| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 142/2024/02103/И |
| Дугаар | 142/шш2024/01515 |
| Огноо | 2024-11-20 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 142/шш2024/01515
2024 11 20 142/ШШ2024/01515
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум *** багийн *** тоотод оршин суух, Ш овогт Г-ийн З- /регистрийн дугаар:хх******, утас:****/-гийн хүсэлттэй,
Ажиллаж байсан байдлаа тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг 2024 оны 11 сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Г.З-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Г.З- шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд: ...Миний бие Г.З- нь арван жилийн сургуулийг 2006 оны 06 дугаар сард төгсөж, улмаар цагдаагийн ажилтан болох хүсэл сонирхолдоо хөтлөгдөн Орхон аймгийн Цагдаагийн газарт 2006 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хувийн өргөдөл гаргаж 2006 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс туслах ажилтнаар ажиллаж эхэлсэн ба тус газрын даргын 2006 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 1/93 тоот Цалинжуулах тухай тушаалаар Орхон аймгийн Цагдаагийн газрын Хэв журмын тасгийн цагдаагийн туслах ажилтнаар ажиллаж эхэлсэн. Уг тушаалаар намайг 2006 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс Хэв журмын тасгийн цагдаагийн туслах ажилтнаар томилсон. 2006 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн надтай туслах ажилтантай байгуулах гэрээг тухайн үед Орхон аймгийн Цагдаагийн газрын Хэв журмын тасгийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч М.М надтай байгуулснаар би туслах ажилтнаар ажиллаж эхэлсэн. Би 3 сар ажилласны дараа Орхон аймгийн Цагдаагийн газрын зөвлөлийн хурлаар 2006 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр орж хэлэлцэгдээд Цагдаагийн мэргэшил олгох дамжаанд суралцахаар шийдвэрлэгдэж тухайн үеийн Цагдаагийн Ерөнхий газрын Цагдаагийн академийн цагдаагийн мэргэжлийн сургалтад 2006 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2007 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн хооронд суралцаж цагдаагийн дамжаагаа төгсөж ирээд үргэлжлүүлэн 2007 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүртэл туслах ажилтнаар ажиллаж байгаад Орхон аймгийн Цагдаагийн газрын даргын 2007 оны 03 сарын 13-ны өдрийн 1-20 тоот тушаалаар Хэв журмын тасагт цагдаагаар томилогдож, цагдаагийн дэд ахлагч цол авсан. Тухайн үед Цагдаагийн байгууллагын тухай хуульд туслах ажилтан гэдэг нэршилтэй байсан ба 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр шинэчлэн батлагдсан Цагдаагийн албаны тухай хуульд туслах ажилтан гэдэг нэршлийг дадлагажих ажилтан гэсэн нэршлээр сольсон ба ер нь бол цагдаагийн туслах ажилтан, дадлагажих ажилтан нь цагдаагийн цол авч цагдаагийн жинхэнэ албан хаагч болохын урд ажиллаж байгаа буюу туршилтын журмаар тодорхой хэмжээний эрх үүрэг хүлээн ажиллаж байгаа хүмүүсийг хэлдэг ба тухайн цаг үеийн хууль тогтоомжоор нэршил нь өөр байсан болохоос биш нэг утга санаатай нэг албан тушаал юм. Иймд миний бие Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 хэсэгт зааснаар Орхон аймгийн Иргэний хэргийн шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Орхон аймгийн Цагдаагийн газрын Хэв журмын тасгийн цагдаагийн туслах ажилтнаар 2006 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 2006 оны 11 дүгээр сарын 22- ны өдрийг хүртэлх 3 сар 7 хоног, 2007 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 2007 оны 03 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх 20 хоног нийт 3 сар 27 хоногийг Цагдаагийн албаны тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.7 дахь хэсэгт зааснаар төрийн тусгай албанд ажилласан хугацаанд оруулан тооцох, Цагдаагийн академийн цагдаагийн мэргэжлийн сургалтад 2006 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2007 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх суралцсан 3 сарыг Цагдаагийн албаны тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.7 дахь хэсэгт зааснаар цагдаагийн албанд ажилласан хугацаанд оруулан тооцож өгнө үү... гэжээ.
Хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Г.З- нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагч Г.З- нь Орхон аймгийн Цагдаагийн газарт 2006 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 2006 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл, 2007 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 2007 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх хугацаанд туслах ажилтнаар, 2006 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2007 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүртэл Цагдаагийн академийн цагдаагийн мэргэжлийн сургалтад суралцсан болох нь:
Цагдаагийн ерөнхий газрын Төв архивын 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 27-08/1048 дугаартай лавлагаа,
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт,
Цагдаагийн академийн 123722 дугаартай мэргэжлийн үнэмлэхийн хуулбар,
Цагдаагийн ерөнхий газрын 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 5а/931 дугаартай албан бичиг,
Г.З-гийн 2006 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Орхон аймгийн цагдаагийн газарт гаргасан өргөдлийн хуулбар,
Цалинжуулах тухай тушаалын хуулбар,
Туслах ажилтантай байгуулсан гэрээний хуулбар,
Гэр хорооллын цагдаагийн хэсгийн дарга, цагдаагийн ахлах дэслэгч Н.Б-ийн 2006 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн тодорхойлолт,
Орхон аймгийн цагдаагийн газрын зөвлөлийн хурлын 2006 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн тэмдэглэл /хх-ийн 19х/ болон хүсэлт гаргагчийн тайлбараар нотлогдон тогтоогдож байна.
Хүсэлт гаргагчийн ажиллаж байсан гэх цагдаагийн газрын туслах ажилтан гэх албан тушаал нь одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Цагдаагийн албаны тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д Цагдаагийн албанд анх томилогдох иргэнийг албаны бэлтгэл, албан тушаалд тавигдах шаардлага, шалгуурыг хангасан эсэхийг тогтоох зорилгоор 1 жил хүртэл туршилтын хугацаанд ажиллуулж болно., 70.2-т Туршилтын хугацаагаар ажиллах иргэнийг дадлагажих ажилтнаар томилж гэрээ байгуулна. Дадлагажих ажилтан туршилтын хугацаанд гүйцэтгэх чиг үүрэгт нийцсэн энэ хуульд заасан эрх хэмжээг хэрэгжүүлж, үүрэг хүлээнэ. гэж заасантай адилтгах ажил, албан тушаал мөн байна гэж дүгнэлээ.
Мөн Цагдаагийн албаны тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.7-д Туршилтын хугацааг төрийн тусгай албанд ажилласан хугацаанд оруулан тооцно. гэж,
91 дүгээр зүйлийн 91.7-д Цагдаагийн байгууллагын захиалгаар суралцсан, цагдаагийн алба хаагч бэлтгэх чиг үүрэг бүхий дээд боловсролын сургалтын байгууллагад цагдаагийн цолтойгоор ажилласан, цэргийн жинхэнэ алба хаасан, цэрэг, цагдаагийн сургуульд сонсогчоор суралцсан болон хуульд заасан бусад хугацааг цагдаагийн албанд ажилласан хугацаанд оруулан тооцно. гэж тус тус заажээ.
Хүсэлт гаргагч Г.З-гийн Орхон аймгийн Цагдаагийн газарт 2006 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 2006 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл, 2007 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 2007 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх хугацаанд туслах ажилтнаар, 2006 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2007 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүртэл Цагдаагийн академийн цагдаагийн мэргэжлийн сургалтад суралцсан хугацааг цагдаагийн албанд ажилласан хугацаанд оруулахаар хуульчилсан байна.
Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж, түүнийг Орхон аймгийн Цагдаагийн газарт 2006 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 2006 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл, 2007 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 2007 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх хугацаанд дадлагажих ажилтнаар, 2006 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2007 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүртэл цагдаагийн албанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ш овогт Г-ийн З- /рд:хх********/-г Орхон аймгийн Цагдаагийн газарт 2006 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 2006 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл, 2007 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 2007 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх хугацаанд дадлагажих ажилтнаар, 2006 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2007 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүртэл цагдаагийн албанд ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Г.З-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба хүсэлт гаргагч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