| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Аюушийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 128/2024/0828/З |
| Дугаар | 128/ШШ2025/0137 |
| Огноо | 2025-02-17 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 128/ШШ2025/0137
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “5” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Ю*******” ХХК /РД:*******/, төлөөлөгч Б.Г*******, итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б*******,
Хариуцагч: Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Х*******,
Гуравдагч этгээд: Б******* овогт Д*******гийн Э, РД:Г, нарын хоорондын “Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны газар чөлөөлөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч компанийн орц гарцыг чөлөөлөхийг даалгах” тухай маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Х*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Номин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
1.1. Нэхэмжлэгчээс 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 24/37 тоот албан бичгээр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хандан “... Д.Э гэх хүн нийтийн эзэмшлийн талбайг хааж манай барилга руу орох гарах гарцыг хааж ажил хэвийн явахад удаа дараа саад учруулж ... маш олон удаа саатуулж мөнгө авдаг бохир үйлдлийг зогсоож цаашид ажил явуулахад саадгүй болгож өгөх талаар холбогдох арга хэмжээг авч нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлж өгнө үү” гэх хүсэлт гаргасан.
1.2. “Ю*******” ХХК/хуучнаар “Ю” ХХК/-иас 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд холбогдуулан “Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны газар чөлөөлөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч компанийн орц гарцыг чөлөөлөхийг даалгах” тухай нэхэмжлэл гаргасан.
Хоёр.Нэхэмжлэлийн үндэслэл:
2.1. Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Манай компани Хан-Уул дүүргийн хороо Аанд байрлах 1 нэгж талбарын дугаартай, 15318 мкв газрын хууль ёсны өмчлөгч юм. Уг газартаа Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-д заасны дагуу кино театр болон үйлчилгээ оффисын зориулалт бүхий барилга барихаар барилгын ажлын зөвшөөрөл, эскиз зураг батлуулан барилгын үйл ажиллагаагаа хууль ёсны дагуу явуулж байгаа бөгөөд манай барьж буй барилга ертөнцийн зүгээр баруул тал руу буюу зам руу харсан барилга байгаа. Барилгын зураг болоод орц гарцны зургаа батлуулахдаа нийтийн эзэмшлийн хэсгээр орц гарцаа гаргахаар төлөвлөж батлуулсан байдаг ба захиргааны байгууллагаас зөвшөөрсөн. Гэтэл манай орц, гарцыг хааж Д.Э гэх этгээд нь ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр дур мэдэн дэлгүүр, хоолны газар, хүлэмж, 2ш модон жорлон жижиг байшингийн суурь хүртэл цутгаж нийтийн эзэмшлийн газрыг өөрийн эзэмшил мэт дураараа зөвшөөрөлгүй хууль бусаар эзэмшээд зогсохгүй манай барилга руу орох гарах гарцыг хааж, ажил хэвийн явахад удаа дараа саад учруулж хэл ам хийж байна. Д.Эийн хууль бус үйл ажиллагаанаас болж манай компани их хэмжээний хохирол амсаж байна. Тухайлбал Д.Эийн хууль бус үйл ажиллагаанаас болж 2024 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Барилгын автопомп орох гарц бүтэн өдөр хааж ажил зогсоосон. 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдөр нийт 41 хүний хагас өдрийн ажил саатуулж, краны хагас өдрийн түрээсийн зардлын хохирол манай компанид учрууллаа. Өмнө нь 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр болон 14-ний өдөр гарц хааж барилгын бетон зуурмагийн машиныг оруулахгүй саатуулж тус бур 500,000 төгрөг дансаар авсан гэх мэтээр барилгын үйл ажиллагаанд саад учруулж хэрүүл үймээн дэгдээн манай компанийг мөнгө өгөхийг шаардаж мөнгө өгвөл помп оруулна, байр өгвөл барилгын ажлыг чинь явуулна гэх зэргээр шантаажилж манай компанийн эрх ашгийг ноцтой зөрчиж байна.
