| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдоны Очмандах |
| Хэргийн индекс | 2002005950111 |
| Дугаар | 2023/ДШМ/1000 |
| Огноо | 2023-10-12 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Д.Даваадорж |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 2023/ДШМ/1000
А.Э, Ч.Ж нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Д.Даваадорж,
шүүгдэгч А.Э, түүний өмгөөлөгч О.Батсүх,
шүүгдэгч Ч.Ж-ын өмгөөлөгч Н.Мандах,
нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 2023/ШЦТ/716 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Эгийн өмгөөлөгч О.Батсүх давж заалдах гомдол гаргасныг үндэслэн шүүгдэгч А.Э, Ч.Ж нарт холбогдох эрүүгийн 2002005950111 дугаартай хэргийг 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй;
2. тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй;
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.Э нь:
1. нийтийн албан тушаалтан буюу МЭ сургуулийн захирлаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тус сургуулийн хөтөлбөрийн албаны мэргэжилтэн Ч.Жтай бүлэглэн, түүнийг гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэн, гэмт хэргийн хатгагчаар хамтран оролцож Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсэгт заасан “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.7 дахь хэсэгт заасан “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх", Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13 дахь хэсэгт заасан “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах”, 39 дүгээр зүйлд заасан “албаны эрх мэдлээ хэтрүүлэх, албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах”, М сургуулийн захирлын 2015 оны 9 дүгээр сарын 9- ний өдрийн А/172 дугаар тушаалаар баталсан “Сургалтын журам”-ын 4.12.2-т “М-д шилжин суралцах оюутан дараах болзол хангасан байна. Үүнд: Гадаад, дотоодын их сургуульд нэгээс доошгүй жил 2.0-оос дээш голч дүнтэй суралцсан, улиралд дунджаар 15- аас багагүй кредит цуглуулсан, мэргэжлийн чиглэл, элсэлтийн ерөнхий шалгалтын зөрөөгүй, шилжин суралцах шалтгаан тодорхой”, 4.12.3-т “4.12.1, 4.12.2-т зааснаас бусад тохиолдолд М-д шилжин суралцахыг зөвшөөрөхгүй”, 4.12.9-д “Шилжиж ирсэн оюутан тухайн улирлын сургалтын төлбөрөөс гадна шилжилтийн төлбөр төлнө. Суралцагч нь бүрэлдэхүүний сургууль хооронд шилжин суралцах бол 30%, гадны сургуулиас шилжин суралцах бол 50% тэнцэх төлбөр төлнө”, 4.12.6-д “Шилжин суралцах тухай өргөдлийг 4.12.13-т заасан бусад бичиг баримтын хамт намрын улиралд хичээл эхлэхээс 1 долоо хоногийн өмнө, өвлийн улиралд хичээл дууссаны дараах 1 хоногт тус тус багтан бүрэлдэхүүн сургуулийн хөтөлбөрийн алба хүлээж авна”, 4.12.18-д “Мэргэжлийн хөтөлбөрийн онцлогоос хамааран нэмэлт шалгалт авах, ярилцлага хийх, шилжин суралцах түвшинг тогтоох зэргийг бүрэлдэхүүний сургуулийн дотоод журмаар зохицуулахыг зөвшөөрнө”, “Оюутны журам”-ын 4.3.2-т “Шилжин ирэх оюутан дараах шаардлагыг хангасан байна. Үүнд: Элсэлтийн ерөнхий шалгалтын чиглэл тохирч байх, дүйцүүлсэн нийт кредитийн зөрүү 15-аас ихгүй байна. 15 кредитээс их тохиолдолд тохирсон түвшинд шилжүүлэн суралцуулж болно. Анх элссэн хөтөлбөрөөр нэг улирал буюу түүнээс дээш хугацаагаар тасралтгүй суралцсан байх. Суралцсан хугацааны үнэлгээний голч дүн нь 2.3- аас доошгүй байх”, мөн журмын 7.5-д “Захирлын нэрэмжит тэтгэлэг”-ийг дараах болзлыг хангасан оюутанд олгоно. Үүнд: 4 ба түүнээс дээш улирал дараалан 3.7 болон түүнээс дээш голч дүнтэй суралцсан, сургуулийн дүрэм, дотоод журам болон суралцах гэрээгээ зөрчөөгүй, их дээд сургуулиудын болон олон улсын оюутны эрдэм шинжилгээний бага хуралд оролцож байр эзэлсэн, урлаг, спортын чиглэлээр олон улс, улсын хэмжээнд онцгойлох амжилт гаргасан” гэснийг тус тус зөрчиж:
Зэвсэгт хүчний 256 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байсан өөрийн төрсөн хүү Б.Бийг М сургуулийн Дүрслэх урлаг, технологийн зурагзүй, дизайны багш мэргэжлийн ангид шилжүүлэн суралцуулахаар 2018 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр тус сургуулийн захиргаанд гаргасан өргөдөлд “...суралцахад татгалзахгүй. 2018.09.25” гэсэн цохолтыг хийж,
