Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 315/ШШ2025/00099

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын ... дүгээр багт оршин суух,  *******гийн *******ын нэхэмжлэлтэй 

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Засаг даргын Тамгын газарт холбогдох 

эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд 9,024,000 (Есөн сая хорин дөрвөн мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.*******,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч: Г.Баярсайхан,

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Засаг даргын Тамгын газрын хууль ёсны төлөөлөгч ... (Шүүх хуралдаанд оролцоогүй),

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Засаг даргын Тамгын газарт холбогдуулан эрүүл мэнд болон эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 9,024,000 (Есөн сая хорин дөрвөн мянга) төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.  

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 6-р багийн нутаг дэвсгэрт байрлах 24 айлын орон сууцны зүүн талд 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар аймгаас ирсэн нөөцийн өвсийг тус сумын Засаг даргын Тамгын газар буулгаж, багийн засаг дарга нар мөнгийг нь хурааж, малчдад тараах ажлыг зохион байгуулсан. Уг ирсэн нөөцийн өвс нь 500 кг-ийн жинтэй өвс байсан тул ковшоор түрж буулгаж байсан. Өвсийг ковшоор түрж буулгах үед нь ачааны том машин дээрх өвс нь нурж ойгоод миний бие уг өвсөнд дарагдаж баруун хөлийн шаант ясны ил хугарал, умдаг ясны холбоос салсан хугарал бүхий хүнд гэмтэл авсан. Тэнд өвс буулгаж байгаа машинаас өвсийг аюулгүй буулгах ажиллагааг ЗДТГ зохион байгуулаагүй. Дарга нар байхгүй байсан. Тус сумын Засаг даргын Тамгын газраас өвс буулгах ажлыг зөв зүйтэй зохион байгуулаагүй. Тэдний буруутай үйл ажиллагаанаас болж осол гарч, гэмтэл авч эрүүл мэндээрээ хохирсон. Ингээд Улаанбаатар хот руу хүргэгдэж Гэмтэл, согог судлалын үндэсний төв болон гэрээр ******* гэдэг хүнээр 12 хоногийн хугацаанд эмнэлэгт болон гэрээр асаргаа, сахиурын ажил хийлгэж хөлсөнд нь 3,000,000 төгрөг, Улаанбаатар хотод дүү ******* Улсын 2-р төв эмнэлэгт 10 хоног, мөн гэрээр асаргаа сахиур хийлгэсэн тул хөлсөнд 4,500,000 төгрөг, эм тарианы үнэ 1,501,500 төгрөг, Прокурорын газрын эрүүгийн хэргийн салбар архиваас 26 хуудас баримт хуулбарлаж авахад гарсан зардал 22,500 төгрөг, нийт 9,024,000 төгрөгийн хохирол зардал гарсан тул үүнийг гэм хор учруулсан байгууллага болох Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Засаг даргын Тамгын газраас нэхэмжилж байна гэв. 

2. Хариуцагч Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Засаг даргын Тамгын газар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран 2024 оны 03 дугаар сарын 12-нд аймгийн нөөцийн өвсийг татан авч, малчдад тараах ажлыг сумын Цагдаагийн хэсэг, багийн Засаг дарга нар, Тамгын газрын ажилтан албан хаагч нарын бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулсан. Тухайн үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор өвс ачсан машинуудын ирэх, буцах замын цасыг хагалах зориулалт бүхий ковш, трактор зэрэг техникүүд дагалдан ирсэн. Нэг боодол өвс нь 500 килограмм жинтэй тул ачааны автомашинаас ковшийг ашиглан буулгасан. Өвс буулгах үед түрүүлж буусан өвсийг нь дайрч, булаах зэргээр иргэдээс зохисгүй үйлдлүүд гарч байсан бөгөөд зохион байгуулж байсан багийн Засаг дарга, Тамгын газрын албан хаагч, цагдаагийн ажилтны шаардлагыг хүлээж авахгүйгээр хүндрэл учруулсан. Иргэдийн болгоомжгүй үйлдлээс 3 иргэн өвсөнд цохигдон, 1 иргэн өвсөнд дарагдаж гэмтэл авсан. Тухайн иргэдэд цаг алдалгүй эмнэлгийн тусламж үзүүлсэн. 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн А/28 тоот Засаг даргын захирамжаар иргэн Б.*******ад 3,000,000 төгрөгийн буцалтгүй тусламжийг эмчилгээ, унааны зардалд зориулан олгосон. Тухайн үед ажиллаж байсан сум орны удирдлагууд бодит нөхцөл байдалд тулгуурлан гэмтэл бэртэл авсан иргэддээ мөнгөн тусламж үзүүлсэн. Тиймээс нэхэмжлэлийн 9,024,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ. 

