 8 ширхэг суурь, дүнзэн торхны талаар огт дурдаагүй байна.
Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 8.3-д тус тус зааснаар үнэлгээний тайлан нь үнэлгээний олон улсын болон үндэсний стандартад нийцсэн байх бөгөөд хэд хэдэн зүйлийг тусгана гэсэн шаардлагыг хангаагүй тул Х ХХК нь 2024.11.13-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгох нь зүйтэй.
6. Шүүх эд хөрөнгийн үнэлгээ тогтоосон тогтоолыг хүчингүй болгох шаардлагагүй харин үнэлгээ хүчингүй болгох нэхэмжлэлийн үндэслэл гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 759 дүгээр зүйлийн 759.1, 75 2.2 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Х ХХК-ийн 2024.11.13-ны өдрийн ******** дугаартай төлбөр төлөгч Б.Бгийн эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээний тайланг хүчингүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОН