Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2021/00517

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2021/00517

 

Ж.Т-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 181/ШШ2021/00170 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ж.Т-ын хариуцагч Ч.С-, ЭЭЖЮ ХХК-д тус тус холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2013 оны 7 сард өөрийн өмчлөлийн гурван хэсэг газраа ЭЭЖЮ ХХК-ийн ерөнхий захирал Ч.С-т худалдсан ба Ч.С- нь газар худалдаж авсан төлбөрийн үлдэгдэл 900 000 000 төгрөгийг төлөөгүйгээс маргаан үүссэн. 2015 оны 3 дугаар сард Ч.С-ийн нөхөр н.Э-, хүү Э.Б- нар Ж.Т- дээр ирж уулзан эвлэрэх санал тавьж, мөн ЭЭЖЮ ХХК-ийн 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн №015/54/тоот албан бичгээр эвлэрэх саналыг тус тус ирүүлсэн тул 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Эвлэрлийн гэрээ байгуулж дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 06-ны 2376 дугаар захирамжаар эвлэрлийн гэрээгээ батлуулсан. Уг захирамж болон гэрээний дагуу Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, 310 дугаар байрны 1 давхрын 871 м.кв талбайн өмчлөгчөөр Ж.Т- улсын бүртгэлийн Ү-2203031481 дугаарт бүртгүүлж өмчлөх эрхийн гэрчилгээг 2015 онд авч, өмчлөх эрхээ баталгаажуулсан. Гэтэл уг объектыг ашиглалтад орсон 2016 оноос эхлэн Ч.С- өөрийн хүү болон нөхрийн хамтаар миний өмчийг бусдад түрээслэх өөрсдөө дотор нь үйл ажиллагаа явуулах зэргээр ашиглаж байна. Хуулийн хүчин төгөлдөр байгаа Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 2376 дугаар захирамжийг албадан гүйцэтгэх тухай Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 31331 дугаар захирамж, 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 3572 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас, 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 101/Ш32016/05518 дугаар захирамжууд тус тус гарсныг үндэслэн гүйцэтгэлийн ажиллагаа явуулж дууссан тухай Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 01 сарын 20-ны 4/56 тоот мэдэгдэх хуудас, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолыг тус тус надад өгсөн. Ийнхүү иргэний болон захиргааны хэргийн шүүхийн бүх шатны хурлын удаа дараагийн шийдвэрүүдээр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, 310 дугаар байрны үйлчилгээний зориулалттай 1 давхрын өмчлөгч нь Ж.Т- болохыг мөн түүнийг улсын бүртгэлд бүртгэж олгосон өмчлөх эрхийн гэрчилгээ нь хуулийн хүчин төгөлдөр болохыг баталж эцэслэн шийдвэрлэсэн. Дээрх тогтоол шийдвэр, захирамжуудаар баталгаажсан Дүүргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 2376 дугаар захирамж болон эвлэрлийн гэрээний дагуу Ч.С- нь өнөөдрийг хүртэл надад нэг ч төгрөг төлөөгүйн улмаас уг объект миний өмчлөлд хэвээр үлдээж Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэлийн ажиллагаагаа хийж дуусгавар болгосон. Гэтэл одоо Ж.Т- миний өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, 310 дугаар байрны үйлчилгээний зориулалттай 1 дүгээр давхрыг өмчлөгч миний зөвшөөрөлгүйгээр миний өмчид халдан үйл ажиллагаа явуулан өмчлөгчийн эрхээ хэрэгжүүлэхэд саад болж өмчлөгч намайг хохироосоор байна. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсэгт заасны дагуу улсын бүртгэлийн Ү-2203031481 дугаарт бүртгэлтэй миний өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, 310 дугаар байрны үйлчилгээний зориулалттай 1 дүгээр давхрыг хууль бусаар эзэмшиж ашиглаад байгаа хариуцагч нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн үндэслэл болгож байгаа нэхэмжлэгчийг өмчлөгчөөр бүртгэсэн бүртгэлийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, гэрчилгээг хүчингүй болгуулах шаардлага бүхий ЭЭЖЮ ХХК-ийн нэхэмжлэлийг Захиргааны хэргийн анхан шатны шүүх дээр хянан хэлэлцэж, нэхэмжлэгч нь уг хэрэгт гуравдагч этгээдээр оролцож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Тиймээс уг захиргааны хэргийг нэг мөр хянан шийдвэрлэхээс нааш иргэний журмаар шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д зохигчийн маргаж байгаа зүйл ба түүний үндэслэлийн талаарх өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа заалт, мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дахь Энэ хуулийн ... 65.1.3-65.1.8 ...-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тухай шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана гэх заалтуудад тодорхойлсон нөхцөл байдал бий болсон байх тул иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Ж.Т-ын нэхэмжлэлийг хангаж, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203031481 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол /14181/, 310 байр 1 дүгээр давхрын хэсэг тоот хаягт байрлах 871 м.кв талбай бүхий, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Ч.С-, ЭЭЖЮ ХХК нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.С-, ЭЭЖЮ ХХК нараас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Т-д олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н давж заалдах гомдолдоо:

... Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдлыг гаргаж байна. Шийдвэрлэж байгаа иргэний хэргийн талаар талуудын хооронд үүссэн маргааны нөхцөл байдал, түүнд нийцүүлэн хэрэглэх ёстой Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох хэм хэмжээг хэрэглээгүй байна. Талуудын тайлбарлаж байгаа тайлбараар бүхэлдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэг, 65.1.7, мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасан тодорхойлон хуульчилсан нөхцөл, байдал үүссэн байгаа нь маш тодорхой байхад эдгээр хуулийн хэрэглэх ёстой хуулийн хэм, хэмжээнүүдийг хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй.

Шүүх энэ тохиолдолд иргэний болон захиргааны хэргүүд нь хоорондоо ямар хамааралтай байдлаар тодорхойлогдож байгаа талаар, хэрэв захиргааны хэргийн нэхэмжлэл, түүний шаардлага нь хангагдаж шийдвэрлэгдсэн тохиолдолд иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг шууд үгүйсгэх нөхцөл байдлыг үүсгэж, ийм хууль зүйн үр дагаврыг бий болгохоор байгаа эсэх талаар, уг тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, 65.1.7, мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасан хэм хэмжээг хэрэглэх нөхцөл байдал бий болж байгаа эсэх зэрэг асуудлуудын талаар тодорхой дүгнэлт өгөх ёстой, ийм дүгнэлт хийх шаардлага үүссэн байхад дүгнэлт хийгээгүй. Шүүхийн хийж буй тайлбар дүгнэлт нь үндэслэлгүй, нотлох баримтаар тогтоогдохгүй бол түүнийг зөвтгөх боломжгүй юм. Шүүх үүссэн нөхцөл байдал нь нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг үгүйсгэх үү, үгүй юу гэх тайлбар, дүгнэлтийг хийхээс өмнө иргэн болон захиргааны хэргийн хооронд үүссэн хамаарал нь хуульд заасан хэрэглэх ёстой өөр хэм хэмжээг хэрэглэх шаардлагыг үүсгэж байна уу гэдэг дээр эхлээд дүгнэлт өгөх байсан. Үүний дараагийн асуудал нь нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй юу, үгүй юу гэх талаар дүгнэлт өгөх ёстой байсан. Шүүх уг маргаан бүхий нөхцөл байдлыг тайлбарлахдаа Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь заалт, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 болон 106.2 дахь заалт, мөн хуулийн 95 дугаар зүйлийн 95.1 дэх заалтуудыг барьж тайлбар, дүгнэлт хийсэн. Гэтэл шүүхээс дээрх хуулийн зүйл, заалтуудыг үндэслэл болгон тайлбарлах, дүгнэлт хийх нөхцөл байдал үүсээгүй буюу Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр хэрхэн гарахаас шууд хамаарч уг зүйл, заалтуудыг хэрэглэх эсэх нь тодорхойлогдохоор байхад, энэ маргаан нь Захиргааны хэргийн шүүхэд шүүхийн журмаар хянан хэлэлцэгдэж байхад уг шүүхээс гарах шийдвэрийг өөрөө урьдчилан олж мэдсэн байдлаар, ингэхдээ бүр захиргааны хэргийн шүүхийн маргааныг иргэний хэргийн шүүхийн шүүгч урьдчилан олж тодорхойлсон байдлаар хэргийн нөхцөл байдалд хандаж шийдвэрлэсэн нь өөр дагнасан шүүх хоорондын зөрчилдөөн үүсгэх хууль зүйн үр дагаврыг шууд бий болгосон. Уг иргэний хэрэгт хамаарал бүхий захиргааны хэрэг нь анхан, давж заалдах, хяналтын шатны журмаар эцэслэн шийдвэрлэгдэж, нэхэмжлэгчээс өмчлөгч гэж тодорхойлж байгаа нь хуулийн хүчин төгөлдөр шийдвэрүүдээр тогтоогдож байгаа тохиолдолд иргэний хэргийн шүүх ийнхүү дүгнэлт хийх нь зүйн хэрэг байж болох ч шүүхээс дүгнэлт хийхдээ нэхэмжлэгчийг өмчлөгч гэж үзэж байгаа өмчлөлийн бүртгэлийг хууль бус гэж маргаж байгаа, үүнийг нь харьяаллын дагуу захиргааны хэргийн шүүх нэхэмжлэлийг хүлээн аваад шүүхийн журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа, энэ талаарх үйл баримтын талаар талууд маргахгүй илэрхийлж байхад дээрх хуулийн зүйл, заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэсэн нь өөрөө шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулиар тавигдсан шаардлагыг зөрчихөд хүргэсэн.

