Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 114/шш2025/0008

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: *******

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч ******* холбогдох

 “Дархан-Уул аймгийн Татварын газрын улсын байцаагч *******ийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлын шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч *******, хариуцагч *******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Н.Нинжбадгар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гомдлын шаардлага:

1.1.Гомдол гаргагч *******аас Дархан-Уул аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч ******* холбогдуулан Дархан-Уул аймгийн Татварын газрын улсын байцаагч *******ийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий гомдол гаргасан.

2. Хэргийн үйл баримтын тухайд:

2.1. Гомдол гаргагч ******* нь 2024 оны Монгол Улсын Их хурлын ээлжит сонгуульд  Дархан-Уул, Төв, Сэлэнгэ аймгийг хамарсан томруулсан тойрог буюу 5 дүгээр тойрогт Эрх чөлөөний эвсэл намаас нэр дэвшиж сонгуульд оролцсон байна.

2.2.Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн Захиргаа, хуулийн тасгийн хуулийн асуудал хариуцсан татварын улсын байцаагч нь Үндэсний аудитын газраас 2024

 

оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Монгол Улсын Сангийн яаманд ирүүлсэн ******* дугаартай  “Зөрчил шилжүүлж шийдвэрлүүлэх тухай” албан бичиг, Монгол Улсын Сангийн яамнаас 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр  Татварын ерөнхий газарт дугаартай “Зөрчил шийдвэрлүүлэх тухай” албан бичиг зэргээр Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын тайланд аудит хийхэд Эрх чөлөөний эвсэл намын 40 нэр дэвшигч данс нээгээгүй, зардал гаргаагүй гэх шалтгаанаар сонгуулийн зардлын тайланг хуулийн хугацаанд аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргаж ирүүлээгүй гэх гомдол, мэдээллийг 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр  хүлээн авчээ.

2.3. Эрх бүхий албан тушаалтны 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “Зөрчлийн талаархи гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай” саналыг үндэслэн Удирдах албан тушаалтны 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “Зөрчлийн талаархи гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай” тогтоолоор “Гомдол гаргагч Үндэсний Аудитын газраас гаргасан Монгол Улсын Их хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн  сонгуулийн зардлын тайланд аудит хийхэд Эрх чөлөөний эвсэл намын 40 нэр дэвшигч данс нээгээгүй, зардал гаргаагүй гэх зөрчлийн талаархи гомдол, мэдээллийг шалгуулахаар Монгол Улсын УИХ-ын сонгуулийн 5 дугаар тойрогт хамаарах Сэлэнгэ, Дархан-Уул. Төв аймгийн Татварын газарт харьяаллын дагуу шилжүүлсэн байна.

2.4. Хариуцагч Дархан-Уул аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч ******* нь дээрхи гомдол мэдээллийг 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, Эрх бүхий албан тушаалтны 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн “Зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол”-ын тогтоох хэсгийн 1 дэх заалтаар Эрх чөлөөний эвсэл намаас Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн 5 дугаар тойрогт нэр дэвшигч данс нээгээгүй,зардал гаргаагүй мэдээлэлд Зөрчлийн тухай хуулийн  тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 21-д зааснаар зөрчлийн хэрэг нээсүгэй” гэж шийдвэрлэсэн.

2.5. Улмаар эрх бүхий албан тушаалтан нь дээрхи зөрчлийн хэргийг шалгаад 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” ******* дугаартай шийтгэлийн хуудсаар холбогдогч *******ыг Сонгуулийн зардлын данс бүртгүүлээгүй зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д заасны дагуу . төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

2.6. Гомдол гаргагч нь дээрхи “Шийтгэлийн хуудас”-ыг  2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр гардан авч, 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр тус шүүхэд гомдлоо гаргасан байна.

3. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн бичгээр болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар, түүний үндэслэл:

3.1. Гомдол гаргагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбартаа: “....Дархан-Уул аймгийн Татварын газрын улсын байцаагч ******* нь 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсаар *******ыг  Зөрчлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.21 дэх хэсэгт зааснаар зардлын данс бүртгүүлээгүй гэж 10,000,000 төгрөгөөр торгосон нь үндэслэлгүй байна.

Учир нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51.4-д сонгуулийн данс нээлгэсэн нэр дэвшигч нь тус журам, хугацаа ёсоор зардлаа бүртгүүлэх үүрэгтэй. Гэтэл би сонгуулийн зардлын данс нээгээгүй, данс нээлгээгүй нэр дэвшигчээс данс нээлгэхийг шаардаж байгаа нь буруу. Нэр дэвшигч тус бүр заавал сонгуулийн зардлын данс нээх үүрэггүй болно. Учир нь сонгуульд оролцож байгаа нам, эвсэл нь ямар журам, зохион байгуулалт, арга замаар сонгуульд оролцох ямар байдлаар сонгуулийн зардлыг санхүүжүүлэх, төвлөрүүлэх, зарцуулах зэрэг дотоод үйл ажиллагааг өөрөө мэдэн зохион байгуулах эрхтэй. Энэ талаар Улс төрийн намын тухай хуулийн 4.1, 5.1, 7.1, 7.1.3-д тус тус зохицуулж өгсөн.