3. Нэхэмжлэгчээс хохиролтой холбоотой *******гийн өргөдөл, ХААН банкны хуулга, ******* нь Б.*******ыг сахисан гэх эмнэлгийн магадлагаа, 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдөр АИ-92 бензин авсан 79,995 төгрөгийн баримт, *******ын жолооны үнэмлэхийн хуулбар, ******* нь Б.*******ыг сахисан гэх эмнэлгийн магадлагаа, *******ын цалингийн хүснэгт, ******* констракшн ХХК-ийн тодорхойлолт, НӨАТ-ын баримтууд, эрүүгийн хэргээс баримт хуулбарлан авахад мөнгө тушаасан баримт, Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Б.*******ад холбогдох хэрэг бүртгэлтийн хэргээс хуулбарлан авсан баримтууд зэрэг нотлох баримтуудыг,  

4. Хариуцагч талаас нэхэмжлэлийн хариу тайлбар, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн А/28 дугаартай осолд өртсөн хүмүүст буцалтгүй тусламж үзүүлэх тухай захирамж, Б.*******ад 3,000,000 төгрөг олгосон төлбөрийн хүсэлтийн баримт зэргийг шүүхэд нотлох баримтаар тус тус гаргаж ирүүлсэн байна.  

ҮНДЭСЛЭХ нь: 

1. Баяндэлгэр сумын Засаг даргын Тамгын газарт холбогдох эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд 9,024,000 төгрөг гаргуулах тухай Б.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх үзэв. 

2. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Баяндэлгэр сумын Засаг даргын Тамгын газарт холбогдуулан өвс тараах ажлыг зөв зүйтэй зохион байгуулаагүйгээс өвсийг ковшоор түрж буулгах үед ачааны том машин дээрх өвс нь гэнэт нурж, өвс авахаар очсон, миний бие өвсөнд дарагдаж, хүнд гэмтэл авсан. Гэмтлийн улмаас, гэмтэл согог судлалын үндэсний төвөөр эмчлүүлэхдээ болон гэрээр ******* гэдэг хүнээр 12 хоногийн хугацаанд асаргаа, сахиурынэм тарианы үнэ 1,501,500 төгрөг, Прокурорын газрын эрүүгийн хэргийн салбар архиваас 26 хуудас баримт хуулбарлаж авахад гарсан зардал 22,500 төгрөг, нийт 9,024,000 төгрөгийн хохирол учирсныг гаргуулна гэж шаардсан.

3. Хариуцагч нь Б.*******ад осол болсон даруйд нь эм тарианы болон бензин тосны зардалд зориулж, 3,000,000 төгрөг өгсөн. Тиймээс 9,024,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалзсан.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1. Хариуцагч Баяндэлгэр сумын ЗДТГ-нь 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр тус сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр 24 айлын орон сууцны зүүн талд нөөцийн өвсийг малчдад тараахдаа ачааны машин дээрх 500 кг-ын жинтэй өвсийг ковшоор түрж буулгуулах үед өвс нурж, өвс авахаар очсон Б.******* өвсөнд дарагдаж, хариуцагчийн болгоомжгүй үйлдлийн улмаас түүний эрүүл мэндэд нь баруун шаант ясны ил хугарал, умдаг ясны холбоос салсан хугарал бүхий хүнд гэмтэл учирсан осол болсон болох нь Сүхбаатар аймгийн Прокурорын газрын 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 144 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай Прокурорын тогтоол (хх-36х), Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 4068 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-58х), Баяндэлгэр сумын Эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлсэн тэмдэглэл (хх-65х), зохигчдын тайлбар, фото зураг зэргээр тогтоогдож байна. 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. гэж зааснаар нэхэмжлэгч Б.******* нь өөрийн эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохирлын эмчилгээний зардал болон бусад зардлыг шаардах эрхтэй гэж, мөн хуулийн 498-р зүйлийн 498.1 дэх хэсэгт Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл буюу /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хохирлыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэж заасны дагуу хариуцагч Баяндэлгэр сумын Засаг даргын тамгын газарт холбогдуулан хохирлын 9,024,000 төгрөгийн хохирлыг шаардсан. 

6. Хариуцагч Баяндэлгэр сумын Засаг даргын Тамгын газар нь дээрх үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй. 