М сургуулийн захирлын 2018 оны 9 дүгээр сарын 24- ний өдрийн А/229 дугаартай “Оюутны шилжилт хөдөлгөөн зохицуулах тухай” тушаалд Б.Бийн нэрийг оруулах талаар сургалт эрхэлсэн дэд захирал зөвшөөрөл олгоогүй байхад Д дүүргийн 00 дугаар хороо, Бага тойруу 00 хаягт байрлах МЭ сургуулийн байранд 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хөтөлбөрийн албаны мэргэжилтэн Ч.Жаар “2018-09 сар намар шилжилт хөдөлгөөн” хlsх нэртэй Google share-д байрлах файлд засвар хийлгэж, Б.Бийн нэрийг нэмж оруулан,
Дүрслэх урлаг, технологийн сургуулийн захирлын 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн А/31 дугаартай "Оюутны сургалтын төлбөр баталгаажуулах тухай” тушаалаар Б.Бийн 2018-2019 оны хичээлийн жилийн намрын улирлын хичээл сонголт, сургалтын төлбөрийг баталгаажуулж, өөрийн хүүхдийг суралцах хугацаанд суугаагүй хичээлийн дүнгийн чанар, ирцийн бүртгэлд анхаарал хандуулж байх тухай хөтөлбөрийн албаны мэргэжилтэн Ч.Жд хүсэлт тавьж, тэрээр тус сургуулийн багш нараар суугаагүй хичээлийн дүнгүүдийг гаргуулсан, хөтөлбөрийн албаны дарга С.Эын цахим сангийн эрхээр нэвтэрч 2 хичээлийн дүнг гаргасан,
М сургуулийн захирлын 2020 оны 5 дугаар сарын 11- ний өдрийн А/70 дугаартай “Захирлын нэрэмжит тэтгэлэгт хамруулах тухай" тушаалд Б.Бийн нэрийг оруулахын тулд Дүрслэг урлаг, технологийн сургуулийн захирлын баталсан 2018-2019 оны хичээлийн жилийн М-ын захирлын нэрэмжит сургалтын төлбөрийн 50 хувийн тэтгэлэгт хамрагдах оюутны нэрсийг баталгаажуулж, 1.065.000 төгрөгийн тэтгэлэгт хамруулсан,
2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Польш Улсын Вроцлавын нэрэмжит Урлаг, дизайны академиас ирүүлсэн “Егаmus +КА107” хөтөлбөрт Дүрслэх урлаг, технологийн сургуулиас 1-2 оюутныг хамруулах боломжтой тухай цахим захидлын дагуу тус хөтөлбөрт хамрагдах оюутныг сонгон шалгаруулалт явуулахгүйгээр Б.Бийг шалгаруулж давуу байдал бий болгосон,
2. “Сургалтын журам”-ын 6.2.1-д “Судалгааны магистрын сургалтын төлөвлөгөө нь 38 кредит бүхий дараах бүтэцтэй байна”, 6.2.8-д “Суралцагч бүр судлах хичээлийг улирлаар сонгож, бүрэлдэхүүний сургуулийн хөтөлбөрийн алба нь хуваарь гарган баталгаажуулж, гүйцэтгэлийг хянана”, 6.2.15-д “Мэргэжлийн магистрын хөтөлбөрт элсэн суралцагч мэргэших хичээл болон төгсөлтийн ажлыг бүтээлээр дүйцүүлэх бол мэргэжлийн комиссын шийдвэрийг үндэслэн тооцно”, 6.4.1-д “Магистрын сургалтын ердийн хугацаа өдрөөр суралцахад 3 улирал, эчнээгээр суралцахад 4 улирал ...байна. Судалгааны ажлыг тасралтгүй хийж, чанартай үр дүн гаргаж, кредитээ бүрэн биелүүлсэн бол удирдагч, тэнхим, бүрэлдэхүүний сургууль, хөтөлбөрийн нэгдсэн албаны зөвшөөрлөөр магистрын сургалтын хугацааг нэг улирлаар богиносгож болно” гэж заасныг тус тус зөрчиж:
М сургуулийн “Дүрслэх урлаг, зураг зүйн боловсрол”- ын магистрын сургалтын өдрийн ангийн төлөвлөгөөний дагуу хичээл сонголт хийгээгүй, төлөвлөгөөнд тусгагдсан хичээлүүдийг судалж зохих кредитийг цуглуулаагүй, сургалтын журамд заасан шалгуурыг хангаагүй БНХАУ-аас ирж суралцаж буй магистрантур В /W/-ийн нэрийг М сургуулийн захирлын 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/03 дугаартай “Нэрс батлах тухай” тушаалыг Д дүүргийн 00 дугаар хороо, Бага тойруу 00 хаягт байрлах тус сургуулийн байранд баталгаажуулан, “Дүрслэх урлаг, зураг зүйн боловсрол”-ын магистрын сургалтын өдрийн ангийн төлөвлөгөөний дагуу заавал судлах ёстой хичээлийг судлаагүй байхад БНХАУ-аас ирж суралцаж буй магистрантур В /W/-ийн дүнг дүйцүүлж гарган, цахим санд оруулах талаар хөтөлбөрийн албаны мэргэжилтэн Ч.Жд хүсэлт тавьж, улмаар магистрантур В /W/-д магистрын зэрэг олгуулж түүнд давуу байдал бий болгосон,
Шүүгдэгч Ч.Ж нь:
1. МЭ сургуулийн хөтөлбөрийн албаны мэргэжилтнээр ажиллаж байхдаа тус сургуулийн захирал А.Этай бүлэглэн, гэмт хэргийн гүйцэтгэгчээр хамтран оролцож Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсэгт заасан “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах", 7.1.7 дахь хэсэгт заасан “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх”, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13 дахь хэсэгт заасан “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах”, 39 дүгээр зүйлд заасан “албаны эрх мэдлээ хэтрүүлэх, албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах" гэснийг тус тус зөрчиж:
