Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 126/ШШ2025/0002

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхболор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч Б.О*******************,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Даваасүрэн,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Засаг дарга

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б*******************,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Ёс зүйн дэд хороо,

Хариуцагчийн төлөөлөгч Р.М*******************нарын хоорондын төрийн албаны маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.О********************, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Даваасүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******************, хариуцагчийн төлөөлөгч Р.М*******************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

    1. Нэхэмжлэгч Б.О*******************-с Хөвсгөл аймгийн Засаг дарга, Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Ёс зүйн дэд хороонд тус тус холбогдуулан “Хөвсгөл аймгийн Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Б/47 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд буцаан томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулах, Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх Ёс зүйн дэд хорооны 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 5/1001 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

Хоёр. Хэргийн үйл баримт, процесс, маргааны үндэслэлийн талаар

2.1. Нэхэмжлэгчийг аймгийн Засаг дарга болон аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн ахлах мэргэжилтний албан өрөөнд өөрийнх нь зөвшөөрөлгүй нууцаар гэрэл зураг авах, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг хийсэн нь Төрийн албаны тухай хууль болон Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн “Ёс зүйн зөрчил гаргасан” гэж үзэн Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Ёс зүйн дэд хорооноос 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 5/1001 дугаартай дүгнэлтийг гаргасан байна.

2.2. Улмаар уг дүгнэлтэд дурдсан үндэслэл болон нэхэмжлэгчийн ажиллаж байсан “Аймгийн ерөнхий архитектор”-ын сул орон тоог аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын захиалгаар албан тушаалын сонгон шалгаруулалтыг зарлуулсан нь хууль бус гэсэн үндэслэлүүдээр Хөвсгөл аймгийн Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Б/47 тоот захирамжаар нэхэмжлэгчийг ажлаас халжээ.

2.3. Нэхэмжлэгчээс дүгнэлт болон захирамжийг эс зөвшөөрч Монгол Улсын Ёс зүйн хороонд 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр гомдол гаргасан бөгөөд тус хорооны 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 4/73 тоот албан бичгээр “...та холбогдох төрийн байгууллага болон шүүхэд энэхүү асуудлаараа хандана уу” гэж хариуг хүргүүлсэн байна.

2.4. Улмаар Төрийн албаны зөвлөлд 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгчээс гомдол гаргаж тус зөвлөлийн 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 01/1758 албан бичгээр “...гомдолд дурдсан асуудлаар шүүхэд хандахыг зөвлөж байна” гэсэн хариуг өгсөн.

2.5 Ийнхүү нэхэмжлэгчээс 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Гурав. Нэхэмжлэлийн үндэслэл:

3.1. Нэхэмжлэгч Б.О******************* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б.О******************* миний бие хэн нэгний нэр хүндэд халдаагүй бөгөөд 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Төрийн албаны зөвлөлөөс зарласан Төрийн албаны ерөнхий шалгалтад өгч 75 оноогоор тэнцсэн. 2023 оны 12 дугаар сарын 08 өдөр Хөвсгөл аймгийн Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн захиалгаар аймгийн Е******************* тушаалын буюу дэс түшмэл сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлийн Хөвсгөл аймаг дахь салбар зөвлөлөөс зарласан байсны дагуу Б.О******************* би холбогдох баримт, материалыг бүрдүүлж, бүтгүүлэн тусгай шалгалтад 65,5 оноогоор тэнцэж Төрийн албаны зөвлөлийн Хөвсгөл аймаг дахь салбар зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 104 дугаартай тогтоолоор Б.О******************* намайг “Аймгийн ерөнхий архитектор”-ын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн. Гэвч Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.У******************* нь Б.О******************* намайг Хөвсгөл аймгийн Засаг дарга томилох эрх бүхий албан тушаалтан байна гэж зөвлөсний дагуу аймгийн Засаг дарга П.Л*******************-т 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ажилд орох хүсэлтийн хамт холбогдох материалыг бүрдүүлж өгсөн боловч намайг ямар ч үндэслэл шалтгаангүйгээр ажилд авахаас татгалзсан. Надад бичгээр ямар нэг хариу өгөөгүй учир би 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 126/Ш3224/0106 дугаартай захирамжаар захиргааны хэрэг үүссэн.

1.Аймгийн Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/21 дугаартай захирамжаар Аймгийн Е******************* тушаалд томилсон. Гэвч Аймгийн Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Б/47 дугаартай захирамжаар ажлаас ямар ч үндэслэлгүйгээр гэнэт халсан. Аймгийн Засаг даргын санаачилгаар ажлаас халсан. Хөвсгөл аймгийн Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Б/47 дугаартай намайг ажлаас халсан захирамжийн хууль зүйн үндэслэл нь 1. Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-д заасан үндэслэсэн байна. Энэ зүйлийн хэсэгт “Аймаг, нийслэлийн Засаг дарга нь аймгийн, нийслэлийн ерөнхий архитекторыг 4 жилийн хугацаагаар томилох эрхтэй бөгөөд “Төрийн албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан ...сонгон шалгаруулалт явуулах захиалгыг төрийн албаны холбогдох шатны байгууллагад хүргүүлнэ..” гэж заасан. Гэвч “сул орон тоог аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын захиалгаар албан тушаалын сонгон шалгаруулалтыг зарлуулсан нь хууль бус гэж үзэж байна” гэсэн үндэслэлээр ажлаас намайг халж байгаа нь хууль зүйн үндэслэл болохгүй.

2. Мөн “Б.О******************* нь албан үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа аймгийн Засаг даргын болон Засаг даргын Тамгын газрын мэргэжилтний өрөөнд нууцаар дуу дүрсний бичлэг хийсэн, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн байна гэж аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Ёс зүйн дэд хороо дүгнэсэн тул Б.О*******************ийг Е******************* тушаалаас 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөр тасалбар болгон халсугай” гэж захирамжлан намайг хууль зүйн ямар ч үндэслэлгүй ажлаас халсан тул би маш их гомдолтой байна. Иймд Б.О******************* миний бие уг шийдвэрийг хууль бус хэмээн үзэж Монгол улсын Төрийн албаны зөвлөлийн Ёс зүйн хороонд гомдол гарсан боловч Монгол улсын Төрийн албаны зөвлөлийн Ёс зүйн хорооноос 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 4/73 дугаартай албан бичгээр хариу ирүүлсэн. Уг албан бичиг Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-т “Томилох эрх бүхий этгээд болон төрийн албан хаагч, уг албанд нэр дэвшигчдийн хооронд энэ хуулийн 25, 26, 27, 45, 46, 47, 48 дугаар зүйл, 52.2, 66.1.11-д заасан асуудлаар гаргасан маргаан болон төрийн жинхэнэ албан хаагчаас цалин хөлс, ажиллах нөхцөл, баталгааны талаар гаргасан бусад маргааныг хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага хянан шийдвэрлэнэ” гэсэн хариу ирүүлсний дагуу Монгол улсын төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан. Монгол улсын Төрийн албаны Зөвлөлөөс ирсэн 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 01/1758 дугаартай албан бичигт Хөвсгөл аймгийн Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн “Б.О*******************-ийг албан тушаалаас халах тухай” Б/47 дугаар захирамжид Төрийн албаны тухай хуулийн 48.1.4 дэх заалт, Засаг даргын Тамгын газрын Ёс зүйн дэд хорооны 2024 оны 5/1001 дүгээр дүгнэлтийг тус тус үндэслэн төрийн албанаас халсан байна. Монгол улсын Сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 36/32 дугаар тушаалаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам” -ын 8.2 “төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийн талаар шүүхэд гомдол гаргах”-аар зохицуулсан. Иймд гомдолд дурдсан асуудлаар шүүхэд хандахыг зөвлөе гэж хариу ирүүлсэн. Үүний дагуу Б.О******************* би шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хуулийн хугацаанд нь өөрийн гомдлоо шат шатны байгууллагад нь гаргаж байсан боловч тэдгээр байгууллагуудаас надад ирсэн хариу мэдэгдэл нь шүүхэд хандаж гомдлоо шийдвэрлүүл гэсэн хариу ирсэн тул би арга буюу шүүхэд хандаж байна.

1. Намайг ажлаас халах Хөвсгөл аймгийн Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Б/47 дугаар захирамжийн хууль зүйн үндэслэл болох Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60.1.1 дэх заалт “хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг хангах ажлыг хариуцан зохион байгуулж, үр дүнг хариуцах” гэж үндэслэл болгосон нь аймгийн Засаг даргын Засгийн газрын өмнө хариуцах ажлын үр дүнгээр намайг халах хууль зүйн үндэслэл болохгүй. Мөн хуулийн 66.1 дэх заалт “Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана” гэж заасан байгаа тул засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Б/47 дугаар захирамжийг хуульд нийцээгүй гэж үзэж байна. Бас Төрийн албаны тухай хуулийн 27.2 “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан олон нийтэд мэдээлэх үүрэгтэй. Томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан сул орон тоо гарсан өдрөөс хойш энэ тухай мэдээллийг долоо хоногт, сонгон шалгаруулалт явуулах захиалгыг 21 хоногт багтаан төрийн албаны холбогдох шатны байгууллагад хүргүүлнэ.” гэж үндэслэл болгосон байна. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйл нь “Төрийн захиргааны албан тушаалд томилох үндсэн шалгуур” нь төрийн жинхэнэ албан тушаалд сонгон шалгаруулж томилох тухай хуулийн зохицуулалт байна. Өөрөөр хэлбэл энэ заалтаар намайг ажлаас халж байгаа нь хууль буруу хэрэглэсэн үндэслэл болж байна. Хот байгуулалтын тухай хуулийн 9.1.2 “аймаг, нийслэлийн ерөнхий архитекторыг 4 жилийн хугацаагаар нээлттэй сонгон шалгаруулалт, нээлттэй сонсголын үндсэн дээр томилох” гэж заасан байна. Би Хөвсгөл аймгийн Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Б/47 дугаартай захирамжаар томилогдсон тул миний ажилд томилогдсон хуулийн заалт нь намайг ажлаас халах хууль зүйн үндэслэл болохгүй. Уг хууль нь 28 зүйлтэй бөгөөд 47.1.4 дэх заалт гэж тусгасан байгаа нь Хот байгуулалтын тухай хуульд огт байхгүй зүйл заалтаар намайг ажлаас халж байгаа нь жинхэнэ хэлмэгдүүлэлт болж байна. Захиргааны ерөнхий хуулийн 26.1 “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заасан боловч надад хүсэлт гаргаж өөрийн саналаа илэрхийлэх боломж олгоогүй тул би гомдолтой байна. Мөн хуулийн 27.3-т “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдэлд дараах мэдээллийг тусгана” гэж заасан боловч сонсох ажиллагаа хийгээгүй. Мөн хуулийн 40.2-т “Бичгээр гаргасан захиргааны акт дараах шаардлагыг хангасан байна” гэж заасныг баримталсан боловч хууль зүйн үндэслэлгүйгээр барахгүй энэ нь намайг ажлаас халах үндэслэл болохгүй харин хууль буруу хэрэглэсэн шалтгаан болж байна. Тус хуулийн 43.1 дэх заалтад “Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна” гэж заасан боловч надад гардуулсан “Хөвсгөл аймгийн Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Б/47 дугаартай захирамж” акт нь хуульд нийцээгүй намайг ажлаас халах хууль зүйн үндэслэл болохгүй. Тус хуулийн 94.1.”3ахиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана” гэж заасны дагуу Төрийн албаны Ёс зүйн хороонд гомдол гаргасан боловч 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 4/73 тоот албан бичгээр “Төрийн албаны төв байгууллага хянан шийдвэрлэнэ” гэсэн хариу ирүүлсэн тул Монгол улсын төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан. Монгол улсын Төрийн албаны зөвлөлөөс 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 01/1758 дугаартай албан бичгээр “гомдолд дурдсан асуудлаар шүүхэд хандахыг танд зөвлөж байна” гэсэн хариу ирсний дагуу Хөвсгөл аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаж байна.

2.Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газрын Ёс зүйн дэд хорооны 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 5/1001 дугаартай дүгнэлтэд Төрийн албаны ёс зүйн тухай хуулийн 7 дугаар зүйлд “Төрийн албан хаагчийн ёс зүйн нийтлэг хэм хэмжээ”-г заасан бөгөөд 7.1.2-т “зан харилцаа, үг, үйлдлээрээ хүний эрх, эрх чөлөө, нэр төр, алдар хүнд, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх” гэж заасныг баримталсан боловч П.Л******************* Аймгийн засаг даргын эрх мэдлийн давуу байдлаа ашиглан Монгол улсын үндсэн хуулиар надад олгосон “10 дугаар зүйлийн 4/ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах” эрхийг зөрчсөн үйлдлийг хөхүүлэн дэмжиж намайг ёс зүйн зөрчил гаргасан гэж гүтгэж байгаад гомдолтой байна. Мөн тус хуулийн 7.1.8 дэх заалтад “байгууллагын соёл, дэг журам, албан харилцааны ёс зүйг чанд сахих, улсын болон байгууллагын нэр хүндэд харшилсан аливаа үйлдэл гаргахгүй байх, олон нийтэд үлгэр жишээ, манлайлал үзүүлэх” гэж заасныг үндэслэл болгосон боловч П.Л******************* аймгийн засаг даргын намайг урьд эрхэлж байсан ажлаар ялгаварлан гадуурхаж өөрийн харьяалаан удирддаг доод албан тушаалтан “Засаг даргын тамгын газрын Удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Б******************* ”-т “энэ Б.О*******************-д яг одоо ажлаас халах мэдэгдлийг өг” гэж үүрэгдэн Оюун-Эрдэм чи одоо эндээс гар дахиж битгий орж ирээрэй” гэж омогдон өрөөнөөсөө хүчээр хөөж гаргасанд би гомдолтой байна. Үүнийг би албан тушаалын болон ажлын байрны хүчирхийлэл үйлдсэн гэж үзэж байна. Ёс зүйн зөрчил гаргасан гэж дүгнэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Аймгийн засаг даргын энэ хууль бус ёс зүйгүй үйлдэл нь намайг албан тушаалын хүчирхийлэлд өртсөн гэдгийг харуулах нэг үндэслэл юм. Өөрөөр хэлбэл Засаг дарга албан тушаалын байдлаа ашиглан ёс зүйн дэд хороонд чиглэл өгч миний эсрэг шийдвэр гаргахад нөлөөлсөн. Түүнчлэн ёс зүйн дэд хорооны үндэслэлгүй шийдвэрийг үндэслэл болгон болгож намайг ажлаас халж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй. Ингэж засаг даргын эрх мэдлээрээ бярдаж төрийн албан хаагч намайг хавчин гадуурхаж ёс зүйн зөрчил гаргаагүй байхад ёс зүйн зөрчил гаргасан гэх шалтгаанаар 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Б/47 дугаар захирамжийг гаргасанд би гомдолтой байна. Би ажлын алдаа гаргаагүй удирдлагад албан ёсны эрхэлсэн ажлын чиг үүргийн дагуу албан ёсны ажлаа танилцуулан тайлбарлахад засаг дарга уурлаж бухимдан намайг ам хэлээр доромжлон элдвээр хараан зүхэж ажлаас халж байгаа нь өөрөө ёс зүйн зөрчил гаргаж байгаа үйлдэл гэж үзэж байна. Гэтэл Ёс зүйн дэд хороо үнэнийг шалгаж бодит байдлыг үнэн зөв тогтоохын оронд даргын албан тушаалын эрхшээлд нийцүүлэн шийдвэр гаргасан нь үндэслэлгүй бөгөөд хуульд нийцэхгүй байгаа тул би маш их гомдолтой байна. Хэрвээ цаашид удирдлагын зохисгүй харьцаанд тайлбар хийсэн болгоныг буруутгаад байвал шударга ёс ярих ч хэрэг байхгүй юм. Намайг нам хараар ялгаварлан гадуурхаж ам хэлээр доромжилж байсныг би баталгаажуулан гар утсан дээрээ бичиж авсан явдлыг буруутгах үндэслэлгүй учир би удирдлагын зохисгүй харьцааны үр дагавраас өөрийгөө хамгаалсан болохоос биш хууль зөрчиж бусдын нэр төр ажил хэргийн нэр хүндэд халдаагүй. Үүнийг хуулиар хориглоогүй. Хүн болгон гар утас барьдаг, хэргэлдэг. Засаг дарга намайг дарамталж байсан бичлэгийг устгуулсан тул энэ бичлэг хаана ч, хэнд ч задраагүй. Ингэж доромжлон сүрдүүлж байгаа баримтыг устгуулсныхаа дараа ажлаас халж байгаа нь надад хонзогнож миний нийгэмд Хөдөлмөрлөх эрхэд минь халдсан нь ноцтой зөрчил бөгөөд хууль бус шийдвэр гаргасанд би гомдолтой байна. Мөн надад сэтгэл санааны болон ажлын байрны дарамт үзүүлсэн үйлдлийг нуун дарагдуулж намайг ёс зүйн зөрчил гаргасан гэж дүгнэж байгаа нь аймгийн Засаг даргын тамгын газрын Ёс зүйн дэд хороо өөрөө ёс зүйн зөрчилтэй үйлдэл гаргаж байгаад нь би гомдолтой байна. Тус хуулийн 7.1.10-т “багаар ажиллах, суралцах, шинэ санаачилгыг дэмжих, хамт олны итгэлцлийг эрхэмлэх, удирдах албан тушаалтны итгэлийг дааж ажиллах” гэж заасныг үндэслэл болгосон боловч П.Л******************* аймгийн засаг даргын эрх мэдлийн давуу байдлаа ашиглан “тухайн үеийн нотлох баримтыг устгуулахыг Хууль зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Б*******************д даалгасныг хэрэгжүүлж хууль зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн тухайн үйлдлийн болсноос хойш 40 минутын дараа надтай уулзсан” сүрдүүлсэн үйлдлийг нуун дарагдуулж байгаа нь багаар ажиллах, хамт олны итгэлийг дааж ажиллах заалтыг ноцтой зөрчиж байгаа нь надад ёс зүйн зөрчил гаргасан гэж дүгнэх үндэслэл болохгүй. Мөн намайг ажлаас халах үндэслэл болохгүй. Засаг даргын тамгын газрын Ёс зүйн хороо нь ёс зүйн зөрчилтэй үйлдэл гаргаж байгаад би гомдолтой байна. Мөн хуулийн 8.1-т “Төрийн албан хаагч үйл ажиллагаандаа энэ хуулийн 7.1-т заасан ёс зүйн нийтлэг хэм хэмжээг сахин биелүүлэхийн тулд Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйл, Авлигын эсрэг хуулийн 8.1 дэх хэсэг, 10 дугаар зүйлд заасан үүргээс гадна дараах нийтлэг үүргийг хүлээнэ” гэж заасныг үндэслэл болгосон боловч П.Л******************* аймгийн Засаг даргын намайг урьд эрхэлж байсан ажлаар ялгаварлан гадуурхаж, ажлын байрны дарамт үзүүлж Монгол улсын үндсэн хуулиар надад олгосон “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах” эрхийг ноцтой зөрчсөн үйлдлийг дэмжиж байгаа Аймгийн Засаг даргын Тамгын газрын ёс зүйн дэд хороонд гомдолтой байна. Мөн Төрийн албаны тухай хуулийн 37.1.1-т “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, тус хуулийн 37.1.7-д төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх” гэдэг заалтыг үндэслэсэн боловч П.Л******************* аймгийн Засаг даргын албан тушаалын давуу байдлаа ашиглан надад гаргасан ёс зүйгүй үйлдлийг хөхүүлэн дэмжиж намайг ёс зүйгүй үйлдэл гаргасан гэж дүгнэж байгаа нь Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын ёс зүйн дэд хороо нь өөрөө ёс зүйгүй Ёс зүйн дэд хороо болж байгаа үндэслэл болж байна. Мөн энэ нь намайг ажлаас халах үндэслэл болохгүй учир гомдолтой байна. Ёс зүйн дэд хороо нь намайг нотлох баримтгүйгээр гүтгэж надад арга хэмжээ авч байгаа нь үндэслэлгүй. Иймд Б.О******************* би дараах шаардлагыг шүүхэд гаргаж байна. Үүнд: Хөвсгөл аймгийн засаг даргын тамгын газрын 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 5/1001 дугаартай Ёс зүйн хорооны дүгнэлтийг хүчингүй болгож, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Б/47 дугаартай захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд буцаан томилж, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулж миний нэхэмжлэлийг бүхэлд нь хангуулж өгөхийг хүсье.” гэжээ.   

3.2 Нэхэмжлэгч Б.О******************* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.О******************* миний бие хэн нэгний нэр хүндэд халдаагүй бөгөөд 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Төрийн албаны зөвлөлөөс зарласан ерөнхий шалгалт өгч 75 оноогоор тэнцсэн. 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсээс аймгийн Е******************* тушаал буюу дэс түшмэл сонгон шалгаруулалтыг Хөвсгөл аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлөөс зарласан байсны дагуу холбогдох баримт материалыг бүрдүүлэн бүртгүүлж тусгай шалгалтад 65,5 оноо буюу хамгийн өндөр оноогоор тэнцэж 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 104 дугаартай тогтоолоор Хөвсгөл аймгийн Е******************* тушаалд томилохоор нэр дэвшүүлсэн. Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.У******************* нь Б.О******************* надад “Хөвсгөл аймгийн Засаг дарга чамайг томилох эрх бүхий албан тушаалтан” гэж зөвлөсөн. Үүнээс өмнө чи албан тушаалд тохирохгүй байна. Бид нарын захиалсан хүн чи биш байна. Бид нар инженер хүн авах ёстой гэсэн шаардлага тавьсан. Миний зүгээс та энэ хариугаа албан бичгээр гаргаад өг гэсний дагуу 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр албан бичгээр хариу өгсөн. Дараагаар нь 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Э.У******************* дарга утсаар би таныг томилох эрх бүхий албан тушаалтан биш байна. Та аймгийн Засаг даргатай уулзаарай. Засаг дарга хөдөө томилолтоор явсан. Та 15-ны өдөр ирж уулзаарай гэсэн. Үүний дагуу би Засаг даргын бичиг хэргийн ажилтанд өөрийн баримт материалыг бүрдүүлэн өгөөд уулзах хүсэлтээ бүртгүүлсэн. 15-ны өдөр Засаг даргатай уулзахад чи 17-ны өдөр хүрээд ирээрэй гэсэн. 17-ны өдөр Засаг даргатай уулзахад чиний мэргэжил таарахгүй, чи энэ ажлыг хийж чадахгүй гэж намайг мэргэжлээр минь ялгаварлан гадуурхсан. Үүний дараа би “Хуулийн дагуу ажилдаа томилогдох хүсэлтэй байна. Томилогдохгүй бол би шүүхэд гомдлоо гаргана” гэхэд “Та шүүхэд гомдлоо гарга. Таны эрх” гэсэн. Би 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд гомдол гаргасан. Шүүх хурал болохоос өмнө 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр ажилд томилох захирамж гаргасан. Уг захирамжийг гаргахаасаа өмнө надад чи н.Хөхрий гэсэн хүний оронд ажилд орно гэж өргөдөл бичиж өгөөд ажлаа аваарай гэж Засаг дарга хэлсэн. Би “үгүй” гээд 4 дүгээр сарын 01-ний өдөр ажилдаа томилогдсон. Ажилд томилогдсоны дараа надад ажлаа хийж чадахгүй гэж байнга дарамт ирж байсан. Үүнтэй холбоотой ажлын байрны дарамт Засаг дарга үзүүлээд байхаар нь би бичлэг хийсэн. Засаг дарга надад ажлын байрны дарамт, ялгаварлан гадуурхалт, гутаан доромжлолыг өдөр болгон үзүүлж байсан. Өөрийгөө хамгаалах гэж нотлох баримт бүрдүүлж бичлэг хийсэн. Бичлэг хийсэн гэдгээ би өөрөө хэлсэн. Намайг дуудахдаа Ц.Б*******************  гэдэг хүний нөөцийн мэргэжилтнийг цуг дуудсан. Засаг даргын өрөөнд орох байсан бол хэлтсийн дарга Б.О*******************  гэсэн даргатай хамт орох байсан байх. Миний ажилтай танилцаагүй байж чи намын хүн гээд Ц.Б******************* т хандаад чи энэ хүнийг ажлаас хал, гар, зайл гэж хөөсөн. Чиний мэргэжил таарахгүй гэсэн. Би ажлаа хийгээд явж байснаас алдаа гаргаагүй. Ажилтай холбоотой алдаа гаргасан байлаа ч гэсэн эхэндээ сануулдаг биз дээ. Би өөрийгөө хамгаалах нотлох баримт авсан болохоос Засаг даргыг гутаан доромжлоогүй. Засаг дарга ёс зүйн алдаа гарчихаад байхад Ёс зүйн дэд хорооны  2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 5/1001 дугаартай дүгнэлт гарсан. Засаг дарга ёс зүйн зөрчил гаргаж намайг гутаан доромжлоод Төрийн албаны тухай хуулийн 8 дугаар зүйл зөрчөөд байхад намайг ёс зүйн зөрчил гаргасан гэж дүгнэсэн байгаа. Би тэр хүний буруутай үйл ажиллагаанаас болоод хохироод байна. Ц.Б*******************  эгч бид хоёр загнуулж гарж ирэхэд Ц.Б*******************  эгч ямар аймар уурладаг юм бэ гэсэн. Би айсан. Өмнө ч гэсэн тэр хүн ажлын байрны дарамт учруулдаг байсан. Би 2 сар гаран тэссэн. Би нотлох баримт хэрэгтэй гэдэг үүднээс бичлэг хийж авсан. Өмнөх шүүх хурал дээр Р.М*******************дарга тэр бичлэгээ чи хэзээ үзүүлэх гэж байсан юм гэж байсан. Би тэр бичлэгийг энэ шүүх хурал дээр үзүүлэх ёстой байсан. Б.Б******************* намайг өрөөндөө дуудаад миний бичлэгийг устгасан. Тэгээд өөрийгөө хамгаалах гэж жинхэнэ нотлох баримтыг устгасан.

Ёс зүйн дэд хороонд Засаг дарга гомдол гаргасан байсан. Гаргасан гомдлынх нь хугацаа 2023 оны 5 дугаар сарын 20-ны өдөр гэсэн байхад Р.М*******************дарга жилийн өмнө Засаг даргын өгсөн өргөдлийг өргөдөл гомдлын тухай хуулийн 30 хоногийг зөрчөөд хүлээн авч шийдсэн байсан. Чи иргэний газрын өргөдлийг 15 хоногийн дотор шийдвэрлэх ёстой гэсэн. Ийм тусгай заалт байхгүй. Өмнөх шүүх хуралд Б.Б******************* “Зөрчлийн тухай хуулийн 22.1 дүгээр зүйл дээр ажлын байранд бичлэг хийж болохгүй гэсэн заалт байгаа. Чи тэрийг зөрчсөн” гэж хэлсэн. Зөрчлийн тухай хууль 16 зүйл заалттай байхад 22.1 гэдэг заалтыг зохиогоод гаргаж ирээд байгаа юм бэ. Ёс зүйн дэд хорооны дүгнэлт нь намайг ёс зүйн зөрчил гаргасан гэсэн байсан. Засаг даргын нэг жилийн өмнө өгсөн өргөдлийг надтай холбогдуулж шалгаад намайг удаа дараа бичлэг хийсэн гэж гүтгээд ёс зүйн зөрчил гаргасан гэж ажлаас халсан. Би удаа дараа бичлэг хийгээгүй гэдэг нь нотлогдсон. Шүүгч Б.Б*******************оос хоёр асуулт, Р.М*******************даргаас 2 асуулт, надаас 1 асуулт асуугаад хариулсан. Б.Б*******************оос шүүгч тэр бичлэгийг чи үзсэн үү гэхэд, би үзээгүй гэж хэлсэн. Бичлэг болсон өдрийг асуухад би шүүгчид хэлсэн. Нэг л бичлэг хийсэн. Нэг бичлэг нь Монгол бичгийн хичээлийн бичлэг байсан. Засаг даргын өрөөнөөс гараад шууд Монгол бичгийн сургалтад суусан. Б.Б******************* тэр хичээлд суугаагүй. Хоёр бичлэгийг үзээгүй байж устгасан гэдэг нь нотлогдсон. Намайг удаа дараа бичлэг хийж ёс зүйн зөрчил гаргасан гэдэг дүгнэлт хүчингүй болж байгаа юм байна гэж ойлгож байна. Ёс зүйн дэд хороо дүгнэлтийг үндэслээд аймгийн Засаг даргын 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн Б/47 дугаартай захирамж гарсан. Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн ерөнхий архитекторын ажлын байрны тодорхойлолт боловсруулсан нь буруу юм. Аймгийн Засаг дарга ажлын байрын тодорхойлолт боловсруулж томилох ёстой гэдэг үг явж байгаа. Шүүгч үүнтэй холбоотой Б.Б*******************оос асуухад “Тэр хамаагүй ёс зүйн дэд хорооны дүгнэлт үндэслэсэн” гэж тайлбар өгсөн учир хууль бус гэдэг нь нотлогдож байна гэж би ойлгосон. Б.Б******************* хууль бус гэж нотлогдсон чинь  хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэдэг асуудал тавьсан. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэдгийг шүүгч хүлээж аваад өнөөдрийн шүүх хурал орж байна. Миний гаргаж өгсөн нотлох баримтын эх хувь нь Улаанбаатар хотоос ирж байгаа. Үүнийг хүлээж цаг хугацаа алдах сонирхол алга. Шүүх хурал тасралтгүй явдаг гэсэн. Үүнийг үндэслэх юм бол 3 дахь удаагаа шүүх хурал болох юм байна. Шүүх хурал үнэхээр залхаан цээрлүүлдэг юм байна гэдгийг биеэрээ мэдэрлээ. Энэ шүүх хуралд хөөн хэлэлцэх хугацаа ярих байх. Аймгийн Засаг даргын Тамгын газраас гардуулсан баримт гаргуулахаар шүүх хурал хойшилсон. Уг баримт ирээгүй байна. Өнөөдөр зөвхөн цалингийн тодорхойлолт ирсэн байна. Газрын маргаан гэж яриад байгаа нь намайг хэлмэгдүүлж гүтгэж байгаа хэлбэр мөн. Р.М*******************дарга Монгол Ардын намд газар өгсөн гэж гүтгэсэн. Одоо гаргаж өгөөд байгаа баримт 2008 оноос хойш Монгол Ардын намын газар байсан. Монгол Ардын нам эзэмшиж байгаа газраа иргэн н.Д*******************-т   шилжүүлэх хүсэлтийг зөвшөөрөх үү, үгүй юу гэсэн захирамж байсан. Би санал өгөх ёстой болохоос үүнийг шийдвэрлэж Монгол Ардын намын газрыг н.Д*******************-т   өгөөгүй. Намайг өгсөн гэж гүтгээд байгаа. Монгол Ардын намын газар байсан. Р.М*******************дарга мэдэж байгаа. 78 хуудас билүү баримт Р.М*******************даргаас аваад холбогдох газраас лавлагаа аваад шат дамжлага бүрдээ дамжуулаад явсан. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны шугам, сүлжээтэй холбоотой тогтоол байх ёстой олж үз гэсэн. Уг тогтоол дээр инженерийн шугам сүлжээ 1 дүгээр контор, 2 дугаар контор гэсэн хоёр хэсэгтэй. 1 дүгээр конторын шугамыг хуулиар шугамаас 2 тийш 6 метр зайд байлгаж болохгүй гэсэн байдаг. Газар дээр байгаа шугам болон газрын хажуугаар өнгөрч байгаа шугам 2 дугаар конторын шугам. Тэр ялгааг Засаг дарга өөрөө мэдэхгүй байж чи ажлаа мэдсэнгүй. Чи Монгол Ардын намын хүн гэж загнаад зайл дахиж битгий орж ирээрэй гэсэн. Ц.Б*******************  яагаад цуг орсныг би мэдэхгүй байгаа. Энийг ажлаас хал гэж дарамт үзүүлсэн. Энэ нотлох баримт миний утсанд байсан. Миний утсанд байсан нотлох баримтыг Б.Б******************* өрөөндөө намайг дуудаад чи наад бичлэгээ устгахгүй бол цагдаад өгч эрүүгийн хэрэг үүсгүүлнэ гэж сүрдүүлээд миний утсыг авч нотлох баримтыг устгасан. Засаг дарга Ёс зүйн дэд хороонд гомдол гаргасан. Үүнийг дагуу Р.М*******************дарга тайлбар өг гэсэн мөртлөө гомдлыг нь надад танилцуулаагүй. 2023 оны 5 дугаар сарын 13-ны өдөр би гомдолтой нь уншиж танилцъя, тэгээд хариу тайлбар өгье гэхэд надад уранхай цаас дээр канондож өгсөн. Тэр өдөр би уншиж байгаад тайлбар өгсөн, гомдол гаргасан. Миний гомдлыг хэлэлцэж үзээгүй. 5 дугаар сарын 27-ны өдрийн 5/1001 дүгнэлтийг би аваагүй. Шаардаж байж авсан. 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдөр гардаж авсан. Надад гардуулж өгөхдөө гарын үсэг зуруулаагүй. Ёс зүйн дэд хорооны дүгнэлттэй холбоотой би гомдол гаргасан. Р.М*******************дарга бид нар шийддэггүй юм. Монгол Улсын Төрийн албаны Ёс зүйн дэд хороо шийддэг юм гэсэн. Би 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдөр гаргасан Ёс зүйн дэд хорооны дүгнэлтийг 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдөр гардаж аваад 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Монгол Улсын Төрийн албаны Ёс зүйн дэд хороонд гаргасан. Уг гомдлын хариу 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хариу тайлбар ирсэн. Монгол Улсын Төрийн албаны зөвлөлд гомдлоо гарга гэсэн. Тэгээд 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдөр гомдлоо бичсэн. Шуудангаар 2024 оны 7 дугаар сарын 3-ны өдөр Төрийн албаны зөвлөлд явуулсан. Шуудангаар ирүүлсэн хариуг харахад 2024 оны 7 дугаар сарын 5-ны өдөр хүлээж авсан байна. Энэ дунд бүх нийтийн амралтын өдөр 5 хоног байсан.  2024 оны 8 дугаар сарын 15-ны өдөр гэсэн албан тоотоор ирсэн хариуг би 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүлээж авсан. Би 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүх миний нэхэмжлэлийг бүрэн хангагдах боломжтой байна гэж үзээд хүлээж авсан нь хөөн хэлэлцэх хугацаанд багтаж байна гэж дүгнэсний үндсэн дээр хүлээж авсан байна ойлгогдож байгаа. Хоёр захирамж нь хууль бус гэж тогтоогдоод байхад хөөн хэлэлцэх хугацаа харна гэдгийг шүүгч хүлээж аваад хөөн хэлэлцэх хугацаа харахаар гардуулсан баримт гаргаж өгөхийг шаардахад өнөөдрийн шүүх хурал дээр гардуулсан баримт ирээгүй байна. Хөөн хэлэлцэх хугацаа хүчинтэй хүвээрэй гэж дүгнэж байна” гэжээ.

3.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Даваасүрэн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Б.О******************* нь Хөвсгөл аймгийн Засаг даргын 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн Б/47 дугаартай захирамж, аймгийн Ёс зүйн дэд хорооны 5/1001 тоот дүгнэлтийг тус тус хүчингүй болгуулах талаар нэхэмжлэлийн шаардлагын гаргасан. Б.О******************* нь 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс хойш ямар нэгэн ажил албан тушаал эрхлээгүй. Цалин, хөлс эдийн засгийн хувьд маш их хохирч байна. Мөн урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай 4 үндсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Өмгөөлөгчийн хувьд үйлчлүүлэгчийнхээ гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байна. Хөвсгөл аймгийн Засаг даргын 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн Б/47 дугаартай захирамж, аймгийн Ёс зүйн дэд хорооны 5/1001 тоот албан бичиг хоёрт гомдол гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаас гадуур хальсан юмнууд яригдмааргүй байна. Өмнөх шүүх хурал дээр нилээд яригдаад байсан. Газрын тухай асуудал мөн яригдаж байна. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд ярилцаж өөрсдийнхөө тайлбар дүгнэлтүүдийг хуульд нийцүүлэн гаргах ёстой гэж бодож байна. Миний үйлчлүүлэгч Б/47 дугаартай захирамжийг хууль бус гэж гомддог. Уг Б/47 дугаартай захирамж дээр тусгасан эрх зүйн үндэслэлүүд нь хуульд заасны дагуу зөв гаргаж чадаагүй. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1 гэж байгаа. Мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасан гэж байна. Энэ нь өөрөө хуулийн ерөнхий заалтууд. Б.О******************* төрийн захиргааны байгууллагын төрийн жинхэнэ албан хаагч хүн. Төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Төрийн албаны тухай хуулиар зохицуулдаг. Төрийн албаны тухай хуульд байхгүй заалтуудыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан тогтоогдсон зарим зүйл заалтыг хэрэглэх боломжийг хуульд заагаад өгчихсөн байгаа. Төрийн албан хаагчийг ажлаас халахад Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль юунд шаардлагатай юм. Төрийн албаны тухай хуулийн 27.2 дугаар зүйл, Хот байгуулалтын тухай хуулийн 9.1.2-т заасан дээр би дэлгэрүүлж ярина. Хот байгуулалтын тухай 47.1.4-т заасан гэх  том заалт оруулж ирсэн байгаа. Хот байгуулалтын тухай хууль 47.1.4-т заасан гэх  заалт байхгүй. Үүнийг өгүүлбэрээр нь оруулж ирж байгаа юм. Өмнөх шүүх хуралдаан дээр хариуцагч тал тайлбарлахдаа 47.1.4 дэх заалт гэдэг нь Төрийн албаны тухай хуулийн заалт байгаа. Үүнийг зөв тусгаад өгөөрэй гэсэн ийм агуулгатай үг хэлсэн. Шүүхэд ирсэн нотлох баримтыг шүүх байгаа хэмжээнд нь үнэн зөв нь дүгнэдэг болохоос биш хэн нэгэн оролцогчийн хүсэлтээр дүгнээд байдаггүй юм. Хуулийнхаа нэр томъёог зөв хэрэглэсэн бол техник алдаа болчихжээ гэж үзэхсэн.

Тэгтэл нэр томьёогоороо Хот байгуулалтын тухай хууль гэж байгаа. Үүнийг бид яаж шалгах. Байхгүй хуулийг зохиож цагаан дээр хараар бичсэн хуулийг гуйвуулан яриад байгаа нь захиргааны удирдлагууд, мөн захиргааны ажилтнууд Б.О*******************-ийг ажлаас нь гаргачихъя гэсэн агуулга ойлгогдоод байна. Б.О******************* намайг ажиллаж эхэлснээс хойш Засаг дарга надад дургүй байсан гэж яриад байгаа нь нотлогдоод байна. 4 дүгээр сарын 24-ний өдөр Б.О******************* өөрийнхөө хийж гүйцэтгэсэн ажлыг Засаг даргадаа танилцуулъя гээд албанд тасалгаанд нь ороход Засаг дарга өнөөдөр чиний ажилтай танилцахгүй. Би чамайг дуртай цагтаа дуудаж асууна гээд хөөгөөд гаргасан байдаг. Дотоод үг хэллэгээс гадна гадаад үг хэлэмж гэж байна. Орон нутаг дэвсгэрийн хэмжээнд аймаг удирдаж байгаа дарга ёс зүйгүй харьцаж болохгүй. Хүнийг хууль бус үг, хэллэгээр дайран давшлаад байгаа энэ үйл явдалд бид бодитой бөгөөд үнэн зөв дүгнэлт хийхээс өөр арга байгүй. Өөрөөр хэлбэл Б.О*******************-ийг чи Монгол Ардын намын хүн, чи Монгол Ардын намын хүн хэвээрээ байна гэдэг. Гэтэл энэ хүн нь Монгол Ардын намаасаа гарах өргөдлөө өгчихсөн. Намаас гаргасан шийдвэрээ өгсөн. Мэргэжлийн хүн мэргэжлийн ажлаа хийхэд Монгол Ардын нам гэдэг юм хамааралгүй. Аль ч намын хүн энэ нийгэмд ажиллах эрхтэй. Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлд заасан хууль, шүүхийн өмнө иргэн хүн эрх тэгш эрхтэй байна гэсэн хүнд олгосон баталгаажсан хүний эрх хаашаа алга болчихдог вэ. Хүн бүхэн эрх зүйн этгээд байна гэсэн хуулийн том заалт байгаа. Энэ бүгдэд эрхэм хүндэт хуульчид та бүхэн дүгнэлтээ зөв хийж зөв гаргалгаагаа ойлгуулж зөв танилцуулж байх хэрэгтэй байна.

Үүнээс гадна Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т байгаа хүний үндэс угсаа, хэл яриа, арьсны өнгө, нас, хүйс нийгмийн гарал байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол боловсролоор нь ялгаварлан гадуурхахаа хориглоно гэж байгаа. Хүнийг үзэл бодлоор нь хориглоод байна. Өөрөөр хэлбэл Монгол Ардын намын хүн гэдэг байдлаар үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхаад үүнээс гадна боловсрол мэргэжлээр ялгаварлан гадуурхаад байна. Энэ мэргэжлийн хүн манай аймгийн ерөнхий архитектор гэх албан тушаалд таарахгүй. Чамайг ажиллуулахгүй гээд байдаг ямар учиртай вэ. Таарч тохирохгүй гэсэн Боловсрол, шинжлэх ухааны яамны сайдынх нь тушаал гарчихсан байгаа. Албан тушаалын үзүүлэлтүүд бүгд таарчихсан. Монгол Улсын Төрийн албаны зөвлөл гэдэг байгууллага байгаа. Төрийн албаны зөвлөлийн тогтоол шийдвэр нь гарсан байдаг. Аймгийн салбар зөвлөлийн тогтоол, шийдвэр нь гарсан байдаг. Ямар нэгэн ар, өврийн хаалгаар хүн гуйж орж ирээгүй. Шалгалтдаа тэнцээд хамгийн дээд оноог аваад томилогдсон байгаа. 7 үзүүлэлтээр шалгагдсан. Шалгалтдаа тэнцээд орж ирж байхад хориглоод байдаг нь ямар үзэл бодолтой хүн байдаг юм. Өөрөө Засаг дарга гадуурхал явуулаад байна. Ардчилсан намын хүн гэсэн үзэл баримтлал дээр тогтож бусад намын хүнийг үзэхгүй байгаад байна. Ийм ялгаварлан гадуурхалт байж болохгүй. Засаг даргаас гарч байгаа эрх зүйн актууд бүгд хуульд нийцэж байх ёстой. Хуульд дээдлэх зарчим хаашаа алга болсон юм бэ. Ийм байдлаар хуулиа буруу хэрэглээд хуульд байхгүй заалтыг оруулаад байна. Хуульд байхгүй заалт оруулж ирчхээд шүүхээс засаад өг гээд байж болохгүй. Засаг дарга зүй бусаар яриад байсан учраас айсан тэр үедээ сүрдсэн гээд байна. Хот байгуулалтын тухай хуульд ийм заалт байхгүй. Төрийн албаны тухай хууль гээд засаад өг гэж байна. Нотлох баримтын үг, үсэг тоог засварлах юм бол эрүүгийн гэмт хэрэг болдог гээд би хэлж л байсан. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.3-т заасан заалтууд нь тушаал, шийдвэр гаргана гэсэн ерөнхий заалтууд л байгаа. Б.О*******************-ийг ажлаас халах хууль зүйн үндэслэл чинь бодитой байх ёстой. Үндэслэл гаргаад байгаа хууль зүйн үндэслэлүүд чинь аль нь ч тохирохгүй байгаад байна. Захиргааны ерөнхий хуульд төрийн захиргааны байгууллагын албан тушаалтныг ажлаас хална гэсэн эрх зүйн ойлголт байхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 83.1-т заасан нь үйлчилгээний ажилтанд хамаардаг заалт юм.

Ийм байдлаар Б.О*******************-ийг ажлаас нь чөлөөлсөн байдаг. Засаг даргын Тамгын газрын Ёс зүйн дэд хорооны 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 5/1001 дүгнэлтийг тус тус үндэслэсэн гэж байгаа юм. Энэ дүгнэлт хэр зэрэг хууль зүйн үндэслэлтэй юм бэ? гэхээр бас хууль зүйн үндэслэл нь ерөөсөө тогтоогдохгүй байна. Миний үйлчлүүлэгч нь Б.О*******************-ийг аймгийн ерөнхий архитектуртай ажил албан тушаалаас халагдах хэмжээний зөрчил дутагдал гаргаагүй гэж өмгөөлөгчийн хувьд үздэг. Өөрөө хэлээд байна. Би өөрийгөө хамгаалах зорилгоор бичлэг хийсэн гэж. Хүний гар утсан дахь бичлэгээ чи надад харуул гэж хэлэх эрхтэй хүн байдаг юм уу. Засаг даргын өрөөнд орж юу бичсэнийг үзэх хэрэгтэй. Тэгээд буруу зөвийг ялгах хэрэгтэй. Шүүх бичлэгийг хараад хэнийх нь буруу, хэнийх нь зөв гэдгийг тогтоох ёстой байсан юм. Ажлын байрны дарамт, эмэгтэй хүнийг хүчирхийлсэн хүчирхийллийн нэг хэлбэр шүү дээ. Ийм асуудал явагдаад байсан байна. Бичлэг хийсэн гэсэн нотлох баримт хаана байгаад байгаа юм. Энэ хүний нэр төрийг гутаан доромжлоод гутаагаад байна. Нэр хүндэд нь халдаад байна. Ажил хэргийн нэр хүндэд нь халдаад байна. Ийм байж болохгүй. Б.О*******************-ийг дуу, дүрсний бичлэг хийсэн гэж байгаа түүнийг нотолсон баримт хэрэгт ирээгүй. Р.М*******************дарга өмнөх шүүх хурал дээр ёс зүйн зөрчлийг бид нар шалгах шаардлагагүй гэсэн. Яагаад шалгах шаардлагагүй болдог юм. Ёс зүйн зөрчил, сахилгын зөрчил, хөдөлмөрийн сахилгын зөрчил, захиргааны дотоод журам зөрчсөн зөрчил гээд ийм олон зөрчлүүд байдаг. Энэ болгоныг шалгахгүйгээр арга хэмжээ авах нь зөв гэсэн утгатай тайлбар хэлсэн. Албан ёсны Засаг даргыг хохироосон баримт нь хаана байгаад байна вэ. Ямар зөрчил гаргаад байгаа юм.

Дуу дүрсний бичлэг хийгээд Зөрчлийн тухай хуулийн 22.1-д заасныг зөрчсөн гэж өмнөх шүүх хурал дээр хэлсэн. Энэ дээр тайлбар хийхэд Зөрчлийн тухай хуульд 22.1 гэсэн заалт байхгүй. Хууль битгий зохиож яриад бай. Хүний буруутгах гэхээрээ хуульд байгаагүй үндэслэлээр хуульд байхгүй зүйл хэсгийг зохиож гаргаж ирээд хүнийг битгий буруутгаач. Өөрсдийн чинь ажлын байгаа байдал ийм нүүр царайтай байгаад байна. Гаднаас хүн дүгнээд харахад иймэрхүү л байгаад байна.

Хоёрдугаарт зөвшөөрөлгүй гэрэл зураг авч дуу, дүрс бичлэг хийж дамжуулж тараах Эрүүгийн хуульд заасан байдаг. Удирдах албан тушаалтны өрөөнд ийм бичлэг хийж болохгүй гэсэн хууль байхгүй. Уг заалт дээр оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд эсхүл гадна талаас нь орсон байрны доторх орцны гэрэл, зураг авч эсхүл дуу, дүрсний бичлэг хийж олон нийтэд тараасан бол гэж байгаа. Б.О******************* чинь олон нийтэд тараасан уу, тараагаагүй. Тэр өдөртөө устгачихсан. Захиргаа хувийн компани юм уу, хувийн компани ч гэсэн хууль нь сахигдаж байдаг. Энэ байдалдаа дүгнэлт хийгээрэй. Зөрчлийн тухай хуулиар зохицуулагддаггүй. Ёс зүйн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулиараа зохицуулагдах зүйл. Аль ч хуульд гар утсандаа бичлэг хийсэн бол зөрчил болно гэсэн заалт байхгүй. Янз янзын хуулийн заалтууд барьж наагаад хүнийг буруутгаж ажил албан тушаалтнаас нь халж хүнийг хохироож болохгүй. Дарга уурлаад загнаад байвал та нар урдаас нь инээгээд зогсож байх юм уу. Болсон үйл явдал, болж байгаа үйл явдалд бодитой дүгнэлт хийх нь хуульд нийцнэ гэж үзэж байна. Энэ байдалд дүгнэлт хийхийг шүүгчээс хүсэж байна. Өмнөх шүүх хуралд гэрч байгаа гэж байсан. Гэрч гэдэг чинь хуульд нийцэж байх ёстой. Хууль сануулж, танилцуулж гэрчийн мэдүүлэг авдаг. Хууль сануулж, танилцуулсан гэрчийн мэдүүлэг авсан нь хаана байгаа юм. Ам амаар дамжсан хэдэн яриа цаасан дээр бичээд ирсэн тайлбар гэсэн юм байгаа бол байгаа байх.

Ц.Б*******************  гэрч, Б.Б******************* гэрч, Засаг дарга өөрөө хохирогч гэсэн байна. Засаг дарга хохирогч юм бол хохирсон тухайгаа тэр хүнээ нотлоорой гэж өмгөөлөгчийн хувьд та нарт хэлмээр байна. Эрх зүйн үндэслэлээ зөв барь. Төрийн албан хаагчийг Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйл дээр ажлаас нь халах 4 үндэслэл байгаа. Тэр 4 үндэслэл дотор энэ хүн багтахгүй байна. Мөн хуулийн 47.1.4-т бусад гэсэн үндэслэл байгаа. Бусад ямар зөрчил гаргачихаад энэ хүн ажлаас халах болсноо нотлоод тогтоочих. Үүний дараагаар ажлаас нь халчих. Ингэж хууль буруу битгий хэрэглэ, хуулиа буруу битгий тайлбарла. Үндсэн хуулиар баталгаажсан хүний эрхийг бүр ноцтойгоор зөрчсөн байгаа юм. Ямар ч баталгаа нотолгоогүйгээр арга хэмжээ аваад ажлаас нь халсан. Энэ хүний ард 6 наснаас 14 насны арван гурван охин байна. Хүнд өвчтэй эцэг, эх нь байна. Хоёр хүний цалингаар амьдрах ямар, нэг хүний цалингаар амьдрах амьдрах ямар вэ. Өөрсөдтэйгөө зүйрлүүлж бодож бай. Дарга чинь бурхан биш, дарга чинь ноён биш. Төрийн албаны тухай хуульд даргын хууль бус үйл ажиллагаа ажиллагааны үр дагаврыг танилцуулж өгч байна гээд тийм эрх өгчихсөн байгаа.

Засаг даргын захирамжаар Б.О*******************-ийг буруутгасан хоёр дахь үндэслэл нь юу вэ гэхээр Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1.2 гэсэн зүйл заалтаар буруутгадаг. Энэ өөрт нь хамааралгүй заалт байгаа. Р.М*******************дарга Б.О*******************-ийг Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйл 9.1.2-т аймаг, нийслэлийн Засаг дарга нь аймаг, нийслэлийн ерөнхий архитекторыг дөрвөн жилийн хугацаагаар томилох эрхтэй гэж мөн Төрийн албаны тухай хуулийн 27 зүйлийн хорин 27.2-т заасан төрийн жинхэнэ албан тушаалтны сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан сонгон шалгаруулалтаа явуулах захиалгыг төрийн албаны холбогдох шатын байгууллагад хүргүүлнэ гэж заасныг зөрчсөн. Энийг хэн зөрчөөд байгаа юм бэ. Б.О******************* зөрчөөгүй. Засаг даргын Тамгын газар сонгон шалгаруулалт явуулснаар хууль бус гэж үзэж байна гэсэн. Тэр үед нь Тамгын газартаа гомдлоо гаргахгүй яасан юм бэ. Б.О*******************-ийг ажлаас халагдахад хуулийн энэ заалт ямар хамаа байна. Өөрсдийнхөө ажлын зохион байгуулалт уялдаа холбооноосоо болоод хоорондоо маргалдсан маргаанаа энэ хүнийг ашиглахаас халах заалт болгочихдог юм уу. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан” гэсэн заалт байгаа. Засаг дарга, байгууллага хоёр хоёулаа зарлаж болохоор харагдаж байна. Засаг даргын Тамгын газар тухайн орон нутгийн Засаг дарга шууд захирагдана. Түүнд туслан гүйцэтгэх эрх бүхий үйлчлэх ёстой төрийн захиргааны байгууллага нэг нь Тамгын газар байна. Энэ байгууллага өөрийн дотоод орон тоо бүтцэд хамаарах сул орон тооны албан тушаалтны сонгон шалгаруулалтыг зарлан гүйцэтгэх эрх бүхий байгууллага юм. эрх Ийм учраас Засаг даргын Тамгын газрын сул орон тоо захиалгыг буруу хийсэн гэх хууль зүйн үндэслэл байхгүй. Захиргааны ерөнхий хуульд заасан зохицуулалтыг хэрэглэнэ. Аймаг орон нутгийн хэмжээнд аймаг орон нутгийн нөлөөлөл ийм хүнд хэцүү байна. Хуулийн хэлтсийн ажилтнууд нь Засаг даргынхаа урдаас үг дуугарах эрхгүй болтлоо амаа хаалгачихсан байна. Хууль буруу тайлбарлаад, буруу хэрэглээд хууль зүйн үндэслэлгүйгээр хүнийг ажлаас халаад байж болохгүй. Энэ байдалд дүгнэлт хийгээрэй эрхэм хүндэт шүүгч ээ.

Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн аймгийн ерөнхий архитектур албан тушаалын сул орон тоог зарлан гүйцэтгэсэн үйл ажиллагааг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т заасныг зөрчөөгүй гэж үзэж байна. Мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4-т “Засаг даргын мэргэжлийн байгууллага, хувь хүмүүстэй гэрээ байгуул” гэсэн заалт байдаг. Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3, 9.1.4, 9.1.5 гэсэн заалтуудад аймгийн ерөнхий архитектор гэдэг хүн ямар хэмжээний юу хийдэг хүн байдаг вэ гэдгийг эд нар хольж хутгаад байдаг юм байна лээ. Барилгын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-д заасан ажил мэргэжилдээ мэргэшсэн зэрэгтэй архитектор, хот төлөвлөлтийн мэргэжилтэн эсвэл мэргэжлийн байгууллага, хуулийн этгээд оролцож болно гэсэн байдаг. Танай орон нутагт Барилга захиалагчийн хяналтын газар гэж том газар байдаг юм байна. Энэ газрын даргыг аймгийн Засаг дарга өөрөө томилдог юм байна. Тэр газрын даргад Б.О*******************-д тавиад байгаа шаардлагуудаа тавих ёстой юм байна. Уг удирдах албан тушаалтантай хот байгуулалт төлөвлөлт, эдийн засгийн үзүүлэлт юу гэдэг юм тэр бүх юмыг хамаарч гэрээ хийгээд гэрээний үндсэн дээр Барилгын тухай хуульд зааснаар ажиллах эрх бүхий байгууллагууд байгаад байна. Тэр эрх бүхий байгууллагын эрх хэмжээг Б.О*******************-д овоолоод ийм ажил хийх ёстой хүн, чиний ажил мэргэжил таарахгүй байна гэдэг нь хууль буруу тайлбарлаад, хууль зөрчөөд ажил мэргэжлийнх нь дагуу өөрийнх нь олж авсан үндсэн мэргэжлийнх нь дагуу ажил хийл хийлгэхгүй гээд ялгаварлан гадуурхах явагдаад байгаа. Төрийн албаны салбар зөвлөлөөс ирсэн бичиг маш тодорхой бичсэн байсан. Хөвсгөл аймгийн Засаг даргын 5 дугаар сарын 27-ны өдрийн 5/1001 тоот дугаартай дүгнэлтэд  Б.О******************* намайг хууль бусаар бичлэг хийж төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил гаргасан гэж дүгнэх энэ дүгнэлт үндэслэл нь Хөвсгөл аймгийн Засаг даргын 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн Б/47 тоот захирамжаар намайг Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн аймгийн ерөнхий архитекторын ажлаас халсныг хүлээн зөвшөөрөхгүй гомдолтой байна гэж бичжээ. Ёс зүйн дэд хорооны дүгнэлт нь Хөвсгөл аймгийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/305 тушаалаар аймгийн ерөнхий архитектурын албан тушаалын тодорхойлолт мэргэжлийн хэсэгт архитектур 073 гэсэн индекс байгааг заасан байна. Хот байгуулалтын архитектурын ландшафтын архитектур 07106 гэсэн мэргэжил хамаарч байна. Энэ нь Боловсрол, шинжлэх ухааны яамны сайдын 2017 онд батлагдан мөрдөгдөж байсан болон 2022 онд шинэчлэн батлагдах мэргэжлийн чиглэл, хөдөлмөрийн нэр нь индексийн архитектур ба барилга угсралт 073, төрөлжсөн чиглэл нь хот байгуулалт архитектур 0733106, ландшафтын архитектур 073106 гэсэн мэргэжлүүд хамаарч байна гэснийг тодорхойлж өгсөн байна. Хөвсгөл аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 104 дугаартай тогтоолоор Хөвсгөл аймгийн Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулсан хэлтсийн аймгийн ерөнхий архитектур албан тушаалд Б.О*******************-ийг томилуулахаар нэр дэвшүүлсэн гэж байна. Хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримтуудад анхаарал тавьж дүгнэлт хийнэ гэдэгт итгэж байна.

Ёс зүйн дэд хорооны дүгнэлтийг гаргахдаа байгууллагынхаа нэр, хаяг албан бланкийг хэрэглэх эрхтэй гэж тайлбарлаж байсан. Хэрэглэх эрхтэй ч гэсэн ёс зүйн дэд хорооны дүгнэлт гэж зөв бичих ёстой. Ёс зүйн дэд хорооны дүгнэлт хүргүүлэх тухай гэсэн албан тоот байгаа. Эрх зүйн акт гаргах үндсэн шаардлагыг зөрчсөн зөрчилтэй эрх зүйн дүгнэлт болчихсон байгаа. Мөн Засаг даргын өгсөн өргөдлийн огноо 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдөр гэсэн байгаа. Огнооны алдааг техникийн алдаа гэж бодоход хуульд байхгүй юмыг хуульд байгаагаар тайлбарлаж байгаа тайлбарыг би юу гэж ойлгох вэ. Энэ үнэхээр байж болохгүй зүйл. Хот байгуулалтын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.4-д гээд Засаг дарга захирамждаа нэг бүрчлэн оруулсан байгаа. Мөн Зөрчлийн тухай хуулиар зөрчил гаргасан этгээдийг тусгай субъект буюу цагдаа, прокурор шалгаад шүүхэд ирээд шүүх арга хэмжээгээ авна. Захирлын арга хэмжээ авдаггүй юм. Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авсан нь зөв гэж тайлбарлаад байсан. Энэ байдлаар шүүх дүгнэлт хийгээч. Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил гаргасан гэж үзээд байгаа юм Зөрчлийн тухай хуулийг захиргаа шалгахгүй. Шалгах субъект нь тусдаа тусгай субъект шалгана. Ийм журамтай.

