Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2021/00578

 

 

2021 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2021/00578

 

Зуун найман ойл ХХК-PЗ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Байгалмаа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2021/00260 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч З ХХК-ийн хариуцагч Э ХХК-д холбогдуулан гаргасан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 772 503 900 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: З ХХК нь Э ХХК-тай 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн №108/2019/ЭДА/01 дугаартай газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулж, 16 удаагийн ачилтаар 300,130 литр дизель түлш худалдан авсан бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 515 002 600 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгон мөн өдөр Э ХХК, З ХХК-ийн хооронд 108/2019/БЭДА/01 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулагдаж, иргэн П.Г өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Үйлдвэр гудамж хд-79 дүгээр байр 12 тоот хаягт байрлах 99 м.кв бүхий 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, Зайсан гудамж 39/1 тоот хаягт байрлах 439 м.кв бүхий цехийн барилгын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг тус тус З ХХК барьцаанд авч, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд зохих журмын дагуу бүртгүүлсэн.

Э ХХК нь газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах-худалдан авах гэрээний 5.2.1-т заасны дагуу нийлүүлсэн дизель түлшний төлбөрийг 309 хоногоор хэтрүүлсэн байх тул тус гэрээний 5.2.2-т заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх алдангийг үлдэгдэл төлбөрийн 50 хувиас хэтрэхгүй байхаар тооцоход 257 501 300 төгрөг, гэрээний дагуу нийлүүлсэн дизель түлшний үлдэгдлийн хамт нийт 772 503 900 төгрөг болж байгаа бөгөөд энэхүү төлбөрийг төлж барагдуулах талаар манай компаниас Э ХХК-д 2020 оны 02 дугаар сарын 27-ний өдөр №20/143 дугаартай мэдэгдэл, 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 20/472 дугаартай мэдэгдлийг, нэхэмжлэхийн хамт тус тус хариуцагчид хүргүүлснийг хүлээж авсан боловч өнөөдрийн байдлаар төлж барагдуулаагүй, хариу ирүүлээгүй байна.

Хариуцагч Э ХХК-иас 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 108/2019/ЭДА/01 дугаартай газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах-худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр болох 515 002 600 төгрөг, алданги 257 501 300 төгрөг, нийт 772 503 900 төгрөгийг Э ХХК-иас гаргуулж өгнө үү.

Энэхүү өр төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүд болох иргэн П.Г өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Үйлдвэр гудамж хд-79 дүгээр байр 12 тоот хаягт баирлах 99 м.кв бүхий 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Хаатшуүн ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, Зайсан гудамж 39/1 тоот хаягт байрлах 439 м.кв бүхий цехийн барилгын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөнүүдээр хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан №108/2019/ЭДА/01 дугаартай газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр 16 удаагийн ачилтаар 300,130 литр дизель түлш худалдан авсан.

Э ХХК-д 300,130 литр түлш нийлүүлсэн гэдэг боловч хүлээлгэн өгсөн баримт байхгүй, Дархан-Алдар ХХК-ийн Ч.Гэрлээд өгсөн байдаг. Үүнийхээ төлбөрийг Э ХХК-иас нэхэмжилж болохгүй юм. Нэхэмжлэгч хэднээс хэдний хооронд алданги тооцож байгаа нь тодорхойгүй байна. З ХХК-иас авсан шатахууны үнээс хэд дахин бага үнээр манайх худалдсан, алданги нэхэмжилж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар Э ХХК-иас 695 253 510 төгрөгийг гаргуулан З ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 77 250 910 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох иргэн П.Г өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Үйлдвэр гудамж хд-79 дүгээр байр 12 тоот хаягт байрлах 99 м.кв бүхий 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Хаатшуүн ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, Зайсан гудамж 39/1 тоот хаягт байрлах 439 м.кв бүхий цехийн барилгын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө зэргийн үнийн дүнгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 090 669 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 3 634 218 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч нь хариуцагчийг 16 удаагийн ачилтаар 300,130 литр дизель түлш худалдан авсан бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 515 002 600 төгрөгийн үлдэгдэлтэй гэж анхан шатны шүүх энэ хэмжээгээр дүгнэж хэргийг шийдвэрлэсэн. Гэвч хх-42 дах талд 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 3,000 литр түлшийг Хэнмэдхэв гэх хүнд хүлээлгэн өгсөн гэсэн байх боловч манай байгууллагын зүгээс уг өдөр түлш аваагүй ба түлш авсан гэх этгээдийг танихгүй юм. 3,000 литр түлшийг гэрээгээр тохиролцсон гэх 1 850 төгрөгөөр тооцвол 5 550 000 төгрөг болох юм. Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж 5 550 000 төгрөгийг хасч өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч З ХХК нь хариуцагч Э ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 772 503 900 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

З ХХК, Э ХХК-ийн хооронд 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 108/2019/ЭДАО/01 тоот Газрын тосны бүтээгдэхүүн худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээгээр худалдагч З ХХК нь 300,000 литр шатахууныг, 1 литрийг 1850 төгрөгөөр нийлүүлэх, худалдан авагч Э ХХК нь төлбөрийг бараа нийлүүлсэн өдрөөс хойш хуанлийн 30 хоногийн дотор бүрэн төлж барагдуулахаар тохиролцсон байна. /хх16-22 дах тал/

 

Дээрх гэрээний дагуу З ХХК нь 16 удаагийн тээвэрлэлтээр 2019 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 300,130 литр шатахууныг Э ХХК-д нийлүүлсэн болох нь хэрэгт авагдсан шатахуун тослох материалын зарлагын падаануудаар /хх41-54/ тогтоогджээ.