Миний элсэж УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн нам болох Эрх чөлөөний эвсэл нам нь хуульд заасан дээрх эрхийнхээ хүрээнд УИХ-ын сонгуульд оролцох шийдвэр гаргасан бөгөөд ингэхдээ сонгуулийн нэг л данстай байхаар шийдвэрлэсэн. Улс төрийн намын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-д зааснаар бид сонгуулийн үйл ажиллагааг цомхон, бага зардалтай зохион байгуулах анхнаасаа зорилт тавьсан. Энэ нь улс төрийн оролцоогоо эдлэх, улс төрийн оролцоотой байх эрхийг нь залуучуудад хангаж өгөх ач холбогдол, зорилготой  юм. Үндэсний аудитын газраас сонгуулийн зардлын дээд хэмжээг зааж өгсөн ба доод хэмжээг зааж өгөөгүй нь зардал гаргахгүй байж болно гэдэг утгыг давхар илэрхийлж байгаа гэж бид итгэж байна. Сонгуулийн зардлын данс нээх эсэх асуудлаар бид удаа дараа Үндэсний аудитын газраас тодруулга авч байсан. Эрх чөлөөний эвсэл намын төлөөллийн төв байгууллага болох Сенатаас 2024 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр дугаар тогтоолд тусгаж өгсөн. Өнөөдрийг хүртэл энэ тогтоолыг хууль зөрчсөн гэж хүчингүй болгосон ямар нэгэн шийдвэр гараагүй.

Сонгуулийн сурталчилгааг намаас нэгдсэн байдлаар явуулах талаар Сонгуулийн хороо хүлээн зөвшөөрч зөвлөгөө өгч байсан. Сонгуулийг бага зардлаар зохион байгуулъя гэж сонгууль зохион байгуулах болгондоо ярьдаг атлаа хамгийн бага зардлаар зохион байгуулсан нэр дэвшигч нарыг шийтгэж байгаа нь хуулийн логик, шударга ёс хаана байна.

Эрх чөлөөний эвсэл нам 31,000,000 төгрөгийн хандив авсан. Улс төрийн нам хандиваа өөрийн хөрөнгөө бий болгоно гэж Улс төрийн намын тухай хуульд биччихсэн байгаа. Гэтэл Улс төрийн намын тухай хууль нь 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх байсан. 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Эрх чөлөөний эвсэл нам хуульд нийцүүлж дүрмээ батлуулсан цорын ганц нам. Гэтэл бусад нам нь хэрэгжүүлэхээ болихоор нэг жилээр хойшлуулчихдаг. Бид шинэ хуульд нийцүүлж өөрсдийн арга хэлбэрээ сонгож, сонгуульдаа оролцсон.  Мөн сонгуулийн хорооноос 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн албан бичгээр “...нэр дэвшигч зардлын данс нээхгүй байх боломжтой талаар хариу өгсөн” 2020 онд энэ шалтгаанаар манай намыг торгож байсныг шүүх хүчингүй болгож шийдвэрлэсэн. Гэтэл гаргасан алдаагаа дахин давтаж, биднийг торгож байгааг ойлгохгүй байна. Иймд маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3.2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах ерөнхий гурван үндэслэл байна гэж харж байна. Нэгдүгээрт зөрчил биш, хоёрдугаарт нэхэмжлэгчийн хууль ёсны итгэл үнэмшил хамгаалагдах ёстой, гуравдугаарт шүүхийн шийдвэрүүдийг эш татаж ярихыг хүсэж байна.

Зардлын данс нээхгүй байх нь зөрчил биш. Учир нь  Зөрчлийн тухай хуулийн 2.1 зүйлийн 1-д “захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэлийг зөрчил гэнэ” гэж заасан. Зөвхөн хууль зөрчих нь зөрчил биш, хууль зөрчсөн энэ нь зөрчлийн тухай хуульд бол зөрчил байна гэдгийг хуулийн энэ хэсэгт заасан.Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 4-д “хуулийг төсөөтэй хэрэглэхгүй” гэж заасан. Тийм учраас Сонгуулийн тухай хууль зөрчсөн гэдэг үндэслэл өөрөө зардлын данс нээгээгүй гэдэг зөрчилд хамааралгүй. Зөрчлийн тухай хуулийг яг төсөөтэй хэрэглэхгүй, яг үгчилж тайлбарлах үндэслэлтэй.Хариуцагч нэхэмжлэгчийг 2024 оны Улсын Их Хурлын сонгуульд оролцохдоо зардлын данс нээгээгүй, бүртгүүлээгүй гэж буруутгаж байгаа. Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт зааснаар зөрчлийн хэрэг нээж торгосон байна. Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгө төвлөрүүлж зарцуулах талаар журмыг нь зөрчсөн гэж заасан. Хуулийн энэ зохицуулалтын хувьд сонгуулийн зардлын дансыг бүртгүүлээгүй байх нь зөрчил, мөн зардлын дансандаа төвлөрүүлсэн мөнгөн хөрөнгийг зарцуулах эсвэл төвлөрүүлэх журмыг зөрчих нь зөрчил байхаар байна.

Харин сонгуулийн зардлын данс нээхгүй байх нь зөрчил гэж заагаагүй. Өөрөөр хэлбэл Зөрчлийн тухай хуульд сонгуулийн зардлын данс нээхгүй байх гэдэг зөрчил болохгүй юм. Зөрчлийн тухай хуулийг төсөөтэй хэрэглэхгүй учраас дансаа бүртгүүлээгүй гэдэг зөрчлийг данс нээгээгүй гэдэг үйлдэлд холбогдуулж тайлбарлах боломжгүй. Улсын Их Хурлаас зардлын данс нээхгүй байж болохыг хүлээн зөвшөөрсөн. Тийм учраас үүнийг зөрчил болгож заагаагүй юм байна гэж бид үзэж байна.

Сонгуулийн тухай хуульд нам эвсэл нэр дэвшигч нь нэгээс ихгүй зардлын данс нээнэ гэдэг нь хэрвээ зардлын данс нээхээр бол тэр нь хоёр данс байж болохгүй, зөвхөн нэг л данс байна шүү гэдэг агуулга юм. Өөрөөр хэлбэл зардлын дансны дээд хязгаарыг тогтоосон. Харин зардлын данс нээхгүй байж болно гэдэг агуулга байгаа, заавал нээх ёсгүй. Тийм учраас Сонгуулийн ерөнхий хороо үүнийг зөвшөөрч албан бичгүүд өгсөөр ирсэн. Сонгуулийн ерөнхий хороо  нь Монгол Улсын Үндсэн хууль болон Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар сонгуулийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага юм. 2020 оны Улсын Их Хурлын сонгуульд Эрх чөлөөний эвсэл нам нь Зон олны нам гэдэг нэрээр оролцсон. 2024 оны сонгуульд Эрх чөлөөний эвсэл нам нэрээр оролцсон. Нэр дэвшигчид нь зардал гарахгүй, хандив авахгүй, данс нээхгүй, сурталчилгаа хийхгүй, яг адилхан сенатын тогтоолоор оролцсон. Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 12 дугаар сарын 22-ны албан бичиг Эрх чөлөөний эвсэл намд ирүүлсэн. 2024 оны 12 дугаар сарын 06-ны  өдрийн Сангийн яамны төрийн нарийн бичгийн даргад ирүүлсэн албан бичгүүд дээр нэр дэвшигч нь зардлын данс нээхгүй байж болно гэдгийг тодорхой заасан. Сонгуулийн ерөнхий хороо Эрх чөлөөний эвсэл намд нэр дэвшигчид нь зардлын данс нээхгүй байж болно гэдэг агуулгаар тайлбарлаж зөвлөгөө, мэдээлэл өгч байсан. Бид үүний дагуу итгэж үнэмшиж, энэ аргаар сонгуульд оролцсон. Намын жагсаалтаар нэр дэвшиж байгаа хүмүүс зардлын данс нээхгүй байгаа. Мөн хоёр гурван нам нэгдэн нэг эвсэл болж сонгуульд оролцож болдог. Энэ нөхцөлд намууд бас зардлын данс нээхгүй байгаа. Үүнийг Татварын ерөнхий газар хууль ёсны үйлдэл гэж үзээд энэ нөхцөлд зардлын данс нээхгүй байж болно гэж тайлбарлаж байгаа. Тэгэхээр зардлын данс заавал нээх үүрэггүй гэдгийг хариуцагч, Татварын ерөнхий газар хүлээн зөвшөөрч байгаа гэдгийг энэ нөхцөл байдал харуулж байна.

Эрх чөлөөний эвсэл намаас мөн адилхан жагсаалтаар нэр дэвшиж байгаа хүмүүсийг татварын байгууллага торгоогүй шүү дээ. Зөвхөн тойргуудад нэр дэвшсэн хүмүүсийг торгосон. Булган аймаг дахь захиргааны хэргийн анхан шатын шүүхийн 2021 оны 05 дугаартай шүүхийн шийдвэрт энэ асуудлыг тодорхой дүгнэсэн байдаг. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 51 дугаар зүйлийн 51.4-д “нам эвсэл нэр дэвшигч сонгуулийн дансны дугаар, банкны нэрийг санал гаргах өдрөөс 20-иос доош хоногийн өмнө мэдэгдэж бүртгүүлэх үүрэгтэй” гэж зааснаас харахад нэр дэвшигч нь банканд нээлгэсэн дансны талаарх мэдээллээ бүртгүүлэх үүрэг хүлээсэн зохицуулалт байна. Нэгэнт нэр дэвшигч нь намын шийдвэрийн дагуу сонгуулийн зардлын данс нээлгээгүй учраас зардлын дансыг бүртгүүлэх холбогдох байгууллагууд мэдэгдэх үүрэг хүлээхгүй” гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл хуульд байгаа дансаа бүртгүүлнэ гэдэг зохицуулалт бол зөвхөн нээсэн дансыг бүртгүүлэх тухай ойлголт байна. Түүнээс нээгээгүй дансыг бүртгүүлэх боломжгүй. Данс нээгээгүй хүнийг дансаа бүртгүүлээгүй гэж буруутгах боломжгүй юм байна гэдэг байдлаар тайлбарласан. Үүнийг татварын байгууллага хүлээн зөвшөөрч, гомдол гаргаагүй энэ шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон.