Маргаан бүхий газар нь өөрөө тусгай хамгаалалттай газар гэтэл ямар нэгэн зөвшөөрөлгүй, дур мэдэн буусан этгээдэд арга хэмжээ авах, албадан нүүлгэх ажлыг захиргааны байгууллага хийхгүй нэхэмжлэгчид чирэгдэл учруулж байна. Газрын тухай хуулийн 3.1.5.“газрыг чөлөөлөх” газрыг зөвшөөрөлгүй ашигласан бол уг газар дээрх барилга байгууламж, бусад эд хөрөнгийг шилжүүлэх, газрыг засаж тохижуулах зэргээр хууль болон гэрээнд зааснаар газрыг өмчлөгчид нь эргүүлэн өгөхөд саадгүй болгохыг” гэж, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.1 “... зохих зөвшөөрөлгүйгээр газар эзэмшсэн, ашигласан бол албадан нүүлгэх тухай Засаг даргын шийдвэрийн биелэлтийг хангах” гэж, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т “... газрыг чөлөөлөөгүй бол тухайн хамгаалалтын захиргаа газрыг албадан чөлөөлөх шийдвэр гарган, харьяалах төрийн байгууллагатай хамтран газрыг албадан чөлөөлөх арга хэмжээг зохион байгуулж, зардлыг буруутай иргэн, хуулийн этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж заасан. Маргаан бүхий газар нь тусгай хамгаалалттай газар нутагт ордог тул албадан нүүлгэх талаар Засаг дарга болон цагдаагийн байгууллагад хандсан боловч уг асуудлыг шийдвэрлэх боломжгүй харин харьяалан шийдвэрлэх байгууллага нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа тул хамгаалалтын захиргаанд хүсэлтээ гаргах талаар мэдэгдсэн. Ингээд нэхэмжлэгчийн зүгээс Богдхан уулын хамгаалалтын захиргаанд 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хандаж гомдол гаргасан бөгөөд гомдол өгөхөөр очиход “Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас Д.Э гэх хүнийг хэл амтай хүн байгаа манайхан наад хүнийг чинь мэднэ, гэхдээ шууд албадаж чадахгүй, та нар шүүхэд хандсан нь дээр дээ гэж хэлсэн” тул ямар ч байсан урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хангагдах ёстой учраас танайд хүсэлтээ өгч байна гэж хэлээд хүсэлтээ өгсөн боловч өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 14.2-т “Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргасан гомдлыг Захиргааны ерөнхий хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлээгүй бол хугацаа өнгөрснөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд нэхэмжлэгчийн ашиг сонирхлыг хамгаалж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
2.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн зүгээс Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны газар чөлөөлөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож нэхэмжлэгч компанийн орц гарцыг чөлөөлөхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэлийн тухайд, Хан-Уул дүүргийн хороо Аанд байрлалтай, 15,318 мкв газар эзэмшдэг. Уг газарт Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т заасны дагуу кино театр болон үйлчилгээний оффисын зориулалт бүхий барилга барихаар барилгын ажлын зураг төсөл хийгээд, батлуулаад, тухайн газарт үйл ажиллагаа явуулж байгаа. Гэтэл гуравдагч этгээд Д.Э нь тухайн газрын орц гарцыг хааж гэр барьсан, 2 модон жорлон, жижиг байшингийн суурь цутгасан байгаа. Манай барилгын үйл ажиллагаанд удаа дараа саад учруулж байгаа, учир нь манай орц гарц дээр ирж буучхаад хундам, бетон цутгахаар том машин очихоор мөнгө нэхээд шантаажлаад байдаг. Иймд газар чөлөөлөх хүсэлтийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд гаргасан. Д.Э нь тухайн газрын эзэмшигч биш, газар ашиглах, эзэмших ямар нэг зөвшөөрөл байхгүй учраас нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлүүлж, манай компанийн орц гарцыг чөлөөлүүлж өгнө үү.
