Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 88

 

 

 

 

 

 

 

 

 

-

                            

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,  

улсын яллагч Б.Энхбат,

шүүгдэгчийн өмгөөлөгч С.Эрдэнэцэцэг,

шүүгдэгч Н.Цнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Н.Цыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1708012750317 дугаар эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ............

Н.Цнь 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 49-01 тоотод иргэн Ц.Сийг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.Цшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. ” гэв.

Эрүүгийн 1708012750317 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Ц.Сийн: “2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр гэртээ байж байтал 21 цагийн үед нөхөр Цл, хадам ах Ц нар архи уусан байдалтай 2,5 литрийн “Боргио” нэртэй пиво барьчихсан орж ирсэн. Ц нь намайг “наашаа суу” гэхээр нь би “уухгүй, та хоёр өөрсдөө уу” гэж хэлсэн чинь намайг 4 удаа дуудаад дууны өнгө нь өндөрсөөд байхаар нь би очоогүй. Нөхөр Цл том өрөөнд орж ирээд сандал аваад “чамайг миний ах дуудаад байна, наашаа суу” гэж хэлэхээр нь би очоод суусан. Нөхөр хоёр аяганд пиво хийгээд хадам ах бид хоёрт өгөөд Ц ах нь “хоёулаа хамт ууя” гэхээр нь би “уухгүй, маргааш ажилтай, та хоёр уу” гэсэн чинь “намайг “уу” гээд шахаад байхаар нь би уусан. Ц манай том хүү Ууганбаатарыг /10 настай, эрэгтэй/ дуудаж ирүүлээд хажуудаа зогсоож байгаад намайг хэн гэдэг вэ? аав чинь эхээс хэдүүлээ бэ? аавын чинь эгч, дүү, эмээг нь хэн гэдэг бэ? гэхэд “эмээгийн аавын нэрийг мэдэхгүй” гэж хэлсэн чинь “чи яахаараа мэддэггүй юм бэ? та нар яахаараа хүүхэддээ хэлж өгдөггүй юм бэ?” гэсэн. Тэгсэн чинь “би та хоёрыг хөдөө явсан хойно Ууганбаатарыг шөнө унтаж байхад нь сэрээгээд алгадаж байсан” гэж хэлсэн. Тухайн үед миний уур хүрч байсан боловч согтуу хүмүүстэй юм яриад яахав гэж бодоод чимээгүй байсан. Дахиад надад нэг аяга пиво өгөхөөр нь уусан. Тухайн үед ер нь бол хэрүүл болох юм байна гэж бодоод хоёр хүүхдийнхээ хувцсыг өмсүүлж аваад гартал гадаа гэрийн үүдэн дээр таараад Ц нь “хаачих гэж байгаа юм бэ” гэхээр нь би “дэлгүүр яваад пиво аваад ирье” гэсэн чинь манай хүү Ууганбаатарын гараас татаад “чи байж бай” гэхээр нь “би дэлгүүрээс юм авч өгөх гэж байна, хамт явчихаад ирье” гээд хоёр хүүхдээ машинд суулгаад 22 цагийн үед гараад