Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 124/ШШ2025/0006

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Алтанцэцэг даргалан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “У Ө Ө” ХХК,/ РД: ....... , ................................... багт байрлах/

Хариуцагч: Увс аймгийн Засаг дарга,

Хариуцагч: БОАЖЯ/20240101008 дугаартай тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан,

Гуравдагч этгээд: “Т Ц К” ХХК,/ РД: ....... ,.................................... байрлах/,

Гуравдагч этгээд: “М Ө Ц” ХХК, /РД: ....... , ........................ байрлах/ оролцсон

БОАЖЯ/20240101008 дугаартай тендерийн үнэлгээний хорооны 2024 оны 11 дүгээр сарын 22-ны №02 дугаартай хурлын тэмдэглэлийн зөвлөмж, Увс аймгийн Засаг даргатай байгуулсан 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн №БОАЖЯ/20240101008 тоот гэрээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “У Ө Ө” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч Үнэлгээний хорооны дарга Б.Б, хариуцагч Увс аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т, Б.М, гуравдагч этгээд “Т Ц К” ХХК-ийн захирал Н.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Анхцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “У Ө Ө” ХХК нь тус шүүхэд Увс аймгийн Засаг дарга болон тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан  “Т Ц К” ХХК-ийн Увс аймгийн Засаг даргатай байгуулсан 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн БОАЖЯ/20240101008 тоот гэрээг хүчингүй болгуулах, тендерийн Үнэлгээний хорооны 2024 оны 11 дүгээр сарын 22-ны №02 дугаартай хурлын тэмдэглэлийн зөвлөмжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

2. Увс аймгийн Худалдан авах ажиллагааны газраас 2024 оны 9 сарын 12-ны өдөр Аялал жуулчлалын гол чиглэл, улсын чанартай хатуу хучилттай авто зам дагуу үйлчилгээний цогцолборын барилгыг Увс аймгийн Наранбуллаг сум, Цагаанхайрхан сумын нутаг дэвсгэрт барих тендерийг 2 багц болгон зарласан байна.

Багц 1 буюу Аялал жуулчлалын гол чиглэл, улсын чанартай хатуу хучилттай авто зам дагуу үйлчилгээний цогцолборын барилгыг Увс аймгийн Наранбулаг суманд барих тендерт нэхэмжлэгч “У Ө Ө” ХХК болон “Т Ц К” ХХК, “М Ө Ц” ХХК-ийн түншлэл оролцсон байх бөгөөд Тендерийн Үнэлгээний хорооны 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 02 дугаар хурлын тэмдэглэлээр “Т Ц К” ХХК-ийн тендерийг хамгийн сайн тендерээр үнэлж, гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг Увс аймгийн Засаг даргад хүргүүлж, Засаг даргаас холбогдох гэрээг 2024 оны 12 сарын 10-ны өдөр байгуулжээ.

3.Нэхэмжлэгч тендерийн гэрээ  байгуулагдсанаас хойш нэхэмжлэлийг шүүхэд гаргахаар заасан зохицуулалтын хүрээнд анх 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд нэхэмжлэл ирүүлсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасан хугацааны дотор шүүхэд хандсан гэж үзэв.

4.Нэхэмжлэгч “У Ө Ө” ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: "У Ө Ө" ХХК нь "Аялал жуулчлалын гол чиглэл, улсын чанартай хатуу хучилттай авто зам дагуу үйлчилгээний цогцолборын барилга /Увс ажлын Багц 1 " Аялал жуулчлалын гол чиглэл, улсын чанартай хатуу хучилттай авто зам дагуу үйлчилгээний цогцолборын барилга /Увс, Наранбулаг сум/"/ "БОАЖЯ/20240101008" дугаартай тендерийн сонгон шалгаруулалтад оролцсон бөгөөд Увс аймгийн засаг даргаас 2024 оны 11 дүгээр сарын 27-ний өдрийн №1/2037 тоот албан бичгээр тендерт шалгараагүй тухай албан мэдэгдэл ирснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлж байна.

Тендерт шалгарсан "Т Ц К" ХХК-ний 2021, 2022, 2023 онуудын нийлбэрийн дундаж борлуулалтын орлогын хэмжээ нь 190.837.000 төгрөг байгаа нь тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 18.1-д заасан борлуулалтын орлогын хэмжээ: 2021, 2022, 2023 онуудын нийлбэрийн дундаж борлуулалтын орлогын хэмжээ нь батлагдсан төсөвт өртгийн 50 хувь болон түүнээс багагүй байх санхүүгийн чадавхын шаардлагыг хангахгүй байна. Мөн тус компанийн дулааны инженерт санал болгосон Гомбо овогтой О нь Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргаар 2020-2023 онд ажиллаж байсан бөгөөд энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7.1.7.тендер шалгаруулалтын баримт бичгийг боловсруулахад зөвлөгөө өгсөн, оролцсон, эсхүл тухайн зөвлөгөө өгсөн, оролцсон этгээдтэй харилцан хамааралтай; гэх заалт мөн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 21.1.1. урьд гүйцэтгэж байсан албан үүрэгтэй нь холбоотой байсан аж ахуйн нэгж, байгууллагад ажиллах, 21.3.Албан тушаалтан энэ хуулийн 21,1-д заасан хязгаарлалтад хамаарах этгээдтэй албаны чиг үүргийн дагуу харилцаа тогтоохыг хориглоно гэсэн хуулийн заалтуудыг зөрчиж байгаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28.1.1. хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэнэ гэсэн заалтыг зөрчиж хэт нэг талыг барьсан хууль бус шийдвэр гаргасан нь манай компанийн эрх ашгийг хөндөж байгаа тул Увс аймгийн худалдан авах ажиллагааны газрын үнэлгээний хорооны 2024 оны 11 дүгээр сарын 22-ны №02 дугаартай хуралдсан хурлын тэмдэглэлийн зөвлөмжийг хүчингүй болгож өгнө үү. Т Ц К ХХК-ийн Увс аймгийн Засаг даргатай байгуулсан 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн №БОАЖЯ/20240101008 тоот гэрээг хүчингүй болгуулж өгнө үү” гэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Түншлэл хийж хамт орсон компанитайгаа гэрээ байгуулаагүй, түншлэлээр хамтарч орсон “М Ө Ц” ХХК-ийн санхүүгийн тайлан нь ирүүлээгүй. Эдгээр шалтгаантай байхад түүнийг тендерийн үнэлгээнд харгалзахгүйгээр зөвхөн үнийн саналаар тендер шалгаруулалтыг үнэлсэн нь шударга бус гэж үзэж байна гэв. Тендерийн үнэлгээний хороо материалуудаа зөв үнэлсэн бол материалын шаардлага хангаагүй компанийн үнийн саналыг харгалзаж үзэхгүйгээр шаардлага хангасан компанитай гэрээ байгуулах ёстой. Өөрөөр хэлбэл тендерийн өгөгдлийн хүснэгтийн ерөнхий шаардлагаа хангаагүй компанийг манай үнийн саналтай жишсэн гэсэн үг. Тендерийн тухай хуульд тендерийн өгөгдлийн хүснэгтийн шаардлагыг 2 компани хоёулаа зэрэг хангасан тохиолдолд үнийн саналыг харьцуулдаг” гэжээ.

6. Хариуцагч тендерийн Үнэлгээний хорооны дарга Б.Б шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “У Ө Ө" ХХК-ны нэхэмжлэлтэй танилцаад хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, дараах тайлбарыг гаргаж байна. 2024 оны 09 дүгээр сарын 12-ний өдөр БОАЖЯ/20240101008 тендер шалгаруулалтын дугаартай "Аялал жуулчлалын гол чиглэл, улсын чанартай хатуу хучилттай авто зам дагуу үйлчилгээний цогцолборын барилга /Увс, Наранбулаг сум/" тендер шалгаруулалтыг зарлаж "Т Ц К" ХХК шалгарсан. Тендерт шалгарсан "Т Ц К" ХХК-ний хувьд түншлэлээр хамтран материал ирүүлсэн бөгөөд уг тендер нь захиалагч байгууллагаас тендерийн баримт бичигт заасан зураг төсвийн шаардлагыг хангаж тул үнэлгээний хороо хуралдаж хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэгдсэн. Уг компанийн борлуулалтын орлогын хэмжээ 2021, 2022, 2023 онуудын дундаж борлуулалт нь 190.837.000 төгрөг байгаа. "Т Ц К" ХХК нь түншлэгч компанийн борлуулалтын орлогоо өөрийн компанийн орлогоосоо гадна давхар тендерийн баримт бичигтээ оруулж ирсэн байдаг. Энэ нь хуулиар туслан гүйцэтгэгчээр оролцсон тохиолдолд тухайн компанийн борлуулалтын орлоготой адилтгаж үзэх зохицуулалт байдаг учраас хууль зөрчөөгүй. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан тендерийн санхүүгийн чадавхыг хангасан гэж үзэж байна. Үнэлгээний хорооны гишүүд нь аливаа төр, иргэн, хуулийн этгээдээс хараат бус байж, санал дүгнэлтээ гаргахдаа бусдын нөлөөнд автахгүй гаргах хуулийн зохицуулалт байдаг тул хүн бүр өөрийн дотоод үнэлэлтээ өгч тус тендерт ирүүлсэн материалд үндэслэж үнэлсэн болно. Тендерийн үнэлгээний хороонь хууль бус зүйл хийж, ашиг сонирхлын зөрчил гаргаж “У Ө Ө" ХХК-ны эрх ашиг, сонирхлыг зөрчөөгүй. Тендерт ирүүлсэн баримт бичгийг хүлээн авч сонгон шалгаруулалт хийхдээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан нийтлэг журмыг үндэслэн тендерт шалгаруулалт хийж ажилласан. “М Ө Ц” ХХК-ийн санхүүгийн баримтууд байсан учраас шаардлага хангасан гэж үзсэн.Тендерийн бичиг баримтад бусад санхүүгийн баримт болох ижил төстэй ажлын гэрээ авагдсан байдаг. Санхүүгийн чадавхыг “М Ө Ц” ХХК хангаж байсан болно.