7. Осол болсон даруйд 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэгчид эмчилгээний зардалд 3,000,000 төгрөг төлсөн болох нь Баяндэлгэр сумын Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн А/28 дугаартай осолд өртсөн хүмүүст буцалтгүй тусламж үзүүлэх тухай захирамж, Б.*******ад 3,000,000 төгрөг олгосон төлбөрийн хүсэлтийн баримт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна. (хх-102,112х)

8. Нэхэмжлэгчээс ирүүлсэн хавтаст хэргийн (хх-3-5х, 9-15х, 17-19х) талд авагдсан эмчилгээ, сувилгаа, эм тариа үзлэг, оношилгоо, шинжилгээ, асаргааны гэх бичмэл нотлох баримтаар нэхэмжлэгч Б.*******ын эмчилгээний болон бусад зардлын тооцоог хийхэд:

2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрүүдэд эмчилгээний зардал болон эм тариа худалдан авсан 16,420+300,000+3,300+45,000+7,600+100,000+2,300+33,000+900=508,520 төгрөгийн төлбөрийн баримтууд, Прокурорын архиваас нотлох баримт хуулбарлан авахад төлсөн 22,500 төгрөгийн төлбөрийн баримт зэргээр нийт 531,020 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдож байна.

8.1. Харин нэхэмжлэгчийн эмчилгээний зардлын 1,501,500 төгрөгийн үнийн дүнд тооцож ирүүлсэн (хх-6-18х) авагдсан нотлох баримтуудад 324,995 төгрөгийн бензин худалдан авсан баримт байх ба нэхэмжлэгч бензиний үнэ нэхэмжлээгүй, мөн эмчилгээний зардалд ирүүлсэн бусад нотлох баримтууд нь энгийн нүдээр уншигдахгүй, хэдэн төгрөгийн юуны, ямар баримт болох нь тодорхойгүй байх тул эмчилгээний зардлын 992,980 төгрөгийн нотлох баримтыг шүүх үнэлж, хохиролд тооцох боломжгүй байна.  

9. Мөн асаргааны зардал 7,500,000 төгрөгийн тухайд: Асаргаа сувилгааны зардалд *******гаар 12 хоног сахиулсны хөлсөнд 3,000,000 төгрөг, дүү Д.Бямбажаваар мөн эмнэлэгт 10 хоног сахиулсан болон гэрээр сахиулахад 4,500,000 төгрөг асаргааны зардалд нийт 7,500,000 төгрөг төлсөн, *******, Д.Бямбажав нар ажил хөдөлмөр эрхэлдэг боловч ажлаасаа чөлөөлөгдөж эмнэлэгт сахисан гэж тайлбарлах боловч тэдгээрийн ажлаасаа чөлөөлөгдсөн чөлөөний хуудас хэрэгт авагдаагүй, мөн *******гийн сарын цалин хөлс болон түүнд өгсөн гэх 3,000,000 төгрөг нь түүний сарын цалин хөлсний хэдэн хувь болон цалин хөлсний ямар жишиг тооцоо баримталж, тооцсон нь тодорхойгүй, мөн нэхэмжлэгчээс *******д асаргааны хөлсөнд 3,000,000 төгрөг шилжүүлсэн гэх баримт нь нэхэмжлэгчээс шилжээгүй, Д.Бямбажав гэсэн данснаас шилжсэнийг нэхэмжлэгчээс *******д асаргааны зардалд нэхэмжлэгчээс 3,000,000 төгрөг өгсөн гэж үнэлэх боломжгүй. Мөн Д.Бямбажавт 4,500,000 төгрөг өгсөн гэх боловч бичгийн нотлох баримт хэрэгт авагдаагүй тул асаргааны зардлын 7,500,000 төгрөгийг хохиролд тооцох үндэслэлгүй байна.

10. Хариуцагчийн эмчилгээний зардалд төлсөн 3,000,000 төгрөгнөөс нотлох баримтаар тогтоогдож байгаа хохирлын 531,020 төгрөгийг хасч тооцоход хариуцагч нь нэхэмжлэгчид төлөх төлбөргүй, учруулсан хохирлоо төлж барагдуулсан байна.

11. Нэхэмжлэгч нь хариуцагчаас гэм хорын хохиролд 3,000,000 төгрөг өгсөн гэснийг хүлээн авсан гэж хүлээн зөвшөөрөх боловч уг мөнгийг нэхэмжлэлээс хасч тооцохгүй гэх тайлбар нь үндэслэлгүй байна.

12. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн 9,024,000 төгрөгийн шаардлагын нотлох баримтаар тогтоогдож байгаа 531,020 төгрөгийн зардлыг хариуцагчийн нэхэмжлэгчид эмчилгээний зардалд төлсөн 3,000,000 төгрөгөөс хасч тооцоход хариуцагч нь нэхэмжлэгчид төлөх төлбөргүй байх тул нэхэмжлэлийн эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохирлын 9,024,000 төгрөгийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

13. Хариуцагчийн хууль ёсны төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүрэлцэн ирээгүй, хүндэтгэн үзэх шалтгааныг нотолсон баримт, хүсэлт ирүүлээгүй тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно. 

14. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1 дэх зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 160,663 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Баяндэлгэр сумын Засаг даргын Тамгын газраас 9,024,000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Б.*******ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 160,663 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч, 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОРМАА