Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2016/01218

 

С.Бүжинлхамын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2016/03225 дугаар шийдвэр,         

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 1338 дугаар магадлалтай,

С.Бүжинлхамын нэхэмжлэлтэй

П.Мөнхзаяа, Т.Сэлэнгэ нарт холбогдох,

Худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаярын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч С.Бүжинлхам шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 11 дүгээр гудамжны 207 тоотод байрлалтай, 2205011912 дугаарт улсын бүртгэлтэй, 77 метр квадрат амины орон сууц миний өмч юм. Гэтэл П.Мөнхзаяа нь миний өмчийг 2014 оны 7 дугаар сарын 22-ны өдөр худалдах, худалдан авах хэлцлээр иргэн Т.Сэлэнгийн өмчид шилжүүлсэн байна. Миний зөвшөөрөлгүйгээр миний өмчийг бусдад шилжүүлсэн нь хууль бус байна. Иймд П.Мөнхзаяа Т.Сэлэнгэ нарын хийсэн 2205011912 дугаарт улсын бүртгэлтэй, Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 11 дүгээр гудамжны 207 тоотод байрлалтай үл хөдлөх хөрөнгийг худалдсан 2014 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн худалдах, худалдан авах хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

Хариуцагч П.Мөнхзаяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ягаан шүүхэд гаргасан тайлбартаа: Маргааны зүйл болох Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 11 дүгээр гудамжны 207 тоот газар Г-2205000674 улсын бүртгэлтэй, байшин Y-2205011912 улсын бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө нь 2014 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 68 дугаартай нотариатчийн гэрчилсэн худалдах, худалдан авах гэрээгээр иргэн Т.Сэлэнгийн мэдэлд шилжсэн гэдэг албан тоотыг 2015 оны 3 дугаар сарын 23-нд шүүхэд ирүүлсэн байдаг. П.Мөнхзаяа болон Т.Сэлэнгэ нарын хооронд хийгдсэн хэлцэл, гэрээ нь хууль ёсны үндэслэлтэй тул С.Бүжинлхам гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах үндэслэл байхгүй. Энэ асуудлаар урьд нь 2015 оны 01 дүгээр сарын 05-ны 1149 тоот шүүгчийн захирамж хүчин төгөлдөр байсаар байтал өөр дүүргийн шүүхэд энэ асуудлаар нэхэмжлэл гаргаж байгаа нь ойлгомжгүй байна. С.Бүжинлхам нь энэ үл хөдлөх хөрөнгөө Л.Азжаргал гэгчид худалдаж, Л.Азжаргал нь П.Мөнхзаяад 2012 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр худалдах, худалдан авах гэрээгээр худалдсан болно. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Т.Сэлэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нарандолгор шүүхэд гаргасан тайлбартаа: Т.Сэлэнгэ нь С.Бүжинлхам гэдэг хүнийг танихгүй, нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Т.Сэлэнгэ нь Y-2205011912, Г-2205000674 дугаартай үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь юм. С.Бүжинлхам нь өдийг хүртэл Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 11 дүгээр гудамжны 207 тоот газар, хувийн сууцыг чөлөөлж өгөхгүй шүүхээр маргаан үүсгээд хугацаа хожоод явна. Т.Сэлэнгэ нь сууц болон газраа чөлөөлүүлэхээр тус дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 2015 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. С.Бүжинлхам П.Мөнхзаяа гэдэг 2 хүний маргаанд Т.Сэлэнгэ ямар ч холбогдолгүй өөрийн худалдаж авсан хувийн сууцаа эзэмшиж чадахгүй хохирч явна. Иймд асуудлыг хурдан шийдэж өгнө үү гэжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2016/03225 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасныг баримтлан 2014 оны 7 дугаар сарын 22-ны өдөр П.Мөнхзаяа, Т.Сэлэнгэ нарын хооронд хийгдсэн Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 11 дүгээр гудамжны 207 тоотод байршилтай 249,89 метр квадрат талбай бүхий газар болон мөн хаягт байршилтай 77 метр квадрат талбайтай амины орон сууцыг худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай С.Бүжинлхамын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан С.Бүжинлхамын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 358.000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 1338 дугаар магадлалаар: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2016/03225 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаяраас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 358.000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 1338 дугаар магадлалыг эс зөвшөөрч хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч нь анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжид нийт 576.600 төгрөг илүү төлсөн бөгөөд давж заалдах шатны шүүх уг хэргийг хянах явцдаа зөвтгөж төлөөгүй байна. Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан улсын тэмдэгтийн хураамжийг зөвтгөж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтад нийцүүлэн үндэслэлтэй зөв хянан шийдвэрлэсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч С.Бүжинлхам нь хариуцагч П.Мөнхзаяа, Т.Сэлэнгэ нарт холбогдуулан худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэл гаргахдаа шаардлагын үндэслэлээ “...өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр бусдад шилжүүлсэн” гэж тодорхойлжээ.

С.Бүжинлхам нь Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 11 дүгээр гудамжны 207 тоотод байрлах 249.89 м.кв газар, 77 м.кв талбай бүхий орон сууцыг бусдад худалдах, бэлэглэх, барьцаанд тавих зэргээр захиран зарцуулах эрхийг О.Наранбаатарт 2012 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн итгэмжлэлээр олгожээ. Уг итгэмжлэлийг үндэслэн маргааны зүйл болох газар, орон сууц худалдах худалдан авах гэрээгээр 2012 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Л.Азжаргалд шилжсэн ба улмаар П.Мөнхзаяа 2012 оны 09 дугаар сарын 27-нд, Т.Сэлэнгэ 2014 оны 07 дугаар сарын 22-нд худалдан авч өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгдсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ /хавтаст хэргийн 33-80 дугаар тал/.

Хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж болох ба төлөөлөгчийн бүрэн эрх итгэмжлэлийн дагуу үүсэхээр Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.3-т заасан ба С.Бүжинлхам нь орон сууц, газраа захиран зарцуулах эрхийг О.Наранбаатарт итгэмжлэлээр олгосон нь хүчин төгөлдөр байна.

Түүнчлэн Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д зааснаар хариуцагч Т.Сэлэнгэ нь тухайн орон сууц, газрын өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгдсэн, бүртгэл хүчин төгөлдөр байна.

Хоёр шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 110 дугаар зүйлийн 110.1 дэх заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.4-т зааснаар  гэрээ, хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай нэхэмжлэлд уг гэрээ хэлцлийн үнийн дүнгээр тооцож улсын тэмдэгтийн хураамж төлнө. Нэхэмжлэгч нь хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэл гаргахдаа худалдах худалдан авах гэрээнд заасан үнэ болох 40.000.000 төгрөгөөс тооцож улсын тэмдэгтийн хураамжид 358.000 төгрөг төлсөн нь хууль зөрчөөгүй байх тул “... улсын тэмдэгтийн хураамж илүү төлсөн” гэх гомдол үндэслэлгүй.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй  гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2016/03225 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 1338 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаярын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдөр төлсөн 18.390 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