Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 142/шш2025/00025

 

 

 

2024 12 26

142/ШШ2025/00025

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж, тус шүүхийн хуралдааны 107 тоот танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот ** дүүрэг ** хороо **, ** ХХК-ийн өөрийн байранд байрлах ** ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум ** баг *** тоотод оршин суух, Б овогт Ө-ын Ц- /хх********/,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум ** баг *** тоотод оршин суух, Х овогт Ж-ын Г- /хх******/ нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэг 9,044,628 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д-, хариуцагч, хариуцагч Ж.Г-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ц-, хариуцагчийн өмгөөлөгч Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ** ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ө.Ц-, Ж.Г- нар нь 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр **-тай *** дугаар зээлийн гэрээ, хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ-г тус тус байгуулж 3,000,000 төгрөгийг сарын 3,0 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлсэн бөгөөд хугацаа хэтрүүлсэн тохиолдолд зээлийн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүүг тооцохоор тохиролцож, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг байгуулж, барьцаа хөрөнгөөр өөрийн орон сууцанд байх гэрийн эд хогшил 7,130,700 төгрөгийн үнэлгээтэй хөдлөх эд хөрөнгийг бүртгүүлэн, хариуцагч мөнгийг хүлээн авч зохигчдын хооронд гэрээний гол нөхцөлийн талаар харилцан тохиролцсон. Зээлдэгч нар үүргээ хэрэгжүүлэхгүй 2,159 хоногийн хугацаа хэтрүүлж үүргээ зөрчсөн, төлбөр төлөхийг удаа дараа шаардсан боловч ямар ч үр дүнд хүрээгүй тул 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөр зээлийн хүүг зогсоож зээлдүүлэгч талын санаачилгаар гэрээг цуцалж шүүхэд шилжүүлэх шийдвэр гарсан. Зээлийн гэрээний барьцаа хөрөнгөөр бүртгүүлсэн гэрийн эд хогшил бодитоор байгаа эсэх нь тодорхойгүй байгаа тул хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнээс татгалзаж байна. Иймд хариуцагч нараас 9,044,628 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д- шүүх хуралдаанд: ...Ө.Ц-, Г- нар нь 2017 оны 10 сарын 12-ны өдөр *** зээлийн гэрээ болон хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, 3,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай авсан. Хугацаа хэтэрсэн хоног тутамд зээлийн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүүг тооцохоор тохиролцож зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг байгуулж үнэлгээтэй хөдлөх эд хөрөнгийг бүртгүүлэн хариуцагч мөнгийг хүлээн авч зохигчийн хооронд гэрээний гол нөхцөлийн талаар харилцан тохиролцсон. Зээлдэгч нар үүргээ хэрэгжүүлэхгүй 2159 хоногийн хугацаа хэтрүүлж үүргээ зөрчсөн. Төлбөр төлөхийг удаа дараа шаардсан боловч ямар ч үр дүнд хүрээгүй тул 2023 оны 09 сарын 11-ний өдрөөр зээлийн хүүг зогсоож зээлдүүлэгч талын санаачилгаар гэрээг цуцалж, шүүхэд шилжүүлэх шийдвэр гаргасан. Зээлийн гэрээний барьцаа хөрөнгөөр бүрдүүлсэн гэрийн эд хогшил бодитой байгаа эсэх нь тодорхойгүй байгаа тул хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнээс татгалзаж байгаа. Иймд хариуцагч нараас 9,044,628 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хүү, нэмэгдүүлсэн хүүгээ багасгаад үндсэн зээлийн үлдэгдэл 2,678,864 төгрөг, хүү 1,121,933 төгрөг нийт 3,800,797 төгрөг болгож багасгасан. Зээлдэгч зээлийн гэрээний үүргийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй. Зээлийн гэрээгээр мөнгөө авсан. Харилцан тохиролцоод график байгуулсан. Үлдэгдэл зээл дээр зээлийн хугацааны хүүг авъя гэсэн санал тавьж байхад огт төлөхгүй гэсэн нь ёс зүйгүй үйлдэл мэт харагдаж байна... Хамтран зээлдэгч Ж.Г-ийн гаргасан баталгаа байгаа. Тэгэхээр хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж байгаа нь үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 76 дугаар зүйлд хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ гэж заасан. 79 дүгээр зүйлийн 79.7 дахь хэсэгт хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно гэж заасан. Ж.Г- гэрээнд гарын үсэг зурсан хамтран зээлдэгч байгаа... гэв.