Тийм учраас 2020 оны сонгуулийн дараа Эрх чөлөөний эвсэл нам, түүний гишүүд буюу нэр дэвшигчдийн зүгээс сонгуульд зардлын данс нээхгүй байх нь хууль ёсны үйлдэл юм байна гэдгийг шүүхийн шийдвэрээр тогтоож өгсөн. Тийм учраас намын гишүүд нэр дэвшигчид нь шүүхийн шийдвэрийг баримталж ажиллаж байгаа. Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 128 дугаартай тогтоолоор мөн адилхан хуулийг тайлбарласан. Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх заалт нь хоёр үйлдлийг зөрчил болгосон байна. Зардлын дансаа бүртгүүлэхгүй байх, зардлын данснаас мөнгөн хөрөнгө зарцуулах журмыг зөрчих нь зөрчил юм байна гэдэг агуулгаар тайлбарласан. Тийм учраас Эрх чөлөөний эвсэл нам, түүний нэр дэвшигчдийн үйлдэл хууль ёсны юм гэж үзэж байна. Харин Татварын ерөнхий газар болон Сонгуулийн ерөнхий хороо хоорондоо өөр байр суурьтай байгаа бол энэ байр сууриа сонгуулиас өмнө нэгтгэж, сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигчдэд нэгдсэн нэг мэдээлэл зөвлөгөө өгөх ёстой байсан байна гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл хоёр захиргааны байгууллага нэг нь боломжтой гээд нөгөөдөх нь болохгүй гэж тайлбар өгөөд суугаад байж болохгүй. Үүний улмаас иргэд хохирч болохгүй. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим үйлчилнэ.Эрх чөлөөний эвсэл нам, түүний нэр дэвшигчдийн хувьд Сонгуулийн ерөнхий хорооны зардлын данс нээхгүй байж болно гэдэг шийдвэр, мэдэгдлүүдэд итгэж үнэмшсэн. 2021 оны шүүхийн шийдвэрт үүнийг хууль ёсны байна гэж дүгнэсэн ба үүнд ч бас итгэж үнэмшсэн. Татварын байгууллага нь тухайн шийдвэрт гомдол гаргаагүй, зардлын данс нээхгүй байх нь зөв юм байна гэдгийг хүлээн зөвшөөрсөн, татварын байгууллагын энэ үйлдэл шийдвэрт нь Эрх чөлөөний эвсэл намын хүмүүс итгэж үнэмшиж 2024 оныхоо сонгуульд оролцсон байгаа юм. Татварын ерөнхий газар жагсаалтаар нэр дэвшиж байгаа хүмүүсийг зардлын данс нээхгүй байж болно гэсэн байр суурийг одоо ч илэрхийлсээр байгаа явдал нь нэхэмжлэгчийн хувьд бас зардлын данс нээхгүй байж болохыг хүлээн зөвшөөрсөн гэж бид үзэж байна. Жагсаалтаар нэр дэвшиж байгаа болон тойрогт нэр дэвшиж байгаа хүмүүс бүгд сонгуульд нэр дэвшигч учраас хуульд заасан эрх, үүрэг нь яг ижилхэн. Иймд тойрогт нэр дэвшиж байгаа хүмүүсийг данс нээгээгүй гэж торгож, жагсаалтаар нэр дэвшсэн хүмүүсийг торгохгүй байгаа нь хуулийг ялгавартайгаар хэрэглэж нэр дэвшигчийг ялгаварлан гадуурхсан хэрэг болно гэж бид үзэж байна. Иймд торгуулийг хүчингүй болгох үндэслэлтэй байна гэв.

 

3.3. Хариуцагч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан шийтгэлийн хуудасны хувийг зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийдвэр гарснаас хойш ажлын 3 өдрийн дотор биечлэн танилцуулах, эсхүл харилцаа холбооны хэрэгсэл ашиглан хүргүүлнэ.” гэж заасныг баримтлан 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн ******* тоот дугаартай шийтгэлийн хуудсыг иргэн *******т 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 09 цаг 35 минут, 17 цаг 13 минутанд холбогдогчийн Мобиком үүрэн телефоны ******* тоот дугаарын утсанд 2 удаа танилцуулж, шийтгэлийн хуудсанд гарын үсэг зурах талаар мэдэгдсэн. Мөн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр холбогдогчийн цахим шуудан болон баталгаат шуудангаар хүргүүлэн ажилласан. Иймд цахилгаан холбооны хэрэгсэл ашиглан хүргүүлсэн байтал 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр гомдол гаргасан нь хугацаа хожимдуулсан гэж үзэх үндэслэлтэй байна. Маргаантай асуудлыг шийдвэрлэхийн тулд уг хуулийн зарчмыг чухалчилж үзэх шаардлагатай юм.