Хөөн хэлэлцэх хугацааны тухай ярихад хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй. Урьдчилан шийдвэрлэх шийдвэрлүүлэх хуулийн дагуу Б.О******************* төрийн албаны ёс зүйн дэд хорооны дүгнэлтийг Төрийн албаны зөвлөлийн дэргэдэх ёс зүйн хороонд нь гомдлоо гаргасан. Засаг даргын Б/47 дугаар захирамжийг хууль бус боллоо гээд Төрийн албаны зөвлөлд нь гомдлоо гаргасан. Хариу ирсэн бичиг баримтууд нь дандаа хуулийн хугацаанд ирсэн. Өөрөөр хэлбэл, 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн Б/47 дугаартай захирамжийг Б.О******************* нь 19-ний өдөр гардаж аваад 19-ний өдрөө ажлаа өгөөд 20-ны өдөр гомдлоо гаргасан. Засаг даргын захирамжид гомдлоо 07 дугаар сарын 03-ны өдөр явуулсан. Хуулийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тасарсан гэж үзэх боломжгүй. Дууссан хойно гомдлоо гаргасан гэж ярих боломжгүй юм. Ажлаас чинь халлаа гээд халчихсан байж ажлаас халсан захирамжаа гардуулж өгөөгүй. Гардуулж өгнө гэсэн хуулийн заалтыг барьчихсан байгаа. Төрийн албаны зөвлөлийн хариу нь 8 дугаар сарын 15-ны өдөр гарсныг 23-ны өдөр хүлээж аваад шүүхэд 9 дүгээр сарын 12-ны өдөр гомдлоо гаргасан байна. Хөөн хэлэлцэх хугацаа хоцорсон гэх хууль зүйн үндэслэл байхгүй байна. Захирамж болон ёс зүйн дэд хорооны дүгнэлт нь илт хууль хууль бус эрхийн актууд. Тэгэхдээ миний үйлчлүүлэгч хууль бус болохыг тогтоож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргачихсан юм байна лээ. Илт хууль бус юм гээд дахиад нэхэмжлэлийн шаардлага өөрчлөхөд цаг хугацаа орно. Тэгэхээр цаг хугацааг хэмнээд аль нь ч гэсэн ялгаагүй юм даа ач холбогдлын хувьд эцсийн үр дүн нь адилхан юм даа гэж бодоод хууль бус гэдгээр нь өмгөөлөгч тайлбараа хэлж байгаа. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 103-д заасан үндэслэлээр хууль бус эрхийн акт мөн болохыг тогтоогоод, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар ёс зүйн дэд хорооны дүгнэлт болон Засаг даргын тушаалыг хүчингүй болгож, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.12-т заасан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах хууль зүйн үндэслэлтэй байна. Б.О*******************-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгөөч гэсэн хүсэлтээ шүүхэд оруулж байна” гэв.

Дөрөв. Хариуцагчийн хариу тайлбар

4.1. Хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Аймгийн Засаг даргад холбогдуулан “...Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын ёс зүйн хорооны 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 5/1001 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгох, аймгийн Засаг даргын 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн Б/47 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд буцаан томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөж төлүүлэх...” гэх Б.О*******************ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг гардан авч дараах хариу тайлбарыг хүргүүлж байна.

Б.О******************* нь аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн аймгийн Е******************* тушаалд ажиллаж байх хугацаандаа аймгийн Засаг даргын албан өрөөнд орохдоо гар утсаараа бичлэг хийж, бичлэг хийсэн тухайгаа өөр албан хаагчид хэлсэн байсан (гүйцэтгэх ажиллагааны нэг хэлбэр) бөгөөд уг үйлдэлд нь аймгийн Засаг дарга ёс зүйн хороонд гомдол гаргасан. Уг бичлэг хийсэнтэй холбоотой аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн албан өрөөндөө дуудан “...бичлэг хийж болохгүй энэ үйлдлийг хуулиар зохицуулсан байгаа...” талаар хэлэхэд Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэний өрөөнд гар утсаараа дахин бичлэг хийсэн.

Уг бичлэг хийсэн үйлдэлд нь аймгийн Засаг дарга Ёс зүйн хороонд гомдол гаргасан ба аймгийн Засаг даргын Тамгын газрын Ёс зүйн хорооны 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 5/1001 дугаартай дүгнэлтээр Б.О*******************-ийг ёс зүйн зөрчил гаргасан гэх дүгнэлт гаргасан. Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйл “...Төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь халах...” уг хуулийн 47.1.4 дэх хэсэгт “...энэ хуульд заасан бусад үндэслэл...” гэсэн ба Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4 дэх хэсэгт “...төрийн албанаас халах...” гэж заасны дагуу ёс зүйн хорооны дүгнэлтийг үндэслэн аймгийн Ерөнхий архитекторыг томилж, чөлөөлөх эрх бүхий албан тушаалтан (аймгийн Засаг дарга) “...Б.О*******************-ийг албан тушаалаас халах тухай...” 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн Б/47 дугаар захирамж гаргасан нь үндэслэлтэй.

Иймд “... Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын ёс зүйн хорооны 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 5/1001 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгох, аймгийн Засаг даргын 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн Б/47 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд буцаан томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөж төлүүлэх...” гэх нэхэмжлэлийн 4 шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байгаа ба нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгуулах саналтай байна.”гэжээ.

4.2. Хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******************* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Өмнөх хуралдаан дээр хоёр бичлэг хийсэн, нэг бичлэг хийсэн гээд сүүлдээ нэг л бичлэг хийсэн гэж байсан. Өнөөдрийн хувьд огт бичлэг хийгээгүй юм шиг юм тайлбарлаж ярьж байна. Ёс зүйн дэд хорооны дүгнэлтийг үндэслээд Б.О*******************-ийг ажлаас нь халсан. Мөн бичлэг хийсэн, хийгээгүй гэдэгтэй холбоотой өөрийнх нь гаргасан тайлбар байгаа. Хэрэгт нотлох баримтын шаардлагаа хангуулаад авагдчихсан байгаа баримт. 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн өөрийнх нь гаргасан гарын бичигтэй хэлсэн тайлбар байгаа. Шүүхэд үнэн зөв мэдүүлэг тайлбар гаргах үүрэгтэй. Энэ дээрээс нь харах юм бол Б.О******************* шүүхэд худал мэдүүлэг өгч байна гэж үзэхээр байна. Өөрийнхөө гаргасан тайлбарынх нь хэсэг дээр Б.О******************* би хуулийн хэлтсийн Б.Б******************* аймгийн Засаг даргатай ижилхэн дарамт үзүүлэх юм байна гэж айгаад бичлэг хийж эхэлсэн. Хуулийн хэлтсийн ахлах Б.Б******************* надад хандан тантай холбоотой гомдол ирсэн. Та нууцаар бичлэг хийсэн үү, та хууль цагдаагийн ажилтан биш, та одоо ч гэсэн бичлэг хийж байна уу гэж надаас асуусан. Б.О******************* би тийм бичлэг хийж байна гэдэг өөрийнх нь тайлбар дээр бичсэн байгаа. Хоёр дахь хуудас дээр маргааш орой нь буюу 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн өдөр яг бичлэг хийснээсээ хойш хоёр хоногийн дараа маргааш орой нь хариу хэлье гээд устгасан гэдгээ ярьдаг. Маргааш орой буюу 17 цагт Б.О******************* би хууль зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Б*******************ын 90998030 дугаарын утас руу миний буруу юм байна. Иймд бичлэгээ устгая гэж мессеж бичихэд хуулийн хэлтсийн ахлах Б.Б******************* надад харуулж байгаад устгаарай гэж хариу бичсэний даруй маргааш өглөө нь буюу 2024 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 10 цаг орчимд хуулийн хэлтсийн ахлах Б.Б*******************д харуулж байгаад хоёр ширхэг бичлэгээ устгахад хогийн саванд үлдсэн бичлэгээ бас устгахыг сануулж цугтаа хоёр ширхэг бичлэгийг устгасан гэсэн өөрийнх нь ёс зүйн дэд хороонд гомдол гаргасантай холбоотой тайлбар мэдүүлэг байгаа. Хөөн хэлэлцэх хугацаа би өмнөх хурал дээр хэлсэн. Захирамжаа гардаж аваагүй гэж ярьж байх шиг байна. Захирамжаа гардаж аваагүй байсан бол өнөөдөр ажлаа хийх боломжтой. 6 дугаар сарын 17-ны өдрийн Б/47 захирамжийн гурав дахь заалтаараа захирамжийг албажуулснаас хойш нэг өдөрт багтаан ажил хүлээлгэх дүнг танилцуулахыг ажил хүлээгч комисс Б.О*******************-д , ээлжийн амралт холбогдох тооцоог хийхийг Засаг даргын Тамгын газар Б*******************  нарт тус тус үүрэг болгосугай гээд тухайн өдөртөө ажлыг нь хүлээлцсэн. Тухайн өдөртөө шийдвэрийг нь ажлын хэсэг гараад ажлын хэсэг танилцуулаад гардуулж өгсөн. Ийм учраас гардаж аваад гомдлоо гаргаад явж байгаа байх. Гэрчийн мэдүүлэг гээд өмгөөлөгч түрүүн хэлж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар ажиллагаанд гэрчээс мэдүүлэг тайлбар авахдаа хууль сануулж авдаг. Үүнтэй холбоотой зүгээр өөрсдөөс нь тайлбар авсан. Тэр мэдүүлгээр нотлогдож байгаа тэрийг нь бас хэлмээр байна. Мөн Б.О******************* санал хэлэхдээ шүүх бараг залхаан цээрлүүлдэг юм байна, хоног хугацаа ингэлээ тэглээ гэдэг зүйл ярьж байна. Өмнөх удаагийн шүүх хуралдаан хойшилсон үндэслэлүүд нь өөрсдийнх нь талаас нь шалтгаалсан. Манай талаас ямар нэгэн хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулж байгаагүй гэдгийг өөрт нь хэлмээр байна. Өмгөөлөгч маань ч өвчтэй, өмгөөлөгч авах хүсэлтэй байна гэж хоёр удаа хойшилсон. Энэ талаар хэрэгт авагдчихсан байгаа. Тэрийгээ шүүх рүү чихээд байгаа юм шиг ямар нэгэн байдлаар шүүх залхаан цээрлүүлдэг гэх утгатай зүйл яриад байх нь бас зохимжгүй байх. Шүүх хуралдаан дээр жоохон ёс зүйтэй байгаарай. Шүүхэд хандаж мэдүүлэг тайлбар гаргахаас биш хариуцагч талаас явж байгаад бид нар луу ёс зүйн зөрчил гаргаж байгаа юм шиг ийм ёс зүйгүй үйлдэл гарахгүй байхыг хүсэж байна. Мөн Засаг даргын өрөөнд Ц.Б*******************  гэдэг хүний нөөцийн мэргэжилтэнтэй орох ёсгүй байсан гэдэг зүйлийг хэлээд байна. Тэр Ц.Б*******************  гэдэг хүнийг Засаг дарга дуудсан. Б.О******************* өөрөө дагуулж ороогүй. Засаг дарга хэнийг дуудаж үүрэг, чиглэл, даалгавар өгөх нь өөрийнх нь эрх хэмжээний асуудал. Б.О*******************-ийг ажлаас чөлөөлөө хал гэдэг шийдвэрийг хүний нөөцдөө л өгнө гэсэн үг. Хүний нөөц тухайн шийдвэрийг боловсруулах ажлын байрны тодорхойлолт чиг үүрэг нь өөрийнх нь хүний нөөцийн асуудал байгаа. Засаг дарга П.Л******************* ёс зүйгүй үйлдэл гаргасан гэж гаргасан гомдол байхгүй. П.Л******************* гэдэг хүн ажилтныхаа хувиар гомдол гаргасан. Тэр гомдлыг нь ёс зүйн дэд хорооны ажиллах журам, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулиараа бариад шийдвэрлэсэн. Өмнөх хурал дээр нотлогдсон, хүлээн зөвшөөрсөн гэдэг зүйл ярьж байна. Өмнөх хурал дээр нэхэмжлэлийн шаардлагын ямар ч хэсгийг бүүр хэлсэнчлэн ч гэсэн хүлээн зөвшөөрөөгүй. Нотлогдсон зүйл байхгүй. Шүүхийн шийдвэр гараагүй байхад шүүхийн өмнөөс дүгнэлт хийгээд байна. Шүүхэд нөлөөлөх гэж байгаа юм шиг субъектив хандлагыг гаргаж байна. Ёс зүйн дэд хорооны шийдвэртэй холбоотой хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиараа шүүхэд 30 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй. Ёс зүйн зөрчилтэй холбоотой асуудалтай гомдлыг зөвхөн шүүхэд 30 хоногийн дотор гаргана. Та ямар ч байсан Ёс зүйн тухай хуулиа нэг харчхаарай. Тэр дээр бичээстэй байгаа. Хууль зохиож ярьдаг гэж байна. Өмнөх хурал дээр Зөрчлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 22.1, 22.2, 22.3 дахь заалтад заасан байгаа. Ямар нэгэн байдлаар бид нар өөрсдөө хууль гаргадаг, хууль санаачилдаг, хууль баталдаг эрх бүхий албан тушаалтан биш. Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын албан бичгийг нотлох баримтын шаардлага хангуулаад өнөөдөр өгсөн. Уг өгсөн үүрэг даалгаврын үндсэн дээр Б.О*******************-д энэ газрыг иргэнд олгуулж болох уу, үгүй юү гэдэг дээр асуухад болно. Энэ Монгол Ардын намын газрыг иргэнд шилжүүлээд өгчихье гэдэг өөрийнх нь тэр үүргийг удаасан гэдэг дээр л юм яригдаж байгаа. Үүнтэй холбоотой Засаг дарга ингэсэн тэгсэн гэж байгаа. Б.О******************* тэр хоёрын хооронд ямар харилцаа үүсэж байсныг бид нар мэдэх боломжгүй. Б.О******************* үнэн хэлж байгаа, худлаа хэлж байгааг ч бид нар мэдэх боломжгүй. Яагаад гэвэл би хажууд нь байгаагүй, энэ танхимд байгаа ямар ч хүн хажууд нь байгаагүй. Тухайн бичлэг нэр төрд нь халдахаар байсан юм уу, өөрөө үзээгүй байж тэрийг устгалаа гэдэг зүйл ярьж байна. Хэрвээ тэр бичлэгийг би үзсэн байх юм Зөрчлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.22.1-т заасан нийтэд тараах болон бусдад үзүүлэх гэдгээрээ хангачихна тэгээд хангуулаад эсвэл цагдаагийн байгууллагаараа шалгагдаад явах байсан юм уу. Хариуцагч талд хэлсэн. Жоохон ёс зүйтэй хандлага гаргаач. Субъектив хандлага битгий гаргаарай гэдэг юм хүссэн байгаа.” гэв.

4.3. Хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх Ёс зүйн дэд хороо шүүхэд ирүүлсэн тайлбартаа “Нэхэмжлэгч Б.О*******************ээс аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Ёс зүйн дэд хороонд холбогдох нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Б.О******************* нь аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэст аймгийн Ерөнхий архитектораар ажиллаж байсан бөгөөд Б.О*******************-ийн үндсэн ажил, албан тушаалын чиг үүрэгтэй хамаарах асуудлаар аймгийн Засаг дарга П.Л******************* албан ажлын өрөөндөө дуудаж хууль тогтоомж, бүрэн эрхийн хүрээнд үүрэг чиглэл өгч, шүүмжлэхэд нь нууцаар дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг хийсэн. Тус үйлдлийг мэдсэн аймгийн Засаг дарга П.Л******************* аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Б*******************ыг дуудаж, “...Б.О*******************-ийг хууль зөрчиж байгаа талаар зөвлөгөө мэдээлэл сайн өг” гэсэн үүрэг өгч, аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Б******************* аймгийн Ерөнхий архитектор Б.О*******************-ийг ажлын өрөөндөө дуудаж бусдыг нууцаар чагнах, дуу, дүрсний бичлэг хийсэн үйлдэл чинь хууль зөрчсөн үйлдэл хэмээн зөвлөхөд Б.О******************* нь мөн Б.Б*******************ын яриаг нууцаар бичсэн үйлдлийг давтан гаргасан. Энэ талаар аймгийн Засаг дарга П.Л******************* аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Ёс зүйн дэд хороонд гомдол гаргаж, Ёс зүйн дэд хорооноос гомдлыг Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, Ёс зүйн дэд хорооны ажиллах журмын дагуу шалгаж, Б.О******************* нь аймгийн Засаг дарга П.Л******************* -ын албан ажлын өрөөнд болон аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Б*******************ын албан ажлын өрөөнд нууцаар дуу-дүрсний бичлэг хийсэн үйлдэл нь Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, Төрийн албаны тухай хуулийг зөрчсөн үйлдэл мөн хэмээн үзэж дүгнэлт гаргасан. Иймд Б.О*******************-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

4.4. Хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх Ёс зүйн дэд хорооны дарга Р.М*******************шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Ихэнхдээ би оюутан ширээнд сууж багшаар хичээл заалгаж байгаа юм шиг эгчийн дүү, залуу хуульчид гэх мэтчилэн ийм хандлага гаргаж хууль, шүүхийн өмнө эрх, тэгш байх мэтгэлцэх зарчмын хүрээнд явах боломжийг хангахгүй, ёс зүйгүй үйлдэл гаргаад хариуцагч руу дайрсан хандлагатай байна. Чи тэгсэн, та нар тэгсэн гээд байна. Шүүхэд тайлбараа гаргаж өгч байгаа. Тэгэхээр нэхэмжлэлийнхээ тайлбараа жаахан ёс зүйтэй гаргаач гэдгийг бас хүсэх байна. Анхнаасаа гаргаж байгаа хувь хүнийх нь хандлага ёс зүй нь ямар байна вэ? гэдгийг харуулж, харагдаж байгаа гэж ойлгож байгаа. Б.О******************* нь 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газарт Хөвсгөл аймгийн ерөнхий архитектураар томилогдсон. 4 дүгээр сарын 23, 24-ний өдрүүдэд энэ тухай гомдол гаргаж байсан. Ёс зүйн дэд хороо яг л хуулийнхаа дагуу процессынх нь хүрээнд бүх  харилцаанд орсон оролцогч талуудаас тайлбар мэдээллийг авсан. Намайг уранхай цаасан дээр хэвлэж өгсөн гэдэг асуудал ярьсан. Би иргэн ч, төрийн албан хаагч ч орж ирсэн уранхай цаас ашигладаггүй. Яг хэлтсийнхээ албан хаагчдын дунд бичиг, тоотыг цохох хуулбарлаж өгөх асуудал гарах юм бол эдийн засгийн төсөв санхүүг хэмнэх үүднээс урагдаагүй нэг талдаа гарсан цаасыг ноорог байдлаар хэвлэж өгдөг. Яг хэлтэстээ дотооддоо тэгж ашигладаг болохоос бусад хүмүүст уранхай цаас ашигладаггүй. Худлаа, үнэн ярьж бусдыг санаатай байдлаар эвгүй байдалд оруулах гэж байгаа юм шиг ярьж байгаа нь үнэндээ л ёс зүйн хувьд доголдолтой байна гэж харагдаж байгаа.

Төрийн албаны тухай хууль, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль дээр байгаа төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг бүхэлд нь зөрчиж байна. Ямар ёс зүйн хэм хэмжээ байна вэ гэхээр Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7 дугаар зүйлд “Төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд дараах ёс зүйн хэмжээг нийтлэг ёс зүйн нийтлэг хэмжээг сахина. Зан харилцаа, үг, үйлдлээр хүний эрх, эрх чөлөө нэр төр, алдар хүнд, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэнэ” гэж заасан. Зан харилцааны хувьд үг, үйлдлээрээ бусдын өрөөнд эрх бүхий улс төрийн өндөр албан тушаалтны өрөөнд нууцаар одоо тоног төхөөрөмжөөр бичлэг хийж тэрийгээ гаргаж ирж бусад хүнд Засаг даргын яриаг сонс, бичээд авчихлаа дараа нь үзнэ биз гэсэн. Дараа нь зөрчлийг нь арилгуулах, анхааруулах байдлаар хууль зүйн хувьд өөрийнх нь эрх ашигт нийцүүлж өөрийг нь эрсдэлээс хамгаалахын тулд зөвлөмж өгөхөөр дуудахад бас урдаас нь бичлэг хийж үүнийгээ сүүлд нь би худлаа айлган сүрдүүлэх гэж тэгсэн юм гэж өмнөх шүүх хуралдаан дээр тэгж хэлж байгаа нь хууль ёс, шударга ёсыг дээдлэн ашиг сонирхлын зөрчлөөс ангид байхыг зөрчиж байна. Монгол Ардын намын эзэмшлийн 270 хэдэн метр квадрат газар байгаа. 130 хэдэн метр квадрат нь хашаатай. Анх 2008, 2009 оны үед газар эзэмших эрхийн гэрчилгээг нь олгоход нь 137 хэдэн метрийг нь хашаалаад үлдсэнийг нь 2009 оноос хойш одоог хүртэл яг хүрэн байшин шиг ийм л газар байгаа. Тэрийг нь нийтийн эзэмшил доогуураа инженерийн шугам сүлжээтэй. 1, 2 дугаар конторыг нь би мэдэхгүй. Доогуураа дулааны болон цэвэр усны таван хос хийх шугамтай, бохир усны шугам, хоолойтой. Ийм газрыг нийтийн эзэмшилд нь байлгая гэж анхнаасаа аймгийн Засаг дарга эрх шилжүүлэх төсөл орж ирснээс хойш үүнийг хоёр жилийн хугацаанд ашиглаагүй учраас нийтийн эзэмшилд шилжүүлнэ гэдэг байдлаар хандсан. Тэгтэл энэ хүн нийтийн эзэмшилд шилжүүлэхгүйгээр Монгол Ардын намаас 270 хэд метр квадрат газрыг бүхэлд нь иргэн Д******************* -т   нь шилжүүлэх нь зүйтэй юм гэдэг тийм байр сууриар хандаж ирсэн. Энэ ашиг сонирхлын зөрчил байна. Өөрөө 2023 оны арван 12 дугаар сард Монгол Ардын намын гишүүн байж байгаад Монгол Ардын намаасаа гараад төрийн албанд оронгуутаа 24 хоногийн дотор Монгол Ардын намын эрх ашгийг хангах гэж эрх ашиг хөндөх гэж байгаа газрыг шилжүүлье гэсэн. Нэхэмжлэгч газар эзэмшүүлэх үү, шилжүүлэх үү, ашиглуулах уу гэдэг дээр ямар ч эрх хэмжээ байхгүй. Барилга хот байгуулалтын тухай хуулийн салбарын хуулиудын хүрээнд асуудал ярихаас газрын асуудал дээр эрх хэмжээ байхгүй. Дээрээс нь байгууллагын соёл, дэг журам, албан харилцааны ёс зүйг чанд сахих, бусдын нэр нэр хүндэд харшилсан аливаа үйлдэл гаргахгүй байх ёс зүйн хэмжээ байдаг.

Гэтэл бусдын эрх, ашиг нэр хүндэд харшилсан аливаа үйлдэл гаргахаар бичлэгийг нь хийгээд дараа нь Засаг дарга өөрөө үзнэ биз гэсэн. Багаар ажиллах, суралцах, шинэ санаа санаачилгыг дэмжих, хамт олны итгэлцлийг эрхэмлэх, удирдах албан тушаалтны итгэлийг дааж ажиллах гэж байгаа. Удирдах албан тушаалтан хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд чи аймгийн ерөнхий архитектур учраас энэ газар доогуур инженерийн шугам сүлжээ байна уу, хамгаалалтын зурвас зөрчих юм уу, гэдэг дээр дүгнэлтээ гаргаад ир гэхэд Монгол Ардын намд өгье гэсэн. 135 метр квадрат газар 10х13 харьцаатай газар голоор нь шугам явлаа гэхэд хоёр тийшээ хамгаалалтын зурвас нь таван метр. Монгол Улсын Засгийн газрын 2024 оны тогтоол байгаа.

Мөн төрийн албан хаагчийн ёс зүйн нийтлэг шаардлага буюу бусдын нэр, төр, алдар хүндэд халдаж төрийн өндөр албан тушаалтны өрөөнд орж нууцаар бичлэг хийж байгаа нь Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан нийтлэг шаардлагыг бүхэлд нь зөрчиж байгаа асуудал. Сая тайлбар дээрээ ёс зүйн дэд хорооны 5 дугаар сарын 27-ны өдөр гарсан дүгнэлтийг 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээж аваад 6 дугаар сарын 20-ны өдөр ёс зүйн хороонд гомдол гаргасан гэж байна. Төрийн албан хаагчийн ёс зүйн дэд хорооны ажиллах журам дээр юу гэж заасан байна гэхээр Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.5-д “Төрийн албан хаагчийн ёс зүйн дэд хорооны дүгнэлтийг эс зөвшөөрвөл гомдол мэдээлэл гаргасан этгээд түүнд мэдэгдсэнээс хойш 14 хоногийн дотор харьяалах дээд шатын байгууллагын дэд хороонд гомдол гаргана” гэж байгаа юм. Ёс зүйн дэд хорооны дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд 14 хоногийн дотор Монгол Улсын Ёс зүйн хороонд гомдлоо гаргана. Тэгтэл нэхэмжлэгч 6 дугаар сарын 20-ны өдөр гомдлоо гаргасан. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д төрийн албан хаагч ёс зүйн хариуцлага хүлээлгэсэн шийдвэрийг үндэслэлгүй хийж үзвэл гомдлоо уг шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан. Төрийн албаны зөвлөлд, Төрийн албаны зөвлөлийн дэргэдэх ёс зүйн хороонд гэж заагаагүй. Нэхэмжлэгч ёс зүйн дэд хорооны дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй гэж ёс зүйн хороонд гомдол гаргасан байя гэж бодоход 14 хоногийн дотроо гаргаагүй. 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн Б/47 дугаар захирамжийг хүлээн зөвшөөрөхгүй гэж үзсэн бол 30 хоногийн дотор шууд шүүхэд гомдол гаргах эрхтэй байсан. Шүүхэд 9 дүгээр сарын 12-ны өдөр нэхэмжлэлээ гаргасан. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэж үзэж байгаа юм. Б.О******************* өөрөө Хөвсгөл аймгийн ерөнхий архитектурын ажлын байрны сул орон тоог үзээд албан тушаалын тодорхойлолтыг нь үзэж байгаад аймгийн ерөнхий архитектур дээр төрийн албаны тусгай шалгалт өгч орж ирсэн байх гэж бодож байгаа. Одоо би аймгийн ерөнхий архитектур биш. Барилга захиалагчийн хяналтын төвийн дарга аймгийн ерөнхий архитектур. Үүнийг аймгийн Засаг дарга томилох байсан гэдэг асуудлыг ярьж байна. Хөвсгөл аймагт Барилга захиалагчийн хяналтын төв гэж аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар бий. Үүний чиг үүрэг бол өөр.

Барилга захиалагчийн хяналтад дүгнэлт хяналт тавих, яг эцсийн барилга захиалгын явцын хяналтыг тавих. аймгийн ерөнхий архитектор энэ албан тушаалын тодорхойлолтод заасан Барилгын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах Хөвсгөл аймагт баригдах гэж байгаа хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлын зургийн даалгавар зураг төсөв дээр нэгдүгээр гарын үсэг хоёрдугаар гарын үсгийг зурах эрх бүхий албан тушаалтан. Аймгийн ерөнхий архитектураар томилогдож орж ирж хоёр сар гаруй явчхаад т одоо болохоор би аймгийн ерөнхий архитектурыг би хийх ёсгүй юм. Аймгийн ерөнхий архитектурыг барилга захиалагчийн хяналтын төвийн дарга нь хийх ёстой юм гэж үгүйсгэж байгаа нь өрөөсгөл байна гэж хэлэхээр байна.

Газрын тухай хуулийн асуудлыг ярьж байна. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хууль дээрээ 30 хоног гэж байгаа. Газрын тухай хуульд 15 хоногийн дотор шийднэ гэж хууль нэмж зохиож тайлбарлалаа гэж ярьж байна. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т байгаа. Газар эзэмших эрхийг шилжүүлэх тухай хүсэлтийг газрын алба хүлээж авснаас хойш 15 хоногийн дотор аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга шийдвэрлэнэ гээд заачихсан. Газрын албанаас 4 дүгээр сарын 01-ний өдөр ирсэн өргөдлийг  нэхэмжлэгч Б.О*******************-д гардуулж өгөхөд Засаг даргад танилцуулах хүртэл 22 хоног Б.О******************* дээр байсан. Тэгээд аймгийн Засаг дарга дараа 22, 23-ны өдөр орж танилцуулахад өөрөө инженерийн шугам сүлжээ байна. Энэ дээр нь барилга бариг. Монгол Ардын намын эзэмшлээр нь бүхэлд нь иргэн н.Д******************* -т   шилжүүлье гэдэг өөрийнхөө албан тушаалын тодорхойлолтоос давсан, дээрээс нь Барилгын тухай хуулийг зөрчсөн дүгнэлтийг гаргаж ашиг сонирхлын зөрчил гаргаж ажилласанд Хөвсгөл аймгийн Засаг дарга эрс бухимдаад байгаа юм. Хөвсгөл аймгийн Засаг дарга тийм улс төрч хүн биш. Би 2013 онд төрийн албанд орсон. Намайг ороход аймагт Монгол Ардын нам эрх барьж байсан. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нь аль ч намын гишүүн биш намаасаа хөөгдчихсөн тийм хүний үед орсон. 2016 онд Монгол Ардын нам олонх барьж байсан. Тэр үед би аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга хийж байсан. 2020 оноос 2024 онд Ардчилсан нам эрх барьж байсан. Ардчилсан нам эрх барихад би Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга, хэлтсийн дарга, аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн дарга хийж байсан. Энэ үед Хөвсгөл аймгийн Засаг даргаар ажиллаж байсан П.Л******************* төрийн албанд улс төржих хандлага гаргадаггүй. Яагаад гэхээр найман жил аль ч засгийн үед аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн даргаар 8 жил ажилласан учраас урьд урьдын Засаг дарга нараас хамгийн улс төрждөггүй хүн гэж дүгнэдэг. Бухимдсан шалтгаан нь юу байсан бэ? гэхээр аймгийн Засаг дарга Ус сувагт гүйцэтгэх захирал хийж байсан болохоор энэ доогуур ямар шугам сүлжээ явж байгаа гэдгийг мэддэг, өөрөө энэ чиглэлийн мэргэжлийн хүн юм. Тэгтэл энэ хүн зүгээр хашаалчихсан газрыг нь иргэнд шилжүүлье, үүнийг нийтийн эзэмшилд шилжүүлж Тамгын газрын орц, гарцыг чөлөөлье гэж ярихын оронд доор нь шугам сүлжээ байна, дээр нь барилга бариг гэж ёс зүйгүй үйлдэл гаргаж орж ирж байгаа нь ёс зүйгүй байна гэдэг талаас нь асуудал үүсгэсэн юм.

Хуулийн заалтуудтай холбоотой нилээн ярьж байна. Захиргааны ерөнхий хуулийг заавал авдаг юм. Захиргааны акт ямар байдаг юм бичгээр байх юм уу, амаар байх юм уу. Бичгээр гарсан захиргааны актад ямар ямар шаардлага тавьдаг юм. Сөрөг нөлөөлөл бүхий захиргааны актад заавал энэ заалтыг авна шүү гээд бид бүхэнд төрийн дээд шатны байгууллагуудаас заавар, сургалт байнга ордог. Мэдэгдэх ажиллагааг, сонсохыг ажиллагааг гардуулах, эрх, ашиг нь хөндөгдсөн тохиолдолд хэзээ, хаана, хэнд гомдол гаргахыг нь хүртэл заавал дурдаж өгөөрэй гээд зааж зөвлөдөг. Хөдөлмөрийн тухай хуулийг авсан юм. Хот байгуулалтын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.4 дэх заалт гэдэг нь яах аргагүй техникийн алдаа. Төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ноогдуулах, сахилгын шийтгэл ийм ийм төрөлтэй төрийн албанаас халах гэсэн ийм сахилгын шийтгэл ноогдуулна гэдгийг авсан.

Ёс зүйн дэд хорооны дүгнэлтийг хууль бус гэж үзэж байна гэсэн. Бид тайлбарыг нь авсан. Гурван удаа хуралдсан. Өөрийнх нь гаргаж өгсөн тайлбар дээр аймгийн Засаг даргын албан өрөөнд орсон, ингэж бухимдсан, загнасан би бичлэг хийж авсан. Монгол бичгийн хичээл дээр сууж байтал Б.Б******************* дуудсан. Б.Б*******************ын өрөөнд орсон. Бичлэг хийж байна уу гэхэд “Тийм. би бичлэг хийж байна” гэж хэлээд би бичлэг хийсэн гэдэг энэ тайлбарууд нь байсан учраас дүгнэлтдээ удаа дараа гэж авсан. Ямар нэгэн гомдол мэдээллийн шаардлагагүй гэж хэлсэн гэж байна. Шалгах шаардлагагүй гэдгийг өөрөө нэмж тодруулга мэдээлэл авах шаардлага байгаагүй. Б.Б******************* өөрөө хүлээн зөвшөөрсөн. Хүсэлт тайлбараа гаргаад өгсөн. Ц.Б*******************  гэдэг хүн хүлээн зөвшөөрсөн. Тайлбараа гаргаад өгсөн. Б.О******************* өөрөө хүлээн зөвшөөрч тайлбараа гаргаад өгсөн. Хөвсгөл аймгийн Засаг дарга гомдлоо гаргаад тайлбараа гаргаад өгчихсөн. Дөрвөн хүн нэг тайлбар гаргаад өгчихсөн учраас бид нар тэрнээс цаашаа нэмж шалгах шаардлагагүй юм гэдэг үүднээс тайлбарласныг шууд шалгах шаардлагагүй гэж хэлсэн гэдэг энэ талаас яригдаж байна.

Шийдвэр гардуулаагүй гээд байна 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдөр захирамж гараад захирамж гараад нэг хоногийн дотор мэдэгдэж ажлыг хүлээлцэхэд ажлын хэсгийн ахлагч нь даалгасан. Тухайн үед нь хэлтсийн дарга Б.О*******************  дарга байсан. Б.О*******************  даргаас бид бүхэн яг шүүхээс ирсэн бичгийнх нь дагуу асуухад шийдвэр 17-ны өдөр гарсан. 17-ны өдөр шууд шийдвэрийг нь гардуулж өгөөд ажлыг нь хүлээлцье гэсэн. Дараагийн хүнээр н.Сандагдорж гэдэг залууг түр орлон гүйцэтгэгчээр дотроосоо хавсраад авах гэж байсан. Б.О******************* компьютерын файл, нилээн олон байгууллагуудын зургууд байгаа үүнийг цэгцлээд би н.С******************* -д хүлээлгэж өгье гээд шийдвэрээ гардаж аваад хоцорсон. Тухайн үед ажлын хэсгийн нарийн бичгийн дарга ахлах мэргэжилтэн н.З******************* гэж хүн байгаад яг тэр ажил хүлээлцэх өдөр нь комиссын нарийн бичгийн дарга нь байгаагүй. Маргааш нь н.З*******************-д хэлтсийн дарга Б.О*******************  ажлыг нь хүлээлцсэн. Чи протокол үйлдээрэй гэж хэлээд маргааш нь надад өгсөн. Би яг тэр ажил хүлээлцэхэд нь байгаагүй болохлоороо протоколыг нь бичиж чадаагүй юм. Би буцаагаад бичээгүй протоколыг одоо чи бич гээд дахиад хийгээгүй үйлдлийг нь бичиг баримт бүрдүүлж болохгүй гээд өөрөө өөрөөр нь тайлбарыг нь гаргуулж шүүх хуралд оролцож байгаа. Нэхэмжлэгч шийдвэрээ гардаж авсан байна. Гардаж аваад холбогдох байгууллагуудад гомдлоо гаргасан юм байна. Гардаж авсан нь бол гомдол гаргаснаар нотлогдож байна.

Манай байгууллагуудад маш олон албан хаагч байдаг. Өөрийн хүсэлтээр чөлөөлөгддөг, өөрийн хүсэлтээр төрийн байгууллагууд хоорондоо тохиролцож шилжиж, сэлгэдэг. Хүүхэд асрах, жирэмсний амралт, хүүхэд асрах чөлөө гээд маш олон удаа удаа  ажил хүлээлцдэг. Шийдвэр гарсан хугацаанд нь багтааж ажлыг нь хүлээлцэж шийдвэрээ хэрэгжүүлж эргэж тайлагнадаг учраас гардуулсан байгаа юм. Хууль дээр ерөнхий заалтуудыг аваад байна гэж байна. Монгол Улсын Засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-д “Аймгийн Засаг даргын бүрэн эрх. Хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх” гээд байгаа. Хууль тогтоомжийг хэрэгжүүлнэ гэдэг нь Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль дээр байгаа. Төрийн албан хаагчийн ёс зүйн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хороо дүгнэлт гаргана. Зөрчилтэй гээд дүгнэлт гаргасан тохиолдолд тэр дүгнэлтийг үндэслэж дараах сахилгын шийтгэлийг ногдуулна гэж байгаа. Аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг дарга бүрэн эрхийн хүрээнд захирамж гаргах эрхтэй гэдэг энэ заалтыг бол зайлшгүй авдаг юм. Шийдвэрийн төсөл боловсруулах стандартынх нь дагуу бид бүхэн үүнийг бас авсан юм. Төрийн албаны ёс зүйн хорооноос баталсан журам дээр байгаа. Дэд хороо нь тухайн байгууллага доторх газар, хэлтэс нэгж буюу албан тушаалтан, албан хаагчид хандсан зөвлөмж өгөх бөгөөд бусад байгууллага албан тушаалтан албан хаагч иргэд, иргэнд мэдээ мэдээлэл нотлох баримтыг гаргуулах хандахдаа байгууллагынхаа албан албан бичгийг хэвлэн дуудах тэмдэг хэрэглэнэ. Мөн энэ журмын 6.13-т дэд хороо нь хуралдсан дүгнэлтийг тухайн хуралдаан болсноос хойш ажлын 2 хоногийн дотор ёс зүйн хорооноос баталсан загварын дагуу хэвлэн сууц дээр гарган дарга, гишүүн, нарийн бичгийн дарга нарын гарын үсгээр баталгаажуулж байгууллагын тэмдэг дарж баталгаажуулна гэж байгаа.

Байгууллагын хэвлэн хуудас тамга, тэмдэг хэрэглэж ёс зүйн дэд хорооны дарга, гишүүн нарийн бичгийн дарга бүгд гарын үсэг зурж хуульд заасан шаардлагыг хангасан дүгнэлтийг бид бүхэн гаргасан юм. Ийм учраас энэ нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Орж ирсэн өдрөөсөө анхныхаа үүрэг даалгавар дээр хууль зөрчиж өгсөн үүрэг даалгаврыг хугацаандаа биелүүлээгүй. Албан тушаалын тодорхойлолт дээр нь төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг мөрдөн ажиллах, ёс зүйн хэм хэмжээн дээр Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7 зүйл дээр нилээн олон ёс зүйн хэм хэмжээ байгаа. Өөрөө хариуцлагаа ерөөсөө хүлээхгүй. Би чагнаагүй. Сүүлдээ тогтоогдохгүй байна. Ашиг сонирхлыг нь хөндөөгүй. Засаг дарга өөрөө буруутай, намайг тэгээд байсан учраас би дуу, дүрсний бичлэг хийж авсан юм. Миний буруу биш гэх мэтчилэнгээр буруутай үйлдэлдээ хариуцлага хүлээхгүй, улс төрийн намаас ангид байх хэм хэмжээг мөрдөхгүй, байгууллагын соёл, дэг журам, албан харилцааны ёс зүйг сахих, улсын болон байгууллагын нэр хүндэд халширсан аливаа үйлдэл гаргахгүй байх гэдгийг зөрчиж байна. Энэ бичлэг нь устаагүй байсан Хөвсгөл аймгийн Засаг даргын бичлэгийг эдит хийгээд тасдаад нэр хүндэд нь халдах ийм үйлдэл гаргах байсан байна.

Багаар ажиллах суралцах, шинэ санал санаачилгыг дэмжих, хамт олны итгэлцлийг эрхэмлэх, удирдах албан тушаалтны итгэлийг даах гэдийг мөн зөрчсөн. Өөрөө буруутай үйлдэл гаргаад үүнд нь бухимдаад жаахан хатуухан шаардлага тавьсных нь төлөө буцаагаад өөрийг нь бичлэг хийгээд буцаад эвгүй байдлаар ашиглана харуулна гэж байгаа албан хаагчид ямар удирдлага итгэх юм. 15 хоногийн хугацаанд шийдэх ёстой гэдэг хуульд заасан хугацаа байгаад байхад хүлээж авсан өдрөө үүрэг өгөөд явуулж байхад тэрийг нь 15 хоногийн дотор биш 22 хоногийн дараа танилцуулж байгаа ийм хүнд ямар удирдлага итгэх юм. Төрд чин үнэнчээр зүтгэх Монгол Улсын төрийн жинхэнэ албан хаагчийн өргөсөн тангаргаа биелүүлэхгүй байгаа албан хаагчид ёс зүйн дүгнэлтээ үндэслэлтэй гэж үзэж байна. Хуульд заасан хугацаандаа холбогдох байгууллагуудаа гомдлоо нэхэмжлэлээ гаргаагүй учраас нэхэмжлэгч Б.О*******************-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

  1. Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэл, хариуцагчийн хариу тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзээд дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
  2. Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Ёс зүйн дэд хорооны 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 5/1001 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
    1. Маргаан бүхий акт болох Хөвсгөл аймгийн Засаг даргын дэргэдэх Тамгын газрын Ёс зүйн дэд хорооны 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 5/1001 дугаартай дүгнэлтэд Б.О******************* нь аймгийн Засаг дарга П.Л******************* болон аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Б*******************ын албан өрөөнд өөрийнх нь зөвшөөрөлгүй нууцаар гэрэл зураг авах, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг хийсэн үйлдэл нь Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д “Зан харилцаа, үг үйлдлээрээ хүний эрх, эрх чөлөө, нэр төр, алдар хүнд, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх”, 7.1.8-д “Байгууллагын соёл, дэг журам, албан харилцааны ёс зүйг чанд сахих”, 7.1.10-д “...удирдах албан тушаалтны итгэлийг дааж ажиллах” гэсэн төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх заалт, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 37.1.7-д “Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх” гэх заалтуудыг тус тус зөрчсөн гэж тайлбарлан нэхэмжлэгчийг “Ёс зүйн зөрчил гаргасан” гэж дүгнэсэн байна.
    2. Нэхэмжлэгчээс “...Ёс зүйн дэд хороо үнэнийг шалгаж бодит байдлыг үнэн зөв тогтоогоогүй ... гэрч гэх хүмүүсийн тайлбарт үндэслэн ёс зүйн зөрчил гаргасан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй” гэж, хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын Ёс зүйн дэд хорооноос “... нэхэмжлэгч нь аймгийн Засаг дарга П.Л******************* -ын албан ажлын өрөөнд болон аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Б*******************ын албан ажлын өрөөнд нууцаар дуу-дүрсний бичлэг хийсэн үйлдэл нь Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, Төрийн албаны тухай хуулийг зөрчсөн үйлдэл” гэж тус тус маргажээ.
    3. Хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Ёс зүйн дэд хорооны төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа “нэхэмжлэгчийг ёс зүйн зөрчил гаргасан болохыг гэрч Ц.Б******************* , Б.Б******************* нарын тайлбар болон аймгийн Засаг даргын гомдол, нэхэмжлэгчийн өөрийнх нь ёс зүйн дэд хороонд гаргасан тайлбарыг тус тус үндэслэн тогтоосон” гэжээ.
    4. Монгол Улсын Ёс зүйн хорооны 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 05 дугаартай тогтоолоор батлагдсан “Ёс зүйн дэд хорооны ажиллах журам”-ын 5.1-д “Дэд хороо нь Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасны дагуу гомдол, мэдээллийг хүлээн авч, хянан шалгаж, шийдвэрлэнэ” гэж, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “...гомдол, мэдээллийг хүлээн авч, хянан шалгах ажиллагааг дараах журмаар гүйцэтгэнэ”, 15.1.1-д “Гомдол, мэдээлэл хүлээн авснаас хойш ажлын 3-5 өдрийн дотор, хүндэтгэн үзэх шалтгаантай бол эрх бүхий албан тушаалтны тогтоосон хугацаанд зөрчилд холбогдсон албан хаагчаас бичгээр, эсхүл цахим шуудангаар тайлбар авах, шаардлагатай тохиолдолд тухайн албан хаагчаас биечлэн тодруулга мэдээлэл авах”, 15.1.2-т “Шаардлагатай тохиолдолд гомдол, мэдээлэл гаргагчаас нэмэлт тайлбар, тодруулга, түүнчлэн эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас мэдээ, баримтыг гаргуулан авах”, 15.1.3-д “Шаардлагатай тохиолдолд шинжээчийн дүгнэлт гаргуулах”, 15.1.4-д “Цугларсан мэдээ, баримтад дүн шинжилгээ хийх”, 15.1.5-д “Төрийн албан хаагч ёс зүйн зөрчил гаргасан эсэхийг тогтоон, дүгнэлт гаргах, үндэслэлийг тусгах” гэж тус тус заасан.
    5. Дээрх зохицуулалтын дагуу Ёс зүйн дэд хороо нь аливаа гомдол мэдээллийг хүлээн авсны дараа зөрчилд холбогдсон албан хаагчаас тайлбар, тодруулга авч, ёс зүйн зөрчил үйлдсэн талаар нотлох баримтыг бүрэн бүрдүүлж, цугларсан баримтад дүн шинжилгээ хийж төрийн албан хаагч ёс зүйн зөрчил гаргасан эсэхийг тогтоох ёстой.
    6. Гэтэл хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Ёс зүйн дэд хороо нь зөвхөн гомдол гаргагч Хөвсгөл аймгийн Засаг даргын гомдол, нэхэмжлэгчийн өөрийнх нь тайлбарт үндэслэн өөр бусад нотлох баримтыг цуглуулалгүйгээр нэхэмжлэгчийг ёс зүйн зөрчил гаргасан гэж шууд дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд дээрх хуулийн заалтад нийцэхгүй байна. Хэдийгээр хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Ёс зүйн дэд хорооны төлөөлөгчөөс гэрч Ц.Б******************* , Б.Б******************* нараас тайлбар авсан гэж шүүх хуралдаан дээр тайлбарласан боловч энэ талаар баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй болно.
    7. Мөн хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Ёс зүйн дэд хорооны даргаас шүүх хуралдаанд: “...нэхэмжлэгчийг Зөрчлийн тухай хуулийн 6.22 дугаар зүйлийг зөрчиж ёс зүйн зөрчил гаргасан” гэж тайлбарладаг бөгөөд Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3-д “Ёс зүйн зөрчлийг хянан шалгах ажиллагааны явцад тухайн асуудал нь гэмт хэргийн, зөрчлийн, сахилгын шинжтэй бол гомдол, мэдээллийг холбогдох материалын хамт зохих байгууллага, эрх бүхий албан тушаалтанд шилжүүлнэ” гэж заасны дагуу уг гомдол мэдээллийг өөрсдөө шийдвэрлэх бус зохих газар руу нь шилжүүлэх үүрэгтэй байна.
    8. Түүнчлэн нэхэмжлэгчийг Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д “Зан харилцаа, үг үйлдлээрээ хүний эрх, эрх чөлөө, нэр төр, алдар хүнд, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх”, 7.1.8-д “Байгууллагын соёл, дэг журам, албан харилцааны ёс зүйг чанд сахих”, 7.1.10-д “...удирдах албан тушаалтны итгэлийг дааж ажиллах”, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 37.1.7-д “Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх” гэж заасныг тус тус зөрчсөн гэсэн атлаа үүнтэй холбоотой бичмэл нотлох баримтуудыг цуглуулалгүйгээр ёс зүйн зөрчил гаргасан гэж шууд дүгнэсэн нь учир дутагдалтай.
    9. Түүнчлэн Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т ““Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил” гэж энэ хуульд заасан ёс зүйн нийтлэг шаардлагыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг” гэж заасан бөгөөд мөн хуулийн 8 дугаар зүйлд төрийн албан хаагчид тавигдах ёс зүйн нийтлэг шаардлагыг тухайлан зааж өгсөн буюу нийтлэг үүрэг болон хориглох зүйлийг тодорхой тоочих замаар тодорхойлж өгсөнтэй холбогдуулан аливаа төрийн жинхэнэ албан хаагчийг ёс зүйн зөрчил гаргасан гэж үзсэн тохиолдолд дүгнэлтдээ зайлшгүй тусгах учиртай байтал нэхэмжлэгчийг ёс зүйн зөрчил гаргасан гэж дүгнэсэн маргаан бүхий дүгнэлтэд дээрх зүйлийн холбогдох заалтыг огт дурдаагүй байна.
    10. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ёс зүйн дэд хорооны шийдвэртэй холбоотой хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиараа шүүхэд 30 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй. Ёс зүйн зөрчилтэй холбоотой асуудалтай гомдлыг зөвхөн шүүхэд 30 хоногийн дотор гаргана” гэжээ.
    11. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т “Энэ хуулийн 15.1.5-д заасан дүгнэлтийг баталгаат шуудангаар явуулснаас хойш нийслэлд ажлын таван өдөр, орон нутагт ажлын 10 өдөр өнгөрсний дараа, эсхүл биечлэн гардуулснаар дараах этгээдэд мэдэгдсэнд тооцно”, 15.2.2-т “Зөрчилд холбогдсон төрийн албан хаагч” гэж заасны дагуу хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Ёс зүйн дэд хороо нь нэхэмжлэгчид маргаан бүхий дүгнэлтийг гардуулаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.
    12. Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-т “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариу тайлбарын үндэслэлийн талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх” гэж заасны дагуу нэхэмжлэгчид маргаан бүхий дүгнэлтийг гардуулсан, шуудангаар хүргүүлсэнтэй холбоотой баримтыг гаргаж өгөөгүйн зэрэгцээ тус шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 3/16 тоот албан бичгээр мөн шаардсан боловч холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.
    13. Уг нөхцөл байдлуудаас дүгнэвэл хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Ёс зүйн дэд хороо нь нэхэмжлэгчийг Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д “Зан харилцаа, үг үйлдлээрээ хүний эрх, эрх чөлөө, нэр төр, алдар хүнд, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх”, 7.1.8-д “Байгууллагын соёл, дэг журам, албан харилцааны ёс зүйг чанд сахих”, 7.1.10-д “...удирдах албан тушаалтны итгэлийг дааж ажиллах”, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 37.1.7-д “Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх” гэснийг зөрчсөн гэх хангалттай нотлох баримтуудыг цуглуулаагүй атлаа нэхэмжлэгчийг “Ёс зүйн зөрчил гаргасан” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байх тул Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх Ёс зүйн дэд хорооны 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 5/1001 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгох нь зүйтэй байна.
  3. Хөвсгөл аймгийн Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Б/47 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
    1. Нэхэмжлэгчээс “...захирамжид тусгасан эрх зүйн үндэслэлүүд нь хуульд заасны дагуу зөв гараагүй, хуульд байхгүй заалтыг үндэслэлдээ дурдсан ... сул орон тоог аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын захиалгаар албан тушаалын сонгон шалгаруулалтыг зарлуулсан нь хууль бус гэсэн үндэслэлээр намайг ажлаас халж байгаа нь үндэслэлгүй” гэж, хариуцагчаас “Ёс зүйн хорооны дүгнэлтийг үндэслэж нэхэмжлэгчийг төрийн албанаас халсан ... Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.4 дэх заалтыг Хот байгуулалтын тухай хуулийн гэж захирамжийн үндэслэлдээ дурдсан нь яах аргагүй техникийн алдаа ...” гэж маргажээ.
    2. Хөвсгөл аймгийн Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/21 тоот захирамжаар нэхэмжлэгчийг Аймгийн Е******************* тушаалд томилсон (1 дүгээр хавтаст хэргийн 63 дугаар тал) байх бөгөөд уг албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2, 10.3-д заасан төрийн захиргааны албан тушаал буюу төрийн жинхэнэ албан тушаал болох нь тус албан тушаалын тодорхойлолт (1 дүгээр хавтаст хэргийн 89-92 дугаар тал)-оор тогтоогдож байна.
    3. Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, 12 дугаар зүйлд зааснаар Аймгийн ерөнхий архитектор нь төрийн захиргааны албан хаагч бөгөөд мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно” гэж заасны дагуу түүнд ёс зүйн зөрчил гаргасантай холбогдуулан төрийн албанаас халах шийтгэл ногдуулахад Төрийн албаны тухай хууль болон Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг баримтлах учиртай.
    4. Гэтэл хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг дарга нь Төрийн албаны тухай хуулийн төрийн албан хаагчийг төрийн албанаас халах зохицуулалтыг огт тусгаагүй байхын зэрэгцээ төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тооны захиалга хүргүүлэхтэй холбоотой зохицуулалт буюу Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т заасныг үндэслэсэн нь ойлгомжгүй байна.
    5. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт “Бичгээр гаргасан захиргааны акт дараах шаардлагыг хангасан байна”, 40.2.3-т “захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах” гэж заасныг хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг дарга зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.
    6. Мөн хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.4 дэх заалтыг Хот байгуулалтын тухай хуулийн гэж захирамжийн үндэслэлдээ дурдсан нь яах аргагүй техникийн алдаа” гэж тайлбарлах боловч уг заалтыг захирамжийн хуулийн үндэслэлдээ оруулаагүй болох нь хариуцагчаас ирүүлсэн “Шийдвэрийн төслийн хуулийн лавлагаа”-аар (1 дүгээр хавтаст хэргийн 84 дүгээр тал) тогтоогдож байна.
    7. Маргаан бүхий захирамжаар нэхэмжлэгчийг төрийн албанаас халах үндэслэлээ тодорхойлохдоо ёс зүйн зөрчил гаргасан гэж дүгнэсэн Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Ёс зүйн дэд хорооны дүгнэлтээс гадна нэхэмжлэгчийн ажиллаж байсан “Аймгийн ерөнхий архитектор”-ын сул орон тоог аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын захиалгаар албан тушаалын сонгон шалгаруулалтыг зарлуулсан нь хууль бус гэсэн үндэслэлийг дурддаг ч хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр уг үндэслэлийг хууль бус болохоо хүлээн зөвшөөрч маргаагүй болно.
    8. Нөгөөтэйгүүр сул орон тооны захиалга өгөх, цаашлаад сонгон шалгаруулалт зарласан асуудалтай холбогдуулан тухайн сонгон шалгаруулалтад оролцож шалгарсан этгээдийг буруутгаж албан тушаалаас халах захирамжийн үндэслэл болгож буй нь ойлгомжгүй бөгөөд үндэслэлгүй байна.
    9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Захирамжаа гардаж аваагүй байсан бол өнөөдөр ажлаа хийх боломжтой. 6 дугаар сарын 17-ны өдрийн Б/47 захирамжийн гурав дахь заалтаараа захирамжийг албажуулснаас хойш нэг өдөрт багтаан ажил хүлээлгэх дүнг танилцуулахыг ажил хүлээгч комисс Б.О*******************-д , ээлжийн амралт холбогдох тооцоог хийхийг Засаг даргын Тамгын газар Б*******************  нарт тус тус үүрэг болгосугай гээд тухайн өдөртөө ажлыг нь хүлээлцсэн. Тухайн өдөртөө шийдвэрийг нь ажлын хэсэг гараад ажлын хэсэг танилцуулаад гардуулж өгсөн” гэжээ.
    10. Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна” гэж заасны дагуу хариуцагч захиргааны байгууллага нь нэхэмжлэгчид албан тушаалаас халсан захирамжийг мэдэгдэж, үүнийгээ баримтжуулах үүрэгтэй.
    11. Гэтэл хариуцагчаас энэ талаар баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй бөгөөд тус шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 3/16 тоот албан бичгээр мөн шаардсан боловч холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-д “Хэргийн оролцогч өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй” гэж заасны дагуу маргаан бүхий захирамжийг гардуулаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.
    12. Дээрх үндэслэлээр маргаан бүхий захирамж нь Төрийн албаны тухай хууль, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн холбогдох заалтыг болон Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “хуульд үндэслэх”, 4.2.5-д “бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэж заасныг тус тус зөрчсөн, маргаан бүхий актуудын улмаас нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Б/47 дугаартай захирамжийг хүчингүй болгож, нэхэжлэгчийг урьд эрхэлж байсан Хөвсгөл аймгийн Е******************* тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацаа буюу 7 сар 12 хоногийн цалинтай тэнцэх нөхөх олговор болох 13,944,000 /арван гурван сая есөн зуун дөчин дөрвөн мянга/ төгрөгийг нэхэмжлэгч Б.О*******************-д олгох, уг нөхөх олговроос зохих шимтгэлийг суутган нөхөн төлүүлэхийг хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргад даалгаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.2, 15.2.2, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.2.3, 43 дугаар зүйлийн 43.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.О*******************-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх Ёс зүйн дэд хорооны 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 5/1001 дугаартай дүгнэлт болон Хөвсгөл аймгийн Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Б/47 дугаартай захирамжийг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан Хөвсгөл аймгийн Е******************* тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацаа буюу 7 сар 12 хоногийн цалинтай тэнцэх нөхөх олговор болох 13,944,000 /арван гурван сая есөн зуун дөчин дөрвөн мянга/ төгрөгийг нэхэмжлэгч Б.О*******************-д олгох, уг нөхөх олговроос зохих шимтгэлийг суутган нөхөн төлүүлэхийг хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргад даалгасугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасны дагуу шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг дарга нь нэхэмжлэгч Б.О*******************-ийг Хөвсгөл аймгийн Е******************* тушаалд томилох шийдвэрийг нэн даруй гаргаж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор болох 13,944,000 /арван гурван сая есөн зуун дөчин дөрвөн мянга/ төгрөгөөс зохих шимтгэлийг суутган нөхөн олгох үүрэгтэйг тайлбарласугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянган хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргаас 35100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөг, хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх Ёс зүйн дэд хорооноос 35100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Ч.МӨНХБОЛОР