 

Хариуцагч Ж.Г- шүүхэд гаргасан тайлбартаа: ...Миний бие Ө.Ц-тэй амьдарч байх хугацаанд авсан зээлийн асуудлыг хариуцахгүй бөгөөд уг зээл нь Ө.Ц- өөрөө хариуцах болсон тул шүүх хуралд оролцохгүй болно... гэжээ.

 

Хариуцагч Ө.Ц- шүүхэд гаргасан тайлбартаа: ...Ө.Ц- миний бие уг зээлийг авсан цагаас хойш цаг тухай бүрт нь зээлийн графикийн дагуу төлж байсан. Гэвч зах зээлийн хямралд өртөж төлбөрийн чадваргүй болсон тул зээлдэгч талд мэдэгдэж зээлийг зогсоож өгөөч гэсэн хүсэлт гаргасан. Энэ үед мэргэжилтэн надад ойлгуулахдаа эрсдэлийн санд оруулсан гэж хэлээд 2018 оноос өнөөдрийг хүртэл би энд амьдарч байхад хэнч үүнээс хойш огт яриагүй байж өнөөдөр ийм их хэмжээний өр болгож нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зээлийн гэрээг байгуулах үед **-аас зээл гэж 3 хүн харилцан бие биеэ батлан дааж шаардлага хангаж байвал ямар ч барьцаагүй олгодог зээл байсан. Гэтэл өнөөдөр шүүхэд хөдлөх хөрөнгө барьцаалсан мэт бичсэн нь үндэслэлгүй. Мөн зээлийг үнэхээр төлүүлэх байсан бол хугацаа хэтрүүлснээс хойш 3 жилийн дотор нэхэмжлэл гаргах ёстой байсан. Хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд **-ын нэхэмжлэлтэй Ө.Ц-т холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

 

Хариуцагч, хариуцагч Ж.Г-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ц- шүүх хуралдаанд: ...2017 оны 10 сарын 17-ны өдөр 3 хувийн хүүтэй 3,000,000 төгрөг зээлсэн. Тухайн үед хамт амьдарч байсан Ж.Г- хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан. Энэ зээлийг авснаас хойш 6 сарын хугацаанд үндсэн мөнгө хүүний хамт 838,500 төгрөг төлсөн. Түүнээс хойш төлбөрийн чадваргүй болсон. Төлчих болов уу гэж бодож явсаар 2018 он гаргаад аргаа бараад өөрийн биеэр Ш гэдэг эдийн засагчтай очиж уулзсан. Миний амьдралын байдлыг харж үзээд миний хүсэлтийг хүлээн авч хүү, алдангийг зогсоогоод шинэ хуваарь гаргаад өгөөч. Би он гараад тэтгэвэрт гарах юм. Тэтгэврээсээ төлье гэж хүсэлт бичиж өгсөн. Надад нэг ч удаа хариу өгөөгүй. 2019 онд Ш эдийн засагч руу залгаж байсан. Гэтэл одоохондоо хэлцэгдээгүй, хариу өгөх боломжгүй байна гэсэн. Өнөөдрийг хүртэл гэрээн дээр бичигдсэн холбоо барих дугаар, гэрийн хаяг яг хэвэндээ байгаа. Нотлох үүднээс үүрэн телефоны газраас тодорхойлолт авсан. Тухайн үед надад хуваарь гаргаад өргөдөлийн хариуг өгчихсөн байсан бол энэ мөнгийг төлчих байсан. Энэ нь шийдэгдэхгүй явсаар гэнэт бараг 10,000,000 төгрөг нэхэмжилж багаа учраас би хүлээн зөвшөөрөхгүй. 2018 оноос хойж намайг өргөдөл өгснөөс хойш нэг ч надтай уулзаж, зээл төлөх талаар нэхэж байгаагүй гэнэт ийм их мөнгө нэхэж байгааг зөвшөөрөхгүй хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна... гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Д.О шүүх хуралдаанд: ... Хариуцагч Ө.Ц-ийн өмгөөлөгчийн хувиар оролцож байна. Ө.Ц- нь наймаа арилжаа хийгээд Эрдэнэтдээ олон жил амьдарч байгаа. Гэтэл цаг үеийн давагдашгүй хүчин зүйлээс болж наймаа нь дампуураад төлбөрийн чадваргүй болсон. Өнөөдрийг хүртэл төлбөрийн чадвар сэргээгүй. Зээлийн гэрээнд тусгагдсан орон байраа хүртэл зээлэндээ өгөөд орон гэргүй байгаа юм байна. Мөн нөхрөөсөө салсан, хүүхдийнх нь бие муудсан. Эмэгтэй хүний хувьд хүнд зүйл тухайн цаг үед тохиолдсон юм байна. Нэхэмжлэгч тал ч гэсэн энэ талаар мэдэж байсан байна. Үндсэн зээл гаргаж өгсөн он буюу 2017 оны 11 сарын 16-ны өдөр зээл гараад зээлийн хуваарьт заагдсан төлөлтөө хийж байсан. Үндсэн мөнгө болон хүүг ижил хэмжээгээр хуваагаад сард төлөх хуваарийг 155,000 төгрөгөөр тогтоож нийт төлбөл зохих 4,638,942 төгрөг байхаар тохиролцсон байна. Иргэний хуульд зааснаар зээлийн гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлтэй. Зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий компани боловч нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох, нэхэмжлэлээ цаг хугацаанд нь гаргах, шаардах эх үүргийн асуудлыг хуульд заасан байгаа. Гэтэл **-д зээлдэгч өөрийгөө эрсдэлтэй нөхцөл байдалд байгаагаа илэрхийлээд байхад хүлээж аваагүй нь үйлчлүүлэгчийг үл хүндэтгэсэн байна. Өнөөдрийг хүртэл энэ хүмүүст бичгийн хариу өгөөгүй байгаа нь эргэлзээнд оруулчихсан. Эргэлзчихсэн учраас төлөх эсэхээ шийдэж чадахгүй, хуваарь, хүүг зогсоосон эсэх нь тодорхойгүй байсан. Ө.Ц-ийн хариу тайлбарыг уншиж үзэхэд тухайн үед мэргэжилтэн надад ойлгуулахдаа эрсдэлийн санд оруулсан гэж хэлээд 2018 оноос өнөөдрийг хүртэл би энд амьдарч байхад над руу нэг ч удаа яриагүй, зээл төлөх шаардлага мэдэгдэл хүргүүлж байгаагүй гэж байгаа нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбарлаж байгаагаар нотлогдож тогтоогдож байна. *** компанийн зээлийн мэргэжилтэн болон зээлийн ажилтан өөрсдөө ажлаа хийгээгүй, үүргээ биелүүлээгүй, ажил үүргээ гүйцэтгээгүйн улмаас хариуцагчид эрсдэл үүрүүлж их хэмжээний хүү нэхэж байгаа нь үндэслэлгүй байна. Зээлдэгч зээлдүүлэгч нарын хувьд зээлийн гэрээ байгуулаад 30 сая төгрөгийг 30 сарын хугацаатай 3 хувийн хүүтэйгээр авсан байдаг. Зээлийн гэрээ хуульд нийцсэн ч 2020 оны 04 сарын 12-ны өдөр дуусгавар болсон. Үүнээс хойш 4 жил 6 сар өнгөрсөн байна. Иргэний хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар шаардах эрхээ алдаж, хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэж үзэж байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж заасан. Тэгэхээр хөөн хэлэлцэх хугацаа дуусаад 1 жил 6 сар болсон байна гэж үзэж байна. Тухайн байгууллага өөрсдийн санаачилгаар зээлийн гэрээ дуусгавар болчхоод байхад зээлд ямар нэгэн өөрчлөлт оруулаагүй, нэхэж шаардаагүй, хэрвээ эдгээр хүмүүс олдохгүй байсан юм бол эрэн сурвалжлаагүй шүүхэд хандаагүй нэхэмжлэл гаргаагүй байгаа зэрэг нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэх нотлох баримт хэрэгт байхгүй байна. Хариуцагч Ж.Г-ийг Ө.Ц- төлөөлж байгаа итгэмжлэл байгаа. Татгалзсан тухай баримтыг шүүхэд ирүүлээгүй. Ж.Г-ийн гараар бичсэн зүйл гэж нэхэмжлэгч тал тайлбартаа хэлж байгаа боловч шүүх нотлох баримтын шаардлага хангаагүй гэж нотлох баримтаас хассан. Тиймээс хүлээн авсан гэж шийдвэрлэх боломжгүй. Ө.Ц- нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Мөн энэ байгууллагаа хүнийг очихоор төөрөгдөлд оруулж их хэмжээний мөнгийг багасгаж байгаа мэтээр эргэлзээ төрүүлж хийж авсан нотлох баримтыг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй. Нотлох баримтаар хүлээж аваагүй учраас ярих ч шаардлагагүй. Иймд хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