Өөрөөр хэлбэл Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсэгт “Сонгууль зохион байгуулах төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, түүний албан тушаалтан, нэр дэвшигч сонгуульд оролцох нам, эвсэл, бусад байгууллага, түүний албан тушаалтан сонгууль зохион байгуулах, түүнд оролцохдоо дараах зарчмыг баримтална: 7.4.1 .хууль дээдлэх, 7.4.2.Ил тод байдлыг хангах, 7.4.3.Шудрага ёсыг сахих гэж заасан байна. Нэхэмжлэгч *******ын зардлын данс нээлгээгүй, зохих журмын дагуу бүртгүүлээгүй үйлдэл нь тус хуулийн 7.4.2.Ил тод байдлыг хангах зарчмыг шууд зөрчиж байна. Тодруулбал сонгуулийн зардлын данс нээлгэж бүртгүүлэх, уг дансанд зөвшөөрөгдсөн хэмжээний мөнгөн хөрөнгө төвлөрүүлэх, зориулалтын дагуу зарцуулах нь нэр дэвшигчид санхүүгийн хувьд харьцангуй тэгш байдалтай сонгуульд өрсөлдөх, хууль бус санхүүжилтийг хязгаарлах, сонгуулийн явцад хууль бус сурталчилгаа болон үйл ажиллагаанд мөнгөн хөрөнгө зарцуулахаас урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой юм. Өөрөөр хэлбэл ******* нь зардлын данс нээлгээгүй боловч өөрийн хувийн дансаар хандив, дэмжлэг, хууль бус орлого, зардал гаргасан байхийг үгүйсгэхгүй юм. Зардлын данс нээлгээгүй, зохих журмын дагуу бүртгүүлээгүй үйлдэл нь зохих ёсны байгууллагад хяналт тавих, дүгнэлт гаргахад хязгаарлалт болж байна.

Түүнчлэн сонгуулийн зардлын дансыг эрх бүхий байгууллагад урьдчилан бүртгүүлэх нь зөвхөн сонгууль дууссаны дараа зарцуулалт тайлагнах үйл явцад хамаарах бус, харин сонгуулийн явцад зарцуулалтыг хэрхэн хэрэгжүүлж буйн зэрэгцээ хяналт тавих агуулгатай зохицуулалт ба уг зохицуулалтыг хэрэгжүүлэхэд *******ын үйлдэл нь шууд хязгаарлалт болж байна.

 

 Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн“Сонгуульд оролцож байгаа нам, эвсэл болон нэр дэвшигч тус бүр улсын хэмжээнд сонгуулийн зардлын төгрөгийн нэг данстай байна.” , 51.3.”Нам, эвсэл болон сонгуулийн тойрогт нэр дэвшигчийг сонгуульд оролцуулахаар бүртгэх тухай шийдвэр гарснаас хойш энэ хууль болон банкны тухай хууль тогтоомжид нийцүүлэн сонгуулийн зардлын дансыг нээлгэнэ.”, 51.4 “Нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй.”, Монгол Улсын Их Хурлын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигч сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах, дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах журам”-ын 1.1-д “Энэ журмын зорилго нь Монгол Улсын Их Хурлын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигч сонгуулийн санхүүжилтээ хуулиар хүлээн зөвшөөрсөн, бодитой эх үүсвэрээс бүрдүүлж, зориулалтын дагуу зарцуулсан талаар тайлагнах, түүнд дүгнэлт гаргах, сонгуулийн санхүүжилтийг сонгогч иргэн, олон нийтэд нээлттэй, ил тод байлгах нөхцөлийг бүрдүүлэхэд оршино”, 3.1-д “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51.1-д зааснаар сонгуульд оролцож байгаа нам, эвсэл болон нэр дэвшигч тус бүр улсын хэмжээнд сонгуулийн зардлын төгрөгийн нэг данстай байна.”, 5.3 Нам, эвсэл өөрийн нэр дэвшигчийн сонгуулийн зардалд зориулж олгох намын өөрийн хөрөнгийг нам,эвслийн сонгуулийн зардлын данснаас тухайн нэр дэвшигчийн сонгуулийн зардлын дансанд шилжүүлэг хийж олгоно.” 6.2-т “Нэр дэвшигч энэ журмын 6.1-д заасан мөнгөн хөрөнгийг өөрийн данснаасаа сонгуулийн зардлын дансандаа байршуулж зарцуулна.” гэж тус тус журамласан байна.

 

Хууль, журмын дээрхи зохицуулалтаас үзэхэд нэр дэвшигч сонгуульд өрсөлдөхдөө сонгуулийн зардлын дансыг нээлгэж, төрийн зохих байгууллагад мэдэгдэж бүртгүүлэх, Нам, эвсэл өөрийн нэр дэвшигчийн сонгуулийн зардалд зориулж олгох намын өөрийн хөрөнгийг нам,    эвслийн сонгуулийн зардлын данснаас тухайн нэр дэвшигчийн сонгуулийн зардлын дансанд шилжүүлэг хийж олгох, өөрийн мөнгөн хөрөнгийг өөрийн данснаасаа сонгуулийн зардлын дансандаа байршуулж зарцуулах үүрэгтэй байна.Тодруулбал Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 52.1.”Нам, эвсэл болон нэр дэвшигчийг сонгуульд оролцуулахаар бүртгэсэн өдрөөс эхэлж, сонгуулийн зардлын тайлан гаргах өдрийг дуусталх хугацаанд энэ хуулийн 39.2-т заасан арга хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа явуулах зориулалтаар сонгуулийн зардлын данснаас дансанд шилжүүлэх хэлбэрээр зарлага гаргаж болно” гэж заасан буюу Эрх чөлөөний эвсэл намын данснаас *******ын сурталчилгааны зардлыг *******ын сонгуулийн зардлын дансанд шилжүүлэх хэлбэрээр зарцуулж тайлагнаж явах үүрэгтэй юм.

