Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүхийн тогтоол

2025 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 124/ШШ2025/0007

 

                    Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж,

                          хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Батдорж даргалж, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунгэрэл, М.Мянганбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “У А А Х” ТББ,

Хариуцагч: Увс аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан,

“У А А Х” ТББ-ын “Увс аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 1/545 тоот албан бичгийг илт хууль бус болохыг тогтоож, 2021 оны 03 дугаар сараас 2023 оны 09 дүгээр сарыг дуустал хугацаанд олгох байсан  санхүүжилт 89,000,000 төгрөгийг олгохыг даалгах тухай”  шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “У А А Х” ТББ-ын дарга Я.Ч, хариуцагч Увс аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н, Ц.Б, иргэдийн төлөөлөгч Г.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нууцзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “У А А Х” ТББ, Увс аймгийн Засаг даргад холбогдуулан “Увс аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 1/545 тоот албан бичгийг илт хууль бус болохыг тогтоож, 2021 оны 03 дугаар сараас 2023 оны 09 дүгээр сарыг дуустал хугацаанд олгох байсан санхүүжилт 89,000,000 төгрөгийг олгохыг даалгах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг анх шүүхэд гаргажээ.

 2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Увс аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 1/545 тоот албан бичгийг илт хууль бус болохыг тогтоож, 2021 оны 03 дугаар сараас 2023 оны 09 дүгээр сарыг дуустал хугацааны ажилтан М.Б, Ш.Н нарын олгох байсан цалингийн зардалд 13,037,000 төгрөгийг олгохыг даалгах тухай” гэж өөрчлөн багасгасан.

3. Нэхэмжлэгч “У А А Х” ТББ-ын дарга Я.Ч, хариуцагч Увс аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н, Ц.Б нар нь 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ: “У А А Х-оос шүүхэд гаргасан “Увс аймгийн Засаг даргын 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 1/545 тоот шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоож, 2021 оны 3 дугаар сараас 2023 оны 9 дүгээр сарыг дуустал хугацаанд олгох байсан 89,000,000 төгрөгийг олгохыг даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэрэгт нэхэмжлэгч У А А Хны дарга Я.Ч, хариуцагч Увс аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н, Ц.Б бид дараах байдлаар харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулав.

1. Нэхэмжлэгч У А А Х нь У А А Хнд 2021 оны 03 дугаар сараас 2023 оны 09 дүгээр сарыг дуустал хугацаанд зохион байгуулагчаар ажиллаж байсан М.Б, нягтлан бодогчоор ажиллаж байсан Ш.Н нарын дээрх хугацаанд ажиллаж байсан үеийн цалинг шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг гарах үед тухай бүр нь Увс аймгийн Засаг даргад уламжлах,

2. Хариуцагч У А А Х-нд 2021 оны 03 дугаар сараас 2023 оны 09 дүгээр сарыг дуустал хугацаанд зохион байгуулагчаар ажиллаж байсан М.Б, нягтлан бодогчоор ажиллаж байсан Ш.Н нарын шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон цалин хөлсний зардлыг У А А Хны төсвийн төсөлд тусгаж, Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Захиргааны хэргийг шүүх хуралдааны хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгч “У А А Х” ТББ-ын дарга Я.Ч болон Увс аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н, Ц.Б нарын хооронд эвлэрлийн гэрээ байгуулагдсан ба нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан буулт хийж, хоорондоо тохиролцсон, энэхүү эвлэрлийн гэрээ нь хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийн оролцогчид эвлэрснийг баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

1.1. Тодруулбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “...хариуцагчтай эвлэрэх эрхтэй”, 21 дүгээр зүйлийн 21.1.1-д “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх...”, мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д “Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно”, 68.2-т “Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна” гэж тус тус заасан.

2. Тус эвлэрэлд нэхэмжлэгч “У А А Х” ТББ 2021 оны 03 дугаар сараас 2023 оны 09 дүгээр сарыг дуустал хугацаанд зохион байгуулагчаар ажиллаж байсан М.Б, нягтлан бодогчоор ажиллаж байсан Ш.Н нарын дээрх хугацаанд ажиллаж байсан үеийн цалинг шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг гарах үед тухай бүр нь Увс аймгийн Засаг даргад уламжлах, хариуцагч Увс аймгийн Засаг даргын зүгээс “У А А Х” ТББ-д 2021 оны 03 дугаар сараас 2023 оны 09 дүгээр сарыг дуустал хугацаанд зохион байгуулагчаар ажиллаж байсан М.Б, нягтлан бодогчоор ажиллаж байсан Ш.Н нарын шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон цалин хөлсний зардлыг “У А А Х” ТББ-ын төсвийн төсөлд тусгаж, Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэхээ илэрхийлж, эвлэрлийн гэрээнд талууд гарын үсгээ зурж баталгаажуулсан байна.

3. Иймд нэхэмжлэгч болон хариуцагч нарын эвлэрэл нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-т “Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

4. Хэргийн оролцогч нарт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй...” талаар тайлбарласан ба түүнийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тайлбарласан тухай баримтад гарын үсэг зурсан болно.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт “Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгах, энэ хуулийн 50.4-т зааснаас бусад тохиолдолд нэхэмжлэлээсээ татгалзах, нэхэмжлэгч, хариуцагч эвлэрэх замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон бол улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй” гэж заасны дагуу нэхэмжлэгч “У А А Х” ТББ-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “У А А Х” ТББ-ын дарга Я.Ч, хариуцагч Увс аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н, Ц.Б нарын “У А А Х” ТББ 2021 оны 03 дугаар сараас 2023 оны 09 дүгээр сарыг дуустал хугацаанд зохион байгуулагчаар ажиллаж байсан М.Б, нягтлан бодогчоор ажиллаж байсан Ш.Н нарын дээрх хугацаанд ажиллаж байсан үеийн цалинг шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг гарах үед тухай бүр нь Увс аймгийн Засаг даргад уламжлах, хариуцагч Увс аймгийн Засаг даргын зүгээс “У А А Х” ТББ-ын 2021 оны 03 дугаар сараас 2023 оны 09 дүгээр сарыг дуустал хугацаанд зохион байгуулагчаар ажиллаж байсан М.Б, нягтлан бодогчоор ажиллаж байсан Ш.Н нарын шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон цалин хөлсний зардлыг У А А Х-ны төсвийн төсөлд тусгаж, Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх”-ээр харилцан тохиролцож эвлэрсэн хэргийн оролцогчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “У А А Х” ТББ-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн энэхүү захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              О.БАТДОРЖ

                                                                                    ШҮҮГЧ                                              С.ОЮУНГЭРЭЛ

                                                                                    ШҮҮГЧ                                              М.МЯНГАНБАЯР