| Шүүх | Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүгэрсүрэнгийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 124/2024/0047/З |
| Дугаар | 124/ШШ2025/0005 |
| Огноо | 2025-02-11 |
| Маргааны төрөл | Тендер, |
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 124/ШШ2025/0005
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Алтанцэцэг даргалан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Х Т” ХХК /РД: ....... /, ................................-р хороонд байрлах,
Хариуцагч: Увс аймгийн Худалдан авах ажиллагааны газар, ЭХЯ/20240102060 дугаартай тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан,
“Эрчим хүчний тусгай зориулалтын техник, хэрэгсэл худалдан авах тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны хурлын 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 01 дугаар тэмдэглэлийн “зөвлөмж”, Увс аймгийн Засаг даргын 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 1/1166 дугаар мэдэгдэл, захиалагчтай байгуулсан 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн УТ2403000737002 дугаартай гэрээг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Х Т” ХХК-ийн захирал Ц.Б, түүний өмгөөлөгч Ө.З, хариуцагч Увс аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н, Увс аймгийн Худалдан авах ажиллагааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, тендерийн үнэлгээний хорооны дарга Б.Б, Б.Б-ын өмгөөлөгч Д.Д, гуравдагч этгээд “М И” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Анхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Х Т” ХХК нь Увс аймгийн Засаг дарга, Увс аймгийн Худалдан авах ажиллагааны газар, ЭХЯ/20240102060 дугаартай тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан анх шүүхэд “ЭХЯ/20240102060 дугаартай тендерийн 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн сонгон шалгаруулалтыг хүчингүй болгох, 2024 оны 6 сарын 21-ний өдрийн гэрээг хүчингүй болгуулах,Сангийн яамны 2024 оны 7 сарын 04-ний өдрийн 03/5763 дугаартай албан бичгийн хүрээнд тендерийн үнэлгээг дахин явуулахыг даалгах” нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр “тендерийн үнэлгээний хорооны 2024 оны 6 сарын 12-ны өдрийн 01 дугаар тэмдэглэлийн зөвлөмжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн ба шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн “Эрчим хүчний тусгай зориулалтын техник, хэрэгсэл худалдан авах тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны хурлын 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 01 дугаар тэмдэглэлийн “зөвлөмж”, Увс аймгийн Засаг даргын 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 1/1166 дугаар мэдэгдэл, захиалагчтай байгуулсан 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн УТ2403000737002 дугаартай гэрээг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох” гэж тодорхойлон оролцсон болно.
Увс аймгийн Худалдан авах ажиллагааны газраас Эрчим хүчний тусгай зориулалттай техник хэрэгсэл худалдан авах/Увс, Улаангом сум/ 1,200,000,000 төгрөгийн тендер шалгаруулалт зарласан тендерийн үнэлгээний хорооны 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн хурлын тэмдэглэлээр “М И” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг, Увс аймгийн Засаг даргын 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 1/1166 дугаартай албан бичгээр “Х Т” ХХК-д тендерт шалгараагүй тухай мэдэгдэл тус тус хүргүүлсэн.
“Х Т” ХХК-иас тендерийн үнэлгээний хороог эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргасан бөгөөд Сангийн яамны 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 03/5763 дугаартай албан бичгээр гомдлыг хянаад тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг захиалагчид даалгасан байна.
Тендерийн үнэлгээний хорооноос дахин үнэлгээг хийгээгүй бөгөөд 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдөр захиалагч Увс аймгийн Засаг дарга, “М И” ХХК-ийн хооронд эрчим хүчний тусгай зориулалтын техник хэрэгсэл худалдан авах гэрээ хийгдэж, гэрээний дагуу техник нийлүүлэгдсэн байна.
Нэхэмжлэгч талаас шүүхэд хуульд заасан хугацаанд нэхэмжлэл гаргасан гэж тайлбарласан, гуравдагч этгээдийн зүгээс болон хариуцагч тендерийн үнэлгээний хорооны өмгөөлөгчөөс нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн талаар тайлбар гаргаж маргасан тул энэ талаарх дүгнэлтийг үндэслэх хэсэгт хийв.
Нэхэмжлэгч “Х Т” ХХК-иас анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Увс аймгийн Худалдан авах ажиллагааны газраас зарласан "Эрчим хүчний тусгай зориулалтын техник хэрэгсэл худалдан авах" тухай ЭХЯ/20240102060 дугаартай тендерт манай компани хуульд заасан шаардлага, нөхцөлийг чанд биелүүлэн оролцсон.
Гэтэл тендер шалгаруулалтын талаар захиалагч буюу Увс аймгийн Худалдан авах ажиллагааны газраас 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 1/1166 дугаартай мэдэгдлээр "Эрчим хүчний тусгай зориулалтын техник хэрэгсэл худалдан авах, ЭХЯ/20240102060 дугаартай тендер шалгаруулалтад танай компанийн ирүүлсэн үнийн санал Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д заасан хувь хэмжээнд хэт ойр дүнтэй байгаа нь чанаргүй бараа нийлүүлэх эрсдэлтэй тул тус тендерт шалгараагүй байна" гэсэн мэдэгдлийг хүлээн аваад эс зөвшөөрч Монгол Улсын Сангийн яаманд 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр гомдол гаргасан.
Манай гаргасан гомдолд Монгол Улсын Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 03/5763 дугаартай албан бичгээр хариу ирүүлсэн ба тус хариу албан бичигт Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт заасан хувь хэмжээнд хэт ойр үнийн санал ирүүлсэн нь чанаргүй бараа нийлүүлэх эрсдэлтэй гэж "Х Т" ХХК-ийн тендерээс татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна. Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлээс үзэхэд "Х Т" ХХК-ийн тендерт санал болгосон техник хэрэгсэл нь тендер шалгаруулалтын баримт бичгийн техникийн тодорхойлолтод заасан шаардлагад нийцэх эсэхэд үнэлгээ хийгээгүй байх тул хянан үзэх шаардлагатай байна.
Мөн "М И" ХХК-ийн тендерт ижил төстэй бараа нийлүүлсэн туршлагын үзүүлэлтэд тооцуулахаар ирүүлсэн "Э" ХХК болон "Э Н" ХХК-тай тус тус байгуулсан гэх сагстай өргөт нь тухайн жилүүдэд Монгол улсад борлуулагдсан зах зээлийн ханшнаас хэт өндөр үнэтэй байгааг хуурамч материал бүрдүүлсэн гэж үзэж байгаа талаар дурдсан байх тул уг асуудлыг тодруулж нягталж үзэх нь зүйтэй байна. Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлээс үзэхэд "М И" ХХК-ийн тендерт санал болгосон техник хэрэгсэл нь тендер шалгаруулалтын баримт бичгийн техникийн тодорхойлолт (захиалагчийн 2024 оны 06 дугаар сарын 03- ний өдрийн техникийн тодорхойлолтын тодруулгад)-д заасан шаардлагад нийцэх эсэхэд үнэлгээ хийгээгүй байх тул хянан үзэх шаардлагатай байна.