Дүрслэх урлаг, технологийн сургуулийн захирал А.Эгийн өөрийн төрсөн хүү Б.Бөөс 2018 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр тус сургуулийн захиргаанд хандаж гаргасан зураг зүй, дизайны багш мэргэжлийн ангид шилжин суралцах тухай хүсэлтийг “...суралцахад татгалзахгүй. 2018.09.25” гэж цохосны дагуу М сургуулийн захирлын 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн А/229 дугаартай “Оюутны шилжилт хөдөлгөөн зохицуулах тухай” тушаалын хавсралт болох “2018.09 сар намар шилжилт хөдөлгөөн”.хlsх нэртэй Google share-д байрлах файлд Д дүүргийн 00 дугаар хороо, Бага тойруу 00 хаягт байрлах уг сургуулийн байранд 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр засвар хийж Б.Бийн нэрийг нэмж оруулан, улмаар Б.Бийн 2018-2019 оны хичээлийн жилийн намрын улирлын хичээл сонголт, сургалтын төлбөрийг баталгаажуулах Дүрслэг урлаг, технологийн сургуулийн захирлын 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн А/31 дугаартай тушаалын төслийг боловсруулж, төв сургуулийн хөтөлбөрийн албанд хүргүүлсэн,
улмаар Б.Бийн суралцах хугацаанд суугаагүй хичээлийн дүнгийн чанар, ирцийн бүртгэлд анхаарал хандуулж байх тухай захирал А.Эгийн хүсэлтийг хууль бус болохыг мэдсээр байж зориуд хэрэгжүүлэн, тус сургуулийн багш нараар суугаагүй хичээлийн дүнгүүдийг гаргуулж, хөтөлбөрийн албаны дарга С.Эын цахим сангийн эрхээр нэвтэрч 2 хичээлийн дүнг гаргасан,
М сургуулийн захирлын 2020 оны 5 дугаар сарын 11- ний өдрий А/70 дугаартай “Захирлын нэрэмжит тэтгэлэгт хамруулах тухай” тушаалд шалгуур хангаагүй Б.Бийн нэрийг оруулахын тулд Дүрслэх урлаг, технологийн сургуулийн оюутан хариуцсан зохион байгуулагч Д.Жд хандан Дүрслэх урлаг, технологийн сургуулийн захирлын баталсан 2018-2019 оны хичээлийн жилд М-ийн захирлын нэрэмжит сургалтын төлбөрийн 50 хувийн тэтгэлэгт хамрагдах оюутны нэрсийн жагсаалтад оруулан баталгаажуулж, 1.065.000 төгрөгийн тэтгэлэгт хамруулсан,
2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Польш Улсын Вроцлавын нэрэмжит Урлаг, дизайны академиас ирүүлсэн “Егаsmus +КА107” хөтөлбөрт Дүрслэх урлаг, технологийн сургуулиас 1-2 оюутныг хамруулах боломжтой цахим захидлын дагуу тус хөтөлбөрт хамрагдах оюутныг сонгон шалгаруулалт явуулахгүйгээр Б.Бийг шалгаруулж, захирал А.Эгийн [email protected] цахим хаягаар тус сургуулийн байранд 2018 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Б.Бийн өргөдөл, баримт бичгийн бүрдлийг илгээж түүнд давуу байдал бий болгосон,
2. Мөн М сургуулийн захирлын “Дүрслэх урлаг, зураг зүйн боловсрол”-ын магистрын сургалтын өдрийн ангийн төлөвлөгөөний дагуу хичээл сонголт хийгээгүй, төлөвлөгөөнд тусгагдсан хичээлүүдийг судалж зохих кредитийг цуглуулаагүй, сургалтын журамд заасан шалгуурыг хангаагүй БНХАУ-аас ирж суралцаж буй магистрантур В /W/-ийн нэрийг М сургуулийн захирлын 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/19 дугаартай “Магистрын зэрэг олгох тухай” тушаалд оруулахаар Дүрслэхурлаг, технологийн сургуулийн захирлын 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/03 дугаартай “Нэрс батлах тухай” тухай тушаалын төслийг Д дүүргийн 00 дугаар хороо, Бага тойруу 00 хаягт байрлах тус сургуулийн байранд боловсруулж, баталгаажуулалт хийлгэсэн,
“Дүрслэх урлаг, зураг зүйн боловсрол”-ын магистрын сургалтын өдрийн ангийн төлөвлөгөөний дагуу заавал судлах ёстой хичээлүүдийг судлаагүй байхад БНХАУ-аас ирж суралцаж буй магистрантур В /W/-ийн дүнг дүйцүүлж гарган, цахим санд оруулах тухай захирал А.Эгийн хүсэлт хууль бус болохыг мэдсээр байж төлөвлөгөөнд тусгагдаж батлагдаагүй хичээлийн дүнг багш нараар гаргуулж, дүнг төлөвлөгөөнд тусгагдаж батлагдсан хичээлүүдийн дүнтэй дүйцүүлэн гаргаж, магистрантур В /W/-д магистрын зэрэг олгуулж түүнд давуу байдал бий болгосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: А.Эгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Ч.Ж-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
