Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 79

 

М.Энхтүвшинд холбогдох захиргааны

зөрчлийн талаар

 

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч А.Энхбаатар, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Намуунзул, зөрчилд холбогдогч М.Энхтүвшин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд явуулсан давж заалдах шатны шүүх хуралдаанаар Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06  сарын 15-ны өдрийн 249 дүгээр шийтгэврийг эс зөвшөөрч, зөрчилд холбогдогч М.Энхтүвшингийн давж заалдах гомдлоор М.Энхтүвшинд холбогдох захиргааны зөрчлийн материалыг 2016 оны 06 сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Гомдол гаргагч Л.Нарангэрэл нь "…Миний биеийг Маньбазар Энхтүвшин гэсэн нэр бүхий фэйсбүүк хаягаар сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн мэтээр үндэслэлгүйгээр илтэд гүтгэлэг явуулж, хуурамч мэдээллийг тараасан байна. Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлд аливаа этгээд ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орон зай, мессэж ашиглан бусдыг гүтгэн доромжлох, хуурамч мэдээлэл тараахыг хориглоно гэж заасан. Иймд уг асуудлыг хуульд заасны дагуу хянан шалгаж гэм буруутай этгээдийг тогтоон, хариуцлага тооцож өгнө үү" гэжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 сарын 15-ны өдрийн 249 дүгээр шийтгэврээр: Сонгуулийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.4-т зааснаар Маньбазарын  Энхтүвшинд нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6 /зургаа/ дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1152000 /нэг сая нэг зуун тавин хоёр мянга/ төгрөгөөр торгох шийтгэл ногдуулж, торгуулийг нэн даруй биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар албадан гүйцэтгэх учрыг мэдэгдэж, энэ зөрчилд хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдаж,  Захиргааны хариуцлагын тухай хуулийн  19 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар энэ шийтгэврийг зөрчил гаргасан этгээд, гомдол гаргагч нар эс зөвшөөрвөл хүлээн авсан өдрөөс хойш 10 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдэж шийдвэрлэжээ.

Зөрчилд холбогдогч М.Энхтүвшин давж заалдах гомдолдоо: Дорнод аймгийн 2016 оны ИТХ-ын сонгуульд 6 дугаар багт нэр дэвшсэн  Л.Нарангэрэлийн “Миний биеийг Маньбазар Энхтүвшин гэсэн нэр бүхий фэйсбүүк хаягаар сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн мэтээр үндэслэлгүйгээр илтэд гүтгэлэг явуулж, хуурамч мэдээллийг тараасан байна. Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлд аливаа этгээд ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орон зай, мессэж ашиглан бусдыг гүтгэн доромжлох, хуурамч мэдээлэл тараахыг хориглоно гэж заасан. Иймд уг асуудлыг хуульд заасны дагуу хянан шалгаж гэм буруутай этгээдийг тогтоон, хариуцлага тооцож өгнө үү" гэсэн гомдлыг шүүгч Д.Цэдэнпэлжээ шийдвэрлэхдээ фэйсбүүк дээр тавигдсан мэдээг огт үзэхгүй, уг мэдээг намайг зохиосон эсэхийг огт шалгаж тогтоогоогүй байж зөвхөн гомдол гаргагчийн хүсэлт, түүний гаргаж өгсөн тайлбараар “Л.Нарангэрэлийг гүтгэсэн, уг мэдээг зохиосон” хэмээн буруутгасан байна. Үүнд:

Нэг: Шүүгч Д.Цэдэнпэлжээгийн шийтгэвэрт “2016 оны 03 сарын 18-ны өдөр Дорнод аймгийн Голомт банкнаас зохион байгуулсан харилцагч байгууллагынхаа ажилчдын дунд сугалаа явуулж бэлэг сэлт өгдөг үйлдэл нь нэр дэвшигч Л.Нарангэрэл болон сонгуулийн сурталчилгаатай холбоогүй, сонгогчдын саналыг татах зорилго агуулаагүй, харилцагч байгууллагуудын олон жилийн хамтын ажиллагааны хүрээнд зохиогдсон уламжлалт үйл ажиллагаа болох нь Дорнод аймгийн Цагдаагийн газрын олон нийттэй харилцах ахлах байцаагч Д.Ариунсанаагийн тайлбар, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон захиргааны зөрчлийн материалд авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдож байх тул Л.Нарангэрэлийг сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчсөн гэх үндэслэлгүй байна” гэжээ. Уламжлалт үйл ажиллагааг сонгуулийн жилд сонгогчдын санал татах зорилго агуулж болзошгүй гэж үзэн хуулиар хориглосон байхад “харилцагч байгууллагуудын олон жилийн хамтын ажиллагааны хүрээнд зохиогдсон уламжлалт үйл ажиллагаа” хэмээн дүгнэсэн нь илтэд буруу дүгнэлт болсон байна. Ерөөс уг арга хэмжээ нь Голомт банктай хийдэг уламжлалт арга хэмжээ ч биш гэдэг нь уг бичлэгээс нотлогдоно.