Иймд Үндэсний аудитын газрын 2024 оны 09 дүгээр сарын 25-ний ******* тоот албан бичгээр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.22-т зааснаар харъяалалын дагуу зөрчлийг шалган шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасны дагуу 10,000,000.00 төгрөгөөр торгох үндэслэлтэй байна гэж үзэж байна. Хэдийгээр Эрх чөлөөний эвсэл нам нь сенатын тогтоолоор нэр дэвшигчдийг сонгуулийн зардлын данс нээлгэх шаардлагагүй Намаас сонгуулийн сурталчилгааны ажлыг нэгдсэн журмаар зохион байгуулж өгөх шийдвэр гаргасан боловч Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулинд нэр дэвшигчийг сонгуулийн зардлын данс нээлгэх үүргээс чөлөөлсөн нэг ч зохицуулалт байхгүй болохыг анхаарч үзэх шаардлагатай юм гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие энэ ажиллагаанд арга зүйн удирдлагаар хангаагүй, нэгэнт шийдэгдсэн шийтгэлийн хуудас үйлдсэн үйл баримт буюу чиг үүргийн дагуу байцаагчийг хууль эрх зүйн зөвлөгөөгөөр хангаад шүүхэд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа. Эрх чөлөөний эвсэл нам нь Улс төрийн намын тухай 7 дугаар зүйлийн 7.1.3-д заасан эрхийнхээ хүрээнд сенатын тогтоол гаргаж, нэр дэвшигч болгон дээрээ данс нээхгүй байж болно гэдэг шийдвэрийг гаргасан, уг шийдвэрийн хүрээнд бид нар сонгуульд оролцсон гэж тайлбарлаж байна. Гэхдээ Улсын Их Хурлын сонгуульд оролцож байгаа бол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд заасан үүргийг аливаа нэг намын дүрэм, шийдвэрээр хуульд заасан үүргийг хэрэгжүүлэхгүй байх үндэслэл болохгүй.

Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуульд заасан үүрэг энд яригдах ёстой. Сонгууль бага зардлаар оролцох, залуу нэр дэвшигчдийг дэмжих, намын үйл ажиллагааг татварын албаны зүгээс эрх бүхий байцаагчдын зүгээс ерөөсөө няцаагаагүй. Харин хуульд заасан үүргээ хэрэгжүүлж оролцсон эсэхийг хянаж шалгасан. Улсын Их Хурлын сонгуулийн тухай 51 дүгээр зүйлд нэр дэвшигч тус бүр сонгуулийн зардлын нэг данстай байна гэж заасан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч сонгуулийн зардлын хязгаарыг тогтоосон заалт гэж тайлбарлаж байгаа боловч тус бүр гэдэг үгийг нь анхаарч үзвэл нэр дэвшигч, нам, эвсэл бүгд сонгуульд оролцож байгаа бол тус бүр сонгуулийн зардлын нэг данстай байх ёстой. Энэ нь Сонгуулийн хууль бус санхүүжилт, зарцуулалтыг Үндэсний аудитын газарт хянагдах нөхцөл бололцоог бүрдүүлэх зорилготой. Өөрөөр хэлбэл хууль бус санхүүжилтээс сэргийлэх зорилготой сонгуулийн үйл ажиллагааг сонгуулийн хандив авсан эсэх, зардал гаргасан эсэхээс үл хамаарч сонгуулийн зардлын дансыг нээж Үндэсний аудитын газарт бүртгүүлж байгаа нь өөрөө сонгуульд тухайн нэр дэвшигч хууль бус санхүүжилтээс сэргийлэх үүргээ гүйцэтгэсэн гэдгийг илэрхийлж байгаа баталгаа юм.  Иймд үүнийг зайлшгүй үүрэг гэж хуульчилсан байгаа юм.

Нэхэмжлэгч талаас үүнийг зөрчлийн шинжгүй гэсэн тайлбар  гаргаж байна. Гэтэл мэдээж зөрчлийн тухай хуулийн 2  дугаар зүйлийн 2.1.1-д хууль ёсны зарчимд зөрчлийн шинжийг хууль болон захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно гэж  заасан байгаа юм. Иймд бүртгүүлэх үүрэг гэдэг бол ардаа тус бүр сонгуулийн зардлын данстай байхыг шаардаж, тэрхүү дансыг бүртгүүлэх үүрэг гэдэг ойлголт явж байгаа, угаасаа анхнаасаа нээгээгүй учраас сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх үүргийг хүлээхгүй гэдэг агуулгаар яривал нэр дэвшигч тус бүр бүгдээрээ данс нээлгэхгүй орхичихъё, дараа нь бид нар бүртгүүлэхгүйгээр хариуцлагаас чөлөөлөгдөнө гэдэг агуулгаар тайлбарлагдах тайлбар хэлээд байна. Хуулийн үзэл баримтлалаар Сонгуулийн тухай хууль болон Улсын ерөнхий аудиторын баталсан 44 дүгээр тушаалд бүгд сонгуулийн нэг данстай, түүнийгээ Үндэсний аудитын газар бүртгүүлэх ёстой гэдэг үүргийг хуульчилсан. Нээсэн дансыг бүртгүүлэх, нээгээгүй дансыг бүртгүүлэх гэдэг ойлголт ерөөсөө энд яригдахгүй бүгд л данстай байх ёстой, бүгд бүртгүүлэх үүрэгтэй юм. Энэ нь сонгуулийн хууль бус санхүүжилтээс сэргийлэх зорилготой.