Үнэлгээний хорооноос тендерийн материал өгөгдлийн гүйцэтгэлийн шаардлага хангасан гэж үнэлсэн. Үнэлгээний хуудас хэрэгт нотлох баримтаар өгсөн. Үнэлгээний хуудас дээр бүгдийг нь чеклээд, тухайн 2 компани худалдан авахын программд туслан, түншлэн гэж орж ирдэг. “М Ө Ц” ХХК-тай туслан түншлэлийн гэрээ байгуулаад орж ирсэн. Хоёулангийнх нь аж ахуйн нэгжийн санхүүгийн тайланг программаас татаж үздэг. Бичиг баримтын бүрдэл хангагдсан учраас 2 дахь арга буюу үнийн дүнг хараад сонголтоо хийсэн.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

7. Хариуцагч Увс аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т, Б.М нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ У Ө Ө” ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцаж дараах тайлбарыг гаргаж байна. 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн БОАЖЯ/20240101008 тендер шалгаруулалтын дугаартай "Аялал жуулчлалын гол чиглэл, улсын чанартай хатуу хучилттай авто зам дагуу үйлчилгээний цогцолборын барилга /Увс, Наранбулаг/ “ төсөл арга хэмжээний сонгон шалгаруулалтыг зарлаж, “Т Ц К” ХХК шалгарсан. Үнэлгээний хорооноос аймгийн Засаг даргад ирүүлсэн гэрээ байгуулах тухай зөвлөмжийн дагуу тендерт шалгарсан компанитай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан болно” гэжээ.

8. Гуравдагч этгээд “Т Ц К” ХХК-иас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Бид "У Ө Ө" ХХК-ны гаргасан нэхэмжлэлтэй танилцаад уг нэхэмжлэлийн шаардлагуудыг зөвшөөрөхгүй байгаа тул дараах тайлбарыг гаргаж байна. Манай компани тухайн тендерт "М Ө Ц" ХХК-тай түншлэлийн гэрээ байгуулж оролцсон. Учир нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.6-д зааснаар тендерт оролцогч болон түншлэлийн гүшүүдийн санхүүгийн чадавхын нийлбэр дүнгээр тооцох гэсэн шаардлагыг хангахын тулд түншилж оролцсон болно. Иймд манай компанийн хүргүүлсэн тендерийн материал тухайн тендерийн баримт бичгийн II бүлгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 18.1 заалтыг хангаж байгаа болно. Манай компанид дулаан хангамжийн инженерээр ажиллаж байсан иргэн Гомбо овогтой О нь 2023 он хүртэл Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын даргаар ажиллаж байсан ба 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс манай компанид ажилд орсон бөгөөд Монгол улсын иргэн Хөдөлмөрийн тухай хуулийн хүрээнд ажил хөдөлмөр эрхлэх нь тухайн иргэний эрхийн асуудал болно.Тэгээд ч Б.О нь манай компанийн инженер болохоос шийдвэр гаргах түвшний удирдах ажилтан биш юм. "У Ө Ө" ХХК-ийн удаа дараа гаргаж байгаа гомдол, нэхэмжлэл нь хэт өөрийн эрх ашгийн төлөө хувийн болон төрийн шат шатны байгууллага, алба хаагчдын ажлыг үгүйсгэн үнэгүйдүүлж, тухайн барилга угсралтын ажлыг гацааж байгаа нь цаг хугацаа болон хөрөнгө санхүүгийн ихээхэн хохирол учруулж байна. Иймд “У Ө Ө” ХХК-ийн гаргасан 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 01/05 тоот нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

9. Гуравдагч этгээд “Т Ц К” ХХК-ийн захирал Н.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Худалдан авах ажиллагааны газраас 02 дугаар сарын 05-ны өдөр ирсэн бичигт “М Ө Ц” ХХК-ийн мэдээлэл цахим системд харагдахгүй байна гэсэн. Түүнийг би буруу мэдээлэл ирсэн болов уу гэж бодож байна. Тухайн компани хэвийн үйл ажиллагаа явуулж, жил бүр санхүүгийн тайлангаа явуулж байгаа. Харагдахгүй байна гэдэг нь систем алдаатай байсан юм болов уу гэж бодож байна. Одоо бүх зүйл цахим болчихсон, тендерт бичгээр бараг материал ирүүлэхээ больж байгаа, бүгд цахимаар Е-баланс татварын систем, нийгмийн даатгал, ажилчдын мэдээлэл, тоног төхөөрөмж, хийсэн ажил зэргийг компанийн регистрийн дугаараар ороод үздэг. Манай 2 компанийн борлуулалтын орлого нийлээд үнийн дүнгийн 50 хувийг хангалттай хангаж байгаа. Бид тооцож үзээд оруулсан байгаа. Тухайн тендерийн ажлын өгөгдлийн хүснэгтийн 18.2-т тендерт оролцогчид санхүүгийн тайлангаа цаасаар ирүүлэх шаардлагагүй, Ebalance.mof.gov.mn гэх Сангийн яамны сайтаас харна гэж заасан байгаа тул бид заавал цаасаар явуулаад баталгаажуулах шаардлагагүй. Ийм учраас цахимаар бичиг баримтаа явуулсан. Манай талаас явуулсан тендерийн бичиг баримтын 26 дугаар талд түншлэгч компанийн 2021, 2022, 2023 онд хийсэн ажлын нэр үнийн дүнтэйгээ байгаа. Тэндээс борлуулалтын орлого буюу тухайн жилд хийж гүйцэтгэсэн ажлын мөнгөн дүнгийн хэмжээ тайланд тусгасан байдал харагдана...”гэжээ.

10. Гуравдагч этгээд “М Ө Ц” ХХК-иас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Манай компани тухайн тендерт толгой компани болох “Т Ц К” ХХК-тай түншлэлийн гэрээ байгуулж оролцсон. Манай компанийн 2021, 2022, 2023 онуудын борлуулалтын орлогын дундаж нь тухайн тендерийн баримт бичгийн 2 бүлгийн өгөгдлийн хүснэгтийн ТШ3 18.1 заалтыг хангаж байгаа болно. Мөн төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.6-д зааснаар тендерт оролцогч болон түншлэлийн гишүүдийн санхүүгийн чадавхын нийлбэр дүнгээр тооцно гэсэн заалтын хүрээнд хүргүүлсэн тендерийн материал тухайн тендерийн баримт бичгийн 2 бүлгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 18.1 заалтыг хангаж байгаа болно. Иймд “У Ө Ө” ХХК-ийн гаргасан 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 01/05 тоот нэхэмжлэл нь үндэслэлгүй байгаа тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.Манай компани цаашид уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хүсэлтгүй байгаа тул хүлээн авна уу” гэжээ.

11. Гуравдагч этгээд “М Ө Ц” ХХК-иас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохгүй тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээд “М Ө Ц” ХХК-ийг оролцуулахгүйгээр хянан шийдвэрлэсэн болно.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагч, гуравдагч этгээдийн хариу тайлбар, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлэн дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс “...Тендерт шалгарсан "Т Ц К" ХХК-ийн 2021, 2022, 2023 онуудын нийлбэрийн дундаж борлуулалтын орлогын хэмжээ нь 190,837,000 төгрөг байгаа нь тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 18.1-д заасан шаардлагыг хангахгүй, мөн тус компанийн дулааны инженерт санал болгосон Г.О нь Увс аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт 2020-2023 онуудад ажиллаж байсан тул ашиг сонирхолын зөрчилтэй, түншлэлийн гэрээ шаардлага хангахгүй...” гэх нэхэмжлэл, тайлбар гарган нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.

3. Хариуцагч тендерийн Үнэлгээний хорооноос “...“Т Ц К” ХХК нь түншлэгч компанийн борлуулалтын орлогоо өөрийн компанийн орлогоосоо гадна давхар тооцож тендерийн баримт бичигтээ оруулж ирсэн байдаг. Энэ нь хуулиар түншлэлээр оролцсон тохиолдолд тухайн компанийн борлуулалтын орлоготой адилтгаж үзэх зохицуулалт байдаг учраас хууль зөрчөөгүй, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан тендерийн санхүүгийн чадавхыг хангасан гэж үзэж байна, мөн түншлэлийн гэрээг байгуулсан байдаг...” гэсэн тайлбар гарган нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй байна.

4. Гуравдагч этгээдээс “...Манай компани тухайн тендерт "М Ө Ц" ХХК-тай тендерт оролцогч болон түншлэлийн гишүүдийн санхүүгийн чадавхын нийлбэр дүнгээр тооцох гэсэн шаардлагыг хангахын тулд түншлэлийн гэрээ байгуулж оролцсон. Манай компанийн хүргүүлсэн тендерийн материал тухайн тендерийн баримт бичгийн II бүлгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 18.1 заалтыг хангаж байгаа, Г.О өмнө нь Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргаар ажиллаж байсан нь тухайн тендерт хамааралгүй  болно, түншлэлийн гэрээг байгуулсан...” гэсэн тайлбар гарган нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй байна.

5. Увс аймгийн Худалдан авах ажиллагааны газраас зарласан Аялал жуулчлалын гол чиглэл, улсын чанартай хатуу хучилттай авто зам дагуу үйлчилгээний цогцолборын барилгын тендер шалгаруулалтын үнэлгээний хороо анх 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хуралдаж, “Т Ц К” ХХК-ийн ирүүлсэн тендерийг хамгийн сайн тендер гэж үзэн гэрээ байгуулах эрх болгох зөвлөмжийг гаргасан байх ба шийдвэрийг эс зөвшөөрч оролцогч “У Ө Ө” ХХК гомдол гаргажээ.

6.Сангийн яам гомдлыг хянаад 2024 оны 11 сарын 18-ны өдрийн 03/9522 дугаартай албан бичгээр “Т Ц К” ХХК болон “М Ө Ц” ХХК-ийн түншлэлийн тендерт ирүүлсэн ажлын төсвийн дүн нь тендер илгээх маягтын үнээс зөрүүтэй байхад Сангийн сайдын 2023 оны А/255 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Тендер үнэлэх, давуу эрх олгох аргачлал, заавар” -ын 7.2-т “Энэ аргачлал, зааврын 7.1-д заасан маягтын үнийн задаргааны нийлбэр нь арифметик алдаагүй боловч тедер илгээх маягтын үнээс зөрүүтэй бол үнийн задаргааны нийт нийлбэрийг тендерийн нээлтэд зарлагдсан үнэ болгож залруулна” гэж заасны дагуу үнэлгээ хийгээгүй, мөн түншлэлийн тендерт “М Ө Ц” ХХК-ийн 2021, 2022, 2023 оны санхүүгийн тайлан ирүүлээгүй нь тендер шалгаруулалтын баримт бичгийн шаардлага хангаагүй байна” гэж үзэн тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг даалгаж шийдвэрлэжээ.

7. Тендерийн үнэлгээний хороо 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр дахин хуралдаж “Т Ц К” ХХК-ийн ирүүлсэн тендерийг хамгийн сайн тендер гэж үнэлэн гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг аймгийн Засаг даргад хүргүүлсэн байна.

Увс аймгийн Засаг даргаас “Т Ц К” ХХК-д 2024 оны 11 сарын 27-ны өдрийн 1/2036 дугаартай “гэрээ байгуулах эрх олгох” тухай албан бичгийг, “У Ө Ө” ХХК-д ирүүлсэн тендер нь эрэмбийн 2-д эрэмбэлэгдсэн болох талаарх 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 1/2037 дугаартай албан бичгийг тус тус хүргүүлсэн байна.

8. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын "Т Ц К" ХХК-ийн 2021, 2022, 2023 онуудын нийлбэрийн дундаж борлуулалтын орлогын хэмжээ нь 190,837,000 төгрөг байгаа нь тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 18.1-д заасан шаардлагыг хангахгүй гэх үндэслэлийн талаар:

8.1. “Т Ц К” ХХК болон “М Ө Ц” ХХК нь 2024 оны 9 сарын 23-ны өдөр тендерт түншлэлээр оролцон хамтран ажиллах гэрээг байгуулсан байх ба гэрээнд зааснаар түншлэлийн А тал буюу “Т Ц К” ХХК түншлэлийг бүрэн төлөөлөх эрхийг эдлэн, хамтын ажиллагааг бүхэлд нь удирдан зохион байгуулахаар тохиролцсон байна.

8.2. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Тендер шалгаруулалтын баримт бичгийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан жишиг баримт бичиг, маягт, гэрээний нөхцөл болон холбогдох журам, аргачлалын дагуу боловсруулж, захиалагч батална”, 11.2-д “Оролцогчийг тендер бэлтгэж ирүүлэхэд шаардагдах мэдээлэл, оролцогчид тавих шаардлага, заавар, хамгийн сайн тендерийг шалгаруулах шалгуур үзүүлэлт, аргачлал, захиалагчийн санал болгож байгаа гэрээний нөхцөлүүд, техникийн тодорхойлолт, тендерийн жишиг маягтыг тендер шалгаруулалтын баримт бичигт тусгана”, 15 дугаар зүйлийн 15.1-д “Захиалагч гэрээний үүрэг гүйцэтгэхэд сонирхогч этгээд болон оролцогчид тавигдах зайлшгүй шаардлагад үндэслэсэн санхүүгийн болон техникийн чадавх, туршлагын талаар хангавал зохих доод шаардлага, шалгуур үзүүлэлтийг тендер шалгаруулалтын баримт бичигт заана.” 16 дугаар зүйлийн 16.5-д “Оролцогч захиалагчийн тогтоосон санхүүгийн чадавхын шаардлагыг хангасан байна”, 16.6-д “Түншлэлийн гишүүн тус бүрийн болон хамтдаа хангавал зохих санхүүгийн чадавхын доод шаардлагыг тендер шалгаруулалтын баримт бичигт заана” гэж тус заасан тул  Аялал жуулчлалын гол чиглэл, улсын чанартай хатуу хучилттай авто зам дагуу үйлчилгээний цогцолборын барилга барих ажлын тендерийн баримт бичигт заасан зохицуулалтын хүрээнд дүгнэлтийг хийв.

8.3. Аялал жуулчлалын гол чиглэл, улсын чанартай хатуу хучилттай авто зам дагуу үйлчилгээний цогцолборын барилга барих ажлын тендерийн баримт бичиг буюу тендер шалгаруулалтын зааварчилгааны 17.3-д “Түншлэлийн хувьд төлөөлөх эрх бүхий гишүүн, гишүүн хамтдаа ТЗШ-ны 18, 19-д заасан чадавхын болон туршлагын шаардлагыг бүрэн хангасан байна” гэж, 17.4-д “Түншлэлийн төлөөлөх эрх бүхий гишүүн ТШЗ-ны 18, 19-д заасан чадавхын болон туршлагын шаардлагын 40-өөс дээш хувийг, түншлэлийн гишүүн тус бүр 25 ба түүнээс дээш хувийг хангасан байна” гэж, 18.1-д “оролцогч Өгөгдлийн хүснэгтэд заасан санхүүгийн чадавхийн шаардлага хангасан байна” гэж, Өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 18.1 хэсэгт “2021, 2022, 2023 онуудын нийлбэр дундаж борлуулалтын орлогын хэмжээ нь батлагдсан төсөвт өртгийн 50 хувь болон түүнээс багагүй байна” гэж заажээ.

Өөрөөр хэлбэл, түншлэлээр  оролцож байгаа хоёр компани хамтдаа санхүүгийн чадавхийн шаардлагыг хангаж оролцох боломжтой буюу “Т Ц К” ХХК, “М Ө Ц” ХХК-ийн 3 жилийн хугацааны дундаж борлуулалтын хэмжээний нийлбэрээр санхүүгийн чадавхийг тооцохоор байна.

            “Т Ц К” ХХК-ийн хувьд 2021, 2022, 2023 онуудын нийлбэр дундаж борлуулалтын орлогын хэмжээ 190,837,000 төгрөг байх ба      “М Ө Ц” ХХК-ийн хувьд сангийн яамнаас ирүүлсэн санхүүгийн тайлангаас үзэхэд борлуулалтын орлогын хэмжээг тооцож үзэхэд 2021 онд 288,537,600 төгрөг, 2022 онд 402,749,800 төгрөг, 2023 онд 514,369,334.360 төгрөг,дундаж борлуулалтын орлого 401,885,578 төгрөг, тус хоёр компанийн 3 жилийн дундаж борлуулалтын нийт орлого 592,832,555 төгрөг болж тендерийн батлагдсан төсөвт өртгийн 50 хувь болох 400,000,000 сая төгрөгөөс дээш байна.

           8.4. Тендерийн үнэлгээний хорооны 2 удаагийн хуралдаанаар “У Ө Ө” ХХК, “Т Ц К” ХХК-ийн санхүүгийн тайлан цахимаар танилцуулагдсан,  “М Ө Ц” ХХК-ийн санхүүгийн тайлан тендерийн цахим системд харагдахгүй байсан тул танилцуулагдаагүй талаар тус хорооны нарийн бичгийн дарга Б.А, В.Т нар мэдүүлсэн, хорооны дарга Б.Б санхүүгийн чадавхитай холбоотой бусад баримтуудыг харгалзан үзсэн талаар тайлбарласан.

            Тендерийн баримт бичгийн зааварчилгааны 17.2-д “ Хуулийн 15.2-т заасан цахим системээр дамжуулан шалгах боломжтой, олон нийтэд нээлттэй мэдээллийг нотлох баримтаар ирүүлэхгүй гэж,  өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 18.2 хэсэгт санхүүгийн чадавхийг хянан үзэхэд үндэслэл болгох баримт бичиг: 1.Тендерт оролцогчийн борлуулалтын орлогын мэдээллийг Сангийн яамны санхүүгийн тайлангийн www.e-balance.mof.gov.mn мэдээллийн системээс шалгана гэж тус тус заасан тул тендерийн үнэлгээний хорооноос Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 51.4.Тендер хянан үзэх, үнэлэхэд энэ хуульд заасан үндэслэлээр холбогдох этгээдээс тодруулга авах шаардлагатай гэж үзвэл үнэлгээний хорооны хурлыг хойшлуулж болно.гэх зохицуулалтын хүрээнд www.e-balance.mof.gov.mn мэдээллийн системд “М Ө Ц” ХХК-ийн санхүүгийн тайлан байгаа эсэх талаар тодруулж хянан үзэх байжээ.

