| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдоны Очмандах |
| Хэргийн индекс | 2308015071126 |
| Дугаар | 2023/ДШМ/1002 |
| Огноо | 2023-10-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Бат-Эрдэнэ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 2023/ДШМ/1002
Б.Сд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ж.Бат-Эрдэнэ,
шүүгдэгч Б.С, түүний өмгөөлөгч Д.Бум-Аюуш,
нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 2023/ШЦТ/991 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.С давж заалдах гомдол гаргасныг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2308015071126 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
тоотод оршин сууж байгаа гэх, урьд ял шийтгэлгүй;
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.С нь 2023 оны 4 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнийн 23 цагийн үед Д дүүргийн 00 дугаар хороо, Б дугаар гудамжны 00тоот гэрийнхээ гадна хохирогч Г.Ныг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.С-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
“Шүүгдэгч Б.Э-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрээс хичээл сургуульдаа явахаас бусад шалтгаанаар гарч явахыг хориглох Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг хоёр сарын хугацаагаар хүлээлгэх зорчих эрх хязгаарлах ял шийтгэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, мөн хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын сангийн тухай хуулийн 12.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар Б.Сэс нэг зуун жаран нэгэн мянган төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн төрийн санд шилжүүлж, цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Г.Нд 302.000 төгрөгийг өгсөн болохыг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Г.Н нь бариа засал хийлгэсэн гэх 800000 төгрөг нэхэмжилсэн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн өөрийн болон Б.С-ийн оршин суугаа иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.С гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие шүүхийн хэлэлцүүлгийн явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогчид учруулсан хохирлын бүрэн төлж барагдуулсан бөгөөд буруу үйлдэл хийсэндээ гэмшиж байна. Би одоо 00 настай, Д их сургуулийн Хууль зүйн сургуульд 0 дугаар дамжааны оюутан юм. Эх, дүүгийн хамт амьдарч, хичээлийн хажуугаар ажил хийж сургалтын төлбөрөө төлж, ар гэртээ тус дэм болдог. Би хичээл сурлага сайн, багш, оюутны дунд үлгэр жишээ оюутан. Миний цаашдын ирээдүйг бодож ялаас чөлөөлж өгнө үү...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Бум-Аюуш тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар огт маргадаггүй. Түүнчлэн эрх зүйч мэргэжлээр суралцдаг бөгөөд хуулийн сургуулийн 3 дугаар дамжааны оюутан. Миний үйлчлүүлэгч нь 3 жилийн хугацаанд өөрөө ажил хөдөлмөр эрхэлж сургуулийнхаа төлбөрийг төлж сурч ирсэн. Иймд миний үйлчлүүлэгчийн хувийн байдлыг харгалзаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар ялаас чөлөөлж өгнө үү...” гэв.
Прокурор Ж.Бат-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хуралдаанд хохирогч оролцох үед шүүгдэгчээс мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар ялаас чөлөөлж өгнө үү гэсэн байр суурийг илэрхийлж хохирогчийн эмчилгээний зардал болох 354.000 төгрөгийг хохирогчид төлж барагдуулж байсан. Гэвч Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан 161.000 төгрөгийг төлөөгүй байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх хуулийн шаардлагыг хангахгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан учир анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг Б.Сд холбогдох 2308015071126 дугаартай эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Б.С нь 2023 оны 4 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнийн 23 цагийн үед Д дүүргийн 00 дугаар хороо, Б дугаар гудамжны 00тоот гэрийнхээ гадна хохирогч Г.Ныг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:
хохирогч Г.Нын: “...23 цагийн үед Б.С эгчийн гэрт очоод гэрийнх нь хаалгыг тогшоод “эд зүйлээ авъя” гээд хэлсэн чинь “маргааш ав, одоо өгч чадахгүй” гээд өөдөөс орилж хашхираад байхаар нь дахиад хаалгыг нь тогшоод “би хүн гуйгаад ирсэн юмаа, гялс авчихъя, хэдхэн минут болно” гэж хэлсэн чинь найз залуутайгаа цуг гарч ирээд намайг Б.С найз залуутайгаа хамт загнаад байсан. Тэр үед надад хандаж хэлсэн үгийг нь би сайн санахгүй байна. Тэгээд Б.С “чи ямар овоо юм бэ” гээд миний үснээс 2 гараараа зулгаагаад газарт унагаад миний үснээс тавихгүй миний толгойг газарт хэд хэдэн удаа саваад намайг хэд хэдэн удаа хөлөөрөө өшиглөөд байсан. ...” /хх-25/,
гэрч С.А-ийн: “...Н хашаа руу ороод ойролцоогоор 5-10 минут орчмын дараа уйлчихсан үс нь арзайсан байдалтай гарч ирсэн. Тэгээд би буцаад хашаа руу нь дагаад ортол нөгөө гарч ирсэн хүмүүс нь буцаад гэр рүүгээ ороод хаалгаа түгжсэн байсан. Тэгэхээр нь би яагаад хүүхэд зодчихов гээд хаалгыг нь нүдсэн чинь цонхоороо хутганы ком болон бусад эд зүйлийг нь гаргаж шидсэн. ...Нын толгой, дух, гуя нь хөхөрчихсөн байсан...” /хх-28/,
гэрч Д.М-ын “...унтах гээд хэвтэж байсан чинь гэнэт хаалга хүн нүдээд байхаар нь манай найз охин С“хэн бэ” гэж асуутал Н байна, хувцсаа авъя гэсэн. Тэгээд манай найз охин босоод хаалга тайлаад “чи ямар ядаргаатай юм, хэлж ярихгүй, хүн амьтан унтаж амарч байхад албатай юм шиг юмаа авъя гээд орилоод байх юм, маргааш өглөө ирээд ав” гээд хаалгаа хаасан чинь дахиад хаалга нүдээд “одоо авмаар байна” гээд манай найз охиныг Н үсдээд авсан, тэгээд тэр хоёр хоорондоо үсдэлцээд газар унахаар нь би “боль” гээд салгасан...” /хх-31/ гэх мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 5325 дугаар “...Г.Нын биед зулайд зөөлөн эдийн няцрал, духанд цус хуралт, дух, хамар, хүзүүнд зулгаралт, гуя, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх 32-33/, 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 8348 дугаар “...Б.С-ийн биед баруун сарвууны дунд хуруу, зүүн сарвууны дунд, чигчий хуруу, баруун өвдгөнд зулгаралтын нөсөө гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэзээ үүссэн эсэхийг тогтоох боломжгүй байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хх 81-82/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг тогтооход хангалттай байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийжээ.
Шүүгдэгч Б.С хохирогч Г.Ныг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.
Анхан шатны шүүх Б.С-ийн үйлдсэн хэргийн үйл баримтын талаар хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлтийг хийж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагуудаас хоёр сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.
Шүүгдэгч Б.С нь шийтгэх тогтоол гарахаас өмнө хэрэгт баримтаар тогтоогдож буй 302,000 төгрөгийг хохирогч Г.Нд анхан шатны шүүх хуралдааны үед төлсөн /хх 110,115 тал/ байна.
Б.С-ийн хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдал, үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын хэр хэмжээ, тэрээр оюутан, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа хувийн байдал зэргийг давж заалдах шатны шүүх харгалзан эрүүгийн хариуцлагаас чөлөөлүүлэх талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх” заалтыг хэрэглэж анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хоёр сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлөхөөр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 2023/ШЦТ/991 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
2 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулах эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй...” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