Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 2022/ДШМ/970

 

 

 

 

    2023          10            05                                        2022/ДШМ/970

 

Ж.Чхолбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Бат-Эрдэнэ,

хохирогч Ж.Б өмгөөлөгч Ж.Баасанжав,

шүүгдэгч Ж.Ч, түүний өмгөөлөгч Г.Ганцэцэг,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 2023/ШЦТ/522 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.Ч-н өмгөөлөгч Г.Ганцэцэгийн гаргасан давж заалдах гомдлоор 2311009660930 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Ж.Ч, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “...” ХХК-д жижүүр ажилтай, ам бүл ..., эхнэрийн хамт, .... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:..../;

Шүүгдэгч Ж.Ч-ннь 2023 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, “...” төвийн 9 тоот өрөөнд Ж.Б-тай маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт архины шилээр нэг удаа цохиж хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Ж.Ч-нүйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ж.Ч-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн хуулийн зүйл, хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Чыг 1300 /нэг мянга гурван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.300.000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1300 /нэг мянга гурван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.300.000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс 4 /дөрөв/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Ж.Чаас 3.222.900 /гурван сая хоёр зуун хорин хоёр мянга есөн зуу/ төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын Төрийн сан банк дахь “...” дугаар дансанд төлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ж.Ч-нөмгөөлөгч Г.Ганцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний үйлчлүүлэгчийн зүгээс гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргаан байхгүй. ”гэвч анхан шатны шүүх шүүгдэгч Ж.Чаас 3.222.900 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн дансанд төлүүлэхээр шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо “... хохирогч Ж.Б өмнө нь диализын эмчилгээ байнга хийлгэдэг байсан боловч тухайн үйл баримт болсоноос хойш хохирогч тухайн эмчилгээг дахин хийлгэж байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчээс гаргууж шийдвэрлэх нь зүйтэй байна.” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 5428 дугаар шинжээчийн дүгнэлтээр “... Ж.Ббиед баруун хөмсөгт няцарсан шарх, баруун нүдний зовхи, хацарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.” гэж дүгнэлт гаргасан. Энэхүү дүгнэлтийг эс зөвшөөрч хохирогч Ж.Бгаргасан хүсэлтийн дагуу дахин шинжээч томилсон байдаг. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 511 дүгээр шинжээчийн дүгнэлтээр “... Ж.Ббиед баруун нүдний шилэнцэрт цус хуралт, баруун хөмсөгт няцарсан шарх, баруун нүдний зовхи, хацарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.” гэх дүгнэлт гарсан. Анхан шатны шүүх 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 5428 тоот шинжээчийн дүгнэлтийг үндэслэн Ж.Чыг Ж.Ббиед баруун нүдний шилэнцэрт цус хуралт, баруун хөмсөгт няцарсан шарх, баруун нүдний зовхи, хацарт цус хуралт гэмтэл учруулсан гэж үзсэн. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 04/2421 дүгээр албан тоотоор Ж.Бэрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт болон тусламж, үйлчилгээ авсан төлбөрийн талаарх 2023 оны 4, 5 дугаар сарын мэдээллийг хүргүүлсэн байдаг. Уг баримтуудаас үзэхэд 2023 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр нийслэлийн түргэн тусламжын төв ойрын дуудлага 48.000 төгрөг нь Ж.Ч-ннь Ж.Ббиед учруулсан гэмтэлтэй холбоотой эмчилгээ үйлчилгээ байна. Бусад зардлууд нь Медвик эмнэлэгээс диализын тусламж үйлчилгээ авсан байдаг. Диализын тусламж үйлчилгээг уг үйл явдал болохоос өмнө хохирогч Ж.Б нь тогтмол авдаг байсан болох нь тодорхой харагддаг. Диализын эмчилгээ гэдэг нь бөөр хэвийн үйл ажиллагаа явуулж чадахаа больсон үед хэрэглэдэг буюу бөөрний үйл ажиллагааг эрхэлдэг хиймэл машиныг оронд нь хэрэглэх бөөрний дутагдалд орсон хүнд хийгддэг эмчилгээ юм. Диализ эмчилгээ нь бөөрний эмгэгийг эмчлэхгүй бөгөөд бөөр орлуулах эмчилгээ тул долоо хоногт 4 цагаар 3 удаа эмчилгээнд тогтмол хамрагдаж байж сая эмчлүүлэгч бөөр орлуулах эмчилгээгээр цаашид насан туршид эсвэл бөөр шилжүүлэн суулгах хүртэл амьдрах боломжтой болдог. Нэг үгээр хэлбэл нэгэнт бөөр ажиллагаагүй болж бөөрний дутагдалд орсон хүн диализын эмчилгээ хийлгэх бөгөөд бөөр шилжүүлэн суулгах хүртэл эсхүл насан туршид байнга тогтмол хийгдэх эмчилгээ юм. Миний үйлчлүүлэгч Ж.Ч-н Ж.Б-ыг нэг удаа цохисон эсэхээс үл хамааран диализын эмчилгээг тухайн цаг хугацаанд хийлгэх шаардлагатай байсан байна. Бөөрний дутагдал, бөөр ажиллагаагүй болно гэдэг нь нэг удаагийн үйлчлэлээр нүүрэн тус газар нь цохиж гэмтээснээс үүдэх ямар ч боломж байхгүй. Гэтэл анхан шатны шүүхээс Ж.Чулаанбаатарыг Ж.Ббиед баруун нүдний шилэнцэрт цус хуралт, баруун хөмсөгт няцарсан шарх, баруун нүдний зовхи, хацарт цус хуралт гэмтэл учруулсан гэж дүгнэж, ял шийтгэл оногдуулсан атлаа бөөрний дутагдалын үед хийгдэх эмчилгээний зардлыг гаргуулж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. Өмгөөлөгчийн зүгээс 2023 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн нийслэлийн түргэн тусламжийн ойрын дуудлага үйлчилгээний төлбөр 48.000 төгрөгийг төлөх үндэслэлтэй, бусад төлбөр диализийн эмчилгээний төлбөр байх тул Ж.Ч-нхариуцан төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 2023/ШЦТ/522 дугаар шийтгэх тогтоолын 5 дахь заалтад өөрчлөлт оруулж, шүүгдэгч Ж.Чаас 48.000 төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд төлүүлэхээр өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Ж.Ч-нтус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэмж хэлэх зүйл байхгүй” гэв.