 

Тодорхой хугацааны дотор төлбөр төлөхөөр талууд тохиролцсон нь хүү тогтоосон агуулгагүй зээлээр худалдах-худалдан авах гэрээнд хамаарахгүй байхад анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь алдаатай болсныг залруулж талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэж шүүхийн шийдвэрийн тогттох хэсэгт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч З ХХК-д хариуцагч Э ХХК нь худалдах-худалдан авах гэрээний дагуу худалдан авсан шатахууны үнийг гэрээнд заасан хугацаанд төлөх үүргээ биелүүлээгүй Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар үүрэг зөрчсөн буруутай байна. З ХХК-ийн Э ХХК-д 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр, мөн оны 7 дугаар сарын 31-ний өдөр мэдэгдэл хүргүүлж гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж байжээ.

 

Э ХХК нь 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар худалдан авсан шатахууны үнэд 40 237 900 төгрөг төлж үлдэх 515 002 600 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй тул З ХХК нь 515 002 600 төгрөгийг Э ХХК-иас Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу шаардах эрхтэй байна. /хх28-32 дах тал/

 

Зохигчдын хооронд байгуулагдсан Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах-худалдан авах гэрээний 5.2.2-т худалдан авагч гэрээний төлбөрийг хавсралтад заасан хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алданги төлнө гэж тохиролцсон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дах хэсэгт заасантай нийцсэн бөгөөд хариуцагч Э ХХК-ийн гэрээний дагуу гүйцэтгээгүй үүрэг 515 002 600 төгрөгөөс алданги тооцох үндэслэлтэй талаар анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Талууд гэрээгээр алдангийн талаар тохиролцсон, хариуцагч нь сүүлийн байдлаар 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр шатахуун худалдан авсан бөгөөд нэхэмжлэгч 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл 300 хоногт 386 251 950 төгрөгийн алданги төлөх үүрэгтэй боловч нэхэмжлэгч алдангид 257 501 300 төгрөг нэхэмжилсэн ба улс орон даяар цар тахал дэгдсэн, хорио цээр тогтоож, иргэн хуулийн этгээдүүд хэвийн ажиллах боломжгүй байгаатай холбоотойгоор нэхэмжлэгчийн нэхэмжилж буй алданги 257 501 300 төгрөгийг илт их гэж үзэж анхан шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд анзын хэмжээг 30 хувиар багасгаж хариуцагчаас алданги 180 250 910 төгрөг гаргуулсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дах хэсэгт заасантай нийцсэн, энэ талаар нэхэмжлэгч гомдол гаргаагүй тул талуудын зарчмыг үндэслэн хэвээр үлдээх үндэслэлтэй.

 

Хариуцагч талын 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 3,000 литр түлшийг Хэнмэдхэв гэх хүнд хүлээлгэн өгсөн боловч манай байгууллагын зүгээс уг өдөр түлш аваагүй, түлш авсан гэх этгээдийг танихгүй тул 5 550 000 төгрөг хасуулах тухай давж заалдах гомдол үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэгч хариуцагч байгууллага урьдчилж шатахуун авах жолоочийн нэрийг автомашины дугаартай хамт и-мэйлээр өгдөг гэх тайлбар болон хэргийн 42 дах талд авагдсан баримтыг хариуцагч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар үгүйсгэж чадаагүй болно. Иймд 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр түлш авсан Хэнмэдхэв гэх хүнийг танихгүй тул 3,000 литр түлшний үнэ 5 550 000 төгрөгийг хасч өгнө үү гэх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй болно.

 

З ХХК, Э ХХК-ийн 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 108/2019/БЭДАО/01 тоот Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээгээр 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд иргэн П.Г өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Үйлдвэр гудамж хд-79 дүгээр байр 12 тоот хаягт байрлах 99 м.кв бүхий 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Хаатшуүн ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, Зайсан гудамж 39/1 тоот хаягт байрлах 439 м.кв бүхий цехийн барилгын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө тус тус барьцаалжээ.

/хх23-27 дах тал/

 

Анхан шатны шүүх хариуцагч Э ХХК-иас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 695 253 510 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч З ХХК-д олгож шийдвэрлэхдээ хариуцагч нь үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай нийцээгүй байна.

 

Учир нь дээрх барьцаа хөрөнгийн хувьд барьцааны гэрээгээр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шаардаж байгаа тохиолдолд уг хөрөнгийн өмчлөгч хариуцагчаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох учиртай. Гэтэл нэхэмжлэгч нь дээрх барьцаа хөрөнгийн өмчлөгч болох П.Г Х ХХК-ийг хариуцагчаар тодорхойлоогүй, тэдгээрийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлгүй юм.

 

Анхан шатны шүүх барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж шийдвэрлэсэн хэсэгт хариуцагч давж заалдах гомдол гаргаагүй боловч давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан эрх хэмжээнийхээ хүрээнд гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж иргэн П.Г өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Үйлдвэр гудамж хд-79 дүгээр байр 12 тоот хаягт байрлах 99 м.кв бүхий 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Хаатшуүн ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, Зайсан гудамж 39/1 тоот хаягт байрлах 439 м.кв бүхий цехийн барилгын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж шүүх шийдвэрлэсэн нь алдаатай болсныг залруулж үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2021/00260 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 гэснийг 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.8 гэж,

тогтоох хэсгийн 2 дах заалтыг Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч З ХХК-ийн хариуцагч Э ХХК-д холбогдуулан гаргасан үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 104 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