Иймд хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.1 дэх заалтыг үндэслэн захиалагчийн 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 1/1156, 1/1166 тоот шийдвэрүүдийг хүчингүй болгон шийдвэрлэж байна. Тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.2 дахь заалтыг үндэслэн мэдэгдье" гэсэн.
Албан бичгийн хувийн Увс аймгийн Худалдан авах ажиллагааны газарт хүргүүлж, Төрийн худалдан авах ажиллагааны цахим системийн Увс аймгийн Худалдан авах ажиллагааны газраас зарласан "Эрчим хүчний тусгай зориулалтын техник хэрэгсэл худалдан авах" тухай ЭХЯ/20240102060 дугаартай тендерийн хэсэгт гомдол үндэслэлтэй гэсэн төлөвт орсон байна.
Тэгтэл Увс аймгийн Засаг дарга болон Увс аймгийн Худалдан авах ажиллагааны газраас Сангийн яамны "Гомдол хянасан албан бичиг"-ийн дагуу Тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхгүй хуулийг ноцтой зөрчиж өнөөдрийг хүрээд байна.
Тэгсэн атлаа хуулийг зөрчин үнэлгээг дахин хийхийг үүрэг болгосоор байхад "М И" ХХК-тай гэрээ байгуулсан талаар мэдэж аваад шүүхэд хандаж байна.
Бид Сангийн яамны албан бичгийг гардаж аваад Увс аймгийн худалдан авах ажиллагааны газрын албан тушаалтнуудтай хэзээ үнэлгээг дахин хийх талаар маш олон удаа утсаар лавлаж асуухад хариуцсан хүн нь амарсан, алга байна, өөр хүн мэднэ, эргээд хариу өгнө, мэдээлэл сайтаар тавигдана, хүлээж бай гэх мэтээр мэдээлэл өгч байсан ч бидэнд хариу өгөөгүй, төөрөгдөлд оруулж гэрээг байгуулсан байна.
Нэхэмжлэгч хуулийн этгээдийн гомдлын дагуу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.1-д заасны дагуу "М И" ХХК- ийг сонгон шалгаруулсан шийдвэрийг хүчингүй болгож дахин үнэлгээ хийхийг даалгасаар байхад Худалдан авах ажиллагааны газрын үнэлгээний хороо нь үүнийг хэрэгжүүлэлгүй дахин үнэлгээ хийгээгүй, мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28.1-д "хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох" гэж заасан байхад Увс аймгийн Засаг дарга нь сонгон шалгаруулалтад хамгийн сайн үнэлэгдсэн оролцогчтой гэрээ байгуулах зохицуулалттай байхад хууль зөрчиж шалгарсан, шалгаруулалт нь хүчингүй болгосон хуулийн этгээдтэй гэрээ байгуулж тус тус хууль зөрчсөн байна. Энэ нь нэхэмжлэгч хуулийн этгээдийн сонгон шалгаруулалтад оролцох эрхийг хууль бусаар хөндсөн шийдвэр болсон.
Иймд Увс аймгийн Худалдан авах ажиллагааны газрын Эрчим хүчний зориулалттай, техник хэрэгсэл худалдан авах ЭХЯ/20240102060 дугаартай тендерийн үнэлгээний хорооны 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 1/1156 дугаар тендер сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож, Захиалагчтай байгуулсан 2024 оны 06 сарын 21-ний өдрийн ЭХЯ/20240102060, УТ2403000737002 дугаартай гэрээг хүчингүй болгож, Уг тендерийн үнэлгээг Сангийн яамны 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 03/5763 дугаар албан бичгийн хүрээнд дахин явуулахыг даалгаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.” гэжээ.
Нэхэмжлэгч “Х Т” ХХК-ийн захирал Ц.Б-ын шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа: “Эрчим хүчний тусгай зориулалтын техник, хэрэгсэл худалдан авах тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны хурлын 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 01 дугаар тэмдэглэлийн “зөвлөмж”, Увс аймгийн Засаг даргын 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 1/1166 дугаар мэдэгдэл, захиалагчтай байгуулсан 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн УТ2403000737002 дугаартай гэрээг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох” гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна гэв.
Нэхэмжлэгч “Х Т” ХХК-ийн захирал Ц.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Манайх 10 орчим жил тендерт оролцохдоо анх удаа шүүхэд гомдол гаргаж байна. Тус тендер нээсэн өдрийнхөө маргааш нь хариу гарсан. Хариу гарсны дараа материалыг нь шалгаад үзэхэд маш их алдаатай байсан. “М И” ХХК хуурамч бичиг баримттай, бараа нийлүүлэх туршлага нь хуурамч, нийлүүлэх техник нь техникийн тодорхойлолтод таарахгүй. Би бараа нийлүүлэх компанийн албан ёсны төлөөлөгчөөр олон жил ажиллаж байгаа. Манай компанийг Тендерийн тухай хуульд байхгүй зүйл заалтаар унагаасан байгаа. Улмаар манайх Сангийн яаманд гомдол гаргаад Сангийн яамны хариу ирээд тендерийн дахин үнэлгээг хийгээгүй болно. Манайхаас Увс аймгийн Засаг дарга, Б.Б, Б.А, Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга руу бүх холбогдох хүмүүсийн дугаарыг лавлаж тодруулаад рүү залгасан боловч амарч байна, тэгж байна гэсээр хариу өгөхгүй явсаар 10 дугаар сарын 08-ны өдөр өөр ажлаар Улаангомд ирээд Б.Б-той уулзахад тухайн тендерийн гэрээгээ байгуулаад, захиалгаа хийгээд явсан байсныг анх удаа мэдээд гомдол гаргасан. Илт нийлж хуйвалдаад, албан тушаалаа давуу тал болгож ашигласан тул шударга баймаар байна гэж гомдол гаргасан...” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:“... Тухайн тендер шалгаруулалтад оролцоод, “Х Т” ХХК-ийн хувьд тендерт заасан бичиг баримтуудыг бүрдүүлээд өгсөн байдаг. Тендерийн үнэлгээний хороо 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хуралдаад хурлаас гарсан шийдвэр, зөвлөмжүүдийг хүргүүлж, Увс аймгийн Засаг даргаас 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдөр тендерт оролцогч компаниудад мэдэгдэл хүргүүлсэн. 