Манай газар тусгай хамгаалалттай газар нутагт хамаарч байгаа. Энэхүү газар нь анх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар олгогдсон. Нэхэмжлэгчийн зүгээс гуравдагч этгээдэд олгочихсон газар, эсхүл манайд олгосон газар гэж Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалтай маргаагүй. Зөвшөөрөлгүй дур мэдэн буусан бол Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас энэ асуудлыг эрхлэн зохион байгуулж явуулдаг. Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас бидний гаргасан гомдолд амаар тайлбар өгсөн. Иймд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд газар чөлөөлүүлж өгнө үү, нийтийн эзэмшлийн талбайд байна, дур мэдээд ирээд буучихсан гэдэг зүйлийг ярьсан. Гэтэл Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас шүүхэд ханд гэсэн. Үүнтэй ижил өмнө шоотой хөшөөний хажууд Д.Э очиж буугаад Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас хөөж явуулж байсан учраас харьяалагдах газар нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа гэж бодож байгаа” гэв.
Гурав. Хариу тайлбар, татгалзал:
3.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Х******* шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт “Газар ашиглах эрх дуусгавар болоход иргэн, аж ахуйн нэгж, байгууллага ашиглаж байсан газраа чөлөөлж энэ хуулийн 37 дугаар зүйлд заасан гэрээнд өөрөөр заагаагүй бол 90 хоногийн дотор тухайн газар нутгийн хамгаалалтын захиргаа буюу сум, дүүргийн Засаг даргад хүлээлгэн өгнө”, 40.3 дахь хэсэгт “Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол тухайн хамгаалалтын захиргаа газрыг албадан чөлөөлөх шийдвэр гарган, харьяалах төрийн байгууллагатай хамтран газрыг албадан чөлөөлөх арга хэмжээг зохион байгуулж, зардлыг буруутай иргэн, хуулийн этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж заасны дагуу хамгаалалтын захиргаа нь зөвхөн газар ашиглах эрх нь дуусгавар болсон иргэн, хуулийн этгээдийн газрыг албадан чөлөөлөхөөр заасан.
Харин Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө”, 57.4 дэх хэсэгт “Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна” гэж заасан байдаг ба тус хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.1 дэх заалтад “хууль, гэрээнд заасан үндэслэлээр газар эзэмших, ашиглах эрх дуусгавар болсон, эсхүл зохих зөвшөөрөлгүйгээр газар эзэмшсэн, ашигласан бол албадан нүүлгэх тухай Засаг даргын шийдвэрийн биелэлтийг хангах” гэсэн заалтад газрын харилцааны талаар цагдаагийн байгууллагын үүргийг хуульчлан өгсөн байдаг.
Иймд хамгаалалтын захиргаанаас зөвшөөрөлгүй газар ашигласан иргэн, хуулийн этгээдийн газрыг албадан чөлөөлөх эрх хуулиар олгогдоогүй тул Богдхан Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа газар чөлөөлөг үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч компанийн орц, гарцыг чөлөөлөхийг даалгах нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Х******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө”, 57.4-д “Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна” гэж тус тус заасан. Харин Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Газар ашиглах эрх дуусгавар болоход иргэн, аж ахуйн нэгж, байгууллага ашиглаж байсан газраа чөлөөлж энэ хуулийн 37 дугаар зүйлд заасан гэрээнд өөрөөр заагаагүй бол 90 хоногийн дотор тухайн газар нутгийн хамгаалалтын захиргаа буюу сум, дүүргийн Засаг даргад хүлээлгэн өгнө” гэж заасан. Эдгээр хуулийн заалтаас харвал манайд газрыг чөлөөлөх эрх зүйн заалт байхгүй, аймаг, нийслэлийн Засаг даргад байдаг гэж хуульчилж өгсөн. Иймд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас зөвшөөрөлгүй газар ашигласан иргэн, хуулийн этгээдийн газрыг албадан чөлөөлүүлэх эрх хуулиар олгогдоогүй байдаг тул Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны газар чөлөөлөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэгч компанийн орц гарцыг чөлөөлөхийг даалгах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Дөрөв. Гуравдагч этгээдийн тайлбар.
