Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 315/ШШ2025/00089

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа би, 

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багт байрлах, утас ..., ******* Сүхбаатар ХХК-ийн  

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Халзан сумын *******ийн, Эрх чөлөө 2, 2 тоотод байрлах, утас ..., ******* тун фарм ХХК-д холбогдох 

худалдах, худалдан авах гэрээний төлбөр 18,815,507.34 (Арван найман сая найман зуун арван таван мянга таван зуун долоон төгрөг, гучин дөрвөн мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад 

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч ******* Сүхбаатар ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ******* Сүхбаатар ХХК нь ******* тун фарм ХХК-тай 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Тус гэрээний 4.1 дэх хэсэгт заасны дагуу зээлээр худалдан авсан бараа, бүтээгдэхүүний төлбөрийг 30 хоногт багтаан төлөх үүрийг худалдан авагч тал хүлээнэ. Гэтэл бараа, бүтээгдэхүүнийг хүлээн авснаас хойш худалдан авагч тал төлбөрийг гэрээнд заасны дагуу төлөхгүй явсаар одоогийн байдлаар нийт 15,702,500.30 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 263.2.3 дахь заалт, ******* тун фарм ХХК-тай байгуулсан Зээлээр худалдах худалдан авах гэрээ-ний 4.1, 4.7 дахь хэсэг, харилцагчийн дэлгэрэнгүй тайланг тус тус үндэслэн үлдэгдэл төлбөр 15,702,500.30 төгрөг, хүүгийн төлбөрт 3,113,007.04 төгрөг нийт 18,815,507.34 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* Сүхбаатар ХХК нь хариуцагч ******* тун фарм ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний төлбөр 18,815,507.34 (Арван найман сая найман зуун арван таван мянга таван зуун долоон төгрөг, гучин дөрвөн мөнгө) төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан ярилцаж, хариуцагч ******* тун фарм ХХК нь нэхэмжлэлийн шаардлага 18,815,507.34 төгрөгийг 6 хувааж 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 3,140,500 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 3,140,500 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 3,140,500 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 3,140,500 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 3,140,500 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 3,113,007.34 төгрөг төлөхөөр тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* Сүхбаатар ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 252,027 төгрөгийн тал хувь 126,013.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 126,013.5 төгрөгийг хариуцагч ******* тун фарм ХХК-аас тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* Сүхбаатар ХХК-д олгох нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь: 

1. Нэхэмжлэгч ******* Сүхбаатар ХХК-ийн худалдах, худалдан авах гэрээний төлбөр 18,815,507.34 (Арван найман сая найман зуун арван таван мянга таван зуун долоон төгрөг, гучин дөрвөн мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* тун фарм ХХК нь 6 хувааж 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 3,140,500 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 3,140,500 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 3,140,500 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 3,140,500 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 3,140,500 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 3,113,007.34 төгрөг төлөхөөр тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч ******* Сүхбаатар ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 252,027 төгрөгийн тал хувь 126,013.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 126,013.5 төгрөгийг хариуцагч ******* тун фарм ХХК-аас тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* Сүхбаатар ХХК-д олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

 

ШҮҮГЧ П.БОЛОРМАА