“...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан шүүгдэгч Боржигон овогт Чүндэрийн Жд холбогдох Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг “Гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан шүүгдэгч А.Эд холбогдуулан “...Сургалтын журамд заасан шалгуурыг хангаагүй БНХАУ-аас ирж суралцаж буй магистрантур В /W/-д магистрын зэрэг олгуулж давуу байдал бий болгосон...” гэх үйлдэл холбогдлыг “Гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа үргэлжилсэн үйлдлээр албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу арван сая төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хугацааг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрх хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох нэг зуун арван мянган төгрөгийг гаргуулж Авлигатай тэмцэх газарт олгуулж,
тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч А.Эгийн өмгөөлөгч О.Батсүх гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... 1. ...анхан шатны шүүхээс Б.Бийг М-ийн захирлын баталсан “Оюутны журам”-д заасан шаардлагыг хангаагүй байхад А.Э нь шилжүүлэн суралцуулж, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж миний үйлчлүүлэгч А.Эг буруутгаж байгаа нь үндэслэлгүй юм.
М сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Мгарын үсэг зурсан тушаалаар оюутан Б.Бийг шилжүүлсэн суралцуулах, хичээл сонголт хийснийг баталгаажуулсан албан ёсны шийдвэр гарсан. Боловсролын их сургуулийн захирал /Д.М/-ын 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн А/229 дугаар “Шилжүүлэн суралцуулах тухай” тушаал, түүний хавсралт (1хх-ийн 58-р тал) болон Боловсролын их сургуулийн захирлын 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн А/245 дугаар тушаал “Оюутны хичээл сонголтыг баталгаажуулах тухай” тушаал, түүний хавсралт (1хх-ийн 62-р тал)-аар оюутан Б.Бийг шилжүүлсэн суралцуулах албан ёсны шийдвэр гарсан байдаг. А.Эгийн хувьд М-ийн бүрэлдэхүүн сургуулийн захирлын хувьд өргөдлийг нь хүлээн авсан төдий болохоос өөрийн төрсөн хүү Б.Бийг М сургуулийн Дүрслэх урлаг, технологийн зураг зүй, дизайны багш мэргэжлийн ангид шилжүүлэн суралцуулах ямар нэгэн шийдвэр гаргаагүй. М сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Маас дээрх тушаалууд гаргахад буюу оюутан Б.Бийг шилжүүлэн суралцуулахад М-ийн ДУТС-ийн захирал А.Э хууль бусаар нөлөөлсөн гэх нөхцөл байдал бий болоогүй юм. Б.Бийн гаргасан өргөдөлд А.Э суралцахад татгалзахгүй гэсэн цохилт нь хэн нэгэнд давуу байдал бий болгоогүй, албан тушаалын байдлаа хууль бусаар урвуулан ашигласан нөхцөл байдлыг бий болгоогүй тул энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт нь үндэслэлгүй, А.Эгийн уг үйлдэлд гэмт хэргийн шинж байхгүй.
2. ...А.Эгаас М-ийн ДУТС-ийн хөтөлбөрийн албаны мэргэжилтэн Ч.Жаар М сургуулийн захирлын 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн А/229 дугаар “Оюутны шилжилт хөдөлгөөн зохицуулах тухай” тушаалын “2018-2019 сар намар шилжилт хөдөлгөөн”.хlsx нэртэй Google share-д байрлах файлд засвар хийлгэж Б.Бийн нэрийг нэмж оруулуулсан үйл явдал огтоос болоогүй. Апиваа хүнийг өөрийнх нь хийгээгүй үйлдэлд буруутгах, эсхүл хэрэг хариуцах чадвартай этгээдийн хийсэн үйлдэлд өөр этгээд буруутгагдах тохиолдолд гэмт хэрэгт хамтран оролцсон гэх Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1-д “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ” гэж зааснаар гэмт хэрэгт хамтран оролцсон шинжийг зайлшгүй хангах ёстой. Гэтэл А.Эгаас Ч.Жд хандан М сургуулийн захирлын 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн А/229 дугаар “Оюутны шилжилт хөдөлгөөн зохицуулах тухай” тушаалын “2018-2019 сар намар шилжилт хөдөлгөөн”.хlsx нэртэй Google share-д байрлах файлд засвар хийлгэх, Б.Бийн нэрийг нэмж оруулуулах талаар үүрэг чиглэл өгсөн, ятгасан, заналхийлсэн үйлдэл огт болоогүй байхад анхан шатны шүүх А.Эг үндэслэлгүйгээр буруутгаж, хилсээр гэм буруутайд тооцсонд гомдолтой байна.
3. ...М сургуулийн захирлын тушаалаар оюутныг элсүүлэн суралцуулсан тохиолдолд бүрэлдэхүүн сургууль буюу Дүрслэх урлаг, технологийн сургуулийн захирал оюутны сургалтын төлбөрийг баталгаажуулах, хичээл сонголтыг баталгаажуулахаас өөр сонголт байхгүй. М-ийн дүрэм, журамд зааснаар бүрэлдэхүүн сургуулийн захиралд сонгож хэрэглэх эрх хэмжээ олгогдоогүй, шууд хэрэгжүүлэх журамтай. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолдоо дурьдсан Дүрслэх урлаг, технологийн сургуулийн захирлын 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн А/31 дугаартай “Оюутны сургалтын төлбөр баталгаажуулах тухай” тушаалаар Б.Бийн 2018-2019 оны хичээлийн жилийн намрын улирлын хичээл сонголт, ''сургалтын төлбөрийг баталгаажуулсан гэдэг нь албан тушаалын байдлаа урвуулан ашигласан буюу сонгож хэрэглэх эрх хэмжээнээс өөрийн хүүхдэд давуу байдал олгосон хэм хэмжээг хэрэглэсэн зүйл огт биш, өөр шийдвэр гаргах эрх хэмжээ байхгүй тул хэрэгжүүлсэн нөхцөл байдал юм. Харин А.Э нь ДУТС-ийн багш нараар суугаагүй хичээлийн дүнгүүдийг гаргуулах талаар уулзсан ярилцсан, ятгасан гуйсан зүйл байхгүй, хөтөлбөрийн албаны дарга С.Эын цахим сангийн эрхээр нэвтэрч байгаагүй, Б.Бийн 2 хичээлийн дүнг гаргасан үйл явдал огт болоогүй байхад буруутгаж байгаа нь үндэслэлгүй юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Дараах нөхцөл байдлын аль нэг нь тогтоогдвол анхан шатны шүүхийн тоггоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ” гээд 1,1-д “дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байвал” гэж заасан. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 2023/ШЦТ/716 дугаар шийтгэх тогтоолын тодорхойлох нь хэсэгт дурьдсан А.Э нь Дүрслэх урлаг, технологийн сургуулийн багш нараар суугаагүй хичээлийн дүнгүүдийг гаргуулсан, хөтөлбөрийн албаны дарга С.Эын цахим сангийн эрхээр нэвтэрч 2 хичээлийн дүнг гаргасан гэх үйл баримт ямар нотлох баримтуудаар тогтоогдсон, уг үйл баримтад А.Э хэрхэн яаж оролцсон, гэм буруутай гэж үзэх ямар нотлох баримтууд байгаа талаар огт дурьдаагүй атлаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай гэж дүгнэсэнд гомдолтой байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/, 1,2-т “гэмт хэргийг хэн үйлдсэн”, 1,3-т “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”, 1.5-т “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ” зэргийг эргэлзээгүй нотолж, тогтоосон байхыг шаарддаг. Гэтэл миний үйлчлүүлэгч А.Эг буруутгасан Дүрслэх урлаг, технологийн сургуулийн багш нараар суугаагүй хичээлийн дүнгүүдийг гаргуулсан, хөтөлбөрийн албаны дарга С.Эын цахим сангийн эрхээр нэвтэрч 2 хичээлийн дүнг гаргасан гэх үйл баримтыг нотолсон нэг ч нотлох баримт байхгүйгээр гэм буруутайд тооцлоо.
4. ...М-ийн ЧБХҮА-аас оюутан Б.Бтэй холбоотой асуудлаар дотоод хяналт шалгалтыг явуулсан байдаг ба уг хяналт шалгалтын үед Дүрслэх урлаг, технологийн сургуулийн ОХЗБ-ын мэргэжилтэн Д.Жтай уулзалт хийж тодруулга авахад Д.Ж нь “...М-ийн захирлын нэрэмжит тэтгэлэгт салбар сургуулиас жил бүр 10 оюутан оруулах заалт байдаг. Тус жил 4 оюутан материалаа өгсөн. Сургалтын журмын 4.12.10 заалтын хөнгөлөлт нь сургалт эрхэлсэн дэд захирлын алба дээр очиж шийдэгддэг учир мөнгөн дүн ижил учир нэмж оруулсан" гэх /1хх-ийн 113-р тал/ тайлбарыг гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл, Дүрслэх урлаг, технологийн сургуулийн захирлын баталсан 2018-2019 оны хичээлийн жилийн М-ийн захирлын нэрэмжит сургалтын төлбөрийн 5 хувийн тэтгэлэгт хамрагдах оюутны нэрсийг баталгаажуулж, 1,065,000 төгрөгийн тэтгэлэгт хамруулсан гэх үйл баримтад А.Э нь хамааралгүй, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгоогүй. М-ийн сургалтын журмын 4.12.10-т “Шилжиж ирсэн оюутан дор дурдсан хүндэтгэх шалтгаантай бол албан ёсны баримт, нотолгоог үндэслэн сургалт эрхэлсэн дэд захирал шилжилтийн төлбөрийг 100 хувь хүртэл бууруулан тогтоож болно” гээд “В”-д “М-д үндсэн орон тоон дээр сүүлийн 5-аас дээш жил ажиллаж байгаа багш, ажилтны ам бүлд багтдаг төрсөн хүүхэд зэргийг тооцно” /1 хх-ийн 126 дугаар тал/ гэж заасан хөнгөлөлтийг Б.