4.1. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “Д.Э миний бие “Ю” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцож байгаа бөгөөд тус компанийн ашиглах эрхтэй 1,5 га газартай /Аны хязгаарлалтын бүсэд/ ямар нэг давхцал, орц гарцыг хаасан асуудал байхгүй. Энэхүү газар дээрээ 2011 оноос хойш өнөөдрийг хүртэл амьдарч байна. “Ю” ХХК нь өмнө Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн А-491 дүгээр тушаалаар Аанд аялал жуулчлалын бааз барихаар 2011/184 тоот газар ашиглах эрхийн гэрчилгээг “Г*******” ХХК-тай эрх шилжүүлэн авсан байдаг. “Ю” ХХК нь миний амьдарч буй газар руу нийтийн эзэмшлийн талбай хэмжээн миний хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчин удаа дараалан халдсанд гомдолтой байна. Иймд “Ю” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. “Ю*******” ХХК-иас Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд холбогдуулан “Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны газар чөлөөлөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч компанийн орц гарцыг чөлөөлөхийг даалгах” тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ “газар ашиглах зөвшөөрөлгүй этгээд манай орц, гарцыг хааж, нийтийн эзэмшлийн талбайг ашиглаж байхад хариуцагч захиргааны байгууллага хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй” гэх агуулгаар тайлбарлан маргасан.
2. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд хангаж шийдвэрлэв. Үүнд:
3. Маргааны үйл баримтын тухайд:
3.1. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/191 дүгээр тушаалаар “Ю” ХХК-д Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Аанд 15318 мкв газар ашиглах эрх олгожээ.
3.2. “Ю” ХХК-иас Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хандан,
3.2.1. 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 24/06-05 тоот албан бичгээр “... нийтийн эзэмшлийн газрыг чөлөөлүүлж өгөхийг хүсч байна”,
3.2.2. 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 24/37 тоот албан бичгээр “... Д.Э гэх хүн нийтийн эзэмшлийн талбайг хааж манай барилга руу орох гарах гарцыг хааж ажил хэвийн явахад удаа дараа саад учруулж ... маш олон удаа саатуулж мөнгө авдаг бохир үйлдлийг зогсоож цаашид ажил явуулахад саадгүй болгож өгөх талаар холбогдох арга хэмжээг авч нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлж өгнө үү”,
3.2.3. 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 24/40 тоот албан бичгээр “... хууль бусаар газар ашиглаж байгаа иргэнийг холбогдох хууль журмын дагуу нүүлгэн шилжүүлж өгнө үү” гэсэн хүсэлтүүдийг гаргасан байна.
3.3. Мөн нэхэмжлэгч хуулийн этгээдийн ашиглаж буй газар нь гуравдагч этгээдийн хүсэлт гаргасан газартай давхцалгүй боловч зэргэлдээ байрлаж байх байх ба тус хуулийн этгээдээс газар ашиглах эрхээ хэрэгжүүлэх зорилгоор
3.3.1. 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 24/39 тоот албан бичгээр Хан-Уул дүүргийн хорооны Засаг даргад хандан “... хууль бусаар газар ашиглаж байгаа иргэнийг холбогдох хууль журмын дагуу нүүлгэн шилжүүлж өгнө үү”,
3.3.2. 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 24/43 тоот албан бичгээр Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст хандан “... хууль бусаар газар ашиглаж байгаа иргэнийг холбогдох хууль журмын дагуу шалгаж өгнө үү”,
3.3.3. 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 24/44 тоот албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын хэрэгжилтийн газарт хандан “... нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлж өгнө үү” гэх хүсэлтүүдийг тус тус гаргасан байна.
3.4. Гуравдагч этгээд Д.Эаас Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хандаж анх 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр газар ашиглах талаар хүсэлтийг анх гаргасан байх ба түүнээс гаргасан удаа дараагийн хүсэлтэд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 832 тоот албан бичгээр “... Зөвшөөрлийн тухай хууль 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэнтэй холбогдуулан тус хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.18 дах заалтад Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах асуудлыг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэхээр зохицуулсан бөгөөд тус хуулийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын журмаар олгохоор заасан. Иймд Богдхан уулын дархан цаазат газарт шинээр газар ашиглах талаар ирүүлсэн таны хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна” гэсэн, 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 01/1284 тоот албан бичгээр “... хүсэлт гаргасан байршилд Хамгаалалтын захиргааны 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 01/238 дугаартай албан бичгээр 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулах саналыг хүргүүлсэн байна” гэсэн хариуг тус тус өгчээ.
4. Тус шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 01/8185 тоот албан бичгээр “... Д.Э нь Хан-Уул дүүргийн Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Аанд газар ашиглах эрхтэй эсэх, Д.Эаас газар ашиглахаар хүсэлт гаргасан эсэх, хэрхэн шийдвэрлэж хариу өгсөн талаарх лавлагаа”-г нотлох баримтаар ирүүлэхээр мэдэгдсэн боловч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 06/5910 тоот албан бичгээр тус иргэнд газар ашиглуулахаар олгосон талаарх аливаа шийдвэрийг ирүүлээгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гуравдагч этгээдэд газар ашиглах эрх олгогдоогүй тухайд маргаагүй, мөн гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “газар ашиглах хүсэлтээ хүргүүлсэн, шийдэгдээгүй хүлээгдэж байгаа” гэсэн тайлбарыг гаргасан.
5. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1-д “тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх хууль тогтоомж, тухайн газар нутгийн хамгаалалтын горимын биелэлтийг хангуулах”, 7-д “зөвшөөрөгдсөн бүс дэх сууринг тохижуулах, барилга байгууламж барих ажлыг батлагдсан төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж байгаад хяналт тавих” үйл ажиллагааг дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа хэрэгжүүлэхээр хуульчилсан байх ба Байгаль орчны яам/хуучин нэрээр/-ны Төрийн нарийн бичгийн даргын 2001 оны 07 тоот тушаалын хавсралтаар батлагдсан “Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дүрэм”-ийн 1.1-д тус хамгаалалтын захиргааг “Богдхан уулын дархан цаазат газрын хилийн зааг дотор баталж буй газар нутгийн байгалийн унаган төрхийг хадгалах, шинжлэн судлах, уг газар нутгийг хамгаалах, зүй зохистой ашиглахтай холбогдсон үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлэх үүрэг бүхий мэргэжлийн байгууллага” хэмээн тодорхойлж 3 дугаар зүйлийн 3.1.2-т “Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан Засгийн газрын тогтоол, бусад эрхийн актууд, дархан цаазат газрын хамгаалалтын горимын биелэлтийг дангаараа хийгээд аймаг, орон нутгийн удирдлага, хууль хяналтын байгууллагуудтай хамтран хангуулах”, 3.1.3-т “Хариуцсан нутаг дэвсгэртээ судалгаа шинжилгээ хийх зөвшөөрөл авсан байгууллагуудтай гэрээ байгуулж, ...”, 3.1.11-д “... зохих журмын дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ашиглуулах газрыг тогтоох”, 3.1.15-д “Иргэн, өмчийн бүх төрөлд хамаарах аж ахуйн нэгж, байгууллага хариуцсан нутаг дэвсгэр дээр абйгаль хамгаалах хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд уг үйлдлийг таслан зогсоож, холбогдох арга хэмжээ авах, шаардлагатай бол тэдний үйл ажиллагааг нь түр буюу бүр мөсөн зогсоох, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг тухайн нутаг дэвсгэрээс гаргах хүртэл асуудлыг зохих хууль тогтоомжийн дагуу холбогдох байгууллагуудтай хамтран шийдвэрлэх, дээд шатны байгууллагад уламжлах” зэргээр үндсэн үйл ажиллагааг жагсаажээ.
6. Мөн “Ю/хуучин нэрээр/” ХХК, Хан-Уул дүүргийн Засаг дарга, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нарын хооронд байгуулагдсан “Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай гэрээ”-ний 3 дугаар зүйлд газрын төлбөр төлөхтэй холбоотой харилцаанд дүүргийн Засаг дарга хяналт тавихаар, 4 дүгээр зүйлийн 4.6-д гэрээний хэрэгжилтэд хамгаалалтын захиргаа хяналт тавихаар тус тус зохицуулжээ.