Хохирогч Ж.Б өмгөөлөгч Ж.Баасанжав тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх хуралдаанд хохирогч оролцож чадаагүй, эмнэлэгт хэвтэж байсан тул шүүх хуралдаанд хохиролтой холбоотой баримтыг гаргаж өгч чадаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилго нь хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог. Гэтэл өнөөдрийн байдлаар хохирогч тус эрх сэргээгүй, шүүгдэгч анхан шатны шүүх хуралдаанд хохирлоо төлөхөө илэрхийлж, уучлалт гуйж, учирсан хохирлыг барагдуулахаа илэрхийлж байсан ч учруулсан хохирлоо төлөөгүй. Өмгөөлөгчийн зүгээс хохирогчийн хохирлын баримтуудыг шүүх хуралдаанд авчирсан. Нийт 1.705.500 төгрөгийн 4 хуудас баримтыг гаргаж өгч, нэхэмжилж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч гомдлынхоо 3 дахь хэсэгт диализын эмчилгээний талаар Wikipedia-д байдаг мэдээллийг тэр чигт хуулаад тавьсан байна. Энэ гомдлыг миний үйлчлүүлэгч уншсан. Хуульч хүн эх сурвалжгүй, интернэтээс авсан мэдээллийг авч бөөрний дутагдалтай гэж ярьж байна. Гэтэл миний үйлчлүүлэгч сахарын буюу чихрийн шижин өвчнөөр хөдөлмөрийн чадвараа 90 хувь алдсан. Шүүгдэгчийн ямар үйлдлээс шалтгаалж хор уршигт хүргэсэн болохыг ойлгож, гэм буруугаа хүлээсэн гэж ойлгосон. Гэтэл бөөрний дутагдал өвчинд шүүгдэгч огт хамааралгүй гэж байна. Хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсан баримт нь хэрэгт авагдсан ба нүдний гэмтлүүд, нарийн судас болгон нь бөөрний судсыг эхэлж гэмтээдэг. Нүд нь жамаараа гэмтээгүй, шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас гэмтэл авсан. Эмчилгээ, үйлчилгээг үргэлжлүүлэн авч байгаа. Иймд анхан шатны шүүх хууль буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчөөгүй, Улсын Дээд шүүхийн тайлбарыг зөв тайлбарлаж хэрэглэсэн тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохиролтой холбоотой зардалд өмгөөлөгчийн нэхэмжилж байгаа мөнгөн дүнг нэмж, хохиролд тооцож өгнө үү” гэв.