Бт олгоогүй тул мөнгөн дүн ижил тэтгэлэгт ТУДС-ийн ОХЗБ-ын мэргэжилтэн Д.Ж оруулсан байдаг. Уг үйл баримтад А.Э оролцсон буюу Д.Жд хууль бус үүрэг чиглэл өгсөн, гуйсан ятгасан үйл баримт болоогүй. Түүнчлэн Егаsmus хөтөлбөрийн хүрээнд Польш Улсын Вроцлавын уран зургийн академид оюутан солилцоогоор Б.Бийг суралцуулахад А.Эг сонгон шалгаруулалт явуулахгүйгээр өөрийн хүүг шалгаруулж Польш улсад тэтгэлэгтэй суралцуулж давуу байдал бий болгосон гэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй юм. М-ийн ЧБХҮА-аас оюутан Б.Бтэй холбоотой асуудлаар дотоод хяналт шалгалтыг явуулсан байдаг ба уг хяналт шалгалтын үед Дүрслэх урлаг, технологийн сургуулийн ОХЗБ-ын мэргэжилтэн Д.Жтай уулзалт хийж тодруулга авахад Д.Ж нь “...2019.01.11- ний өдөр бид 1-3 курсын оюутнуудын англи хэлний ЭЕШ-ын оноогоор жагсааж үзэхэд Б.Б нь хамгийн өндөр оноотой байсан. Бид жагсаалтыг гаргасан” гэх /1хх-ийн 113-р тал/ тайлбарыг гаргасан байдаг. Анхан шатны шүүхээс Польш Улсын Вроцлавын уран зургийн академийн хөтөлбөрт хамрагдах оюутныг сонгон шалгаруулалт явуулахгүйгээр Б.Бийг шууд шалгаруулсан гэж буруутгаж байгаа боловч Егаsmus хөтөлбөрийн хүрээнд Боловсролын их сургуулиас өмнөх онуудад оюутан явж байгаагүй, тэтгэлэгт хөтөлбөрт шалгаруулах сонгон шалгаруулалт явуулах талаар дүрэм, журам заасан зүйл байхгүй. Харин ДУТС-ийн хөтөлбөрийн албанаас гадаад улсад англи хэлээр явагдах сургалт тул англи хэлний оноогоор сонгон шалгаруулалт явуулж хамгийн өндөр оноотой оюутныг явуулах талаар санал гаргаж, шийдвэрлүүлсэн байдаг. Энэ талаар ДУТС-ийн Хөтөлбөрийн албаны дарга, гэрч С.Эын 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн “Дэмжих тухай” гэсэн албан бичигт ЭЕШ-ын Англи хэлний шалгалтаар хамгийн өндөр оноо авсан оюутныг шалгаруулах санал (1хх-ийн 84-р тал) гаргасан байдаг.
Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 2023/ШЦТ/716 дугаар шийтгэх тогтоолын тогтоох нь хэсгийн 2-т “А.Эг нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа үргэлжилсэн үйлдлээр албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэснийг хүчингүй болгож, А.Эг цагаатгаж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч А.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би М сургуулийн Дүрслэх урлагийн сургуулийн захирлын албыг хашиж байхдаа сургуулийнхаа сайн сайхны төлөө, сургуулийн бодлогыг хэрэгжүүлэн ажиллаж ирсэн. Тухайн үед сургуульд оюутнуудыг элсүүлэхийн тулд боломжит бүх арга хэмжээг авдаг байсан. Олон оюутан авахыг сургуулиас дэмжиж бид бүгд хичээдэг. Учир нь, Их сургуульд оюутнууд элсэн орох ховор болсон бөгөөд бид багш нарынхаа цалинг таслахгүйн тулд оюутан олохоор ажиллаж байсан. Хүү минь цэргээс халагдаж ирээд “Танай сургуульд орж болох уу гэж асуухад” би болно гэж хэлээд манай сургуульд орсон. Тухайн үед манай сургуулийн багш нар манай хүүхэд гэдгийг мэддэггүй байсан. Миний хүү бол биеэ даасан эцэг, эхтэйгээ нэг их ярьдаггүй өөрөө бүхнийг хийдэг хүүхэд. Манай сургуульд захирлууд их солигддог учир надтай маргаантай байдаг хүмүүсээс болж энэ асуудал яригдаж өнөөдрийн нөхцөл байдал үүссэн. Мөн манай сургуулиас ажилчдын хүүхэд шилжвэл шилжилтийн мөнгөний 50 хувийг чөлөөлнө гэж заасан байсан ч гэсэн би шилжилтийн мөнгийг 100 хувь төлсөн. Тэгсэн дараа нь манай оюутны ажилтан Жигзмаа “Захирлын нэрэмжит тэтгэлэг 1.065.000 төгрөг юм байна. Манай сургуульд 10 хүүхэд сургах эрх ирсэн боловч 4 хүүхэд байна” гэж хэлээд манай хүүхдийг 5 дахь хүүхдээр бүртгэж авсан. Миний хувьд анхан шатны шүүхийн шийдвэрийн “өөрийн хүүхдэдээ давуу тал олгосон”, мөн “дипломын ажлыг удирдаж ажилласан Өвөр монгол оюутандаа давуу байдал олгосон” гэж дүгнэснийг тус тус хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэв.