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 11/66 дугаартай мэдэгдэлд “Х Т” ХХК-г Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 21.5 дугаар зүйлд заасны дагуу эрсдэл бүхий тендер байна гэдэг байдлаар тендерээс татгалзсан байдаг. Үүнд “Х Т” ХХК-ийн зүгээс Сангийн яаманд гомдол гаргаад Сангийн яам 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдөр тендер сонгон шалгаруулалтыг түдгэлзүүлэх тухай албан бичиг гаргаж, 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдөр гомдлыг хянан шийдвэрлэсэн. Түдгэлзүүлсний дараа 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдөр гарсан Сангийн яамны гомдол хянан шийдвэрлэсэн мэдэгдэлд захиалагчийн 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдөр гаргасан 11/66 дугаартай албан бичиг нь хуульд нийцээгүй байна. Өөрөөр хэлбэл Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 21.5 дугаар зүйлд заасан үндэслэл нь оролцогчийн тендерт оролцох нөхцөл байдлыг тодруулах, нэмэлт мэдээлэл авах үйл явц болохоос тендерээс татгалзах үндэслэл биш юм гэж заасан. Нөгөө талаас “Х Т” ХХК-ийн тус сонгон шалгаруулалтад өгсөн үнийн дүн нь тендерийн дүнгийн 80 хувиас доошоо ороогүй. Гэтэл үнэлгээний хороо босго дүнтэй хэт ойрхон гэдэг үндэслэлээр хуулийг буруу тайлбарлаж татгалзсан байсан. Сангийн яамны 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн албан бичгийн дагуу ажиллагаа хийлгэхийг “Х Т” ХХК-ийн зүгээс хүлээсэн. Тендерийн цахим сүлжээнд гомдол үндэслэлтэй гэж харагдаад, цаашаа ямар ажиллагаа хийж байгаа нь харагддаггүй. Увс аймгийн Засаг дарга болон Үнэлгээний хороо руу нэхэмжлэгчийн зүгээс утсаар болон бусад байдлаар хандсан. Хариуцагч нарын зүгээс хандсан албан бичигтэй нь холбогдуулаад тендер сонгон шалгаруулалтын үйл явцын талаар мэдээлэл өгөөгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Дээрх тендер сонгон шалгаруулалт нь Тендерийн тухай хуульд заасны дагуу хамгийн сайн үнэлсэн тендерийг сонгон шалгаруулж чадаагүй. Сангийн яамны ирүүлсэн албан бичгийн дагуу дахин сонгон шалгаруулалт хийгдсэн тохиолдолд энэ сонгон шалгаруулалт хууль журмын дагуу явагдах байсан. Гэтэл сонгон шалгаруулалтыг хууль журмын дагуу явуулаагүй нөхцөл байдал үүссэн.
Сангийн яам гомдлыг 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдөр шийдвэрлээд Үнэлгээний хорооны шийдвэр алдаатай байна, М И ХХК-г шалгаруулсан нь асуудалтай байна, өмнөх туршлагын асуудлуудыг судал гээд Х Т ХХК-ийн гаргасан гомдол үндэслэлтэй, татгалзах үндэслэл биш, дахин үнэлгээ хий гэсэн. Гэтэл Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.2-т захиргааны байгууллагаас гомдлыг хянаж үзээд гаргах захиргааны актыг заасан. Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.1.1-д захиргааны акт илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрөх, 98.1.2-т гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг захиргааны актыг бүхэлд нь, эсхүл холбогдох хэсгийг хүчингүй болгох гэх мэт заагаад мөн хуулийн 98.2-т энэ хуулийн 98.1-д заасан захиргааны актыг холбогдох захиргааны байгууллага заавал биелүүлнэ гэж заасан. Гэтэл хуулийн дагуу сангийн яамны шийдвэрийг биелүүлээгүй.
Хөөн хэлэлцэх хугацааны хувьд 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Сангийн яамны шийдвэр гарснаас хойш хариуцагч талаас нэхэмжлэгч, хуулийн этгээдэд ямар нэгэн ажиллагаа хийгдэж байгаа талаар мэдээлэл өгдөггүй, утас нь холбогдох боломжгүй байдаг. “Х Т” ХХК-ийн гүйцэтгэх болон туслах ажилтнууд Увс аймагт ажиллаад явж байх хугацаанд буюу 2024 оны 10 дугаар сард тендерийн гэрээг байгуулсан дахин үнэлгээг хийхгүйг мэдэж, улмаар 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа. “М И” ХХК-тай гэрээ байгуулсан эсэх, гэрээний төлбөрөө шилжүүлсэн эсэх, сонгон шалгаруулалттай холбоотой мэдээллийг нэхэмжлэгч “Х Т” ХХК-д өгөөгүй. “М И” ХХК-тай 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдөр гэрээ байгуулсан байдаг. Гэтэл “М И” ХХК-ийн тендер нийлүүлэх гэсэн Dongfeng маркийн 45 метрийн Авто вишк машиныг 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр комиссын актаар хүлээгээд авчихсан. 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр техникийн гэрчилгээ гаргуулсан нөхцөл байдал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үүссэн. Тийм учраас өнөөдрийн байдлаар нэгэнт биелэгдчихсэн байгаа тендерийг дахин эхлүүлэх боломжгүй учраас Эрчим хүчний тусгай зохицуулалтын техник хэрэгсэл худалдан авах сонгон шалгаруулалт буюу 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн хурлын тэмдэглэл, зөвлөмжийг хууль бус байсан болохыг, Увс аймгийн Засаг даргын 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 11/66 дугаартай мэдэгдлийг хууль бус байсан болохыг тогтоох, захиалагч болон М И ХХК-ийн хооронд байгуулагдсан 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн гэрээ хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлагыг гаргасан гэв.
Анх нэхэмжлэлийн шаардлага гаргахад тендер сонгон шалгаруулалт гүйцэт дуусгавар болоогүй байсан буюу бараагаа хүлээж аваагүй, машинаа хүлээж аваагүй байсан. Энэ үед тендер сонгон шалгаруулалт дахин зарлагдсан бол өрсөлдөөнийг шударгаар шүүх боломжтой байсан. Одоо нэгэнт сонгон шалгаруулалт явагдаж дуусаад, бараа материалаа хүлээлцээд дууссан үед сонгон шалгаруулалт хууль бус байсан гэдгийг тогтоолгох шаардлагагүй. Үнэлгээг дахиж хийлгэж, Тендерийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д зааснаар Х Т ХХК-г шаардлага хангаагүй гэдэг нь хүчингүй болох ёстой байсан. Шүүхийн шийдвэр гарвал “Х Т” ХХК-г сонгон шалгаруулалтад шалгарах боломжийг илэрхийлэх нөхцөл байдлыг тогтоох боломжтой юм. Хуульд байхгүй зохицуулалтаар тендер сонгон шалгаруулалтад оролцогч этгээдийг хасчхаад шаардлагаа хангаж байгаа эсэх нь тодорхойгүй хуулийн этгээдийг сонгон шалгаруулаад байгаа нь хуульд нийцэхгүй байгаа тул үүнийг тогтоох нь төр, хувийн хэвшил аль аль талдаа хэрэгтэй гэж үзэж байгаа... Хариуцагч Б.Бын өмгөөлөгчийн зүгээс Б.Б хариуцагч мөн үү гэж яриад байгаа. Үнэлгээний хороо байнгын бус 1 удаагийн шийдвэр гаргахаар байгуулагдсан байгууллага. Тухайн байгууллага томилогдон байгуулагдахаас татан буулгах хүртэл үйл ажиллагаа үргэлжилнэ гэж заасан. Би хариуцагч Б.Боос үнэлгээний хороог татан буулгасан эсэхийг асуухад анхны зөвлөмж гаргаснаар дуусгавар болж байгаа гэх тайлбар хэлж байна. Гэтэл Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т захиргааны байгууллага байнгын бус шинжтэй байж болно, 1 удаагийн шинжтэй асуудлыг шийдвэрлэх, зохицуулахаар байгуулагдаж болох бөгөөд татан буугдсан тохиолдолд байгуулсан томилсон эрх бүхий этгээд нь эрх зүйн үр дагаврыг нь хариуцна гэж заасан. Өнөөдрийн байдлаар хэрэгт авагдсан баримтаар Үнэлгээний хороог татан буугдсан, дуусгавар болгосон шийдвэр ирээгүй учраас хариуцагч нь Үнэлгээний хороо, түүнийг төлөөлөөд Б.Б ирсэн гэж харж байгаа.” гэв.
Хариуцагч тендерийн үнэлгээний хорооны дарга Б.Б шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:”... 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Эрчим хүчний тусгай зориулалтын тоног төхөөрөмж, автомашин худалдан авах тендерийн сонгон шалгаруулалтыг үнэлэх үнэлгээний хороо хуралдсан байдаг. 2 компанид 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдөр мэдэгдэл хүргүүлсэн. Ажлын 6 хоногийн дотор гомдол гаргаагүй учраас 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдөр М И ХХК-тай гэрээ байгуулсан. Х Т ХХК нь 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Сангийн яаманд гомдол гаргасан бөгөөд гомдлынхоо 1 хувийг Увс аймгийн Засаг даргын Тамгын газарт ирүүлсэн бол бид нар тухайн тендерт гомдол гаргасныг мэдэх боломжтой байсан. Гомдол гаргасан талаар хариу ирээгүй учраас гомдол гаргаагүй гэж үзээд 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдөр гэрээ байгуулсан байдаг...” гэв.
Хариуцагч тендерийн үнэлгээний хорооны өмгөөлөгч Д.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:” ...Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлийг тодорхой ярьсангүй. Миний үйлчлүүлэгчийн хувьд хариуцагчаар татагдсан байгаа. Нэхэмжлэгч нэхэмжлэл дээрээ хариуцагчаар Худалдан авах ажиллагааны газар, Үнэлгээний хороо гэж тодорхойлсон. Үнэлгээний хороог эрх бүхий этгээд Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлд зааснаар шийдвэр гаргах ажиллагаандаа татан оролцуулж, шийдвэр гаргахад зориулж нэг удаагийн тохиолдлыг зохицуулах зориулалтаар байгуулагдсан хороо юм. Тухайн хороо байнгын бүтэц биш, Үнэлгээний хороо гэдэг захиргааны байгууллага байхгүй учраас Үнэлгээний хороог төлөөлүүлж Б.Б-ыг хариуцагчаар татаж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Түүнээс тодруулах зүйл байсан бол гэрчээр оролцуулах бүрэн боломжтой байсан.
Хөөн хэлэлцэх хугацааны тухай хэлмээр байна. Анхны нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр гаргасан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д зааснаар 1 сарын хугацаанд гомдлоо гаргах ёстой. Хугацааг хэрхэн тооцох талаар Захиргааны ерөнхий хуулийн 33, Захиргааны хэрэг хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт тодорхой заасныг хуульч нар мэдэж байгаа учраас үүнийг анхаарах байх гэж бодож байна. Гэтэл 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдөр тендерт шалгараагүй тухай мэдэгдлийг өгсөн, 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Сангийн яам гомдлын хариуг өгсөн. 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Сангийн яаманд дахин гомдол гаргасан. Сангийн яам 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хариу өгөхдөө хуульд заасан хугацаа хэтэрсэн учраас танай гомдолд хариу өгөх боломжгүй гэх хариу өгсөн. Өөрөөр хэлбэл 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс эхлээд нэхэмжлэгч тал өөрсдийнх нь эрх ашиг хөндөгдөж байна гэдгийг мэдсэн буюу мэдэх боломжтой. Энэ хугацаанаас хойш хөөн хэлэлцэх хугацааг тоолох ёстой. Үүнээс хойш тоолохоор анх нэхэмжлэл гаргасан буюу 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр, нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр гээд алинаар нь тооцсон хөөн хэлэлцэх хугацааг алдсан болохыг хэлье.
Хууль бус болохыг тогтоолоо гэхэд “Х Т” ХХК-ийн ямар эрх ашиг хангагдах юм бэ. Шүүхийн шийдвэр зайлшгүй биелэгдэж байх зарчим яаж биелэх вэ гэдгийг тооцож үзэж нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэлийг тодорхойлох ёстой. Хууль бус болохыг тогтоолгож шударга ёсыг тогтоох гээд байгаа гэх агуулгатай зүйл яриад байна. Түүнээс биш компанийн хувьд бодитойгоор ямар эрх ашгийг яаж хангах, яаж сэргээх гэдэг зүйлийг ярьж чадахгүй байна. Гомдлын агуулга нь хуурамч бичиг баримт байсан, хэт өндөр үнийн дүнтэй байсан гэх зүйлүүдийг ярьж үүнийг би таамаглаж байгаа гэж асуултад хариулсан. 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Сангийн яаманд гомдол гаргасан талаар Увс аймаг руу мэдэгдсэн үү гэхэд мэдэгдээгүй гэсэн. Тухайн үед мэдэгдээгүй учраас Увс аймгийн Худалдан авах ажиллагааны газар, Увс аймгийн Засаг дарга шийдвэрээ гаргаад явсан.
Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн санал гаргаж байна...” гэв.
Хариуцагч Увс аймгийн Худалдан авах ажиллагааны газар шүүхэд ирүүлсэн тайлбартаа:”...Тендерт оролцсон “Х Т” ХХК Сангийн яаманд гомдол гаргасны дагуу 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс түдгэлзүүлэх тухай 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 03/5330 дугаар албан бичиг 6 дугаар сарын 26-ны өдөр шуудангаар ирсэн.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт “ Шалгарсан оролцогч гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын зургаагаас доошгүй өдрийн дараа, захиалагчаас тогтоосон хугацаанд багтаан гэрээг баталгаажуулж, эх хувиар, эсхүл цахим системээр захиалагчид хүргүүлнэ” гэж заасан хугацаа өнгөрсөн, тухайн өдрийн байдлаар манай газарт “М И” ХХК-тай байгуулсан гэрээний хувь ирээгүй, байгуулагдсан эсэх нь тодорхойгүй байсан тул ахлах мэргэжилтэн буюу тус үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга Т.А ХБТХОХэлтсээс гэрээ байгуулагдсан эсэх талаар тодруулахад гэрээ байгуулагдсан гэсэн байна.Сангийн яаманд гомдол гарсан тул гэрээний хувийг ирүүлэх талаар хэлсэн ч ирүүлээгүй тул Сангийн яаманд гэрээнээс бусад гомдлыг хянан шийдвэрлэхэд шаардлагатай баримт бичгийг явуулсан байна.Сангийн яамнаас гомдлыг хянан үзэж 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 03/5763 дугаар албан бичгээр тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдсэний дагуу үнэлгээний хорооны даргад дахин хуралдах талаар хэлсэн ч тодорхой хариу өгөхгүй байсан тул 2024 оны 7 сарын 18-ны өдрийн 47 тоотоор албан бичиг хүргүүлсэн боловч тендерийн хүчинтэй байх хугацаанд хурал хийгдээгүй байна...” гэжээ.
Хариуцагч Увс аймгийн Худалдан авах ажиллагааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ”...Тус тендерийн үнэлгээний хороо 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдаж, 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хуралдсанаар захиалагчид зөвлөмжийг хүргүүлээд, захиалагчаас 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдөр “М И” ХХК-тай гэрээ байгуулсан байдаг. Тендерийн баримт бичгийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нийцэж, хугацааг нь баримталсан эсэхийг харвал бүгдээрээ таарсан байгаа. Х Т ХХК-ийн зүгээс Сангийн яаманд гомдол гаргасан талаар үнэлгээний хороонд урьдчилсан байдлаар мэдэгдээгүй учраас 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдөр гэрээ байгуулагдсанд гол асуудал байгаа. Өмнөх тендерүүд дээр гомдол гаргасан тохиолдолд мэйл хаягаар үнэлгээний хорооны нарийн бичгийн даргад түрүүлж ирүүлдэг байсан. Учир нь алслагдмал учраас түрүүлж мэйл хаягаар мэдэгдээд дараа нь шуудангаар ирүүлдэг байсан. Харин энэ удаад мэйл хаягаар урьдчилж мэдэгдээгүй. Шуудангаар 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдөр явуулсан бичиг нь 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдөр буюу гэрээ байгуулагдсанаас 5 өдрийн дараа ирсэн. Үүнийг үнэлгээний хорооны болон гэрээ байгуулах үйл ажиллагаа хууль бус болсон гэж үзэх үндэслэл байхгүй бөгөөд гэрээ байгуулсныг үнэлгээний хороо урьдчилж мэдэх боломжгүй байсан...” гэв.
Хариуцагч Увс аймгийн Засаг даргаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:”...Сангийн яамны 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 03/5763 дугаар албан бичиг хуулиар тогтоосон хугацаанд ирээгүй бөгөөд Сангийн сайдын 2023 оны А/253 дугаар тушаалаар батлагдсан “Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журам”-ын 5.1-д Сангийн яам хуулийн 59.6-д заасан захиалагчийг үйлдэл хийхгүй байхыг даалгах, захиалагчийн шийдвэрийг түдгэлзүүлэх шийдвэрийг захиалагч, түүний үнэлгээний хорооны гишүүнд утсаар, эсхүл цахим системээр мэдэгдэнэ гэсний дагуу гомдол хянан шийдвэрлэх хугацаанд хариу мэдэгдсэн зүйл байдаггүй. Гомдол гарган шийдвэрлэх хуульд заасан хугацаа дууссан, сангийн яамнаас ямар нэгэн хариу ирүүлээгүй байх тул гэрээ байгуулсан.Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.
Хариуцагч Увс аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гомдлыг үл харгалзан сонгон шалгаруулалт явуулж, зөвлөмж тэмдэглэлийг үйлдэж сонгон шалгаруулалтыг дуусгавар болгосон гэж байна. Увс аймгийн Засаг даргад гомдол гаргасан тухай мэдээлэл ирээгүй учраас сонгон шалгаруулалт нь явагдаж, зөвлөмж ирснээр хууль ёсны дагуу гэрээ байгуулагдсан гэж үзэж байгаа. Гомдол гаргахаар Увс аймгийн Засаг даргын Тамгын газар руу утасдаад аваагүй гэж нэхэмжлэгч хэллээ. Гомдол мэдээлэл гаргах цахим систем, утас ажиллаж байгаа. Тэнд гомдол мэдээллээ гаргасан бол үүнийг харгалзан үзэж сонгон шалгаруулалт хууль ёсны дагуу явагдсан эсэхийг хянаж үзэх боломжтой байсан. Мөн нэхэмжлэлдээ цахим системд гомдол үндэслэлтэй гэсэн төлөвт гэж бичсэн байна. Цахим системд үндэслэлтэй гэсэн төлөвт орсон асуудал нь бидэнд гомдол гаргасан болохыг мэдэгдсэн гэсэн үг биш учраас үнэлгээний хорооноос оруулж ирсний дагуу Увс аймгийн Засаг дарга гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлээ хууль ёсны дагуу явуулсан гэж үзэж байгаа...” гэв.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Нэгдүгээрт нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны тухайд нэхэмжлэгч энэ үйл явдлын талаар 2024 оны 10 дугаар сард мэдээд нэхэмжлэлээ гаргасан гэж байна. 2024 оны 10 дугаар сард мэдсэн гэдгээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээгүй буюу 2024 оны 10 дугаар сард мэдсэн гэдгээ нотолж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл хариуцагчийн өмгөөлөгчийн хэлсэнчлэн захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн.
