Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 2023/ДШМ/1008

 

    

 

 

Б.Б-тхолбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Нандин-Эрдэнэ,

шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч Ж.Тэгшмандал,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Бийн өмгөөлөгч О.Баяраа,    

нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ нарыг оролцуулан, 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 2023/ШЦТ/997 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б гомдол гаргасныг үндэслэн Б.Б-тхолбогдох 2303002780226 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

тоотод оршин суух бүртгэлтэй, тоотод оршин сууж байгаа, урьд ял шийтгэлгүй;

Шүүгдэгч Б.Б нь Д дүүргийн 00дүгээр хорооны нутаг дэвсгэр “Оrange” мини маркетын арын замд 2023 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 20 цаг 36 минутын үед Mazda Caravan загварын 0000 ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1. “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэснийг зөрчиж явган хүний гарцаар гарч байсан явган зорчигч буюу хохирогч Д.Бийг мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас:  Шүүгдэгч Б.Бын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.   

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч Ш овогт Б.Б-ыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, Д дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг гурван жилийн хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ялын хугацааг энэхүү шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолж, цагдан хоригдоогүй, хохирогч талд мөнгөн дүнгээр 12,500,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн нас барснаас учирсан гэм хорын төлбөрт нэхэмжилсэн нэхэмжлэлээс үлдэх арван таван сая гурван зуун ерэн зургаан мянга хоёр зуун тавин хоёр төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь сэтгэл санаанд учирсан гэм хорын нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэргийн шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б гомдолдоо: “...Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хохирогч замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн ямар нэгэн буруу байхгүй, харин шүүгдэгч Б.Б нь явган хүний гарцаар гарч байгаа ахыг минь хурдтай ирж байгаа автомашинаас өөрийгөө аврах гэж зугтааж байхад санаатайгаар дайрч амь насыг нь хохироож байгаа нь камерын бичлэг болон бусад баримтуудаар тогтоогдсон. Шүүгдэгч Б.Б нь миний ахын амь насыг санаатайгаар бүрэлгэсэн. Миний хувьд шүүгдэгч Б.Б-тЭрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүх хуралдаан дуусах үед уучлалт гуйсан ба талийгаачийн амь нас хохирсноос учирсан гэм хорыг бүрэн гүйцэт төлж барагдуулаагүй.

Хохирогч бид сайхан түшиг тулгууртай ахыгаа алдаж, сэтгэл санаа болон эд мөнгөөр хохирон үлдэж байгаадаа маш их гомдолтой байна. Оршуулгын зардалд баримтаар 27,500,000 төгрөгийн хохирол нэхэмжилсэн бөгөөд 100 хоног буюу 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл таван тансаг идээнийхээ дээжийг барьж зан үйлээ дуусгасан. Хохирогч бидний зүгээс талийгаачийн 49 хоногийн 7 хоног бүрийн ням гаригт хөдөөлүүлсэн газарт нь эргэлтийн үйлчилгээ авч, буян үйлдэж, мод бут тарьж, худагт үнэгүй ус түгээлгэж, амьжиргааны түвшин доогуур амьдралтай, олон хүүхэдтэй айлуудад хүнс бэлтгэн өгөх зэрэг буяны ажлуудыг хийсэн.