Хоёрдугаарт нэхэмжлэгчийн зүгээс хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим алдагдаж байгаа тухай тайлбарласан. Хууль ёсны итгэл нь хэзээ бий болсон бэ гэдгийг харвал Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 06 дугаар албан бичиг хууль тайлбарласан албан бичиг биш, хуулийн хэрэгжилтийн талаар тодруулга өгсөн албан бичиг юм.

          Намын өөрийн хөрөнгө, нэр дэвшигчийн өөрийн хөрөнгө, хандив гэсэн гурван сувагтай. Сонгуулийн ерөнхий хорооны бичгийг харвал зөвхөн өөрийнхөө хөрөнгөөр буюу хандивын орлого урсгалаа хааж, зөвхөн өөрийнхөө хөрөнгөөр сонгуулийн үйл ажиллагаанд зарцуулж байгаа тохиолдолд нэр дэвшигч тус бүр дээр сонгуулийн данс нээхгүй байх боломжтой  гэдэг хариулт өгсөн. Эрх чөлөөний эвсэл нам энд яригдахгүй, эрх чөлөөний эвсэл нам нэр дэвшигч тус бүр дээрээ өгч байгаа хандивыг ч намдаа хүлээж аваад сонгуулийн зардлын дансыг санхүүжүүлсэн үйл баримттай. Улс төрийн нам үндсэн үйл ажиллагааны хүрээнд хандив цуглуулсан, хандиваар хөрөнгөө бүрдүүлдэг. Гэхдээ хандив болон сонгуулийн хандив гэдэг хоёр ойлголт  өөр, тусдаа хууль тогтоомжоор зохицуулагддаг хандивын төрлүүд юм. Сонгуулийн ерөнхий хорооны 12 дугаар сарын 06-ны өдрийн албан бичиг  нь шийтгэлийн хуудас үйлдэгдсэний дараа гарсан бичиг юм. Тиймээс хууль ёсны итгэл нь 12 дугаар сарын 06-ны өдөр Сонгуулийн ерөнхий хорооны албан бичгийг авснаар үүссэн. Гэтэл цаг хугацааны хувьд хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим үйлчлэх боломжгүй юм. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс сенатын тогтоол гаргаж нэр дэвшигч зардлын данс нээхгүйгээр нэр дэвшиж болж байсан гэсэн тайлбар гаргаж байна. Мөн энэ асуудлыг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрүүд итгэл төрүүлсэн гэж тайлбарлалаа.

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатын шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн  293 дугаар шийдвэр, Булган аймаг дахь захиргааны хэргийн анхан шатын шүүхийн шийдвэрээс тэс өөрөөр сонгуулийн зардлын дансыг нээх үүргийн талаар тайлбарласан хууль ёсны итгэл шууд үүссэн гэдэг ойлголт ерөөсөө яригдах үндэслэлгүй юм. Улсын Дээд шүүхийн тайлбарыг мөн дурдсан. Энэ тайлбараар зардлын дансаа нээсэн, нээчихээд бүртгүүлээгүй зөрчлийн талаар шийдвэр гаргасан. Улсын Дээд шүүх энэ хэргийн үйл баримттай огт холбогдоогүй хамааралгүй юм. Жагсаалт болон тойрогт нэр дэвшиж байгаа буюу пропорциональ болон мажоритар системд сонгуулийн тогтолцоонд нэр дэвшиж байгаа этгээдүүд ялгаа байхгүй гэж тайлбарлаж байна. Сонгууль болохоос өмнө хууль тогтоогчоос мажоритар болон пропорциональ систем холимог тогтолцоог нэвтрүүлсэн. Жагсаалтаар нэр дэвшиж байгаа буюу мажоритарын системээр дэвшиж байгаа этгээд нь сонгуулийн тойрогтоо мөн сонгуулийн үйл ажиллагааг сургалт, сурталчилгаагаа хийдэг. Жагсаалтаар нэр дэвшиж байгаа этгээд намдаа санал өгнө, нам нь өөрөө сонгуулийн үйл ажиллагааг хэрэгжүүлдэг.

Энэ хоёр тохиолдолд хэнд нь хандив өгөх боломжтой вэ гэвэл орон нутагт буюу тойрогт нэр дэвшиж байгаа этгээд өөр дээрээ санал хурааж хандив авах боломжтой. Иймд сонгуулийн зардлын данс нээх нь зайлшгүй үүрэг юм. Иймд хариуцагчийн гаргасан шийтгэлийн хуудас хуульд үндэслэн гарсан гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Гомдол гаргагч *******ын Дархан-Уул аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч ******* холбогдуулан гаргасан “Дархан-Уул аймгийн Татварын газрын улсын байцаагч *******ийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлын шаардлагыг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2.Хариуцагч: Дархан-Уул аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч ******* 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” ******* дугаартай шийтгэлийн хуудсаар *******т  Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д “Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

3.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн1.1. “Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийг зохион байгуулж явуулах үндсэн зарчим, журмыг тодорхойлж, түүнтэй холбогдсон харилцааг зохицуулах, Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрхийг хангахад оршино” гэж мөн 3 дугаар зүйлийн 3.1.3. “нэр дэвшигч” гэж 25 нас хүрсэн, энэ хуульд заасны дагуу Монгол Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшин бүртгүүлж, нэр дэвшигчийн үнэмлэх авсан  Монгол Улсын  иргэнийг: гэж тодорхойлсноос үзэхэд гомдол гаргагч ******* нь 2024 оны Монгол Улсын Их хурлын ээлжит сонгуульд   Дархан-Уул, Төв , Сэлэнгэ  аймгийг хамарсан томруулсан тойрог буюу 5 дугаар тойрогт Эрх чөлөөний эвсэл намаас нэр дэвшиж сонгуульд оролцсон, Монгол Улсын иргэн буюу нэр дэвшигч байна.

