Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 221/ШШ2023/0011

 

Н.Б***ийн нэхэмжлэлтэй захиргааны

хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн анхан шатны журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Мөнхтулга,

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн,

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл,

Нэхэмжлэгч: Н.Б***,

Хариуцагч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо,

Нэхэмжлэлийн шаардлага: “Монголын өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн “иргэн Н.Б***ийн гомдлыг хянан хэлэлцсэн тухай” МТ/04 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах”,

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Н.Б***,

Хариуцагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М***,

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Э***,

Иргэдийн төлөөлөгч Н.Б***,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн,

Хэргийн индекс: 221/2023/0059/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Н.Б*** нь Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд холбогдуулан “2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн МТ/04 дугаартай “Иргэн Н.Б***ийн гомдлыг хянан хэлэлцсэн тухай” тогтоолыг хүчингүй болгуулах”-аар маргаж байна.

2. Монголын өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн МТ/04 дугаартай “Иргэн Н.Б***ийн гомдлыг хянан хэлэлцсэн тухай” тогтоолоор: “Хариуцагч өмгөөлөгч Б.Д***ийг Өмгөөллийн тухай хууль, Өмгөөлөгчийн ёс зүйн дүрмийг зөрчөөгүй болохыг тогтоож, түүнд холбогдох маргааныг хэрэгсэхгүй” болгон шийдвэрлэсэн.

3. Нэхэмжлэгч нь дараах үндэслэлээр Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн МТ/04 дүгээр тогтоолыг эс зөвшөөрч, маргаж байна. Үүнд:

3.1. “...Миний бие эрүүгийн 20162503169 тоот хэрэгт хилсээр холбогдож, ял эдэлсэн. Энэ хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчөөр Б.Д***ийг оролцуулсан.

3.2. Анх хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулахдаа “...би өмнө нь хулгайн хэрэгт олон удаа өмгөөлөгчөөр оролцож байсан” гэж амлалт өгсөн боловч бодит үйл явдал дээр эсрэгээрээ болсон. Миний хувьд гэм буруугүй тул хийгээгүй хэргийн төлөө хариуцлага хүлээхгүй гэсэн байр суурьтай байхад өмгөөлөгч Б.Д*** нь “Би чамайг шоронд явуулж чадахгүй, чи гэм буруугаа хүлээчихвэл торгох ялаар солиулаад өгье” гэж прокурортой үгсэн тохиролцож, миний хууль ёсны ашиг сонирхол, хүсэл зоригийн эсрэг байр суурь илэрхийлж байсан. 

3.3. Мөн шүүх хуралдааны дараа 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хохирлыг нь төлж тэнсэн ял авахыг шаардаж “Би чамайг өмгөөлөхөөс татгалзаж байна. Өөр өмгөөлөгч ав, олон шүүх хуралдаанд оролцлоо, хөлсөө нэм” гэж дарамталж байсан. 

3.4. Миний бие 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр давж заалдах шатны шүүх хуралд биечлэн оролцоогүй бөгөөд энэ нь шүүх хуралдааны бичлэг, гомдол зэргээр нотлогдоно гэж тайлбарласаар байхад Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо нь Өмгөөллийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт заасан маргаан хянан шийдвэрлэх чиг үүргээ хараат бусаар хэрэгжүүлэх үүргээ зөрчиж, Өмгөөлөгчдийн холбооны гишүүн хууль бус үйлдэлд хариуцлага тооцохгүй, үндэслэлгүй шийдвэр гаргасан нь миний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчиж байна.

3.5. Миний хууль ёсны ашиг сонирхол нь Б.Д*** өмгөөлөгчийн хууль бус, ёс зүйгүй, хариуцлагагүй үйлдлээс болж эдийн болон сэтгэл санаа, цаг хугацааны болон нэр хүнд, алдар гавьяагаараа маш их хэмжээний хохирол амсаж байна.