            8.5. “М Ө Ц” ХХК-иас ирүүлсэн тендерийн баримт бичигт 2022, 2023 онуудад хийж гүйцэтгэсэн ажлын гэрээ, ажлыг ашиглалтад хүлээн авсан тухай акт зэргийг ирүүлсэн байх ба эдгээрийн гэрээний үнийг авч үзвэл  орон нутагт холбооны 25м цахмаг барих ажил гүйцэтгэх гэрээний ажлын үнэ 534,898,855 төгрөг , харилцаа холбооны дахин дамжуулах станцын барилгын ажил гүйцэтгэх гэрээний ажлын дүн 245,469,874 төгрөг /Увс аймгийн Өмнөговь сум/, үүрэн холбооны сүлжээний ажлын үнэ 1,489,659,252 төгрөг  /Баянхонгор аймаг/,  төвийн бүсийн аймгуудын холбооны цамхаг барих ажлын гэрээний ажлын үнэ 409,947,856 төгрөг байна.Эдгээр ажлын гэрээний үнийн дүнг тооцвол тендерийн төсөвт өртгийн 50 хувиас дээш байна.

            8.6. Тендерийн баримт бичигт санхүүгийн тайланг бичгээр ирүүлэхийг шаардаагүй,борлуулалтын орлогын мэдээллийг www.e-balance.mof.gov.mn мэдээллийн системээс шалгана гэж заасан тул “М Ө Ц” ХХК-ийг борлуулалтын орлогын тайланг ирүүлээгүй гэж үзэхгүй бөгөөд үнэлгээний хорооны ажлын зохион байгуулалттай холбоотой асуудалд “М Ө Ц” ХХК-ийг буруутгах боломжгүй.

             8.7. Шүүхийн шатанд “М Ө Ц” ХХК-ийн санхүүгийн тайлан www.e-balance.mof.gov.mn мэдээллийн системд байршдаг, уг систем дэх санхүүгийн тайланг Сангийн яамнаас бичгээр ирүүлсэн, уг тайлангаар “М Ө Ц” ХХК болон “Т Ц К” ХХК-ийн  түншлэл санхүүгийн чадавхын шалгуурыг хангаж байгаа нь тогтоогдсон тул үнэлгээний хорооны даргын гаргасан “М Ө Ц” ХХК-ийн ирүүлсэн тендерийн баримтууд буюу хийж гүйцэтгэсэн ажлын гэрээ зэргийг дүгнэн  санхүүгийн чадавхын шаардлагыг хангаж байгаа гэж дүгнэсэн” гэх тайлбарыг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.

             8.8. Түүнчлэн “Т Ц К” ХХК нь 2021, 2022, 2023 онуудын нийлбэр дундаж борлуулалтын орлогын хэмжээ 190,837,000 төгрөг  байгаа нь түншлэлийн төлөөлөх эрх бүхий гишүүний хувьд тендерийн өгөгдлийн хүснэгтэд заасан санхүүгийн чадавхийн 40-өөс дээш хувийг хангах / нийт тендерийн төсөв 800,000,000 төгрөг, үүний 50 хувь 400,000,000 сая төгрөг, 400,000,000 төгрөгийн 40 нь 160,000,000 төгрөг/ шаардлагыг хангаж байна.

            8.9. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын  "Т Ц К" ХХК-ийн 2021, 2022, 2023 онуудын нийлбэрийн дундаж борлуулалтын орлогын хэмжээ нь 190,837,000 төгрөг байгаа нь тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 18.1-д заасан шаардлагыг хангахгүй”  гэх тайлбар үндэслэлгүй гэж үзлээ.

            9. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын ““Т Ц К" ХХК-ийн дулааны инженерт санал болгосон Г.О нь Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргаар ажиллаж байсан тул ашиг сонирхлын зөрчилтэй” гэх үндэслэлийн талаар:

          9.1. ”Т Ц К" ХХК-ийн тендерийн баримт бичигт санал болгосон хүний нөөцийн мэдээлэлд дулааны инженерт Г.О-ыг санал болгосон байна.

            Г.О нь Увс аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/08 дугаартай захирамжаар Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон Увс аймгийн Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн Б/17 дугаартай захирамжаар даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн үүрэгт ажлаас чөлөөлжээ.

            9.2. Нэхэмжлэгч талаас Г.О тус компаний дулааны инженерээр ажиллах нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан Дараах нөхцөлийн аль нэг үүссэн бол оролцогчийг ерөнхий шаардлага хангаагүй гэж үзнэ:

            7.1.7-д тендер шалгаруулалтын баримт бичгийг боловсруулахад зөвлөгөө өгсөн, оролцсон, эсхүл тухайн зөвлөгөө өгсөн, оролцсон этгээдтэй харилцан хамааралтай гэх заалт, мөн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Албан тушаалтан нь албан үүргээс чөлөөлөгдсөнөөс хойш хоёр жилийн хугацаанд ашиг сонирхлын зөрчил үүсэж болох дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

21.1.1.урьд гүйцэтгэж байсан албан үүрэгтэй нь холбоотой байсан аж ахуйн нэгж, байгууллагад ажиллах;

            21.3.Албан тушаалтан энэ хуулийн 21.1-д заасан хязгаарлалтад хамаарах этгээдтэй албаны чиг үүргийн дагуу харилцаа тогтоохыг хориглоно гэж заасныг зөрчсөн гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлсон.

