Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 2023/ДШМ/1001

 

 

 

 

Б.Бт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Х.Нарангуа,

нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ нарыг оролцуулан, 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 2023/ШЗ/131 дүгээр “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 01 дүгээр дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэн Б.Бт холбогдох эрүүгийн 2304000000079 дугаартай хэргийг 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй;

Холбогдсон хэргийн талаар:

Б.Б нь 2023 оны 6 дугаар сарын 02-ны шөнө 22 цагийн үед Багануур дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Номин” худалдааны төвийн орчимд насанд хүрээгүй хохирогч Р.Үгийн гээсэн “Самсунг А73” загварын гар утсыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшиж, бага хэмжээний буюу 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.           

Багануур дүүргийн прокурорын газраас: Б.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

“...1.Шүүх нь хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх ирүүлсэн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-4.6 дахь заалтуудад заасан нөхцөл байдлыг хянах бөгөөд шүүх хуралдаанд Б.Б нь “уг гар утсыг манай хүүхэд олсон” гэж гэм буруугийн талаар маргасан нөхцөл байдал тогтоогдож байна.

2. ... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 7, 8 дахь хэсгүүдэд зааснаар шүүхээс хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн тодорхой хугацаанд л албадлагын арга хэмжээг хэрэглэж болох ба ялаас чөлөөлсөн тохиолдолд албадлагын арга хэмжээ хэрэглэхгүйгээр заасан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хорих ял оногдуулахаар заагаагүй бөгөөд прокуророос Б.Бтой “ялаас чөлөөлж, оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх”-ээр тохиролцсон санал нь хуульд нийцэхгүй байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар дээр дурдсан үндэслэлээр хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэх боломжгүй гэж үзсэн тул хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж...” шийдвэрлэжээ.     

Прокурор Г.Эрдэнэ эсэргүүцэлдээ: “...Шүүхийн “..прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, яллагдагчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх саналыг танилцуулсан хэр нь үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэнэ гэсэн нь хуульд нийцэхгүй” гэсэн дүгнэлтэй санал нэгдэж байна.

Гэвч шүүхийн шийдвэр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагад нийцээгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: Шүүгдэгч Б.Б нь яллагдагчаар татагдсан үедээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргасан байх бөгөөд прокуророос яллагдагчийн хүсэлтийг хүлээн авч, хэргийг хянаад хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх үндэслэлтэй гэж үзэж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Бт холбогдох хэргийг шүүгдэгч дээрх гэмт хэргийг үйлдээгүй гэж гэм буруу дээрээ маргасан бөгөөд энэ тохиолдолд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь “Шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах, эсхүл буцаахгүйгээр ердийн журмаар шийдвэрлэнэ” гэж заасны дагуу хэргийг прокурорт буцаахгүйгээр ердийн журмаар шийдвэрлэх боломжгүй ямар үндэслэл тогтоогдсон болон прокурорт буцаасан үндэслэл шалтгаанаа тодорхойлж дүгнээгүй байна.

Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Бт холбогдох хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүх хэргийг ердийн журмаар шийдвэрлэх боломжтой байсан. Гэтэл шүүхээс шүүгдэгч Б.Бт холбогдох хэргийг хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэх боломжтой болон боломжгүй байгаа нөхцөл байдлын талаар огт дүгнэлт хийгээгүй, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ямар мөрдөн шалгах ажиллагааг хийлгүүлэх талаар шийдвэртээ тодорхойлж дүгнээгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй бичигдсэн байна” гэсэн шаардлагыг зөрчсөн гэж үзнэ.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүгчийн 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 2023/ШЗ/131 дүгээр захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасны дагуу дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив...” гэжээ.

Прокурор Х.Нарангуа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт дээрх гэмт хэргийг үйлдээгүй гэж гэм буруу дээрээ маргасан бөгөөд энэ тохиолдолд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу хэргийг прокурорт буцаахгүйгээр ердийн журмаар шийдвэрлэх боломжтой байсан. Гэтэл анхан шатны шүүхээс хэргийг прокурорт буцаасан үндэслэл шалтгаанаа тодорхойлж дүгнээгүй. Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Бт холбогдох хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүх хэргийг ердийн журмаар шийдвэрлэх боломжтой байсан гэж прокурорын зүгээс үзэж байна. Б.Бийн үйлдэл нотлох баримтаар тогтоогддог. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Бт холбогдох эрүүгийн 2304000000079 дугаартай хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцээд хэргийг “Шүүгдэгч Б.Бийг гэм буруу дээрээ маргасан...” гэсэн үндэслэлээр прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна.

Шүүх нь шүүхээс шийдвэр гаргах боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх, процесс ажиллагааны зөрчлийг арилгах, эсхүл хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн өөрчлөх шалтгаантайгаар хэргийг прокурорт буцаах боломжтой ба бусад асуудлыг шүүх хэргийн оролцогчдын мэтгэлцээнийг ханган хэлэлцүүлж, хөндлөнгийн байр сууринаас хандаж, эрүүгийн хэргийн хүрээнд цугларсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах замаар үнэлэлт дүгнэлт өгөн шийдвэрлэх нь зүйтэй. 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн хянахад, мөрдөн шалгах ажиллагаагаар нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ шүүхээс хууль ёсны, үндэслэлтэй шийдвэр гарахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гаргаагүй байх ба шүүхээс нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж зааснаар хянан шийдвэрлэх боломжтой байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “...Шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах, эсхүл буцаахгүйгээр ердийн журмаар шийдвэрлэнэ...” гэж заасныг үндэслэн тухайн хэргийг ердийн журмаар хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна гэсэн шүүгчийн захирамжид бичсэн дээд шатны прокурор Г.Эрдэнийн эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгохоор шийдвэрлэлээ.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 2023/ШЗ/131 дүгээр “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.  

2. Шүүгдэгч Б.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

     ДАРГАЛАГЧ,

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Б.ЗОРИГ

     ШҮҮГЧ                                                      Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

     ШҮҮГЧ                                                       Д.ОЧМАНДАХ