         4.Нэхэмжлэгч талаас гомдлын шаардлага, үндэслэлээ намын төв байгууллага болох Сенатаас тус намаас нэр дэвшиж буй нэр дэвшигч нар нь аль нэг банкинд зардлын данс нээлгэх шаардлагагүй, хандив авахгүй байхаар шийдвэрлэсний дагуу зардлын данс нээгээгүй тул данс бүртгүүлэх үүрэг хүлээхгүй гэж;

         5.Хариуцагч талаас нэр дэвшигч нь сонгуулийн зардлын данс нээлгэх үүргээс чөлөөлсөн зохицуулалт хуульд байхгүй тул зардлын данс нээх, уг дансыг бүртгүүлэх үүргээс чөлөөлөгдөхгүй ба дээрх үүргээ хэрэгжүүлээгүй нь зөрчил гэж маргажээ.

         6.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлд сонгуулийн зардлын данстай холбоотой зохицуулалтыг тусгасан байх ба 51 дүгээр зүйлийн 51.1-д Сонгуульд оролцож байгаа нам, эвсэл болон нэр дэвшигч тус бүр улсын хэмжээнд сонгуулийн зардлын төгрөгийн нэг данстай байна., 51.3-т Нам, эвсэл болон сонгуулийн тойрогт нэр дэвшигчийг сонгуульд оролцуулахаар бүртгэх тухай шийдвэр гарснаас хойш энэ хууль болон банкны тухай хууль тогтоомжид нийцүүлэн сонгуулийн зардлын дансыг нээлгэнэ, 51.4-д Нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй гэж тус тус заажээ.

            7.Эрх чөлөөний эвсэл нам ээлжит болон ээлжит бус сонгуульд шударгаар өрсөлдөх, сонгуультай холбоотой үйл ажиллагаанд оролцохдоо тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хууль буюу Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх, тус хуульд нийцүүлэн гаргасан журам, дүрэм зэрэг эрхзүйн хэм хэмжээний актын зохицуулалтад заасан үүргийг биелүүлж, хуульд захирагдах учиртай. Гэтэл тус намын Сенат тогтоолын нэр дэвшигч тус бүрээр аль нэг банкинд зардлын данс нээлгэх шаардлагагүй гэх агуулга бүхий заалт нь дээрх хуулийн заалттай нийцээгүй.

         8. Зөрчлийн хэрэгт авагдсан Монгол Улсын Сангийн яамны 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн “Зөрчил шийдвэрлүүлэх тухай” ,  Үндэсний аудитын газрын 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн “Зөрчил шилжүүлж, шийдвэрлүүлэх тухай”  *******, 2024 оны 11 дүгээр сарын14-ний өдрийн 01/2167 дугаартай албан бичгүүд, Эрх чөлөөний эвсэл намын 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2024В/1116, дугаартай  албан бичиг, “ дугаартай сенат тогтоол”, Ниямазон аудит ХХК-ийн 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн тоот хараат бус аудитын дүгнэлт, холбогдогчийн мэдүүлэг, хэргийн оролцогч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар зэргээс үзэхэд 2024 оны Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуульд Дархан-Уул, Төв , Сэлэнгэ  аймгийг хамарсан  тойрог буюу 5 дугаар тойрогт Эрх чөлөөний эвсэл намаас нэр дэвшигч ******* нь зардлын данс нээлгэж, түүнийгээ бүртгүүлээгүй дээрхи хуулийн заалтуудыг зөрчсөн болох нь тогтоогдож байна.

        9. Хариуцагч татварын улсын байцаагч ******* нь “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” ******* дугаартай шийтгэлийн хуудсаар *******т  Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д “Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь  Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 51.3, 51.4-д заасантай нийцсэн байна.

        10. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 1-д Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг уг зөрчил үйлдэгдсэн нутаг дэвсгэр, энэ хуульд заасан харьяаллын дагуу явуулна гэж заасан ба хариуцагч нь хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 6.12-д заасан харьяаллын дагуу зөрчлийг шалган шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн материал /гомдол, мэдээлэл/-ийг хүлээн авч, хуульд заасан холбогдох ажиллагааг явуулсан байх тул нутаг дэвсгэрийн харьяалал зөрчиж явуулсан гэх үндэслэл тогтоогдсонгүй.

        Иймд Дархан-Уул аймгийн Татварын газрын хяналт шалгалтын улсын байцаагчийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 51.3, 51.4-т тус тус заасныг баримтлан *******ын гомдолтой хариуцагч Дархан-Уул аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч *******ийн гаргасан 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах  гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.1, 113.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

         

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНЧИМЭГ