| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 221/2023/0070/З |
| Дугаар | 221/ШШ2023/0020 |
| Огноо | 2023-10-16 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 221/ШШ2023/0020
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн анхан шатны журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Мөнхтулга,
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа,
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл,
Нэхэмжлэгч: “М***” ХХК /РД:5***/
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.У***
Хариуцагч: Монгол Улсын Засгийн газар,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Уул уурхайн бодлогын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч М.М***, тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтсийн дарга Т.Г***, Сангийн яамны Татварын бодлогын газрын дарга Б.Т***, Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Эрдэс баялгийн татварын хэлтсийн дарга Н.М*** нар,
Нэхэмжлэлийн шаардлага: “Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 81 дүгээр “Биржийн болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр зарлах тухай” тогтоолын 2 дугаар хавсралтын 5 дахь хэсгийг хүчингүй болгуулах”,
Шүүх хуралдааны оролцогчид: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М***, Б.Т***, Н.М***, иргэдийн төлөөлөгч О.Э***,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр нар оролцов.
Хэргийн индекс: 221/2023/0070/3.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “М***” ХХК-иас тус шүүхэд хандан Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан “Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 81 дүгээр “Биржийн болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр зарлах тухай” тогтоолын 2 дугаар хавсралтын 5 дахь хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргаж байна.
2. Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 81 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээ, үнэлгээний үндэслэл болгох олон улсын жишиг үнэ тогтоодог биржийн нэр”-ийг, 2 дугаар хавсралтаар “Зарим экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээ, үнэлгээний үндэслэл болгох Монголбанкны болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр”-ийг тус тус зарлан, нийтэд мэдээлсэн.
3. Нэхэмжлэгч “М***” ХХК-иас Засгийн газрын 2016 оны “Биржийн болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр зарлах тухай” 81 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 5 дахь хэсгийг эс зөвшөөрч 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Монгол Улсын Засгийн газарт хандан гомдол гаргасан боловч хариуцагчаас гомдолд хариу өгөөгүй тул 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдөр тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан.
4. Нэхэмжлэгч “М***” ХХК-иас тус шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:
“... “М***” ХХК нь Монгол Улсын хайлуур жоншны хүдэр ба баяжмалын тэргүүлэх олборлогч, үйлдвэрлэгч, нийлүүлэгч бөгөөд анх 2007 онд гадаад худалдааны чиглэлээр байгуулагдаж жоншны хүдэр олборлох, экспортлох чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн ба 2015 онд хайлуур жоншны хүдэр баяжуулах үйлдвэр барьж шинээр ашиглалтад оруулсан. Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологиор хайлуур жоншийг флотацийн аргаар боловсруулж байна. Манай үйлдвэр нь хоногт 200 тн хайлуур жоншны хүдэр боловсруулах хүчин чадалтай ба дэлхийн стандартад нийцсэн ФФ95-ФФ97%-маркийн хайлуур жоншны баяжмал үйлдвэрлэж байна. Мөн бид жоншны уурхайн хаягдал хүдэр болох жонш агуулсан бага агуулгатай шороог худалдан авч боловсруулан баяжмал хэмээх баялаг болгон дэлхийн зах зээлд худалдаалан валютыг татан оруулж ирж, түүнээсээ Монгол улсдаа татвар төлдөг.
... Тус маргаан бүхий Монгол Улсын Засгийн Газрын "Биржийн болон зах зээлийн Үнийн эх сурвалжийн нэр зарлах тухай" 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 81 дугаар тогтоол нь хэдийгээр 2016 онд гарсан боловч бид бүхэн уг тогтоолын дагуу татвар ногдуулж, төлөхийг шаарддаг байсныг сүүлд мэдсэн. 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 19500 дугаартай албан шаардлага, 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 22158 дугаартай албан шаардлага, 2022 оны 12 сарын 06-ны өдрийн Том татвар төлөгчийн газрын мэдэгдлүүдээр "Ашигт малтмалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т "Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч болон экспортлох эрх бүхий этгээд ашигт малтмал, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлийн үнээр борлуулах" гэж заасны дагуу 2022 оны 3 дугаар сарын АМНАТ-ын ногдлыг олон улсын зах зээлийн үнээр тайлагнаж, хуулийн хугацаанд төлөх шаардлагатай" болохыг анхааруулж албан бичиг и-мэйл хаягаар манай компанид ирдэг байсан.
Дээрх албан бичгүүдээс АМНАТ-ын татварыг ногдуулах гол үндэслэл нь Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу гаргасан. Бид 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 01/1439 дугаартай "хариу хүргүүлэх тухай албан бичгийг" и-мэйл шуудангаар авсны дараа Монгол Улсын Засгийн газарт уг тогтоолтой холбоотой асуудлыг дахин авч хэлэлцэх, татвар төлөгч компанийн эрхийг зөрчсөн ороогүй, олоогүй орлогоос татвар төлөх болж буй үйлдэл нь хууль бус байна хэмээн хүсэлт явуулж байсан. Гэтэл үүний хариуг одоог хүртэл өгөөгүй.
Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг эс зөвшөөрвөл Монгол Улсын шүүхэд хандана, Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 "Засгийн газар хуулиар тусгайлан эрх олгосон тохиолдолд хуульд нийцүүлэн бүрэн эрхийнхээ хүрээнд хэм хэмжээний акт гаргаж болох бөгөөд Тогтоол хэлбэртэй байна” гэж заасан. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т "дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана" гэж заасны дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсан.
Засгийн газрын тогтоол хууль зүйн үндэслэлгүй, олоогүй орлогод татвар ногдуулах тухай тогтоол гаргасанд манай компанийн эрх ашиг зөрчигдөж байгаа юм. Жишээ нь: БНХАУ-ын Эрээн хотод 1 тонн жоншийг 200 доллароор худалдлаа гэхэд Засгийн газрын тогтоолоор дэлхийн зах зээлийн ханш хэмээн 350 доллароор татвар төлөхийг шаардаж байгаа юм.
Иймд Захиргааны ерөнхий хууль, Татварын ерөнхий хууль, суурь зарчмыг зөрчсөн Монгол Улсын Засгийн Газрын "Биржийн болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр зарлах тухай" 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 81 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын 5 дахь хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч, талуудаас нотлох баримт, тайлбар гаргуулан, мэтгэлцэх зарчмын хүрээнд талуудыг мэтгэлцүүлэн хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй, үндэслэлгүй байна гэж үзэж байгаа.
1 дүгээрт. “Үндсэн хууль болон бусад хуульд нийцсэн байх шаардлагыг хангаагүй” гэдэг. Гэтэл Ашигт малтмалын тухай хуулийн тодорхой эрх олгосон заалтын дагуу Засгийн газраас журам баталсан байдаг.
2 дугаарт. “олоогүй орлогоос татвар авсан” гэж нэхэмжлэлд үндэслэлгүй бичсэн. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр нь орлогын татвар биш юм. Энэ нь Үндсэн хуулийн зургаадугаар зүйлийн 2-т заасан төрийн нийтийн өмчийг ашигласан этгээдээс авах төлбөр юм. Татварын ерөнхий хуульд “төлбөр” гэж төрийн өмчийн газар, газрын хэвлий, байгалийн баялаг, ой, ургамал, рашаан, ашигт малтмал, газрын тосны нөөц, агаар, ус, хөрс ашигласны, бохирдуулсны, ан амьтан агнасны төлөө аливаа этгээдээс авч төсөвт төвлөрүүлж байгаа мөнгөн хөрөнгийг хэлнэ гэж заасан. Энэ нь нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаа шиг олоогүй орлогоос нь татвар авч байгаа асуудал биш. Төрийн нийтийн өмчид байгаа ашигт малтмалыг ашиглуулсны төлөө төр өөрөө ашигт малтмалаа үнэлээд төлбөр авдаг харилцаа юм. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн эрх зүйн харилцааг тогтоож байгаа Ашигт малтмалын тухай хуульд борлуулалтын орлогоос татвар авах тухай нэг ч өгүүлбэр байхгүй. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.16-д зааснаар бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцож авдаг. Тэгэхээр орлогоос авах ёстой татвар гэдэг нь үндэслэлгүй байна. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.14-д заасны дагуу борлуулалтын үнэлгээний үндэслэл болгох олон улсын жишиг үнэ тогтоодог биржийн, зах зээлийн үнийн эх сурвалжийн нэрийг тухайн бүтээгдэхүүний нэр төрлийг харгалзан Засгийн газар нийтэд зарлаж борлуулалтын үнэлгээг тооцдог.