Миний ахын амь насыг хохироогоогүй бол бидэнд ийм хохирол учрахгүй байсан. Иймд хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү. Бидний зүгээс ахыгаа алдаж сэтгэл санаа болон эд хөрөнгөөр хохирсонд маш их гомдолтой байна. ...” гэжээ. 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Бийн өмгөөлөгч О.Баяраа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Осол гарч байгаа камерын бичлэгийг үзвэл амь хохирогч зам гарахаар гарц дээр машин хүлээж маш удаан зогсож байгаад зам руу ороод цаад эгнээг бүрэн гараад наад эгнээ рүү орох үед Б.Б маш хурдтай орж ирээд дайрдаг. Мөн тухайн үед амь хохирогч цааш зугтааж байхад санаатайгаар араас нь гүйцэж дайрч байгаа үйлдлээс үзэхэд санаатай дайрч байна уу гэсэн өнцөг харагддаг. Нөгөөтэйгүүр, анхан шатны шүүхээс “амь хохирогч, шүүгдэгч нар нь нэгнээ танихгүй. Ямар нэгэн өр, авлагын асуудал байхгүй. Шүүгдэгч нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг зөрчсөний улмаас амь хохирогчийн амь насыг хохирсон” гэж дүгнэсэн. Миний үйлчлүүлэгч Д.Бийн зүгээс “цаашаа зугтаж байхад араас нь санаатайгаар дайрсан” гэж үзэж байгааг шүүх бүрэлдэхүүн харгалзаж үзнэ үү. Хохирогч талаас гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотойгоор 27.500.000 төгрөгийг нэхэмжилсэн. Амь хохирогч нь зуурдаар нас барсан учир буян үйлдэж хүүхэд, нохой хооллож, мод тарьж, ус түгээх зэрэг үйл хийхэд 27.500.000 төгрөгийг зарцуулсан учир баримтыг нэг бүрчлэн гаргаж өгсөн. Гэтэл анхан шатны шүүхээс “Эдгээр зардал нь гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол биш. Оршуулгын зардалд 12.5000.000 төгрөгийг гаргах үндэслэлтэй” гэж шийдвэрлэсэн. Мөн шүүгдэгч Б.Б нь шүүх хуралдааны үед уучлал гуйснаас бусдаар уучлал гуйгаагүй. Түүнчлэн анхан шатны шүүх шүүгдэгчийн талд шийдвэр гаргасан гэж үзэж байна. Учир нь, миний бие анхан шатны шүүх хуралдаанд “хоёр дахь шүүмжээ хэлье” гэсэн боловч “прокурор хэлээгүй учир та хоёр дахь шүүмж хэлэх боломжгүй” гэж шүүмж хэлэхийг хязгаарласан. Миний үйлчлүүлэгч Д.Б нь “Б.Б гэдэг хүний буруутай үйл ажиллагаанаас болж уг хохирол учирсан бол хохирлыг тооцож гаргаж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг гаргасан. Улсын Дээд шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдөр баталсан Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг нөхөн төлүүлэх төлбөрийн аргачлалын 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт “Хохирогч нас барсан бол Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасны дагуу гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр олгоно” гэж заасан. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2023 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 550.000 төгрөгөөр тогтоож өгсөн. 550.000 төгрөгийг 150 дахин үржүүлж 82.000.000 төгрөгийг хохирогчийн сэтгэцэд учирсан хохирол хэмээн гаргаж өгөхийг өмгөөлөгчийн зүгээс хүсэж байна. Мөн амь хохирогч нь тухайн хэрэг болох үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй. Хэрэв шүүгдэгч буруутай үйлдэл хийгээгүй байсан бол хохирогч амь насаараа хохирч, хохирогчийн ар гэр сэтгэл санаа, эд хөрөнгөөрөө хохирохгүй байсан...” гэв.     

Шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч Ж.Тэгшмандал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс “амь хохирогчийг санаатайгаар алсан” гэж давж заалдах гомдол гаргасан байна. Хэрэгт цугларсан баримтаас үзэхэд, шүүгдэгч Б.Б өөрийн танилтай хамт Тэнгис кино театр руу зорчиж байсан нь тогтоогдог бөгөөд ямар нэгэн байдлаар амь хохирогчийг гэмтээх, хохироох санаа зорилготой байгаагүй гэдэг нь тогтоогддог. Мөн тухайн хэрэг гарсан газар нь гэрэлтүүлэг муутай байсан. Харин шүүгдэгчийн хувьд хэрэг гарах үед согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, хурд хэтрүүлээгүй явж байгаад болгоомжгүйгээр бусдын амь насыг хохироосон. Шүүгдэгчийн зүгээс уг үйлдэлдээ маш их гэмшиж байгаа гэдгээ илэрхийлдэг бөгөөд хохирогч талд хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлдэг. Анхан шатны шүүхээс сэтгэл санааны хохиролтой холбоотой асуудлыг шийдвэрлэлгүй иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.    

Прокурор Г.Нандин-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс “шүүгдэгч нь амь хохирогчийг санаатайгаар алсан” гэсэн байр суурийг илэрхийлж хэргийн зүйлчлэл дээр маргаж оролцсон. Гэрч Хын “Б.Б бид хоёр хамт кино үзэхээр Тэнгис кино театр руу явж байсан” гэсэн мэдүүлэг хэрэгт авагдсан. Мөн шүүгдэгч нь осол гарсан даруй эмнэлэг, цагдаагийн байгууллагад хандсан зэрэг үйлдлээс үзэхэд санаатай аллага гэж үзэх боломжгүй. Хохирогч талаас 27.000.000 төгрөгийг нэхэмжилж баримт гаргаж өгснөөс анхан шатны шүүх 12.500.000 төгрөгийн баримт үндэслэлтэй гэж үзэж хохирогч талд гаргуулахаар шийдвэрлэсэн. Мөн хохирогч талаас сэтгэл санааны хохиролтой холбоотой зардлыг шүүх хуралдааны үеэр нэхэмжилснийг анхан шатны шүүхээс “иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй” хэмээн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.    

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг Б.Б-тхолбогдох 2303002780226 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарлаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн зөрчилгүй байна.

Б.Б нь 2023 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 20 цаг 36 минутын үед Mazda Caravan загварын 0000 ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Д дүүргийн 00дүгээр хорооны нутаг дэвсгэр “Оrange” мини маркетын арын замд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1. “...Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө...” гэснийг зөрчиж явган хүний гарцаар гарч байсан явган зорчигч Д.Бийг мөргөж амь насыг нь хохироосон болох нь:

явган хүний гарцаар гарч явсан Д.Б тээврийн хэрэгсэлд мөргөгдөж амь нас нь хохирсон болохыг нотолж буй хэргийн газрын үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, гэрэл зургууд /1-р хх-5-12/, хяналтын камерын бичлэг /хх-25-28/,

гэрч Н.Хын “...БMazda Caravan маркийн 0000 ААА дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод Баянхошууны хөтлийн замаар ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй би урд талын суудалд суугаад зорчих хэсгийн 1-р эгнээгээр 40-50 км цагийн хурдтай явж байтал гэнэт урд хүн гараад ирсэн, тэгээд машинд тухайн хүн мөргөгдөх шиг болоод цааш яваад зогссон. ...” /1-р хх-57/,

гэрч О.Уын: “...орой 20 цагаас 21 цагийн хооронд манай эхнэр П, Б, 2 зээ, Цгээд бид хэд нийтийн байр луугаа алхаад явж байтал талийгаач Б ах нь нэг тамхи татаад ирье та нар явж бай би талханд яваад ирье гээд салаад яваад өгсөн. Тэгээд бид нар гэртээ ороод 30-40 минут болоод талийгаач ирэхгүй болохоор нь би араас нь гартал зам дээр эмнэлгийн машин ирчихсэн байхаар нь ойртоод хартал Б зам дээр хэвтэж байхаар нь би очоод хартал эмч нь ойртуулахгүй гэхээр нь би иргэний үнэмлэхийг нь гаргаад эмчид өгсөн...” /1-р хх-46/,

гэрч Б. Пгийн: “...замдаа явж байгаад талийгаач Б Уаа ахдаа нэг тамхи өгчих тамхи татчихаад очъё та нар түрүүлээд явж бай гэхээр нь би Б ахаа та дэлгүүр ороод нэг талх аваад ирээч гээд хэлтэл “тэгье” гээд миний виза картыг аваад явсан юм. Тэгээд бид хэд хариад 30-40 минут орчим болоод Б ахыг ирэхгүй болохоор нь манай нөхөр У, Цнар араас нь хайгаад гартал зам дээр машинд мөргүүлсэн байдалтай хэвтэж байна гээд над руу утсаар залгасан. ...” /1-р хх-49/,

гэрч Ч.Ц-гийн: “...2023 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 20-21 цагийн үед Б ах дэлгүүрээс талх тамхи авах зорилгоор явсан. Ирэхгүй удаад байхаар нь У ахын хамт ардаас нь гарсан. Тэгсэн зам дээр ертөнцийн зүгээр урагшаа харсан байрлалтай атиралдан хэвтэж байсан. ...” /1-р хх-53/ гэх мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 1201 дугаартай: “...Талийгаачийн цогцост гавал тархи, цээж хэвлийн хөндийн, хүзүүний нугалам, мөчдийн хавсарсан гэмтэл, дух ясны цөмөрсөн ил хугарал, тархины зүүн тал бөмбөлөгийн духны дэлэнгийн голомтлог няцрал, баруун, зүүн уушгины няцрал ба гялтан доорх цус хуралт, элэгний баруун дэлбэн болон 2 дэлбэнгийн цус хуралт, баруун бөөрний үүдэвч хэсгийн язрал, гол судасны гадна хана, 2 бөөрний өөхөн эд ба хальсан доорх, элэгний өргөн холбоос, өрцний цус хуралт, хүзүүний 3,4-р нугалам их биеэрээ бүрэн салсан хугарал, нугас бүрэн тасрал, зүүн талын 2-4-р хавирганы шууд хугарал, зүүн, баруун шилбэний шаант ясны хугарал, орчмын булчингийн цус хуралт, дух, баруун тохой, баруун, зүүн шилбэ, сарвууны язарсан шарх, зүүн хөмсөг, баруун тохой, баруун, зүүн өвдөг, цээж, баруун алга, баруун ташаа, баруун сарвууны зулгаралт, цээжний хөндийн зүүн хөндийн цус хуралдалт, дух, баруун тохой, баруун, зүүн шилбэний язарсан шарх, зүүн хөмсөг, баруун тохой, баруун ташаа, баруун, зүүн өвдөг, баруун нүдний дээд зовхи, цээж, баруун сарвууны зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайлбал автомашинд мөргөгдөх үед үүсгэгдсэн байх боломжтой байна. Талийгаач В/III/ бүлгийн цустай байна. Талийгаачийн цусанд спиртийн агууламж илрээгүй. Талийгаачид шинжилгээгээр үхэлд хүргэсэн эмгэг өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь гавал тархи, цээж, хэвлийн хөндийн, хүзүүний нугалам, мөчдийн хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ...” /1-р хх 72-78/, 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 2112 дугаартай “...Шинжилж буй “Оранж дэлгүүр 91.mp4” гэсэн нэртэй дүрс бичлэгийн 20:42:03 секундэд дүрслэгдэх суудлын автомашин нь “А”- “Б” цэгийн хоорондох 4 метр зайг ойролцоогоор /43.6-57.6/ км/цаг хурдтайгаар туулж өнгөрсөн...” /1-р хх 137-140/ гэх шинжээчийн дүгнэлтүүд,

Автотээврийн үндэсний төвийн Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 320005 дугаартай “...Тухайн зам тээврийн ослын үед урд копут баруун гар талын хажуу үзүүр хэсгээрээ хонхойж орсон /шинэ/, урд нүүр баруун гар талын хажуу хэсэгтээ цуурсан сэвтэй /шинэ/ зэрэг гэмтлүүд үүссэн байна. Mazda Caravan маркийн загварын тээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгын АВS бүхий тоормосны системтэй. Тоног төхөөрөмж дээр болон жолоодлого хийн шалгаж үзэхэд тээврийн хэрэгслийн дугуйн тоормос бүрэн ажиллагаатай байна...” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх 148-152/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.   

Шүүгдэгч Б.Бын тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1. “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэснийг зөрчиж явган хүний гарцаар гарч байсан явган зорчигч Д.Бийг мөргөж амь насыг нь хохироосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн 3 дахь хэсэгт заасан “...Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон...” гэсэн шинжийг бүрэн агуулсан байна.

Шүүх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял...”-аас Б.Б-тзорчих эрхийг хязгаарлах ялыг сонгон гурван жилийн хугацаагаар оногдуулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж тус тус шийтгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ. 

Хэрэг гарсан үйл явдлыг харуулж буй хяналтын камерийн бичлэг, хэрэг хэрхэн болсон болохыг мэдүүлсэн гэрч Н.Хын “...БMazda Caravan маркийн 0000 ААА дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод Баянхошууны хөтлийн замаар ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй би урд талын суудалд суугаад зорчих хэсгийн 1-р эгнээгээр 40-50 км цагийн хурдтай явж байтал гэнэт урд хүн гараад ирсэн, тэгээд машинд тухайн хүн мөргөгдөх шиг болоод цааш яваад зогссон. ...” /1-р хх-57/ гэсэн мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 2112 дугаартай “...Шинжилж буй “Оранж дэлгүүр 91.mp4” гэсэн нэртэй дүрс бичлэгийн 20:42:03 секундэд дүрслэгдэх суудлын автомашин нь “А”- “Б” цэгийн хоорондох 4 метр зайг ойролцоогоор /43.6-57.6/ км/цаг хурдтайгаар туулж өнгөрсөн...” /1-р хх 137-140/ гэсэн шинжээчийн дүгнэлт зэргээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Бийн “Шүүгдэгч Б.Б нь амь хохирогч Д.Бийг тээврийн хэрэгсэл ашиглан санаатайгаар алсан” гэсэн давж заалдах гомдол нь нотлогдохгүй байна.

Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Бийн “...талийгаачийн амь нас хохирсноос учирсан гэм хорыг бүрэн гүйцэд барагдуулаагүй...” гэсэн гомдлыг давж заалдах шатны шүүх хянаад,

үнийн дүн нь тодорхой, нотлох баримтын шаардлага хангаж буй 16,009,145 төгрөгийн хохирлоос Б.Бын хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлсөн 12,500,000 төгрөгийг хасаж, үлдэх 3,509,145 төгрөгийг гаргуулж,

өмгөөлөгчийн төлбөрт болон юунд зарцуулагдсан нь тодорхойгүй банкны гүйлгээний баримтууд /пос машины/, бүдгэрэн арилж уншигдах боломжгүй болсон баримтаар нэхэмжилсэн нийт 11,490,855 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.  

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч сэтгэл санааны хохирол, тэтгэмжийг шүүгдэгчээс нэхэмжилнэ гэж байх тул энэхүү хэрэгтэй хамтатган шийдвэрлээгүй хохирол, хор уршгаа нэхэмжлэх хохирогчийн эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1, 39.5 дугаар зүйлд заасан эрх хэмжээний хүрээнд:

 шийтгэх тогтоол ТОГТООХ нь хэсэгтээ шүүхийн хийх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохицуулсан  заалтуудыг удирдлага болгосонг,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн утга найруулгын хувьд ойлгомжгүй заасан 2, 5 дахь заалтуудад, хуулийн үндэслэл болгосон заалтыг хэрэглээгүй 9 дэх заалтад мөн өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэлээ. 

 Иймд дээр заасан хохирол, хор уршигтай холбоотой болон хууль хэрэглээтэй холбоотой өөрчлөлтүүдийг шийтгэх тогтоолд оруулахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.     

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 2023/ШЦТ/997 дугаар шийтгэх тогтоолын:

тогтоох хэсгийн удирдлага болгосон “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон...” гэснийг “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 37.1 дүгээр зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон...” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Б-ттээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурван/ жилийн хугацаагаар хасаж, Д дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 3 /гурван/ жилийн хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийтгэсүгэй...” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Б-ттээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурван/ жилийн хугацаагаар хасаж, 3 /гурван/ жилийн хугацаагаар Д дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглосон зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай...” гэж,

тогтоох хэсгийн 4 дэх заалтын “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн нас барснаас учирсан гэм хорын төлбөрт нэхэмжилсэн нэхэмжлэлээс үлдэх 15.396.252 /арван таван сая гурван зуун ерэн зургаан мянга хоёр зуун тавин хоёр/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай...” гэснийг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баас 3,509,145 /гурван сая таван зуун есөн мянга нэг зуун дөчин тав/ төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Бт олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн иргэний нэхэмжлэлээс 11,490,855 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. ...” гэж,

тогтоох хэсгийн 5 дахь заалтыг “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгаа нэхэмжлэх эрхтэйг дурдсугай...” гэж,

тогтоох хэсгийн 9 дэх заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй тохиолдолд зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцож хорих ялаар солино гэдгийг Б.Б-тмэдэгдсүгэй...” гэж тус тус өөрчилсүгэй.

 2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Бийн “...хэргийг буруу зүйлчилсэн...” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.     

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.МӨНХӨӨ

     ШҮҮГЧ                                                          Н.БАТСАЙХАН

     ШҮҮГЧ                                                          Д.ОЧМАНДАХ