Хоёрдугаарт Сангийн яамнаас хүргүүлсэн баримтуудыг Увс аймгийн Худалдан авах ажиллагааны газар тухайн үед мэдээгүй. Өөрөөр хэлбэл 2024 оны 6 дугаар сарын 21-ний гэрээ байгуулах өдрийн байдлаар аль нэг этгээдээс гомдол ирсэн тухай баримт материал авагдаагүй. Түүнчлэн хуурамч бичиг баримтыг бүрдүүлсэн гэх тайлбарыг нэхэмжлэгч хэлдэг. Өөрийнхөө бодлоор хуурамч гэж үзээд байгаа болохоос хуурамч байна гэдгийг эрх бүхий этгээд тогтоосон зүйл одоогоор байхгүй. Гуравдагч этгээдийн зүгээс захиалагчид нийлүүлсэн 45 метрийн Авто вишк гэх тоног төхөөрөмжийг техникийн шаардлагыг хангаагүй болохыг би мэдэж байна гээд ямар нэгэн баримтад үндэслээгүй, таамаг төдийгөөр тайлбарлаж байгаа нь тайлбараа баримтаар нотлох хуульд заасан шаардлагыг хангахгүй байгаа. Бид 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр тоног төхөөрөмжөө нийлүүлсэн. Үүнийг холбогдох эрх бүхий албан тушаалтнууд, Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын техникийн хяналтын байцаагч, ашиг засварын хэлтсийн дарга, автомеханик инженер гээд мэргэжлийн хүмүүс шаардлага хангаж байна гээд хүлээгээд авсан байна. Тийм учраас шаардлага хангаагүй тоног төхөөрөмж нийлүүлсэн гэх тайлбар нь үндэслэлгүй. Хэрэв шаардлага хангаагүй бол хүлээж авсан комиссын акт алдаатай, хүмүүс нь ажлаа мэддэггүй, шаардлага хангаагүй тоног төхөөрөмжийг хүлээн авсан болж таарч байна. Тухайн үед гомдол гаргасныг мэдэх боломжгүй нөхцөл байдал байсан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байгаа. Сангийн яам төрийн албан хэрэг хөтлөх журмын дагуу өөрийн 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн албан бичиг, түүний өмнөх тендер түдгэлзүүлсэн зэрэг албан бичгүүдээ шуудангаар хүргүүлсэн байна. Улаанбаатар хотоос алслагдсан аймагт цаг хугацааны хувьд явсаар байгаад ирсэн байна. Ийм байдлаар мэдээгүй, хүлээж аваагүй нь хариуцагч болон гуравдагч этгээдийг буруутгах боломжгүй гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн албан бичгийг 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдөр, 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн бичгийг 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээж авсан. Мөн утсаар мэдэгдсэн, мэйлээр бас явуулсан гэж байгаа. Гэтэл гэрч над руу залгаагүй, мэйл ирээгүй гэж мэдүүлдэг. Хувийн мэйлээр төрийн албан бичгийг явуулна гэдэг нь логикийн хувьд боломжгүй.
Захиалагчаас шаардсан техникийн шаардлагын дагуу холбогдох баримтаа бүрдүүлээд, захиалагч шаардлага хангаж байна гэж үзээд тендер шалгаруулсан. Техник хэрэгслийг шаардлага хангасан гэж үзээд хүлээж авсан. Энд хууль зөрчсөн асуудал байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед гаргасан хэргийн оролцогчдын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлэн дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараах тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана:
14.1.2.холбогдох захиргааны байгууллага нь дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг биелүүлээгүй бол гэж, 14 дүгээр зүйлийн 14.6-д “Энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацаа зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтэрсэн бол....хүсэлтээ шүүхэд гаргаж болох бөгөөд уг хугацааг хэтэрснээс хойш гурван жилийн дотор нөхөн сэргээж болно” гэж тус тус заасан.
Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д “захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацаа хэтэрсэн бол энэ хуулийн 14.6 дахь хэсэг хамаарахгүй” гэжээ.
Нэхэмжлэгч “Х Т” ХХК-иас 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Увс аймгийн Засаг даргын тамгын газарт тендерийн үнэлгээг хийх талаар хүсэлт гаргаж байсан байх ба уг хүсэлтийг 2024 оны 8 сарын 14-ний өдөр хүлээж аваад, шийдвэрлэж хариу өгөөгүй талаар Увс аймгийн Засаг даргын тамгын газрын 2025 оны 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 3/2202 дугаар албан бичгээр тодорхойлсон, нэхэмжлэгч талаас “одоог хүртэл тендерийн цахим хуудас гомдол үндэслэлтэй төлөвт байгаа, тендерийн үнэлгээний хорооны холбогдох хүмүүстэй холбогдоход хариу өгөөгүй” талаар тайлбарласан, тендерийн үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажилласан Б.А гэрчийн мэдүүлэгтээ “2024 оны 10 сарын 08-ны өдөр Ц.Б гэж хүн утсаар холбогдсон.Тэр үед тендерт дахин үнэлгээ хийгдээгүй талаар мэдэгдсэн” гэж мэдүүлсэн, өөрөөр хэлбэл захиргааны байгууллагаас иргэн, хуулийн этгээдийн хүсэлтэд хариу өгөөгүй буруутай үйл ажиллагаа байх тул нэхэмжлэгчийг нэхэмжлэл гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлээгүй гэж үзлээ.
Нэхэмжлэгч талаас “тендерийн үнэлгээний хороо дахин хуралдсан бол “Х Т” ХХК-ийг тендерийн хуулийн 21.5-д зааснаар тендерт шалгаруулаагүй үндэслэл хүчингүй болох байсан ба хуульд заасан шаардлагыг хангасан эсэх нь тодорхойгүй компанийг шалгаруулсан нь хуульд нийцэхгүй тул нэхэмжлэлийг шүүхээр шийдвэрлүүлэх нь төр болон хувийн хэвшилд тустай ба шударга байх хэрэгтэй” тухай нэхэмжлэл, тайлбар гарган нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.
Хариуцагч Увс аймгийн Засаг дарга, Худалдан авах ажиллагааны газар, тендерийн үнэлгээний хороо, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас адил агуулга бүхий буюу “ Хуульд заасан хугацаанд гомдол гарсан талаар Сангийн яамнаас мэдэгдээгүй, сангийн яамны албан бичгүүд хугацаа хоцорч ирсэн “ гэх тайлбар гарган нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй байна.
Гуравдагч этгээдийн талаас “Х Т компаниас гомдол гарсан талаар бидэнд мэдэгдээгүй бөгөөд хуулийн хүрээнд гэрээ байгуулан гэрээний дагуу техникийг нийлүүлсэн” тайлбар гарган нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх байр суурийг илэрхийлсэн.
Увс аймгийн Худалдан авах ажиллагааны газраас Эрчим хүчний тусгай зориулалттай техник хэрэгсэл худалдан авах/Увс, Улаангом сум/ 1,200,000,000 төгрөгийн тендер шалгаруулалт зарласан, уг тендерийн үнэлгээний хорооны 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн хурлын тэмдэглэлээр “М И” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг Увс аймгийн Засаг даргад хүргүүлсэн.
Увс аймгийн Засаг даргын 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 1/1156 дугаартай албан бичгээр “М И” ХХК-д “хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгарсан тул гэрээ байгуулах эрх олгож байгааг мэдэгдэн 2024 оны 6 сарын 21-ний өдрийн дотор худалдан авах гэрээг баталгаажуулж ирүүлэх” тухай мэдэгдлийг , 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 1/1166 дугаартай албан бичгээр “Х Т” ХХК-д “ ...танай үнийн санал Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д заасан хувь хэмжээнд хэт ойр дүнтэй байгаа нь чанаргүй бараа нийлүүлэх эрсдэлтэй тул тус тендерт шалгараагүй байна...” гэх мэдэгдлийг тус тус хүргүүлсэн байна.
Тендерт оролцогч “Х Т” ХХК-иас тендер шалгаруулалтад гомдол гаргасны дагуу Сангийн яамнаас “Х Т ХХК гомдол гаргасан тул захиалагчийн шийдвэр буюу үйлдлийн хэрэгжилтийг 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлж байна...” гэх агуулга бүхий 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 03/5330 дугаартай албан бичгийг Увс аймгийн Засаг даргад хаяглан хүргүүлсэн.
