Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2021/00520

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2021/00520

 

Ш.Э-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 182/ШШ2021/00176 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ш.Э-гийн хариуцагч В ББСБ ХХК-д холбогдуулан гаргасан урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2017 оны 5 дугаар сард В ББСБ ХХК-ийн зээлийн мэргэжилтнээр Налайх салбарын Багануур төлөөлөгчийн газарт ажилд томилогдож, ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаж байгаагүй бөгөөд байгууллагад ямар нэгэн хохирол учруулаагүй. Гэтэл 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Т/20/0712 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар надад өгч, ажлаа хүлээлгэн өгөхийг шаардсан. Миний бие В ББСБ ХХК-ийн зээлийн мэргэжилтнээр ажиллаж ирсэн ба байгууллагад нэг ч төгрөгийн хохирол учруулсан, учруулахаар үйлдэл гаргаагүй учир намайг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн гэж үзэж байна. Иймд Ш.Э- намайг В ББСБ ХХК-ийн Налайх салбарын Багануур төлөөлөгчийн газрын зээлийн мэргэжилтний ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн болохыг тогтоож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

В ББСБ ХХК-д гаргасан зөрчлүүдийг үндэслээд 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр ажлаас чөлөөлөх тушаал гаргаж ажлаас чөлөөлсөн. Хөдөлмөрийн гэрээний 9.1.5-т заасан зөрчлийг нэхэмжлэгч гаргасан болохыг манай дотоод аудитын шалгалтаар 2020 оны 6 дугаар сарын 05-ны өдөр зөрчил гаргасныг мэдсэн. Үүний дагуу бид шалгаж үзсэн. Зээлийн гэрээний 3.2.3-т зааснаар зээлдэгч 2749125570 тоот дансанд зээлээ байнга төлдөг. Гэтэл 2020 онд харилцагч зээлээ төлөхдөө зөвхөн 2 сарын зээлийг зээлийн мэргэжилтэн Ш.Э-гийн данс руу шилжүүлсэн болох нь тогтоогдсон. Ш.Э- өөрөө шилжүүлсэн болон хүлээн авснаа хүлээн зөвшөөрсөн. Харин мөнгийг завшихыг оролдсон гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй. Манай байгууллагын бэлэн мөнгөний журмын 3.3-т зааснаар зээлийн мэргэжилтэн өөрийн хувийн дансаар зээлийн эргэн төлөлтийг авахыг хатуу хориглосон байдаг. Нэхэмжлэгч тус журамтай танилцсан, манайд олон жил ажилласан байж дээрх зөрчлийг гаргаж байгаа нь ажлаас халах үндэслэл болсон. Ш.Э-гийн хувийн дансыг Хувь хүний нууцын тухай хууль болон бусад зохицуулалттай холбоотойгоор нэхэмжлэгч өөрөө мэдэхээс өөр хүн мэдэх боломжгүй. Иймээс ямар шалтгааны улмаас яагаад зээлийн төлөлтийг хувийн дансаар авнаа тайлбарлаагүй тул эргэлзээтэй нөхцөл байдал бий болгосон, завшихыг оролдсон гэж үзэж ажлаас чөлөөлсөн. Мөн хөдөлмөрийн гэрээний 9.1.14-т зааснаар ажил үүргийн хуваарьт заасан ажлыг цаг хугацаанд гүйцэтгэдэггүй, чанаргүй гүйцэтгэдэг гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. 2019 оны 5 дугаар сараас 2020 оны 6 дугаар cap гэхэд нийт 65 харилцагч зээлийн хугацаа хэтрэлттэй болж, чанаргүй зээлийн үзүүлэлт нэмэгдсэн. Мөн тухайн үед салбарын захирал болон удирдлагуудаас зээлийн чанаргүй байдал ихэсч байгааг сануулж, хугацаа хэтрэлттэй холбоотойгоор анхаарч ажиллах тухай хугацаатай үүрэг даалгаврыг өгч байсан. Хоёр удаа удирдлагын төвөөс ажил сайжруулах, чанаргүй зээлийг багасгах тухай даалгавар өгсөн ч биелэгдээгүй. Манай байгууллагын хувьд cap бүр зээлийн эргэн төлөлтийг дүгнэж, ажилдаа зохицуулалт хийдэг, сарын хугацаатай үүрэг өгөхөд хугацаа хэтрэлттэй зээл улам нэмэгдсээр байсан. 2019 оны 5 дугаар сараас хойш тухайн ажилтанд боломж олгож ажилласан боловч өгөгдсөн үүрэг даалгавар хугацаандаа биелэгдэхгүй байсан учраас Ш.Э-г ажлаас чөлөөлсөн. Нэхэмжлэгчийн гаргасан зөрчлүүд нь хөдөлмөрийн гэрээнд хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болохоор заагдсан учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар ажилтныг ажлаас чөлөөлсөн. Хууль зөрчиж, үндэслэлгүй тушаал гаргасан зүйл байхгүй. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч Ш.Э-г В ББСБ ХХК-ийн Налайх салбарын Багануур төлөөлөгчийн газрын зээлийн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 5 685 825 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч Ш.Э-д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш.Э-гийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл шимтгэлийг зохих журмын дагуу суутган төлж, дэвтэрт тэмдэглэл хийлгэхийг хариуцагч В ББСБ ХХК-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч В ББСБ ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 105 923 төгрөгийг гаргуулан төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э давж заалдах гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч доорх үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Ажилтны ноцтой зөрчил гаргасан үйл баримт нь нэхэмжлэгч талын тайлбараар тогтоогдсон гэж шүүгч үзсэн атлаа яагаад ажлаас чөлөөлөх үндэслэлд оруулахгүйгээр шийдвэрлэсэн нь эргэлзээтэй байна. Хэрэгт авагдсан нотлох баримт, нэхэмжлэгч талын тайлбаруудаар харилцагчаас 550 000 төгрөгийг Ш.Э- өөрийн хувийн дансаар хүлээн авч үүнээс 300 000 төгрөгийг зээлийн төлөлт рүү бэлнээр төлсөн баримт үйлдэн зээлийн төлөлт рүү хийсэн. Энэ үйл баримт тогтоогдсоор байтал шүүх Хөдөлмөрийн гэрээний 9.1.5-д заасан завшихыг оролдсон ноцтой зөрчилд хамаарахгүй гэж үзсэнээ огт тайлбарлаагүй. тул шийдвэр үндэслэлгүй болох нөхцлийг бүрдүүлж байна. Ш.Э-гийн удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь гүйцэтгэдэггүй байсан нь шууд удирдлага болох гэрч Д.Тогтохын мэдүүлэг, хугацаа хэтэрсэн харилцагч нарын баримтын эх хувь, нэхэмжлэгчийн тайлбараас тогтоогдож байхад үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Ш.Э-гийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг бодохдоо 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх ажлын өдөр 137 өдөр байхад 141 хоногоор тооцон 5 685 825 төгрөг гэж буруу тооцсон. Шүүгч тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хэт нэг талыг барьж ажиллаж байсан тул шүүгчээс татгалзах хүсэлт гаргасан. Гэтэл Ерөнхий шүүгч хүсэлтийг шийдвэрлээгүй байхад нэхэмжлэгч талын Хил хамгаалах газраас нотлох баримт гаргуулах хүсэлтийг хүлээн авч захирамж гарган хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх заалтыг зөрчсөн. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч Ш.Э- нь хариуцагч В ББСБ ХХК-д холбогдуулан зээлийн мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч марган, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохыг хүсчээ.

 

Ажил олгогчтой 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр В ББСБ ХХК-ийн Налайх салбарын Багануур төлөөлөгчийн газарт зээлийн мэргэжилтнээр ажиллаж байсан Ш.Э-г гүйцэтгэх захирлын 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Т20/07/12 тоот тушаалаар Хөдөлмөрийн гэрээний 9.1.5, 9.1.14, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг үндэслэн ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон байна. /хх25/

 

Нэхэмжлэгч тушаалын үндэслэлд заагдсан асуудлууд нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох ноцтой зөрчилд тооцогдохгүй, байгууллагад хохирол учруулаагүй тул тушаалыг зөвшөөрөхгүй гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласныг хариуцагч эсэргүүцэж Ш.Э- нь бэлэн мөнгөний орлого авах, хянах журмыг зөрчиж харилцагчийн зээлийн төлбөрийг өөрийн хувийн дансаар хүлээн авч байгууллагын хөрөнгийг завшихыг оролдсон, удирдлагаас өгсөн үүрэгт ажлыг цаг тухайд нь биелүүлээгүй ноцтой зөрчил гаргасан нь баримтаар нотлогдсон, тушаал хууль зүйн үндэслэлтэй гэж марган мэтгэлцжээ.

 

Харилцагч Ш.А нь 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 550 000 төгрөгийг зээлийн төлбөрийг Ш.Э-гийн ХААН банк дахь 5935365464 тоот харилцах дансанд шилжүүлсэн баримт хэрэгт авагдсан байна. /хх-24/

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч уг баримтыг үгүйсгээгүй боловч 300 000 төгрөгийг тухайн өдөрт нь бэлнээр гарган зээлдэгчийн зээлийн төлбөрт төлсөн, 250 000 төгрөгийг өмнөх сарын төлбөрт нь түүний өмнөөс төлсөн байсан гэж шүүх хуралдаанд тайлбарласан ба Ш.Э-гийн дансны хуулга, гэрч Ш.А-ын мэдүүлэг, зохигчдын тайлбараар /хх- 81-85, 131/ харилцагчийн болон байгууллагын мөнгийг хувьдаа завшсан, завшихыг оролдсон нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Хариуцагч В ББСБ ХХК-ийн Орлогын мэдүүлгээр бэлэн мөнгөний орлого авах, хянах журам-ын 3.3-т харилцагчийн эргэн төлөлтийг ажилтан өөрийн хувийн дансаар дамжуулан төлөхийг хориглоно. Харилцагчийн эргэн төлөлтийг хувийн дансаараа дамжуулан хийсэн тохиолдолд хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах үндэслэл болно гэж заасан боловч хөдөлмөрийн гэрээний 9.1 дэх хэсгийн хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчлийн жагсаалтад энэ талаар нэрлэн заагаагүй байна.

 

Иймд хөдөлмөрийн гэрээний 9.1.5-ийг үндэслэсэн тушаалыг зөвтгөх боломжгүй.

 

Мөн тушаалд хөдөлмөрийн гэрээний 9.1.14 дэх удирдлагаас өгсөн ажил үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр цаг тухайд нь биелүүлээгүй, ажил үүргээ чанаргүй гүйцэтгэсэн бөгөөд энэ талаар хоёр ба түүнээс дээш удаа гомдол санал хүргүүлсэн, энэ нь ажил олгогчийн шалгалтаар нотлогдсон гэсэн заалтыг үндэслэл болгосноо хариуцагч хоёр удаа удирдлагын төвөөс ажил сайжруулах, чанаргүй зээлийг багасгах тухай даалгавар өгсөн ч биелэгдээгүй гэж тайлбарласан ч Ш.Э-д хугацаатай үүрэг даалгавар өгсөн, биелэлтийг дүгнэсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй, тайлбараа баримтаар нотлоогүй байна.

 

Хариуцагчаас шүүхэд гаргасан Ш.Э-гийн хариуцсан зээлийн хугацаа хэтрэлтийг харуулсан гэх 65 зээлдэгчийн мэдээлэл бүхий жагсаалт, мөн гэрч Д.Тогтохын мэдүүлэг нь хугацаатай үүрэг даалгаврын биелэлтийг ажил олгогч буюу удирдлагын бүрэлдэхүүнээс шалгаж тогтоосон, хяналт шалгалтын акт, дүгнэлтийн агуулгагүй байна.

 

Түүнчлэн, байгууллагын үйл ажиллагааны зохион байгуулалт, нийт ажилтнуудад хамааралтай асуудлыг сар тутам хэлэлцэж байсныг хөдөлмөрийн гэрээний 9.1.14-т зааснаар Ш.Э-д өгч байсан хугацаатай үүрэг даалгавар гэж үзэхгүй бөгөөд байгууллагын хувьд cap бүр зээлийн эргэн төлөлтийг дүгнэж, ажилдаа зохицуулалт хийдэг, сарын хугацаатай үүрэг өгөхөд хугацаа хэтрэлттэй зээл улам нэмэгдсээр байсан гэх тайлбарыг шүүх хүлээн аваагүйг буруутгахгүй.

 

Дээрхийг нэгтгэн дүгнэвэл шүүх тушаалд заасан ноцтой зөрчил тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий байх бөгөөд нотлох баримтыг үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмыг зөрчөөгүй байна.

 

Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдохгүй, хариуцагч татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй, нэхэмжлэлийн үндэслэлийг баримтаар няцаагаагүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсныг хууль бус гэж үзэх бөгөөд хууль бус уг шийдвэрийн улмаас зөрчигдсөн ажилтны хөдөлмөрлөх эрхийг сэргээж, ажилд эгүүлэн тогтоосон нь зөв болно.

 

Талууд Ш.Э-гийн сарын дундаж цалинг 867 000 төгрөг болох тухайд маргаагүй тул шүүх 1 өдрийн цалин 40 325 /867 000: 21,5/ төгрөгийг ажилгүй байсан 141 хоногоор тооцож нийт 5 685 825 төгрөгийн олговрыг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож суутган, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгасан нь мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасанд нийцсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх хүртэл шүүх хуралдааныг хойшлуулахаар шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШЗ2020/10767 дугаар захирамж гарсан, Ерөнхий шүүгчийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ЕШ2020/02166 дугаар захирамжаар шүүгчийг татгалзах гаргах хариуцагчийн хүсэлтийг шийдвэрлэсэн байх тул татгалзлыг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулах боломжтой. Тодруулбал, Ерөнхий шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3, 91.1.4-т заасан журмын дагуу татгалзлыг хүлээн авах, эсэхийг шийдвэрлэх хүртэл шүүгчийг татгалзан гаргасан гэж үзэхгүй бөгөөд хэргийн оролцогчийн хүсэлтийг шийдвэрлээгүй байгаа нь шүүгчийн хуульд заасан журмын дагуу нотлох баримт бүрдүүлэх үүргээ хэрэгжүүлэхэд саад болохгүй.

 

Дээрх үндэслэлээр мөнгийг өөрийн дансаар авсан үйл баримт тогтоогдсон гэж шүүх үзсэн атлаа ажлаас чөлөөлөх үндэслэлд хамаарахгүй гэж шийдвэрлэсэн нь эргэлзээтэй, хөдөлмөрийн гэрээний 9.1.5-д заасан завшихыг оролдсон ноцтой зөрчилд хамаарахгүй гэж үзсэнээ тайлбарлаагүй, өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь гүйцэтгээгүй нь зээлдэгчийн жагсаалт, гэрчийн мэдүүлэг, харилцагч нарын баримтын эх хувь зэргээр тогтоогдож байхад үндэслэлгүй шийдвэр гаргасан, ажлын өдрийг буруу тооцсон, татгалзан гаргах хүсэлтийг шийдвэрлээгүй байхад нотлох баримт бүрдүүлэх ажиллагаа хийсэн гэх үндэслэлүүдээр гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 182/ШШ2021/00176 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 105 923 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

А.ОТГОНЦЭЦЭГ