3.6. Б.Д*** өмгөөлөгчид холбогдох хуулийн хариуцлага хүлээлгэж, буруутайг нь тогтоолгосны үндсэн дээр хохирлоо шаардаж, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хүсэлттэй байна” гэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М*** шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Б***ийн гомдлоор өмгөөлөгч Б.Д***ид холбогдуулан маргаан үүсгэж Б.Д***ийг ёс зүйн зөрчил гаргасан эсэхийг шалгасан. Н.Б***ийн хүсэлтээр өмгөөлөгч Б.Д*** нь 2016 оны 12 дугаар сард хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулах замаар түүний холбогдсон эрүүгийн хэрэгт өмгөөлөгчөөр ажиллахаар тохиролцсон. Улмаар гэрээний дагуу хөлс төлбөрийг авсан талаар талуудын тайлбараар нотлогддог. Гомдол гаргагч Н.Б***ийн өөрийнх нь холбогдсон хэргийг эрс үгүйсгэж гэмт хэрэгт холбогдолгүй болохоо шат шатны шүүхэд тайлбар гаргаж байсан бол өмгөөлөгч Б.Д***ийн зүгээс үйлчлүүлэгчийн хүсэл шаардлагад нийцүүлэн түүний эрх ашгийг хамгаалах тайлбар гомдлыг зохих журмын дагуу гаргаж байсан. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Н.Б*** нь шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцож тайлбар гаргасан нь шүүх хуралдааны тэмдэглэлээр нотлогдсон. Энэ нь шат шатны шүүхээс өөрт гаргасан тайлбараар хэрэгт авагдсан баримт дээр байгаа. Анхан шатны шүүхээс Н.Б***ийн үйлдлийг нотлогдсон гэж үзэн гэм буруутайд тооцон торгох ялаар шийтгэсэн. Шүүхээс оногдуулсан ялыг бүрэн төлж барагдуулаагүйгээс торгох ялыг хорих ялаар сольж хорих ялыг биечлэн эдлүүлсэн явдал нь өмгөөлөгчийн үйлдэл үйл ажиллагаатай огт холбогдолгүй гэж үзэж байна. Улсын дээд шүүхэд өмгөөлөгч Б.Д*** нь Н.Б***ийн эрх ашгийг хамгаалан гомдол гаргасан. Иймд Н.Б***ийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж өгнө үү” гэв.

5. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Э*** шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Н.Б***ийн гаргасан Монголын өмгөөлөгчдийн холбооны хариуцлагын хорооны 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн МТ/04 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Өмнө нь энэ асуудлыг Монголын Өмгөөлөгчдийн холбооны хариуцлагын хороо хянан хэлэлцээд Б.Д*** өмгөөлөгчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн эсэх, мэргэжлийн алдаа гаргасан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэх үндэслэлээр 04 дүгээр тогтоолыг гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй. Хэрэгт авагдсан баримтаар Б.Д*** нь Н.Б***ийн өмгөөлөгчөөр анхан шатны шүүхэд 3 удаа, давж заалдах шатны шүүхэд 2 удаа, Улсын дээд шүүхэд 1 удаа, нийт 6 удаа Н.Б***ийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж шат шатны шүүх хуралдаанд оролцож байсан баримтууд хэрэгт авагдсан байна. Би хилс хэргээр гүтгэгдэж байна гэж Н.Б*** хэлж байна. Нэхэмжлэгч хэргийн талаар бодит үнэн зөв тайлбар өгөх үүрэгтэй. Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 229 дугаартай тогтоол гаргасан. Энэ тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй тул шийдвэр магадлалыг хэвээр үлдээж шүүгдэгч Н.Б*** түүний өмгөөлөгч н.Д*** нарын гаргасан гомдлыг хангахгүй орхисон хууль зүйн хүчин төгөлдөр шийдвэр байдаг. Нэхэмжлэгч Н.Б***ийн хувьд хилсээр гүтгэгдсэн гэж байгаа нь ярьж байгаа нөхцөл байдлаас эхлэн худлаа болж байна. Н.Б*** нь хууль эрх зүйн хувьд тодорхой хэмжээний мэдлэгтэй байна гэж ойлгож байна. Мэдлэггүй байлаа гэхэд хууль мэдэхгүй байгаа нь энэ хүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. 3 шатны шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байхад энэ хүн өнөөдөр би хилсээр гүтгэгдсэн гэж хэлж байгаа нь энэ хүн ямар хүн бэ гэдгийг илэрхийлж байна. 2002 оны Эрүүгийн хуулийн 145.2 дахь хэсэгт зааснаар хулгайлах гэмт хэргийн доод хамгийн доод санкцаар 51-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох санкцтай байсан. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин хэмжээгээр буюу 9.702.000 төгрөгөөр торгох ялыг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 167 дугаар шийтгэх тогтоолоор ял шийтгэлийг оногдуулсан. Энэ хэргийн нөхцөл байдал үйл баримттай нийцсэн. Түрүүний дурдсанчлан Улсын дээд шүүхийн тогтоолоор шийдсэн. Өмгөөлөгч тухайн үед гар хурууны хээ зөрүүтэй байсан гэдгийг 3 шатны шүүхэд энэ нөхцөл байдлыг илэрхийлсэн. Өмгөөлөгч ямар нэгэн байдлаар үйлчлүүлэгчид амлалт өгөхийг хууль болон ёс зүйн дүрмээр хориглодог. Байгаа боломжит хүрээнд үйлчлүүлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг дээрдүүлэх гэж тухайн хэрэг маргаанд өмгөөлөгч оролцдог. Хэрэгт авагдсан үйл баримтаас харахад Б.Д*** нь энэ баримтыг хийсэн гэж харж байна. Н.Б***ийн гомдож байгаа асуудал өөрийнх нь хариуцлагагүй үйлдлээс болсон асуудал. Энэ хүн намайг хилс хэргээр шийтгэсэн гэж байгаа нь өөрийнх нь бодол. Тэр бодолдоо итгээд торгуулийн ялыг биелүүлээгүй байгаа нь торгуулийн ялыг хорих ялаар солих нөхцөл байдлыг үүсгэсэн. Н.Б***ийн өөрийн ухамсар хариуцлагатай холбоотой асуудал. Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн 793 дугаартай торгох ялыг хорих ялаар солих тухай шүүгчийн захирамжаар харагдаж байна. Энэ захирамжаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн торгох ялаас 6.142.000 төгрөгийн ялыг биелүүлээгүй. 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож 409 хоногийн хорих ялаар сольж нээлттэй хорих ангид эдлүүлэхээр тогтоосон хүчин төгөлдөр шүүхийн тогтоол хэрэгт авагдсан. Ямар нэгэн байдлаар Н.Б***ийг гүтгэх нөхцөл байдал харагдахгүй байна. Нэхэмжлэгч тал хуульч хүн биш нөгөө талаар өмгөөлөгчгүй байгаа тул энэ талаар хэлж байна. Миний хувьд мэргэжлийн өмгөөлөгчийн хувьд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад дурдсан асуудлыг хүрээнд хууль зүйн дүгнэлт хэлж байна. Нэхэмжлэгчийн гаргаж байгаа асуудал эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн асуудал хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа тул Н.Б***ийн гаргасан Монголын өмгөөлөгчдийн холбооны хариуцлагын хорооны 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн МТ/04 дүгээр тогтоолыг хүчингүй болгох шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна” гэв.

6. Иргэдийн төлөөлөгч Н.Б***оос “нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй гэж үзэж байна” гэх дүгнэлтийг гаргасан болно.

                                                               ХЯНАВАЛ:

  1. Шүүх, нэхэмжлэгч Н.Б***аас тус шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үндэслэн хянан хэлэлцээд хангах үндэслэлгүй байна гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч Н.Б*** нь Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн МТ/04 дүгээр тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар маргасан. Үүнд:

2.1. Миний хувьд гэм буруугүй тул хийгээгүй хэргийн төлөө хариуцлага хүлээхгүй гэсэн байр суурьтай байхад өмгөөлөгч Б.Д*** нь “Би чамайг шоронд явуулж чадахгүй, чи гэм буруугаа хүлээчихвэл торгох ялаар солиулаад өгье” гэж прокурортой үгсэн тохиролцож, миний хууль ёсны ашиг сонирхол, хүсэл зоригийн эсрэг байр суурь илэрхийлж байсан.

2.2. Мөн шүүх хуралдааны дараа 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хохирлыг нь төлж тэнсэн ял авахыг шаардаж “Би чамайг өмгөөлөхөөс татгалзаж байна. Өөр өмгөөлөгч ав, олон шүүх хуралдаанд оролцлоо, хөлсөө нэм” гэж дарамталж байсан.

