Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2021/00471

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2021/00471

 

 

Г.Б-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Байгалмаа даргалж, шүүгч Ш.Оюунханд, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2021/00034 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Г.Б-ын хариуцагч НШШГГ-, ШШГЕГ-т тус тус холбогдуулан гаргасан эд хөрөнгө хураах 009 тоот актын дагуу хураагдсан, худалдан борлогдоогүй, устгагдаагүй 10 000 000 төгрөгийн үнэ бүхий динозаврын өндөг, 3 000 000 төгрөгийн үнэтэй Дарьганга хийцийн 2 ширхэг хазаар зэргийг буцаан гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, Ж.А, хариуцагч НШШГГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Б.С, хариуцагч ШШГЕГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би ХОТШ банкны 411 дүгээр салбараас 1995 онд 10 000 000 төгрөгийн зээл авч, төлж чадаагүй учраас Нийслэлийн шүүхээс 1996 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 94 тоот шийдвэр гарч, надаас 17 030 292 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн. Үүний дагуу 1997 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр 009 дугаар бүхий актаар 4 төрлийн эд зүйлийг надаас хураан авсан. Үүнд, бетон гарааш 2 ширхэг /надад хадгалуулсан/, Дарьганга хийцийн 2 ширхэг мөнгөн хазаар /хураан авсан/, динозаврын өндөг 1 ширхэг /хураан авсан/ нийт 5 ширхэг эд зүйлийг хураан авч 2 бетон гараашийг миний хадгалалтанд үлдээсэн. Шийдвэр гүйцэтгэх алба нь надаас хураан авсан эд хөрөнгийг үнэлж, борлуулаагүй бөгөөд миний бие бүх төлбөрөө төлж барагдуулсан болно. Хүлээсэн үүргээ биелүүлж төлбөрөө бүрэн төлсөн тул хураалгасан эд хөрөнгөө шаардах эрхтэй бөгөөд миний эд хөрөнгийг хураан авсан актын дагуу иргэн надад буцаан өгөх нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын үндсэн үүрэг юм. Хэрэв 009 тоот актаар хураалгасан эд хөрөнгийг НШГА-ны хэн нэгэн албан тушаалтан дундаас нь завшсан бол энэ Эрүүгийн шинжтэй хууль бус үйлдэл юм. Актаар хураан авсан эд хөрөнгийг төлбөрт тооцон борлуулсан бол бүх зүйл нотлох баримтаар тогтоогдох учиртай. Эрх бүхий албан тушаалтан болох НШШГГ-т хандан гомдол гаргахад 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 2/2032 тоотоор хариу өгөхдөө хууль зөрчсөн хариу өгсөн. Иргэн надаас хураан авсан эдгээр зүйлс огт худалдаагүй, борлогдоогүй, устгагдаагүй бөгөөд энэ талаар надад заавал мэдэгдэх үүрэгтэй гэж үзэж байна. Иймд Эд хөрөнгө хураах 009 тоот актын дагуу хураагдсан, худалдагдан борлогдоогүй, устгагдаагүй 10 000 000 төгрөгийн үнэ бүхий динозаврын өндөг, 3 000 000 төгрөгийн Дарьганга хийцийн 2 ширхэг хазаарыг буцаан гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Нэхэмжлэлд заасан үнийн дүн хамааралгүй, үнийн дүн нь бодитой биш учраас эд хөрөнгийг буцаан гаргуулахаар шаардаж байна. Буцаан гаргуулах үндэслэл нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалт, хадгалалт хамгаалалттай холбоотой Иргэний хуулийн зохицуулалтын дагуу шаардлагаа үндэслэж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хадгалалт хамгаалтанд байгаа эд хөрөнгийг буцаан гаргуулахад хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалт байхгүй. Өөрөөр хэлбэл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дотоод журам, тэр журамд заагдсанаар устгагдаагүй эд хөрөнгийг шаардсаны дагуу буцаан олгох дотоод журам байдаг. Нэхэмжлэгч Г.Б- төлбөрөө 2006 онд төлж дууссан. Энэ төлбөрт ороогүй хураан авсан динозаврын өндөг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хадгалуулсан. Төрийн тусгай хамгаалалттай байранд хадгалуулсан учир хадгалалтын гэрээний дагуу буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Динозаврын өндөг нь ямар шинж тэмдэгтэй талаар өндгийг хурааж авсан шийдвэр гүйцэтгэгч нь хүлээн зөвшөөрсөн, хураалгасан нэхэмжлэгч үлэг гүрвэлийн чулуужсан өндөг гэж хэлдэг. Хазаарын хувьд ямар, шинж тэмдэгтэй болохыг би сайн хэлж мэдэхгүй байна. Дарьганга хийцийн мөнгөн хазаар гэж хэлдэг. Хүн өөрийнхөө эд хөрөнгийг хэдэн төгрөгөөр ч үнэлж болно. Хөндлөнгийн байгууллагаар үнэлүүлэх гэхээр үнэлэх боломжгүй гэж хариу өгсөн. Энэ бол Г.Б-ын хувьд динозаврын өндөг нь олон үе дамжиж ирсэн, өндөр үнэтэй үнэт олдвор учраас үнэт олдвороо буцаан гаргуулахаар шаардаж байна гэжээ.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нийслэлийн шүүхийн 1996 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 94 дугаар шийдвэрээр Г.Б-оос 17 030 292 төгрөгийг гаргуулж, ХОТШ банкны 411 дүгээр салбарт олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч Г.