| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2017/0661/Э |
| Дугаар | 10 |
| Огноо | 2017-12-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Чинбилиг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 10
2017 12 26 10
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,
улсын яллагч Б.Чинбилиг,
шүүгдэгч А.А.д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Бурдууд овогт А.лын А.дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1708 0063 60299 дугаартай, 1 хавтаст хэргийг 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Бурдууд овогт А.лын А.д, Монгол Улсын иргэн, Увс аймгийн Хяргас суманд 1990 оны 8 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, яс үндэс баяд, дээд боловсролтой, агро хими, хөрс судлаач мэргэжилтэй, “ВМТ” ХХК-д маркетинкийн мэргэжилтэн ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Бзд оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ОР90080316.
Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)
Яллагдагч А.лын А.д нь 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр “Билгүүн Од” караокед үйлчлүүлж байсан иргэн Д.Х.рыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.А.д мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв, дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хохирогч Д.Х.рын мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 8 дугаар сарын 20-ны өдөр найз Ц.рын хамт...Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны тойргийн “Билгүүн Од” нэртэй нийтийн караокед орж үйлчлүүлсэн. Бид хоёр нэг нэг пиво захиалж авчихаад сууж байтал хажуу талын ширээнд сууж байсан хоёр залуу ойр хавын хүмүүс рүү самар шидээд байсан. Тэгэхээр нь би тэдэнд олон нийтийн газар соёлтой байгаач гэсэн чинь ...тэр хоёр дуугүй бай гээд гараа салаавчилж харуулан доромжилсон. Тэгэхээр нь би хариу болгож дунд хуруугаа гозойлгож харуулсан чинь...нэг нь босч ирээд намайг цохиод зодсон. Би нүүрэндээ цохиулаад нүүрээ дараад газар суусан чинь дээрээс цохиод байсан. Тэр хоёр залуугийн нэг нь намайг зодсон. Сүүлд уулзаж эвлэрэхэд А.д нь намайг зодсон гэж байсан. Тэгээд А.дтой эвлэрээд өөр учирсан хохирлыг нөхөн төлүүлсэн. ...Надад эмчилгээндээ зарцуулаарай гээд 750.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18, 19),
2. Гэрч М.Ц.рын мөрдөн байцаалтад өгсөн: “...Д.Х.р тэр залуучуудыг соёлтой байгаач гэж хэлтэл тэдний нэг нь салаавч гаргасан. Тэгтэл Д.Х.р зөрүүлээд дунд хуруугаа гозойлгосон. Тэрнээс болж шууд зодоон болсон. Д.Х.рыг одоо А.д гээд байсан залуу шууд нүүр рүү нь цохиод унагаасан. ...Д.Х.рын духнаас цус гойжсон,...нүүр ам нь хавдсан байсан. ...Д.Х.р Гэмтэл согог судлалын үндэсний төвд очиж духандаа 5 оёдол тавиулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20, 21),
3. Гэрч Б.Баянсангийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр би найз А.дын хамт Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Баянхошууны тойрогт байдаг “Билгүүн Од” караокед орж үйлчлүүлсэн. Бид хоёрын сууж байсан ширээний хажуу талын ширээн дээр үл таних хоёр эрэгтэй, хоёр эмэгтэй нар сууж байсан. Тэд нарыг дуулахаар нь бид хоёр дагаж дуулаад байсан...чинь тэрэнд дургүйцээд тэдний нэг нь чимээгүй бол соёлтой суугаач гэж хэлсэн. Тэгсэн А.д идэж байсан самарнаасаа 1 ширхэгийг тэр дөрөв рүү шидчихсэн. Тэгтэл цаад ширээн дээр сууж байсан одоогийн хохирогч...Д.Х.р тэр дөрвөн хүнийг дэмжиж өмөөрөөд бид хоёрыг чимээгүй бай гээд бид хоёр руу дунд хуруугаа гозойлгоод байхаар нь А.д Д.Х.р дээр очоод та хоёрт хамаагүй...гээд байсан. Тэгээд Д.Х.р А.д нар хоорондоо зодолдоод...А.д Д.Х.рын толгойг хагалсан байсан. А.д хэлэхдээ толгой руу нь өвдөглөж гэмтээсэн гэсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22),
4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 9324 дугаар дүгнэлт
“...Хэсэг газрын үзлэг: Зүүн хөмсөг дотор дээр босоо байрлалтай 2.7см урт оёдол бүхий шархтай, духны зүүн хэсэг, зүүн хацар шанаа, дээд уруулын зүүн хэсэг хаван хавдартай, дух, хацар шанаанд бүдэг хөх цус хуралттай, дээд уруул зүүн хэсэг болон доод уруулын гол салстад цус хуралттай. Хүзүүний зүүн хажуу урд хэсэгт 6х1.3см хүрэн ягаан өнгийн цус хуралттай.
2017.07.21-ны ГССҮТ-н бичигт онош: Духны няцарсан шарх...ДҮГНЭЛТ
1. Д.Х.рын биед хөмсөг дотор дээр шарх, дух, зүүн хацар шанаа, дээд уруулын зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, уруул дотор салст, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо, ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 26, 27),
5. Шүүгдэгч А.А.дын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би тэр өдөр Баянсантай хамт Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд байдаг “Билгүүн Од” нэртэй нийтийн караокед ороод “Тайга” нэртэй 0.75 литрийн 1 шил архи авч хувааж уусан. Гурван дуу дуулаад гурван дуу захиалсан байсан. Бас хүмүүсийн дуулж байгаа дууг дагаж дуулж байсан. Тэр үед хажууд үл таних 2 эрэгтэй, 2 эмэгтэй бид хоёр луу хараад юугаа муухай хараад, муухай орилоод байгаа юм бэ гэж хэлсэн. Би тэдэнд та нарт хамаагүй шүү дээ гээд идэж байсан самарнаасаа 1 ширхэгийг шидсэн. Тэгээд маргалдаж байтал тэдний цаад ширээн дээр сууж байсан Д.Х.р...бид хоёр руу дунд хуруугаа гозойлгоод байсан. ...Би тэд нартай маргалдаж байгаад зодолдсон. Би Д.Х.рыг татаад өвдгөлтөл толгойны хэсэг нь таараад гэмтсэн. ...Намайг Д.Х.р руу ойртоход намайг цохих гэж эхэлж оролдсон болохоор нь би түүнийг цохисноор зодоон эхэлсэн....Би Д.Х.рт эмчилгээндээ зориулаарай гээд 750.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 58, 59)
6. Хохирлын баримт (хавтаст хэргийн 43), хохирол хүлээн авсан тухай тодорхойлолт (хавтаст хэргийн 47),
- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 31), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 37), хохирол төлсөн баримт (хавтаст хэргийн 45), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 34, 62, 64-72), ажлын тодорхойлолт (хавтаст хэргийн 77) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч А.А.дод холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:
I. Гэм буруугийн талаар.
Улсын яллагчаас шүүгдэгч А.А.дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцуулж, бусдад төлөх төлбөргүй гэх дүгнэлтийг гаргав.
Улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй шүүгдэгч мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч А.А.д нь Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны тойрог гэх газрын орчим байрлах “Билгүүн Од” караокед, 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр, танхайн сэдэлтээр, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, шууд санаатай үйлдлээр, Д.Х.рыг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь;
- Хохирогч Д.Х.рын мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 8 дугаар сарын 20-ны өдөр найз Ц.рын хамт...Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны тойргийн “Билгүүн Од” нэртэй нийтийн караокед орж үйлчлүүлсэн. Бид хоёр нэг нэг пиво захиалж авчихаад сууж байтал хажуу талын ширээнд сууж байсан хоёр залуу ойр хавийн хүмүүс рүү самар шидээд байсан. Тэгэхээр нь би тэдэнд олон нийтийн газар соёлтой байгаач гэсэн чинь ...тэр хоёр дуугүй бай гээд гараа салаавчилж харуулан доромжилсон. Тэгэхээр нь би хариу болгож дунд хуруугаа гозойлгож харуулсан чинь...нэг нь босч ирээд намайг цохиод зодсон. Би нүүрэндээ цохиулаад нүүрээ дараад газар суусан чинь дээрээс цохиод байсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18, 19),
- Гэрч М.Ц.рын мөрдөн байцаалтад өгсөн: “...Д.Х.рыг одоо А.А.д гээд байсан залуу шууд нүүрлүү нь цохиод унагаасан. ...Д.Х.рын духнаас цус гойжсон,...нүүр ам нь хавдсан байсан. ...Д.Х.р Гэмтэл согог судлалын үндэсний төвд очиж духандаа 5 оёдол тавиулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20, 21),
- Гэрч Б.Баянсангийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Д.Х.р тэр дөрвөн хүнийг дэмжиж өмөөрөөд бид хоёрыг чимээгүй бай гээд бид хоёр луу дунд хуруугаа гозойлгоод байхаар нь А.д Д.Х.р дээр очоод та хоёрт хамаагүй...гээд ....хоорондоо зодолдоод...А.д Д.Х.рын толгойг хагалсан байсан. А.д хэлэхдээ толгой руу нь өвдөглөж гэмтээсэн гэсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 9324 дугаар дүгнэлт (хавтаст хэргийн 26, 27) зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч А.А.д нь шаардлага тавьсан Д.Х.рыг зодсон болох нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба зодуулсанаас болж хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсныг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ. Дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.
Тиймээс улсын яллагчаас шүүгдэгч А.А.дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Улсын яллагчаас шүүгдэгч А.А.дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 550 нэгжээр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгуулийн ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч А.А.д нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг удирдлага болгон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд үндэслэн, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг харгалзан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан улсын яллагчийн дүгнэлтийг шүүх хүлээн авч А.А.дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгж буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуульд зааснаар 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
III. Бусад асуудлаар
Хохирогч Д.Х.р нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохиролд баримтаар 128.000 нэхэмжилснээс (хавтаст хэргийн 43) А.А.д нь хохирогчид 750.000 төгрөг төлсөн (хавтаст хэргийн 45) байна. Тиймээс шүүгдэгчийн энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн 1708 0063 60299 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.