7. Хууль тогтоомж болон газар ашиглах гэрээний дээрх зохицуулалтууд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдож буй нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэвэл, хариуцагч Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, хуульд заасан журмын дагуу газар ашиглаж буй этгээдтэй гэрээ байгуулж, хэрэгжилтийг хангаж ажиллах үүрэгтэй атал энэхүү үүргээ хэрэгжүүлээгүй нь нэхэмжлэгч хуулийн этгээдээс гаргасан “газраа ашиглах нөхцөл боломжоор хангуулах” талаарх хүсэлтэд шүүхэд хандаж шийдвэрлүүлэх агуулга бүхий хариуг утсаар өгснөөр тогтоогдож байна.
8. Хууль тогтоомжийн зохицуулалтуудын хүрээнд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, дархан цаазат газрын хамгаалалтын горимыг хангах талаарх хариуцагч хамгаалалтын захиргааны үүрэг нь нэгэнт эрх бүхий этгээдээс гаргасан шийдвэрийн дагуу газар ашиглаж буй хуулийн этгээдийн газраа ашиглах эрхийг хэрэгжилтийг хянах төдийгүй хамгаалалтын бүсэд хамаарах газрыг эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр ашиглаж буй байдлыг таслан зогсоох байдлаар хэрэгжинэ гэсэн үзэхээр байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “манай байгууллага газар ашиглаж байгаа этгээдийн газрыг чөлөөлөх эрх хэмжээгүй” гэх тайлбарыг хүлээж авах үндэслэлгүй.
9. Учир нь нэхэмжлэгч хуулийн этгээдээс газар ашиглах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй байдлыг арилгуулахаар төрийн эрх бүхий байгууллагуудад удаа дараа хандаж хүсэлтээ гаргасан байх боловч тухайн тусгай хамгаалалттай газар нутаг нь байршиж буй Хан-Уул дүүргийн хорооны Засаг даргаас 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 145 тоот албан бичгээр “... тус хорооны газар нутаг нь БОУАӨЯ, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хамаардаг учраас тус газруудад хандахыг зөвлөсөн” гэсэн, мөн дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 30н2-5/6528 тоот албан бичигт хавсаргасан баримтаар “...холбогдогч Д.Э нарын цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэг, асап сангийн лавлагаа зэрэг бусад нотлох баримтаар Зөрчлийн тухай хуульд заасан зөрчлийн шинжтэй зөрчил үйлдсэн нь тогтоогдохгүй, зөрчлийн шинжгүй нөхцөл байдал тогтоогдож байна. Иймд таны гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв” гэсэн хариуг тус тус өгсөн, мөн нэхэмжлэгчийн ашиглалтад олгогдсон газар нь гуравдагч этгээдийн хүсэлт гаргасан газартай давхцалгүйгээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар эрхээ хангуулах боломжгүй байхад нарийвчилсан зохицуулалттай хууль болох Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэг бүхий хамгаалалтын захиргаа нь хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.
10. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасны дагуу дүүргийн Засаг даргаас албадан чөлөөлөх мэдэгдэл өгөх ёстой” хэмээн тайлбарлах боловч хуулийн 57.1-д “Газрын нэгдмэл санг эзэмших, ашиглах, хамгаалах болон газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд Засгийн газар, газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга хууль тогтоомжид заасан эрх хэмжээнийхээ дагуу хяналт тавина” гэж заасан зохицуулалт нь тухайн засаг захиргааны нэгжийн хувьд батлагдсан төлөвлөгөө бүхий газарт хамаарахаас бус, нарийвчилсан зохицуулалт бүхий тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй, тус нутаг дэвсгэрт хамгаалалтын горимыг хэрэгжүүлэх захиргааны байгууллагын үүргийг үгүйсгэхгүй юм.