явсан. Золзаяагийн гэрийнх нь гадаа очоод тамхи татаад машиндаа сууж байгаад 01 цаг 30 минутын орчмын дараа 00 цагийн үед гэртээ буцаад очсон чинь манай нөхөр ахтайгаа 2.5 литрийн хоёр пиво авчихсан нэгийг нь уугаад дуусгачихсан дахиад нэгийг нь уугаад тамхи татсан шинжтэй сууж байсан. Намайг тамхи өгөөдөх гэхээр нь тамхи өгсөн чинь гэрт татах гээд байхаар нь дургүйцээд “гадаа гарч тамхиа тат, гэрт татаж болохгүй” гэсэн чинь гэнэтхэн уурлаад босч ирээд гал тогооны ширээн дээр байсан нэг шаазан аяга, жимстэй таваг, хоолны жижиг таваг зэргийг хана руу шидээд хагалж, “чи юу гээд хуцаад байгаа юм бэ?” гээд байхаар нь “та яагаад агсан тавиад хамаг юм эвдлээд байгаа юм” гээд мөр рүү нь түлхсэн чинь намайг алгадаад би газар унасан чинь миний нуруун дээр сууж байгаад толгой руу хоёр гараараа зогсоо зайгүй алгадаж, цохиод үснээс зулгаагаад газар мөргүүлээд миний ам хамраас цус гарсан. Би арай хийж доороос нь мултарч гараад хөлөөрөө бие рүү тийрчихсэн чинь гэрийн үүдээр гараад явахаар нь би босоод хаалга түгжчихсэн. Нөхөр Цл согтуу орон дээр суугаад хараад байсан. Тэгээд би нөхөртөө “ах чинь намайг зодоод байхад яагаад салгахгүй байгаа юм бэ?” гэсэн чинь “чи өөрөө манай ахыг хүндлэхгүй байна” гэж хэлсэн. Энэ үед ах нь хаалга эвдчих гээд гаднаас хаалга татаж байгаад хаалганы цоож эвдчихээд орж ирээд миний үснээс татаж цээжин тус газар өвдөглөж дахин толгой руу гараараа цохиод байсан. Тэгээд би “та нар намайг аллаа” гээд орилоод гал тогтооны өрөө орж 00-ын цаас авч нүүрнийхээ цусыг арччихаад гал тогооноос хутга аваад “та нар дахиад намайг зодох юм бол би хутгална шүү” гэсэн чинь гараад явах гэхээр нь би араас нь гарах гэсэн чинь хаалганд миний хөлийг хавччихаад цаанаас түлхээд байсан. Миний зүүн хөл хаалганд хавчуулагдчихаад хөлөө авч болохгүй хөшигдөөд хөдөлж болохгүй байхаар нь би “та нар миний хөлийг хугаллаа” гэсэн чинь цаашаа зугтаад явчихсан. Тэгээд би араас нь гарах гэсэн боловч хөл гишгэж болохгүй байхаар нь мөлхөж гараад машин дээр очсон Тухайн үед машинд манай хоёр хүүхэд унтаж байсан. Хүү Ууганбаатарыг сэрээгээд утсаа авахуулаад эмээ рүүгээ яриад цагдаа дууд гэж хэлсэн. Тэгээд удалгүй цагдаа түргэн ирээд түргэн нь намайг хоёр хүүхэдтэй минь хамт Гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан. Тэгээд гэмтлийн эмнэлэгт үзүүлээд маргааш нь би цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж өгсөн юм...” гэх мэдүүлэг /хх-32-33/,

Гэрч Н.Цлийн: “...2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр ах бид хоёр 2.5 литрийн савтай том пиво авч уусан. Ах бид хоёр манай гэрт ороод дахиад 1 савтай пиво авч уусан. Бид хоёрыг гэр рүү ороход эхнэр С дургүйцсэн царай гаргаад “чи гэрт ахыгаа авчирч архи уулаа” гээд уурлаад байсан. Ах Ц Сийг дуудаад “пиво уу” гэхэд “би яах юм бэ, өөрсдөө уу” гэж хэлэхээр нь би сандал ширээний хажууд тавиад “чи наашаа суучихаа” гэж хэлээд хажуудаа суулгаад пиво өгсөн чинь С уусан. Ц ах том хүү Ууганбаатарыг дуудаад үнсэхээр нь би “миний охин Аг үнсэхгүй юм уу” гэсэн чинь “яахын яахын, надад зөндөө охидууд байна” гэж хэлсэн. Тэгээд ах нь чамайг алгадсан гэж хэлсэн. Өмнө нь эхнэр бид хоёр сургалтанд Өгийнуур руу яваад хүүхдүүдээ ахындаа үлдээсэн. Ууганбаатар сагс тоглож байгаад хамт тоглож байсан хүүхдээ цохиод тэрний эцэг эх нь Ц ахтай уулзаж байсан. ...Тэрнээс болж нэг цохиж байсан гэж хэлсэн чинь С бүр их уурлаад байсан. Бид гурав тэр пивоо ууж дуусгасан. Ах дахиад “пиво уумаар байна” гээд хэлсэн чинь эхнэр 2 хүүхдээ аваад гараад явсан. ...Тухайн үед ах гэрт тамхи татаж байсан чинь эхнэр “гэрт тамхи татаад, гарч тат” гэж хэлсэн. Ц тамхиа аваад гэрээс гарсан. Тэгсэн С ээж рүүгээ утсаар залгаад гэрт болж байгаа юмыг чагнуулаад байсан. С бид хоёр маргалдаад “чи наадхаа больчих” гэсэн чинь болихгүй байхаар нь би утсыг нь аваад хадам ээжтэй утсаар ярих гэсэн чинь С гар утсаа шидсэн. Тэгээд орилж бархираад намайг цохиж аваад байсан. Энэ үед ах гаднаас орж ирээд намайг өмөөрөөд “чи яахаараа миний дүүг цохидог юм” гээд Сийг үүд рүү чирсэн. С аймаар орилоод, бархираад байсан. С бархираад ах Ц дээрээс нь дарсан байсан би орон дээр сууж байсан. Тэгсэн эхнэр над дээр ирээд “чи яагаад салгахгүй байгаа юм, харсаар байгаад ахаараа зодууллаа” гэж байснаа гал тогооны өрөөнөөс хутга аваад ах бид хоёрын нэгэн рүү нь дайрахаар нь би хутгыг нь гараас нь салгасан. ...дараа нь дахиад хутга аваад ах руу дайрахаар нь бид хоёр нийлж байгаад хутгыг нь салгасан. Манай эхнэр уурлахаараа уураа барьж чаддагүй дайраад зүрхний өвчинтэй хүн шиг болохоор нь ахыг гэрээс гараад хаалгыг түгжсэн. Эхнэр над руу дайраад, уурлаж байснаа ээж рүүгээ утасдаж зодуулснаа хэлсэн. Тэгсэн ах хаалганы түгжээг татаад ороод ирээд эхнэр, ах хоёр дахиад хоорондоо барилцах гээд байхаар нь би салгаад ахыг гэрээс гаргаад ахтайгаа хамт явсан. Эхнэр гэртээ үлдсэн. Ц ах гараараа цохиж зодсон. Хаана нь хэдэн цохисныг би хараагүй...” гэх мэдүүлэг /хх-21-24/,

Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн 2017.08.29-ний өдрийн 11037 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.Ц.Сийн биед тархи доргилт, дух, баруун нүдний дээд зовхи, зүүн хацар, эрүүний зүүн хэсэг, баруун гуя, шилбэ, зүүн шилбэнд цус хуралт, эрүүний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. ...журмын 2.4.1-д зааснаар ...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонгид нөлөөлөхгүй” гэжээ /хх-18/,

Шүүгдэгч Н.Цын яллагдагчаар: “2017 оны 8 дугаар сарын 28-ны 18 цагийн үед дүү Цлтэй уулзаад жаахан юм ярьж суух гээд гэр рүү нь явсан. Тэгээд бид хоёр машиндаа 2,5 литрийн пиво хувааж уусан. Тухайн үед би уучихсан байсан болохоор машин барьж чадахгүй гээд хүн дуудсан чинь удаж ирэх гээд байхаар нь манай дүү “хоёулаа манай гэрт оръё” гээд дэлгүүрээс 2,5 литрийн нэг пиво аваад гэрт нь 21 цагийн үед орсон. Орохын өмнө дүү Цл “та пивоноосоо Ст өгөөрэй” гэхээр “Ст пиво өгч хэрэггүй байх хоёулаа уучихаад ах нь харина гэсэн чинь манай дүү Ст өгөхгүй бол дараа нь уурлаад олон юм яриад байдаг юм” гэсэн. Тэгээд бид хоёр пиво ууж байгаад “Ц.Сийг наашаа суу” гэсэн чинь суухгүй байсан. Пивоноос хийгээд өгөхөөр уугаад байсан. Би тухайн үед Сийг “пиво уу” гэж шахаж хүчилсэн зүйл байхгүй. Энэ үед хоорондоо хэрэлдсэн асуудал байхгүй. ...Бид гурав авсан пивоо ууж байсан чинь С “та манай хүү Ууганбаатарыг яагаад загнасан юм бэ?” гэж асуусан. Энэ талаар ярьж байгаад Цл, Стэй маргаад хэрэлдээд байсан. С нь Цлийн хүзүүн тус газар нь гараараа цохиод авсан. Тэгээд би “юу болж байгаа юм бэ, та нар боль” гэж хэлсэн чинь тоохгүй хэрэлдээд орилоод байхаар нь би гал тогооны ширээн дээр байсан шаазан аягыг гал тогооных нь хана руу шидэж хагалсан. С “та яаж байгаа юм бэ” гээд намайг түлхээд... хоорондоо маргаад байхаар нь би гадаа тамхи татчихаад гэрт нь орох гэсэн чинь хаалга нь цоожтой байсан ...гэр дотроо С, Цл нар нь хоорондоо хэрэлдээд түжигнэх дуу гараад байхаар нь би гэрийнх нь хаалгыг татаад хүчээр онгойлгож орсон. С нь хутга барьчихсан “бүгдийг чинь алнаа” гээд байхаар нь “чи нэг мөсөн алчих” гээд нүүрэн тус газар нэг удаа алгадаад хутгатай гарыг нь барьж аваад хутгыг нь авах гээд дээрээс дараад газар унасан. Хутгыг нь салгаж авсан. Тухайн үед дээр нь гарчихаад зодож цохисон асуудал байхгүй. С хутгаа тавихгүй байхаар нь тавиулах гэж зууралдаж байгаад биед нь гэмтэл учруулсан байх гэж бодож байна. Тэгээд би дүүгээ татаад явъя гээд хаалгыг цаанаас дараад бид зугтсан...” гэх мэдүүлэг /хх-48-50/,

хохирогчийн өргөдөл /хх-6-10/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-36, 75/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-38/, гэрч Г.Нарантуяагийн мэдүүлэг /хх-44/, “Сэргэлт Орд” ХХК-ийн тодорхойлолт /хх-55/, осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /хх-57-58/, хорооны тодорхойлолт /хх-59/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-60-68/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-69-70/, шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн хохирогчийн хүсэлт зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.     

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.    

Шүүх хуралданаар шүүгдэгч Н.Цсогтуурсан үедээ 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 49 дүгээр гудамж, 01 тоотод иргэн Ц.Сийг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дээрх шинжлэн судлагдсан нотлох баримтууд буюу мөрдөн байцаалтанд өгсөн хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүдээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Н.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Сийн эрүүл мэндэд хөнгөн хохирол гэмтэл учирсан бөгөөд “Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлтийг шүүхэд ирүүлснийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгчийн хувьд хохирогчтой эвлэрсэн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж байгаа, мөн шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нь хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал гэж үзэж байна. Шүүгдэгчийн хувийн байдлын хувьд 0-12 насны 4 хүүхэдтэй, одоогоор ажилгүй, хаврын улиралд ажил нь эхэлнэ. Иймд шүүгдэгчийн гэр бүлийн байдлыг харгалзан торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулж, 6 сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү” гэж тус тус дүгнэлт гаргалаа.  

Шүүх тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал /цалин хөлс, бусад орлого олох боломж/-ыг харгалзан талуудын эрүүгийн хариуцлагын хэр хэмжээний талаар гаргасан дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэн 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ. 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Н.Цурьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.