3 дугаарт. нэхэмжлэгчийн гаргасан гомдлын дагуу Засгийн газрын 81 дүгээр тогтоолын холбогдох заалт хэрэв хүчингүй болбол маш ноцтой үр дагаврыг дагуулна. Учир нь энэ харилцаа нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа 100 гаруй жонш ашиглагч компанийн төлөх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн асуудлыг зохицуулсан. Тогтоол хүчингүй болсон тохиолдолд Монгол Улс дээрх компаниудаас ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг авч чадахгүй болж, Үндсэн хуулийн зөрчилд орно. Зөвхөн энэ компанид зориулаад улсын нийтлэг ашиг сонирхол, Үндсэн хуульд заасан зарчим, Ашигт малтмалын тухай хууль, Татварын хууль, тогтоомжид заасан авах ёстой татварыг авахгүй байх нөхцөл үүсэх ноцтой үр дагавар үүсэх гээд байна.
Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр нь албан татвар биш Татварын ерөнхий хуульд заасан онцлог харилцаа байдаг. Уг төлбөр нь Үндсэн хуульд заасан бүх ард түмний баялаг гэдэг агуулгын хувьд энэ төрлийн бүх орлого нь улсын төсөв, ирээдүйн өв сан, бүх аймаг, сумдын орон нутгийн хөгжлийн санд хуваарилагддаг онцлогтой. Ирээдүйн өв сангаар дамжин хүүхдийн мөнгө болдог бөгөөд бүх төрлийн төсвийн харилцаанд нөлөөлдөг. Нэхэмжлэлийн шаардлагын дагуу тухайн заалт хүчингүй болбол Төсвийн тухай хууль, Үндсэн хууль, Татварын ерөнхий хууль, Ашигт малтмалын тухай хуульд заасан харилцаа доголдох ноцтой үр дагаврууд гарна. Ийм үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна” гэв.
6. Иргэдийн төлөөлөгч О.Э***гаас шүүхэд гаргасан дүгнэлтдээ: “Тухайн компанийн нэхэмжлэлтэй, хэргийн шүүх хуралд оролцож, шүүгчийн дүгнэлт болон тайлбарыг сонслоо. Ашигт малтмал ашигласан тохиолдолд Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн татвар төлөх нь бол зөв. Харин Засгийн газрын 81 дүгээр тогтоолоор Шанхайн биржийн үнээр борлуулалтын орлого тооцно гэдэг бол бодит үнэ болж чадахгүй гэж үзэж байна. Борлуулалт гэдэг бол бодит үнээр тооцох нь эдийн засгийн ач холбогдолтой. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн татварыг олборлосон бол төлөх нь зүйтэй” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх, нэхэмжлэгч “М***” ХХК-ийн тус шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хянан хэлэлцээд үндэслэлгүй байна гэж үзлээ.
2. Нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа эцэслэн тодорхойлж маргасан. Үүнд:
2.1. Засгийн газрын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн "Биржийн болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр зарлах тухай" 81 дүгээр тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-т “Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуульд болон бусад хуульд нийцсэн байх” шаардлагыг хангаагүй нь Татварын ерөнхий хуулийг зөрчсөн гэж үзэж байна.
2.2. Засгийн газрын "Биржийн болон зах зээлийн Үнийн эх сурвалжийн нэр зарлах тухай" 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 81 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар “Зарим экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээ, үнэлгээний үндэслэл болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр”-ийн жагсаалтын 5-д “хайлуур жонш-Хятадын хайлуур жоншны бүтээгдэхүүний FOB үнэ www.indmin.com байхаар” заасан. Гэтэл бодит байдал дээр Монголд үйл ажиллагаа явуулж буй компаниуд олоогүй, орж ирээгүй орлогоос татвар ногдуулж буй нь Татварын тухай хууль болон Үндсэн хуулиа зөрчиж байна. ... дээрх хууль болон Засгийн газрын тогтоолоор Дэлхийн зах зээлийн ханшаар татвар төлж буй нь шударга ёсны, бодит байх зарчимтай зөрчилдөж байна зэрэг.
3. Хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн оролцогчдын тайлбараар, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 07 дугаар хуралдаанаар экспортын зарим бүтээгдэхүүний “биржийн болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр зарлах” асуудлыг хэлэлцэн маргаан бүхий захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 81 дүгээр тогтоолыг батлан гаргасан.
Засгийн газрын 2016 оны “Биржийн болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр зарлах тухай” 81 дүгээр тогтоол нь Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.2 болон 47.12 дахь хэсгийг тус тус үндэслэсэн бөгөөд тухайн тогтоолын 1 дүгээр заалтаар “Экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээ, үнэлгээний үндэслэл болгох олон улсын жишиг үнэ тогтоодог биржийн нэрийг 1 дүгээр хавсралт ёсоор, зарим экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээ, үнэлгээний үндэслэл болгох Монголбанкны болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэрийг 2 дугаар хавсралт ёсоор тус тус шинэчлэн баталж”, 3 дахь заалтаар “Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Биржийн нэр зарлах тухай" Засгийн газрын 2007 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 88 дугаар тогтоол, "Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2010 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 39 дүгээр тогтоол, "Тогтоолд өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2012 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 74 дүгээр тогтоол, "Тогтоолын хавсралтуудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2013 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 131 дүгээр тогтоолын 2 дугаар зүйл, "Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2014 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 89 дүгээр тогтоол, "Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 220 дугаар тогтоолын 2 дугаар зүйл, "Аргачлал баталж, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 103 дугаар тогтоолын 3, 4 дүгээр зүйл, "Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 489 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцож”, 4 дэх заалтаар “энэ тогтоолыг 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр” тогтоосон.
Мөн тогтоолын 2 дугаар хавсралт “Зарим экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээ, үнэлгээний үндэслэл болгох Монголбанкны болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр”-ийн 5-д “Хайлуур жонш – Хятадын хайлуур жоншны бүтээгдэхүүний FOB үнэ (www.indmin.com)” хэмээн заасан нь эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем https://legalinfo.mn/mn/detail?lawId=11688 цахим сайтад байршсан болох нь Засгийн Газрын Хэрэг Эрхлэх газрын 2023 оны х/635 дугаар албан бичиг, Засгийн Газрын Хэрэг Эрхлэх газрын архив, бичиг хэрэгт хийсэн шүүхийн үзлэгийн тэмдэглэл болон холбогдох бусад баримтаар тогтоогдож байна.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.6-д “захиргааны хэм хэмжээний актыг хүчингүй болгох, хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн хувьд хүн, хуулийн этгээдийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй болон ямар хуультай зөрчилдсөн”, 106 дугаар зүйлийн 106.3.8-д “захиргааны хэм хэмжээний акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй нь тогтоогдсон бол түүнийг хүчингүй болгох, эсхүл хүчин төгөлдөр бус болохыг тогтоох” гэж тус тус заасан.
Хуулийн дээрх зохицуулалтын дагуу аливаа хүн, хуулийн этгээдээс захиргааны хэм хэмжээний актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гарган шүүхэд маргаж буй тохиолдолд тухайн хэм хэмжээний акт нь хүчин төгөлдөр үйлчилж буй хуульд нийцээгүй бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, эсхүл зөрчиж болзошгүй нөхцөл байдал үүссэн болох нь тогтоогдсон тохиолдолд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэнэ.
5. Тухайн тохиолдолд, маргаан бүхий захиргааны хэм хэмжээний актыг батлах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 7 дугаар зүйлийн 7.3-т “Улсын Их Хурал, Засгийн газраас хувь хэмжээг нь тогтоосон бөгөөд Монгол Улсын нутаг дэвсгэрт нийтлэг үйлчлэх дараахь татвар улсын татварт хамаарна”, 7.3.6-т “ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр” хэмээн,
2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр дагаж мөрдөж буй Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т “Монгол Улсын татвар нь албан татвар, төлбөр, хураамж /цаашид "татвар" гэх/-аас бүрдэнэ”, 7.2-т “Монгол Улсын татвар нь доор дурдсан төрөлтэй байна”, 7.2.6-т “ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр”, 8 дугаар зүйлийн 8.2-т “Энэ хуулийн ... 7.2.6-д заасан татварын хувь, хэмжээг тухайн татварын харилцааг зохицуулсан хуульд Улсын Их Хурлаас тусгайлан эрх олгосон тохиолдолд тогтоосон хязгаарт багтаан Засгийн газар тогтоож болно” хэмээн,
Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.12-т “Экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний үндэслэл болгох олон улсын жишиг үнэ тогтоодог биржийн нэрийг тухайн бүтээгдэхүүний нэр төрлийг харгалзан Засгийн газар нийтэд зарлана” гэж заасан байсныг Улсын Их Хурлаас 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр баталсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар “47.14” хэмээн дугаарлалтыг өөрчлөн, 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр баталсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар “47.14 дэх хэсгийн "биржийн нэрийг” гэснийг “биржийн, зах зээлийн үнийн эх сурвалжийн нэрийг” хэмээн өөрчилсөн өөрчлөлтийг тус тус оруулсан нь эдүгээ хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.
6. Үүнтэй холбогдуулан шүүх бүрэлдэхүүн, нэгэнт хууль тогтоогчоос зарим төрлийн экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний үндэс болгох жишиг үнийн эх сурвалжийн нэрийг тухайн бүтээгдэхүүний нэр төрлийг харгалзан нийтэд зарлах бүрэн эрхийг Засгийн газарт олгосон болох нь Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтаар тогтоогдож байх тул маргаан бүхий захиргааны хэм хэмжээний акт болох Засгийн газрын 2016 оны “Биржийн болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр зарлах тухай” 81 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 5 дахь хэсгийг Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1 дэх хэсгийг зөрчсөн гэх үзэх боломжгүй.
Мөн тухайн тогтоолын 2 дугаар хавсралтын 5-д “хайлуур жонш-Хятадын хайлуур жоншны бүтээгдэхүүний FOB үнэ www.indmin.com” хэмээн экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний үндэслэл болгох зах зээлийн үнийн эх сурвалжийн нэрийг захиргааны сонгох боломжийг хэрэгжүүлэн зарласныг татварын хувь хэмжээг тогтоосон хэмээн шууд үзэх боломжгүй. Энэхүү заалтын улмаас Татварын ерөнхий хуулийн зарчим болон нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна хэмээн дүгнэв.
7. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч О.Э***гийн дүгнэлтийг шүүх бүрэлдэхүүн шийдлийн хувьд үндэслэлтэй хэмээн үзсэн ч “..."Шанхайн биржийн үнээр борлуулалтын орлого тооцно гэдэг бол бодит үнэ болж чадахгүй...” гэх асуудал нь нэхэмжлэгчээс шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурдагдаагүй асуудал байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж зааснаар тухайн асуудлаар дүгнэлт хийх боломжгүй гэж үзэв.
8. Түүнчлэн шүүх, нэхэмжлэгч “М***” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан. Энэ хугацаанд шүүх хуралдаан нийт 5 удаа хойшилж, хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа дуусгавар болсон. 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 13 цаг 30 минутад товлогдсон шүүх хуралдааны өмнө шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй холбогдон лавлахад “ажил явдал гарсан” хэмээн хэлсэн байх боловч хуульд заасан журмын дагуу шүүх хуралдааныг хойшлуулахтай холбоотой хүсэлтийг шүүхэд ирүүлээгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2-т зааснаар шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.
9. Иймд дээрх үндэслэлээр Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэгч “М***” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.14 хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч “М***” ХХК-иас Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан гаргасан “Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 81 дүгээр “Биржийн болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр зарлах тухай” тогтоолын 2 дугаар хавсралтын 5 дахь хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