            9.3. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.17-д "тендер шалгаруулалтын баримт бичиг" гэж захиалагчаас тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлага, аргачлалыг тодорхойлсон баримт бичгийг” ойлгохоор заасан, тухайн тендер шалгаруулалтын бичиг баримтыг боловсруулахад Г.О оролцсон талаар нөхцөл байдал тогтоогдоогүй, нэхэмжлэгч тал энэ талаар үндэслэл бүхий тайлбар, нотлох баримтыг гаргаагүй тул тендерт оролцогч “Т Ц К” ХХК-ийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7-д заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.

          9.4. “Т Ц К” ХХК-ийн тендерийн бичиг баримтад авагдсан 2021-2023 онуудад ижил төстэй ажлыг гүйцэтгэсэн талаарх баримтууд болох Жуулчдад мэдээлэл өгөх, отоглох талбай байгуулах ажил гүйцэтгэх гэрээ, сумын наадмын талбайн шинэчлэлийн ажлын гэрээ, сумын төвийн тохижилтын ажлын гэрээ, ажлыг хүлээн авах комиссын дүгнэлтүүдэд  Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Г.О-ын гарын үсэг зурагдсан байна.

           9.5. Зөрчлийн тухай хуулийн 15.30 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Албан үүргээс чөлөөлөгдсөнөөс хойш хоёр жилийн хугацаанд ашиг сонирхлын зөрчил үүсэж болох хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан бол байгуулсан гэрээ, контракт, авсан зөвшөөрлийг хүчингүй болгож хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан ба энэ талаарх гомдлыг Авлигатай тэмцэх газрын эрх бүхий албан тушаалтан шалган шийдвэрлэхээр  байна.

           9.6. Тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын зааварчилгааны 5.2 дахь хэсэгт “ Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 20, 20 1,21 дүгээр зүйлд заасан хориглолт, хязгаарлалтад хамаарах этгээд тендер шалгаруулалтад оролцох эрхгүй байна гэж зааснаас үзэхэд Г.О нь тендерт оролцогч “Т Ц К” ХХК-ийн удирдах албан тушаалтан буюу компанийг төлөөлөх эрх бүхий этгээд биш байна.

           9.7. Иймд Г.О-ыг “Т Ц К” ХХК-ийн дулааны инженерээр ажиллаж байгаа гэх үндэслэлээр “Т Ц К” ХХК-ийг тендерт шалгаруулсан хариуцагчийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй болно.

         10. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д “Түншлэлийн гишүүд дараах шаардлага хангасан гэрээний үндсэн дээр тендер ирүүлнэ:

6.3.1.гэрээний үүрэг гүйцэтгэхэд бүх гишүүний хамтран болон тус бүр хүлээх үүрэг, хариуцлагыг заасан байх;

6.3.2.худалдан авах ажиллагаанд түншлэлийг төлөөлөн оролцох, гэрээний хэрэгжилтийг захиалагч болон бусад этгээдийн өмнө хариуцах нэг гишүүнийг томилсон байх гэж заасан.

         “Т Ц К” ХХК болон “М Ө Ц” ХХК-ийн  хооронд байгуулсан түншлэлийн гэрээний 4 дэх хэсэгт талуудын эрх, үүргийг тодорхойлсон, түншлэлийг төлөөлөх эрх бүхий этгээдээр “Т Ц К” ХХК ажиллахаар заасан байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “түншлэлийн гэрээнд талуудын гүйцэтгэх үүрэг тодорхойгүй” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүйг тэмдэглэв.

           11. Шүүхээс тендерийн үнэлгээний хорооны 2024 оны 11 дүгээр сарын 22-ны №02 дугаартай хурлын тэмдэглэлийн зөвлөмжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл үндэслэлгүй гэж үзсэн тул үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг дагалдаж шийдэгдэх “ Увс аймгийн Засаг даргатай байгуулсан 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн №БОАЖЯ/20240101008 тоот гэрээг хүчингүй” болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.

           Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан БОАЖЯ/20240101008 дугаартай тендерийн үнэлгээний хорооны 2024 оны 11 дүгээр сарын 22-ны №02 дугаартай хурлын тэмдэглэлийн зөвлөмж, Увс аймгийн Засаг даргатай байгуулсан 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн №БОАЖЯ/20240101008 тоот гэрээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийнг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

12. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14,107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 16 дугаар зүйлийн 16.5, 16.6, 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч “У Ө Ө” ХХК-иас Увс аймгийн Засаг даргад болон БОАЖЯ/20240101008 дугаартай тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан “тендерийн үнэлгээний хорооны 2024 оны 11 дүгээр сарын 22-ны №02 дугаартай хурлын тэмдэглэлийн зөвлөмж, “Т Ц К” ХХК-ийн Увс аймгийн Засаг даргатай байгуулсан 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн №БОАЖЯ/20240101008 тоот гэрээг тус тус хүчингүй болгуулах тухай”  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар  зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3  дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ,ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Д.АЛТАНЦЭЦЭГ