 

Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээ нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ** ХХК-иас А.Т-д компанийг шүүхэд бүрэн төлөөлөх 3 жилийн хугацаатай олгосон итгэмжлэл, 2017 оны 10 сарын 12-ны өдрийн ** дугаартай зээлийн гэрээ, зээл буцаан төлөх хуваарь, 2017 оны 10 сарын 12-ны өдрийн *** дугаартай барьцааны гэрээ, барьцаа хөрөнгийн жагсаалт, зээлийн хүүний тооцоо, 2023.09.08-ны өдрийн шүүхэд шилжүүлэх тухай мэдэгдэх хуудас, ** ХХК-иас Б.Д-ад компанийг шүүхэд бүрэн төлөөлөх 3 жилийн хугацаатай олгосон итгэмжлэл, 2018 оны 01 сарын 25-ны өдрийн зээлийн хяналтын маягт, 2018 оны 05 сарын 22-ны өдрийн зээлийн хяналтын маягт, 2018 оны 04 сарын 30-ны өдрийн мэдэгдэх хуудас зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

Хариуцагч Ө.Ц-ээс: Мобиком компаниас 2018 оны 10 сарын 02-ны өдрөөс 2024 оны 11 сарын 18-ны өдрийн байдлаар ****** дугаарыг ашиглаж байгаа талаарх тодорхойлолтыг нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтууд, зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ** ХХК нь Ө.Ц-, Ж.Г- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг үндсэн зээл 2,678,864 төгрөг, зээлийн хүү 5,301,470 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,060,294 төгрөг, нотариатын зардалд 4,000 төгрөг нийт 9,044,628 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ ** ХХК хариуцагч Ө.Ц-, Ж.Г- нарын хооронд байгуулсан 2017 оны 10 сарын 12-ны өдрийн **** дугаартай зээлийн гэрээг үндэслэн, үндсэн зээл 2,678,864 төгрөг, зээлийн хүү 5,301,470 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,060,294 төгрөг, нотариатын зардалд 4,000 төгрөг нийт 9,044,628 төгрөг гэж шаардлагаа тодорхойлж, шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж үндсэн зээл 2,678,864 төгрөг, хүү 1,121,933 төгрөг нийт 3,800,797 төгрөг болгож нэхэмжилсэн.

 

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ц-, хариуцагчийн өмгөөлөгч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ...зээлийн гэрээний дагуу төлөх хугацаа дуусаад 3 жил өнгөрсөн, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул зээлийг төлөхгүй гэж тайлбарласан.

 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч ** ХХК нь хариуцагч Ө.Ц-, Ж.Г- нартай 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр **** тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, талууд гэрээгээр 3,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, сар бүр 155,000 төгрөгөөр төлөх, зээл буцаан төлөх хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй үндсэн зээлийн дүнгээс нэмэгдүүлсэн хүү 20 хувь тооцох нөхцөлтэйгээр харилцан тохиролцжээ.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн бөгөөд зээлдүүлэгч ** ХХК нь 3,000,000 төгрөгийн зээлийг олгосон, зээлдэгч Ө.Ц-, Ж.Г- нар нь зээл буцаан төлөх хуваарийн дагуу 2017 оны 11 сарын 18-ны өдрөөс 2018 оны 04 сарын 11-ний хооронд нийт 838,500 төгрөг төлсөн, 2018 оны 05 сараас эхлэн төлөөгүй үйл баримт тогтоогдож байна.