Прокурор Б.Бат-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтээ: “Иргэний нэхэмжлэлтэй холбоотойгоор төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр анхан шатны шүүх хуралдаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах шаардлагатай гэж үзэж прокурор иргэний нэхэмжлэл гаргах, гаргасан нэхэмжлэлээ дэмжих эрхтэй талаар заасан. Үүнийг прокурорын хувьд дэмжиж оролцсон. Шүүгдэгчийн өмгөөлөгч зөвхөн нүдэнд нь гэмтэл учруулсан байхад бөөрний диализын төлбөр нэхэж байгаа нь хохиролтой шууд холбоогүй гэж ярьж байна. Гэвч энэ нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол бөгөөд шалтгаант холбоотой гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй тул хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Ж.Ч-ннь 2023 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, “...” төвийн 9 тоот өрөөнд Ж.Б-таймаргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт нь архины шилээр нэг удаа цохиж “баруун нүдний шилэнцэрт цус хуралт, баруун хөмсөгт няцарсан шарх, баруун нүдний зовхи, хацарт цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Хохирогч Ж.Б“... 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, ... төвийн 9 тоот өрөөндөө хэвтэж байтал гаднаас манай төвийн харуул Ж.Ч-норж ирээд бид хоёр манай жижиг амралтын өрөөнд тал шил архи хувааж ууж байсан бөгөөд Ж.Ч-нгэнэт архины шилээр миний зүүн хөмсөгний хэсэг рүү нэг удаа цохисон. Тэгээд миний хөмсөгнөөс цус гараад би өөрийн хүү Б.Мягмаржаргалыг дуудаад манай хүү 103 дуудаж, түргэний эмч нар ирээд хөмсөг хэсэгт оёдол тавьж өгсөн. ... Тухайн үед бид хоёр ямар нэг шалтгааны улмаас маргалдаагүй. Зүгээр л хамт архи уусан ...” /хх 8/ гэж тухайн газар, цаг хугацаанд болсон үйл явдал, өөрийн биед халдсан этгээд, эрүүл мэндэд учирсан хохирлынхоо талаар тодорхой мэдүүлсэн бөгөөд түүний мэдүүлэг нь:

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 05 дүгээр сарын 23-ны өдрийн №511 дугаартай “... Ж.Б биед баруун нүдний шилэнцэрт цус хуралт, баруун хөмсөгт няцарсан шарх, баруун нүдний зовхи, хацарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 -д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй ...” гэх дүгнэлт /хх-ийн 32-34/,

гэрч Б.М-ын “... аав 23 цагийн үед над руу залгаад хүнд цохиулчихлаа хүрээд ир гэсэн. Тэгээд би 20-30 минутын дараа яваад очиход тухайн байгууллагын гадаа хаалгыг Ч түлхүүрээр онгойлгож өгөөд нэлээн согтуу манааны өрөө рүү орсон. Би 9 тоот өрөө рүү ороход аавын толгойноос нэлээн цус гарсан байдалтай гараараа дараад сууж байсан. 103-ын эмч манай ажлын байранд ирээд аавын баруун талын хөмсөгний доод талд оёо тавьж өгөөд явсан ...” /хх-ийн 63/,

Иргэний нэхэмжлэгч Д.Г-н “... Ж.Б Эрүүл мэндийн даатгалын сангийн амбулаторийн үзлэг, оношлогооны үйлчилгээ авсан 144.900 төгрөг, диализын тусламж үйлчилгээ авсан 3.300.000 төгрөг нийт 3.444.900 төгрөгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардал гарсан ...” /хх-ийн 53/ гэх мэдүүлгүүд,

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-14/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3/ зэргээр давхар нотлогджээ.

Дээрх үйл баримтаас өмнө болон дараа нь Ж.Б бусдад зодуулсан эсхүл өөр бусад хүчин зүйлээс болж биедээ тухайн гэмтлийг авсан гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

            Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасанд нийцжээ.

          Анхан шатны шүүх шүүгдэгч Ж.Чыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр заасан бөгөөд шүүхээс Ж.Ч-нгэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд тухайн зүйл, хэсэгт заасан 1300 /нэг мянга гурван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.300.000 /нэг сая гурван зуун мянга/  төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүйгээс гадна, Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хүмүүжүүлэх, цээрлүүлэх зорилгод оногдуулсан ялын төрөл, хэмжээ нийцсэн байна гэж дүгнэв.

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ганцэцэгээс “... Миний үйлчлүүлэгч  Ж.Чаас 3.222.900 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн дансанд төлүүлэхээр шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй ...  хохирогч Ж.Б өмнө нь диализын эмчилгээ байнга хийлгэдэг байсан ... бөөрний дутагдлын үед хийгдэх эмчилгээний зардлыг гаргуулж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. ... Иймд шүүгдэгч Ж.Чаас 48.000 төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд төлүүлэхээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

          Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлсон.

          “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд,..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй" гэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус хуульчилсан.

          Мөн Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно” гэж, 4 дэх хэсэгт “... хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаарах эрхтэй” гэж заасан.

          Шинжээчийн дүгнэлтэд хохирогч Ж.Б “баруун нүдний шилэнцэрт цус хуралт, баруун хөмсөгт няцарсан шарх, баруун нүдний зовхи, хацарт цус хуралт” бүхий хөнгөн хохирол учирсан байхаас гадна хэрэгт авагдсан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас ирүүлсэн “Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, зардлын төлбөрийн мэдээлэл”-ийн баримтаас үзэхэд хохирогч Ж.Б нь тухайн гэмт хэргийн улмаас 2023 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Нийслэлийн түргэн тусламжийн төвөөр үйлчлүүлж, Эрүүл мэндийн даатгалын санд 48.000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоодож байна.

         Тодруулбал, хохирогч Ж.Б нь тухайн хэрэг учрал гарахаас өмнө болон дараа нь “Медвик” эмнэлгээс диализын тусламж үйлчилгээ авсан болох нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас ирүүлсэн дээх баримтаар тогтоогдож байхад шүүх шүүгдэгч Ж.Чаас түүний гэм буруутай үйлдэлтэй шалтгаант холбоогүй буюу хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт хамааралгүй эрүүл мэндийн зардал болох 3.174.900 /гурван сая нэг зуун далан дөрвөн мянга есөн зуун/ төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд олгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

          Тиймээс хэрэгт авагдсан хохирлын баримтуудыг нотлогдсон хэмжээнд үнэлж, 48000 төгрөгийг шүүгдэгч Ж.Чаас гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй байна.

          Нөгөөтэйгүүр шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ холбогдох хууль тогтоомжийн зүйл, заалтыг баримтлаагүй зөрчил гаргасныг залруулж шийдвэрлэв.

          Түүнчлэн, давж заалдах шатны шүүх хэрэг хэлэлцэх явцад хохирогч Ж.Б өмгөөлөгч Ж.Б-аас хохирогчийн эрүүл мэндтэй холбоотой хохирол нэхэмжилснийг хүлээн авах үндэслэлгүй.

          Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгохгүй.” гэж, 39.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Талууд дүгнэлт, санал хэлэхдээ анхан шатны шүүхийн тэмдэглэл, дуу-дүрсний бичлэг, хэрэгт авагдсан нотлох баримт ашиглахаас гадна, ял шийтгүүлсэн этгээдийн хувийн байдал, ялыг хөнгөрүүлэхтэй холбоотой баримт гаргаж өгч болно.” гэж заасан байх тул анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцээгүй хохирол, хор уршигтай холбоотой баримтыг давж заалдах шатны шүүх хүлээн авах боломжгүй юм.

          Харин анхан шатны шүүх хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардал нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн байх тул хохирогч нь энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдах нь зүйтэй.

          Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч Ж.Ч-нөмгөөлөгч Г.Ганцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 2023/ШЦТ/522 дугаартай шийтгэх тогтоолын:

          5 дахь заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Чаас 48.000 /дөчин найман мянга/ төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын Төрийн сан банк дахь “...” дугаар дансанд төлүүлсүгэй. гэж өөрчлөлт оруулж, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

          2. Шүүгдэгч Ж.Ч-нөмгөөлөгч Г.Ганцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

          3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ш.БАТ-ЭРДЭНЭ

                                    ШҮҮГЧ                                                          Т.ӨСӨХБАЯР

                                    ШҮҮГЧ                                                          Н.БАТСАЙХАН