11. Түүнчлэн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 2-т “Газар ашиглах эрх дуусгавар болоход иргэн, аж ахуйн нэгж, байгууллага ашиглаж байсан газраа чөлөөлж энэ хуулийн 37 дугаар зүйлд заасан гэрээнд өөрөөр заагаагүй бол 90 хоногийн дотор тухайн газар нутгийн хамгаалалтын захиргаа буюу сум, дүүргийн Засаг даргад хүлээлгэн өгнө”, 3-т “Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол тухайн хамгаалалтын захиргаа газрыг албадан чөлөөлөх шийдвэр гарган, харьяалах төрийн байгууллагатай хамтран газрыг албадан чөлөөлөх арга хэмжээг зохион байгуулж, зардлыг буруутай иргэн, хуулийн этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж заасан нь маргааны тохиолдолд хамаарахгүй хэмээн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.
12. Хэдийгээр Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд дархан цаазат газарт зөвшөөрөлгүй газар ашигласан тохиолдолд газрыг албадан чөлөөлөх харилцааг үгчлэн зохицуулаагүй боловч тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимын хэрэгжилтийг хангуулах талаарх дээрх 5 дахь хэсэгт дурьдсан хариуцагчийн чиг үүрэг нь дээрх 11 дэх хэсэгт дурьдсан хуулийн зохицуулалттай шууд уялдаатай, хариуцагч хамгаалалтын захиргаа нь өөрийн хамгаалалтад хамаарах газрыг зөвшөөрөлгүйгээр ашиглаж буй этгээдийн үйл ажиллагааг таслан зогсоож, газрыг албадан чөлөөлөх тухай шийдвэр гаргах үүрэгтэй гэж үзнэ.
13. Өөрөөр хэлбэл, тусгай хамгаалалттай газар нутгийн нутаг дэвсгэрт газар ашиглаж байгаад газар ашиглах эрх нь дуусгавар болсон газрыг албадан чөлөөлөх үйл ажиллагаа нь газрыг зөвшөөрөлгүй ашиглаж байгаа байдлыг таслан зогсоох агуулгатай тул газар ашиглах эрх олгогдож байгаагүй, эрх бүхий этгээдийн шийдвэргүйгээр газар ашиглах үйл ажиллагаа явуулж байгаа газрыг албадан чөлөөлөх шийдвэр гаргах, газрыг чөлөөлөх үйл ажиллагаатай ижил агуулгатай тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “манай байгууллага эрх бүхий этгээдийн шийдвэргүйгээр газар чөлөөлөх арга хэмжээг хэрэгжүүлэх эрхгүй” гэх тайлбарыг хүлээж авах үндэслэлгүй.
14. Дээрхээс үзвэл, гуравдагч этгээд нь эрх бүхий этгээдийн шийдвэргүйгээр газрыг ашиглаж, нэхэмжлэгч хуулийн этгээдийн орц, гарцыг хааж, газраа ашиглах боломжгүйд хүргэсэн хариуцагчаас хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй, зөрчлийг таслан зогсоогоогүй хууль бус эс үйлдэхүй байх тул Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны газар чөлөөлөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч “Ю*******” ХХК-ийн орц гарцыг чөлөөлөхийг даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
15. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-т “...Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр шийдвэрлэсэн асуудлаар шүүх хуралдаан дээр дахин хүсэлт гаргах эрхгүй”, 96.2-т “шүүх хуралдаанд ирээгүй оролцогчийг зайлшгүй оролцуулах шаардлагатай гэж үзвэл шүүх хуралдааныг 14 хүртэл хоногоор хойшлуулж болно” гэж тус тус заасан.
16. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э*******аас эмнэлэгт үзүүлэх болон өмгөөлөгч авах шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтүүд гаргасныг тус тус хүлээн авч өмнөх удаа дараагийн шүүх хуралдаануудыг хойшлуулж шийдвэрлэсэн.
17. Мөн гуравдагч этгээдээс бичгээр тайлбар гаргасан, хуульд заасан дээрх нөхцөл бүрдээгүй тул итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр хэргийг хэлэлцэж шийдвэрлэснийг тэмдэглэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1, 7 дахь хэсэг, 40 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан “Ю*******” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны газар чөлөөлөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч “Ю*******” ХХК-ийн орц гарцыг чөлөөлөхийг даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