Шүүгдэгч Ч.Ж-ын өмгөөлөгч Н.Мандах хэлэх тайлбар байхгүй гэв.
Прокурор Д.Даваадорж тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь хянан үзэж үндэслэл бүхий шийдвэр гаргасан учир шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Шүүгдэгч А.Эгийн өмгөөлөгч О.Батсүхийн гаргасан давж заалдах гомдолтой холбогдуулан тайлбар хэлье. Шүүгдэгч А.Эгийн хүү Б.Бийг хугацаат цэргийн алба хааж байх үед нь М сургуулийн Дүрслэх урлаг, технологийн зураг, дизайны багш мэргэжлийн ангид шилжүүлэн суралцуулахаар ирүүлсэн өргөдөлд М сургуулийн захирал Мандах гарын үсэг зурж шийдвэрлэсэн нь үнэн. Гэхдээ тухайн баримтуудыг шүүгдэгч А.Э бүрдүүлж, цохолт хийж явуулсан учир Мандах нь гарын үсэг зурж баталгаажуулсан. 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн А/229 дугаартай “Оюутаны шилжилт хөдөлгөөний зохицуулах” тушаал хэрэгт авагдсан. 2018 оны 9 дүгээр сард “Манай шилжилт хөдөлгөөн гэх Google share файлд хөтөлбөрийн албаны мэргэжилтэн Жавзандулмаар засвар хийлгэж Б.Бийн нэрийг нэмж оруулсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. Мөн “Оюутаны сургалтын төлбөр баталгаажуулах тухай” тушаалаар Б.Бийн огт суугаагүй намрын хичээл сонголтыг баталгаажуулж, багш нараар дүн тавиулсан нь баримтаар тогтоогддог. Багш нар “Тухайн үед ковидын халдвар гарсан байсан учир оюутнуудыг сайн хараагүй” гэдэг боловч ихэнх нь “Бийг хараагүй” гэж мэдүүлдэг. Шүүгдэгч А.Эгаас Жд “Манай хүүхдийн сурлагад анхаараарай” гэж хэлсэн талаарх баримт хэрэгт авагдсан. Мөн захирлын нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрт Б.Бийг хамруулсан үйл баримт тогтоогдсон. Польш Улсын хөтөлбөрт хамруулахдаа зөвхөн Англи хэлний мэдлэгийн шалгалтыг харгалзаж Б.Бийг шалгаруулсан. Гэтэл тухайн хөтөлбөрийн шалгаруулалтад ганцхан Англи хэлний шалгалтаас гадна бусад шалгалтууд байсан төдийгүй энэ хөтөлбөрийн талаар бусад багш, сурагч нар мэдээгүй байдаг. Мөн прокурор, авлигатай тэмцэх газар, шүүх нь хэн нэгний өс хонзон болон бусад зүйлийг харгалзаж үйл ажиллагаа явуулдаггүй гэдгийг шүүгдэгч А.Эд хэлэх нь зүйтэй. Прокурорын зүгээс Бүгд Найрамдах Хятад ард улсын иргэн В /W/-д холбогдох хэсгийг хүчингүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн. Түүнчлэн прокурорын зүгээс шүүгдэгч А.Эд ял оногдуулахдаа хэдийгээр гэмт хэрэг үйлдсэн ч гэсэн бусдаас авлига аваагүй. Өөрийн үр хүүхдийнхээ төлөө ийм үйл хийсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзаж торгох ял оногдуулах санал гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар А.Э, Ч.Ж нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй гэж үзэх дараах нөхцөл байдал тогтоогдлоо.
Прокуророос,
шүүгдэгч А.Эд холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн нийтийн албан тушаалтан буюу МЭ сургуулийн захирлаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тус сургуулийн хөтөлбөрийн албаны мэргэжилтэн Ч.Жтай бүлэглэн, түүнийг гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэн, гэмт хэргийн хатгагчаар хамтран оролцож БНХАУ-ын иргэн В /W/-д магистрын зэрэг олгуулж түүнд давуу байдал бий болгосон гэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно...”, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Бусдыг санаатай гэмт хэрэгт татан оруулсан, хөлсөлсөн, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн хүнийг гэмт хэргийн хатгагч гэнэ....” гэж заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэргийг,
шүүгдэгч Ч.Жд холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн МЭ сургуулийн хөтөлбөрийн албаны мэргэжилтнээр ажиллаж байхдаа тус сургуулийн захирал А.Этай бүлэглэн, гэмт хэргийн гүйцэтгэгчээр хамтран оролцож иргэн Б.Бт давуу байдал бий болгосон, мөн БНХАУ-ын иргэн В /W/-д магистрын зэрэг олгуулж түүнд давуу байдал бий болгосон гэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээрээ хангасан үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэн...”, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно...”, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ гэмт хэргийг өөрөө, бусадтай бүлэглэн ...үйлдсэн хүнийг гэмт хэргийн гүйцэтгэгч гэнэ...” гэж заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэргийн талаар хийсэн дүгнэлт нь хэргийн үйл баримт, бодит байдалд нийцээгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Шүүх нотлох баримтыг хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах аргаар нотлох баримтыг үнэлдэг.
Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч А.Э, Ч.Ж нарын хамтран М Сургуулийн 2017 оны 7 дугаар сарын 5-ны А/181 дугаар “Гадаад магистрантын элсэлтийн тушаалыг нөхөн гаргах тухай” захирлын тушаалаар элссэн гэх БНХАУ-ын иргэн В /W/-гийн магистрын сургалтын хөтөлбөрийг хичээлийн жилийн намар, өвөл гэсэн 2 улирлын дараа дуусгаж, 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр магистрын зэрэг олгож давуу байдал бий болгосон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан нийтийн ашиг сонирхлыг зөрчсөн үйлдлийг М Сургуулийн Ёс зүйн дүрмийн “2.2.14. ...хуурамч дүн тавих, дүн засах, засуулах...” гэсэн хэм хэмжээг зөрчсөн гэж дүгнэсэн нь, магистрын зэрэг олгох бүхий л шаардлагыг хангасан мэт байдлыг бүрдүүлсэн тэдний үйлдлийг магистрын зэрэг олгох эцсийн шийдвэрийг гаргасан гэж үзэх хууль, журмын заалт байхгүй гэж дүгнэж “Гэм хэргийн шинжгүй” гэж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй байна.
Ч.Ж-ын А.Этай хамтран МЭ сургуулийн хөтөлбөрийн албаны мэргэжилтнээр ажиллаж байхдаа санаатайгаар хийж гүйцэтгэсэн:
М сургуулийн захирлын 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн А/229 дугаартай “Оюутны шилжилт хөдөлгөөн зохицуулах тухай” тушаалын хавсралт болох “2018.09 сар намар шилжилт хөдөлгөөн”.хlsх нэртэй Google share-д байрлах файлд Д дүүргийн 00 дугаар хороо, Бага тойруу 00 хаягт байрлах уг сургуулийн байранд 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр засвар хийж Дүрслэх урлаг, технологийн сургуулийн захирал А.Эгийн өөрийн төрсөн хүү Б.Бийн нэрийг нэмж оруулсан,
Б.Бийн 2018-2019 оны хичээлийн жилийн намрын улирлын хичээл сонголт, сургалтын төлбөрийг баталгаажуулах Дүрслэг урлаг, технологийн сургуулийн захирлын 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн А/31 дугаар тушаалын төслийг боловсруулж, төв сургуулийн хөтөлбөрийн албанд хүргүүлсэн,
улмаар Б.Бийн суралцах хугацаанд суугаагүй хичээлийн дүнгийн чанар, ирцийн бүртгэлд анхаарал хандуулж байх тухай захирал А.Эгийн хүсэлтийг хууль бус болохыг мэдсээр байж зориуд хэрэгжүүлэн, тус сургуулийн багш нараар суугаагүй хичээлийн дүнгүүдийг гаргуулж, хөтөлбөрийн албаны дарга С.Эын цахим сангийн эрхээр нэвтэрч 2 хичээлийн дүнг гаргасан,
М сургуулийн захирлын 2020 оны 5 дугаар сарын 11- ний өдрийн А/70 дугаартай “Захирлын нэрэмжит тэтгэлэгт хамруулах тухай” тушаалд шалгуур хангаагүй Б.Бийн нэрийг сургалтын төлбөрийн 50 хувийн тэтгэлэгт хамрагдах оюутны нэрсийн жагсаалтад оруулан баталгаажуулж, 1.065.000 төгрөгийн тэтгэлэгт хамруулсан,
2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Польш Улсын Вроцлавын нэрэмжит Урлаг, дизайны академиас ирүүлсэн “Егаsmus +КА107” хөтөлбөрт Дүрслэх урлаг, технологийн сургуулиас 1-2 оюутныг хамруулахаар захирал А.Эгийн [email protected] цахим хаягаар тус сургуулийн байранд 2018 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Б.Бийн өргөдөл, баримт бичгийн бүрдлийг илгээж түүнд давуу байдал бий болгосон үйлдлийг гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн санаатай хэлбэр үгүйсгэгдэж байна гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгохгүй...” гэж давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээг хууль тогтоох байгуулагаас хуульчлан тогтоож өгсөн тул анхан шатны шүүхээс хэргийн үйл баримтын талаар хийсэн хэргийн бодит байдал нийцээгүй хууль зүйн дүгнэлт болон алдаа зөрчлийг зөвтгөн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах хууль зүйн боломжгүй юм.
Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 2023/ШЦТ/716 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч С А.Э, Ч.Ж нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон тул шүүгдэгч А.Эгийн өмгөөлөгч О.Батсүхын гаргасан “...шүүгдэгч А.Эг цагаатгаж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт өгөөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 2023/ШЦТ/716 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч А.Э, Ч.Ж нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэг анхан шатны шүүхэд очтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