Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2021/00617

 

 

 

 

 

2021 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2021/00617

 

Д.Н-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Г.Даваадорж, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2021/00448 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Д.Н-ын хариуцагч НШШГГ-т холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Н-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие П ББСБ ХХК-д 112 397 916.33 төгрөгийг 2020 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн хүртэл хугацаанд төлөхөөр тохиролцож, хугацаандаа төлбөрөө барагдуулаагүй тохиолдолд миний өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 55 дугаар байрны 29 тоотод байрлах, 36 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204004505 дугаарт бүртгэлтэй, 3 өрөө орон сууцыг худалдан борлуулж гэрээний үүргийг хангуулахаар зохигчид эвлэрсэн тул шүүгчийн захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхдээ барьцаа хөрөнгө Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 55 дугаар байрны 29 тоотод байрлах, 36 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204004505 дугаарт бүртгэлтэй, 3 өрөө орон сууцыг бусдад хөлслүүлэн төлбөр тооцоог төлөхөөр төлөвлөж байсан ч коронавируст халдварын улмаас иргэдийн амьжиргаа, худалдан авах чадвар эрс муудаж, бэлэн мөнгөний хомсдол зэргээс бусдад хөлслүүлж чадаагүй. Одоо эдийн засгийн нөхцөл байдал харьцангуй сайжирч байгаа тул уг орон сууцыг бусдад хөлслүүлж, зээлийн гэрээний үүргээ хуваарийн дагуу төлөлт хийгээд явах бүрэн боломжтой. Энэхүү нөхцөл байдлын талаар удаа дараа төлбөр авагч болон шийдвэр гүйцэтгэгч нарт учирлан тайлбарласан. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 4-229/35466 тоот мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр барьцаа хөрөнгийг маань 100 402 400 төгрөгөөр үнэлсэн болохыг мэдэгдсэн. Уг хөрөнгийн үнэлгээний ажиллагаа бүхэлдээ хуульд нийцээгүй, уг хөрөнгийн байршил, хөрсний бүтэц, дэд бүтэц зэргийг хэрхэн үнэлсэн эсэх, мөн үнэлгээ нь зах зээлийн үнийн дүнгээс хэт доогуур тогтоогдсон нь өмчлөгч миний эрхийг ноцтойгоор зөрчиж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Орон сууцыг маань 100 402 400 төгрөгөөр үнэлсэн тухай үнэлгээний тайлантай танилцахад барьцаа хөрөнгийн үнэ цэнийг хэрхэн тогтоосон эсэх, түүнчлэн хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хэрхэн ашигласан нь тодорхойгүй байна. Түүнчлэн, хөрөнгийн үнэлгээний Б ХХК-ийг шинжээчээр томилсон байх боловч уг компанийг ямар шалгуур, үзүүлэлтийг харгалзан томилсон эсэх нь тодорхойгүй, хараат бусаар ажилласан эсэхэд нь эргэлзээтэй. Иймд миний өмчлөлийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 55 дугаар байрны 29 тоотод байрлах, 36 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204004505 дугаарт бүртгэлтэй, 3 өрөө орон сууцыг үнэлсэн хөрөнгийн үнэлгээний Баян модот ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 3413 дугаар захирамжаар Д.Н- нь П ББСБ ХХК-д 112 397 916.33 төгрөгийг 2020 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн дотор бүрэн төлөхөөр, хугацаандаа төлбөрөө барагдуулаагүй тохиолдолд Д.Н-ын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 55 дугаар байрны 29 тоотод байрлах, 36 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204004505 дугаарт бүртгэлтэй, 3 өрөө орон сууцыг худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Дээрх шүүгчийн захирамж, гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар төлбөр төлөгч Д.Н-т шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар мэдэгдсэн ч тэрээр төлбөрийг заасан хугацаанд биелүүлээгүй. Иймд Иргэний хуулийн 175 дугаар зүйлд заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан 3 өрөө орон сууцыг 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 20380411/03 дугаартай тогтоолоор битүүмжлэн, төлбөрийг 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн дотор төлөхийг мэдэгдсэн. Төлбөр төлөгч Д.Н- төлбөрийг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тул 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 20380411/08 дугаартай тогтоолоор барьцаалан хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар талуудаас үнийн санал авахад үнэлгээн дээр харилцан тохиролцоогүй тул 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 9/458 дугаар тогтоолоор мэргэжлийн үнэлгээчин томилж зах зээлийн үнэлгээг Баян модот ХХК-аар тогтоолгоход 100 402 400 төгрөгөөр үнэлсэн тухай тайланг 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар үнэлгээний тайлан, мэдэгдлийг 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 4-229/35466, 4-229/34465 дугаар албан бичгээр талуудад мэдэгдэж, холбогдох хуульд заасан эрх, үүргийг тайлбарлан өгсөн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан ба Б ХХК нь үнэлгээг үндэслэлтэй тогтоосон гэж үзэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан НШШГГ-т холбогдох Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 55 дугаар байр, 29 тоотын 36 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204004505 дугаарт бүртгэлтэй, 3 өрөө орон сууцыг 100 402 400 төгрөгөөр үнэлсэн Б ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Д.Н-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч Д.Н-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн тус шүүхийн шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 20226 дугаартай захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасан хугацаанд хүчинтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Ж давж заалдах гомдолдоо:

... Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ... төлбөр төлөгч Д.Н- нь үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг зөвшөөрөхгүй гэх боловч уг үнэлгээний талаар Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2-т зааснаар холбогдох мэргэжлийн байгууллагад нь гомдол гаргаагүй ... гэжээ. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт үйлчлүүлэгч дараах эрх, үүрэгтэй гээд, 11.1,2-т үнэлгээний үйл ажиллагаатай холбогдсон асуудлаар санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллагад гомдол гаргах эрхийг баталгаажуулж өгсөн. Энэхүү гомдол гаргах эрх нь зөвхөн хөрөнгийн үнэлгээ хийлгэж байгаа үйлчлүүлэгч буюу иргэн, хуулийн этгээд (НШШГГ-)-т хамааралтай байхад шүүх шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч тал буюу төлбөр төлөгч Д.Н-т хамаатай мэт дүгнэж байгаа нь үндэслэлгүй, шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна. Хөрөнгийн үнэлгээний үндэсний стандартыг олон улсын үнэлгээний стандартын зарчим, хууль тогтоомжид нийцүүлэн Стандартчиллын төв байгууллага (Стандарт, хэмжил зүйн газар), хөрөнгийн үнэлгээ хийх арга, аргачлалыг Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага (Сангийн яам) нь дангаараа, эсхүл төрийн холбогдох эрх бүхий байгууллагатай хамтран тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, зориулалтад нийцүүлэн тус тус баталж,1 мөрдүүлэх чиг үүрэгтэй байсан ч дээрх стандарт, аргачлал одоог хүртэл батлагдаагүй, мөн Үнэлгээний Олон Улсын Стандартын консул (International Valuation Standards Council)-аас баталсан гэх ерөнхий болон хөрөнгийн стандартууд албан ёсоор орчуулагдан, хэвлэгдээгүй байхад ийнхүү дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Б ХХК-ийн үнэлгээчин С.Цэвээнролом орон сууцны давуу тал, боломжийг нийслэлийн төв хэсэгт байрлалтай, бусдад түрээслэн орлого олох боломжтой гэж тодотгоод орлогын болон зах зээлийн хандлагад тулгуурлан тайлангаа гаргасан. Ингээд орон сууцыг сарын 900 000 төгрөгөөр бусдад түрээслэн орлого олох боломжтой гэж үзсэн нь нотлох баримт, мэдээлэлд үндэслээгүй болохыг нотлох үүднээс нэхэмжлэгчээс үнэгүй.мн сайтад байрлах орон сууц (байршил, талбайн хэмжээн хувьд ойролцоо)-ны сарын түрээсийн зарыг шүүхэд гаргаж өгсөн. Мөн шүүх хуралдаанд гэрчээр оролцсон үнэлгээчин С.Цэвээнролом орон сууцны сарын түрээсийн үнэ 900 000 төгрөгийг өөрийн дотоод итгэл үнэмшил (баримт, мэдээлэлд үндэслээгүй болохыг)-ээр гаргасан гэж мэдүүлсээр байтал шүүх үнэгүй.мн сайтаас Улаанбаатар хотод болон Баянзүрх дүүрэг дэх /Сансарт/ 3 өрөө орон сууц түрээслүүлэх ханшийн талаар мэдээллийг ирүүлсэн ба шинжээч нь төлбөрт битүүмжлэгдэн, хураагдсан орон сууцыг орлогын хандлагын аргаар үнэлэхдээ түрээстэй холбоотой мэдээллийг тусгасан тул Д.Н-ыг ирүүлсэн үнэгүй.мн сайтаас хэвлэн авсан мэдээллийг нотлох баримтын шаардлага хангуулах авах шаардлагагүй гэж үзсэн нь нотлох баримтыг үнэлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчжээ. Төлбөр төлөгч Д.Н- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан хугацаанд буюу 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр гомдол (нэхэмжлэл)-ээ шуудан (МШ-ийн 51 дүгээр салбар)-д хийсэн, мөн хариуцагч хугацаа хэтрүүлсэн талаар огт маргаагүй байхад Төлбөр төлөгч Д.Н- төлбөрт хураагдсан ... орон сууц Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу 100 402 400 төгрөгөөр үнэлэгдсэн талаар 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр мэдсэн атлаа гомдлоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан хугацааны дотор гаргаагүй нь ямар нэгэн хүндэтгэх шалтгаангүй байна гэж үзсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч Д.Н- нь барьцааны 3 өрөө орон сууцны үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Гэтэл шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй асуудлаар буюу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны талаар бүхэлд нь үнэлэлт, дүгнэлт өгсөн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх, мөн шийдвэрийг анхан шатны хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэн гаргана гэсэн хуулийн заалтуудыг тус тус зөрчжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч Д.Н- нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Зээлийн гэрээний үүрэгт 112 397 916.33 төгрөгийг гаргуулахаар П ББСБ ХХК нэхэмжилснийг хариуцагч Д.Н- хүлээн зөвшөөрч, 2020 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулах, хугацаандаа төлбөрөө төлөөгүй тохиолдолд Д.Н-ын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 55 дугаар байр, 29 тоотын 36 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204004505 дугаарт бүртгэлтэй, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрснийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2019/03413 дугаар захирамжаар баталгаажуулсан байна. /хх6-7/

 

Хуулийн хүчин төгөлдөр уг захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тул 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШЗ2020/08540 дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамжийн дагуу мөн өдөр 101/ГХ2020/00588 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж, 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна. /хх39-41/

 

Шийдвэр гүйцэтгэх байгууллага барьцааны зүйл болох Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 55 дугаар байр, 29 тоотын 36 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204004505 дугаарт бүртгэлтэй, 3 өрөө орон сууцыг 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 20380411/03 дугаар тогтоолоор битүүмжлэн, 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 20380411/08 дугаар тогтоолоор хураан авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 53, 54 дүгээр зүйлд заасан журмыг зөрчөөгүй байна.

 

Шийдвэр гүйцэтгэх байгууллага нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт зааснаар битүүмжлэгдсэн хөрөнгийн үнэлгээний талаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудаас санал авахад төлбөр төлөгч Д.Н- нь 380 000 000 төгрөг гэсэн санал гаргасан, /хх52 ар тал/ харин П ББСБ ХХК нь үнийн саналыг хүлээн зөвшөөрөхгүй, шинжээч томилуулах хүсэлтийг 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр гаргажээ. Талууд үнэлгээний талаар тохиролцоогүй тул шийдвэр гүйцэтгэгч 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 9/458 дугаар тогтоолоор шинжээчээр үнэлгээ хийлгэхээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар Б ХХК-ийг томилсон байна. /хх52, 53/

 

Томилогдсон шинжээч 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн Хөрөнгө үнэлгээний тайлангаар Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 55 дугаар байр, 29 тоотын 36 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204004505 дугаарт бүртгэлтэй, 3 өрөө орон сууцны зах зээлийн үнэлгээг 100 402 400 төгрөг болохыг тогтоосон, уг үнэлгээний дүгнэлтийг 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 4-229/35466 тоот мэдэгдлээр төлбөр төлөгч Д.Н-т мэдэгдсэн байна. /хх69/

 

Төлбөр төлөгч нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргасныг 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр шүүх хүлээн авсан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна. /хх1-2/

 

Шинжээч үнэлгээ тогтоохдоо Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасныг зөрчөөгүй, үнэлгээг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд ижил байршилд байрлах орон сууцны үнэлгээтэй харьцуулан, орон сууцны талбайн хэмжээ, байрлалын итгэлцүүр, чанар хийц, давуу болон сул дутагдалтай талуудыг харгалзан зах зээлийн хандлагаар үнэлгээг тогтоосон нь тайланд тусгагджээ.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ нотлохоор үнэгүй.мн сайтын зурган баримтыг гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтын шаардлага хангаагүй, үнэлэх боломжгүй байх бөгөөд үнэлгээний дээрх аргачлал, дүгнэлтийг баримтаар няцаагаагүй байна.

 

Иймд анхан шатны шүүх үнэлгээг зөвшөөрөхгүй талаарх нэхэмжлэлийн үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зөрчөөгүй, хэргийн баримтыг маргаанд хамааралтай, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий болжээ.

 

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2021/00448 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

А.ОТГОНЦЭЦЭГ