Б-д шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдлийг удаа дараа гардуулж өгсөн боловч үүргээ биелүүлээгүй тул 1997 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 009 дугаартай эд хөрөнгө хураах актаар 4 нэр төрлийн эд хөрөнгө хураан /үлэг гүрвэлийн өндгийг эд хөрөнгө хураасан актын онцлох тэмдэг хэсэгт хагархай гэж бичигдсэн/ 3 нэр төрлийн хөрөнгийг таны хадгалалтанд үлдээн, худалдан борлуулахаар дэлгүүрт шилжүүлж, 1997 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Үнэ тогтоох ажлын хэсгийг томилж 1997 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 106 дугаар дүгнэлтээр 2 ширхэг хазаар 90 000 төгрөг, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 13 дугаар хороололд байрлах барилгын бетон хавтангаар барьсан залгаа 2 авто гараашийг 1 200 000 төгрөгөөр үнэлэгдсэн байна. Төлбөр төлөгч Г.Б- нь удаа дараа төлбөрийг төлөхөөр тайлбар, баталгаа гаргадаг боловч төлбөрийг төлөөгүй тул хамтран өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204009860 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 13 дугаар хороолол 14 дүгээр байрны 168 тоот, 48 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг 2003 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 05 тоот эд хөрөнгө битүүмжлэх акт, 2003 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 0000072 тоот эд хөрөнгө хураах актаар хураасан байна. Дээрх орон сууцыг 2004 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 254 тоот тогтоолоор шинжээч томилж үнэлүүлэхэд 27 200 000 төгрөгөөр үнэлэгдсэн тул 2005 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаанд, 2005 оны 6 дугаар сарын 09-ний өдөр 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулахад үнийн санал ирээгүй байна. Төлбөр төлөгч Г.Б- нь төлбөрийг бүрэн төлж барагдуулсан талаар төлбөр авагч Банкны өр барагдуулах газраас 2006 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 1/31 тоот албан бичгийг ирүүлснээр, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2006 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр дуусгавар болгосон байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /1996 оны/ хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт Төлбөр төлөгч, төлбөр авагч нь шийдвэр биелүүлэх ажиллагааг зөвшөөрөхгүй бол ажиллагааг явагдсан өдрөөс, уг ажиллагаа хэзээ, хаана явагдахыг мэдэгдээгүй бол мэдсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор энэ тухай гомдлоо шүүхэд гаргаж болно гэж, 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт Төлбөр төлөгч, төлбөр авагч нь шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаа, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөхгүй бол ажиллагаа явагдсан өдрөөс, уг ажиллагаа хэзээ, хаана явагдсаныг мэдээгүй бол өөрт мэдэгдсэн өдрөөс хойш гомдлоо 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргана гэж тус тус заасан тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гомдол гаргах хуулийн хугацаа хэтэрсэн, төлбөр төлөгч хуульд заасан эрхээ тухайн үед хэрэгжүүлэх боломжтой байсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нийслэлийн шүүхийн 1996 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 94 дүгээр шийдвэрээр Г.Б-оос 17 030 292 төгрөгийг гаргуулж ХОТШ банкны 411 дүгээр салбарт олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар 1997 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 09 дүгээр эд хөрөнгө хураасан актаар хазаар 2 ширхэг, бетонон төмөр хаалгатай /2 автомашины/ гарааш 1 ширхэг, үлэг гүрвэлийн чулуужсан өндөг гэх зүйл 1 ширхэгийг хураан, 1 ширхэг авто гараашийг төлбөр төлөгч Г.Б-ын хадгалалт хамгаалалтанд үлдээсэн байна. Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газрын /хуучин нэрээр/ үнэ тогтоох ажлын хэсэг авто гараашийг 1997 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 106 дугаар дүгнэлтээр 1 200 000 төгрөгөөр үнэлж, 2 ширхэг хазаарыг 80 000 төгрөгөөр худалдан борлуулсан баримт хувийн хэрэгт авагдсан бөгөөд, эдгээр баримтыг хавтаст хэрэгт хавсаргасан. Ажиллагааны явцад төлбөр төлөгч Г.Б- төлбөрөө бүрэн төлж барагдуулсан талаар төлбөр авагч Банкны өр барагдуулах газраас ирүүлсэн тодорхойлолтыг үндэслэн холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2006 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 10 дугаар тогтоолоор дуусгавар болгосон байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж, дуусгавар болсон, хувийн хэрэгт шийдвэр гүйцэтгэгчээс динозаврын өндөг гэх зүйлийг хэн нэгэнд шилжүүлсэн, хүлээлгэн өгсөн талаарх баримтгүй, 2 ширхэг хазаарыг худалдан борлуулж, төлбөрт тооцсон тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 82 дугаар зүйлийн 82.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002 оны/-ийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Б-ын хариуцагч ШШГЕГ-, НШШГГ- нарт холбогдуулан гаргасан Эд хөрөнгө хураах 009 тоот актын дагуу хураагдсан, худалдан борлогдоогүй, устгагдаагүй динозаврын өндөг, Дарьганга хийцийн 2 ширхэг хазаарыг биет байдлаар нь буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Г.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 223 000 /хоёр зуун хорин гурван мянга/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч Г.Б-, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э нар давж заалдах гомдолдоо:

... Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны актанд битүүмжилж хураан авсан эд хөрөнгийн зарим хэсгийг төлбөр төлөгчид хадгалуулах, зарим хэсгийг хураан авч төрийн байгууллагын байранд хадгалахаар авсан. Өөрөөр хэлбэл, хариуцагч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь худалдан борлуулах хүртэлх хугацаанд хадгалаад худалдан борлогдсон бол худалдан авсан этгээдэд шилжүүлэх үүрэгтэй. Хадгалалтын хугацаа нь худалдан борлуулагдах хүртэл буюу худалдан борлогдоогүй тохиолдолд буцаан олгох хүртэл хугацаанд үйлчилнэ. Иймд хураан авч хадгалж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1, 422.3 дахь заалтын 1, 2, 3, 4, 5, 6 дахь хэсгүүд шууд хамаарч байгаагаас гадна 422.6 дахь заалт, 423 дугаар зүйлийн 423.2 дахь заалт, 424 дүгээр заалт, 425 дугаар зүйлүүд маргааны зүйлд шууд хамааралтай. Шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй.

Шүүх хөөн хэлэлцэх хугацааг тоолохдоо шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гүйцэтгэгч нар төлбөр төлөгч Г.Б-ын гарааш болон өндөгийг чөлөөлөөгүй ба шалтгаан нь Улаан загалмай ХЗХ-ны төлбөртэй холбогдуулан чөлөөлөөгүй. Учир нь мөн Баянзүрх тойргийн шийдвэр гүйцэтгэгч дээр байдаг. Тухайн үед битүүмжлэгдсэн гараашаа бусдад худалдах тухай ярихад Улаан загалмай ХЗХ-ны гүйцэтгэгчээс зөвшөөрөл авах ёстой. Шийдвэр гүйцэтгэгч нар хэд хэдэн шийдвэрээр төлбөр төлөх ёстой иргэний хураан авсан эд хөрөнгийг бүх шийдвэрүүдэд заагдсан төлбөрийг бүрэн төлж дуустал буцаан олгодоггүй журамтай гэсэн. Анхан шатны шүүх хурал дээр төлбөр төлөгч Г.Б- нь тухайн үед хэд хэдэн шийдвэрээр төлбөр төлж байсан талаар мэтгэлцээгүй, хариуцагч тал энэ тухай дурдаагүй нь нэг төлбөр дуусахад нөгөө төлбөрт нь хураагдсан эд зүйлийг шилжүүлдэг учраас шүүх хурал дээр огт яригдаагүй. Г.Б- нь өөр төлбөртэй тэр нь төлөгдөж дуусаагүй бол хураагдсан эд хөрөнгийг буцаан авах эрхгүй гэж ойлгож байсан тул шаардах эрх үүсээгүй байсан. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, үнэхээр хураагдсан эд хөрөнгийг өөр төлбөрт зориулан буцааж өгөөгүй эсэхийг тодруулахаар анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагад нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч Г.Б- нь хариуцагч НШШГГ-, ШШГЕГ-т тус тус холбогдуулан эд хөрөнгө хураах 009 тоот актын дагуу хураагдсан, худалдан борлогдоогүй, устгагдаагүй 10 000 000 төгрөгийн үнэ бүхий динозаврын өндөг, 3 000 000 төгрөгийн үнэтэй Дарьганга хийцийн 2 ширхэг хазаар зэргийг буцаан гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хуульд заасан хугацаанд гомдол гаргаагүй гэж маргажээ.

 

Тухайн үед шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байсан Г.Б-ыг хамтран хариуцагчаар татах нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А-ийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр гаргасан хүсэлтийг шүүгчийн 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 181/ШЗ2020/15141 дугаар захирамжаар хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасанд нийцэхгүй. Өөрийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй этгээдийг хариуцагчаар тодорхойлох эрх нь нэхэмжлэгчид өөрт нь хуулиар олгогдсон бөгөөд хамтран хариуцагчаар Г.Б-ыг татан оролцуулах хүсэлтийг шүүх хангахгүй орхихдоо мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсгийг зөв хэрэглээгүй байна.

 

Тухайн үед маргаан бүхий эд зүйл болох динозаврын өндгийг акт үйлдэн хурааж авсан шийдвэр гүйцэтгэгчийг хариуцагчаар татаж, нэхэмжлэлд тайлбар гаргуулах, холбогдох баримтыг гаргах үүргийг нь хэрэгжүүлснээр төрийн албан хаагч үүргээ зөрчсөн гэм буруутай эсэх, ингэснээр уг гэм хорыг түүний ажиллаж байсан хуулийн этгээд буюу төр хариуцах үндэслэлтэй эсэхийг тогтоох ач холбогдолтой.

 

Түүнчлэн, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ өөр өөрөөр, тодруулбал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу хураагдсан эд зүйл борлогдоогүй, төлбөрт үнэлэн суутгагдаагүй бол буцааж өгөх үүрэгтэй, эсхүл Иргэний хуулийн 425 дугаар зүйлийн 425.1 дэх хэсэгт хадгалуулсан эд хөрөнгөө хэдийд ч буцаан авах эрхтэй гэж заасны дагуу шаардаж байгаа гэж тайлбарласан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагджээ.

 

Хариуцагч байгууллагууд нь динозаврын өндөг бодитоор байхгүй гэж тайлбарласан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тодорхойлж, бүрдүүлбэр хангасныг үндэслэн шүүх хянан хэлэлцэх үндэслэл бүрдэх бөгөөд шаардлага үндэслэлээ өөрөө тодорхойлоогүй байхад шүүх хөндлөнгөөс оролцож дүгнэлт хийх боломжгүй юм.

 

Иймд динозаврын өндгийг биетээр гаргуулахаар шаардсан дээрх өөр өөрөөр тайлбарласан нэхэмжлэлийн үндэслэлийг тодруулж, хуулиар хамгаалагдсан ямар эрх нь хэний буруутай үйлдлийн улмаас яаж зөрчигдсөн, зөрчигдсөн эрхээ хуулийн ямар зүйл, заалтын дагуу сэргээлгэхээр шаардаж байгааг тодорхойлуулах шаардлагатай.

 

Нэхэмжлэлээр шаардаж буй эд зүйлийг биетээр гаргуулж өмчлөгчийн эрхийг өмнөх байдалд нь сэргээх боломжгүй тохиолдолд өөр ямар арга хэлбэрээр эрхээ сэргээлгэхээр шаардаж болохыг тодруулж, талуудыг уг асуудлаар мэтгэлцүүлэн, маргаанд хамаарах хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэн эрх зүйн дүгнэлт өгч шийдвэр гаргах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт нийцнэ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулж, эрх зүйн дүгнэлт өгөлгүйгээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийг баримтлан хэргийг шийдвэрлэснийг хууль ёсны байх шаардлагад нийцсэн гэж үзэхээргүй байна.

 

Мөн нэхэмжлэгч нь 2006 онд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсноор төлбөрт тооцогдоогүй үлдсэн эд зүйл буюу динозаврын өндөгийг буцаан аваагүй, шаардаж байгаагүй үндэслэлийг тодруулан, нэхэмжлэлд дурдсанаас өөр шийдвэрийг албадан гүйцэтгэж байсан эсэхтэй холбоотой нотлох баримтыг хариуцагчаас гаргуулах нь маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой.

 

Иймд шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулиар тогтоосон журмын дагуу явуулаагүй, нэхэмжлэлийн үндэслэлийг тодруулж, талуудыг нэхэмжлэлийн үндэслэлд хамаарах асуудлаар мэтгэлцүүлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, эрх зүйн дүгнэлт хийгээгүйгээс шүүхийн шийдвэрт үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2021/00034 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА

 

  ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

А.ОТГОНЦЭЦЭГ