Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 98

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

улсын яллагч У.Солонго,

шүүгдэгч Ц.П, өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ц.Пийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1708022990370 дугаар хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .........

Ц.П нь 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Толгойтын эцсээс 21 дүгээр хороолол хүргүүлэх гэж таксинд суухдаа төлбөрийн асуудлаас болж маргалдан улмаар таксины жолооч иргэн Д.дг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.П шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Торгох ял оногдуулж өгнө үү” гэв.

Эрүүгийн 1708022990370 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Д.дгийн: “Миний бие 68-38 УНА улсын дугаартай “Тоёота приус-10” маркийн автомашинаараа таксины үйлчилгээнд Сонгинохайрхан дүүргийн нутаг, Толгойтын эцсээс хүн аваад 21 дүгээр хороолол хүртэл явдаг. 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 15 цагийн орчим Толгойтын эцсээс 4 хүн аваад 21 дүгээр хорооллын автобусны буудал хүргэж өгөхөөр явж байтал П /сүүлд нэрийг нь мэдсэн/ гэх залуу замдаа 65 дугаар сургуулийн харалдаа буухаар болсон. Буухдаа “Мөнгө байхгүй, гичий, янхан” гэх мэтээр хэл амаар доромжлоод хаалга саваад буусан. Миний уур хүрээд машинаасаа буугаад “яагаад хүн доромжлоод байгаа юм” гэтэл миний нүүрэн тус газар гараараа 2 удаа цохиод авсан. Миний үснээс зулгаагаад чирсэн. Би хариу үйлдэл хийж чадаагүй байхад тэр залуу зугатаасан. Би араас нь хөөж байтал хашаа даваад нэг нохойтой хашаа руу орсон. Тэгэхээр нь би орхиод машинд сууж байсан хүмүүсийг 21 дүгээр хороолол руу хүргэж өгөөд буцаад 65 дугаар сургуулийн харалдаа ирээд нөгөө залуугийн давж орсон хашааны хаалгыг тогштол нөгөө залуу гарч ирээд намайг “Цагдаагаа дуудаад өг” гээд дахин цохих гэж дайрсан. Би зугатаасан. Тэгтэл тэр залуу хашаанаас том нохой гаргаж ирээд намайг айлгасан. Би айсандаа машиндаа суугаад харсан. Тэр залуу нохойгоо хашаандаа оруулаад газраас чулуу аваад шидэхээр нь би машинаа асаагаад хөдөлсөн. Шидсэн чулуу нь машин оноогүй. Маргаан ...төлбөр тооцоогоо төлөөгүй, мөн хэл амаар доромжилсон, буухдаа машины хаалга савж бууснаас болж үүссэн. Зүүн нүд хавдсан, зүүн хацар өвдөж байна. Толгой өвдөж байна. Зуурч байхдаа баруун гарыг маань мушгисан учир хуруунууд хөндүүртэй өвдөж байна. ...Намайг цохиж зодсон залуу согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Гэхдээ ухаан санаагаа хянах чадвартай байсан гэж бодож байна. Гомдолтой байна, хуулийн дагуу арга хэмжээ авахуулмаар байна” гэх мэдүүлэг /хх-14-15/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 13752 дугаар шинжилгээний  дүгнэлтэд: “1.Д.дгийн биед зүүн нүдний зовхи, зүүн хацрын төвгөр, баруун гарын сарвууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн ...журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5.Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой” гэжээ /хх-23/,

Шүүгдэгч Ц.Пийн яллагдагчаар өгсөн: “...Тухайн үед би ганцаараа явж байсан. Бага зэргийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Таксинд суухад жолооч нь эмэгтэй хүн байсан. Тэгээд сууж яваад өөрийн гэрийн харалдаа замын дагуу зогсоогоод төлбөрөө төлөх гэтэл надад мөнгө байгаагүй. Тэгээд жолооч эмэгтэйтэй маргалдсан. Гэртээ ороод мөнгө аваад өгчихье гэтэл жолооч машин дотор сууж байхад заамдаж аваад баруун шанаа руу гараараа 2 удаа цохисон. Би хариу цохиогүй, өөрөөсөө холдуулж түлхсэн. Тэгээд би машинаас буутал жолооч эмэгтэй бууж ирээд миний хувцаснаас зуураад тавихгүй байсан. Тэгэж байхдаа гараараа намайг цохиод байсан. Хаашаа хэдэн удаа цохисныг санахгүй байна. Би гарыг нь тавиулчихаад өөрийн хашаа руугаа зугатаасан. Надад гэмтэл бэртэл учраагүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Ажлаа хийж явсан хүнд саад учруулсандаа гэмшиж байна” гэх мэдүүлэг /хх-31-32/,

Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-33/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-38/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-39/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-40/, таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-43-44, 45-46/, Сум дундын 7 дугаар шүүхийн шүүгчийн 2014.12.15-ны өдрийн 209 дүгээр захирамж /хх-50/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүй болно.   

Шүүх хуралданаар шүүгдэгч Ц.П 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт таксины төлбөрийн асуудлаас болж жолооч Д.дтай маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дээрх шинжлэн судлагдсан нотлох баримтууд буюу мөрдөн байцаалтанд өгсөн хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн өгсөн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ц.Пийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас хохирогч Д.дгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол гэмтэл учирсан бөгөөд “Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” /хх-47/ гэснийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Ц.П нь ажил хөдөлмөр эрхэлж байгаа тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгч гэм буруугийн асуудлаар маргадаггүй. Улсын яллагчийн зүгээс санал болгосон торгох ял оногдуулахтай санал нэг байна. Хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэж байгаа, шүүгдэгч ажилд ороод удаагүй байгаа зэрэг хувийн байдлыг харгалзан шүүгдэгчийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгож, 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай” гэж тус тус дүгнэлт гаргалаа.  

Шүүх тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ял оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.  

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Ц.П урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болно. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц.Пийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Пийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаан зуу мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Пийг 600.000 төгрөгөөр торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.П торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Ц.П бусдад төлөх төлбөргүй, урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Пид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

 

 

 

                   ДАРГАЛАГЧ                                    Л.БААТАР