Хоёр: "Дорнодын орон нутгийн сонгуульд АН-аас 6-р багт нэр дэвшсэн Голомт банкны захирал Нарангэрэл сонгуулийн жилд хууль зөрчиж сугалаа явуулж, бэлэг сэлт өгч байгаа бичлэг" хэмээн Дорнод аймгийн Цагдаагийн газрын албан хаагчидтай уулзаж байгаа бичлэгийг цахим орчинд байршуулж олон нийтэд тараасан үйлдэл нь Сонгуулийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.4-т "Нэр дэвшигчийг гүтгэх, доромжлох, нэр төрийг нь гутаах, түүний хувийн болон захидал харилцааны нууцыг задруулахыг хориглоно" гэсэн заалтыг зөрчсөн болох нь тогтоогдож байна гэжээ. Миний бие цагдаагийн албан хаагчидтай уулзсан бичлэгийг цахим орчинд огт байршуулаагүй бөгөөд өглөөний цай хэмээн цагдаагийн албан хаагчдад сонгуулийн жил эхэлсэн байхад үнэгүй бургер тарааж, зөөврийн компьютер сугалаанд өгч байсан онлайнаар тавигдсан мэдээг хуулж өөрийн нүүр хуудсанд тавьсан байдаг. Өөрөөр хэлбэл маргааны объект болох уг мэдээ “Шинэ суваг” телевизийн үйл явдлын мэдээгээр 2016.03.18-ны өдөр мэдээлэгдсэн бөгөөд энэхүү мэдээгээ тус телевиз өөрийн фэйсбүүк хуудснаа байршуулсан байсныг шэйр хийж өөрийн нүүр хуудсанд байршуулсан байхад “Л.Нарангэрэлийг гүтгэсэн, намайг зохиосон хэмээн” дүгнэхдээ шүүгч Д.Цэдэнпэлжээ намайг Сонгуулийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.4 дэх заалтыг зөрчин "Нэр дэвшигчийг гүтгэх, доромжлох, нэр төрийг нь гутаах, түүний хувийн болон захидал харилцааны нууцыг задруулсан” гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Миний бие Л.Нарангэрэлийг огт доромжлоогүй, гүтгээгүй, захидал харилцааны нууцыг нь задруулаагүй бөгөөд зөвхөн онлайн дээрх бодит мэдээг хуулж өөрийн нүүр хуудсан дээр тавьсан болох нь нотлох баримтаар нотлогдож байтал шүүгч Д.Цэдэнпэлжээ уг бичлэгийг огт үзэхгүйгээр намайг буруутгаж шийтгэл ноогдуулжээ.

Иймээс Л.Нарангэрэлийн энэхүү үйлдэл нь Сонгуулийн тухай хуулийн 70.1, 70.1.1-т заасан хориглох заалтуудыг тус тус зөрчсөн байж болзошгүй байх тул шүүгч Д.Цэдэнпэлжээгийн 2016.06.15-ны өдрийн 249 дүгээр шийтгэврийг хүчингүй болгож, нэр дэвшигч Л.Нарангэрэлийн сонгуулийн тухай хууль зөрчсөн энэхүү үйлдэлд нь хариуцлага тооцож өгнө үү гэжээ.  

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Дорнод аймаг дахь Голомт банкны салбар болон нилээд хэд хэдэн байгууллага хамтарч  2016 оны 03 сарын 18-ны өдөр өөрийн харилцагч байгууллага болох Дорнод аймгийн Цагдаагийн газрын ажилтан, албан хаагчдын дунд хонжворт сугалааны арга хэмжээ зохион байгуулж явуулжээ. Мөн өдрийн орой уг арга хэмжээний талаарх мэдээг орон нутгийн “ Шинэ суваг “телевизээр мэдээлсэн байна.

Зөрчилд холбогдогч М.Энхтүвшин “Шинэ суваг“ телевизээр мэдээлсэн мэдээг нь хуулж /share/ өөрийн нүүр хуудсандаа /facebook/ “Дорнодын орон нутгийн сонгуульд АН-аас 6-р багт нэр дэвшсэн Голомт банкны захирал Нарангэрэл сонгуулийн жилд хууль зөрчиж сугалаа явуулж бэлэг сэлт өгч байгаа бичлэг“ гэж бичээд байршуулжээ. /хх-ийн 3 дахь тал/

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16-д Монгол Улсын иргэн нь “... үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх ...“ эрхтэй гэж заасан бөгөөд М.Энхтүвшингийн өөрийн үзэл бодлоо илэрхийлж бичсэн сэтгэгдэл болон тухайн үйл баримтын талаарх өөрийн дүгнэлтийг нүүр /facebook/ хуудсандаа бичсэн үйлдлийг Л.Нарангэрэлийг гүтгэсэн  гэж үзэх үндэслэлгүй юм. Иймд энэ талаар М.Энхтүвшингийн давж заалдах гомдол гаргасныг хүлээн авч анхан шатны шүүхийн шийтгэврийг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 31 дүгээр зүйлийн 31.3.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчилд холбогдогч М.Энхтүвшингийн давж заалдах гомдлыг хүлээн авч, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 сарын 15-ны өдрийн 249 дүгээр шийтгэврийг хүчингүй болгосугай.  

2. Захиргааны хариуцлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.1-д зааснаар энэхүү магадлал эцсийн шийдвэр бөгөөд гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                            Л.НАРАНБАЯР

          ШҮҮГЧИД                               А.ЭНХБААТАР

                                                                З.ЭНХЦЭЦЭГ