Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2023 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 221/ШШ2023/0022

 

2023 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 221/ШШ2023/0022

Улаанбаатар хот


 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга би М.А***н нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн Газрын Хэрэг Эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчээс гаргасан “нэхэмжлэлээсээ татгалзах тухай” хүсэлтийг хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч М.А*** шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: “...Миний бие Монгол Улсын сайд, Засгийн Газрын Хэрэг Эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 34/31 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам”-ыг хүчин төгөлдөр бусад тооцуулах агуулга бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20.1.1, 66.1-д заасны дагуу нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байгаа тул шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

ХЯНАВАЛ: 

Нэхэмжлэгч М.А***гаас Монгол Улсын Засгийн Газрын Хэрэг Эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргад холбогдуулан “Засгийн Газрын Хэрэг Эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 34/31 дүгээр хамтарсан тушаалаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журмыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр тус шүүхэд хандан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзах хүсэлтээ бичгээр ирүүлжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66.2-т “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...”, 66 дугаар зүйлийн 66.4-д “Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй”, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ” гэж тус тус заасан.

Шүүхээс нэхэмжлэгчид нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзахын хууль зүйн үр дагаврыг танилцуулж, дахин уг асуудлаар нэхэмжлэл гаргах эрхээ алдах болохыг тайлбарласан бөгөөд нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан хүсэл зориг нь хэвээр байгаа болохоо илэрхийлсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч М.А***гаас Монгол Улсын Засгийн Газрын Хэрэг Эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг үндэслэн М.А***гаас Монгол Улсын Засгийн Газрын Хэрэг Эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргад холбогдуулан гаргасан “Засгийн Газрын Хэрэг Эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 34/31 дүгээр хамтарсан тушаалаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журмыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д тус тус заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т заасны дагуу энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

  

 

ШҮҮГЧ                                                   Г.МӨНХТУЛГА