| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Мөнхзул |
| Хэргийн индекс | 316/2025/00053/И |
| Дугаар | 316/ШШ2025/00189 |
| Огноо | 2025-03-17 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 316/ШШ2025/00189
| 2025 оны 03 сарын 17 өдөр | Дугаар 316/ШШ2025/00189 | Сэлэнгэ аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум *дүгээр баг ***дугаар хэсэг ****тоотод оршин суух хаягтай гэх, Бага баруун овогт *******/РД:*****/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 4 дүгээр баг 5 дугаар хэсэг 2-13 тоотод оршин суух хаягтай гэх, Х***овогт ******/РД:****/-д холбогдох
Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *****, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Энэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч **** нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
... Миний бие 2018 онд *****танилцаж, гэр бүлийн харилцаатай байсан. Бидний дундаас 2020 оны 09 дүгээр сарын 16-нд хүү **** төрсөн. Гэрлэлтийн баталгаагүй, өөрийн гэсэн орон байргүй албаны болон түрээсийн байранд амьдарч байсан. Одоо хүү минь 4 настай. Гэр бүлээ орхин тусдаа амьдрахаар явсан учир 2020 оны 09 дүгээр сарын 16-нд төрсөн хүү *****төрсөн эцэг нь **** мөн болохыг тогтоож, **** хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ****нь шүүхэд гаргасан тайлбар болон хүсэлтдээ:
...Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Мөн эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэх шаардлагагүй. 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр миний хүү **** мэндэлсэн. Би хүүгээ минийх мөн эсэхэд огт эргэлздэггүй. Хүүгээ эхийнх нь асрамжид үлдээж, миний бие эцэг хүний үүргээ биелүүлж хуульд заасны дагуу сар бүр тэтгэлэг төлөхөд татгалзах зүйл байхгүй болно.
Би одоогоор Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа учраас шүүх хуралдаан товлогдоход шүүх хуралд биечлэн оролцох боломжгүй байх тул шүүх хурлыг эзгүйд шийдвэрлэж өгнө үү! ... гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад;
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч *****нь хариуцагч *****холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Учир нь: Зохигчид нь 2018 онд танилцаж, улмаар хамт амьдрах хугацаанд тэдний дундаас 2020 оны 09 сарын 16-ны өдөр хүү ****төрсөн болох нь төрсний гэрчилгээний хуулбар, зохигчдын тайлбар зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.
Улмаар зохигчид хувийн таарамжгүй байдлын улмаас 2024 оны 11 сараас тусдаа амьдарч байгаа бөгөөд тэд хамтран амьдрах хугацаандаа гэрлэлтээ батлуулаагүй боловч хариуцагч *****нь хүү ****өөрийн нэрээр овоглож төрсний гэрчилгээ авсан байна.
Энэ нь Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эх хамтарч, эсхүл хүүхдийн эцэг, эх болох нь тогтоогдоогүй эцэг буюу эх өөрөө өргөдөл гаргасан бол улсын бүртгэлийн байгууллага, хилийн чанадад ажиллаж байгаа Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар эцэг, эхийг тогтооно гэж заасны дагуу хүүхдийн эцэг нь*****мөн болохыг захиргааны журмаар тогтоосон байна гэж шүүх үзсэн бөгөөд өөрийн хүүхэд биш гэдэгт маргаагүй төдийгүй түүнд түүнд тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байна.
Мөн хариуцагч хүүхдийн асрамжийн тал дээр маргаагүй тул хүү *****эх *****асрамжид үлдээж шийдвэрлэв.
Түүнчлэн хүүхэд төрснөөр эцэг эх хүүхдийн хооронд эрх үүрэг үүсэх бөгөөд гэрлэлтээ цуцлуулсан ч эцэг эхийн үүрэг хэвээр хадгалагдах ба Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх үүрэг үүснэ, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт эцэг эх болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасны дагуу хүү ***** хэний асрамжид үлдсэн эсэхээс үл хамааран асарч халамжлах, тэжээн тэтгэж байх үүргээс эцэг эх чөлөөлөгдөхгүй тул эцэг **** хуульд зааснаар хүүхдийн тэтгэлэг гаргуулж, *****тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй байна.
Энэхүү нэхэмжлэлийн үнийн дүн нь *****төлөх тэтгэлгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тодорхойлогдох тул (446700х12=5360400:2) улсын тэмдэгтийн хураамжид 57.833 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулах нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Мөн хариуцагч шүүх хуралдаанд оролцохгүй гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлд зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь;
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн хүү ***** эх ****асрамжид үлдээсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар *****11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амжиргааны доод түвшингийн 50 хувиар, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг ****тэжээн тэтгүүлсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,57 дугаар зүйлийн 57.1 д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *****70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч **** 57.833 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