Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 142/шш2024/01605

 

 

 

 

 

2024 12 03 142/ШШ2024/01605

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж, тус шүүхийн хуралдааны 103 тоот танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум *** баг ****** тоотод оршин суух, Б овогт Ц-н Б- /*******, утас:******/-ын хүсэлттэй,

 

Ч овогт Я-гийн Г-ыг эрэн сурвалжлуулах-ыг хүссэн хүсэлтийг 2024 оны 11 сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Ц.Б-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Ц.Б- шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд: ...Миний бие Я-гийн Г-той 2011 оны 06 дугаар сарын 13-нд танилцаж хамтран амьдарч, бидний дундаас 2012 оны 09 дүгээр сарын 05-нд том охин Б, 2014 оны 09 дүгээр сарын 29-нд хүү М, 2018 оны 12 дугаар сарын 06-нд дунд хүү Б, 2023 оны 09 дүгээр сарын 18-нд бага хүү Т төрсөн бөгөөд албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй. Бид 13 жил хамт амьдарсан. 2024 оны 05 сард бид жаахан маргалдсан гэтэл хувцасаа, зурагтаа аваад явсан. Сургийг нь сонсоход манай хүн Өмнөговь аймгийн Ханбогд суманд тогооч хийгдэг байсан, цуг ажиллаж байсан бэлтгэгч хүүхэнтэй дотно харилцаа үүсгэсэн юм билээ. Одоо тэр хүүхэнтэйгээ Дархан-Уул аймагт амьдарч байгаа гэсэн. Өмнөговь аймагт нэг компанид тогоочоор ажиллаж байгаа юм билээ. Утсаар ярьдаг байсан сүүлдээ ярихаа болиод утсаа ч авахаа больсон. Би 1-12 насны 4 хүүхэдтэйгээ амьдарч байна. 4 хүүхэддээ эцгээр нь тэтгэлэг тогтоолгож, үүрэг хариуцлагыг нь мэдүүлмээр байна. Шүүхэд хандах гэтэл хаягыг нь мэдэхгүй байгаа учраас хандах боломжгүй байна. Иймд Я-гийн Г-ыг эрэн сурвалжилж, хаягыг нь тогтоож өгнө үү... гэв.

 

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Ц.Б- нь Я-гийн Г-ыг эрэн сурвалжлуулж, оршин суугаа хаягыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.

 

Хүсэлт гаргагч Ц.Б- нь Я.Г-той 2011 онд танилцаж, улмаар хамтран амьдарч тэдний дундаас 2012 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр охин Г.Б, 2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүү Г.М, 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүү Г.Б, 2023 оны 09 дүгээр сарын 18-ний өдөр хүү Г.Т нар төрсөн бөгөөд 2024 оны 05 сард хувийн таарамжгүй харилцааны улмаас Я.Г- нь гэрээсээ яваад хаана ажиллаж, амьдарч байгаа нь тодорхой байгаа учраас Ц.Б- нь шүүхэд түүний оршин суугаа хаягыг тогтоолгохоор шүүхэд хандсан байна.

 

Чойбал овогт Я-гийн Г- нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, Эрдэнэ багийн засаг даргын тодорхойлолтоор нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд Я-гийн Г- нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь тогтоогдсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар түүнийг  эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох нь зүйтэй гэж үзэв.

 

Я.Г-ыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Ц.Б-ийн хүсэлтийг хангаж, хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ч овогт Я-гийн Г- /РД:/-ыг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар Я.Г-ыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Я.Г-ын хаягийг тогтоомогц хүсэлт гаргагч Орхон аймаг Баян-Өндөр сум *** баг *** тоотод оршин суух, Б овогт Ц-ийн Б- /***************/-т нэн даруй мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Ц.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.НАРМАНДАХ