Иргэний хэргийг шийдвэрлэхээс өмнө болон хэргийг хянан хэлэлцэх явцад ийм нөхцөл байдал бий болсон, энэ нь нотлох баримтаар тогтоогдож байвал энэ тохиолдолд хэрэглэх ёстой хэм хэмжээ буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, 65.1.7, мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэм хэмжээг хэрэглэхээр хуулиар тодорхой тогтоосон байхад, үүнийг тус хуулийн 179 дүгээр зүйлийн 179.1.3 дахь заалтаар хүчээр холбон тайлбарлаж байгаа нь хууль хэрэглээний алдаа болсон. Мөн хуулийн 179 дүгээр зүйлийн 179.1.3 дахь заалт нь шүүхээр шийдвэрлэгдсэн хэргийн тухайд уг заалтад заасан нөхцөл байдал илэрсэн бол шүүхийн шийдвэрийг дахин шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулахаар хандаж болох өөр зохицуулалт байхад шүүхээр хэрэг хянан хэлэлцэгдэх явцад үүссэн нөхцөл байдал дээр хамаатуулан буруу тайлбарласан. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч Ж.Т- нь хариуцагч Ч.С- болон ЭЭЖЮ ХХК-д холбогдуулан гаргасан Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол /14181/, 310 байр 1 дүгээр давхрын хэсэгт байрлах 871 м.кв талбай бүхий, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрч, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулахтай холбоотой захиргааны хэрэг хянан шийдвэрлэгдэж байгаа тул уг хэргийг шийдвэрлэхээс өмнө Ж.Т-ын нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэх боломжгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл бүрдсэн гэж маргасан.

 

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ЭЭЖЮ ХХК-ийн Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын байцаагч Ч.Гандолгорын үйлдэл хууль бус болохыг тогтоолгох, 000742074 дугаар Ж.Т-ын өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа талаарх баримт хэрэгт авагдсан байна.

 

Захиргааны хэргийн шүүхэд хариуцагч ЭЭЖЮ ХХК-ийн нэхэмжлэлээр үүсгэсэн дээрх хэрэг нь захиргааны байгууллага, албан тушаалтны үйлдэл, үйл ажиллагаа хуульд нийцсэн эсэхтэй холбоотой байх бөгөөд өмчлөгчийн өмчлөх эрх, түүний үндэслэлд хамаарах маргаан биш байна.

 

Иймд зохигчийн маргаж байгаа зүйлийн буюу өмчлөх эрхийн талаарх өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа гэж үзэхгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй, анхан шатны шүүхийн энэ талаар хийсэн дүгнэлт зөв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч нь давж заалдах гомдлын үндэслэлд анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй шинэ нотлох баримтыг заах эрхгүй тул Ж.Т-ын өмчлөх эрхгүйг тогтоолгохоор гаргасан нэхэмжлэлээр дүүргийн иргэний хэргийн шүүх иргэний хэрэг үүсгэсэн гэж давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тайлбарласныг хүлээн авах үндэслэлгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 179 дүгээр зүйлийн 179.1.3-т заасан үндэслэлээр шийдвэрийг хянуулж болох талаар шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсаныг хууль хэрэглээний ноцтой алдаа гэж үзэхгүй, шийдэлд нөлөөлөхгүй.

 

Шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд Ж.Т-ын нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол /14181/, 310 байр 1 дүгээр давхрын хэсэгт байрлах 871 м.кв талбай бүхий, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Ж.Т-ын өмчлөлд бүртгэсэн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн улсын бүртгэлийн гэрчилгээ хэрэгт авагдсан, нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэл буюу өмчлөх эрхтэй болохоо шүүхэд баримтаар нотолжээ. /хх-6/

 

Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар тухайн бүртгэлийг үнэн зөвд тооцох ба нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг хүчингүй гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэлд дурдсан 871 м.кв талбайг эзэмшиж, ашиглаж байгаагаа үгүйсгээгүй, бусдад түрээслүүлсэн гэж тайлбарласан, харин өмчлөгчийн зөвшөөрлөөр, түүнчлэн хөрөнгийг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшиж байгаа талаар нотлох баримтыг шүүхэд гаргаагүй, эзэмшлийг хууль ёсоор үүссэн гэж үзэх Иргэний хуулийн 89 дугаар зүйлийн 89.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иймд өмчлөгч хөрөнгөө хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй бөгөөд шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, ЭЭЖЮ ХХК болон Ч.С-ийн хууль бус эзэмшлээс талбайг чөлөөлүүлэхээр шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийн зохицуулалтад нийцнэ.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг зөрчөөгүй, маргааны үйл баримтын талаар үндэслэлтэй дүгнэлт хийсэн, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 181/ШШ2021/00170 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

А.ОТГОНЦЭЦЭГ