Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 05

 

                          

 

 

 

 

  2017           12            25                                         05

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

улсын яллагч П.Болормаа,

шүүгдэгч Г.М.Э, түүний өмгөөлөгч Ч.Ням (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 97) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Алт овогт Г.бын М.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1708 0000 0285 дугаартай, 1 хавтаст хэргийг 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Алт овогт Г.бын М.Э, Монгол Улсын иргэн, Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд 1972 оны 3 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, “Вегвайсер” ХХК-д мужаан, гагнуурчин ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт СХД суух хаягтай, регистрийн дугаар ЧБ72031775, урьд

- Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 1088 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан.

 Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Яллагдагч Г.М.Э нь согтуурсан үедээ 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хоро, Зээлийн 9 дүгээр гудамжны 06б тоотод оршин суух иргэн Г.Я.мын байнга амьдрах Монгол гэрийн тооноор орж мөнгөн ээмэг 2 ширхэг, мөнгөн бөгж 2 ширхэг, үсний хавчаар 1 ширхэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч хулгайлан 120.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч Г.М.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ажлаа тараад ажлын газрын залуутай хамт 1 шил архи уугаад гэрийн зүг явах замдаа дахин 1 архи уугаад ажлын газрын залуугаас салаад би гэрлүүгээ явах замдаа онгорхой хашааны хаалгаар ороход эзгүй гэр байхаар нь хаалгыг нь татахад түгжээтэй байсан. Тэгэхээр нь тооноор ороод зүүн талын шүүгээг татахад 2 ширхэг мөнгөн ээмэг, 2 ширхэг мөнгөн бөгж, 1 ширхэг зүүлт, үсний хавчаар зэргийг авч халаасандаа хийсэн. Тухайн үед архи их уусан болохоор айлын гэрээс гараагүй баруун хатавчинд нь гэрийн эздийг иртэл хүлээгээд сууж байсан. Гэрийн эзэд ирэхэд учрыг нь хэлсэн. Цагдаа дуудаж учрыг нь олно гэхэд нь би явахгүй байж байна гэж хэлсэн. Цагдаа нар ирээд авсан эд зүйлээ гаргаж өг гэхээр нь би гаргаж өгсөн...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Хохирогч Г.Я.мын мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 20-ны орой 21 цаг 30 минутын орчим гэртээ ирээд, гэрлээ асаатал гэрийн зүүн хатавчинд нэг эрэгтэй хүн байхаар нь “юун хүн бэ” гэтэл тэрээр “би хоёр хүний шахалтаар танай гэрт орсон би хулгайч биш танайхаас юм хулгайлаагүй” гэхээр нь би шууд цагдаа дуудсан. Удалгүй хоёр цагдаа ирээд тэр хүний биед үзлэг хийхэд халааснаас нь миний мөнгөн ээмэг 2 ширхэг, мөнгөн бөгж 2 ширхэг, үсний хавчаар 1 ширхэг гарч ирсэн. ...Манай гэрээс өөр эд зүйл алдагдаагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11, 12)

2. Гэрч Б.А.хүү мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр “Ачит-114” дүгээр чиглэлд...цагдаагийн дэд ахлагч Ё.Чулуунбаатарын хамт үүрэг гүйцэтгэж байхад “Ачит-10” –аас 21 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Зээлийн 9 дүгээр гудамжны 06б тоотод гэрийн тооноор танихгүй хүн ороод унтаж байна гэсэн дуудлага ирсний дагуу очиж шалгахад Я.мын гэрт М.Э гэгч тооноор орсон гэсэн байдалтай байсан ба түүний биед үзлэг хийхэд биеэс нь өлзий хээтэй саарал металл хос ээмэг, хоёр жижиг саарал металл ээмэг, мөн саарал металл 2 ширхэг бөгж, нэг үсний хавчаар зэрэг эд зүйл гарсан. Дээрх эд зүйл нь Я.мын эд зүйл болох нь тогтоогдсон учраас М.Э гэгчээс эд зүйлийг хураан авч...цагдаагийн хэлтсийн жижүүрт хүлээлгэн өгсөн. ...М.Э тухайн үед хэлэхдээ... би энэ айлын тооноор орж мөнгөн эдлэлүүдийг нь авсан, тэгээд гарч чадаагүй эзэнд нь баригдсан гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21, 22),

3. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 2-4),

4. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 5, 6),   

5. Хулгайд алдагдсан эд зүйлийн үнэлгээ (хавтаст хэргийн 9),

6. Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 8),

7. Шүүгдэгч Г.М.Эн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 20-ны орой 19 цагийн орчим би ажлаа тараад ганцаараа архи уугаад их согтсон, тэгээд 21 цагийн орчим би Баянхошууны тойрог орчмоос дахин дэлгүүрээс архи авч уугаад Баруун салаа руу гэрийн зүг алхсан. Алхаж байтал замд цэнхэр өнгийн хашаатай айл байхаар нь хаалгаар нь ортол хашаанд нэг Монгол гэр байсан. Би тэр монгол гэрийн хаалгыг нь очоод татал цоожтой байсан. Тэгэхээр нь гэрийн зүүн талаар дамжиж гараад зүүн талын тоононы дээд талын гялгар уутыг ураад дотогшоо орсон. Гэрт ороод мөнгө болох юм хайж байгаад зүүн талын модон шургуулганаас унждаг мөнгөн ээмэг, мөн жижиг ээмэг, үсний хавчаар, жижиг, том мөнгөн бөгж зэргийг аваад өмднийхөө халаасанд хийгээд байж байтал дотор муухай оргиод...тасраад унасан байсан. Тэгтэл гэрийн эзэд орж ирээд намайг сэрээгээд...цагдаа дуудаад миний биед үзлэг хийж байгаад авсан эд зүйлсээ гаргаж өгсөн. ...Би тухайн айл руу архины мөнгө олох зорилгоор орсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34, 35),

8. Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 43, 40), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 44), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 55, 56), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 38, 39, 41, 42, 48), ажил байдлын тодорхойлолт (хавтаст хэргийн 61), хүүхдүүдийн иргэний үнэмлэх болон төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 75, 76, 77) зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Г.М.Эд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар.

Улсын яллагчаас шүүгдэгч Г.М.Эн үйлдсэн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг төгссөнд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  “гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдлийг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ”  гэж заажээ. 

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг өөрийн эзэмшилдээ авч захиран зарцуулах бодит бололцоо бий болсон үед төгс үйлдэгдсэнд тооцогддог.

Гэтэл хэрэгт цугларсан баримтаас үзвэл шүүгдэгч Г.М.Э нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч санаатай үйлдсэн боловч түүний хүсэл зоригоос үл шалтгаалах нөхцөл байдлын улмаас гэмт үйлдэл нь туйлдаа хүрээгүй буюу бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах эрх бий болоогүй байхад хохирогч Г.Я.м гэртээ ирснээр гэмт хэргийн үйлдэл тасалдсан байна.

Иймд улсын яллагчийн гэм буруугийн талаар гаргасан дүгнэлтийг шүүх хүлээн авах боломжгүй байна.

Харин шүүгдэгч Г.М.Э нь Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 9 дүгээр гудамжны 06.б тоотод, 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр, шунхайн сэдэлтээр, архи уух мөнгө олох зорилгоор, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ, шууд санаатай үйлдлээр, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, бусдад 120.000 төгрөгийн хохирол учруулахаар завдсан гэмт хэрэг үйлдсэн болох нь, 

- Хохирогч Г.Я.мын мөрдөн байцаалтад өгсөн: “...гэрлээ асаатал гэрийн зүүн хатавчинд нэг эрэгтэй хүн байхаар нь “юун хүн бэ” гэтэл тэрээр “би хоёр хүний шахалтаар танай гэрт орсон би хулгайч биш танайхаас юм хулгайлаагүй” гэхээр нь би шууд цагдаа дуудсан. Удалгүй хоёр цагдаа ирээд тэр хүний биед үзлэг хийхэд халааснаас нь миний мөнгөн ээмэг 2 ширхэг, мөнгөн бөгж 2 ширхэг, үсний хавчаар 1 ширхэг гарч ирсэн. ...Манай гэрээс өөр эд зүйл алдагдаагүй..” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11, 12)

- Гэрч Б.А.хүү мөрдөн байцаалтад өгсөн: “...гэрийн тооноор танихгүй хүн ороод унтаж байна гэсэн дуудлага ирсний дагуу очиж шалгахад Я.мын гэрт М.Э гэгч тооноор орсон гэсэн байдалтай байсан ба түүний биед үзлэг хийхэд биеэс нь өлзий хээтэй саарал металл хос ээмэг, хоёр жижиг саарал металл ээмэг, мөн саарал металл 2 ширхэг бөгж, нэг үсний хавчаар зэрэг эд зүйл гарсан. ...М.Э тухайн үед хэлэхдээ... би энэ айлын тооноор орж мөнгөн эдлэлүүдийг нь авсан, тэгээд гарч чадаагүй эзэнд нь баригдсан гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21, 22),

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 2-4),

- Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 8),

- Шүүгдэгч Г.М.Эн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 20-ны орой 19 цагийн орчим би ажлаа тараад ганцаараа архи уугаад их согтсон, тэгээд 21 цагийн орчим...дахин...архи авч уугаад Баруун салаа руу гэрийн зүг алхсан. Алхаж байтал замд цэнхэр өнгийн хашаатай айл байхаар нь хаалгаар нь ортол хашаанд нэг Монгол гэр байсан. Би тэр монгол гэрийн хаалгыг нь очоод татал цоожтой байсан. Тэгэхээр нь гэрийн зүүн талаар дамжиж гараад зүүн талын тоонны дээд талын гялгар уутыг ураад дотогшоо орсон. Гэрт ороод мөнгө болох юм хайж байгаад зүүн талын модон шургуулганаас унждаг мөнгөн ээмэг, мөн жижиг ээмэг, үсний хавчаар, жижиг, том мөнгөн бөгж зэргийг аваад өмднийхөө халаасанд хийгээд байж байтал дотор муухай оргиод...тасраад унасан байсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34, 35), зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Тиймээс Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Г.М.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

-Улсын яллагчаас Г.М.Эг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг,

-Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч Г.М.Э нь гэм буруугийн хувьд маргахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан төлсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтийг буюу оногдуулах ялыг багасгаж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Г.М.Эд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Г.М.Эд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагчаас Г.М.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авах боломжтой байх хэдий ч Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг үндэслэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал буюу гэм буруу, эрүүгийн хариуцлагын талаар маргаагүйг харгалзан түүнд оногдуулахаар дүгнэлт гаргасан 1 жил 6 сарын хорих ялыг 8 (найман) сарын хорих ял болгож өөрчилж, ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр оногдуулах ялыг сонгож, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагаас доогуур ял оногдуулав.

III. Бусад асуудлаар

Эрүүгийн 1708 0000 0285 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.