| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 315/2025/00030/И |
| Дугаар | 315/ШШ2025/00094 |
| Огноо | 2025-03-19 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 315/ШШ2025/00094
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг ... тоотод оршин суух, *******ын *******гийн
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар багт оршин суух, *******ийн *******д холбогдох
худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 5 тооны тугалтай үнээ буюу 12,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш.******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Ш.******* миний бие найз *******гээс 5 ширхэг тугалтай 5 үнээ авахаар харилцан тохиролцож, 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. *******д төлбөр болгож 5,000,000 төгрөгийг *******гийн ХААН банкны 5026500815 тоот дансаар тухайн өдөр шилжүүлсэн. Бидний хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээний дагуу ******* нь 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 5 тооны тугалтай үнээ өгөх байсан боловч өгөөгүй. Иймд бидний хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээгээр харилцан тохиролцсон 5 тооны тугалтай үнээг *******гээс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Байгалийн аюулт үзэгдлээс болж малгүй болсон. Тиймээс тухайн үед авсан 5,000,000 төгрөгийг төлөх хүсэлтэй байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш.******* нь хариуцагч Г.*******д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 5 тооны тугалтай үнээ буюу 12,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан ярилцаж, нэхэмжлэгч Ш.******* нь нэхэмжлэлийн шаардлага 12,500,000 төгрөгийг 5,000,000 төгрөг болгон бууруулж, хариуцагч Г.******* 5,000,000 төгрөгийг төлөхөөр тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш.*******гийн нэхэмжлэлийн шаардлага 12,500,000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 214,950 төгрөгийн тал хувь 107,475 төгрөгийг улсын төсвийн орлогоос, эвлэрсэн үнийн дүн 5,000,000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 94,950 төгрөгийн тал хувь 47,475 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Ш.******* нь хариуцагч Г.*******д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 5 тооны тугалтай үнээ буюу 12,500,000 төгрөг гаргуулах шаардлагаа 5,000,000 төгрөг болгон багасгаж, хариуцагч Г.******* нь 5,000,000 төгрөгийг төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш.*******гийн нэхэмжлэлийн шаардлага 12,500,000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 214,950 төгрөгийн тал хувь 107,475 төгрөгийг улсын төсвийн орлогоос, эвлэрсэн үнийн дүн 5,000,000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 94,950 төгрөгийн тал хувь 47,475 төгрөгийг хариуцагч Г.*******гээс гаргуулж, нэхэмжлэгч Ш.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.БОЛОРМАА