 

Зохигчид дээрх үйл баримтийн талаар маргаагүй ба хариуцагч Ө.Ц-, түүний өмгөөлөгч нар зээлийг төлөх чадваргүй болж зээлийн хүүг зогсоох талаар хүсэлт гаргасан хариу өгөөгүй, хариуг хараад зээлийг төлөөгүй, зээл төлөх талаар надаас шаардаж байгаагүй, гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр үүрэг гүйцэтгэхээс татгалзаж маргасан.

 

Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна. гэж заасан тул зохигчдын хооронд байгуулсан гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа хамаарахаар байна.

 

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж,

мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно. гэж,

мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ. гэж тус тус заажээ.

 

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд төлбөрийг 30 сарын хугацаатай буюу 2020 оны 04 сарын 12-ны өдөр төлж барагдуулахаар хугацааг тохирсон тул нэхэмжлэгч гэрээний үүргийг шаардах эрх энэ өдрөөс үүссэн байх бөгөөд уг өдрөөс тоолоход гурван жилийн хугацаа 2023 оны 04 сарын 12-ны өдөр дууссан байна.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 7.1-д Дараах нөхцөл байдал бий болсон тохиолдолд гэрээний үүргийг зөрчсөнд тооцно. Үүнд 7.1.1-д Зээлдэгч энэхүү гэрээний хавсралт 1-т заасан зээл буцаан төлөх хуваарийг удаа дараа зөрчсөн, 6.1.2-т гэрээний үүргийг зөрчсөн бол уг зээлийг хугацаанаас нь өмнө төлүүлэхийг зээлдүүлэгч нь шаардах эрхтэй, 8.2-т Дараах нөхцөлд гэрээг зөрчсөн гэж ББСБ тооцож, гэрээг хугацаанаас нь өмнө цуцална. 8.2.1-т энэхүү гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.1-7.1.13-т заасан зөрчлийн аль нэг нь гарсан гэж тус тус заажээ.

 

Дээрх зээлийн гэрээнээс үзэхэд зээлдүүлэгч ** ХХК нь зээлдэгч Ө.Ц-, Ж.Г- нар нь зээл буцаан төлөх хуваарийн дагуу зээлийг төлөөгүй зөрчсөн тохиолдолд зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, зээлийг төлүүлэх талаар шаардах эрх нь байхад уг эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч 2023.09.08-ны өдрийн шүүхэд шилжүүлэх тухай мэдэгдэх хуудас, 2018 оны 01 сарын 25-ны өдрийн зээлийн хяналтын маягт, 2018 оны 05 сарын 22-ны өдрийн зээлийн хяналтын маягт, 2018 оны 04 сарын 30-ны өдрийн мэдэгдэх хуудас шүүхэд шилжүүлэх тухай мэдэгдэх хуудас, Ж.Г- зээлийг төлөх талаар бичсэн баримтуудыг үндэслэн хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэх боловч хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар ...өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд нотлох баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгөх шаардлага хангасан байх учиртай. Гэтэл дээрх баримтууд нь хуулбар, зээлдэгч нарын гарын үсэг зурагдаагүй баримтууд байх тул шүүх үнэлэх боломжгүй. Иймд хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан гэж үзэх үндэслэлгүй байна. Хариуцагч нарын нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байгаа нь Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэсэн зохицуулалтад нийцнэ.

 

Өөрөөр хэлбэл, хуулиар тогтоосон хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсний үр дагавар нь үүргээс татгалзах эрхийг үүрэг гүйцэтгэгчид олгож байгаа учир нэхэмжлэгчийн шаардах эрх үгүйсгэгдэнэ.

 

Иймд хариуцагч Ө.Ц-, Ж.Г- нараас 3,800,797 төгрөг гаргуулах тухай ** ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 75 дугаар зүйлийн 75.2.1, 82 дугаар зүйлийн 82.1-т тус тус зааснаар хариуцагч Ө.Ц-, Ж.Г- нараас 3,800,797 төгрөг гаргуулах тухай ** ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ** ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 159,670 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч нь мөн хуулийн 119.3-т заасан 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар хүсэлт гаргагч мөн хуулийн 119.4-д заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