Улмаар Сангийн яам гомдлыг хянаад “ Гомдолд “М И” ХХК-ийн ижил төстэй бараа нийлүүлсэн туршлагын үзүүлэлтэд тооцуулахаар ирүүлсэн “Э” ХХК болон “Э Н” ХХК-тай тус тус байгуулсан гэрээний дагуу нийлүүлсэн гэх сагстай өргөгч нь тухайн жилүүдэд Монгол Улсад борлуулагдсан зах зээлийн ханшнаас хэт өндөр үнэтэй байгааг хуурамч материал бүрдүүлсэн гэж үзэж байгаа талаар дурдсан байх тул уг асуудлыг тодруулж нягталж үзэх нь зүйтэй байна. “М И” ХХК-ийн тендерт санал болгосон техник хэрэгсэл нь тендер шалгаруулалтын баримт бичгийн техникийн тодорхойлолтод заасан шаардлагад нийцэх эсэхэд үнэлгээ хийгээгүй байх тул хянан үзэх шаардлагатай байна” гэж үзэн захиалагчийн 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 1/1156, 1/1166 тоот шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэж, тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг даалгажээ.
Захиалагч тал, тендерийн үнэлгээний хорооноос тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийгээгүй бөгөөд техник хэрэгсэл худалдан авах ажлыг хүлээн авах комиссын 2024 оны 10 сарын 18-ны өдрийн актаар “М И” ХХК-ийн нийлүүлсэн автовышка техникийг хүлээн авсан байна.
Захиалагч тал, тендерийн үнэлгээний хорооноос тендерт шалгарсан компанитай гэрээ байгуулагдсаны дараа Сангийн яамны албан бичгүүд ирсэн тул дахин үнэлгээг хийх боломжгүй гэж үзэн үнэлгээг хийгээгүй талаар тайлбарласан.
Увс аймгийн Засаг даргын тамгын газарт Сангийн яамны 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 03/5330 дугаартай албан бичгийг 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авсан, Сангийн яамны 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 03/5763 дугаартай албан бичгийг 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдөр тус тус хүлээн авсан нь Увс аймгийн Засаг даргын тамгын газрын 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 3/2202 дугаартай албан бичгээр ирүүлсэн лавлагаа, ирсэн бичгийн бүртгэлийн дэвтрийн хуулбараар тогтоогджээ.
Сангийн яам 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 03/10701 дугаартай албан бичгээр “ Сангийн сайдын 2023 оны А/253 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журам”-ын 5.1-д “Сангийн яам хуулийн 59.6-д заасан захиалагчийг үйлдэл хийхгүй байхыг даалгах, захиалагчийн шийдвэрийг түдгэлзүүлэх шийдвэрийг захиалагч, түүний үнэлгээний хорооны гишүүнд утсаар, эсхүл цахим системээр мэдэгдэнэ” гэж заасны дагуу үнэлгээний хорооны нарийн бичгийн даргын 92030005 дугаартай утас руу залгасан боловч холбогдох боломжгүй байсан. Иймд 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 16:14 цагт Худалдан авах ажиллагааны цахим систем/www.tender.gov.mn/-ээр мэдэгдсэн ба “Гомдол гарсан” төлөвт шилжүүлсэн” талаар, 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 03/10871 дугаартай албан бичгээр “ тус яамны гомдол хянасан тухай 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 03/5763 тоот албан бичгийг тухайн өдөр нь худалдан авах ажиллагааны цахим системээр дамжуулан “гомдол үндэслэлтэй” төлөвт шилжүүлж захиалагчид болон гомдол гаргагчид мэдэгдсэн.Тус албан бичгийг үнэлгээний хорооны нарийн бичгийн даргын цахим шуудан /[email protected]/-д 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 15:06 цагт илгээсэн” талаарх лавлагааг ирүүлсэн.
Үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажилласан Т.А шүүхэд өгсөн мэдүүлэгтээ “Тендерийн үнэлгээний хорооны нарийн бичгийн даргад тендерийн үнэлгээний хороог дахин хуралдуулах эрх хэмжээ байдаггүй. ”Х Т” ХХК гомдол гаргасан талаар сангийн яамны албан бичгийг 2024 оны 6 сарын 26-ны өдөр манай байгууллагад шуудангаар ирэхэд мэдсэн.Тэгээд үнэлгээний хорооны даргад бичгээ танилцуулсан.Тухайн үед сангийн яам миний утас руу залгаж, зурвас илгээгээгүй. Цахимаар мэйл ирээгүй. ...................... дугаар миний гар утасны дугаар биш” гэж мэдүүлсэн.
Захиалагч Увс аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Ч.Чимэд шүүхэд өгсөн мэдүүлэгтээ “Гэрээ байгуулснаас хойш сангийн яамны албан бичгүүд ирсэн учраас гэрээг цуцлах эрх надад байхгүй болно” гэж мэдүүлж, хариуцагч тендерийн үнэлгээний хорооны дарга Б.Б “сангийн яамны албан бичгийг гэрээ байгуулагдсаны дараа хүлээн авсан тул дахин үнэлгээ хийх боломжгүй байсан” гэж тайлбарласан байна.
Эдгээр тайлбар, баримтуудаас үзэхэд захиалагч тал болон тендерийн үнэлгээний хороо тендерийн худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсаны дараа 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдөр буюу 5 хоногийн дараа оролцогч “Х Т” ХХК-иас гомдол гарч сангийн яамнаас захиалагчийн шийдвэр буюу үйлдлийн хэрэгжилтийг 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлж байгааг мэджээ.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Энэ хуулийг хэрэгжүүлэхэд өрсөлдөх тэгш боломжтой, ил тод, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална” гэж, 59 дүгээр зүйлийн 59.1-д “Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага захиалагчийн энэ хуулийн 28.1-д заасан шийдвэрийг эс зөвшөөрсөн гомдлыг уг шийдвэр гарснаас хойш ажлын таван өдрийн дотор, захиалагчид гаргасан гомдлыг хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй тухай гомдлыг энэ хуулийн 57.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш ажлын таван өдрийн дотор тус тус хүлээн авна”, 59.6-д “Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гомдол хянан шийдвэрлэж дуусах хүртэл хугацаанд захиалагчийг үйлдэл хийхгүй байхыг даалгах, захиалагчийн шийдвэрийг түдгэлзүүлэх шийдвэр гаргана”, 59.10-д “Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гомдлыг хянан үзэж, захиалагч энэ хуулийг зөрчсөн гэж үзвэл дараах шийдвэр гаргана:
59.10.1.тендер шалгаруулалт, эсхүл захиалагчийн шийдвэрийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь хүчингүй болгох, өөрчлөлт оруулах;
59.10.2.зөрчлийг арилган, тендер шалгаруулалтыг үргэлжлүүлэхийг даалгах;
59.10.3.тухайн асуудалд хуулийн ямар заалт хэрэглэхийг заах гэж тус тус зохицуулсан.
Мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.5-д “тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдсон журам батлах” эрхийг Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад олгосон.
Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25 -ны өдрийн А/253 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журам”-ын 1.3-д “Гомдол хянан шийдвэрлэх байгууллагын шийдвэрийг захиалагч Захиргааны ерөнхий хуулийн 98.2-т заасны дагуу заавал биелүүлнэ” гэж, мөн Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д “Иргэн, хуулийн этгээд гомдлоо тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана” , 98 дугаар зүйлийн 98.1-д “Энэ хуулийн 93 дугаар зүйлд заасан захиргааны байгууллага гомдлыг хянан үзээд дараах захиргааны актын аль нэгийг гаргана:
98.1.1.захиргааны акт илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрөх;
98.1.2.гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг захиргааны актыг бүхэлд нь, эсхүл холбогдох хэсгийг хүчингүй болгох;
98.1.3.захиргааны байгууллагын татгалзсан шийдвэр, эс үйлдэхүй нь иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол захиргааны зохих акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах;
98.1.4.захиргааны актыг өөрчлөх;
98.1.5.захиргааны актыг хэвээр үлдээх” мөн зүйлийн 98.2-д “Энэ хуулийн 98.1-д заасан захиргааны актыг холбогдох захиргааны байгууллага заавал биелүүлнэ” гэж заасан.
Дээр дурдсан хуулийн зохицуулалтын хүрээнд захиалагч тал гэрээ байгуулагдсанаас хойш гэрээ биелэгдэх боломжит хугацаа болоогүй буюу 5 хоногийн дараа сангийн яамны шийдвэрийг мэдсэн боловч шаардлагатай арга хэмжээг аваагүй байна.Өөрөөр хэлбэл, Увс аймгийн Засаг даргын “М И” ХХК-тай гэрээ байгуулах шийдвэр, “Х Т” ХХК-ийн тендерээс татгалзсан шийдвэр зэргийг түдгэлзүүлсэн буюу уг шийдвэрийг дагалдаж байгуулагдсан гэрээ мөн түдгэлзүүлэгдэн, цаашид хүчин төгөлдөр байх эсэх нь сангийн яамны гомдол шийдвэрлэлтээс шалтгаалахаар болсон талаарх мэдээллийг “М И” ХХК-д мэдэгдэхээр байжээ.Улмаар сангийн яамны шийдвэрийн дагуу тендерийн үнэлгээг дахин хийх болсон тул гэрээг хүчингүй болгож шийдвэрлэхээр байсан байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-д “.Энэ хуулийн 59.2-т зааснаар урьдчилан шийдвэрлүүлэх журмаар санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гомдол хянан шийдвэрлэхээс бусад тохиолдолд худалдан авах гэрээ байгуулснаас хойш гаргасан гомдлыг шүүхэд гаргана “ гэж заасны хүрээнд нэхэмжлэгч нэхэмжлэл гаргасан.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д "нэхэмжлэл" гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг ойлгохоор заасан, өөрөөр хэлбэл шүүх нэхэмжлэгчид хамгаалагдах эрх, ашиг сонирхол байгаа тохиолдолд зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох үүргийг гүйцэтгэнэ.
Тендер шалгаруулалт буюу маргаж буй захиргааны бүхий акт хэрэгжиж дуусаад гэрээний дагуу техник нийлүүлэгдсэн, тендерийг дахин үнэлэх боломжгүй болсон энэхүү нөхцөлд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол шүүхийн шийдвэрээр сэргээгдэх боломжгүй болсон байна.
Хэдийгээр нэхэмжлэгч захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3 дахь хэсэгт зааснаар захиргааны акт хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасан боловч энэ нь дараах урьдчилсан нөхцөлийг хангах ёстой.
1.Нэхэмжлэгч маргаан бүхий актыг хэрэгжиж дуусахаас өмнө шүүхэд хандаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаж буй акт хэрэгжиж дууссан тохиолдолд үргэлжлүүлэн хууль бус байсан болохыг тогтоох нэхэмжлэлийг гаргах ёстой.Гэтэл нэхэмжлэгчээс Сангийн яамны шийдвэрийг биелүүлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйтэй хуулийн хугацаанд маргаагүй, тендерийн гэрээний дагуу техник нийлүүлэгдэн, захиалагч тал хүлээн авч маргаан бүхий акт хэрэгжиж дууссаны дараа шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан байна.
2. Нэхэмжлэгчид маргаан бүхий актыг хууль бус байсан болохыг тогтоолгох зайлшгүй нөхцөл үүссэн буюу заавал харгалзан үзэх ашиг сонирхол байх ёстой.Өөрөөр хэлбэл хариуцагчийн хууль бус үйл ажиллагааны улмаас үүдэж гарах асуудлыг шийдвэрлүүлэх гэх мэт эрх ашиг үүссэн байх шаардлагатай юм.Гэтэл нэхэмжлэгч “ хуульд нийцсэн тендер шалгарсан эсэх нь эргэлзээтэй, сангийн яамны шийдвэрийг биелүүлээгүй тул “Х Т” ХХК-ийн тендерээс татгалзсан шалтгаан хүчингүй болох боломжгүй болсон, шударга байх үүднээс нэхэмжлэл гаргасан, нэхэмжлэлийг шийдвэрлүүлэх нь төр болон хувийн хэвшилд ач тустай” гэх хүсэлттэй байгаа нь нэхэмжлэлийн зорилгыг хангаж чадахааргүй, нэхэмжлэгчид шүүхийн шийдвэр тодорхой эрхийн хамгаалалтыг үүсгэхгүй, бодитой, эерэг нөлөө үзүүлэхээргүй байна.
Сангийн яамны 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 03/5763 дугаартай гомдол хянасан тухай албан бичгээр захиалагчийн “Х Т” ХХК-д хүргүүлсэн 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 1/1166 дугаартай мэдэгдлийг хүчингүй болгосон тул нэхэмжлэгч талын гаргасан “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д зааснаар тендерээс татгалзсан шийдвэр хүчингүй болох байсан” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй болно.
Иймд шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Х Т” ХХК-иас Увс аймгийн Засаг дарга, Увс аймгийн Худалдан авах ажиллагааны газар, тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан “Эрчим хүчний тусгай зориулалтын техник, хэрэгсэл худалдан авах тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны хурлын 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 01 дугаар тэмдэглэлийн “зөвлөмж”, Увс аймгийн Засаг даргын 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 1/1166 дугаар мэдэгдэл, захиалагчтай байгуулсан 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн УТ2403000737002 дугаартай гэрээг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АЛТАНЦЭЦЭГ