2.3. 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр давж заалдах шатны шүүх хуралд биечлэн оролцоогүй бөгөөд энэ нь шүүх хуралдааны бичлэг, гомдол зэргээр нотлогдоно гэж тайлбарласаар байхад Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо нь Өмгөөллийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт заасан маргаан хянан шийдвэрлэх чиг үүргээ хараат бусаар хэрэгжүүлэх үүргээ зөрчиж, Өмгөөлөгчдийн холбооны гишүүн хууль бус үйлдэлд хариуцлага тооцохгүй, үндэслэлгүй шийдвэр гаргасан.

2.4 Б.Д*** өмгөөлөгчид холбогдох хуулийн хариуцлага хүлээлгэж, буруутайг нь тогтоолгосны үндсэн дээр хохирлоо шаардаж, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хүсэлттэй хэмээн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлан маргаж байна.

3. Хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд,

Иргэн Н.Б***аас 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Монголын Өмгөөлөгчийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд хандан “... өмгөөлөгч Б.Д***той 2016 оны 12 дугаар сард хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, 2017 оны 01 дүгээр сар гэхэд 1 000 000 төгрөгийн хөлсөө төлсөн ... Нийслэлийн давж заалдах шатны шүүх хурлын дараа 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хохирлыг нь төлж, тэнсэн ял авахыг шаардаж, “... би чамайг өмгөөлөхөөс татгалзаж байна. Өөр өмгөөлөгч ав, хөлсөө нэм, олон шүүх хуралд оролцлоо гэх дарамт үзүүлж байсан .... шүүхийн шийдвэрийг урьдчилан хэлж, хэвээрээ гарна, гэх мэт сэтгэл санаагаар унагаж байсан, ... давж заалдах гомдлыг өөрөө бич гэсэн... шүүх хуралдаанд миний биеийг оролцуулалгүй, өмгөөлөгч ганцаараа орсон, ... Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны товыг надад мэдэгдэлгүй, өмгөөлөгч ганцаараа орсон, ... иймд маш их гомдолтой байгаа тул хуулийн дагуу шалгаж, арга хэмжээ авч өгнө үү” гэсэн агуулга бүхий гомдлыг гаргасныг Мэргэжлийн хариуцлагын хорооны хянан шалгагч Ц.М*** хүлээн авч, өмгөөлөгч Б.Д***ид гомдлыг танилцуулан, эрх, үүргийг тайлбарлан өгсөн.

Өмгөөлөгч Б.Д***оос 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 2/228 дугаар албан бичгээр Монголын Өмгөөлөгчийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд тайлбараа гаргаж өгсөн.

Үүнтэй холбогдуулан Монголын Өмгөөлөгчийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны хянан шалгагчаас 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Хянан шалгагчийн МҮ/131 дүгээр тогтоолоор өмгөөлөгч Б.Д***ид холбогдуулан иргэн Н.Б***ийн гомдлоор маргаан үүсгэсэн болох нь,

Маргааныг хянан шалгах хүрээнд Мэргэжлийн хариуцлагын хорооны хянан шалгагчаас Эрүүгийн хэргийн тусгай архив, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газарт тус тус хандан эрүүгийн 201625031690 дугаартай хэргийн материалаас 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдааны бичлэг, нотлох баримтуудыг гаргуулан авч, 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн ЗД/02 дугаар Зөрчлийн дүгнэлтийг үйлдсэн болох нь,

Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаар өмгөөлөгч Б.Д***ид холбогдуулан иргэн Н.Б***аас ирүүлсэн гомдлыг хянан хэлэлцээд “...гомдол гаргагч Н.Б***ийн хувьд өөрийн холбогдсон хэргийг эрс үгүйсгэж, гэмт хэрэгт холбогдолгүй болохоо шат шатны шүүхэд тайлбарлаж байсан бол өмгөөлөгч Б.Д***ийн зүгээс үйлчлүүлэгчийн хүсэлт шаардлагад нийцүүлж, түүний эрх ашгийг хамгаалсан тайлбар, гомдлыг зохих журмын дагуу гаргаж байсан нь баримтаар нотлогдож байна ... дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд өмгөөлөгч Б.Д*** нь хууль зүйн туслалцаа үйлчилгээг үзүүлэх явцдаа мэргэжлийн ёс зүйн дүрмийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул иргэн Н.Б***ийн гаргасан гомдол маргаан үүсгэж, зөрчлийн дүгнэлт үйлдсэнийг хүчингүй болгож, өмгөөлөгч Б.Д***ид холбогдох маргааныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв” гэх дүгнэлтийг хийн, Өмгөөллийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2.2-т заасныг үндэслэн өмгөөлөгч Б.Д***ид холбогдох маргааныг хэрэгсэхгүй болон шийдвэрлэсэн болох нь хэргийн оролцогчдын тайлбар, зөрчил шалган шийдвэрлэсэн хэргийн материал болон холбогдох бусад баримтаар тогтоогдож байна.

4.Өмгөөллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д “үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хуулийн хүрээнд тууштай хамгаалах”, 14 дүгээр зүйлийн 14.1.1-т “үйлчлүүлэгчид хууль зүйн асуудлаар зөвлөгөө өгч, өмгөөллийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг тухай бүр цаг алдалгүй өгөх, өмгөөллийн үйл ажиллагаа болон хууль тогтоомжийн агуулга, хууль зүйн үр дагаврыг бүрэн тайлбарлах”, 14.1.2-т “үйлчлүүлэгчтэй холбоотой гүйцэтгэсэн аливаа үйл ажиллагааны талаар түүнд мэдэгдэх, тайлбарлах”, 14.1.7-д “өмгөөллийн үйл ажиллагааны зорилгод хүрэх арга хэлбэрийн талаар үйлчлүүлэгчтэй зөвлөлдөх”  хэмээн хуульчилсан.

5. Үүнтэй холбогдуулан шүүх бүрэлдэхүүн, хэдийгээр шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчөөс “...нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй гэж үзэж байна” гэсэн дүгнэлтийг бичгээр гаргасан боловч үндэслэлийг дурдаагүй. Хэрэгт авагдсан нотлох баримтаар гуравдагч этгээд өмгөөлөгч Б.Д*** нь иргэн Н.Б***т хууль зүйн туслалцаа үзүүлэхээр харилцан тохиролцсон. Улмаар энэ хүрээндээ мөрдөн шалгах ажиллагаанд оролцож, хэрэгт ач холбогдол бүхий баримт гаргуулах, шинжээч томилуулж, шинжилгээ хийлгэх зорилгоор Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Улсын ерөнхий прокурорын газрын төв архив, Замын хөдөлгөөний удирдлагын төв зэрэг байгууллагуудад холбогдох өргөдөл, хүсэлтүүдийг гаргаж байсан. Мөн иргэн Н.Б***ийн холбогдсон эрүүгийн хэргийн анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүх хуралдаануудад оролцсон, хяналтын гомдол гаргаж байсан болох нь Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Н.Б***т холбогдох шүүх хуралдааны тэмдэглэл болон бусад баримтаар тогтоогдсон.

Түүнчлэн, нэхэмжлэгч Н.Б***аас Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст гомдол гаргасныг тус газрын ахлах мөрдөгч, ахлах комиссар Н.Д*** хүлээн авч шалгаад 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээснийг Нийслэлийн Прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 1 дүгээр хэлтсийн хяналтын прокурор М.О*** 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 34 дугаартай тогтоолоор хүчингүй болгон шийдвэрлэсэн үйл баримттай холбогдуулан хариуцагч Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо “шүүх хуралдаанд Н.Б***ийг оролцуулаагүй, гомдолд дурдсанчлан “...өөр этгээдийг оролцуулан шүүх хуралдааныг явуулсан” гэх асуудлыг тогтоосон үйл баримт байхгүй ... энэ үндэслэлээр өмгөөлөгч Б.Д***ийг буруутгах боломжгүй” хэмээн дүгнэн маргаан бүхий тогтоолыг гаргасан нь хуульд нийцсэн байна гэж дүгнэн Монголын Өмгөөлөгчийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн МТ/04 дүгээр тогтоолыг хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхих нь зүйтэй байна гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.4, 113 дугаар зүйлийн 113.6, 113.6.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмгөөллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.5, 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.2, 14.1.5, 36 дугаар зүйлийн 36.1, 36.2.2-т заасныг тус тус үндэслэн иргэн Н.Б***аас Монголын Өмгөөлөгчийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд холбогдуулан гаргасан “Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн МТ/04 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Г.МӨНХТУЛГА

                  ШҮҮГЧ                                                Г.БИЛГҮҮН

                  ШҮҮГЧ                                                Д.ОЮУМАА